Skip to content

Гарчиг руу орох

Амьдрах хүсэлгүй болоход

Амьдрах хүсэлгүй болоход

«Ингэж явахаар үхэх юмсан гэсэн бодол салж өгөхгүй зовоодог байсан» гэж Бразилд амьдардаг Адриана хэлсэн юм.

ТА амьд явахаас залхах хүртлээ уйтгар гунигт автаж байсан уу? Тийм бол Адрианаг ойлгох байх. Тэрээр хэт санаа зовниж, түгшдэгийн улмаас уйтгар гунигт дарагдаж цөхөрч гүйцсэн байна. Адрианаг хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай гэж оношилжээ.

Японд амьдардаг Каорү өндөр настай, өвчтэй эцэг эхээ асардаг байжээ. Тэрээр: «Ядаж байхад ажлын дарамт, ачаалал дэндүү их байлаа. Тэр үед хоол ундандаа муу болж, нойргүйтсэн. Үхэж байж л нэг амрах байх даа гэж боддог байсан» гэж ярьсан юм.

Нигери улсад амьдардаг Ожебоде: «Би байнга л гансарч гуниглаж явдаг. Бүр асгартлаа уйлдаг. Үхэх тухай л боддог байсан» гэжээ. Жил бүр хэдэн зуун, хэдэн мянган хүн амиа хорлодог. Гэвч Ожебоде Каорү Адриана нар амиа хорлоогүй нь сайшаалтай.

ХААШАА ХАНДАХ ВЭ?

Амиа хорлодог хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг байна. Тэр дундаа олонх нь тусламж авахаас ичсэндээ тэгдэг аж. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй гэж Есүс хэлсэн (Лук 5:31). Амьдрах хүсэлгүй болтлоо гутарсан бол тусламж авахаас битгий цааргалаарай. Сэтгэл гутрал өвчнөөр шаналж байгаа олон хүн эмчид хандах нь үр дүнтэй байдгийг олж мэджээ. Ожебоде Каорү Адриана нар ч мэргэжлийн эмчид үзүүлсэн нь өвчинтэйгээ тэмцэхэд ихээхэн тус болжээ.

Эмч нар эм бичиж өгөх эсвэл өвчтнийг яриулах гэх зэргээр сэтгэл гутралыг эмчилдэг. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд нь ойлгодог, тэвчээртэй ханддаг, асарч сувилдаг байх шаардлагатай. Ехова Бурхан ямар ч хүний хамгаас дотнын нөхөр нь болж чадна. Бурхны Үгэнд хосгүй зөвлөгөө байдаг.

БҮРЭН ЭДГЭЭХ АРГА БАЙДАГ БОЛОВ УУ?

Сэтгэл гутралтай болсон хүнд урт хугацааны эмчилгээ шаардлагатай бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөх нь их тустай. Та бас сэтгэл гутралаар шаналж байна уу? Ожебодегийн адил ирээдүйгээ сайхнаар хараарай. Тэрээр: «Би Исаиа 33:24-т байдаг дэлхийн нэг ч оршин суугч “Би өвчтэй байна” гэж хэлэхгүй болох тэр сайхан цагийг тэсэн ядан хүлээж байна» гэжээ. Ожебоде шиг, «өвдөх» гэж үгүй болох «шинэ газрын» тухай Бурхны амлалтыг бодож тайвшраарай (Илчлэл 21:1, 4). Энэ амлалт ёсоор, сэтгэл зүйн болон сэтгэцийн бүх өвчин үгүй болно. Таны сэтгэлийн өвчин ул мөргүй алга болно. Таагүй мэдрэмж «санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17).