Skip to content

Гарчиг руу орох

Байгалийн гамшигт өртөхөд

Байгалийн гамшигт өртөхөд

«Хөрсний нуралт, үер болж манай хамаг юм сүйдсэн. Бид цөхөрч гүйцээд байв»​—Сьерра Леонд амьдардаг Эндрью

«Хар салхи дэгдсэний дараа гэртээ иртэл юу ч үгүй хоосон болчихсон байлаа. Хэлэх ч үг олдохгүй байсан. Охин маань сөхөрч суугаад уйлж гарсан»​—Виржиний арлуудад амьдардаг Дэйвид

ХЭРЭВ ТА байгалийн гамшигт нэрвэгдэж байсан бол тийм зовлон үзсэн хүмүүсийг ойлгох байх. Тийм үед хүн цочролд орж, бүх юм нь утгагүй санагдаж, яах учраа олохоо байдаг. Бас сэтгэл зовнин хар дарж зүүдэлдэг. Гамшгаас амь гарлаа ч найдвар тасарч, туйлдсан хүмүүс цаашид амьдрах итгэл зориггүй болдог.

Байгалийн гамшигт өртөж амьдрал нь орвонгоороо эргэхэд хэнд ч давахын аргагүй хэцүү санагдах байх. Тэр байтугай, амьдрах хүсэлгүй болж ч мэднэ. Гэхдээ Библид, амьдралд сөхрөлгүй ирээдүйн сайхан найдвар өвөрлөж явах боломж байдаг тухай бичсэн.

БИБЛИЙН ҮНЭН ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛДЭГ

«Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж» гэж Номлогчийн үгс 7:8-д байдаг. Байгалийн гамшиг болсны дараа, өндийн босох тэнхэлгүй болсон мэт санагдаж магадгүй. Амьдралаа эргээд төвхнүүлэхэд ихээхэн хүч шаардагдана.

«Уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй» болох цаг ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг (Исаиа 65:19). Бурхны Хаант төр дэлхийг диваажин болгоход энэ зөгнөл биелнэ (Дуулал 37:11, 29). Байгалийн гамшиг дахиж хэзээ ч болохгүй. Төгс хүчит Бурхан: «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» гэж амласан учраас гамшигт өртсөн таагүй дурсамж мартагдаж, бие болон сэтгэлийн шарх үүрд анина (Исаиа 65:17).

Бүтээгч маань Хаант төрийнхөө удирдлага доор амар тайван амьдруулна гэсэн «ирээдүй ба найдварыг өгөхөөр» төлөвлөдөг гээд төсөөлөөд үз дээ (Иеремиа 29:11). Библид байдаг энэ үнэнийг мэдвэл та амьдрах урам зориг бага ч атугай олох болов уу. Эхний өгүүлэлд гарсан Сэлли: «Бурхны Хаант төр бидний төлөө хэчнээн сайхан зүйл хийхийг санахлаар өнгөрснийг биш, одоо яах хэрэгтэйгээ анхаардаг» хэмээн ярьсан юм.

Удахгүй Бурхны Хаант төр хүн төрөлхтний төлөө юу хийх тухай мэдэж авч болохгүй нь юу билээ? Тийм мэдлэгийн ачаар та гамшиг зовлонд өртсөн ч сайхан ирээдүйг хүлээн урам зоригтой амьдарч чадна. Харин одоо гамшгаас үүдэлтэй хор уршгийг давахад тус болох Библийн удирдлага зааврыг мэдэж авах боломж бий. Заримыг нь авч үзье.