Таны мэдлэгт
Библи бичигдэж байх үед хуйлмал номыг хэрхэн хийж, хэрэглэдэг байсан бэ?
Есүс Исаиа хуйлмал номыг нээж уншаад, «Лук» номд бичжээ. Иохан бас хуйлмал номын тухай хэлж, хэрвээ Есүсийн үйлдсэн бүх гайхамшгийн тухай бичье гэвэл өөрийн хуйлмал номд багтахгүй гэж номынхоо сүүлийн хэсэгт тэмдэглэжээ (Лук 4:16–20; Иох. 20:30; 21:25; Иер. 36:2).
Хуйлмал номыг хэрхэн хийдэг байсан бэ? Шир, илгэн цаас, папирус зэргийг цавуудаж нийлүүлээд нарийн, урт болгоно. Нэг талд нь бичсэн зүйлийг дотогш харуулан модонд орооно. Хуйлмал номыг нээхэд бичсэн зүйлийн баганууд гарч ирнэ. Хэрвээ урт байвал хоёр талдаа модтой байна. Нэг гараараа нээж нөгөө гараараа хуйлаад хайсан хэсгээ олдог байсан.
«Хуйлаас нь 10 метр хүртэл урт учир жижиг хэмжээний нэг бүтэн ном ордог давуу талтай байсан» гэж нэгэн тольд тэмдэглэжээ (The Anchor Bible Dictionary). Жишээ нь, Лук ном 9,5 метр урттай хуйлааст багтдаг гэдэг. Зарим хуйлмал номын дээд доод хэсгийг тайрч тэгшлээд гөлгөр болтол нь чулуугаар үрж, дараа нь буддаг байжээ.
Христиан Грек Сударт гардаг «ахлах тахилчид» гэж ямар хүмүүс байсан бэ?
Израильчууд дунд ганцхан хүн тэргүүн тахилчаар насан туршдаа үйлчилж байжээ (Тооллого 35:25). Аарон хамгийн анх тэргүүн тахилчаар үйлчилсэн. Хожим нь, энэ үүргийг ууган хүү эцгээсээ залгамжилж авдаг болсон (Египетээс гарсан нь 29:9). Аароны олон хүү тахилчаар үйлчилсэн. Гэхдээ харьцангуй цөөхөн хүн тэргүүн тахилчаар үйлчилсэн.
Израильчууд харийнханд захирагддаг болсноос хойш, израиль биш захирагчид өөрсдийн дураар, тэргүүн тахилчийг томилж эсвэл халдаг байсан. Тахилчаар томилогддог хүмүүс нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай, ихэнх нь Аароны удмын хүмүүс байсан бололтой. Тахилчдын дунд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж байсныг нь «ахлах тахилч» гэж байжээ. Ахлах тахилчдын тоонд тахилчдын 24 багийн тэргүүлэгчид, тэргүүн тахилчийн удмын нэр төртэй хүмүүс, Аннас гэх мэтийн тэргүүн тахилчаар үйлчилж байсан хүмүүс ордог байсан бололтой (Шастирын дээд 24:1–19; Матай 2:4; Марк 8:31; Үйлс 4:6)