БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Би ширүүн зантай, зодоонч байсан
-
ТӨРСӨН ОН: 1974
-
УЛС: МЕКСИК
-
ӨМНӨ НЬ: ӨСВӨР НАСАНДАА ЗОДООНЧ БАЙСАН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би үзэсгэлэнт Тамаулипас мужийн Сиудад Манте хотод төрсөн. Манай хотынхон уг нь сайхан сэтгэлтэй өгөөмөр хүмүүс. Харамсалтай нь, энд зохион байгуулалттай гэмт хэрэг гардаг учраас их аюултай байсан.
Би дөрвөн хүүтэй айлын хоёр дахь нь. Эцэг эх маань католик сүмд надад баптисм хүртээсэн. Дараа нь би сүмийнхээ найрал дууны бүлэгт орсон юм. Шүүгдээд галт тамд унахаас их айдаг болохоор Бурхны тааллыг олохыг хүсдэг байлаа.
Намайг таван настай байхад аав маань хаяад явчихсан юм. Үүнээс болоод би их гутарч билээ. Сэтгэл минь нэг л хоосон оргиод байдаг байсан. Аавдаа их хайртай байсан учраас хаяад явсныг нь ерөөсөө ойлгоогүй. Ээж минь, бид дөрвийг тэжээх гэж олон цаг ажилладаг байлаа.
Би сургуулиа хаяж, өөрөөсөө насаар ах хүүхдүүдтэй нийлдэг болов. Тэднээс хараал хэлэх, тамхи татах, хулгай хийх, зодолдохыг сурсан. Хэний ч доор орохыг хүсдэггүй байсан учраас бокс, бөхөөр хичээллэж, зодооны урлаг сонирхдог байв. Би өсвөр насандаа зодоонч байсан. Бас зэвсэг барьж сурсан. Буудалцаанд оролцож хэд хэдэн удаа цус нөжтэйгөө хутгалдаж гудамжинд үхлүүт хэвтэж байлаа. Хөөрхий ээж минь л намайг олж эмнэлэгт яаралтай хүргэдэг байсан юм!
Намайг 16-тай байхад багын найз Хорхе манайд ирэв. Еховагийн Гэрч гэдгээ, нэг чухал мэдээ хуваалцмаар байгаагаа хэлсэн юм. Итгэл үнэмшлээ Библид үндэслэн тайлбарлаж байлаа. Би Библи огт уншиж байгаагүй учраас Бурхны нэр, санаа зорилгыг нь мэдээд сэтгэл хөдөлсөн юм. Хорхег Библи хамт судлах уу гэхэд нь би зөвшөөрсөн.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Тамын тухай сургаал Библийнх биш гэдгийг мэдээд их тайвширч билээ (Дуулал 146:4; Номлогчийн үгс 9:5). Би Бурхныг харгис нэгэн биш, харин ч үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө санаа тавьдаг халамжит Эцэг гэж үздэг болсон.
1 Коринт 15:33-т байдаг зөвлөгөө надад тус болсон юм. Шинэ хүн болж өөрчлөгдөхийн тулд, муугаар нөлөөлдөг хүмүүсээс холбоогоо таслах хэрэгтэйг би ухаарсан. Тэгээд санал зөрөлдөөнийг зодооноор биш, Библийн зарчмаар шийддэг христийн жинхэнэ дагалдагчидтай нөхөрлөдөг болсон.
Библи судлах тусам зан чанараа өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон юм. Бүхнийг нударгаар шийдэхээ болиход надад даруу зан хэрэгтэй байлаа. «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэж бичсэнНадад бас нэг Библийн зүйл хүчтэй нөлөөлсөн. Ром 12:17–19-д «Хэнд ч ... бузар мууг бузар муугаар бүү хариул. ... Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. ... Өөрийн өшөө хонзонг бүү ав. ... Учир нь “Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэсэн байдаг. Ехова өөрийнхөө аргаар, товлосон цагтаа шударга бус явдлыг устгана гэдгийг ойлгосон юм. Тэгээд аажимдаа би хүч хэрэглэдгээ больсон.
Нэгэн орой гэртээ харих замд болсон явдал санаанаас гардаггүй юм. Өмнө нь зодолдож байсан бүлэг залуус хүрч ирээд намайг бүчээд авлаа. Толгойлогч нь миний нуруу руу цохиж, «Өөрийгөө хамгаалаач!» гэж орилов. Тэгэхлээр нь би Еховад гялс залбирч, тэвчээртэй байхад туслаач гэж гуйлаа. Уур их хүрч, өшөө авмаар байсан ч зугтаж чадсан юм. Маргааш нь бүлгийн толгойлогчтой нь тааралдав. Өшөө хорсол дотор минь буцалж байлаа. Гэхдээ би дахиад Еховад залбирч өөрийгөө хянахад минь туслаач гэсэн юм. Тэгсэн чинь тэр залуу над руу ойртож ирснээ «Өчигдөр оройн явдалд намайг уучлаарай. Үнэнийг хэлэхэд би яг чам шиг болохыг хүссэн юм. Би Библи судалмаар байна» гэдэг юм даа. Уураа барьж чадсандаа би хэчнээн их баярласан гээч! Тэгээд хамт Библи судалдаг болсон юм.
Харамсалтай нь, гэр бүлийн маань зарим гишүүн Библи судлахаа больсон юм. Гэхдээ хэн ч, юу ч саад болж байсан, би Библи судлахаа болихгүй байхаар шийдсэн. Бурхны ард түмэнтэй хамт байвал тэд гэр бүлийн маань гишүүд шиг болж, сэтгэл зүрхний минь шарх эдгэнэ гэдгийг мэдэж байв. Тэгээд ахиц дэвшил гаргаж 1991 онд баптисм хүртэн Еховагийн Гэрч болсон.
ОДОО:
Би урьд нь уур хорслоо хадгалдаг, дээрэнгүй, зодоонч байсан. Харин Бурхны Үг миний амьдралыг бүрмөсөн өөрчилсөн. Сонсъё гэсэн бүх хүнд би амар тайвны сайн мэдээг хуваалцдаг. Бүрэн цагаар 23 жил үйлчиллээ.
Хэсэг хугацаанд Мексик дэх Еховагийн Гэрчүүдийн салбарт сайн дурын ажил хийж байлаа. Тэнд байхдаа би Клаудиа гэдэг идэвх зүтгэлтэй эмэгтэйтэй танилцаж билээ. Бид 1999 онд гэрлэсэн юм. Ийм сайхан үнэнч ханьтай болсондоо Еховад талархдаг!
Бид хоёр мексик дохионы хуралд үйлчилж, сонсголгүй хүмүүст Еховаг мэдэхэд нь тусалж байлаа. Дараа нь бид урилга хүлээн аваад Белизед нүүж ирсэн юм. Хүмүүст Библи зааж эгэл жирийн амьдарч байна. Энд жаргалтай байхад хэрэгцээтэй бүх юм байна. Энэ амьдралаа бид юугаар ч солихгүй ээ.
Ээж маань Библиэ дахиад судалдаг болж, баптисм хүртсэн. Бас миний ах, түүний эхнэр хүүхдүүд нь бүгд Еховагийн Гэрч болцгоосон. Би хуучны найзууддаа дэлгэрүүлдэг байсан юм. Тэдний зарим нь одоо Еховад үйлчилж байна.
Гэр бүлийн маань зарим гишүүн түрэмгий зангаасаа болоод нас барсан. Хэрэв би урьдынхаараа амьдарсан бол тэдэн шиг болох байсан. Тийм учраас би Еховадаа талархдаг. Ехова намайг өөртөө татаж, үйлчлэгч нь байх завшаан өгсөн. Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байхыг Ехова л надад заасан.