Skip to content

Гарчиг руу орох

Генед нь нөлөөлөөд хүнийг урт наслуулсан уу?

Мөнх насны эрэлд

Мөнх насны эрэлд

«Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд ... Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» (Номлогчийн үгс 3:10, 11).

МЭРГЭН ухаант эртний хаан Соломоны энэ үг хүний хүслийг тод томруун илэрхийлдэг. Амьдрал богино, үхлээс зугтах аргагүй болоод ч тэр үү, хүмүүс зуун зууны туршид урт наслахыг хичээсээр иржээ. Түүхийг үзвэл, урт наслах нууцыг мэдэхтэй холбоотой үлгэр домог олон бий.

Жишээ нь Шумерийн хаан Гилгамишийн тухай олон домог байдаг. Тэдгээрийн нэг болох Гилгамишийн туульс хэмээх бүтээлд тэр хааны амьдралыг уран яруу дүрсэлсэн байдаг. Домогт өгүүлснээр, Гилгамиш үхлээс ангид байх аргыг мэдэхээр аюултай аянд гарчээ. Гэвч эрэл хайгуул нь бүтэлгүйтсэн юм.

Дундад зууны альхимич лабораторидоо ажиллаж байна

МЭӨ IV зуунд амьдарч байсан хятадын альхимичид урт наслуулах «ханд» гаргах гэж оролдсон. Мөнгөн ус ба хүнцэлийн хольцоос гаргаж авна гэж боджээ. Гэвч энэ ханд хятадын хэд хэдэн эзэн хааны аминд хүрсэн ажээ. Дундад зууны үеийн Европ дахь альхимичид алтыг шингэц сайтай болгох гэж оролдсон. Алт зэвэнд идэгддэггүй болохоор амь насыг уртасгаж чадна гэж тэд итгэж байжээ.

Өнөө цагт биологичид, генетикчид хөгшрөлтийн нууцыг тайлах гэж оролдож байна. Тэд «урт наслуулах ханд»-тай адил зүйлийг эрж хайж байгаа нь хүн төрөлхтөн өнөөг хүртэл хөгшрөлт, үхэлтэй тэмцсээр байгааг баталдаг. Энэ бүхний үр дүн юу байв аа?

БУРХАН «ТЭДНИЙ ЗҮРХЭНД ҮҮРД МӨНХИЙГ БАЙГУУЛСАН БИЛЭЭ» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:10, 11).

ХӨГШРӨЛТИЙН ШАЛТГААНЫГ ХАЙСААР

Эс судлаач эрдэмтэд хүний хөгширч үхдэг талаарх 300 гаруй онол дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд молекулын биологичид амьтны болон хүний эсийн хөгшрөх явцыг сааруулахын тулд гене болон уурагт зохиомлоор нөлөөлөх гэж туршиж үзсэн нь амжилттай болжээ. Иймэрхүү судалгааны ажлыг баян чинээлэг хүмүүс санхүүжүүлдэг. Туршилтын үр дүн юу байсан бэ?

Урт наслах оролдлого. Биологчид хөгшрөлтийн гол шалтгааныг хромосомын төгсгөл буюу теломертэй холбон үздэг. Теломер нь эс хуваагдах бүрд генетикийн мэдээллийг хамгаалдаг. Гэвч эс хуваагдах бүрд теломер богиносдог. Эцэст нь эс хуваагдахаа больж хүн хөгширч эхэлдэг.

2009 онд Нобелийн шагнал хүртсэн Элизабет Блэкбурн болон түүний багынхан теломерийн элэгдэх үйл явцыг удаашруулж улмаар эсийн хөгшрөлтийг сааруулдаг ферментийг нээжээ. Гэвч теломерүүд нь «хүний насыг уртасгагч шидэт зүйл биш. Теломерийг хэрэглэсэн ч одоогийн дундаж наслалтыг давж, илүү урт наслах аргагүй» гэдгийг тэд тайландаа дурдсан юм.

Эсийг дахин программчлах нь хөгшрөлтийг удаашруулах нэг арга юм. Хүний эс дахин төлжих чадваргүй болтлоо хөгшрөхлөөр эргэн тойрныхоо дархлааны эсүүдэд буруу мэдээлэл дамжуулдаг байж болох юм. Тэгээд үрэвсэл, өвчин, архаг хууч үүсдэг. Саяхан францын эрдэмтэд, өндөр насалсан, зарим нь бүр 100 гарсан хүмүүсийн эсийг дахин программчилжээ. Судалгааны багын ахлагч профессор Жан-Марк Леметр «хөгшрөх явцыг ухраах боломж» байгаа гэжээ.

ШИНЖЛЭХ УХААН ХҮНИЙ НАСЫГ УРТАСГАХ УУ?

Хөгшрөлтийн эсрэг эм эмчилгээ хүний насыг одоогийнхоос нь уртасгана гэж бүх эрдэмтэн үздэггүй. XIX зуун гарснаас хойш хүн хавьгүй урт насалдаг болсон нь үнэн. Гэхдээ энэ нь ариун цэвэр сахидаг, антибиотик, вакцин хэрэглэдэг болж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдээхгүй байх арга хэмжээ авсны үр дүн байсан. Генетикч эрдэмтэд хүнийг одоогийнхоос илүү урт наслах аргагүй гэж үздэг.

Библийн бичигч Мосе 3 500 орчим жилийн тэртээ «Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог» гэж хэлжээ (Дуулал 90:10). Насыг уртасгах гэсэн аливаа оролдлого талаар болж, эцэстээ хүний амьдрал Мосегийн хэлсэн шиг төгсдөг.

Гэтэл далайн улаан зараа, нэг төрлийн хясаа 200 гаруй жил насалдаг бол секвояа гэдэг мод хэдэн мянган жилийн настай. Эдгээртэй харьцуулахад хүн харьцангуй богино насалдаг болохоор «Яагаад бид 70, 80-хан насалдаг юм бол?» гэж эрхгүй бодогддог.