Skip to content

Гарчиг руу орох

Одоо ч сайхан амьдрах боломжтой

Одоо ч сайхан амьдрах боломжтой

ӨВДӨХ, хөгшрөхийн зовлонгүй, үхэл хагацалгүй, сайхан ирээдүй таныг хүлээж байна. Өнөөдөр амьдрал сайхан биш байгаа нь үнэн. Одоо ч сэтгэл хангалуун, жаргалтай амьдрахад тустай зааврыг Библиэс авч болдог. Амьдралд тохиолддог зарим бэрхшээлийг давахад тустай Библийн зөвлөгөөг авч үзье.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» (Еврей 13:5).

Өнөөгийн нийгэм тоо томшгүй шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр биднийг «бөмбөгдөж», заавал авах ёстой гэж бодуулдаг. Харин Библид «байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэдэг. Яавал сэтгэл хангалуун байх вэ?

«Мөнгөнд дурлахаас» болгоомжлоорой. Хүмүүс эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, ёс суртахуун, эрхэм чанараа золиослон байж «мөнгөнд дурладаг» (1 Тимот 6:10). Ямар их үнэ төлнө вэ! Эд хөрөнгөнд дурласан хүн байгаадаа «үл ханадаг» (Номлогчийн үгс 5:10).

Эд зүйлийг биш, хүнийг эрхэмд үзээрэй. Эд зүйл хэрэгтэй нь үнэн. Гэхдээ эд зүйл биднийг хүн шиг хайрлаж, бидэнд баярлаж талархахгүй шүү дээ. Харин жинхэнэ «анд найзууд»-тай хүн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг (Сургаалт үгс 17:17).

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАВАЛ БИД ОДОО Ч САЙХАН АМЬДАРНА

ХҮНД ӨВДСӨН ҮЕД ЯАХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» (Сургаалт үгс 17:22).

«Сайн эм» уухлаар бие сайжирдаг шиг баяр хөөр биднийг тэнхрүүлдэг. Гэтэл өвчнөөс болж зовж байгаа хүн баяр хөөртэй байж чадна гэж үү?

Баярлаж талархдаг байгаарай. Өвчнөө л бодоод байвал «бүх л өдрүүд муу муухай» (Сургаалт үгс 15:15). Түүнийхээ оронд «үргэлж талархаж бай» гэж Библид зөвлөсөн байна (Колосай 3:15). Амьдралын сайн сайханд бага гэлгүй талархаж сураарай. Жаргаж байгаа нар, сэвшээ салхи, хайртай хүмүүсийн маань инээмсэглэл гээд амьдрал баян шүү дээ.

Бусдыг гэсэн сэтгэлтэй байгаарай. Хүнд өвчин туссан ч гэлээ «авахаасаа өгөх нь илүү жаргалтай» болгодгийг санаарай (Үйлс 20:35). Бусдын төлөө тустай юм хийгээд хариуд нь талархлын үг сонсохлоор бид сэтгэл хангалуун, баяртай болж, зовлонгоо мартдаг. Бусдад тусалж баярлуулахын хэрээр бид өөрсдөө баяр жаргалтай болдог.

ГЭР БҮЛЭЭ БАТ БЭХ БАЙЛГАХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

Эхнэр нөхрүүд бараг хамтдаа байдаггүй бол нэгнээсээ хөндийрөх аюултай. Тийм учраас гэр бүлээ илүү чухал юмны нэг гэж үзэх нь ухаалаг хэрэг юм.

Ямар нэг юмыг хамт хийгээрэй. Тийм цаг аяндаа гарна гэж битгий хүлээгээрэй. Зориуд төлөвлөөрэй. Библид «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр» гэж байдаг (Номлогчийн үгс 4:9). Жишээ нь, хоолоо хамт хийх, дасгал цуг хийх, цай уунгаа ярьж хөөрөх, нэг хоббитой болох зэргээр аль болох хамт байхыг хичээгээрэй.

Ханьдаа хайртайгаа мэдрүүлээрэй. Нэг нэгнээ хайрлаж хүндлэхийг Библи эхнэр нөхрүүдэд уриалдаг (Эфэс 5:28, 33). Халуун дулаан инээмсэглэх, хайраа илэрхийлж тэврэх, жижиг гэлгүй бэлэг өгөх нь эхнэр нөхрийн харьцааг батжуулдаг. Эхнэр нөхөр хоёр зөвхөн бие биеэ энхрийлэн янаглаж, нандин сэтгэлээ илэрхийлдэг байх учиртай (Еврей 13:4).