Skip to content

Гарчиг руу орох

Хүн яагаад хөгширч үхдэг вэ?

Хүн яагаад хөгширч үхдэг вэ?

БУРХАН анх хүнийг үхдэгээр бүтээгээгүй. Бидний элэнц эцэг эх Адам Ева төгс бие махбодь, төгс оюун ухаантай байсан. Тэд өнөөдрийг хүртэл амьд байж болох л байв. Энэ нь Еден цэцэрлэгт байсан нэг модны тухай анхны хосод хэлсэн Еховагийн үгнээс тодорхой харагддаг.

Бурхан Адамд «Чи [тэр модны жимснээс] идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж хэлжээ (Эхлэл 2:17). Хэрэв Адам угаасаа хөгширч үхэхээр байсан бол ингэж хэлэх шаардлага байсан гэж үү? Тэр модны жимснээс идэхгүй бол үхэхгүй гэдгээ Адам ч мэдэж байлаа.

БУРХАН ХҮНИЙГ ҮХДЭГЭЭР БҮТЭЭГЭЭГҮЙ

Адам Ева хоёр тэр модны жимснээс л идэхгүй бол амьд явах аргагүй байсан юм биш ээ. Еден цэцэрлэгт өчнөөн олон сайхан жимсний мод байсан (Эхлэл 2:9). Хориглосон жимснээс идэхгүй байна гэдэг нь амь амьдрал өгсөн Нэгэнд дуулгавартай байдгаа харуулж буй хэрэг байв. Мөн өөрсдийг нь чиглүүлж, удирдах Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

ТЭД ЯАГААД ҮХСЭН БЭ?

Адам Ева хоёрын яагаад нас барсныг мэдэхийн тулд хүн төрөлхтөнд бүхэлд нь хамаатай нэг чухал яриа өрнөснийг авч үзье. Сатан Диавол могойн цаанаас аймшиггүй худал ярьжээ. Библид ингэж байдаг. «ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой “Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” хэмээн эмэгтэйгээс асуужээ» (Эхлэл 3:1).

Ева түүнд нь ингэж хариулжээ. «Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан». Тэгэхэд нь могой Евад хариулан «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг» гэж хэлжээ. Ийнхүү Сатан Еховаг сайн сайхан юмыг өөрсдөөс нь нуусан худалч гэж гүтгэсэн байна (Эхлэл 3:2–5).

Сатаны энэ үгэнд Ева итгэжээ. Тэгээд Ева тэр модыг шохоорхон харах болов. Хорхой хүргэм сайхан санагджээ. Тэгээд жимснээс аваад идчихэв. Дараа юу болсныг Библид ингэж бичжээ. «Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ» (Эхлэл 3:6).

Бурхан Адамд «Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж хэлжээ (ЭХЛЭЛ 2:17).

Хайртай хүүхдүүд нь өөрт нь ингэж санаатайгаар дуулгаваргүй загнахад Бурхны сэтгэл их өвдсөн биз ээ. Ехова дуулгаваргүй загнасан Адамыг яасан бэ? «Чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлжээ (Эхлэл 3:17–19). Хэлснээр нь ч болж, «Адам есөн зуун гучин жил наслаад үхэв» (Эхлэл 5:5). Адам үхээд тэнгэр лүү эсвэл өөр хаа нэг газар луу яваагүй. Анх Ехова Адамыг бүтээхээс өмнө Адам гэдэг хүн хаана ч байгаагүй. Тэрээр үхэхдээ тоос шороо адил амьгүй болж, тоос шороондоо буцсан. Өөрөөр хэлбэл, огт байхгүй болсон. Юутай их гаслан бэ!

БИДНИЙ АМСАЖ ҮЗЭЭГҮЙ ТӨГС БАЙДАЛ

Адам Ева хоёр зориуд дуулгаваргүй загнан, төгс байхаа больж, мөнх амьдрах ирээдүйгээ баллажээ. Бие махбодь нь дордож, төгс бус, нүгэлтэй болов. Дуулгаваргүй загнасны хор уршиг өөрсдөөр нь дууссангүй. Гай болж, үр хүүхдэд нь өвлөгджээ. Ром 5:12-д «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» гэж байдаг.

Библид нүгэл, үхлийг «бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлэг», «бүх үндэстний дээгүүр татсан хөшиг» гэж зүйрлэн хэлжээ (Исаиа 25:7). Энэ бүтээлэг хүн төрөлхтнийг бүхэлд нь яг л хорт хий адил нөмөрсөн. Үүнээс зугтах арга огт байхгүй. Үнэхээр ч «Адамаас болж бүгд үхдэг» (1 Коринт 15:22). Паул гэдэг хүн бас «Үхэл рүү хөтөлдөг энэ биеэс хэн намайг аврах вэ?» гэж асуусан байдаг (Ром 7:24).