Skip to content

Гарчиг руу орох

Үхэл хэмээх гашуун үнэн

Үхэл хэмээх гашуун үнэн

ТА бишрэн хүндэлдэг алдартай хөгжимчнийхөө тухай кино үзэж байна гэж бодоод үз дээ. Хөгжмөө анхлан сурч байгаа үе, олон удаагийн давтлага сургууль гэх мэт хүүхэд ахуй үеийнх нь үйл явдлаар кино эхэлнэ. Тэрээр олон газар орноор аялж концерт тоглон, дэлхийд алдар нэрээ дуурсгана. Нэр алдрын оргилд хүрч, өтлөн эцэстээ алдарт хөгжимчин нас барснаар кино дуусна.

Энэ кино нэгэн цагт амьдарч байсан боловч одоо байхгүй болсон хүний бодит түүх юм. Гол дүр нь хөгжимчин, эрдэмтэн, тамирчин гээд алдартай хэн ч байлаа гэсэн амьдрал нь адилхан зүйлээр төгсөнө. Ихийг хийж бүтээсэн энэ хүн хэрэв өтөлж хөгшрөөгүй, амьд сэрүүн байсан бол, бүр ихийг хийх байсан даа гэж та харуусна.

Хүн болгон ийм зүйл үздэг нь гашуун үнэн (Номлогчийн үгс 9:5). Хүн яаж ч хичээгээд өндөр нас, үхлээс зугтахгүй. Бас шаналгаат өвчин, гэнэтийн ослоос болж богино насалдаг. Библид бичсэнээр, хүн бол «хэсэгхэн зуур үзэгдээд арилдаг манан» юм (Яаков 4:14).

Хэдий болтол амьд явахаа мэддэггүй учраас зарим хүн «бүгдээрээ идэж ууцгаая. Учир нь бид маргааш үхнэ» гэж бодож амьдардаг (1 Коринт 15:32). Гэхдээ ингэж амьдрах нь үхэл гэдэг гашуун үнэнтэй зүгээр л эвлэрч байгаа хэрэг биш үү? Эрт орой хэзээ нэгэн цагт, ялангуяа үхэлтэй нүүр тулсан үед «Үхээд л бүх юм дуусчих юм болов уу?» гэж бодогдож мэдэх юм. Хариуг нь хаанаас олох вэ?

Өнөө үед шинжлэх ухаанд найддаг хүн олон болжээ. Шинжлэх ухаан хөгжиж, эм бэлдмэл сайжирсны ачаар амь насыг тодорхой хэмжээгээр уртасгадаг болсон. Зарим эрдэмтэд энэ салбарыг анхааран ажилладаг. Эрдэмтэд амжилт олсон ч олоогүй ч «Хүн яагаад хөгширч үхдэг вэ? Үхэл хэмээх дайсныг ялан дийлэх найдвар бий юү?» гэсэн асуулт хариу нэхсэн хэвээр. Дараа дараагийн өгүүллээр эдгээр асуултын болон «Үхээд л бүх юм дуусдаг уу?» гэсэн асуултын хариуг мэдэж аваарай.