Skip to content

Гарчиг руу орох

УНШИГЧДЫН АСУУЛТ

Крисмас Христийн дагалдагчдын баяр уу?

Крисмас Христийн дагалдагчдын баяр уу?

Сая сая хүн Крисмасыг Есүсийн төрсөн өдөр гэж итгээд тэмдэглэдэг. Гэхдээ Есүстэй хамгийн ойр дотно байсан нэгдүгээр зууны дагалдагчид нь Крисмас баярыг тэмдэглэдэг байсан болов уу? Төрсөн өдрийн талаар Библид юу гэж байдгийг та мэдэх үү? Эдгээр асуултад хариу авбал Крисмас бол Христийн дагалдагчдын баяр мөн эсэхийг мэднэ.

Нэгдүгээрт, Есүс болон Бурхны үнэнч үйлчлэгчид төрсөн өдөр тэмдэглэж байсан тухай Библид дурдаагүй. Төрсөн өдрөө тэмдэглэсэн хоёрхон хүний тухай Библид гардаг. Хэн хэн нь Еховаг шүтдэггүй хүмүүс байсан бөгөөд тэдний тухай үл сайшаасан өнгөөр бичсэн (Эхлэл 40:20; Марк 6:21). «Британника нэвтэрхий толь»-ийг үзвэл Христийн эртний дагалдагчид «өөр шашны зан үйл болох төрсөн өдрийг тэмдэглэхээс» татгалздаг байжээ.

Есүс хэдэн сарын хэдэнд төрсөн бэ?

Есүс яг хэзээ төрснийг Библид бичээгүй. Макклинток Стронг нарын нэвтэрхий тольд «Христийн мэндэлсэн өдрийн тухай Ш[инэ] Г[эрээнд] эсвэл бусад эх сурвалжид байдаггүй» гэж бичжээ. Есүс төрсөн өдрийг нь тэмдэглээсэй гэж шавь нараасаа хүссэн бол яг хэзээ төрснөө тэдэнд хэлэх байсан.

Хоёрдугаарт, Есүс болон шавь нараас нь хэн нэг нь Крисмасыг тэмдэглэсэн гэж Библид бичээгүй. «Католик шашны нэвтэрхий толь»-ийг үзвэл «Ромчуудын баримталдаг, [МЭ] 336 оных гэж тооцдог Филокалусын цаг тооны бичигт» Крисмасыг тэмдэглэсэн тухай анх дурдсан байдаг ажээ. Энэ нь мэдээж Библийг бичигдэж дууссаны дараа Есүсийг дэлхий дээр байсан үеэс хойш болсон явдал юм. Макклинток Стронг нар «Крисмас тэмдэглэх тухай Бурхан ч тушаагаагүй, Ш[инэ] Г[эрээнд] ч гараагүй» гэж бичжээ *.

Есүс шавь нартаа ямар үйл явдлыг тэмдэглэ гэж захисан бэ?

Агуу Багш Есүс шавь нартаа хийх ёстой зүйлийнх нь тухай тодорхой заавар өгсөн. Энэ заавар нь Библид бичигдсэн байдаг. Харин Крисмас тэмдэглэх тухай огт дурдаагүй. Ер нь багш хүн, сурагчдаасаа хэлж заасныг нь л хийгээсэй гэж хүсдэг. Үүнтэй адилаар Есүс шавь нараасаа «Ариун Сударт бичсэнийг л баримтлаасай» гэж хүсдэг (1 Коринт 4:6).

Нөгөөтээгүүр, нэгэн чухал үйл явдлыг буюу Есүсийн нас барсныг дагалдагчид нь дурсан тэмдэглэх ёстой. Есүс өөрөө шавь нартаа хэзээ, яаж тэмдэглэхийг хэлж өгсөн. Энэ нарийн заавар болон нас барсан өдрийг нь Библид тодорхой бичсэн байдаг (Лук 22:19; 1 Коринт 11:25).

Крисмас хэмээх төрсөн өдрийн энэ баярыг жинхэнэ Бурхныг шүтдэггүй хүмүүс тэмдэглэдэг байсныг бид мэдэж авлаа. Христийн эртний дагалдагчид энэ баярыг тэмдэглэдэггүй байсан. Есүс болон бусад хүн Крисмасыг тэмдэглэдэг байсан гэж Библид дурдаагүй. Тийм болохоор энэ баяр нь дэлхий дахинд буй Христийн сая сая дагалдагчийн баяр биш байх нь ээ.

^ Крисмас баярын гарал үүслийн тухай «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номны 157–159-р хуудасны 9, 10-р догол мөрөөс үзнэ үү. Мөн www.pr418.com/mn саитаас онлаинаар уншиж болно.