Skip to content

Гарчиг руу орох

Еховагаас ивээл хүртэхийн төлөө үргэлж тэмцье

Еховагаас ивээл хүртэхийн төлөө үргэлж тэмцье

«Чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан» (ЭХ. 32:28).

ДУУ: 60, 38

1, 2. Еховагийн үйлчлэгчид юутай тэмцдэг вэ?

АБЕЛЭЭС эхлээд орчин үеийн үнэнч үйлчлэгчид бүгдээрээ тэмцсээр ирсэн. Еховагийн ивээл, сайшаалыг хүлээхийн тулд «зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнийг» нь элч Паул еврей дагалдагчдад сануулан бичсэн байдаг (Евр. 10:32–34). Тэднийг Грект болдог гүйлтийн, бөхийн, боксын гэх мэтийн уралдаан тэмцээнд оролцдог тамирчидтай зүйрлэжээ (Евр. 12:1, 4). Өнөөдөр бид амийн төлөөх уралдаанд оролцож байна. Энэ зуураа өрсөлдөгчидтэй нүүр тулдаг. Тэд биднийг замаас гаргах, дэгээдэж унагах, буулгаж авах, баяр баясгаланг маань үгүй болгох, ирээдүйн шагналыг маань булаахыг оролддог.

Хамгийн гол өрсөлдөгчид маань Сатан ба түүний ертөнц юм. Бид тэдэнтэй ширүүн тэмцэл хийх буюу барилддаг (Еф. 6:12). Ертөнцийнхний сургаал номлол, гүн ухаанд төөрөлдөхгүйн тулд тэмцэх хэрэгтэй. Бас садарлах, архидан согтуурах, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн хорт зуршилд автахгүйн төлөө тэмцэх нь туйлын чухал. Түүнээс гадна алдаа дутагдалтайгаа зогсолтгүй тэмцэж, цөхрөнгөө барахгүйн төлөө хичээх ёстой (2 Кор. 10:3–6; Кол. 3:5–9).

3. Бурхан бидэнд дайсантайгаа тэмцэхэд маань хэрхэн тусалдаг вэ?

3 Тийм хүчтэй өрсөлдөгчдийг ялах боломж үнэхээр байна уу? Тэмцэж байсан цагт заавал ялна. Паул өөрийгөө боксчинтой зүйрлээд «Би ... зангидсан гараараа агаар цохих мэт» нударгалдаггүй гэж хэлсэн байдаг (1 Кор. 9:26). Боксчин, өрсөлдөгчтэйгөө тулалддаг шиг, бид дайснуудтайгаа тэмцэх учиртай. Ехова биднийг сургаж дасгалжуулдаг. Амь аврах зааврыг Үгээрээ өгдөг. Цуглаан, чуулган, Библид үндэслэсэн хэвлэлээр дамжуулан тусалдаг. Та сурч мэдсэнээ ажил хэрэг болгож байна уу? Хэрэв үгүй бол дайснаа бүрэн эсэргүүцэж чадахгүй, «агаар цохиж» байгаатай адил гэсэн үг.

4. Бузар мууд дийлдэхгүйн тулд яах вэ?

4 Огт бодоогүй байтал эсвэл хамгийн их доройтсон үед маань дайснууд довтолж мэдэх юм. Тийм учраас цаг үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Библид «Бузар мууд бүү дийлд. Харин сайныг үйлдэж бузар мууг дийл» гэсэн зөвлөгөө байдаг (Ром 12:21, ШЕ). «Бузар мууд бүү дийлд» гэдэг үг урам зориг өгдөг. Бид бузар мууг дийлж чадна гэсэн үг. Тэмцлээ үргэлжлүүлээд байсан цагт ялна. Харин тэмцлээ зогсоогоод буугаад өгчихвөл Сатанд, бузар муу ертөнцөд, төгс бус махан биедээ дийлдэнэ. Сатанаас битгий айгаарай. Бүү бууж өгөөрэй! (1 Петр 5:9).

5. а) Бурхны ивээлийг хүртэхийн төлөө зогсолтгүй тэмцэхийн тулд юуг санаж явах хэрэгтэй вэ? б) Библид гардаг ямар хүмүүсийн тухай ярилцах вэ?

5 Бузар мууг дийлье гэвэл яагаад тэмцэж байгаагаа санаж явах хэрэгтэй. Бид Бурхны сайшаалыг хүлээж ивээл хүртэхийг хүсдэг шүү дээ. Еврей 11:6-д «Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» гэж байдаг. Еховаг хайх гэдэг нь сайшаалыг нь хүлээхийн тулд шаргуу зүтгэх, нөр их хөдөлмөрлөх гэсэн үг юм (Үйлс 15:17). Еховагийн ивээлийг хүртэх гэж шаргуу зүтгэсэн хүмүүсийн сайхан жишээнүүд Библид байдаг. Иаков Рахел Иосеф Паул нар бие махбод, сэтгэл санааны хувьд хүнд хэцүү нөхцөлд орж байсан ч туйлбартай байсныхаа хүчинд арвин их ивээл хүртжээ. Энэ дөрвөн мятаршгүй тэмцэгчийг хэрхэн дуурайх вэ?

ТУЙЛБАРТАЙ БАЙВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

6. Иаков яагаад туйлбартай байсан бэ? Ямар шагнал хүртсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Эртний үнэнч үйлчлэгч Иаков Ехова Бурхныг хайрладаг байв. Бурхантай тогтоосон харьцаагаа нандигнадаг байсан учраас бууж өгөлгүй тэмцдэг байжээ. Ехова үр удмыг нь ивээнэ гэж амласанд Иаков өчүүхэн ч эргэлзэж байсангүй (Эх. 28:3, 4). Бурхнаас ивээл хүртэхийн тулд 100-гаад настай байхдаа, бүр тэнгэр элчтэй барилджээ (Эхлэл 32:24–28-ыг уншина). Тийм хүчирхэг тэнгэр элчтэй өөрөө хүч, тэвчээр гарган барилдсан хэрэг үү? Мэдээж үгүй! Гэхдээ эрс шийдэмгий байж, юу ч тохиолдсон Бурхны ивээлийг хүртэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилдаг байжээ. Туйлбартай байсных нь төлөө Ехова түүнийг шагнаж Израиль гэдэг нэр хайрлажээ. Энэ нь «Бурхантай тэмцэгч» гэсэн утгатай. Иаков бид бүхний хүсэн тэмүүлдэг шагнал буюу Еховагийн сайшаалыг хүлээж, ивээл хүртсэн.

7. а) Рахелд ямар саад тулгарсан бэ? б) Рахел юу хийсэн бэ? Ямар ивээл хүртсэн бэ?

7 Еховагийн амлалт биелэхийг Иаковын хайртай эхнэр Рахел ч бас тэсэн ядан хүлээдэг байв. Гэвч түүнд дааж давшгүй нэг саад тулгарчээ. Рахел хүүхэдгүй байлаа. Тэр үед эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй бол маш их шаналдаг байжээ. Рахел өөрөө яаж ч хичээгээд шийдвэрлэж чадахааргүй ийм хэцүү асуудалд орсон хэр нь зогсолтгүй тэмцэх хүчийг хаанаас олсон бэ? Тэрээр Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгэж тасралтгүй залбирч байв. Ехова ч чин сэтгэлийн гуйлтыг нь сонсоод хожим нь Рахелд үр хүүхэд хайрлажээ. Тийм ч учраас Рахел нэг удаа «Би ... ширүүн өрсөлдөж дийллээ» хэмээн баярлан дуу алдсан байдаг (Эх. 30:8, 20–24).

8. Иосефт ямар бэрхшээл тулгарсан бэ? Бидэнд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?

8 Иаков Рахел хоёрын үзүүлсэн тэр сайхан жишээ хүү Иосефт нь нөлөөлж, амьдралын хатуу хүтүүг даван туулахад нь хэрэг болсон нь лавтай. Иосефыг 17 настай байхад амьдрал нь орвонгоороо эргэдэг. Ах нар нь атаархсандаа түүнийг боол болгон худалджээ. Хожим нь Иосеф хилс хэрэгт гүтгэгдэж Египетийн шоронд хэдэн жилийг өнгөрөөв (Эх. 37:23–28; 39:7–9, 20, 21). Иосеф сэтгэлээр унаад бууж өгсөнгүй, уурлаж хорсоод өш хонзон санасангүй. Яагаад гэвэл Еховатай тогтоосон харьцаагаа хамаг л оюун бодол, зүрх сэтгэлдээ эрхэмлэн нандигнадаг байв (Лев. 19:18; Ром 12:17–21). Иосефын жишээ бидэнд тустай. Хүүхэд нас нь хүнд хэцүү амьдрал дунд өнгөрсөн юм уу одоогийн нөхцөл байдал нь сайжрах ямар ч найдваргүй мэт санагддаг хүмүүс тэмцсээр, зүтгэсээр байх хэрэгтэй. Тийм хүмүүсийг Ехова заавал ивээнэ (Эхлэл 39:21–23-ыг уншина).

9. Иаков Рахел Иосеф нарыг хэрхэн дуурайх вэ?

9 Орчин үед бид ч бас хэцүү асуудалтай тулгардаг. Бусад хүн шударга бус хандаж, гадуурхаж, шоолж магадгүй. Эсвэл атаархсандаа гүтгэж магадгүй. Гараа өргөөд бууж өгөхийн оронд Иаков Рахел Иосеф нарыг санаарай. Тэд ямар учраас Ехова Бурхандаа баяр хөөртэй үйлчилсээр байлаа? Бурхантай тогтоосон харьцаагаа сэтгэлийнхээ угаас эрхэмлэн нандигнаж байсан тэднийг Бурхан ивээж, хүч тэнхээтэй болгосон учраас тэр ажээ. Тэд шаргуу залбирч, залбирсныхаа дагуу үйлдэж, тэмцэж байсан. Өнөөгийн бузар муу ертөнц юу юугүй устгагдах дөхсөн цаг үед бид амьдарч байна. Тиймд өмнөө байгаа гайхалтай ирээдүйг үргэлж харж явах нь туйлын чухал! Та Еховагаас ивээл хүртэхийн тулд барилдаж байгаа мэт чармайн зүтгэдэг үү?

ИВЭЭЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХАД БЭЛЭН БАЙ

10, 11. а) Бурхнаас ивээл хүртэхийн төлөө яагаад барилдах хэрэгтэй вэ? б) Зөв шийдвэр гаргахад юу тус болох вэ?

10 Бурхнаас ивээл хүртэхийн төлөө яагаад барилдах хэрэгтэй вэ? Нэг шалтгаан нь, хүн төгс бус учраас буруу юм хүсэж болох юм. Тийм хүслээ дарахын тулд тэмцэх хэрэгтэй. Дэлгэрүүлэх ажилдаа өөдрөг сэтгэлээр ханддаг болохыг хичээдэг хүмүүс ч бий. Зарим хүн өвчинтэйгөө тэмцэж байхад, зарим нь ганцаардлаа давах гэж мэрийдэг. Буруу юм хийгээд гомдоосон хүнийг уучлах гэж хичээдэг хүмүүс бас байдаг. Еховад үйлчилдэг болоод хэдэн ч жил өнгөрсөн бай, бид бүгдээрээ тэмцэх хэрэгтэй. Бурханд үйлчлэхэд саад болдог юу л байна, тэр бүхэнтэй тэмцдэг үнэнч үйлчлэгчээ Ехова Бурхан маань шагнана.

Та Бурхнаас ивээл хүртэхийн төлөө тэмцдэг үү? (10, 11-р догол мөрийг үзнэ үү)

11 Шуудхан хэлэхэд, Христийн дагалдагчийн ёсоор амьдарч, зөв шийдвэр гаргана гэдэг маш хэцүү. Ялангуяа хуурамч зүрх маань буруу юм хүсээд байвал бүр ч төвөгтэй (Иер. 17:9). Хэрэв таны зүрх сэтгэлд бас тийм хүсэл байвал залбирч ариун сүнс гуйгаарай. Залбирал, ариун сүнсний нөлөөгөөр та Еховад таалагдах зөв юм хийх хүч тэнхээтэй болно. Залбирсныхаа дагуу хийгээрэй. Библийг өдөр бүр уншихыг хичээгээрэй. Бие даасан судлал, Гэр бүлийн хичээл хийх цаг зав гаргаж байгаарай (Дуулал 119:32-ыг уншина).

12, 13. Хоёр Гэрч буруу юм хүсэхээ болихын тулд юу хийсэн бэ?

12 Ариун сүнсний нөлөөгөөр, бас Бурхны Үг болон ном хэвлэлийг уншаад буруу юмыг хүсэхээ больсон хүн итгэл нэгтнүүдийн маань дунд олон бий. «Сэрцгээ!» сэтгүүлийн 2003 оны 12 дугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн «Яавал буруу зүйл хүсэхээ болих вэ?» гэсэн гарчигтай өгүүллийг 17 настай нэг хүү уншжээ. Тэгээд яасан бол? «Би муухай юм бодохоо болихын тулд тэмцэж байна. Тэр өгүүлэлд “Хүсэл тачаалтайгаа тэмцэхэд олон хүнд маш хэцүү байдаг” гэж бичсэнийг уншаад надтай адилхан Гэрч дэлхий даяар олон байдгийг ойлгосон. Би ганцаараа биш гэдгээ ухаарсан» хэмээн ярьсан юм. Түүнчлэн 2003 оны 10 дугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн «Бэлгийн гаж амьдралыг Бурхан сайшаадаг уу?» гэсэн гарчигтай өгүүлэл энэ хүүд тустай байжээ. Зарим хүний хувьд байнга тэмцэх ёстой зүйл нь «махан биеийн өргөс» байдгийг тэндээс ойлгосон байна (2 Кор. 12:7). Тэд цэвэр ариун байхын тулд үргэлж тэмцэхийн зэрэгцээ ирээдүйгээ өөдрөгөөр хардаг ажээ. «Тийм учраас би цаашдаа ч үнэнч байна гэж боддог. Ехова байгууллагаараа дамжуулан энэ бузар муу ертөнцийн өдөр хоног бүрийг давж гарахад маань тусалдагт маш их талархаж байна» гэжээ.

13 АНУ-д амьдардаг Гэрч эмэгтэйн жишээг авч үзье. Тэрээр: «Хэрэгтэй бүхнийг цагт нь өгч тэжээдэг та нартаа талархаж байна. Энэ өгүүллүүдийг яг л надад зориулж бичсэн юм шиг санагддаг. Би Еховагийн үзэн яддаг зүйлийг хүсдэг юм л даа. Энэ хүсэлтэйгээ олон жил тэмцэж байна. Заримдаа ч буугаад өгчихмөөр л санагддаг. Ехова энэрэнгүй, өршөөнгүй гэдгийг би мэддэг ч гэсэн хүсээд байдаг буруу юмаа үзэн яддаггүй болохоороо Еховагийн тусламжийг авч чадахгүй байх гэж боддог. Энэ зөрчил тэмцэл маань миний амьдралд бүх талаар муугаар нөлөөлдөг. . . . “Та Еховаг «мэдэх зүрхтэй» юү?” гэдэг өгүүллийг “Харуулын цамхаг” сэтгүүлийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны дугаараас уншсаны дараа Ехова надад туслахыг үнэхээр хүсдэгийг мэдэрсэн» гэж бичжээ.

14. а) Дутагдалтайгаа тэмцэх нь Паулд хэр зэрэг хэцүү байсан бэ? б) Дутагдлаа ялъя гэвэл яах хэрэгтэй вэ?

14 Ром 7:21–25-ыг уншина. Паул төгс бус махан биеийн хүсэл, алдаа дутагдалтайгаа тэмцэхэд хэчнээн хэцүү байдгийг биеэрээ мэдэрчээ. Гэхдээ Еховад найдан залбирч, Есүсийн золиосыг үнэлж эрхэмлэдгээ үйл хэргээрээ харуулбал ялж чадна гэдэгтээ итгэл төгс байв. Тэгвэл та яах вэ? Дутагдлаа ялж чадах болов уу? Паулыг дуурайн өөрийнхөө хүчинд бус, Еховад бүрэн найдаж, золиосыг үнэлдгээ үйл хэргээрээ харуулдаг бол чадна.

15. Үнэнч байж, зовлонгоо тэвчихэд маань Ехова хэрхэн туслах вэ?

15 Заримдаа Бурхан бидэнд тухайн асуудлын талаар хэр зэрэг санаа зовж байгаагаа харуулах боломж олгодог. Жишээлбэл бид өөрсдөө ч юм уу гэр бүлийнхэн маань хүнд өвчтэй болбол эсвэл шударга бус явдлын золиос болбол яах вэ? Хэрэв Еховад бүрэн найддаг бол үнэнч, баяр баясгалантай байх хүчийг гуйна. Бас Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүйн төлөө залбирна (Флп. 4:13). Залбирлын ачаар зовлонгоо тэвчих хүчтэй, урам зоригтой болдгийг эрт эдүгээгийн олон хүний туршлага харуулдаг.

ЕХОВАГААС ИВЭЭЛ ХҮРТЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭЭР БАЙ

16, 17. Та яахаар шийдсэн бэ?

16 Таныг гараа өргөөд буугаад өгчихвөл Диавол маш их баярлана. Диаволыг баярлуулахгүйн тулд «сайныг барина» гэж бат шийдээрэй (1 Тес. 5:21). Сатан, түүний эрхшээлд байдаг бузар муу ертөнц болон өөрийнхөө алдаа дутагдлын эсрэг тэмцэлдээ та ялна гэдэгтээ бүү эргэлзээрэй. Бурхан хүч өгнө гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг бол та заавал ялна (2 Кор. 4:7–9; Гал. 6:9).

17 Ямар ч байсан тэмцээд, үзэлцээд, барилдаад л байгаарай. Туйлбартай байгаарай. Ехова таны дээр «ивээлийг хальтал асгана» гэдэгт итгээрэй (Мал. 3:10).