Skip to content

Гарчиг руу орох

Та хувцаслалтаараа Бурхныг алдаршуулдаг уу?

Та хувцаслалтаараа Бурхныг алдаршуулдаг уу?

«Бурханы алдрын төлөө бүхнийг хий» (1 КОР. 10:31).

ДУУ: 34, 29

1, 2. Еховагийн Гэрчүүд яагаад зөв зохистой хувцаслахыг чухалд үздэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

СҮМИЙН удирдлагууд цуглаан дээрээ хэрхэн хувцасласныг нидерландын нэгэн сонинд бичжээ. Тэнд «Ялангуяа халуунд хааш яаш хувцасласан хүмүүс олон байсан» гээд «харин Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр тийм юм харагддаггүй. ... Эрчүүд, хөвгүүд нь костюм пиджак өмсөж зангиа зүүсэн байхад, охид бүсгүйчүүдийнх нь өмссөн юбка уртавтар боловч загвар сайтай юм билээ» хэмээн цааш нь бичсэн байна. Элч Паулын зөвлөснөөр Еховагийн Гэрчүүд үнэхээр «зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн ... Бурханаас эмээгч» хүмүүс гэдгээрээ магтаал хүртдэг (1 Тим. 2:9, 10). Эмэгтэйчүүдэд зориулж бичсэн энэ зөвлөгөө эрчүүдэд ч бас хамаатай.

2 Еховагийн үйлчлэгч бидний хувьд зохистой хувцаслах нь туйлын чухал. Ехова Бурхан маань ч үүнийг чухал гэж үздэг (Эх. 3:21). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова үйлчлэгчдэдээ зөв зохистой хувцаслах талаар хэм хэмжээ тогтоосон нь Библиэс тодорхой харагддаг. Тиймээс хувцас хунар сонгохдоо зөвхөн хувийн хүсэл сонирхлоо дагах бус, Ехова Бурханд таалагдаж байгаа эсэхийг бас бодолцож үзэх ёстой.

3. Мосегийн Хуулиас хувцаслалтын талаар юу мэдэж болох вэ?

3 Мосегийн хуульд израильчуудыг эргэн тойрных нь ёс журамгүй үндэстнүүдээс хамгаалсан заалтууд байжээ. Эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй хувцаслахыг Ехова жигшдэг нь уг хуулиас тодорхой харагддаг (Дэд хууль 22:5-ыг уншина). Орчин үед эрчүүд эмэгтэй хүн шиг, бүсгүйчүүд эрэгтэй хүн шиг хувцаслах эсвэл эр эм нь ялгагдахгүй хувцас өмсөх нь олширчээ. Үүнийг юнисекс хувцас өмсөх гэж ярьдаг. Ехова ийм зүйлийг огт таалдаггүйг бид Мосегийн хуулиас ойлгодог.

4. Хувцас хунараа зөв сонгоход маань юу тус болох вэ?

4 Хувцас хунараа зөв сонгох талаар Гэрчүүдэд тустай зарчмууд Библид бий. Газар орон, ахуй соёл, уур амьсгал ялгаатай ч бид бүгдээрээ тэр л зарчмыг баримталдаг. Ямар загварын хувцас тохиромжтой, ямар нь тохиромжгүйг нэг бүрчлэн заасан жагсаалт бидэнд хэрэггүй. Харин бид Библийн зарчмуудыг баримтлах учиртай. Библийн зарчим нь хүний хүсэл сонирхлыг хорьдоггүй. Энэ өгүүллээр Бурхны «сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг» ойлгуулдаг Библийн зарчмуудыг мэдэж авцгаая. Хувцсаа зөв сонгодог болоход энэ нь тустай (Ром 12:1, 2).

«БИД ӨӨРСДИЙГӨӨ БУРХАНЫ ҮЙЛЧЛЭГЧИД ХЭМЭЭН» БАТАЛДАГ

5, 6. Бидний хувцаслалт бусдад яаж нөлөөлдөг вэ?

5 2 Коринт 6:4-т байдаг нэг чухал зарчмыг элч Паул ариун сүнсээр хөтлүүлэн бичжээ (Уншина). Гадаад байдал нь тухайн хүний талаар их зүйлийг хэлж өгдөг. Хүнийг яаж харагдаж байгаагаар нь үнэлэлт дүгнэлт өгдөг хүн олон (1 Сам. 16:7). Тиймээс Бурхны төлөөлөгч бидний хувьд биед эвтэйхэн эсвэл таалагдсан болгоноо өмсөх нь учир дутагдалтай. Библийн зарчмыг баримталдаг хүн бариу, гэрэлтсэн, ил задгай, тачаангуй хувцас өмсдөггүй. Ийм хувцас өмсөх нь биеийнхээ нандин хэсгийг харуулж, гайхуулж байгаатай адил юм. Хүмүүсийг эвгүй байдалд оруулах юм уу нүүр буруулахад хүргэхээр хувцаслаж хэрхэвч болохгүй.

6 Цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй, аятайхан хувцаслаж, үс зүсээ сайхан янзалдаг бол биднийг хүмүүс хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн төлөөлөгчид хэмээн хүндэтгэх нь дамжиггүй. Тэгээд шүтдэг Бурхантай маань танилцахыг хүсэх биз ээ. Бас манай байгууллагыг улам их үнэлдэг болно. Улмаар амь аврах мэдээнд анхаарлаа хандуулах нь лавтай.

7, 8. Ялангуяа ямар үед зохистой хувцаслах ёстой вэ?

7 Бид хувцаслахдаа ариун Бурхнаа, итгэл нэгтнүүдээ, хэсгийнхээ хүмүүсийг бодох ёстой. Тунхагладаг мэдээгээ эрхэмлэж, Еховаг хүндэтгэдгээ хувцаслалтаараа харуулах хэрэгтэй (Ром 13:8–10). Ялангуяа цуглаан, дэлгэрүүлэх ажил зэрэг Хаанчлалын үйл хэрэгт оролцохдоо хувцас хунараа анхаарах нь туйлын чухал. «Бурханаас эмээгч» хүмүүст зохистой хувцаслах ёстой (1 Тим. 2:10). Нэг газар тохиромжтой хувцас өөр газарт тохиромжгүй байх нь бий. Тиймээс Еховагийн Гэрчүүд хаана ч амьдардаг байсан, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд тухайн газрынхаа ахуй соёлыг бодолцож хувцаслах ёстой.

Хүмүүс таны хувцаслалтыг хараад Бурхныг алдаршуулдаг болов уу? (7, 8-р догол мөрийг үзнэ үү)

8 1 Коринт 10:31-ийг уншина. Чуулганд очихдоо даруу, зохистой хувцаслах хэрэгтэй. Сүүлийн үед моод болж байгаа, хэтэрхий загвар хөөсөн хувцас өмсөх нь сайн биш. Чуулганы өмнө болон чуулганы дараа, мөн байрлаж буй зочид буудлаараа орж гарахдаа хааш яаш, хэтэрхий чөлөөтэй хувцас өмсөх нь зохимжгүй. Аятайхан хувцасласан бол Еховагийн Гэрч гэдгээ нүүр бардам хэлж чадна. Бас ямар ч үед ичиж зоволгүй дэлгэрүүлнэ.

9, 10. Юу өмсөхөө шийдэхдээ Филиппой 2:4-ийг бодох ёстойн учир юу вэ?

9 Филиппой 2:4-ийг уншина. Бурхны үйлчлэгч хүн хувцас сонгохдоо итгэл нэгтнүүддээ муугаар нөлөөлөх эсэхийг бодох хэрэгтэй. Яагаад? Библид «Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» гэж байдаг (Кол. 3:2, 5). Зарим хүн Еховагийн Гэрч болохоосоо өмнө садар самуун амьдралтай байсан. Тэд хуучин муу зуршлаасаа салахын тулд одоо ч тэмцэж байгаа (1 Кор. 6:9, 10). Хэрэв бид хувцас хунараа анхаарахгүй бол тэдэндээ нэрмээс болно. Үүнийг хэн ч хүсэхгүй биз дээ?

10 Бурхны үйлчлэгч бүр зөв зохистой хувцасладаг бол хурлаа ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгахад хувь нэмэр оруулна. Тиймээс цуглаанд очихдоо ч, амарч зугаалахдаа ч зохистой хувцасладаг байх нь чухал. Юу өмсөж зүүхээ хүн болгон өөрөө шийдэх эрхтэй ч бусдыгаа бодох ёстой. Бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөөрөө үргэлж цэвэр ариун байхад нь тус болох хувцас өмсөх хэрэгтэй (1 Петр 1:15, 16). Хүнийг жинхэнэ ёсоор хайрладаг хүн «зохисгүй авирладаггүй», өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавьдаггүй (1 Кор. 13:4, 5).

ХУВЦСАА ТОХИРУУЛЖ ӨМСӨХ НЬ

11, 12. Хувцсаа зөв сонгохын тулд юуг санах хэрэгтэй вэ?

11 Бурхны үйлчлэгч хүн юу өмсөхөө шийдэхдээ «бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэйг» санах хэрэгтэй (Ном. 3:1, 17). Хувцсаа тохируулахад цаг агаар, улирал нөлөөлөх нь мэдээж. Бас боломж бололцоо, амьдралын нөхцөл ч хамаатай. Гэхдээ Еховагийн тогтоосон хэм хэмжээ хэзээ ч өөрчлөгддөггүй (Мал. 3:6).

12 Халуун өдөр хүндэтгэлтэй, аятайхан хувцаслахад амаргүй байж болох юм. Гэхдээ тийм үед ч хэтэрхий бариу эсвэл хэтэрхий нэлмэгэр, бие хаа ил гарсан хувцас өмсөөгүй нэгнийгээ итгэл нэгтнүүд нь хүндэлдэг (Иов 31:1). Түүнээс гадна бид усанд сэлэхдээ, далайн эрэг дээр амрахдаа даруухан хувцаслах ёстой (Сур. 11:2, 20). Бурхныг шүтдэггүй хүмүүсийн өмсдөг усны хувцас хэт задгай байдаг ч бид тэднийг дуурайх учиргүй. Ариун Бурхан Еховагийнхаа таалалд нийцүүлж хувцаслах нь зүйтэй.

13. Хувцас сонгохдоо 1 Коринт 10:32, 33-т байдаг зөвлөгөөг яагаад бодох ёстой вэ?

13 Хувцсаа зөв сонгоход өөр нэг чухал зарчим тус болно. Бид итгэл нэгтнүүдээ ч, Еховаг шүтдэггүй хүмүүсийг ч бодох ёстой (1 Коринт 10:32, 33-ыг уншина). Өмссөн хувцаснаасаа болж бусдын дургүйг хүргэхээс болгоомжлоорой. «Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье» гэж Паул зөвлөсөн байдаг. Үүнийхээ учрыг тайлбарлан «Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» гэж бичжээ (Ром 15:2, 3). Бид бас Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг, бусдад туслахыг хувийн хүсэл сонирхлоосоо дээгүүр тавих учиртай. Тэгдэг бол сайн мэдээ дэлгэрүүлэхэд саад болдог хувцас сонгохгүй.

14. Эцэг эхчүүд хувцсаа зөв сонгоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

14 Гэрч эцэг эхчүүд Библийн зарчмыг хэрхэн баримтлахыг хүүхдүүддээ зааж сургах үүрэгтэй. Тухайлбал зохистой хувцаслаж, үс зүсээ эвтэйхэн янзлах нь ариун Бурхнаа хүндэтгэж, тогтоосон хэм хэмжээг нь сахиж байгаа хэрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй (Сур. 22:6; 27:11). Яаж заах вэ? Өөрсдөө сайн үлгэр жишээ үзүүлэх нь чухал. Түүнээс гадна тохиромжтой хувцсыг хэрхэн сонгох, хаанаас авч болохыг хэлж зөвлөж байгаарай. Ингэдэг бол хүүхдүүд зөвхөн таалагдсан хувцсаа сонгохгүй, харин Ехова Бурхны төлөөлөгч гэдгээ санаад хувцсаа зөв сонгоно.

СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЗӨВ ЭДЛЭХ НЬ

15. Зөв шийдвэр гаргахын тулд яах ёстой вэ?

15 Бид Бурхнаа алдаршуулах зөв шийдвэр гаргахын тулд Библийн зарчмаар удирдуулдаг. Гэхдээ бүгдээрээ нэг хэв загварын хувцас өмсдөг гэсэн үг биш ээ. Хүн хүний хүсэл сонирхол, боломж бололцоо харилцан адилгүй. Ямар ч атугай цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй, даруу төлөв, тухайн нөхцөлд тохирсон хувцас өмсдөг.

16. Тохиромжтой хувцаслахыг хичээдэг хүн яагаад магтаал хүлээх зохистой вэ?

16 Гэрч хүнд зохимжтой хувцас олох тийм ч амархан биш. Дэлгүүрүүдэд сүүлийн үед моод болж байгаа хувцаснуудыг л зардаг. Тийм болохоор тохиромжтой юбка, цамц, палааж, хослол эсвэл хэт бариу биш өмд олохын тулд ихээхэн цаг зав, хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болно. Гэхдээ үзэмжтэй бөгөөд зохимжтой хувцас олох гэж чин сэтгэлээсээ хичээдэг бол итгэл нэгтнүүд тань анзаараад таныг үнэлж хүндлэх нь лавтай. Бас Ехова Бурхнаа алдаршуулж байгаадаа та өөрөө сэтгэл хангалуун байна.

17. Гэрч хүн сахал тавих эсэхээ шийдэхдээ юуг бодолцох ёстой вэ?

17 Еховагийн Гэрч хүн сахал тавих нь зөв үү? Эрчүүд сахалтай байх ёстой гэсэн тушаал Мосегийн Хуульд бий. Гэхдээ бид энэ Хуулийг сахидаггүй (Лев. 19:27; 21:5; Гал. 3:24, 25). Аятайхан засаж янзалсан сахалтай хүнийг хүндэлдэг ёс заншилтай улс орон бий. Тийм газар амьдардаг Гэрчийг Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглахад сахал нь саад болдоггүй. Хариуцлагатай үүрэг хүлээдэг зарим эрчүүд хүртэл сахалтай байдаг. Сахал тавьдаггүй хүмүүс ч бий (1 Кор. 8:9, 13; 10:32). Зарим нутагт сахлаа заавал хусдаг заншилтай. Тийм учраас Бурхны үйлчлэгч хүн сахал ургуулах нь зохисгүй гэж үздэг. Хэрэв сахалтай бол хувцас хунар, үс зүс нь хэчнээн аятайхан байлаа ч Бурхнаа алдаршуулж чадахгүйд хүрч мэднэ (Ром 15:1–3; 1 Тим. 3:2, 7).

18, 19. Бурхны таалалд нийцсэн хувцас сонгоход Мика 6:8 тустай гэхийн учир юу вэ?

18 Ехова бидэнд ямар хувцас өмсөх, үс зүсээ яаж янзлах талаар нарийн ширийн заагаагүйд талархах хэрэгтэй. Биднийг сонгох эрх чөлөөгөө эдлээсэй, Библийн зарчмын дагуу өөрөө шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Бид хувцас хунар, гадаад байдлаараа ч «өөрийн Бурхантай хамт даруухнаар алхахыг» хүсдэгээ батлах боломжтой (Мика 6:8).

19 «Даруухнаар алхах» гэдэг нь цэвэр ариун Ехова Бурхны дэргэд өчүүхэн гэдгээ ойлгож, Бурхнаар удирдуулахгүйгээр амжилтад хүрэхгүйгээ хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Бас бусдын үзэл бодол, сэтгэл санааг ойлгож, хүндлэхийг хэлдэг. Тиймээс Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахын зэрэгцээ бусдыг ойлгож, хүндэлдэг бол «өөрийн Бурхантай хамт даруухнаар алхдаг» гэсэн үг.

20. Бидний хувцас хунар, гадаад байдлыг хараад бусад хүн яадаг вэ?

20 Бид Еховагийн төлөөлөгч гэдгээ итгэл нэгтнүүддээ төдийгүй итгэгч бус хүмүүст ч шууд мэдэгдэхээр хувцаслах хэрэгтэй. Ехова Бурхан өндөр хэм хэмжээ тогтоосон. Бид түүнийг нь баримтлахдаа баяртай байдаг. Аятайхан хувцаслаж, биеэ зөв авч явдаг итгэл нэгтнүүдээ магтууштай! Тэдний ачаар чин сэтгэлтэй хүмүүс амь аврах мэдээнд татагдаж, Еховаг алдаршуулдаг. Ийнхүү Бурхныг баярлуулдаг. Хэрэв бид хувцас хунар, гадаад байдлаа үргэлж анхаардаг бол «цог жавхлан, сүр хүчээр хувцасласан» Нэгнийг хэзээ ямагт алдаршуулна (Дуу. 104:1, 2).