Эцэг эхчүүд ээ, хүүхдийнхээ итгэлийг бэхжүүлээрэй
«Залуус ба онгон бүсгүйчүүд[ээр] ... ЭЗЭНий нэрийг магтуул» (ДУУ. 148:12, 13).
ДУУ: 41, 48
1, 2. а) Эцэг эхчүүдийн хувьд юу хэцүү даваа вэ? Хэрхэн давах вэ? б) Энэ өгүүллээр ямар дөрвөн зүйлийг ярилцах вэ?
«БИД Еховад итгэдэг учраас хүүхдүүд бас итгэнэ гэж бодож болохгүй. Итгэл бол өвлөж авдаг зүйл биш. Хүүхдүүд маань бага багаар итгэлтэй болж байна» гэж Францад амьдардаг эхнэр нөхөр хоёр хэлсэн юм. Нэгэн австрали Гэрч эрэгтэй: «Хүүхдээ Еховад итгэдэг болгох нь амьдралын хамгийн хэцүү даваа ч байж магадгүй. Бүх боломжоо ашиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ асуултад сэтгэлд нь хүртэл хариулчихлаа гэж бодогддог. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө асуултаа дахиад л асууна! Өгсөн хариулт маань өнөөдөр хүүхдийн санааг амраалаа ч маргааш хангалтгүй болдог. Зарим зүйлийг дахин дахин ярьж тайлбарлах хэрэгтэй» гэж бичжээ.
2 Та хүүхдээ Еховаг хайрладаг хүн болгож үнэхээр чадах болов уу гэж өөртөө эргэлздэг үү? Үнэндээ энэ үүргийг нэг ч эцэг эх өөрийнхөө хүчээр биелүүлж чадахгүй! (Иер. 10:23). Харин Бурхны удирдлага заавраар явбал амжилтад хүрнэ. Хүүхдэдээ яаж туслах вэ? 1) Тэднийгээ сайн мэддэг болоорой. 2) Еховагийн талаар сурч мэдсэн бүхнээ заагаарай. 3) Жишээ татаж байгаарай. 4) Тэвчээртэй байж, залбираарай.
ХҮҮХДЭЭ САЙН МЭДДЭГ БОЛООРОЙ
3. Эцэг эхчүүд хүүхдээ сургахдаа Есүсийг хэрхэн дуурайх хэрэгтэй вэ?
3 Есүс дагалдагчдаасаа юунд итгэдгийг нь асуудаг байсан (Мат. 16:13–15). Түүнийг дуурайгаарай. Хүүхэдтэйгээ хамт юм хийж байхдаа, амарч байхдаа юу бодож байгааг нь тэднээс асууж, эргэлзэж байгаа зүйл бий эсэхийг нь мэдэж аваарай. Австралид амьдардаг 15 настай Гэрч хүү ийн бичжээ. «Аав итгэл үнэмшлийн минь тухай байнга ярилцаж, зөв дүгнэлтэд хүрэхэд тусалдаг. Аав надаас “Библид юу гэж байдаг вэ?”, “Чи үүнд итгэдэг үү?”, “Яагаад итгэдэг вэ?” гэж асуугаад өөрийнхөө үгээр хариулахыг минь хүлээдэг. Намайг аав ээжийнхээ үгийг зүгээр давтаасай гэж хүсдэггүй. Том болох тусам би илүү гүнзгий хариулах хэрэгтэй болж байгаа» гэж бичжээ.
4. Хүүхдийнхээ асуултыг тоохгүй орхиж болохгүйн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
4 Хэрэв хүүхэд Библийн зарим сургаалд шууд итгэхгүй байвал хүчлэх хэрэггүй. Тэвчээртэй байгаарай. Асуултынхаа хариуг олоход нь туслаарай. Нэгэн эцэг: «Хүүхэд асуулт асуувал чухал биш гэж бодоод тоохгүй өнгөрч болохгүй. Танд эвгүй санагдсан байлаа ч хүүхдийнхээ хүссэн сэдвээр ярихаас битгий цааргалаарай» гэжээ. Хүүхэд асуулт асууна гэдэг бол юмыг ойлгохыг хүсэж байгаагийн шинж юм. Есүс дөнгөж 12-той байхдаа л гүнзгий утгатай асуулт асууж байсан шүү дээ (Лук 2:46-г уншина). Данид амьдардаг 15 настай хүү: «Манайх жинхэнэ шашин мөн юм уу гэж асуухад ээж аав хоёр надад санаа зовж байсан мөртлөө сандраагүй, тайван хүлээж авсан. Миний асуулт болгонд Библиэс хариулж байсан» хэмээн дурссан юм.
5. Хүүхэд нь Еховад итгэдэг юм шиг байлаа ч эцэг эхчүүд яах шаардлагатай вэ?
5 Хүүхдээ сайн мэддэг болоорой. Юу боддог, юунд санаа зовдог, сэтгэл санаа нь ямар байгааг мэдэж аваарай. Хүүхэд тань цуглаанд очдог, тантай цуг дэлгэрүүлдэг бол Бурханд итгэдэг гэсэн үг биш шүү. Хамт юм хийж байхдаа Бурхны тухай яриарай. Хүүхэд дэргэд байсан ч, байгаагүй ч тэднийхээ төлөө залбираарай. Еховад үнэнч байхад нь юу саад болдгийг мэдэж аваад даван туулахад нь туслаарай.
ЕХОВАГИЙН ТАЛААР СУРЧ МЭДСЭН БҮХНЭЭ ЗААГААРАЙ
6. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн заах чадвартай байхын тулд яах хэрэгтэй вэ?
6 Есүс сайн Багш байсан. Еховаг болон хүмүүсийг хайрладаг, Судрыг сайн мэддэг байсан учраас тэр юм (Лук 24:32; Иох. 7:46). Эцэг эхчүүд Есүсийг дуурайн хүүхдээ хайрладаг бол сэтгэлд нь хүртэл зааж чадна (Дэд хууль 6:5–8; Лук 6:45-ыг уншина). Үүний тулд Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг нямбай судлаарай. Еховагийн бүтээлийг сонирхож, тэр сэдвээр гарсан материалуудыг уншиж байгаарай (Мат. 6:26, 28). Ингэдэг бол мэдлэг тань гүнзгийрч, Еховад улам их талархаж, хүүхдэдээ илүү сайн заадаг болно (Лук 6:40).
7, 8. Эцэг эхчүүд Еховагийн тухай шинийг мэдэж аваад яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
7 Еховагийн талаар шинийг мэдэж авбал хүүхдэдээ хэлж өгөөрэй. Зөвхөн цуглаанд бэлдэх юм уу гэр бүлийн хичээл хийхдээ бус, ямар ч үед ярьж байгаарай. Америкт амьдардаг нэг хос, хүүхдүүдтэйгээ хамт салхинд гарахдаа
эсвэл хоол идэж байхдаа Еховагийн талаар ярилцдаг гэнэ. «Еховагийн өгдөг бүхэнд биднийг гэсэн хайр шингэсэн байдгийг хүүхдүүддээ хэлдэг» гэж тэд ярьсан юм. Өмнөд Африкт амьдардаг нөхөр эхнэр хоёр охидтойгоо цэцэг ногоо тарих зуураа бүтээлийн талаар, тухайлбал үр соёолж ургамал болдгийн гайхамшгийг ярилцдаг ажээ. «Хоёр охиндоо амийн үнэ цэнг мэдрүүлж, амьд байгаль гайхалтай нарийн бүтэцтэйг ойлгуулахыг бид хичээдэг» хэмээн ярьсан юм.8 Австралид байдаг нэг аав хүүгээ 10-аад настай байхад нь музей рүү дагуулж явжээ. Бүтээгчид баттай итгэдэг болоход нь тусалъя гэж бодсон ажээ. Тэрээр: «Бид хоёр далайн эртний амьтад болох аммоноид, трилобитын үзмэр үзээд гайхсан. Устаж үгүй болсон энэ амьтад биширмээр сайхан, маш нарийн бүтэцтэй, бидний мэддэгээс ч том байсан юм билээ. Хэрэв энгийн зүйл хувьсан өөрчлөгдөж илүү нарийн бүтэцтэй болсон юм бол эртний энэ амьтад яагаад анхнаасаа ийм гайхалтай нарийн бүтэцтэй вэ? Надад их гайхалтай санагдсан. Тэгээд хүүтэйгээ ярилцсан» гэж ярьсан юм.
ОНОВЧТОЙ ЖИШЭЭ ТАТААРАЙ
9. Жишээ татах нь яагаад үр дүнтэй вэ? Нэг ээж үүнийг хэрхэн баталсан бэ?
9 Есүс хүмүүсийг бодуулж, сэтгэлийг нь хөдөлгөж, гол санааг тогтооход нь туслахын тулд жишээ их татдаг байсан (Мат. 13:34, 35). Хүүхэд юмыг төсөөлөн бодох дуртай байдаг. Тийм учраас эцэг эхчүүд ээ, хүүхдэдээ заахдаа янз бүрийн жишээ татаарай. Японд амьдардаг нэг ээж хоёр хүүгээ 8, 10-тай байхад нь Еховагийн хайр халамжийг ойлгуулах гэсэндээ дэлхийн агаар мандлын талаар ярьж өгчээ. Хоёр хүүдээ сүү, элсэн чихэр, кофе өгөөд аяга кофе найруулж өгөөч гэж гуйсанд хүсэлтийг нь хичээнгүйлэн биелүүлжээ. «Яагаад ингэж их хичээснийг нь асуухад тэд миний санаанд тааруулахыг хүссэнээ хэлсэн юм. Тэгэхэд нь би “Бурхан бас дэлхийн агаар мандал дахь хийнүүдийг хүмүүст тохиромжтойгоор найруулсан” гэж тайлбарласан» хэмээн дурсжээ. Энэ жишээ тэдний насанд тохирсон, маш сонирхолтой байснаас гадна оюун ухаанд нь хоногшсон биз ээ!
10, 11. а) Та Бүтээгч байдаг гэдгийг хүүхдэдээ батлахын тулд ямар жишээ татах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Та үр дүнтэй ямар жишээ ашиглаж үзсэн бэ?
10 Бүтээгч байдгийг хүүхдэдээ батлахын тулд ямар жишээ татаж болох вэ? Та хүүхэдтэйгээ хамт бялуу юм уу жигнэмэг хийхдээ жор яагаад чухал байдгийг тайлбарлаарай. Дараа нь хүүхдэдээ алим юм уу ямар нэг жимс бариулаад «Энэ алим бас тусгай жороор бүтсэнийг чи мэдэх үү?» гэж асуугаарай. Алимыг хувааж үрийг нь «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» гэдэг товхимлын 10–20-р хуудсанд буй зураг, жишээнүүдийг үзүүлээд ярилцаж болох юм.
хүүхдэдээ өгөөд ингэж тайлбарлаарай. «Үр нь жор гэсэн үг. Алимыг яаж хийх заавар үүн дотор байдаг. Гэхдээ бялуу хийх заавраас илүү нарийн. Бялууны жорыг хүн гаргадаг юм бол илүү нарийн бүтэцтэй алимны жорыг хэн гаргасан байж таарах вэ?». Хүүхэд тань арай том бол ДНХ-д алим болон алимны модны мэдээлэл агуулагддагийг хэлж өгөөрэй.11 «Сэрцгээ!» сэтгүүлийн «Санамсаргүй бий болсон уу?» булангаас хүүхэдтэйгээ ярилцах дуртай эцэг эх олон байдаг. Бага насны хүүхдэдээ энгийнээр тайлбарлаж өгдөг. Данид амьдардаг эхнэр нөхөр хоёрыг жишээ болгон авч үзье. Тэд хүүхдээсээ ингэж асуусан гэнэ. «Онгоц яг л шувуу шиг харагддаг. Гэхдээ онгоц өндөглөж, жижиг онгоц гаргадаг уу? Шувуунд хөөрөх буух зурвас хэрэгтэй юү? Онгоцны дуу, шувууны жиргэх дуу хоёр ямар ялгаатай вэ? Онгоцыг хийсэн хүн, шувууг бүтээсэн Бүтээгч хоёрын хэн нь илүү ухаантай вэ?» Ийнхүү оновчтой асуулт асууж, эвтэйхэн тайлбарладаг бол хүүхэд нухацтай бодож, Бурханд улам бүр итгэдэг болно (Сур. 2:10–12).
12. Библид итгэхэд нь хүүхдэдээ хэрхэн тусалж болох вэ?
12 Библид бичсэн бүхэн үнэн зөв гэдгийг хүүхдэдээ заахдаа ч бас оновчтой жишээ татаарай. Та хүүхдэдээ Иов 26:7-г уншууллаа гэж бодъё (Уншина). Энэ зүйлд бичсэн мэдээлэл Бурхнаас ирсэн гэдгийг хүүхдэдээ зүгээр хэлээд орхичихож болохгүй. Харин төсөөлөн бодуулаарай. Жишээ нь та хүүхдэдээ ингэж хэлж болох юм. «Дэлхий хоосон огторгуйд ямар ч тулгуургүй байж болдог гэдэгт Иовын үед амьдарч байсан хүмүүс итгэдэггүй байсан. Ямар нэгэн биет, тухайлбал бөмбөг юм уу чулуу заавал юман дээр тогтдог болохоор тэр юм. Харин одоо дуран авай, сансрын хөлөг байгаа учраас дэлхий хоосон огторгуйд байдгийг хэн ч хэлж чадна». Библи их эртний ном ч гэсэн Ехова бичүүлсэн учраас дандаа үнэн зөв байдгийг хүүхэд энэ жишээнээс ойлгох биз ээ (Нех. 9:6).
БИБЛИЙН ЗАРЧМЫН ҮНЭ ЦЭНГ ОЙЛГУУЛААРАЙ
13, 14. Эцэг эхчүүд хүүхдэдээ Библийн зарчмын үнэ цэнг хэрхэн ойлгуулах вэ?
13 Библийн зарчмыг баримтлахын ач тусыг хүүхдэд ойлгуулах нь туйлын чухал (Дуулал 1:1–3-ыг уншина). Жишээлбэл та хүүхдэдээ ингэж хэлж болох юм. «Чи эзгүй арал дээр амьдрахаар болжээ гээд төсөөл дөө. Гэхдээ хэнтэй хамт амьдрахаа чи өөрөө сонгох эрхтэй. Бүгдээрээ эвтэй найртай, сайхан харьцаатай байя гэвэл чи ямар зан чанартай хүмүүсийг авч явах вэ?». Тэгээд Галат 5:19–23-ыг үзүүлж Ехова шинэ ертөнцөд ямар хүмүүсийг амьдруулахыг хүсдэгийг хүүхэдтэйгээ ярилцаарай.
14 Эндээс хүүхэд хоёр чухал зүйлийг мэдэж авна. Нэгд, хүнтэй эвтэй, жаргалтай амьдрах нууцыг Ехова заадаг. Хоёрт, Ехова биднийг шинэ ертөнцөд амьдруулахын тулд одооноос бэлдэж байна (Ис. 54:13; Иох. 17:3). Бас Библи хүмүүст хэрхэн тусалдгийг ном хэвлэлээс, тухайлбал «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» булангаас үзүүлээрэй. Эсвэл танай хуралд Еховад таалагдахын тулд эрс өөрчлөгдсөн хүн байдаг бол гэртээ уриад үүх түүхийг нь яриулаарай. Эдгээр жишээ хүүхдэд Библийн зарчмын үнэ цэнг ойлгуулна (Евр. 4:12).
15. Хүүхдэдээ заахдаа яах хэрэгтэй вэ?
15 Хүүхдийн сонирхлыг төрүүлэхийн тулд эцэг эхчүүд сайн төсөөлж боддог байх хэрэгтэй. Хүүхдээ Еховагийн тухай сурах дуртай болгоё гэвэл насанд нь тохируулж янз бүрийн арга сэдэж байгаарай. Нэг эцэг: «Залхууралгүй шинэ арга туршиж байгаарай» гэжээ.
ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ ЗАЛБИРААРАЙ
16. Хүүхдэдээ заахдаа яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
16 Бат итгэлтэй болоход ариун сүнс тусална (Гал. 5:22, 23). Жимс ургахад хугацаа хэрэгтэй байдаг шиг итгэлтэй болоход хугацаа хэрэгтэй. Тиймээс хүүхдэдээ заахдаа тэвчээртэй, тууштай байгаарай. Японд амьдардаг нэг аав: «Эхнэр бид хоёр хүүхдүүддээ багаас нь маш их анхаарал тавьдаг байсан. Цуглаангүй өдрүүдэд 15 минут тогтмол хичээл хийнэ. 15-хан минут учраас хүүхдүүдэд ч, бидэнд ч хэцүү байгаагүй» гэж ярьжээ. Нэг дүүрэг хариуцагч: «Шилжилтийн насанд байхад надад элдэв янзын асуулт, эргэлзээ төрдөг байсан. Яваандаа хариуг нь цуглаан, гэр бүлийн хичээлээс, бие даан судалж байхдаа олж авсан. Тиймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тогтмол заадаг байх нь маш чухал» гэж бичжээ.
17. Эцэг эхчүүд сайн жишээ үзүүлдэг байх нь чухал гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
17 Хамгийн чухал зүйл бол таны итгэлийн жишээ юм. Хүүхэд эцэг эхийнхээ үйл хөдлөл бүрийг ажигладаг. Тиймээс эцэг эхчүүд итгэлээ үргэлж бэхжүүлэх хэрэгтэй. Ехова таны хувьд хэр бодитойг хүүхдэдээ мэдүүлээрэй. Жишээлбэл Бермудад амьдардаг эцэг эх санаа зовоосон асуудал гарсан үед хүүхдүүдтэйгээ хамт залбирч Еховагаас удирдлага заавар гуйдаг гэнэ. Бас залбирч байхыг хүүхдүүддээ зөвлөдөг ажээ. «Бид том охиндоо “Еховад бүрэн найдаж, Хаанчлалын төлөө завгүй байж, хэтэрхий их санаа зовохгүй байхыг” захидаг. Үр дүнг нь үзэхлээрээ охин маань Ехова тусалж байгааг ойлгодог. Тэгээд Бурханд болон Библид улам их итгэдэг болсон» гэж ярьсан юм.
18. Эцэг эхчүүд юуг мартаж болохгүй вэ?
18 Эцэг эхчүүд та нар хүүхдээ Бурханд хүчээр итгэдэг болгож чадахгүйгээ бүү мартаарай. Та нарын тарьж усалсныг Ехова л ургуулна (1 Кор. 3:6). Тиймээс нандин эрдэнэ болсон хүүхдэдээ Еховагийн тухай хамаг л боломжоороо заагаарай. Ариун сүнс гуйж залбирч байгаарай. Ехова ивээх нь гарцаагүй (Еф. 6:4).