Skip to content

Гарчиг руу орох

«Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун»

«Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун»

«Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» (МАТ. 28:19, 20).

ДУУ: 141, 17

1, 2. Матай 24:14-т байдаг Есүсийн хэлсэн үгнээс үүдээд ямар асуулт гардаг вэ?

ХҮМҮҮС Еховагийн Гэрчүүдэд нааштай хандах нь ч бий, ширүүн эсэргүүцэх нь ч бий. Гэхдээ дэлгэрүүлэх ажлаараа алдартай гэдгийг нь бараг хэн ч үгүйсгэдэггүй. «Итгэл үнэмшлийг тань хүлээн зөвшөөрөхгүй ч, хийдэг ажлын тань төлөө та нарыг хүндэлж байна» гэж хэлдэг хүнтэй заримдаа бид таардаг. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэж Есүс зөгнөснийг бид мэднэ (Мат. 24:14). Тэгвэл тэр зөгнөл ёсоор дэлхий даяар сайн мэдээг бид тунхаглаж байгаа гэх ямар баталгаа байна вэ? Бид л энэ ажлыг хийдэг гэж бодох нь давлиун загнаж байгаа хэрэг мөн үү?

Шашны бүлгүүд өөрсдийгөө сайн мэдээ тунхагладаг гэж боддог. Гэвч энэ нь хувийн амьдралын талаарх гэрчлэл, сүмд зохиогддог үйл ажиллагаа болон телевиз, интернэт зэрэг мэдээллийн хэрэгслээр цацдаг хөтөлбөрүүдээр хязгаарлагддаг. Нөгөө хэсэг нь ядууст тусламжийн бараа өгч, эмчилгээ хийж, сургалт явуулдгаа сайн мэдээ тунхаглаж байна гэж үздэг. Эдгээр нь Есүсийн дагалдагчдадаа өгсөн тушаалтай нийцдэг үү?

3. Матай 28:19, 20-д байдаг тушаалыг харвал ямар дөрвөн зүйлийг хийх хэрэгтэй вэ?

3 Есүсийн шавь нар хүмүүсийн ирэхийг зүгээр хүлээгээд суудаг байсан уу? Үгүй! Амилсныхаа дараа олон зуун шавьдаа хандан «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн айлджээ (Мат. 28:19, 20). Дөрвөн зүйлийг хийх хэрэгтэй гэсэн үг. Хүмүүсийг дагалдагч болгоно, баптисм хүртээнэ, зааж сургана. Харин эхлээд юу хийх ёстой вэ? Есүс: «Яв» гэж хэлсэн. Энэ тушаалын талаар Библи судлаач нэгэн эрдэмтэн: «“Яв” гэдэг нь итгэгч бүрд өгсөн тушаал юм. Гудамжаар ч явах хэрэгтэй, далайг ч гатлах хэрэгтэй» хэмээн тайлбарлажээ (Мат. 10:7; Лук 10:3).

4. «Хүмүүсийн загасчин» болно гэдгийг юу гэж ойлгох вэ?

4 Сайн мэдээ дэлгэрүүлэхэд зөвхөн хувь хүн хичээж мэрийх хэрэгтэй гэж Есүс хэлсэн үү? Эсвэл бүгдээрээ хүч хавсарч зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэх тухай хэлсэн үү? «Бүх үндэстэнд» хүрч очихын тулд ганц хүн бус, харин олон хүн зохион байгуулалттайгаар оролцох шаардлагатай. Есүс шавь нартаа чухам энэ тухай хэлж «хүмүүсийн загасчин» болохыг уриалсан (Матай 4:18–22-ыг уншина). Гэхдээ уургаа барьж суугаад загас ирэхийг хүлээдэг загасчинг бус, харин тор тавьдаг загасчинг хэлжээ. Тийм загасчин нэлээд хүч гаргадаг бөгөөд заримдаа олон хүнтэй хамжиж байж загас барьдаг байна (Лук 5:1–11).

5. Ямар дөрвөн асуултын хариуг мэдэх шаардлагатай вэ? Яагаад?

5 Есүсийн зөгнөсөн ёсоор өнөөдөр сайн мэдээг хэн дэлгэрүүлж байгааг мэдье гэвэл дараах дөрвөн асуултад хариулах хэрэгтэй. Үүнд:

  • Юуны тухай мэдээ тунхаглах ёстой вэ?

  • Ямар сэтгэлээр дэлгэрүүлэх ёстой вэ?

  • Ямар аргаар дэлгэрүүлэх ёстой вэ?

  • Энэ ажил ямар цар хүрээг хамарч, хэдий хүртэл үргэлжлэх ёстой вэ?

Дээрх асуултуудын хариуг олбол амь аврах энэ ажлыг хэн хийж байгааг мэдээд зогсохгүй энэ ажлаа үнэнч, тууштай хийх хүсэл эрмэлзэлтэй болно (1 Тим. 4:16).

ЮУНЫ ТУХАЙ МЭДЭЭ ТУНХАГЛАХ ЁСТОЙ ВЭ?

6. Яагаад Еховагийн Гэрчүүдийн тунхагладаг мэдээ зөв бэ?

6 Лук 4:43-ыг уншина. Есүс Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагладаг байсан. Шавь нараа бас ингээсэй гэж хүсжээ. Ямар хүмүүс ийм мэдээг «бүх үндэстэнд» тунхагладаг вэ? Хариу нь тодорхой. Зөвхөн Еховагийн Гэрчүүд. Эсэргүүцэгчид хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь Христийн шашны нэг номлогч Еховагийн Гэрчтэй ярилцжээ. Янз бүрийн улсад амьдарч үзсэн бөгөөд очсон газрынхаа Гэрчүүдээс юуны тухай мэдээ дэлгэрүүлдгийг нь асуудаг байснаа ярив. Тэд юу гэж хариулсан бол? Номлогч: «“Хаанчлалын тухай сайн мэдээ” гээд яг адилхан хариулж байсан. Бүгдээрээ шал тэнэг» гэжээ. Яалаа гэж «тэнэг» байх вэ! Харин ч тэр Гэрчүүд Христийн жинхэнэ дагалдагчдын ёсоор эв нэгдэлтэй байж, адилхан юм ярьсан байна (1 Кор. 1:10). «Харуулын цамхаг Еховагийн Хаанчлалыг тунхагладаг» сэтгүүлийн гол сэдэв ч бас Бурхны Хаанчлал юм. Дэлхийн хамгийн олон уншигчтай энэ сэтгүүлийн дугаар бүр 254 хэлээр гардаг бөгөөд 59 сая хувь хэвлэгддэг.

7. Христийн шашны санваартнууд зөв мэдээ тунхагладаггүй нь юунаас харагддаг вэ?

7 Христийн шашны санваартнууд Бурхны Хаанчлалын тухай мэдээ тунхагладаггүй. Хаанчлал гэж юу болохыг асуувал тэд итгэгч хүний зүрх сэтгэлд байдаг мэдрэмж гэж хариулна (Лук 17:21). Бурхны Хаанчлал бол Есүс Христ тэргүүтэй тэнгэрийн засгийн газар бөгөөд хүн төрөлхтөнд тулгардаг бүх бэрхшээлийг арилгана, муу муухай бүхнийг удахгүй газрын хөрснөөс арчина гэдгийг тэд хүмүүст хэлж ярьдаггүй (Илч. 19:11–21). Есүсийг зөвхөн Крисмас болон Улаан өндөгний баяраар санан дурсахыг илүүд үздэг. Есүс дэлхийг захирахдаа юу хийхийг тэд мэддэггүй нь тодорхой. Дэлгэрүүлдэг гэж боддог мэдээнийхээ утгыг ойлгодоггүй учраас энэ ажлыг ямар сэтгэлээр хийх ёстойгоо мэддэггүй.

ЯМАР СЭТГЭЛЭЭР ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

8. Дэлгэрүүлэх ажлыг ямар сэтгэлээр хийвэл буруу вэ?

8 Дэлгэрүүлэх ажлыг ямар сэтгэлээр хийх ёстой вэ? Мөнгө хураах, уран хийцтэй барилга барихын тулд дэлгэрүүлэх ёсгүй. Есүс шавь нартаа «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэж захисан билээ (Мат. 10:8). Бурхны Үгийг «үүргийн худалдаа» болгох учиргүй (2 Кор. 2:17). Мэдээ тунхаглаж буй хүмүүс хувийнхаа эрх ашгийн төлөө энэ ажлыг хийх ёсгүй (Үйлс 20:33–35-ыг уншина). Ийм тодорхой тушаал заавар байсаар атал ихэнх сүм хийд гол зорилгоосоо хазайж мөнгө цуглуулах юм уу дампуурахгүй байхыг хичээдэг. Санваартандаа болон олон тооны ажилчиндаа цалин хөлсийг нь өгөх хэрэгтэй болдог. Ер нь Христийн шашны удирдагчид асар их хөрөнгөтэй байдаг (Илч. 17:4, 5).

9. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажилдаа зөв ханддаг нь юунаас харагддаг вэ?

9 Еховагийн Гэрчүүд мөнгө хураадаг уу? Тэдний ажил сайн дурын хандиваар санхүүждэг (2 Кор. 9:7). Хаанчлалын болон чуулганы танхимуудад мөнгө хураадаггүй. Тэгсэн хэр нь өнгөрсөн жилд л гэхэд Еховагийн Гэрчүүд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд 1,93 тэрбум цаг зарцуулж, сар бүр 9 сая гаруй хүнд Библийн хичээл үнэ төлбөргүй заажээ. Тэд цалин хөлс авдаггүйгээр үл барам хувиасаа мөнгө гаргаад энэ ажлаа баяр хөөртэй хийдэг. Нэгэн судлаач Еховагийн Гэрчүүдийн талаар хэлэхдээ «Гол зорилго нь дэлгэрүүлэх, заах явдал юм. ... Мөнгөө хэмнээд суудаг санваартан тэдний дунд байдаггүй» гэжээ. Тэгвэл бид энэ ажлаа ямар сэтгэлээр хийдэг вэ? Товчхон хэлэхэд Еховаг болон хүмүүсийг хайрладаг учраас өөрсдөө хүсээд хийдэг. Энэ бол Дуулал 110:3-т байдаг зөгнөл биелж байгаа хэрэг юм (Уншина).

ЯМАР АРГААР ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Хүн хаана байна, тэнд дэлгэрүүлдэг (10-р догол мөрийг үзээрэй)

10. Есүс болон шавь нар нь дэлгэрүүлэхдээ ямар арга хэрэглэдэг байсан бэ?

10 Есүс болон түүний шавь нар сайн мэдээ дэлгэрүүлэхдээ ямар арга хэрэглэдэг байсан бэ? Олон нийтийн газруудаар, айлаар гээд хүн хаана байна, тэнд очиж дэлгэрүүлдэг байжээ. Айлаар явж зохистой хүнийг эрж олох нь дэлгэрүүлэх ажлын нэг хэсэг болдог (Мат. 10:11; Лук 8:1; Үйлс 5:42; 20:20). Зохион байгуулалттайгаар ийнхүү дэлгэрүүлдэг нь хүнийг ялгадаггүйн шинж юм.

11, 12. Христийн сүмийнхэн сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд хэр их зүтгэл гаргадаг вэ? Еховагийн Гэрчүүд ямар ялгаатай вэ?

11 Тэгвэл христийн шашны сүмүүд яадаг вэ? Ихэнх гишүүн нь дэлгэрүүлэх ажлаа цалин хөлс авдаг санваартандаа даатгачихдаг. Гэтэл санваартан нь «хүмүүсийн загасчин» байх ёстой хэр нь аль хэдийн баригдсан «загасаа» тавьж явуулахгүйг голлон анхаардаг гэмээр. Зарим санваартан сайн мэдээг ямар нэг байдлаар дэлгэрүүлэх гэж оролддог нь үнэн. Тухайлбал 2001 оны эхээр Ромын пап II Иоанн Павел: «Би сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг сэргээе гэж олон жил уриалж ирсэн. Одоо ч гэсэн уриалж байна. ... Бид Паулд байсан шиг итгэлийг өөрсдийнхөө дотор дахин асаах хэрэгтэй байна. Паул: “Би сайн мэдээг дэлгэрүүлэхгүй бол надад зовлон болдог” гэж хэлсэн байдаг шүү дээ» хэмээн захидалдаа бичжээ. Пап цааш нь бичихдээ, энэ үүргийг «“мэргэшсэн” хэдэн хүнд даатгах биш, харин Бурхны үйлчлэгч бүр биелүүлэх ёстой» гэжээ. Тэгвэл энэ уриалгыг хэр олон хүн дагасан бол?

12 Еховагийн Гэрчүүдийн тухайд юу хэлж болох вэ? Есүс 1914 оноос хаанчилж байгаа хэмээн тунхагладаг хүмүүс бол зөвхөн Еховагийн Гэрчүүд юм. Тэд Есүсийн заасны дагуу, дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьдаг (Марк 13:10). Нэг номд «Еховагийн Гэрчүүдийн хувьд дэлгэрүүлэх ажил бүхнээс илүү чухал байдаг» гэж бичжээ. Уг номын зохиолч цааш нь бичихдээ нэг Гэрчийн хэлсэн үгийг эш татаж «Тэд өлсөж цангасан, ганцаардаж гуньсан, өвдөж шаналсан хүмүүстэй таарвал туслахыг боддог. Гэвч энэ ертөнцийн төгсгөл удахгүй ирэх тухай, аврагдах зайлшгүй шаардлагатай тухай мэдээ дэлгэрүүлэх нь хамгийн гол ажил гэдгийг хэзээ ч мартдаггүй» гэжээ («Pillars of Faith—American Congregations and Their Partners»). Еховагийн Гэрчүүд энэ мэдээгээ Есүс болон түүний шавь нарын аргаар тунхагласаар байна.

ЯМАР ЦАР ХҮРЭЭГ ХАМАРЧ, ХЭДИЙ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

13. Дэлгэрүүлэх ажлын цар хүрээ ямар байх ёстой вэ?

13 Дэлгэрүүлэх ажил ямар цар хүрээтэй болохыг Есүс хэлсэн байдаг. Сайн мэдээ «дэлхий даяар тунхаглагдана» гэжээ (Мат. 24:14). Шавь нар нь «бүх үндэстнийг дагалдагч болгох» ёстой (Мат. 28:19, 20). Энэ ажил дэлхий дахиныг хамардаг.

14, 15. Дэлгэрүүлэх ажил дэлхий дахиныг хамрах тухай зөгнөл биелэхэд Еховагийн Гэрчүүд хувь нэмрээ оруулж байгааг юу баталдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

14 Дэлгэрүүлэх ажил дэлхий дахиныг хамрах тухай зөгнөл биелэхэд Еховагийн Гэрчүүд ямар хувь нэмэр оруулж байгааг тоо баримтаас үзье. АНУ-д янз бүрийн сүм хийдийн 600 мянга орчим санваартан байдаг бол, Еховагийн Гэрчүүд 1 сая 200 мянга орчим бий. Дэлхий даяар Ромын католик шашны 400 мянга гаруй хамба байдаг. Тэгвэл Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог Гэрчүүдийн тоог бодож үзье. Дэлхийн 240 улс орон, нутаг дэвсгэрт 8 сая хүн дэлгэрүүлэх ажилд сайн дураараа оролцдог. Ямар гайхалтай ажил өрнөж байгааг бодоод үз дээ! Энэ бүхний төлөө Ехова Бурхнаа магтан алдаршуулъя! (Дуу. 34:1; 51:15).

15 Еховагийн Гэрчүүд төгсгөл болохоос өмнө аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийг хүсдэг. Тийм учраас бид Библид үндэслэсэн ном хэвлэлийг орчуулах, хэвлэх ажлаараа онцгой ялгардаг. Ном, сэтгүүл, танилцуулга, чуулганы болон Дурсах цуглааны урилгыг сая саяар нь үнэгүй тараадаг. Янз бүрийн ном хэвлэлийг 700 гаруй хэлээр гаргадаг. «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг 130 гаруй хэлээр, 200 гаруй сая хувь хэвлээд байна. Өнгөрсөн жилд л гэхэд Библид үндэслэсэн ном хэвлэл ойролцоогоор 4,5 тэрбумыг хэвлэсэн. Манай байгууллагын албан ёсны вэбсайт 750 гаруй хэлээр гардаг. Үүнтэй төстэй ажил хийж буй Христийн шашны урсгалууд бий юү?

16. Еховагийн Гэрчүүдэд ариун сүнс байгааг хаанаас мэдэж болох вэ?

16 Дэлгэрүүлэх ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ? Дэлхийг хамарсан энэ ажлыг эцсийн өдрүүдэд хийх бөгөөд дараа нь төгсгөл ирнэ гэж Есүс хэлсэн. Ийм эгзэгтэй цагт сайн мэдээг тунхагласаар байгаа шашны өөр урсгал байна уу? «Дэлгэрүүлдэг нь та нар юм байгаа биз. Харин бидэнд бол ариун сүнс байна» гэж ярьдаг хүмүүс дэлгэрүүлж явахад таардаг. Үнэндээ энэ ажлыг шантралгүй хийдэг маань Бурхны сүнс бидэнд байдгийн баталгаа биш гэж үү? (Үйлс 1:8; 1 Петр 4:14). Шашны зарим урсгал Еховагийн Гэрчүүдийн байнга хийдэг ажлыг хийх гэж үе үе оролддог ч ихэнхдээ амжилт олдоггүй. Зарим нь хэсэг хугацаанд номлогчоор үйлчилчихээд өдөр тутмын амьдралдаа эргээд ордог. Зарим нь айлаар дэлгэрүүлдэг ч байж болох юм. Гэхдээ ямар мэдээ дэлгэрүүлдэг вэ? Тэд Христийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлдэггүй учраас хариу нь тодорхой.

САЙН МЭДЭЭГ ӨНӨӨДӨР ХЭН ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙГАА ВЭ?

17, 18. а) Өнөөдөр Хаанчлалын тухай сайн мэдээг Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлж байгаа гэдэгт яагаад итгэж болох вэ? б) Ажлаа тасралтгүй хийх боломжтой гэхийн учир юу вэ?

17 Тэгвэл Хаанчлалын тухай сайн мэдээг хэн дэлгэрүүлж байгаа вэ? Энэ асуултад «Еховагийн Гэрчүүд» гэж бүрэн итгэлтэй хариулна. Яагаад гэвэл бид зөв мэдээ дэлгэрүүлдэг. Энэ бол Хаанчлалын тухай сайн мэдээ юм. Бас хүмүүс дээр очдог маань зөв аргаар дэлгэрүүлж байгаа хэрэг. Бид дэлгэрүүлэх ажлаа зөв сэтгэлээр буюу хайраар хийдэг. Мөнгө олох нь бидний зорилго биш. Бүх үндэстэн, хэлтэнд дэлгэрүүлж байгаа учраас ажлаа асар өргөн цар хүрээтэй хийж байна. Бид энэ ажлаа жилээс жилд зогсолтгүй үргэлжлүүлсээр Сатаны ертөнцийн төгсгөлтэй золгоно.

18 Ийм эгзэгтэй үед Бурхны ард түмний хийж буй ажлыг бодохлоор гайхалтай. Гэхдээ энэ бүхнийг хэний хүчээр хийж чаддаг вэ? Филиппой дахь итгэл нэгтнүүддээ бичсэн элч Паулын захидалд хариу нь бий. «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» (Флп. 2:13). Хайртай тэнгэрийн Эцгийнхээ хүчээр чадах бүхнээ хийж, «үйлчлэлээ гүйцээцгээе» (2 Тим. 4:5).