Ехова бол бидний Ваарчин
«ЭЗЭН ... Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл» (ИС. 64:8).
ДУУ: 11, 26
1. Еховаг яагаад агуу Ваарчин гэж хэлж болох вэ?
ЛОНДОН хотноо 2010 оны 11 дүгээр сард болсон дуудлага худалдаагаар 18-р зууны үеийн Хятадын шавар ваар бараг 70 сая долларын үнэд хүрчээ. Ваарчин хүн олдоц ихтэй, хямд үнэтэй шаврыг нарийн хийцтэй, асар үнэтэй, урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргаж чаддагийн жишээ энэ юм. Гэхдээ Ехова бол ямар ч ваарчинтай харьцуулшгүй агуу. Бурхан бүтээлийнхээ 6 дахь өдөр «тоос шорооноос [буюу шавраар] хүнийг бүтээж», Бүтээгчийнхээ зан чанарыг дуурайх чадвар хайрлажээ (Эх. 2:7). Шороогоор хийсэн тэр төгс хүн Адам, «Бурханы хүү» хэмээн нэрлэгдэх эрхтэй болов (Лук 3:38).
2, 3. Гэмшсэн израильчуудыг хэрхэн дуурайх вэ?
2 Харамсалтай нь Адам, Бүтээгчийнхээ эсрэг тэрсэлж хүү нь байх эрхээ алджээ. Гэлээ ч Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүмүүс Адамын удмаас олноороо гарсан (Евр. 12:1). Тэд даруу байж, Бүтээгчдээ дуртайяа захирагджээ. Энэ нь Сатаныг бус, Бүтээгчийг Эцгээ, Ваарчнаа болгохыг хүсдэгийнх нь илрэл байв (Иох. 8:44). Бурханд үнэнч байсныг нь бодохлоор гэмшсэн израильчуудын талаар бичсэн Исаиагийн үг санаанд орно. Исаиа: «ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл» гэжээ (Ис. 64:8).
3 Еховаг сүнс ба үнэнээр шүтдэг бүх хүн даруу, дуулгавартай байдаг. Еховаг Эцгээ гэж дуудахыг нэр төрийн хэрэг гэж үзэн, Ваарчнаа хэмээн дуртайяа захирагддаг. Та өөрийгөө Бурхны мутарт байгаа зөөлөн шавар гэж үздэг үү? Еховагийн хүссэн ваар болоход бэлэн үү? Итгэл нэгтнүүдээ бас Бурхны мутарт хэлбэрээ олох гэж байгаа шавар гэж үздэг үү? Үүнийг ойлгохын тулд Агуу Ваарчин Ехова «шавраа» хэрхэн сонгодог, яагаад, яаж хэлбэрт оруулдгийг авч үзье.
ЕХОВА «ШАВРАА» ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
4. Ехова ямар хүмүүсийг өөр лүүгээ татдаг вэ? Жишээ хэлнэ үү.
4 Ехова хүнийг ажиглахдаа гадаад төрхийг нь анхаардаггүй. Харин зүрхийг нь буюу дотор хүнийг нь шалгадаг (1 Самуел 16:7б-г уншина). Үүний нэг баталгаа нь Христийн дагалдагчдыг хэрхэн бүрдүүлснээс харагддаг. Хүний нүдээр харвал гологдмоор хүмүүсийг Бурхан өөр лүүгээ болон Хүү рүүгээ татсан байдаг (Иох. 6:44). Тийм хүмүүсийн нэг бол «хавчигч, дээрэнгүй хүн» болох Саул гэдэг фарисай юм (1 Тим. 1:13). «Хүмүүний зүрхийг шалгадаг» Ехова Саулыг хэрэггүй шавар гэж үзээгүй (Сур. 17:3). Харин ч хүссэн ваараа хийх боломжтой гэж үзсэн. «Харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө» өөрийг нь гэрчлэх «сонгогдсон сав» болгохыг хүсжээ (Үйлс 9:15). Архичин, хулгайч, ёс журамгүй явдалтай хүмүүсийг ч бас «хүндэтгэлийн ... сав» болно гэж үзээд сонгосон (Ром 9:21; 1 Кор. 6:9–11). Тийм хүмүүс Бурхны Үгийн талаар зөв мэдлэгтэй болж, итгэлээ үйл хэргээрээ харуулжээ. Тэр хэрээр Агуу Ваарчин тэднийг гоё хэлбэртэй ваар болгосон.
5, 6. Еховаг Ваарчнаа гэж үздэг бол а) хэсгийнхээ хүмүүст б) итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах вэ?
5 Ехова зүрхийг нэвт шувт хардаг бөгөөд өөрийнхөө сонгосон хүмүүсийг өөр лүүгээ татдаг гэдэгт бид итгэдэг. Тийм учраас хэсгийнхээ болон хурлынхаа хүмүүсийг шүүмжлэх ёсгүй. Майкл гэдэг хүний жишээг авч үзье. Тэрээр: «Еховагийн Гэрчүүдийг ирэхлээр нь би нохой хуцсан чинээ тоохгүй, нүүрээ буруулчихдаг байсан. Бүдүүлэг байгаа биз! Хожим нь би нэгэн гэр бүлтэй танилцсан юм. Тэднийхэн биеэ маш сайхан авч явдгийг хараад их биширч билээ. Гэтэл Еховагийн Гэрчүүд байсныг нь нэг өдөр мэдээд ямар их балмагдсан гээч! Тэгээд би Гэрчүүдэд яагаад муухай ханддагаа бодож үзэв. Үнэндээ бол тэдний талаар юу ч мэддэггүй, хүнээс дам сонсчихоод л бүдүүлэг загнадаг байсан юм билээ» гэж ярьсан юм. Майкл Гэрчүүдийн талаар мэдэж авахын тулд Библи судлахаар болжээ. Яваандаа баптисм хүртэж, Бурханд бүрэн цагаар үйлчилдэг болсон байна.
6 Еховаг Ваарчнаа гэж хүлээн зөвшөөрвөл итгэл нэгтнүүдээ өөрөөр үздэг болно. Та тэднийгээ Агуу Ваарчны гарт хэлбэрээ олж яваа шавар гэж үздэг үү? Бурхан, дотор хүнийг харахаас гадна ирээдүйд ямар хүн болохыг нь хардаг. Тэгэхлээр Ехова өөдрөг байж, түр зуурын төгс бус байдлыг нь анхаардаггүй байх нь ээ (Дуу. 130:3). Бид бас итгэл нэгтнүүдийнхээ сайн талыг харах хэрэгтэй. Ваарчин Еховатайгаа хамтран ажиллая гэвэл ахиц дэвшил гаргах гэж хичээж буй ах дүүгээ дэмжих ёстой (1 Тес. 5:14, 15). Ялангуяа ахлагчид энэ талаар үлгэр дуурайл үзүүлэх учиртай (Еф. 4:8, 11–13).
ЕХОВА «ШАВРАА» ЯАГААД ХЭЛБЭРТ ОРУУЛДАГ ВЭ?
7. Ехова бидэнд хайртай учраас шийтгэдэг гэхийн учир юу вэ?
7 «Эцэг эх маань намайг яагаад шийтгэдэг байсныг өөрөө хүүхэдтэй болж байж л ойлгосон» гэж хүмүүс ярьдаг. Аав ээж маань бидэнд хайртай болохоороо шийтгэдгийг том болсон хойноо л ухаардаг шүү дээ (Еврей 12:5, 6, 11-ийг уншина). Ехова ч биднийг хүүхэд шигээ хайрладаг учраас шийтгэдэг. Энэ нь шаврыг хэлбэрт оруулж байгаатай адил юм. Ухаалаг байж, жаргалтай амьдарч, хайрыг нь хайраар хариулаасай гэж хүссэндээ тэр ажээ (Сур. 23:15). Ехова биднийг зовж шаналаасай гэж хүсдэггүй. Бас нүгэл үйлдээд гэмшихгүй явсаар байгаад үхээсэй гэж хүсдэггүй (Еф. 2:2, 3).
8, 9. Ехова биднийг хэрхэн сургаж байна вэ? Ирээдүйд хэрхэн сургах вэ?
8 Өмнө нь Бурханд таалагддаггүй зан гаргадаг, тэр байтугай араатан шиг авирладаг байсан хүн бидний дунд бий. Гэхдээ Агуу Ваарчин маань хэлбэрт оруулж өөрчилсний ачаар «хурга» шиг болсон (Ис. 11:6–8; Кол. 3:9, 10). Ехова биднийг тусгай орчинд хэлбэрт оруулдаг. Тэр орчныг бэлгэдлийн диваажин гэж хэлж болно. Эргэн тойронд маань муу муухай явдал газар авсан ч бид бэлгэдлийн диваажинд амьдардаг учраас айх аюулгүй, амар тайван байдаг. Хайр халамж гэдгийг үзэлгүй өссөн хүн энд л жинхэнэ хайрыг мэдэрдэг (Иох. 13:35). Бас бид бие биеэ хайрлаж сурч байна. Хамгийн гол нь тэнгэрийн Эцэг Еховатайгаа танилцаж, хайрыг нь мэдэрдэг болсон (Иак. 4:8).
9 Бэлгэдлийн диваажингийн үр шимийг бид шинэ ертөнцөд бүрэн дүүрэн хүртэнэ. Түүнчлэн Бурхны Хаанчлал дэлхийг диваажин болгох учраас жаргалтай амьдарна. Тэр хугацаанд Агуу Ваарчин маань биднийг хэлбэрт оруулсаар байх бөгөөд төсөөлөхийн аргагүй гайхалтай боловсрол олгоно (Ис. 11:9). Мөн оюун ухаан, бие махбодыг маань төгс болгох учраас заасан сургаалыг нь шууд ойлгож, хүсэл тааллыг нь ядах юмгүй биелүүлнэ. Тиймээс Ваарчин Еховагийнхаа мутрын аясаар хэлбэржсээр байя. Зэмлэж шийтгэхэд нь хайрынх нь илрэл гэж үзэцгээе (Сур. 3:11, 12).
ЕХОВА «ШАВРАА» ХЭРХЭН ХЭЛБЭРТ ОРУУЛДАГ ВЭ?
10. Агуу Ваарчин үйлчлэгчдэдээ хэрхэн ханддагийг Есүсийн жишээнээс харж болно гэхийн учир юу вэ?
10 Чадварлаг ваарчин шавраа мэддэгтэй адил Ехова биднийг мэддэг (Дуулал 103:10–14-ийг уншина). Алдаа дутагдал, хэр чадлыг маань тооцож, хэр зэрэг ахиц дэвшил гаргаж байгааг харгалзан үзээд бидэнтэй харьцдаг. Төгс бус үйлчлэгчдэдээ хэрхэн ханддагийг Хүүгийнх нь жишээнээс харж болно. Есүс элч нараа алдаа гаргахад яадаг байсан бэ? Элч нар заримдаа хэн нь агуу болох талаар маргалддаг байжээ. Та дэргэд нь байсан бол тэднийг бусдын нөлөөнд автамтгай арчаагүй хүмүүс гэж дүгнэх үү? Харин Есүс үнэнч элч нараа тэгж бодоогүй. Тэвчээр алдалгүй сайхан сэтгэлээр зөвлөгөө өгч, даруу байхын жишээ үзүүлдэг байсан бөгөөд тэр жишээг нь дагавал өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байсан (Марк 9:33–37; 10:37, 41–45; Лук 22:24–27). Есүсийг амилсны дараа элч нар Бурхны ариун сүнсийг авчээ. Түүнээс хойш байр суурь, алдар нэрийг чухалчлахаа больж, Багшийнхаа даалгасан ажлыг голлон анхаарах болсон (Үйлс 5:42).
11. Давидыг яагаад зөөлөн шавар гэж хэлж болох вэ? Бид хэрхэн дуурайх вэ?
11 Ехова Үг, ариун сүнс, хурлаар дамжуулан үйлчлэгчдээ хэлбэрт оруулах буюу өөрчилдөг. Библийг уншихдаа зорилго тавьж, эргэцүүлэн бодож, ажил хэрэг болгоход туслаач гэж Еховад залбирдаг бол Библи биднийг өөрчилнө. Давид: «Би орондоо Таныг дурсан санахдаа шөнөжин Таны тухай тунгаан боддог» хэмээн бичжээ (Дуу. 63:6). Бас «Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг» гэжээ (Дуу. 16:7). Давид, Бурхны өгсөн зөвлөгөөг, тэр байтугай, хатуу сануулгыг хүлээн авсан учраас үзэл бодол, сэдэл хандлагаа өөрчилсөн (2 Сам. 12:1–13). Даруу, дуулгавартай байх талаар ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Та бас Бурхны Үгийг эргэцүүлэн бодож, сэтгэл зүрхэндээ шингээдэг үү? Хэрэв тэгдэггүй бол хичээж мэрийгээрэй (Дуу. 1:2, 3).
12, 13. Ехова биднийг ариун сүнс болон хурлаар дамжуулан хэрхэн өөрчилдөг вэ?
12 Ариун сүнс биднийг хэрхэн өөрчилдөг вэ? Жишээлбэл Христийнхтэй адилхан зан чанартай болоход тусалдаг. Тэдгээр зан чанар Бурхны ариун сүнсний үр жимсийг бүрдүүлдэг (Гал. 5:22, 23). Хайр бол тэр жимсний нэг хэсэг юм. Бид Бурхныг хайрлаж, хууль тушаалыг нь ач тустай гэж үздэг учраас дуулгавартай байж, мутрынх нь аясаар гоё хэлбэртэй болохыг хүсдэг. Ариун сүнс биднийг энэ ертөнцийн муу нөлөөнд автахгүй байх хүчтэй болгодог (Еф. 2:2). Элч Паул залуу байхдаа иудейн шашны удирдагчдын нөлөөнд автан бардам болжээ. Гэхдээ ариун сүнс түүнийг өөрчилсөн. Хожим нь тэрээр: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн бичжээ (Флп. 4:13). Бид бас ариун сүнс гуйх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ залбирвал Ехова чих тавин сонсоно (Дуу. 10:17).
13 Ваарчин Ехова үйлчлэгч нэг бүрээ гоёмсог ваар болгохдоо хурал болон ахлагчдыг оролцуулдаг. Жишээ авъя. Ахлагчид хурлынхаа гишүүдийн дутагдлыг олж харвал туслахыг хичээдэг. Гэхдээ тэд өөрсдийнхөө үзэл бодлоор ханддаггүй (Гал. 6:1). Харин даруу байж Бурхнаас мэргэн ухаан, ойлгох чадвар гуйдаг. Залбирсныхаа дагуу Бурхны Үг болон байгууллагын ном хэвлэлээс судалгаа хийж, тухайн хүнд хэрэг болох мэдээлэл олж авдаг. Жишээ нь ахлагчид хүрч ирээд таны хувцасны загвар маягийн талаар хайрын сэтгэлээр зөвлөгөө өгвөл Бурхны хайрын илрэл гэдгийг санаад, хүлээж аваарай. Ингэвэл Еховагийн мутар дахь зөөлөн шавар болно. Тэгээд ач тусыг нь хүртэнэ.
14. Ехова асар их эрх мэдэлтэй ч бидний сонгох эрх чөлөөг хэрхэн хүндэлдэг вэ?
14 Агуу Ваарчин маань биднийг хэрхэн хэлбэрт оруулдгийг ойлговол итгэл нэгтнүүдтэйгээ сайхан харьцаатай байна. Бас хэсгийнхээ хүмүүс, түүний дотор суралцагчдынхаа талаар өөдрөг үзэлтэй болно. Эрт үед ваарчин хүн шавраа хэлбэрт оруулахаасаа өмнө хог шорооноос нь цэвэрлэдэг байжээ. Ваарчин Ехова бас гоёмсог ваар болохыг хүсдэг хүмүүсийг цэвэрлэдэг. Гэхдээ хүчээр цэвэрлэхийн оронд тогтоосон хэм хэмжээгээ мэдүүлдэг. Хүмүүс тэр дагуу өөрсдийгөө сайн дураараа өөрчилдөг.
15, 16. Суралцагч хүн Еховагаар гоё ваар болгуулахыг хүсдэгээ хэрхэн харуулах вэ? Жишээ хэлнэ үү.
15 Австралид амьдардаг Тээси гэдэг Гэрч эмэгтэйн жишээг авч үзье. Түүнд анх Библи зааж байсан Гэрч эмэгтэй ингэж ярьсан юм. «Тээси Библийн сургаалыг сайн ойлгодог байсан ч мэдэгдэхүйц ахиц гаргадаггүй байсан. Цуглаанд ч ирэхгүй! Тийм болохоор би нэлээд залбирсны эцэст хичээлээ болихоор шийдсэн. Тэгтэл юу болсон гээч! Сүүлчийн гэж бодож байсан хичээлийн үеэр Тээси сэтгэлээ уудлан ярив. Мөрийтэй тоглох дуртай болохоор хоёр нүүр гаргаж байгаа юм шиг санагддаг гэлээ. Гэхдээ энэ зуршлаа хаяхаар шийдсэнээ хэлж билээ».
16 Төд удалгүй Тээси цуглаанд явж Гэрч хүнд байх ёстой зан чанаруудыг илэрхийлдэг болжээ. Найз нөхөд нь шоолсон ч бууж өгсөнгүй. Библи заадаг байсан өнөөх эмэгтэй: «Яваандаа Тээси баптисм хүртэж, бага насны хүүхдүүдтэй хэр нь байнгын эхлэгч болсон» гэжээ. Хэрэв суралцагчид Бурханд таалагдахын тулд амьдралаа өөрчилж эхэлбэл Бурхан тэдэнтэй дотносож, гоёмсог хийцтэй ваар болгоно.
17. а) Еховаг Ваарчнаа гэж бодохлоор танд яагаад сайхан санагддаг вэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултад хариулах вэ?
17 Орчин үед ч ваарчид шаврыг гараараа хэлбэрт оруулж хүссэн ваараа урладаг. Үүнтэй адилаар Ваарчин Ехова маань биднийг гоёмсог ваар болгохын тулд тэвчээртэй байдаг бөгөөд зөвлөгөө өгч, хэрхэн дагахыг маань анхааралтай ажигладаг (Дуулал 32:8-ыг уншина). Ехова таныг анхаарч халамжилдгийг та мэдэрдэг үү? Таныг хэлбэрт оруулж байгааг анзаардаг уу? Еховагийн мутар дахь зөөлөн шавар байхын тулд өөр ямар зан чанар илэрхийлэх хэрэгтэй вэ? Хатуу шавар болохгүйн тулд ямар зан чанарыг таягдан хаях хэрэгтэй вэ? Үр хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд Еховатай хэрхэн хамтран ажиллах вэ? Дараагийн өгүүллээр хариуг нь мэдэж авъя.