Skip to content

Гарчиг руу орох

Та Агуу Ваарчныхаа мутар дахь зөөлөн шавар мөн үү?

Та Агуу Ваарчныхаа мутар дахь зөөлөн шавар мөн үү?

«Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил ... та нар Миний мутарт мөн тийм билээ» (ИЕР. 18:6).

ДУУ: 60, 22

1, 2. Бурхан Даниелыг яагаад «ихэд хүндлэгддэг хүн» гэж үзсэн бэ? Бид Даниелыг хэрхэн дуурайх вэ?

ИУДЕЙЧҮҮД олзлогдож Вавилонд очжээ. Вавилон хиймэл шүтээнээр дүүрсэн, хүмүүс нь чөтгөрүүдийг шүтдэг хот байв. Гэхдээ үнэнч иудейчүүд, тухайлбал Даниел болон түүний гурван найз тэндхийн хүмүүсийн нөлөөнд автаагүй (Дан. 1:6, 8, 12; 3:16–18). Тэд Агуу Ваарчин Еховадаа чин үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийджээ. Энэ шийдвэрээсээ няцаагүй! Бузар муу явдлаар дүүрсэн энэ хотод Даниел бараг бүх насаараа амьдарсан ч Бурхны элч түүнийг «ихэд хүндлэгддэг хүн» гэжээ (Дан. 10:11, 19).

2 Эрт үед ваарчин шаврыг хүссэн хэлбэртээ оруулахын тулд хэвэнд хийж дардаг байв. Ехова бол Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн учраас үндэстнүүдийг хэлбэрт оруулах эрхтэй Ваарчин юм (Иеремиа 18:6-г уншина). Бас үнэнч үйлчлэгч бүрээ хэлбэрт оруулах эрхтэй. Гэхдээ өөрчлөгд гэж хэнийг ч албаддаггүй. Харин өөрөө хүсээд захирагдаасай гэж хүсдэг. Еховагийн мутарт үргэлж зөөлөн шавар шиг байхын тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээр үзнэ. Ингэхдээ дараах гурван асуултын хариуг мэдэж авна. 1) Юунаас болоод Еховагийн өгсөн зөвлөгөөг хүлээж авахгүй байж мэдэх вэ? 2) Зөөлөн «шавар» байхад ямар зан чанар хэрэгтэй вэ? 3) Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ Бурханд хэрхэн дуулгавартай байх вэ?

ЗҮРХЭЭ ХАМГААЛААРАЙ

3. Зүрхээ юунаас хамгаалах вэ? Жишээ хэлнэ үү.

3 «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэж Сургаалт үгс 4:23-т бий. Зүрхээ юунаас хамгаалах вэ? Бардам болох, санаатайгаар нүгэл үйлдэх, Бурханд итгэхээ болих зэрэг аюулаас хамгаалах хэрэгтэй. Эдгээр нь хүнийг дуулгаваргүй, тэрслүү болгодог (Дан. 5:1, 20; Евр. 3:13, 18, 19). Иудагийн хаан Уззиагийн жишээг үзье (Шастирын дэд 26:3–5, 16–21-ийг уншина). Уззиа анх «ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж» «Бурханыг эрэлхийлсээр байв». Бурхан ч түүнийг ивээсэн. «Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болжээ». Тэр байтугай сүмд орж утлага уугиулахыг оролддог. Тахилчдаас өөр хэн ч ингэх ёсгүй байв. Тахилчид хориглосон боловч Уззиа бардам зандаа дийлдэн ихэд уурлажээ. Үүнээс болоод Бурханд шийтгүүлж үхэн үхтэлээ уяман өвчтэй явсан (Сур. 16:18).

4, 5. Бардам зантайгаа тэмцэхгүй бол ямар аюултайг жишээгээр хэлнэ үү.

4 Бид ч бас бардам зантайгаа тэмцэхгүй бол «[өөрсдийнхөө] талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр» боддог болно. Библийн зөвлөгөөг хүлээж авахгүй ч болж мэднэ (Ром 12:3; Сур. 29:1). Нэг жишээ авъя. Ахлагчид уулзаж хурлын асуудлыг ярилцжээ. Гэтэл Жим гэдэг ахлагч бусдынхаа саналыг хүлээж авсангүй. «Би тэдэнд “Та нарт хайрлах сэтгэл алга” гэж хэлээд гараад явчихсан» хэмээн Жим ярьсан юм. Зургаан сарын дараа Жим өөр хурал руу шилжжээ. Тэнд түүнийг ахлагчаар томилсонгүй. Үүнд нь ихэд гутарчээ. Өөрийнхөө зөв гэдэгт бат итгэж байсан учраас Еховад үйлчлэхээ болив. Энэ янзаараа арван жил болжээ. Жим: «Би үнэхээр бардам байлаа. Болсон явдалд Еховаг буруутгадаг болов. Тэр хугацаанд ах нар над дээр ирж туслахыг хичээдэг байсан ч би хүлээж аваагүй» гэж үнэнээ хэлжээ.

5 Бардам зандаа дийлдвэл биеэ өмөөрч, хатуу шавар шиг болдгийг Жимд тохиолдсон явдал бэлхнээ харуулж байна (Иер. 17:9). Жим: «Яаж ч бодсон тэр хүмүүсийн буруу юм шиг л санагдаж байсан» гэжээ. Та итгэл нэгтэндээ гомдож байсан уу? Хариуцлагатай үүрэг хүлээх эрхээ алдаж байсан уу? Тийм үед яасан бэ? Бардам зандаа дийлдсэн үү? Эсвэл итгэл нэгтэнтэйгээ эвлэрч, Еховад үнэнч байхыг чухалд үзсэн үү? (Дуулал 119:165; Колоссай 3:13-ыг уншина).

6. Санаатайгаар нүгэл үйлдвэл юу болох вэ?

6 Санаатайгаар нүгэл үйлдэж, түүнийгээ нуун дарагдуулдаг болбол Бурхны зөвлөгөөг хүлээж авахаа болино. Улмаар нүгэл үйлдэх нь зуршил болно. Зохисгүй зүйл хийгээд байвал яваандаа сэтгэл өвдөхөө больчихдог гэж нэг Гэрч эрэгтэй ярьсан юм (Ном. 8:11). Порно үзэх зуршилтай байсан өөр Гэрч: «Би ахлагчдыг шүүмжилдэг болчихсон байсан» гэж хожим нь үнэнээ хэлжээ. Тэр хүн муу зуршлаасаа салж чадаагүй учраас Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгасан байна. Нэг л өдөр нууц нь илчлэгдэж ахлагчид түүнд тусалжээ. Мэдээж бид бүгдээрээ төгс бус. Гэхдээ хэрэг хийчихээд Бурхнаас уучлалт гуйхын оронд өөрийгөө өмөөрдөг, бусдыг шүүмжилдэг болбол хатуу шавар шиг болно.

7, 8. а) Бурханд итгэхээ боливол хатуу шавар шиг болдгийг израильчуудын түүх хэрхэн харуулдаг вэ? б) Бидэнд ямар сургамжтай вэ?

7 Бурханд итгэхээ боливол хатуу шавар шиг болдгийг израильчуудын жишээ харуулдаг. Ехова тэднийг Египетийн боолчлолоос чөлөөлж, янз бүрийн гайхамшиг үйлдсэн билээ. Гэвч тэд Амласан газар луу орохоосоо өмнө Бурханд итгэдэггүйгээ харуулсан. Еховад найдахын оронд айдаст автаж, Мосед дургүйцсэн. Тэр байтугай Египет рүү буцахыг хүсжээ. Тэнд тэд боол байсан шүү дээ! Ехова маш их гомдож «Энэ ард түмэн Намайг хэр удаан голох вэ?» гэжээ (Тоол. 14:1–4, 11; Дуу. 78:40, 41). Бурханд итгэхээ больж, хатуу шавар шиг болсон тэдгээр израильчууд цөлд үхэцгээсэн юм.

8 Шинэ ертөнцийн босгонд тулсан энэ үед бидний итгэл бас соригдох нь дамжиггүй. Тиймээс итгэлээ шалгах хэрэгтэй. Жишээ нь Матай 6:33-т бичсэн Есүсийн үгэнд итгэдэг эсэхээ шалгаж үзье. Та өөрөөсөө «Би юуг эн тэргүүнд тавьдаг, ямар шийдвэр гаргадгаас Есүсийн үгэнд үнэхээр итгэдэг минь харагддаг уу? Орлогоо нэмэхийн тулд цуглаан юм уу дэлгэрүүлэх ажлаа тасалж байна уу? Ажилдаа илүү их цаг, хүч зарцуулахад хүрвэл би яах вэ? Энэ ертөнцийн хэвэнд ороод Еховад үйлчлэхээ болих юм биш биз дээ?» гэж асуугаарай.

9. «Итгэл дотроо байгаа» эсэхээ яагаад байнга шалгах ёстой вэ? Яаж шалгах вэ?

9 Найз нөхдөө сонгох, хурлаас хасах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талаар Библид юу гэж байдгийг анхаардаггүй Гэрчийн тухай бодоод үзье. «Хэрэв би ийм болбол яах вэ?» гэж та өөрөөсөө асуугаарай. Хатуу шавар шиг болж байгаагаа анзаарсан бол итгэлээ нэн даруй шалгах хэрэгтэй! «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» гэсэн зөвлөгөө Библид байдаг шүү дээ (2 Кор. 13:5). Бурхны Үгээр өөрийгөө шалгаж, үзэл бодлоо засдаг байх нь туйлын чухал.

ҮРГЭЛЖ ЗӨӨЛӨН «ШАВАР» БАЙГААРАЙ

10. Еховагийн мутар дахь зөөлөн шавар байхын тулд яах хэрэгтэй вэ?

10 Бурхан биднийг үргэлж зөөлөн шавар шиг байлгахын тулд Библи, хурал, дэлгэрүүлэх ажлыг өгсөн. Ус шаврыг зөөллөдөг шиг бид өдөр бүр Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн боддог бол Еховагийн мутар дахь зөөлөн шавар байна. Израилийн хаад Бурхны хуулийг хуулж бичээд өдөр бүр унших ёстой байв (Д.хууль 17:18, 19). Судрыг уншиж, эргэцүүлэн бодох нь дэлгэрүүлэх ажилд амин чухал байдгийг элч нар мэддэг байсан. Тийм ч учраас номоо бичихдээ Еврей Судраас хэдэн зуун удаа эш татсан байдаг. Бас хүмүүст дэлгэрүүлэхдээ Судрыг уншихыг уриалдаг байжээ (Үйлс 17:11). Бид бас Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох шаардлагатай (1 Тим. 4:15). Энэ нь даруу байхад тустай. Ехова даруу хүнийг өөрийнхөө хүссэнээр, гоё ваар болгоно.

Зөөлөн шавар шиг байхын тулд Бурхны өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай (10–13-р догол мөрийг үзнэ үү)

11, 12. Ваарчин Ехова хурлаар дамжуулан үйлчлэгч нэг бүрээ хэрхэн хэлбэрт оруулдаг вэ? Жишээ хэлнэ үү.

11 Агуу Ваарчин Ехова шавар бүрийнхээ онцлогийг мэддэг бөгөөд хурлаар дамжуулан хэлбэрт оруулдаг. Дээр дурдсан Жимд нэг ахлагч санаа тавьдаг болов. Жим өөрчлөгдөж эхэлжээ. «Тэр ах намайг нэг ч удаа буруутгаж, шүүмжилж байгаагүй. Харин ч өөдрөг байж, чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг байсан» гэж Жим ярьсан юм. Тэр ахлагч гурван сарын дараа Жимийг цуглаанд урьжээ. «Хурлынхан маань халуун дотноор хүлээн авч, хайраа илэрхийлсэн учраас би бодлоо өөрчилсөн. Надад ямар санагдаж байгаа нь тийм ч чухал биш юм байна гэдгийг ухаарсан. Ахлагчид болон үргэлж тууштай байсан эхнэрийнхээ тус дэмээр би Еховадаа дахиад үйлчилдэг болсон. Бас 1992 оны 11 дүгээр сарын 15-ны “Харуулын цамхаг” сэтгүүлд нийтлэгдсэн “Ехова буруугүй”, “Еховад үнэнч үйлчилье” гэсэн өгүүллүүдийг уншаад урам зориг орсон» гэжээ.

12 Яваандаа Жим ахлагчаар томилогджээ. Өөртэй нь адилхан нөхцөлд орсон итгэл нэгтнүүддээ Еховатай дахин дотно болоход нь тусалдаг болсон байна. Тэрээр: «Би өөрийгөө Еховатай их дотно гэж боддог байсан ч үнэндээ тийм биш байсан! Бардам занд дийлдэж, юу нь илүү чухал болохыг мартаж, бусдын өө сэвийг анхаарч байсандаа харамсдаг» гэж ярьсан юм (1 Кор. 10:12).

13. Дэлгэрүүлэх ажилд оролцохлоор ямар сайхан зан чанартай болдог вэ? Энэ нь ямар ач тустай вэ?

13 Биднийг сайжирч өөрчлөгдөхөд дэлгэрүүлэх ажил бас тустай. Сайн мэдээг хүмүүст тунхаглахын хэрээр даруу болж, Бурхны ариун сүнсний үр жимсийг ургуулдаг (Гал. 5:22, 23). Та дэлгэрүүлээд ямар сайхан зан чанартай болсноо бодоод үзээрэй. Бид Христийнх шиг зан чанарыг илэрхийлдэг бол хүмүүс мэдээнд маань татагдаж, бидний талаарх бодлоо өөрчилнө. Австралид болсон нэг явдлыг ярилцъя. Хаалгаа тайлсан эмэгтэй эвгүй үгээр дайрч давшилж байсан ч хоёр Гэрч тэр эмэгтэйг хүндэлж, яриаг нь анхааралтай сонсжээ. Өнөөх эмэгтэй бүдүүлэг загнасандаа харамсан салбар луу захиа бичжээ. Тэрээр: «Даруу, тэвчээртэй тэр хоёр хүнээс уучлалт гуймаар байна. Би өөрийгөө зөв юм хийж байна гэж бодоод их зан гаргажээ. Бурхны Үгийг тунхаглаж явсан тэр хоёр хүнийг тийм байдалтай явуулсандаа ичиж байна» гэжээ. Хэрэв Гэрчүүд хариуд нь бас уурласан бол тэр хүн ийм захиа бичнэ гэж үү? Юу л бол. Тийм ээ, дэлгэрүүлэх ажил бидэнд ч тустай, бусдад ч тустай!

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, БУРХАНД ДУУЛГАВАРТАЙ БАЙГААРАЙ

14. Хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл эцэг эхчүүд яах ёстой вэ?

14 Ихэнх хүүхэд юм сурах дуртай, даруу зантай байдаг (Мат. 18:1–4). Тиймээс ухаалаг эцэг эхчүүд хүүхдийнхээ бяцхан оюун ухаан, зүрх сэтгэлд үнэнийг суулгахын тулд зааж сургадаг (2 Тим. 3:14, 15). Гэхдээ амжилтад хүрье гэвэл эхлээд өөрсдийнхөө зүрх сэтгэлд үнэнийг шингээж, сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог байх учиртай. Эцэг эхийнхээ үлгэр дуурайлыг хараад хүүхэд үнэнийг хайрладаг болно. Түүнээс гадна тэд шийтгүүлэхдээ эцэг эх маань, бас Ехова намайг хайрлаж байна гэж бодно.

15, 16. Хүүхэд нь хурлаас хасагдсан үед эцэг эхчүүд Бурханд найддагаа яаж харуулах ёстой вэ?

15 Зарим хүүхэд бүр багаасаа эцэг эхээрээ үнэнийг заалгасан хэр нь Еховагаас нүүр буруулах юм уу хурлаас хасагдаж гэрийнхнийхээ сэтгэлийг зовоодог. Өмнөд Африкт амьдардаг нэг Гэрч бүсгүй: «Ах маань хурлаас хасагдсан чинь нас барчихсан юм шиг л санагдсан. Ямар их шаналсан гээч!» гэжээ. Тэр үед тэднийхэн яасан бол? Бурхны зааврыг дагажээ (1 Коринт 5:11, 13-ыг уншина). Эцэг эх нь: «Бурхны хэлснээр явбал хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдгийг бид мэдэж байсан болохоор Библийн зарчмыг баримтлахаар шийдсэн. Хурлаас хасах нь Бурхны арга хэмжээ, Бурхан хайрладаг учраас сахилгажуулж байна гэж бодсон. Тийм болохоор ажил хэргийн шаардлага гарахгүй л бол хүүтэйгээ уулздаггүй байсан» гэж ярьсан юм.

16 Тэр үед хүүд нь ямар санагддаг байсан бол? «Манай гэрийнхэн намайг үзэн ядсандаа биш, харин Еховад болон байгууллагад нь дуулгавартай учраас ингэж байгааг би мэдэж байсан» гэж хэлсэн юм. Цааш нь тэрээр: «Аргагүйн эрхэнд Еховагаас тусламж хүсэж, уучлалт гуйхлаар Ехова надад ямар их хэрэгтэйг ойлгодог юм билээ» хэмээн дурсжээ. Энэ залуугийн эрх сэргэхэд гэрийнхэн нь хэчнээн их баярласан бол оо! Бурхандаа цаг үргэлж дуулгавартай байвал хамгийн сайн үр дүнд хүрнэ (Сур. 3:5, 6; 28:26).

17. Бид яагаад Бурхандаа дуулгавартай байх ёстой вэ? Дуулгавартай байвал ямар ивээл хүртэх вэ?

17 Вавилонд олзлогдсон израильчууд гэмшээд «ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл» гэж хэлэх бөгөөд «Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн» хэмээн гуйна гэж зөнч Исаиа зөгнөжээ (Ис. 64:8, 9). Бид цаг ямагт даруу, дуулгавартай байвал Ехова Даниелыг ихэд хүндэлж байсан шигээ биднийг бас үнэлж хүндэлнэ. Хамгийн гол нь Агуу Ваарчин Ехова маань Үг, ариун сүнс, байгууллагаа ашиглан биднийг гоё ваар болгохын тулд хэлбэрт оруулсаар байна. Тэгээд бид нэг л өдөр төгс хүүхдүүд нь болчихоод Бурхны өмнө зогсож байх болно (Ром 8:21).