Skip to content

Гарчиг руу орох

Алмаасаас ч үнэтэй эрдэнэ

Алмаасаас ч үнэтэй эрдэнэ

Алмаасыг эрт дээр үеэс үнэт эрдэнэ хэмээн эрхэмлэсээр иржээ. Зарим алмаасыг хэдэн сая доллараар үнэлдэг. Тэгвэл Бурхны хувьд алмаас гэх мэтийн үнэт чулуунаас илүү үнэтэй зүйл бий юү?

Арменид амьдардаг Хайкануш гэдэг дэлгэрүүлэгч банкны картууд болон их мөнгөтэй паспорт гэрийнхээ дэргэдээс олоод нөхөртөө хэлжээ. Нөхөр нь бас баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч байлаа.

Тэднийх санхүүгийн асуудалтай, өр зээлтэй байсан ч паспортод бичсэн хаягаар нөгөө мөнгийг аваачиж өгөхөөр шийджээ. Гээсэн юмны эзэн болон гэр бүлийнхэн нь ихэд гайхав. Үнэнч байхыг Библиэс сурсан тухайгаа Хайкануш болон түүний нөхөр тайлбарлажээ. Тэгээд энэ завшааныг ашиглан Еховагийн Гэрчүүдийн тухай ярьж ном хэвлэл өгөв.

Нөгөө айлын хүмүүс мөнгөн шагнал өгөхийг хүссэн боловч Хайкануш авсангүй. Маргааш нь тэр айлын эхнэр тэдний гэрт ирж баярлаж талархсаны илэрхийлэл болгон алмаасан бөгж ятгасаар байгаад өгчээ.

Хайкануш болон түүний нөхрийн үнэнчийг олон хүн тэр гэр бүлийн адил гайхах биз ээ. Тэгвэл Ехова гайхах болов уу? Юу гэж үзэх бол? Үнэнч байсных нь хэрэг гарсан болов уу?

ЭД МӨНГӨНӨӨС ҮНЭТЭЙ ЗАН ЧАНАРУУД

Дээрх асуултад хариулах хэцүү биш. Бурхан үйлчлэгчдийнхээ илэрхийлдэг сайхан зан чанарыг очир алмаас, алт мөнгөнөөс ч үнэтэй гэж үздэг. Ехова юуг үнэ цэнтэй, юуг үнэ цэнгүй гэж үздэг нь ихэнх хүнийхээс тэс өөр байдаг (Ис. 55:8, 9). Үйлчлэгчдийнх нь хувьд Еховагийн зан чанарыг илэрхийлэхийг хамаг чадлаараа хичээх нь юунаас ч илүү эрхэм юм.

Библид хэрсүү чанар, мэргэн ухааны талаар юу гэж бичсэн байдгаас үүнийг ойлгож болно. Сургаалт үгс 3:13–15-д «Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашгаас ч илүү, орлого нь шижир алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй» гэжээ. Ехова ийм зан чанарыг эрдэнэсээс илүү үнэ цэнтэй гэж үздэг нь тодорхой байна.

Тэгвэл үнэнч шударга занг юу гэж үздэг бол?

Ехова өөрөө үнэнч шударга билээ. «Мэхэлдэггүй Бурхан» гэж Тит 1:2-т бий. Элч Паул I зууны еврей дагалдагчдад «Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг [буюу «үнэнч шударга байхыг», ШЕ] хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ (Евр. 13:18).

Есүс Христ үнэнч шударга байхын сайхан жишээ үзүүлсэн. Нэг удаа тэргүүн тахилч Каиаф: «Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч» гэж асуудаг. Хэрэв Есүс өөрийгөө илчилбэл Иудейн Дээд шүүх, Бурхныг доромжиллоо хэмээн үзэж цаазаар авах байв. Гэлээ ч Есүс Мессиа гэдгээ айж хулчийлгүй хэлсэн (Мат. 26:63–67).

Бидний тухайд юу хэлж болох вэ? Ганц нэг үг хасаад эсвэл жаахан мушгиад хэлчихвэл ашигтай байж болох нөхцөлд орвол үнэнч хэвээрээ байж чадах уу?

ҮНЭНЧ БАЙХ ХЭЦҮҮ

Үнэндээ «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид» олон болсон эцсийн энэ өдрүүдэд үнэнч байх амаргүй (2 Тим. 3:2). Үнэнч бус болоход эдийн засгийн хямрал, ажилгүйдэл нэрмээс болдог. Хүмүүс хулгай хийх, хуурч мэхлэх зэргээр шударга бус юм хийхлээрээ өөрийгөө зөвтгөдөг. Ийм ойлголт хаа сайгүй тархжээ. Ашиг л олж байвал үнэнч байх ямар хэрэгтэй юм бэ гэдэг. Тэр байтугай зарим Гэрч ийм үзэлд автан буруу шийдвэр гаргаж, «бузар олз ашгийн» төлөө явсаар итгэл нэгтнүүдийнхээ дунд нэр хүндээ алджээ (1 Тим. 3:8; Тит 1:7).

Гэхдээ Бурхны ихэнх үйлчлэгч Есүсийг дуурайдаг. Бурханд таалагдах зан чанартай байх нь ямар ч эд баялаг, олз ашгаас илүү чухал гэж үздэг. Тийм учраас Гэрч охид хөвгүүд худал хуурмаг арга хэрэглэн сайн дүн авахыг хүсдэггүй (Сур. 20:23). Үнэнч байлаа гээд дандаа л Хайкануш шиг шагнуулна гэж байхгүй л дээ. Гэхдээ Бурхнаа баярлуулна, сэтгэл сэвгүй байна. Үүнээс илүү үнэтэй юм гэж хаа байх вэ!

Гагик гэдэг Гэрчийн сайхан жишээг ярилцъя. Тэр: «Би Гэрч болохоосоо өмнө том компанид ажилладаг байлаа. Ерөнхий захирал маань компанийн олсон ашгийг худал мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийдэг байв. Би гүйцэтгэх захирлын хувьд компанийнхаа булхайг илчлүүлэхгүйн тулд татварын байцаагчид мөнгө атгуулах хэрэгтэй болно. Эцэст нь би гэдэг хүн үнэнч шударга биш гэдэг нэр зүүлээ. Харин Бурхны тухай үнэнийг мэдсэнээсээ хойш энэ явдлаа таслан зогсоохоор шийдсэн. Цалин өндөр байсан ч ажлаасаа гарч хувиараа бизнес эрхлэх болов. Эхний өдрөөсөө компаниа бүртгүүлж, татвараа бүгдийг нь төлж эхэлсэн» гэж ярьсан юм.

Гагик цааш нь «Орлого маань хоёр дахин багасаж гэр бүлээ тэжээхэд амаргүй болсон ч би одоо жаргалтай байна. Еховагийн өмнө сэтгэл өвдөх зүйл байхгүй. Хоёр хүүдээ үлгэр дуурайл болж байна. Би хуралдаа хариуцлагатай үүрэг хүлээдэг болсон. Манай компанитай хамтран ажилладаг татварын байцаагчид болон бусад байгууллагынхан намайг үнэнч шударга хүн гэдэг» гэжээ.

ЕХОВА ТУСЛАМЖИЙН ЭХ БУЛАГ

Үнэнч шударга гэх мэт олон сайхан зан чанар илэрхийлэхийг хичээн, сургаалыг нь «хүндэтгэдэг» буюу чимдэг хүмүүст Ехова хайртай (Тит 2:10). Давид хаан үүнийг батлан «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» хэмээн бичжээ (Дуу. 37:25).

Бурхны үнэнч үйлчлэгч Рутийн жишээг үзье. Өндөр настай болсон хадам эх Наомигаасаа салалгүй, жинхэнэ Бурхныг шүтэхээр Израилийн нутаг руу цуг нүүжээ (Рут 1:16, 17). Израильд очоод Мосегийн хуульд заасны дагуу, хаягдсан тариан түрүүг нямбайлан түүж үнэнч шударга, ажилч хичээнгүй болохоо харуулсан. Үнэхээр Давидын бичсэнээр Рут Наоми хоёрыг Ехова хоосон тарчиг байдалтай орхиогүй (Рут 2:2–18). Рутийг эд материалаар хангаад зогсохгүй Давид хааны, тэр ч байтугай амласан Мессиагийн элэнц эх болгожээ (Рут 4:13–17; Мат. 1:5, 16).

Еховагийн зарим үйлчлэгч наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй байж болох юм. Гэлээ ч амар хялбар, худал хуурмаг арга саам хайлгүй, ажилч хичээнгүй байж шударгаар хөдөлмөрлөдөг. Ийнхүү Бурхны гайхалтай сайхан зан чанаруудыг үнэлж эрхэмлэн, тэр дундаа үнэнч байхыг эд мөнгөтэй байхаас илүүд үздэг (Сур. 12:24; Еф. 4:28).

Дэлхийн өнцөг булан бүрд буй Гэрчүүд Ехова тусална гэдэгт Рутийн адилаар итгэж найддаг. «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэсэн амлалтад огтхон ч эргэлздэггүй (Евр. 13:5). Хоосон ядуу ч хэзээд үнэнч байдаг хүмүүст туслах чадалтай, туслах ч болно гэдгээ Ехова дахин дахин баталдаг. Амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлсээр хангана гэж амласандаа хүрдэг (Мат. 6:33).

Хүмүүс очир алмаас гэх мэт эд зүйлийг үнэ цэнтэй гэж үздэг. Харин тэнгэрийн Эцэг маань биднийг үнэнч шударга байж, өөр олон сайхан зан чанар илэрхийлэхэд ямар ч эрдэнэсээс илүү үнэлдэг!

Үнэнч шударга байдаг бол сэтгэл өвдөхгүй, нүүр бардам дэлгэрүүлнэ