Skip to content

Гарчиг руу орох

Нигүүлслийн сайн мэдээг түгээе

Нигүүлслийн сайн мэдээг түгээе

«Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчил» (ҮЙЛС 20:24).

ДУУ: 10, 25

1, 2. Нигүүлслээ үзүүлсэн Бурханд элч Паул хэрхэн талархдаг байсан бэ?

ЭЛЧ Паул: «[Бурхны] надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй» гэж бичжээ (1 Коринт 15:9, 10-ыг уншина). Тэрээр өмнө нь Христийн дагалдагчдыг хавчиж хяхдаг хүн байсан болохоор Бурхны агуу их энэрлийг хүртэх эрхгүй, зохисгүй хүн гэдгээ маш сайн ойлгодог байв.

2 Паул нас барахаасаа өмнө өөрийн хамтран зүтгэгч Тимотод бичсэн захидалдаа «Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан» гэжээ (1 Тим. 1:12–14). Ямар үйлчлэлийн тухай ярьсан юм бол? Ефес дэх хурлын ахлагчдад тэрээр: «Би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн» хэмээн хэлжээ (Үйлс 20:24).

3. Паул ямар тусгай даалгавар авсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Еховагийн нигүүлслийг онцлон харуулдаг ямар «сайн мэдээг» Паул тунхагласан бэ? Тэрээр Ефесийн итгэл нэгтнүүддээ «Та нарын төлөө надад өгөгдсөн Бурхны нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон» хэмээн бичжээ (Еф. 3:1, 2). Паул иудей биш хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх даалгаврыг Есүсээс авсан. Тэд ч бас тэнгэрийн засгийн газрын гишүүн болж Христтэй хамт захирах боломжтой болжээ (Ефес 3:5–8-ыг уншина). Паул «үүрэг, албаа гүйцээхийн тулд» идэвх зүтгэл гарган, Бурхны үзүүлсэн нигүүлсэл «хоосон» байгаагүйг харуулсан нь орчин үеийн Христийн дагалдагчдад сайхан жишээ болдог.

ТА НИГҮҮЛСЭНГҮЙ БУРХАНДАА ТАЛАРХДАГ УУ?

4, 5. «Хаанчлалын сайн мэдээ»-г бас «Бурханы нигүүлслийн сайн мэдээ» гэдгийн учир юу вэ?

4 Төгсгөлийн цаг үед Ехова Бурхны ард түмэн «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» «бүх үндэстэнд гэрчлэл» болгон дэлхий даяар тунхаглах даалгавартай (Мат. 24:14). Бидний дэлгэрүүлдэг мэдээг бас «Бурханы нигүүлслийн сайн мэдээ» гэдэг. Яагаад гэвэл Хаанчлалын үед бидний хүртэх бүх ивээл Еховагийн нигүүлслээр ирэх юм (Еф. 1:3). Та Паулыг дуурайн, нигүүлсэнгүй сэтгэлтэй Ехова Бурхандаа талархаж дэлгэрүүлэх ажилдаа идэвх зүтгэлтэй оролцдог уу? (Ром 1:14–16-г уншина).

5 Бид нүгэлтэй ч гэсэн, Еховагийн нигүүлслийг янз бүрийн аргаар хүртдэгийг өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тийм их нигүүлсэл хүртдэг учраас тодорхой үүрэг хүлээдэг. Ехова хайраа хэрхэн илэрхийлдгийг бусдад мэдүүлж, ач тусыг нь хэрхэн хүртэхийг зааж өгөх үүрэгтэй. Бурханд нигүүлсэнгүй сэтгэлийнх нь төлөө талархдаг болоход бусдад хэрхэн туслах вэ?

ЗОЛИОСНЫ ТУХАЙ САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭХ НЬ

6, 7. Хүмүүст золиосны тухай тайлбарлаж байгаа маань Бурхны нигүүлслийн сайн мэдээг тунхаглаж байгаа хэрэг гэхийн учир юу вэ?

6 Ёс суртахууны асуудалд хүлцэнгүй ханддаг болсон өнөө үед хүмүүс нүгэл үйлдэхийг шившигтэй явдал гэж үздэггүй. Золиос яагаад хэрэгтэйг ч ойлгодоггүй. Үүний зэрэгцээ ёс журамгүй амьдрал жинхэнэ жаргалыг авчирдаггүйг улам олон хүн ойлгодог болж байна. Тэд Еховагийн Гэрчүүдтэй уулзаад л нүгэл гэж юу болох, ямар хор нөлөөтэй, нүглийн боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд яах хэрэгтэйг мэдэж авдаг. Чин сэтгэлтэй хүмүүс Еховаг агуу хайр, нигүүлслээрээ хүн төрөлхтнийг нүгэл болон түүний үр дагавраас чөлөөлөхийн тулд Хүүгээ дэлхий рүү илгээснийг мэдээд тайвширдаг (1 Иох. 4:9, 10).

7 Паул Еховагийн хайртай Хүүгийн тухай бичихдээ «Түүний [буюу Еховагийн] нигүүлслийн баялгийн дагуу Түүний [буюу Есүсийн] дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» гэжээ (Еф. 1:7). Христийн золиос бол Бурхан бидэнд хайртайн хамгийн том баталгаа бөгөөд Бурхны нигүүлсэл хэчнээн арвин баялаг байдгийг харуулдаг. Есүсийг цусаа асгаруулсан гэдэгт итгэдгээ үйл хэргээрээ баталбал нүгэл маань уучлагдаж мөс чанар маань цэвэр болно (Евр. 9:14). Энэ бол үнэхээр хүмүүст хүргэх ёстой сайн мэдээ мөн!

БУРХАНТАЙ АНД НӨХӨР БОЛОХОД НЬ ХҮМҮҮСТ ТУСЛАХ НЬ

8. Нүгэлт хүн төрөлхтөн ямар учраас Бурхантай эвлэрэх шаардлагатай вэ?

8 Есүсийн золиосонд итгэдэггүй хүмүүсийг Бурхан дайснаа гэж үздэг. Тийм учраас бид тэдэнд Бүтээгчтэйгээ анд нөхөр болох боломжтойг мэдүүлэх үүрэгтэй. Элч Иохан: «Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг» хэмээн бичжээ (Иох. 3:36). Христ амиа золиосолсны ачаар бид Бурхантай эвлэрэх боломжтой болсон нь хэчнээн сайхан бэ! Паул: «Та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлсэн» гэжээ (Кол. 1:21, 22).

9, 10. а) Христ тослогдсон ах дүүдээ ямар үүрэг оноосон бэ? б) «Өөр хонинууд» тослогдсон ах дүүдээ хэрхэн тусалдаг вэ?

9 Есүс Христ дэлхий дээрх тослогдсон ах дүүдээ «эвлэрүүллийн үйлчлэлийг» өгсөн гэж Паул бичжээ. Үүнийгээ тайлбарлан «Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна. Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 5:18–20).

10 «Өөр хонинууд» тослогдсон итгэл нэгтнүүддээ туслахыг завшаан гэж үздэг (Иох. 10:16, ШГ). Тэд Христийн төлөөлөгчид учраас хүмүүст Библийн үнэнийг заах, Еховатай анд нөхөд бололцоход нь туслах ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол Бурхны нигүүлслийн тухай сайн мэдээг тунхаглах ажлын нэг салшгүй хэсэг юм.

БУРХАН ЗАЛБИРЛЫГ СОНСДОГ ГЭСЭН САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭХ НЬ

11, 12. Еховад залбирч болно гэсэн мэдээ яагаад сайн мэдээ вэ?

11 Залбирал сэтгэл санааг тайвшруулдаг учраас залбирдаг хүн олон байдаг. Гэхдээ залбирлыг нь Бурхан сонсдог гэдэгт тэд итгэдэггүй. Тиймээс Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдгийг тэдэнд мэдүүлэх хэрэгтэй. Дуулалч Давид: «Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг. Намайг гэм буруу дийлжээ. Та бидний алдаа зөрчлийг уучилдаг» гэж бичжээ (Дуу. 65:2, 3).

12 Есүс шавь нартаа «Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ» гэсэн (Иох. 14:14). «Юуг ч» гэдэг нь Еховагийн хүсэл таалалд нийцэх бүх зүйлийг хэлдэг. Иохан: «Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм» гэж батлан хэлжээ (1 Иох. 5:14). Тэгэхлээр залбирал бол зүгээр нэг сэтгэл засдаг зүйл биш, харин Еховагийн «нигүүлслийн хаан ширээнд» ойртон очих хэрэгсэл гэдгийг хүмүүст заах хэрэгтэй (Евр. 4:16). Зөв аргаар, зөв Нэгэнд, зөв зүйлийг залбирахыг зааж өгвөл тэд Еховатай дотносож, хэцүү үедээ тайтгардаг болно (Дуу. 4:1; 145:18).

БУРХАН ШИНЭ ЕРТӨНЦӨД НИГҮҮЛСЛЭЭ ҮЗҮҮЛНЭ

13, 14. а) Тослогдогсод ирээдүйд ямар гайхалтай завшаан эдлэх вэ? б) Тослогдогсод хүн төрөлхтний төлөө ямар гайхалтай ажил хийх вэ?

13 Ехова өнөөгийн тогтолцоо дууссаны дараа ч нигүүлслээ үзүүлнэ. Бурхан 144 000 хүнд тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт захирах гайхалтай завшаан олгосныг Паул бичсэн байдаг. Тэрээр: «Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм» гэжээ (Еф. 2:4–7).

14 Тослогдогсдыг тэнгэрт очоод Христтэй хамт захирахаар хаан ширээнд залрахад Бурхан тэдний төлөө ямар гайхалтай зүйл хийхийг бүрэн төсөөлөхийн аргагүй (Лук 22:28–30; Флп. 3:20, 21; 1 Иох. 3:2). Ехова тэдэнд «Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг» үзүүлнэ. Тэд Христийн сүйт бүсгүй, «шинэ Иерусалим» болно (Илч. 3:12; 17:14; 21:2, 9, 10). Тэгээд Есүстэй хамт «үндэстнүүдийг эдгээн», дуулгавартай хүмүүсийг нүгэл үхлийн хүнд ачаанаас чөлөөлж, төгс болгоно (Илчлэлт 22:1, 2, 17-г уншина).

15, 16. Ирээдүйд Ехова «өөр хонинуудад» нигүүлслээ хэрхэн үзүүлэх вэ?

15 Ефес 2:7-д бичсэнээр Бурхан «ирэх үеүдэд» буюу өөрийнхөө байгуулах шинэ ертөнцөд нигүүлслээ үзүүлнэ. Тэр үед бүх хүн Бурхны «нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг» үзэх нь дамжиггүй (Лук 18:29, 30). «Булшинд» байгаа хүмүүсийг амилуулах нь Еховагийн үзүүлэх агуу нигүүлсэл гэдэгтэй хэн ч маргахгүй (Иов 14:13–15; Иох. 5:28, 29). Христийг амиа золиослохоос өмнө нас барсан эртний үнэнч үйлчлэгчид болон эцсийн өдрүүдэд үнэнч үйлчилж байгаад нас барсан «өөр хонинууд» амилна. Тэгээд Ехова Бурхандаа үргэлжлүүлэн үйлчилнэ.

16 Бурхныг мэдэж амжилгүй нас барсан олон сая хүн ч бас амилна. Тэд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих боломжтой болно. Иохан: «Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв» гэж бичсэн байдаг (Илч. 20:12, 13). Амилсан тэр хүмүүс Библид байдаг, Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталж сурах ёстой. Түүнээс гадна тэр үед дэлгэгдэх шинэ «номуудын» зааврыг дагах хэрэгтэй болно. Шинэ ертөнцөд амьдрах шаардлагыг тэдгээр номд бичсэн байна. Энэ нь Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийн бас нэг илрэл байх юм.

САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭСЭЭР БАЙЯ

17. Гэрчлэх ажилд оролцохдоо юуг санаж явах хэрэгтэй вэ?

17 Төгсгөл улам ойртож байгаа учраас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна! (Марк 13:10). Энэ мэдээ Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийг онцолдог. Бид дэлгэрүүлж явахдаа Еховаг алдаршуулах зорилготойгоо санах ёстой. Үүний тулд шинэ ертөнцөд хүртэх бүх ивээл зөвхөн Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийн ач гэдгийг хүмүүст хэлэх хэрэгтэй.

Бурхны «нигүүлслийн сайн нярвууд шиг» идэвх зүтгэлтэй үйлчилье (1 Петр 4:10). (17–19-р догол мөрийг үзнэ үү)

18, 19. Нигүүлсэнгүй сэтгэлтэй Еховаг хэрхэн алдаршуулах вэ?

18 Бид хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхдээ Христийн Хаанчлалын удирдлага дор хүн төрөлхтөн золиосны ач тусыг бүрэн хүртэж, аажмаар төгс болно гэж тайлбарладаг. Библид «Бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» гэжээ (Ром 8:21). Ехова агуу их нигүүлслээ үзүүлэх учраас ийм боломж бүрдэх юм.

19 Бид сонсохыг хүссэн бүх хүнд Илчлэлт 21:4, 5-д байдаг сэтгэл хөдөлгөм амлалтыг хэлж өгдөг. Тэнд «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж байдаг. Мөн сэнтийд залрагч Ехова: «Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна» гээд «Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» гэв. Энэ сайхан мэдээг хүмүүст идэвхтэй тараадаг бол нигүүлсэнгүй сэтгэлтэй Еховагаа алдаршуулж байгаа хэрэг юм.