Skip to content

Гарчиг руу орох

Та ахиц дэвшил гаргах хэрэгтэй юм биш биз?

Та ахиц дэвшил гаргах хэрэгтэй юм биш биз?

«Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай» (1 ТИМ. 4:13).

ДУУ: 45, 42

1, 2. а) Исаиа 60:22-т бичсэн зөгнөл эцсийн өдрүүдэд хэрхэн биелж байна вэ? б) Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгт одоо ямар хэрэгцээ шаардлага гарч байна вэ?

«ХАМГИЙН өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно» (Ис. 60:22). Энэ зөгнөл эцсийн өдрүүдэд биелж байна. 2015 оны үйлчлэлийн жилд 8 220 105 хүн дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцжээ. Дээрх зөгнөлийн сүүлийн хэсэг Христийн дагалдагч бүрд хамаатай. Учир нь тэнгэрийн Эцэг маань: «Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» хэмээн айлдсан билээ. Машин хурдаа авдаг шиг шавь бэлдэх ажил улам эрчимжиж байна. Тэгвэл та үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ? Хаанчлалын тухай мэдээ тунхаглахын тулд чадах бүхнээ хийж байна уу? Байнгын юм уу туслах эхлэгчээр үйлчилдэг хүн итгэл нэгтнүүдийн маань дунд олон бий. Дэлгэрүүлэгч хэрэгтэй эсвэл Хаанчлалын ажил буцалж буй газар үйлчлэх уриалгыг олон Гэрч дагаж байна. Үүнийг харахлаар танд баярлах сэтгэл төрдөг биз дээ?

2 Жилд 2 000 орчим хурал бий болдог учир ургац хураах ажилд хүн хүч улам их хэрэгтэй болж байна. Шинээр байгуулагдсан нэг хуралд 5 ахлагч хэрэгтэй гэвэл ахлагч болох шаардлагыг жилд 10 000 туслах үйлчлэгч хангах ёстой болно. Тэгэхлээр туслах үйлчлэгч болох шаардлагатай эрчүүд мянга мянгаараа хэрэгтэй гэсэн үг. Үүнээс гадна эрэгтэй эмэгтэй бүх дэлгэрүүлэгч «Эзэний үйл хэрэгт үргэлж бялхах» учиртай (1 Кор. 15:58).

АХИЦ ДЭВШИЛ ГАРГАНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

3, 4. Ахиц дэвшил гаргах гэдгийг юу гэж ойлгох вэ?

3 1 Тимот 3:1-ийг уншина. «Эрмэлзэх» гэж орчуулсан грек үг нь гар хүрэхээргүй хол байгаа зүйлийг авах гэж гараа сунгах гэсэн утгатай. Ахиц дэвшил гаргая гэвэл их чармайх хэрэгтэйг онцлох гэсэндээ элч Паул энэ үгийг хэрэглэжээ. Нэг жишээ авъя. Гэрч залуу ирээдүйд хуралдаа юу хийхээ бодож байна. Туслах үйлчлэгч болохын тулд Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанараа сайжруулах хэрэгтэйгээ ойлгоно. Яваандаа ахлагч болох шаардлага хангахыг хичээн ажиллана. Аль нь ч байлаа гэсэн, хуралд хариуцлагатай үүрэг хүлээе гэвэл ихээхэн хүчин зүтгэл гаргах хэрэгтэй.

4 Үүнтэй адилаар эхлэгч, бетелчин, Хаанчлалын танхимын барилгачин болохыг хүсэж байгаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд урагш давших хэрэгтэй. Жинхэнэ шүтлэгийн төлөө ахиц дэвшил гаргах хүсэлтэй бүх хүнд тустай ямар зөвлөгөө Библид байдгийг ярилцъя.

ҮРГЭЛЖ АХИЦ ДЭВШИЛ ГАРГАХ НЬ

5. Залуу хүмүүс Хаанчлалын үйл хэргийн төлөө хүч чадлаа хэрхэн ашигладаг вэ?

5 Залуу хүмүүс хүч чадалтай, эрүүл чийрэг болохоороо Еховагийн төлөө илүү ихийг хийж чаддаг (Сургаалт үгс 20:29-ийг уншина). Зарим залуус Бетелд Библи болон ном сэтгүүл хэвлэх, үдэх ажил хийдэг. Хаанчлалын танхим барих, засварлах ажилд оролцдог залуу Гэрчүүд олон бий. Байгалийн гамшиг нүүрлэхэд тусламжийн ажилд сайн дураараа оролцон туршлагатай итгэл нэгтнүүддээ дэм болдог залуучууд байдаг. Залуу эхлэгчид сайн мэдээ тунхаглахын тулд гадаад хэл сурах юм уу өөр газар оронд нүүж очдог.

6-8. а) Нэг залуу юуны ачаар үзэл бодлоо өөрчилсөн бэ? Үр дүн нь юу байсан бэ? б) Ехова «сайн гэдгийг амсаж үзэх»-ийн тулд яах хэрэгтэй вэ?

6 Та Еховад хайртай учраас чадах бүхнээ хийхийг хүсдэг байх. Гэтэл Аарон гэдэг залууд төрсөнтэй адилхан сэтгэгдэл танд төрвөл яах вэ? Аарон, Гэрч айлд өссөн ч цуглаанд явах, дэлгэрүүлэх нь уйтгартай санагддаг байсан гэнэ. Бурханд баяр хөөртэй үйлчлэхийг хүсдэг ч яагаад чаддаггүйгээ ойлгодоггүй байжээ. Тэгээд яасан бол?

7 Аарон Библийг тогтмол унших, цуглаанд бэлдэх, хариулах зэргийг хэвшүүлж эхлэв. Ялангуяа тогтмол залбирдаг болжээ. Еховаг улам их хайрладаг болохын хэрээр ахиц дэвшил нь илэрхий болж байлаа. Тэр үеэс эхлэгчээр баяр хөөртэй үйлчилж, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажилд оролцож, гадаадад дэлгэрүүлдэг болжээ. Одоо ахлагч бөгөөд Бетелд үйлчилж байна. Энэ бүхнийхээ талаар Аарон ямар бодолтой явдаг бол? «“Ехова сайн гэдгийг амсаж үзэж” байна. Намайг ивээсэнд нь талархаж, илүү ихийг хийх юм сан гэж боддог болсон. Энэ хэрээр бүр ч их ивээл хүртдэг» хэмээн ярьж байна.

8 Дуулалч: «ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй» хэмээн дуулжээ (Дуулал 34:8–10-ыг уншина). Ехова идэвх зүтгэлтэй үйлчлэгчийнхээ урмыг хэзээ ч хугалахгүй. Бид Еховагийн төлөө чадах бүхнээ хийж, сайн гэдгийг нь биеэрээ «амсаж үзэж» байгаа билээ. Бурхандаа бүхий л зүрх сэтгэлээ зориулан үйлчилдэг учраас юутай ч харьцуулшгүй их баяр жаргалыг эдэлдэг.

БҮҮ БУУЖ ӨГ

9, 10. Яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

9 Та зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэй байгаарай (Мика 7:7). Хариуцлагатай үүрэг хүлээхийг эсвэл нөхцөл байдал нааштайгаар өөрчлөгдөхийг хэчнээн хүссэн ч Ехова тэр дор нь биелүүлэхгүй байж магадгүй. Гэхдээ Ехова тийм үед ч үнэнч үйлчлэгчээ дэмжсээр байдаг. Жишээ нь хүүтэй болгоно гэсэн Бурхны амлалтыг үзэхийн тулд Абрахамд тэвчээр, итгэл хэрэгтэй байлаа (Евр. 6:12–15). Хүү Исаакаа төрөхийг олон жил хүлээсэн ч бууж өгөөгүй юм. Ехова ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй (Эх. 15:3, 4; 21:5).

10 Хүлээнэ гэдэг амаргүй (Сур. 13:12). Гэхдээ болж бүтэхгүй талаас нь бодоод байвал сэтгэлээр унана. Үүний оронд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүнд хэрэгтэй зан чанарыг өөртөө бий болгохын төлөө цаг заваа зориулах нь чухал. Яаж гэдгийг ярилцъя.

11. Ямар зан чанарыг өөртөө бий болгох хэрэгтэй вэ? Яагаад?

11 Хэрэгтэй зан чанарыг өөртөө бий болго. Библийг уншиж, эргэцүүлэхлээр мэргэн, хэрсүү болж, мэдлэг нэмэгдэж, бодох чадвар сайжирч, зөв шийдвэр гаргаж сурдаг. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүнд эдгээр чанар зайлшгүй хэрэгтэй (Сур. 1:1–4; Тит 1:7–9). Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншихлаар Еховагийн үзэл бодлыг мэдэж авдаг. Ер нь бидэнд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх, ямар хувцас өмсөх, үс зүсээ яаж янзлах, мөнгөө яаж зарцуулах, бусадтай хэрхэн харьцах гээд олон асуудал өдөр бүр тулгардаг. Ийм үед, Библиэс сурснаа ажил хэрэг болговол Еховад таалагдах зөв шийдвэр гаргана.

12. Итгэл даадаг байя гэвэл яах вэ?

12 Итгэл даадаг бай. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй, бид бүгдээрээ ямар ч даалгаврыг хичээнгүйлэн биелүүлдэг байх ёстой. Захирагч Нехемиа хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүдийг томилох болжээ. Ямар хүнийг сонгосон бэ? Бурхнаас эмээдэг, итгэл даадаг, найдвартай хүмүүсийг сонгосон (Нех. 7:2; 13:12, 13). Өнөөдөр ч бас үнэнч, хөдөлмөрч хүнд илүү хариуцлагатай ажил даалгадаг (1 Кор. 4:2). Сайн үйлс хэзээд илэрхий байдаг (1 Тимот 5:25-ыг уншина).

13. Хүмүүс танд шударга бус хандвал Иосефыг хэрхэн дуурайх вэ?

13 Еховад найд. Хүмүүс танд шударга бус хандвал яах вэ? Үүнийг нь шуудхан хэлчихье гэж бодох байх. Гэхдээ өөрийгөө өмөөрөх гэж шаргуу зүтгэвэл асуудлыг хурцатгаж мэднэ. Иосефоос их зүйлийг сурч болно. Ах нар нь өөдгүй зан гаргахад Иосеф өш санаагүй. Хүмүүс хилс хэрэгт гүтгэн шоронд суулгахад ч Еховад найдсаар байсан. Еховагийн амлалтыг марталгүй, үнэнч хэвээрээ байж чадсан (Дуу. 105:19). Иосеф тэр хэцүү үедээ хожим хэрэг болох олон сайхан зан чанарыг өөртөө бий болгожээ (Эх. 41:37–44; 45:4–8). Хүмүүс танд муу юм хийвэл Еховагаас мэргэн ухаан гуйгаарай. Тайван байж, нөгөө хүнтэйгээ эелдэг ярихад Ехова тусална (1 Петр 5:10-ыг уншина).

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛДАА АХИЦ ГАРГАХ НЬ

14, 15. а) Дэлгэрүүлэх аргадаа «анхаарлаа нарийн хандуулах» ёстойн учир юу вэ? б) Та нөхцөл байдалд тохируулан юугаа өөрчилж чадах вэ? (Өгүүллийн эхний зураг болон  «Та өөр арга туршиж үзэхэд бэлэн үү?» гэдэг хавсралтыг үзээрэй).

14 Паул Тимотод «Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул» хэмээн зөвлөжээ (1 Тим. 4:13, 16). Тимот Хаанчлалын тухай мэдээг олон жил тунхагласан туршлагатай нэгэн байлаа. Гэлээ ч «сургаалдаа анхаарлаа нарийн хандуулсан» цагт л дэлгэрүүлэх ажил нь үр өгөөжтэй болох байв. Тимот хүмүүсийн анхаарлыг мэдээндээ хандуулахын тулд заах аргаа цаг үргэлж сайжруулах хэрэгтэй байжээ. Бид бас Тимотыг дуурайх учиртай.

15 Зарим хэсгээр дэлгэрүүлэхэд хүмүүс нь ихэнхдээ гэртээ байдаггүй. Гэтэл хүмүүс нь байлаа ч орох боломжгүй байрууд бас бий. Таны дэлгэрүүлдэг хэсэг ийм бол өөр арга туршаад үзвэл ямар вэ?

16. Нийтэд дэлгэрүүлэх арга ямар үр дүнтэй вэ?

16 Сайн мэдээ түгээх нэг өгөөжтэй арга нь нийтэд дэлгэрүүлэх юм. Энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрсэн, ивээл хүртсэн Гэрч олон байдаг. Тэд галт тэрэгний болон автобусны буудал, зах, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт хөл ихтэй газруудад очдог. Сүүлийн үеийн мэдээний тухай ярих, хүүхдийг нь магтах, ажлынх нь талаар асуух зэргээр яриагаа эхэлдэг. Хэрэв хүн ярилцахдаа дуртай байвал дэлгэрүүлэгч Библид үндэслэн ярьж, ямар санаа бодолтой байгааг нь асуудаг. Ер нь хүмүүс Библийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг.

17, 18. а) Дэлгэрүүлэхдээ өөртөө илүү итгэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ? б) Давидынхтай адилхан сэтгэлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

17 Нийтэд дэлгэрүүлэх нь амаргүй санагдвал бүү бууж өгөөрэй. Нью-Йоркт амьдардаг Ээди гэдэг эхлэгч танихгүй хүмүүстэй гудамжинд ярихаасаа ичдэг байжээ. Гэхдээ яваандаа өөртөө илүү их итгэлтэй болсон байна. Яагаад? Тэрээр: «Хүмүүс эсэргүүцсэн юм уу өөр үзэл бодолтой үед яаж хариулах талаар эхнэр бид хоёр гэр бүлийн хичээлээрээ судалдаг. Бас бусад Гэрчээс зөвлөгөө авдаг» гэж хариулсан юм. Одоо Ээди нийтэд дэлгэрүүлэх дуртай болжээ.

18 Та сайн мэдээ дэлгэрүүлэх дуртай болж, хүмүүстэй ярих чадвараа сайжруулбал ахиц дэвшил тань бүх хүнд илэрхий болно (1 Тимот 4:15-ыг уншина). Бас бусдад Еховагийн үйлчлэгч болоход нь тусална. Давид: «Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана» гэсэн байдаг (Дуу. 34:1, 2).

АХИЦ ДЭВШИЛ ГАРГАЖ БУРХНАА АЛДАРШУУЛАХ НЬ

19. Еховагийн үнэнч үйлчлэгч хүссэнээрээ дэлгэрүүлэх боломжгүй ч яагаад жаргалтай байдаг вэ?

19 Бас Давид: «Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярина» хэмээн дуулжээ (Дуу. 145:10–12). Еховагийн үнэнч үйлчлэгч бүхэн ийм л хүсэлтэй. Гэхдээ өвчтэй зовлонтой эсвэл өндөр настайн улмаас дэлгэрүүлэх ажилд хүссэнээрээ оролцож чадахгүй бол яах вэ? Эмч, сувилагч, эргэж тойрч байгаа хүмүүстээ сайн мэдээ дэлгэрүүлдэг бол та Бурхнаа алдаршуулж байгаа гэдгээ бүү мартаарай. Хэрэв та итгэл үнэмшлээсээ болоод шоронд байгаа бол бусдад Бурхны тухай ярих боломж бүрийг ашиглаарай. Тэгвэл Еховагаа баярлуулна (Сур. 27:11). Гэр бүлийнхэн тань Еховаг шүтдэггүй байлаа ч таныг тууштай байвал Ехова бас баярлана (1 Петр 3:1–4). Маш хэцүү нөхцөлд ч Еховаг алдаршуулж, ахиц дэвшил гаргах боломжтой.

20, 21. Та Еховагийн байгууллагад илүү хариуцлагатай үүрэг хүлээвэл бусдад хэрхэн тус нэмэр болох вэ?

20 Таныг ахиц дэвшил гаргасаар байвал Ехова заавал ивээнэ. Цагийн хуваариа эсвэл амьдралын хэвшлээ бага зэрэг өөрчлөхөд л Бурхны гайхамшигтай амлалтын талаар хүмүүст мэдүүлэх боломж таны өмнө нээгдэнэ. Түүнээс гадна ахиц дэвшил гаргаж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байгаа таныг итгэл нэгтнүүд тань хараад үнэлж баршгүй ач тус хүртэнэ. Даруухан байж хуралтайгаа нягт хамтран ажилладаг бол бусдынхаа хайр хүндэтгэлийг хүлээнэ.

21 Еховад олон жил үйлчилж байгаа хүн ч, хэдхэн сар болж байгаа хүн ч Хаанчлалын үйл хэрэгт ахиц дэвшил гаргасаар байх боломжтойг үзлээ. Харин дараагийн өгүүллээр, төлөвшсөн Гэрчүүд шинэ хүмүүст ахиц дэвшил гаргахад нь хэрхэн туслахыг ярилцъя.