Skip to content

Гарчиг руу орох

Та бусдыг сургах хэрэгтэй юм биш биз?

Та бусдыг сургах хэрэгтэй юм биш биз?

«Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг» (СУР. 4:2).

ДУУ: 45, 44

1, 2. Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь бусдад яагаад туслах шаардлагатай вэ?

ХААНЧЛАЛЫН тухай сайн мэдээ тунхаглах нь Есүсийн гол даалгавар байлаа. Гэхдээ Есүс хүмүүсийг хоньчин, багш болгоход ч цаг заваа зориулжээ (Мат. 10:5–7). Филип бас дэлгэрүүлэх ажлыг голлон анхаардаг байсан ч Библийн үнэнийг хүмүүст үр дүнтэй заадаг болоход нь дөрвөн охиноо сургасан биз ээ (Үйлс 21:8, 9). Өнөөдөр бид бас бусдыг сургах шаардлагатай. Яагаад?

Сайн мэдээг хүлээн авч буй хүний тоо дэлхий даяар нэмэгдэж байна. Хараахан баптисм хүртээгүй тэр хүмүүст Библийг бие даан судлахын чухлыг ойлгуулах шаардлагатай. Түүнчлэн сайн мэдээ дэлгэрүүлж, үнэнийг заадаг болоход нь туслах хэрэгтэй. Баптисм хүртээд удаагүй байгаа эрчүүдийг ч сургаж, туслах үйлчлэгч, ахлагч болох шаардлага хангахыг уриалах нь зүйтэй. Хурлын гишүүн бүр шинэ хүмүүст туслахын тулд их зүйлийг хийж чадна (Сур. 4:2).

БИБЛИЙГ ХЭРХЭН СУДЛАХЫГ ШИНЭ ХҮМҮҮСТ ЗААХ НЬ

3, 4. а) Паулын бичсэнээр дэлгэрүүлэх ажлаа үр дүнтэй хийх нь Судрыг судлахтай ямар холбоотой вэ? б) Суралцагчдаа Библи бие дааж судлахыг зөвлөхөөсөө өмнө бид өөрсдөө юу хийх ёстой вэ?

3 Библийг бие даан судлах нь чухал гэхийн учир юу вэ? Элч Паулын үгнээс энэ асуултын хариуг мэдэж болно. Тэрээр: «Бид ... та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний [Бурхны] хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай, мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өс[өөсэй хэмээн хүсэж байна]» гэж Колоссай дахь итгэл нэгтнүүддээ бичжээ (Кол. 1:9, 10). Колоссай дахь дагалдагчид ийнхүү зөв мэдлэгтэй болбол Еховад «зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдах» байлаа. Улмаар «аливаа сайн үйлсэд», ялангуяа сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд үр дүн гаргах боломжтой болсон. Үр бүтээлтэй үйлчлэхийн тулд Еховагийн үйлчлэгч Библи судлах хэвшилтэй байх ёстой. Суралцагчдаа үүнийг ойлгуулах нь зүйтэй.

4 Бид өөрсдөө Библийг бие даан судлахын ач холбогдлыг ойлгодоггүй бол бусдад ойлгуулж чадахгүй. Тэгэхлээр бид Библи судлах хэвшилтэй байх шаардлагатай. Дараах асуултыг бодож үзээрэй. «Библийн сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл хэцүү асуулт асуудаг хүнтэй таарвал би Библид үндэслээд хариулж чадах уу? Есүс Паул зэрэг хүмүүс дэлгэрүүлэх ажлаа яаж тууштай хийж байсныг уншаад би урамшин зоригжиж, цөхрөлтгүй дэлгэрүүлэх хүсэлтэй болдог уу?». Бид Бурхны Үгийн тухай мэдлэгтэй байх хэрэгтэй. Бас бидэнд Бурхны Үгийн зөвлөгөө хэрэгтэй. Библийг бие даан судлаад юу сурсан, ямар ач тус хүртсэнээ ярьдаг бол бусад хүн ч Библийг илүү гүнзгий судлах хүсэлтэй болно.

5. Суралцагчаа бие даан судлах хэвшилтэй болгохын тулд яаж туслах вэ?

5 «Суралцагчаа яаж Библи судлах хэвшилтэй болгох вэ?» гэж та бодож байгаа байх. Юуны түрүүнд, Библийн хичээлдээ яаж бэлдэхийг заагаарай. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын хавсралтуудыг уншуулж, дурдсан зүйлүүдийг Библиэс харахыг зөвлөж болно. Цуглаан дээр хариулах зорилго тавиулаад бэлдүүлээрэй. Судлах болон тараах «Харуулын цамхаг» сэтгүүлийн дугаар бүрийг уншдаг болгоорой. Хэрэв «Харуулын цамхаг номын сан» юм уу «Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН» байдаг бол Библийн холбогдолтой асуултынхаа хариуг хэрхэн олохыг зааж өгөөрэй. Ингэж тусалдаг бол таны суралцагч тун удахгүй Бурхны Үгийг бие даан судлах дуртай болно.

6. а) Библи уншиж судлах дуртай болгохын тулд суралцагчдаа хэрхэн туслах вэ? б) Суралцагч маань Библид дуртай болохлоороо юу хийх вэ?

6 Библи унш, судал гэж бид хэнийг ч албадах ёсгүй. Харин Еховагийн байгууллагаас гаргадаг янз бүрийн сурах бичгүүдийг ашиглан суралцагчдаа тусалж Библийг хайрладаг болгоцгооё. Тэр хэрээр суралцагч маань дуулалчийнх шиг сэтгэлтэй болох биз ээ. Дуулалч: «Бурханд ойр байх нь надад сайн. . . . Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон» хэмээн дуулжээ (Дуу. 73:28). Еховатай дотно болохыг хүсдэг хүнд ариун сүнс тусална.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛД ШИНЭ ХҮМҮҮСИЙГ СУРГАХ НЬ

7. Есүс сайн мэдээ тунхаглагчдыг хэрхэн сургаж бэлтгэсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Есүс 12 элчдээ ямар заавар өгснийг «Матай» номын 10 дугаар бүлэгт бичсэн байдаг. Ерөнхий санаа хэлэхийн оронд нарийн ширийн зүйлийг нэгбүрчлэн хэлж өгчээ. [1] Яаж үр дүнтэй дэлгэрүүлэх талаар Есүсийн ярихыг элч нар анхааралтай сонссоныхоо дараа дэлгэрүүлэхээр явсан. Тэд Есүсийн арга барилыг ажиглан харж байсан болохоор өөрсдөө ч бас Судрын үнэнийг сайн заадаг болжээ (Мат. 11:1). Бид суралцагчаа сайн мэдээг үр дүнтэй тунхагладаг болгож сургах хэрэгтэй. Хоёр аргыг авч үзье.

8, 9. а) Есүс хүмүүст хэрхэн дэлгэрүүлдэг байсан бэ? б) Есүсийг дуурайн яриа өдөж сурахад нь шинэ дэлгэрүүлэгчдэд хэрхэн туслах вэ?

8 Яриа өд. Есүс голдуу Хаанчлалын тухай ярьдаг байсан. Тухайлбал Сухар гэдэг хотод худгийн дэргэд нэг эмэгтэйтэй сонирхолтой яриа дэлгэсэн байдаг (Иох. 4:5–30). Бас татвар хураагч Матайтай ярилцсан. Чухам юу ярьсныг нь Библид дэлгэрэнгүй бичээгүй. Гэхдээ Матай Есүсийн урилгыг хүлээн авч дагалдагч нь болсныг бичжээ. Хожим нь Матайн гэрт болсон найран дээр Есүс олон хүнтэй ярилцдаг (Мат. 9:9; Лук 5:27–39).

9 Нэгэн удаа Есүс Назар хотынхны талаар таагүй бодолтой Натанаел гэдэг хүнтэй нөхөрсгөөр ярилцсан. Тэгэхэд нь Натанаел үзэл бодлоо өөрчилж Назарын Есүс юу заадгийг мэдэж авахаар шийдсэн байна (Иох. 1:46–51). Есүсийн жишээнээс харвал хүмүүстэй найрсгаар, тайван ярилцаж сурахад нь бид шинэ дэлгэрүүлэгчдэд туслах хэрэгтэй байх нь ээ. [2] Ингэж туслуулсан дэлгэрүүлэгчид маань хүмүүст санаа тавьж, эелдэг үгээр ярьж суран үр дүнг нь үзээд баярлах биз ээ.

10-12. а) Есүс хүмүүст сайн мэдээг сонирхдог болоход нь хэрхэн тусалсан бэ? б) Библийн үнэнийг сайн заадаг болоход нь шинэ дэлгэрүүлэгчдэд хэрхэн туслах вэ?

10 Сонирхол төрүүл. Есүс завгүй хүн байсан. Гэсэн ч сайн мэдээг сонирхсон хүмүүст цаг зав гарган олон зүйлийг заадаг байв. Нэг удаа хүмүүс Есүсийн яриаг сонсохоор эрэг дээр цуглажээ. Есүс Петртэй хамт завин дээр гараад үг сургаалаа айлдсан. Дараа нь загастай газрыг зааж өгсөнд Петр их хэмжээний загас барьжээ. Энэ нь гайхамшиг байлаа. Есүс түүнд «Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» гэж хэлжээ. Петр болон түүний нөхөд тэр даруй «завиа эрэгт хүргээд бүхнийг орхин» Есүсийг дагасан (Лук 5:1–11).

11 Зөвлөлийн гишүүн Никодем Есүсийн сургаалыг сонирхон сонсдог болжээ. Тэрээр илүү ихийг мэдэх хүсэлтэй байсан ч Есүстэй ярьж байгааг нь хүмүүс харчихвал юу гэх бол гэхээс айж байв. Тэгээд хүмүүсийн нүднээс далд, шөнийн цагаар ирэхэд нь Есүс дургүйцэлгүй хүлээн авч уужим сэтгэл гаргажээ (Иох. 3:1, 2). Энэ явдлаас бид юу сурах хэрэгтэй вэ? Бурхны Хүү хүмүүст үнэнийг зааж, итгэлийг нь батжуулахын тулд цаг заваа харамгүй зориулдаг байсан. Тэгвэл бид сонирхсон хүнтэй тохиромжтой цагт нь уулзаж Библийн хичээл хийх нь зүйтэй.

12 Дэлгэрүүлэх ажилдаа шинэ хүмүүсийг авч явдаг бол Библийн үнэнийг заах чадвар нь сайжирна. Тийм ч их сонирхоогүй хүнтэй ч дахин уулзах хэрэгтэйг тэдэнд хэлж өгөх нь зүйтэй. Давтан уулзалт, Библийн хичээлдээ шинэ дэлгэрүүлэгчдийг авч явбал сайн. Туршлага багатай дэлгэрүүлэгчид их зүйлийг сурч, урамшин зоригжоод өөрсдөө давтан уулзалт хийх, Библийн хичээл заах хүсэлтэй болох нь дамжиггүй. Бас амархан бууж өгөлгүй, тэвчээртэй дэлгэрүүлж сурна (Гал. 5:22;  «Бууж өгөөгүй» гэдэг хавсралтыг үзээрэй).

ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ҮЙЛЧЛЭХИЙГ ШИНЭ ХҮМҮҮСТ ЗААХ НЬ

13, 14. а) Бусдын төлөө олон юмаа золиосолсон хүмүүсийн түүхийг Библиэс уншихад танд юу бодогддог вэ? б) Итгэл нэгтнүүддээ хайраа илэрхийлж сурахад нь шинэ дэлгэрүүлэгчид болон охид хөвгүүдэд яаж туслах вэ?

13 Ехова үйлчлэгчдээсээ итгэл нэгтнүүдээ хайрлаж, нэг нэгэндээ үйлчлээсэй гэж хүсдэг (1 Петр 1:22; Лук 22:24–27-г уншина). Бурхны Хүү бусдад үйлчлэхийн тулд бүх зүйлээ, тэр байтугай амиа өгсөн билээ (Мат. 20:28). Доркас «сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ» (Үйлс 9:36, 39). Мариа Ромд байдаг итгэл нэгтнүүдийнхээ төлөө «шаргуу ажилласан» (Ром 16:6). Тэгвэл ах дүүдээ туслах нь хэр чухал байдгийг шинэ хүмүүст хэрхэн ойлгуулах вэ?

Итгэл нэгтнүүддээ хайраа илэрхийлэхийг шинэ хүмүүст заагаарай (13, 14-р догол мөрийг үзээрэй)

14 Төлөвшсөн Гэрчүүд өвчтэй эсвэл настай хүмүүсийг эргэхдээ шинэ дэлгэрүүлэгчдийг хамт авч явдаг. Хэрэв тохиромжтой гэж үзвэл эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад тийм хүмүүс дээр очдог. Ахлагчид залуучуудтай юм уу шинэ хүмүүстэй цуг настангуудыг эргэж тойрон хоол ундтай байна уу, гэрт нь засаж янзлах юм байна уу гэдгийг ажигладаг. Ингэвэл залуучууд бусдад хайраа илэрхийлж сурна. Нэг ахлагч хөдөө тосгоноор дэлгэрүүлж явахдаа тэр хавьд амьдардаг Гэрчүүдийн мэндийг мэдэхээр гэрээр нь ордог байжээ. Тэр ахлагчтай байнга цуг явдаг байсан Гэрч залуу хурлынхаа хүмүүст туслахыг боддог болсон гэнэ (Ром 12:10).

15. Хурлынх нь эрчүүд ямар ахиц дэвшил гаргаж байгааг ахлагчид анхаарч сонирхож байх хэрэгтэйн учир юу вэ?

15 Ехова хурлын гишүүдэд заах үүргийг эрчүүдэд оноосон болохоор эрчүүд ярих чадвараа сайжруулах нь нэн чухал. Та ахлагч бол туслах үйлчлэгчийг илтгэлээ уншиж бэлдэхэд нь сонсоод, зааж зөвлөөрэй. Тэгвэл Бурхны Үгийг заах чадвар нь сайжирна (Нех. 8:8). [3]

16, 17. а) Паул Тимотод ахиц дэвшил гаргахад нь хэрхэн тусалсан бэ? б) Ахлагчид ирээдүйн хоньчдыг үр дүнтэй сургая гэвэл яах хэрэгтэй вэ?

16 Бурхны хоньдыг хариулах хоньчид их хэрэгтэй байгаа учраас ирээдүйд энэ үүргийг хүлээх хүмүүсийг одооноос сургаж бэлтгэх шаардлагатай. Паул Тимотыг сургаж байхдаа бусдыг хэрхэн сургахыг зааж өгсөн. Тэрээр: «Хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. Олон гэрчийн өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга» гэж бичжээ (2 Тим. 2:1, 2). Тимот нас дээр гарсан элч Паултай хамт үйлчлэхдээ олон зүйлийг сурчээ. Тийм учраас дэлгэрүүлэхдээ, хурлын хүмүүст туслахдаа Паулын аргыг хэрэглэдэг болсон байна (2 Тим. 3:10–12).

17 Паул Тимотыг сургах боломжийг алдалгүй ашиглан түүнийг үргэлж дагуулж явдаг байжээ (Үйлс 16:1–5). Ахлагчид хоньчны эргэлт хийхдээ туслах үйлчлэгчдийг тохиромжтой үед авч явдаг бол Паулын жишээг дагаж байгаа хэрэг юм. Ингэснээр туслах үйлчлэгчид бусдад яаж заахыг, хэрхэн тэвчээртэй байхыг, яаж хайраа илэрхийлэхийг сурна. Тийнхүү «Бурханы хонин сүргийг хариулах» хоньчид бэлтгэгдэнэ (1 Петр 5:2).

БУСДЫГ СУРГАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

18. Бусдыг сургахыг онцгой анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

18 Эцсийн өдрүүдэд олон шинэ дэлгэрүүлэгчийг сургаж, дэлгэрүүлэх чадвараа сайжруулахад нь туслах шаардлагатай байна. Түүнчлэн хурлын гишүүдэд хэрхэн санаа тавихыг эрчүүд сурах хэрэгтэй болоод байна. Ехова бүх үйлчлэгчээ сайн сургахыг хүсдэг бөгөөд шинэ хүмүүст туслах үүргийг бидэнд оноодог. Тэгэхлээр бусдыг сургах үйлст Есүс Паул нарын адилаар ихээхэн хүч тавьж ажиллах нь чухал юм. Төгсгөл болохоос өмнө дэлгэрүүлэх ажилд оролцох хүн их хэрэгтэй учраас аль болох олон хүнийг сургаж бэлтгэцгээе.

19. Еховад үйлчлэхийг бусдад заахын төлөө хичээл зүтгэл гаргавал амжилтад хүрнэ гэхийн учир юу вэ?

19 Хүмүүсийг сургахад цаг зав, хичээл зүтгэл хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ Ехова Есүс хоёр биднийг дэмжиж, мэргэн ухаан өгнө. Сургасан хүмүүс маань хурлын төлөө, дэлгэрүүлэх ажлын төлөө «ажилладаг, зүтгэдэг» болбол бид баяр хөөр болно шүү дээ (1 Тим. 4:10). Үүний зэрэгцээ өөрсдөө ч ахиц дэвшил гарган, Еховатай улам дотносоцгооё.

^ [1] (7-р догол мөр) Есүс дараах зүйлийг заасан. Үүнд: 1) Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүл. 2) Хэрэгтэй бүхнийг Бурхан өгнө гэдэгт итгэлтэй бай. 3) Хүмүүстэй маргалдахаас зайлсхий. 4) Эсэргүүцсэн хүнтэй таарвал Бурханд найд. 5) Айж зүрхшээхгүй бай.

^ [2] (9-р догол мөр) 2014 оны 7-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 1-р хуудсанд яриа эхлэхэд тустай зөвлөгөө бий.

^ [3] (15-р догол мөр) «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 9-р сарын 1-ний дугаарын 11–14-р хуудсан дахь өгүүлэлд ярих, илтгэх чадвараа сайжруулахад тустай зөвлөгөө бий.