Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Өгөхийн жаргал эдэлсэн минь

Өгөхийн жаргал эдэлсэн минь

БИ 12-той байхдаа бусдад өгөхийн чухлыг анх удаа ойлгосон юм. Чуулганы үеэр нэг ах надаас хамт дэлгэрүүлэх үү гэж асуув. Огт дэлгэрүүлж үзээгүй мөртлөө «Тэгье» гэчихлээ. Дэлгэрүүлэх хэсэг рүүгээ очсонд нөгөө ах маань Бурхны Хаанчлалын тухай хэдэн товхимол өгөөд «Чи энэ талын гудамжаар яв, би нөгөө талаар нь явъя» гэлээ. Би ч айж сандарсан амьтан, айлаар анх удаа дэлгэрүүлэв. Гайхалтай нь, бүх ном хэвлэлээ тараачихав. Миний өгч байгаа зүйлийг олон хүн сонирхсон гэсэн үг.

Би Английн Кент мужийн Чаадам хотод 1923 онд төрсөн. Ард нийтээрээ цөхөрчихсөн үе байлаа. Дэлхийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн Их дайны зорилго талаар болсон болохоор тэр. Хувийн эрх ашгаа хэтэрхий их боддог Баптист сүмийнхнээс болоод ээж аав хоёр маань ч бас урам нь хугарсан байлаа. Намайг 9 настай байхад ээж Библи Судлаачдын Олон Улсын Нийгэмлэгийн танхимд очдог болов. Хожим нь Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон хүмүүс тэнд цуглаанаа хийдэг байсан юм. Нэг эгч хүүхдүүд бидэнд Библи болон «Бурхны ятга» гэдэг номоор хичээл заадаг байлаа. Би ч хичээлдээ их дуртай.

ТУРШЛАГАТАЙ АХ НАРААС СУРАЛЦСАН НЬ

Арван хэдтэй байхдаа би Библид байдаг сайхан ирээдүйн талаар хүмүүст ярих дуртай байлаа. Айлаар ганцаараа дэлгэрүүлэх нь олон. Бас хүмүүстэй хамт дэлгэрүүлэхэд сурах юм их. Нэг удаа би настай ахтай хамт дугуйгаар хэсэг рүүгээ явж байгаад, хажуугаар өнгөрсөн сүмийн хүнийг «Ямаа явж байна» гээд хэлчихэв. Тэгтэл тэр ах дугуйгаа зогсоож, надтай хамт нэг тайрдас дээр суугаад «Хүмүүсийг хонь ямаагаар ялгах эрхийг хэн чамд өгсөн бэ? Сайн мэдээгээ жаргалтай хүргээд, шүүх эрхийг Еховад үлдээе л дээ» гэв. Тэр он жилүүдэд би өгөхийн жаргал эдлэх талаар их зүйлийг сурсан (Мат. 25:31–33; Үйлс 20:35).

Өгөхийн жаргал эдэлье гэвэл тэвчээр заах хэрэгтэй үе байдгийг өөр нэг ахаас сурсан. Эхнэр нь Еховагийн Гэрчүүдэд дургүй байв. Нэг өдөр тэр ах хэсэг амрахаар намайг гэртээ дагуулж орлоо. Дэлгэрүүллээ гэж эхнэр нь уурлаад хайрцагтай цайнуудыг бидэн рүү шидэлж гарав. Нөгөө ах маань уурласангүй. Харин ч инээд алдан, цайнуудыг байранд нь тавьсан юм. Тэвчээртэй байсных нь ачаар олон жилийн дараа эхнэр нь баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

Хүмүүсийг сайхан ирээдүйтэй болгох гэсэн хүсэл минь улам оргилж, ээж бид хоёр 1940 оны 3 дугаар сард Дөүвэр хотод баптисм хүртэв. Намайг 16-тай байхад буюу 1939 оны 9 дүгээр сард Их Британи Германд дайн зарласан юм. 1940 оны 6 дугаар сард хэдэн мянган цэрэг ачсан машинууд манай байшингийн урдуур өнгөрч билээ. Данкиркийн тулалдаанд шархадсан цэргүүд байв. Нүднийх нь гал бөхжээ. Би тэдэнд Хаанчлалын тухай ярих сан гэхээс байж ядаж байлаа. Оны сүүлээр Британид байнга бөмбөг дэлбэрдэг болов. Германы бөмбөгдөгч дивизүүд манай тэр хавиар нисэж байгааг би шөнө болгон харна. Бөмбөг исгэрэн унахыг сонсохлоор бүр ч айдас хүрнэ. Өглөө нь гараад харахад хэсэг газрын байшингууд балгас болчихсон байдаг байв. Тэгэхэд би ирээдүйн цорын ганц найдвар бол Хаанчлал гэдэгт улам бүр итгэсэн.

ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ

Би 1941 оноос өгөхийн жаргалыг жинхэнэ ёсоор эдэлдэг болсон. Чаадам хотод Эзэн хааны усан онгоцны үйлдвэрт би дагалдангаар ажилладаг байв. Их ашигтай ажил л даа. Еховагийн Гэрчүүд нэг үндэстний төлөө нөгөө үндэстэнтэй тулалдаж болохгүйгээ аль эртнээс мэддэг байсан ч, зэвсгийн үйлдвэрт ажиллах ёсгүйг 1941 он гэхэд л мэддэг болсон юм (Иох. 18:36). Усан онгоцны үйлдвэр маань шумбагч онгоц хийж байсан болохоор би ажлаасаа гарч Бурхандаа бүрэн цагаар үйлчлэхээр шийдэв. Анхны томилолт маань Коцволз гэдэг газарт байдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Саирнсээстр хот юм.

Намайг 18 хүрэхэд цэргийн алба хаахгүй гэснээс минь болоод 9 сар шоронд суулгав. Хаалга тас хийтэл хаагдаж, ганцааранг минь үлдээхэд дотор зарс хийж билээ. Гэвч удалгүй хуягууд, хоригдлууд яагаад энд ирснийг минь асууж, би ч итгэл үнэмшлээ баяртайгаар тайлбарлах болсон.

Шоронгоос гараад Леонард Смиттэй * хамт Кент мужид дэлгэрүүлэх томилолт авав. Кентэд 1944 оноос хойш тэсрэх бөмбөгтэй, нисгэгчгүй 1 000 гаруй онгоц унасан. Нацистуудын гарт орсон европын орнууд болон Английн хооронд байдаг агаарын зам Кентийг дайрдаг юм. Тэр нисдэг бөмбөгнүүдийн хөдөлгүүр унтраа л бол хэдхэн хормын дараа унаад дэлбэрнэ гэдгийг бүгд мэддэг байсан. Үнэхээр аймшигтай! Бид таван ам бүлтэй нэг айлд Библийн хичээл заадаг байв. Заримдаа төмөр ширээн доор суугаад хичээлээ хийнэ. Байшин нурвал өөрсдийгөө хамгаалах гэж тэр ширээг хийжээ. Тэднийхэн бүгдээрээ баптисм хүртсэн.

САЙН МЭДЭЭГ ХИЛИЙН ЧАНАДАД ТҮГЭЭСЭН НЬ

Ирландад эхлэгчээр үйлчилж байхдаа чуулганы сурталчилгаа хийж байгаа нь

Дайны дараа би Ирландын өмнөд хэсэгт хоёр жил эхлэгчээр үйлчлэв. Ирланд Англиас асар их ялгаатайг тэгэхэд мэдсэн. Айлуудаар явж байр асуун, номлогч гэдгээ хэлж гудамжинд сэтгүүл санал болгож байлаа. Католик шашинтай улсад ингэж явах нь «тэнэг хэрэг» аж! Биднийг зодно гэж сүрдүүлсэн хүний тухай цагдаад гомдол мэдүүлтэл «Тэгээд яах гэсэн юм бэ?» гэдэг байгаа. Санваартнууд нь ямар их нөлөөтэй байдгийг тэгэхэд л ойлгосон. Биднээс ном авсан хүмүүсийг ажлаас нь халж, хөлсөлсөн байрнаас маань биднийг хөөж гаргадаг байв.

Бид шинэ дүүрэгт ирээд нэг юм мэдэж авлаа. Гэрээсээ бүр хол явж өөр санваартантай газар очиж дэлгэрүүлээд, хамгийн сүүлд нь ойрхон амьдардаг хүмүүс дээр очих нь илүү дээр юм билээ. Килкенид бид нэг залууд Библи заадаг байв. Тэрээр хүмүүсийн сүрдүүлгээс айлгүй 7 хоногт гурван удаа хичээлээ хийдэг байсан. Би Библийн үнэнийг заах их дуртай байсан болохоор Гилеад сургуульд сурч миссионер болохоор шийдэв.

1948–1953 онд миссионерын байр болж байсан «Сибиа» дарвуулт онгоц

Нью-Йоркт таван сар сураад Карибын тэнгисийн жижиг арлуудад үйлчлэхээр томилогдлоо. Бид 1948 оны 11 дүгээр сард 18 метрийн урттай «Сибиа» гэдэг дарвуулт завиар Нью-Йорк хотоос гарч билээ. Өмнө нь далайгаар нэг ч удаа аялж үзээгүй болохоор сэтгэл их хөдөлсөн. Бидний нэг Гаст Мааки туршлагатай далайчин байсан болохоор дарвуулуудаа яаж өргөж буулгах, луужин яаж ашиглах, завиа салхины өөдөөс хэрхэн залуурдах гээд наад захын зүйлийг заасан. Гаст ах маань аюулт шуурган дундуур 30 өдрийн турш завиа чадварлаг залуурдсаар Багамын арлуудад ирсэн.

«ЭРГҮҮДЭД ТУНХАГЛА»

Багамын жижиг арлуудад хэдэн сар дэлгэрүүлсний дараа Лийворд арал, Салхитын аралд очив. Энэ арлууд Пуэрто Рикогийн ойр байдаг Виржиний арлуудаас 800 километрт орших бөгөөд Тринидад хүртэл сунаж тогтсон. Бид таван жилийн хугацаанд голдуу Гэрч байхгүй алслагдсан арлуудад дэлгэрүүлсэн. Заримдаа хэдэн 7 хоногоор захиа явуулж ч, авч ч чадахгүй. Гэхдээ л Еховагийн үгийг арлуудад тунхаглаж байгаадаа хэчнээн баяртай байсан гээч! (Иер. 31:10).

«Сибиа» онгоцны багийнхан (зүүнээс баруун): Рон Паркин, Дик Раид, Гаст Мааки, Стенли Каартер нарын миссионерууд

Тэнгисийн буланд хүрч зангуугаа буулгахад тосгонд хөл үймээн болж хүмүүс, биднийг үзэх гээд хүрээд ирнэ. Зарим хүн дарвуулт завь эсвэл цагаан арьстныг үзэж байгаагүй ажээ. Арлынхан найрсаг, сүсэг бишрэлтэй, Библийг сайн мэддэг хүмүүс байв. Бидэнд голдуу шинэ загас, авокадо жимс, газрын самар өгнө. Манай завь жижигхэн болохоор унтах, хоол хийх, хувцас угаахад төвөгтэй ч бид түүртдэггүй байлаа.

Бид өдөржин эрэг даган явж хүмүүстэй уулзаад Библид үндэслэсэн илтгэл тавих тухай хэлнэ. Тэгээд бүрэнхий болоход завиныхаа хонхыг дуугаргана. Тэндхийн хүмүүс толгод даваад хүрээд ирнэ. Гартаа барьсан тосон дэнг нь харвал тэнгэрт сүүмэлзэх одод доош буун ирж байна уу гэмээр үзэсгэлэнтэй. Заримдаа зуун хүн ирнэ. Тэгээд үдэш орой болтол асуулт асууна. Дуулах дуртай болохоор нь бид Хаанчлалын зарим дууны үгийг бичээд тараадаг байв. Бид дөрвийг дуулахад тэд дагаж дуулна. Ямар сайхан байж вэ!

Библийн хичээлээ хийсний дараа зарим суралцагч маань бидэнтэй хамт дараагийн айл руу явж хичээлд нь сууна. Бид нэг газраа хэдхэн 7 хонодог ч, эргээд иртэл хичээлээ хийж байгаарай гэж захиад явдаг байлаа. Захиасыг маань ягштал биелүүлсэн нэгнийг харахаар өөрийн эрхгүй хайр хүрмээр!

Тэр арлууд одоо амралтын газар болж жуулчдын хөлд дарагджээ. Дээр үед номин цэнхэр далай, элсэн эрэг, дал модод бүхий аглаг газрууд байлаа шүү дээ. Бид нэг арлаас нөгөө рүү шөнө явдаг байлаа. Дельфинүүд манай завийг даган сэлж, завины хошуу усыг зүсэн шунгинахаас өөр юу ч үл сонстоно. Сар дөлгөөн тэнгисийн уснаа тэнгэрийн хаяа хүртэл мөнгөн зам татуулна.

Бид арлуудад таван жил дэлгэрүүлсний эцэст дарвуулт завиа хөдөлгүүрт завиар солихоор Пуэрто Рико руу явлаа. Тэнд би Максин Боид гэдэг хөөрхөн миссионер бүсгүйтэй танилцаад сэтгэлтэй болчихов. Бүр хүүхэд байхаасаа идэвхтэй дэлгэрүүлдэг байсан тэр бүсгүй Доминиканд миссионероор үйлчилж байгаад 1950 онд католик засгийн газарт хөөгдөн гарсан гэсэн. Би Пуэрто Рикод ганцхан сар байх зөвшөөрлийг багийнхаа гишүүдээс авав. Дараа нь завиндаа суугаад арлуудаар хэдэн жил явна гэж бодож байлаа. Би өөртөө «Роналд, чи үнэхээр хүсэж байвал энэ охинтой хурдан гэрлэ» гэж хэлэв. Би гурван 7 хоногийн дараа гэрлэх санал тавьж, зургаан 7 хоногийн дараа хуримаа хийсэн. Максин бид хоёрыг Пуэрто Рикод миссионероор томилсон болохоор шинэ завиараа явах боломж надад дахин гараагүй.

1956 онд дүүргийн харгалзагчаар томилогдож хурлуудыг эргэдэг болов. Ах дүү нар амьдралын боломж муутай ч бид тэдэн дээр очих дуртай байсан. Жишээ нь, Потала Пастило тосгонд хоёр Гэрч айл байв. Олон хүүхэдтэй. Би тэдэнд лимбэ тоглож өгнө. Нэг удаа Ийлда гэдэг жаахан охиноос хамт явж дэлгэрүүлмээр байна уу гэж асуув. «Явмаар л байна, даанч надад гутал байхгүй» гэлээ. Биднийг гутал авч өгөхөд Ийлда бидэнтэй хамт дэлгэрүүлсэн. Олон жилийн дараа, 1972 онд Максин бид хоёрыг Брүүклин Бетелд явж байтал нэг бүсгүй хүрээд ирэв. Гилеад сургуулиа төгсөж Эквадорт үйлчлэх томилолт аваад яг явах гэж байжээ. «Та нар намайг таньж байна уу? Би Пастилогийн нөгөө, гуталгүй охин байна» гэлээ. Ийлда маань байлаа! Бид баярласандаа уйлж билээ.

Эхнэр бид хоёр 1960 онд Пуэрто Рико дахь салбарт үйлчлэх урилга авав. Сан Хуаны Сантүүрсэ дэх хоёр давхар жижигхэн байшинд салбар байрладаг байлаа. Эхэн үед Леннарт Жонсон бид хоёр ихэнх ажлыг амжуулдаг байв. Леннарт болон түүний эхнэр Доминикан улсын анхны Гэрчүүд бөгөөд Пуэрто Рикод 1957 онд иржээ. Максин маань сэтгүүлийн захиалга авах ажил хийдэг болов. Долоо хоногт мянга гаруй захиалга ирнэ. Эхнэр маань тэр хүмүүст сүнслэг хоол өгөх ажил хийж байна гэж бодоод их дуртай ажилладаг байсан.

Бетелд үйлчилдэг хүн бусдад өгдөг учраас би энэ амьдралд дуртай. Гэхдээ бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Жишээ нь, 1967 онд Пуэрто Рикод болсон анхны олон улсын чуулганы үед би даалгавар ихтэй байлаа. Еховагийн Гэрчүүдийг удирдаж байсан Нейтан Ноор Пуэрто Рикод ирэв. Миссионеруудыг унаа тэргээр хангах ажлыг зохион байгуулаагүй гээд намайг буруугаар ойлгочихож. Уг нь би энэ ажлыг хийсэн юм л даа. Дараа нь Ноор ах надад зохион байгуулалтын талаар зөвлөгөө өгч, надаас болж урам нь хугарсан тухайгаа хэлэв. Би маргалдахыг хүсээгүй ч намайг буруугаар ойлгосонд нь нэг хэсэгтээ л уур хүрч билээ. Гэлээ ч Ноор ах, Максин бид хоёртой сүүлд уулзаад өрөөндөө урьж, хоол хийж өгсөн.

Эхнэр бид хоёр Англид байдаг манай гэрийнхэн рүү нэлээд хэдэн удаа очсон. Ээж бид хоёр үнэнийг хүлээж авах үед аав маань хүлээж аваагүй юм. Бетелээс ирсэн илтгэгчдийг ээж гэртээ хонуулдаг байж л дээ. Хэчнээн даруу хүмүүс болохыг нь аав маань анзаарчээ. Олон жилийн өмнө аавын дургүйг хүргэсэн шашны удирдагчдаас тэс өөр. Ингээд 1962 онд аав баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон юм.

Максин бид хоёр гэрлээд удаагүй байхдаа, Пуэрто Рико; хуримынхаа 50 жилийн ойгоор, 2003 онд

Хайртай эхнэр маань 2011 онд нас барсан. Амилахлаар нь уулзана даа гээд тэсэн ядан хүлээдэг юм. Тэгж бодохлоор сайхан шүү! Бид хоёр 58 жил хамт амьдрахдаа Пуэрто Рикод Еховагийн үйлчлэгчид 650-аас 26 000 болтлоо өсөхийг харсан! Пуэрто Рико салбар 2013 онд Америк салбартай нэгдэхэд намайг Нью-Йоркийн Уолкиллд үйлчлэх үү гэлээ. Аралд 60 жил амьдарсан би пуэрто рико хүн шиг, кокий шиг болчихжээ. Тэр нь бүрэнхий болоход кокий кокий гэж дуугардаг модны жижигхэн мэлхий л дээ. Ингээд нүүх цаг ирдэг байжээ.

«БУРХАН БАЯРТАЙГААР ӨГӨГЧИЙГ ХАЙРЛАДАГ»

Би одоо ч Бетелд үйлчлэх дуртай. Нас 90 гарчээ. Миний ажил Бетелийн гэр бүлийн гишүүдийг ахлагчийн хувиар эргэж тойрч, урамшуулан зоригжуулах юм. Уолкиллд ирснээсээ хойш 600 гаруй эргэлт хийсэн гэсэн. Зарим хүн надтай хувийнхаа юм уу гэр бүлийнхээ асуудлыг ярилцахыг хүсдэг. Зарим нь Бетелд амжилт бүтээлтэй үйлчлэх талаар зөвлөгөө хүснэ. Саяхан гэрлэсэн нэг нь гэрлэлтийн талаар асууна. Зарим хүн дэлгэрүүлэхээр Бетелээс гарч байна. Надтай ярьж байгаа хүнийг би сонсоод тохиромжтой үед нь «“Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” болохоор ажлаа баяр хөөртэй хийгээрэй. Еховагийн төлөө ажиллаж байгаа шүү дээ» гэж хэлдэг юм (2 Кор. 9:7).

Бетелд баяр хөөртэй үйлчлэхийн нууц гэж байхгүй. Өөр хаана ч үйлчилдэгтэй яг адил. Хийж байгаа зүйлээ яагаад чухал гэдгийг дандаа санаж явах хэрэгтэй. Бетелд хийдэг бүхэн ариун үйлчлэл. Дэлхий даяар буй ах дүүдээ сүнслэг хоол өгөхөд нь «итгэмжит ухаалаг боолд» тусалж байгаа хэрэг (Мат. 24:45). Хаана ч үйлчилсэн, Еховагаа магтан алдаршуулах боломж бид бүгдэд бий. Ехова юу л хий гэнэ, түүнийг нь дуртайяа хийцгээе. «Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг».