Skip to content

Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?

Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?

Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?

СЭТГЭЛ санааны эмгэг их түгээмэл болжээ. Жишээ нь дэлхий даяар 330 сая гаруй хүн хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай гэж эрдэмтэд үздэг. Тэд уйтгар гунигт автаж, өдөр тутмынхаа жирийн зүйлд дур сонирхолгүй болдог байна. Энэ 20 жилийн дотор сэтгэл гутрал ганцхан зүрх судасны өвчний дараа орно гэсэн тооцоо бий. Сэтгэл гутралыг сэтгэцийн өвчний дотроос жирийн ханиад шиг элбэг болсон гэж үздэг нь гайхах зүйл биш юм.

Сүүлийн жилүүдэд хүмүүс хоёр туйлт эмгэгийн тухай их ярьдаг болжээ. Ийм эмгэгтэй хүний сэтгэл нэг бол хэт их гутарна, нэг бол хэт их хөөрнө. Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн саяхан гаргасан нэг номд «Сэтгэл гутарсан үед амиа хорлох бодолд автаж магадгүй. Харин сэтгэл хэт их хөөрсөн үед юмыг зөвөөр шүүн тунгааж чадахаа болих юм уу хийж байгаа үйлдлийнхээ үр дагаврыг бодох сэхээгүй болж магадгүй» гэж тайлбарлажээ.

АНУ-ын хүн амын 2 хувь нь хоёр туйлт эмгэгтэй гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл зөвхөн Америкт л гэхэд энэ эмгэгтэй хүн сая саяараа байна гэсэн үг. Гэхдээ сэтгэл санааны эмгэгтэй хүний зовлонг тоо баримтаар илэрхийлэх аргагүй.

Сэтгэл гутрал буюу хэт их гунигт автах

Уйтгар гунигт автах гэдэг нь юу болохыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Хэдэн цэг эсвэл хэдэн өдөр гунигт автсан ч тийм байдал аажимдаа намждаг. Гэхдээ хүнд хэлбэрийн сэтгэл гутралд автсан хүн тийм биш. Доктор Мич Голант: «Жирийн хүн сэтгэл санаагаа аажимдаа тайван болно гэж мэддэг. Гэвч сэтгэл гутралд орсон хүний сэтгэл санаа ямар ч жолоогүй дээш доош савладаг. Хэзээ, яаж тайвшрахаа, үнэхээр тайвшрах уу үгүй юү гэдгээ ч мэддэггүй» гэж тайлбарлажээ.

Сэтгэл гутрал олон төрөлтэй. Зарим хүн жилийн тодорхой улиралд, ялангуяа өвөл илэрдэг улирлын чанартай эмгэгтэй. Нэгэн анагаах ухааны нийгэмлэгийн гаргасан номд «Улирлын чанартай эмгэгтэй хүн хойд зүгт амьдардаг байх тусам, цаг агаар үүлэрхэг байх тусам сэтгэл гутрал нь хүндэрнэ. Энэ эмгэг голлон өвлийн харанхуй өдрүүдтэй холбоотой ч гэсэн заримдаа харанхуй өрөөнд ажиллаж амьдардгаас, бүрхэг өдрүүд, харааны бэрхшээлээс болдог байна» гэж бичжээ.

Хүн юунаас болж сэтгэл гутралд ордог вэ? Шалтгаан нь тодорхойгүй. Удамшдаг тохиолдол байдаг ч ихэвчлэн амьдралд тохиолдсон явдлаас үүддэг бололтой. Энэ өвчнөөр оношлогдсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их байжээ. a Гэхдээ энэ нь эрэгтэй хүн сэтгэл гутралд өртдөггүй гэсэн үг биш ээ. Харин ч эрэгтэй хүний 5–12 хувь нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл гутралд орсон байдаг гэсэн тооцоо бий.

Сэтгэл гутрал амьдралын бүх хүрээнд нөлөөлдөг. Энэ өвчнөөр өвдсөн Шийла: «Сэтгэл санаа газар доор ортлоо навс унадаг. Өөртөө итгэхээ, өөрийгөө үнэ хүндтэй гэж үзэхээ болино. Юмыг эрүүлээр бодож, шийдвэр гаргах чадваргүй болдог. Бүр хүндрэхээрээ тэсэж тэвчихийн аргагүй гутралд ордог» гэж хэлсэн юм.

Зовлон ойлгодог хүнд дотроо онгойтол яривал байдал дээрдэж болох юм (Иов 10:1). Тэглээ ч биохимийн тэнцвэр алдагдсан бол сэтгэл санаагаа өөдрөг байлгалаа гээд сэтгэл гутрал арилахгүй. Ийм үед өвчтөн сэтгэл санаагаа хянаж чаддаггүй. Яагаад ингээд байгааг гэр бүл, найз нөхөд нь мэддэггүй, өөрөө ч мэддэггүй.

Пола b гэдэг Гэрч уйтгар гунигт асар их автаж байгаад сэтгэл гутралтай гэж оношлогджээ. Тэрбээр: «Заримдаа би цуглаан тарангуут машин руугаа гүйж очоод ямар ч шалтгаангүй уйлдаг байсан. Ганцаардаж, уйтгар гунигт автдаг. Надад санаа тавьдаг олон найз байдаг ч гэсэн би тэрийг мэдрэхгүй байсан» гэжээ.

Үүнтэй төстэй юм Эленд бас тохиолджээ. Тэрбээр сэтгэл гутралд орж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Тэрбээр: «Би нөхөр, хоёр хүүтэй, хоёр сайхан бэртэй. Бүгдээрээ намайг хайрладаг» гэж ярьжээ. Элен уг нь сайхан амьдралтай, хайр халамжаар дутдаггүй хүн. Гэвч сэтгэл гутралд орсон болохоор хар бараан бодолд байнга автдаг.

Сэтгэл гутрал өвчтөний гэр бүлийн бусад гишүүнд ч нөлөөлдөг гэдгийг тоохгүй өнгөрч болохгүй. Доктор Голант: «Гэр бүлийн хэн нэгэн сэтгэл гутралд орсон бол хэзээ эдгэрэхийг нь мэдэхгүй, өөр ямар хэлбэрийн сэтгэл гутралд орохыг нь мэдэхгүй болохоор дэргэд нь байгаа хүний сэтгэл санаа байнга тогтворгүй, тайван бус байж болох юм. Амьдрал орвонгоороо эргээд хэзээ ч хэвийн байдалд орохгүй юм шиг санагдаад сэтгэл хоосон оргиж, уйтгар гуниг, уур уцаартай болж магадгүй» гэж хэлжээ.

Ер нь хүүхэд аав ээжийнхээ сэтгэл гутралд орсныг анзаардаг. Доктор Голант: «Хүүхэд сэтгэл гутралд орсон ээжийнхээ сэтгэл санааны байдал, жаахан ч гэсэн өөрчлөлтийг маш сайн анзаарч мэдэрдэг» гэж бичжээ. Аав ээж нь сэтгэл гутралд орсон хүүхдийн талаар доктор Карол Уаткинс: «Зан авир нь өөрчлөгдөх, сурлага муудах, үе тэнгийнхэнтэйгээ харьцахад амаргүй болох магадлал өндөр байдаг. Өөрөө ч сэтгэл гутралд орох магадлал өндөр» гэж тэмдэглэжээ.

Хоёр туйлт эмгэг буюу сэтгэл санаа тогтворгүй байх

Сэтгэл гутрал үнэхээр хэцүү өвчин. Сэтгэл гутрахаас гадна сэтгэл хөөрдөг бол үүнийг хоёр туйлт эмгэг гэдэг. c Ийм эмгэгтэй Лусиа: «Хоёр туйлт эмгэгтэй хүн үргэлж тогтворгүй байдаг» гэж хэлжээ. Нэгэн хэвлэлд хоёр туйлт эмгэгтэй хүн сэтгэл хөөрсөн үедээ «түрэмгий болж, бусдын хэрэгт оролцох нь бий. Бас сэтгэл ямар ч хяналтгүй, хэт их хөөрч байгаад гэнэт уурлан хилэгнэдэг» гэж тэмдэглэжээ («The Harvard Mental Health Letter»).

Ленор сэтгэл их хөөрдөг байснаа дурсаж ийн ярив. «Би эрч хүчээр дүүрэн байсан. Хүмүүс намайг супер эмэгтэй гэдэг байлаа. “Чам шиг ийм байх юмсан” гэж ярина. Хийхгүй юм гэж байхгүй, бөөн эрч хүчтэй юм шиг санагддаг байсан. Эрчимтэй дасгал хийдэг байлаа. Маш бага, 2, 3 цаг унтдаг ч өглөө нь эрч хүчтэй сэрж, өдөр тутмынхаа юмыг төвөггүй амжуулдаг байсан».

Харин хэсэг хугацааны дараа Ленор уйтгар гунигт автдаг байна. Тэрбээр ингэж ярьжээ. «Сэтгэл ихэд хөөрч явснаа гэнэт аймаар түгшдэг. Яг л мотор асаад унтрахгүй байгаа юм шиг. Сайхан ааштай байсан хүн гэв гэнэт ууртай, түрэмгий болдог. Би ямар ч шалтгаангүйгээр гэрийнхэн рүүгээ үгээр дайрч давшилна. Ямар ч хяналтгүй уурладаг, үзэн яддаг. Ийм аймаар юм болсны дараа гэнэт ядарч сульдаад уйлж, сэтгэл гутардаг. Өөрийгөө хэнд ч хэрэггүй, өөдгүй муу хүн гэж бодно. Харин өөр үед юу ч болоогүй юм шиг гайхалтай сайхан ааштай болдог».

Хоёр туйлт эмгэгтэй хүний туйлбаргүй зан авираас болоод гэр бүлийнхэн нь яахаа мэдэхээ больчихдог. Мэригийн нөхөр хоёр туйлт эмгэгтэй. Мэри: «Нөхөр маань баяр баясгалантай, яриа хөөрөөтэй байснаа гэв гэнэт гутраад зожгироод явчихдаг. Ийм үед яах учраа олдоггүй. Өөрийгөө хянах ямар ч чадваргүй ийм зан гаргадгийг нь ойлгоход үнэхээр хэцүү байдаг» гэж ярьжээ.

Хоёр туйлт эмгэгтэй хүн өөрөө ч их зовдог. Ийм эмгэгтэй Глориа: «Би сэтгэл санаа тайван, тогтвортой хүнд атаархдаг. Хоёр туйлт эмгэгтэй хүний сэтгэл санаа түр зуур л тогтвортой байдаг. Дандаа тогтвортой байна гэж байхгүй» гэжээ.

Хоёр туйлт эмгэгийн шалтгаан юу вэ? Хоёр туйлт эмгэг нь сэтгэл гутралыг бодвол удамших магадлал өндөр байдаг. Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн мэдээлснээр «Хоёр туйлт эмгэгтэй хүний гэр бүл, жишээ нь эцэг эх, ах дүү, хүүхэд эрүүл хүний гэр бүлийг бодвол ийм эмгэгтэй болох магадлал 8–18 дахин их байдгийг хэд хэдэн судалгаа харуулдаг. Бас хоёр туйлт эмгэгтэй хүний гэр бүл хүнд хэлбэрийн сэтгэл гутралд өртөмтгий байдаг».

Сэтгэл гутралыг бодвол хоёр туйлт эмгэгтэй эрэгтэй хүн, эмэгтэй хүний тоо тэнцүү байдаг. Ийм эмгэгтэй гэж ихэвчлэн насанд хүрсний дараа оношлогддог ч өсвөр насныхан, бүр хүүхдүүд ч ийм эмгэгтэй болдог. Гэхдээ нарийн мэргэжлийн эмч нарын хувьд ч энэ эмгэгийн шинж тэмдгийг шинжлэн судалж, зөв дүгнэлтэд хүрэхэд амаргүй байдаг. Жонс Хопкинсийн Анагаах Ухааны Их Сургуулийн доктор Франсис Марк Мондимор ийн бичжээ. «Сэтгэцийн өвчний дотроос хоёр туйлт эмгэг бол хамелеон шиг өвчин. Өвчтөн бүрийн, тэр бүү хэл нэг өвчтөний үе шат болгоны шинж тэмдэг өөр өөр байдаг. Энэ эмгэг өвчтөн рүү уйтгар гуниг гэсэн “бараан хувцас өмсөн” гэтэж ирдэг. Гэхдээ хэдэн жил алга болоод хэт хөөрөл гэсэн “гял цал хувцастай” эргэж ирдэг».

Сэтгэл санааны эмгэгийг оношилж тогтооход хэцүү, энэ өвчнийг тэвчээд амьдрах бүр хэцүү. Гэхдээ өвчтөнд найдвар бий.

[Зүүлт]

a Зарим шалтгаан нь төрсний дараах сэтгэл гутрал юм уу цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Бас эмэгтэй хүн эрэгтэйчүүдийг бодвол илүү их эмнэлэгт хандаж, оношлуулдагтай холбоотой бололтой.

b Энэ цувралд гарсан зарим нэрийг өөрчлөв.

c Эмч нарын ажигласнаар сэтгэлийн гутарсан эсвэл хөөрсөн байдал олон сар үргэлжилдэг. Гэхдээ зарим хүний сэтгэлийн байдал илүү хурдан өөрчлөгддөг. Жилд хэд хэдэн удаа хэлбэлзэж өөрчлөгддөг байна. Ховор тохиолдолд 24 цагийн дотор нэг байдлаас нөгөө байдал руу өөрчлөгддөг ажээ.

[Товчлол]

«Хоёр туйлт эмгэгтэй хүний сэтгэл санаа түр зуур л тогтвортой байдаг. Дандаа тогтвортой байна гэж байхгүй»ГЛОРИА.

[Хавсралт/зураг]

Хүнд хэлбэрийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд d

● Доод тал нь 2 долоо хоног өдөр бүр өдөржингөө гутранги бодолтой байна

● Дуртай байсан юмаа сонирхохоо болино

● Жин мэдэгдэхүйц нэмэгдэнэ эсвэл буурна

● Хэт их унтана эсвэл нойргүйднэ

● Юм хийхдээ ер бусын хурдан эсвэл удаан болно

● Шалтгаангүй хэт их ядарна

● Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодно, өөрийгөө буруутгана

● Анхаарал төвлөрүүлэх чадвар муудна

● Амиа хорлох тухай үе үе бодно

Эдгээрийн зарим нь дистими буюу сэтгэл гутралын хөнгөн мөртлөө архаг хэлбэрийн шинж тэмдэг байж болох юм.

[Зүүлт]

d Энэхүү жагсаалтад ерөнхий шинж тэмдгүүдийг бичсэн болно. Өвчтөн өөрийгөө оношлоход зориулаагүй. Зарим нь сэтгэл гутралаас өөр эмгэгийн шинж тэмдэг байж болох юм.