Skip to content

Гарчиг руу орох

Итгэл найдвар яагаад хэрэгтэй вэ?

Итгэл найдвар яагаад хэрэгтэй вэ?

Итгэл найдвар яагаад хэрэгтэй вэ?

ХЭРЭВ өмнөх өгүүлэлд гарсан хорт хавдраар нас барсан хүү Даниелын итгэл найдвар тасраагүй бол яах байсан бэ? Хорт хавдар нь эдгэх байсан уу? Өнөөдөр амьд байх байсан болов уу? Итгэл найдвартай байх нь их чухал гэж боддог хүмүүс хүртэл ийм асуултад «тийм» гэж хариулж чадахгүй. Эндээс нэг чухал зүйлийг ойлгож болно. Итгэл найдварын үр нөлөөг хэтрүүлэн бодож болохгүй. Энэ нь бүх өвчнийг эдгээж чадахгүй.

Америкийн нэгэн телевизийн сувгаар (CBS News) доктор Нэйтан Черний ярилцлага өгөхдөө, хүнд өвчтэй хүнтэй харьцахдаа итгэл найдварын хүчийг хэт чухалчлан үзэхийн аюулыг анхааруулан «Зарим тохиолдолд нөхөр нь эхнэрээ ... илүү өөдрөг юм бодох ёстой гэж загнадаг» гэжээ. Цааш нь: «Ийм үзлээс болоод өвчнөө хянах боломжтой гэсэн буруу сэтгэгдэл төрдөг. Тэгээд бие нь муудахлаар хавдрынхаа явцыг хянаж чадаагүй нь тэр хүний буруу юм шиг болно. Гэхдээ ингэж дүгнэж болохгүй» гэж хэлсэн.

Үнэндээ, үхэлд хүргэх өвчин туссан хүн өвчинтэйгөө байнга, хамаг хүчээ шавхан тэмцдэг. Ойр дотнынх нь хүмүүс ингэж их зовж байгаа хүнийг дээрээс нь нэмээд буруутгахыг хүсэхгүй нь лавтай. Тэгвэл итгэл найдварыг ямар ч ач тусгүй гэж дүгнэх үү?

Тийм биш ээ. Жишээлбэл, дээр гарсан эмч бол хөнгөвчлөх эмчилгээний эмч. Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь өвчний эсрэг эсвэл амь насыг уртасгах зорилгоор хийдэг эмчилгээ биш, амьдралын төгсгөлийн шатанд орсон, хүндээр өвдсөн хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх цогц тусламж үйлчилгээ юм. Ийм эмчилгээ хийдэг эмч нар маш хүнд өвчтэй хүмүүст ч гэсэн илүү өөдрөг, баяртай байхад туслах нь ач тустай гэдэгт итгэдэг. Итгэл найдвар хүнийг өөдрөг байхад туслаад зогсохгүй өөр олон ач тустайг харуулсан олон баталгаа бий.

Итгэл найдварын ач тус

«Итгэл найдвар бол их хүчтэй эмчилгээ» гэж анагаахын сэтгүүлч доктор В. Гиффорд-Жонс хэлсэн. Тэрбээр эдгэршгүй өвчтэй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг хэр чухал гэдгийг мэдэхийн тулд олон янзын судалгааг харьцуулж үзжээ. Ийм төрлийн тусламж үйлчилгээ нь хүмүүсийг итгэл найдвартай, өөдрөг үзэлтэй байхад тусалдаг бололтой. 1989 онд хийсэн нэг судалгаагаар ийм тусламж үйлчилгээ авсан хүмүүс илүү урт насалдаг гэж гарсан ч сүүлийн үеийн судалгаагаар энэ дүгнэлтийг баталж чадаагүй. Гэсэн хэдий ч, өөр олон судалгаагаар сэтгэл санааны дэмжлэг тусламж авсан өвчтнүүд тусламж аваагүй өвчтнүүдээс сэтгэл гутралд орох болон зовуурь шаналгаа нь багасдаг гэдэг нь батлагдсан.

Өөр нэг судалгаагаар өөдрөг болон гутранги үзэл нь зүрхний титэм судасны эмгэгт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. 1 300 гаруй эрэгтэй хүнийг хамруулан өөдрөг болон гутранги үзэлтэй эсэхийг нь нарийн шалгажээ. Арван жилийн дараа тэдгээр хүмүүсийн 12% нь зүрхний титэм судасны эмгэгтэй болсон байсан. Тэдний дунд гутранги үзэлтэй хүн өөдрөг үзэлтэй хүнээс хоёр дахин олон байжээ. Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн (Harvard School of Public Health) эрүүл мэнд, нийгмийн салбарын туслах профессор Лаура Кубзанский: «Өөдрөг зүйл бодох нь эрүүл мэндэд тустай байдгийн албан ёсны баталгаа ховор байсан. Харин энэ судалгаагаар бараг л анх удаа өөдрөг байх нь зүрх эрүүл байхад нөлөөлдөг гэдгийг тодорхой баталсан» гэж хэлжээ.

Хагалгааны дараа өөрийгөө бие муутай гэж боддог хүн бие сайтай гэж боддог хүнээс илүү удаан эдгэрдэг гэдгийг зарим судалгаа харуулдаг. Өөдрөг үзлийг бас урт наслахтай холбоотой гэж үзэх үндэс бий. Настай хүмүүст нас ахихтай холбоотой эерэг болон сөрөг бодол хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Хэсэг настай хүмүүст нас ахихтай холбоотой өөдрөг үгийг, жишээлбэл «мэргэн ухаан», «туршлага» гэх мэт үгийг дэлгэцээр маш хурдан харуулжээ. Түүний дараа тэд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй алхдаг болсон байна. Энэ нь гурван сар дасгал хийсэнтэй адилхан үр дүнтэй байжээ!

Итгэл найдвар, өөдрөг үзэл, эерэг хандлага эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бололтой. Яагаад тэгдэг юм бол? Эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд хүний бие болон сэтгэл зүйг хангалттай сайн судлаагүй учраас одоохондоо тодорхой хариулт өгч чадахгүй байж магадгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүс одоог хүртэл хийсэн судалгаа шинжилгээ дээр үндэслэн дүгнэлт хийж чадна. Жишээ нь, нэгэн мэдрэл судлалын профессор: «Баяр хөөртэй, итгэл найдвартай байх нь хүнд сайхан санагддаг. Ийм тааламжтай, стрессгүй нөхцөл байдал бие махбодод их сайнаар нөлөөлдөг. Энэ нь хүн эрүүл саруул байхын тулд өөрийнхөө төлөө хийж чадах зүйлүүдийн нэг юм» гэж хэлсэн.

Энэ санаа эмч мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид болон эрдэмтэн судлаачдын хувьд шинэ ойлголт мэт санагдаж болох ч Библи судалдаг хүмүүсийн хувьд тийм биш. 3 000 орчим жилийн өмнө мэргэн ухаантай хаан Соломон: «Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Шаналсан сэтгэл хүчийг бардаг» гэж бичсэн (Сургаалт үгс 17:22, ШЕ). Энд голыг нь олж хэлжээ. Энэ зүйлд баяр хөөртэй зүрх бүх өвчнийг эдгээдэг гээгүй, харин «сайн эм» гэж хэлсэн.

Үнэндээ, хэрэв итгэл найдварыг жороор бичиж өгөх боломжтой бол бүх эмч энэ жорыг бичиж өгөхгүй гэж үү? Дээрээс нь, итгэл найдварын ач тус зөвхөн эрүүл мэндээр хязгаарлагдахгүй.

Өөдрөг болон гутранги үзэл таны амьдралд нөлөөлдөг

Өөдрөг үзэл олон талын ач тустай гэдгийг судлаачид олж тогтоосон. Өөдрөг хүмүүс сургууль, ажил дээрээ бас спортод ч илүү амжилт гаргадаг. Жишээлбэл, эмэгтэй хөнгөн атлетикийн тамирчдын дунд судалгаа хийжээ. Дасгалжуулагчдаас нь тэдгээр эмэгтэйчүүдийн биеийн хүч, ур чадварыг нарийн тодорхойлж өгөхийг хүссэн. Үүний зэрэгцээ бас эмэгтэйчүүдээс хэр итгэлтэй байгааг нь асууж тодорхойлжээ. Тамирчдын гаргасан амжилт дасгалжуулагчдын хийсэн дүгнэлтээс илүү хэр итгэлтэй байгаагаа хэлсэнтэй нь таарчээ. Итгэл найдвар яагаад ийм хүчтэй нөлөөлдөг юм бол?

Гутранги үзлийн талаарх судалгаанаас олон зүйлийг мэдэж болно. Эрдэмтэд 1960-аад оны үед амьтад дээр туршилт хийгээд авир үйлдэлтэй холбоотой нэг сонирхолтой нээлт хийсэн. Үүнээс үүдээд «сурмал цөхрөл» гэдэг нэр томьёо гарсан. Хүмүүст ч бас адилхан хам шинж илэрдгийг олж мэджээ. Жишээлбэл, нэг туршилтаар хүмүүст таагүй чимээ сонсгоод товч дарвал чимээгүй болно гэж хэлсэн. Тэд хэлсэн аргаар нь дууг чимээгүй болгожээ.

Харин өөр нэг бүлэг хүмүүст яг адилхан заавар өгчээ. Гэхдээ одоо тэр товч ажиллахгүй. Энэ бүлэг хүмүүсийн ихэнх нь бууж өгсөн нь ойлгомжтой. Тэд цөхрөөд дараагийн туршилтаар юу ч хийх хүсэлгүй болсон байна. Тэд юу ч хийсэн ямар ч нэмэргүй гэж боджээ. Гэхдээ энэ бүлгийн өөдрөг бодолтой хүмүүс нь бусдаасаа ялгаран бууж өгөөгүй.

Дээр дурдсан судалгаануудын заримыг хийсэн доктор Мартин Селигман дараа нь өөдрөг болон гутранги үзэлтэй холбоотой судалгаагаар мэргэшжээ. Тэрбээр өөрсдийгөө юу ч хийсэн нэмэргүй гэж бодох хандлагатай хүмүүсийн бодол санааг нарийн судалдаг болсон. Ийм гутранги үзэл хүмүүсийн амьдралд саад болдог, эсвэл тэднийг юу ч хийх идэвхгүй болоход нь нөлөөлдөг гэж дүгнэсэн. Гутранги үзэл хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахдаа Селигман: «25 жил судалгаа хийгээд би ийм дүгнэлтэд хүрсэн. Бидэнд тохиолддог зовлон бэрхшээл бидний буруу, хэзээ ч дуусахгүй, бас юу ч хийсэн бүтэлтэй болохгүй гэж бодож хэвшсэн гутранги үзэлтэй хүнд энэ бодол нь ингэж боддоггүй хүнээс илүү амьдрал дээр нь биелдэг» гэж хэлжээ.

Дээрх дүгнэлт зарим хүмүүсийн хувьд шинэ юм шиг санагдаж болох ч Библи судалдаг хүмүүсийн хувьд энэ санаа ч гэсэн шинэ биш. Дараах зүйр цэцэн үгийг анхаараарай: «Хэрэв чи бэрх цагт урам хугарсан байваас хүч тэнхээ чинь сул аж» (Сургаалт үгс 24:10, ШЕ). Тийм ээ, урам хугарч, гутранги юм бодох нь хүч тэнхээгүй болгодог гэж Библид тодорхой хэлсэн байна. Тэгвэл гутранги үзэлтэйгээ тэмцэж, илүү өөдрөг, итгэл найдвартай болохын тулд яах хэрэгтэй вэ?

[4, 5-р хуудасны зураг]

Итгэл найдвар маш сайн нөлөө үзүүлдэг