Skip to content

Гарчиг руу орох

Саадыг давахад бэлэн байгаарай

Саадыг давахад бэлэн байгаарай

Саадыг давахад бэлэн байгаарай

«Би дөнгөж төрсөн хүүхдээ бодоод тамхинаас гарахаар шийдсэн юм. Гэртээ “Тамхи татахыг хориглоно” гэсэн бичиг нааж үзлээ. Гэтэл яг цагийн дараа татах хүсэл цунами шиг оволзоод татаж орхисон доо»—Ёшимицү, Япон.

САЙНЫ хажуугаар саар гэгчээр тамхинаас гарахад саад учирдгийг дээрх жишээ харуулж байна. Татах гэсэн хүсэлдээ буугаад өгчихдөг хүмүүсийн 90% нь дахиад тамхиндаа ордог. Та саадыг давах бэлтгэлтэй байвал тамхинаас гарахад дөхөм байна. Тэгвэл ямар ямар саад байдаг вэ?

Никотин үгүйлэгдэх: Тамхи татахаа больсноос хойш 3 хоногийн дотор никотин их үгүйлэгдэнэ. Гэхдээ хоёр 7 хоногийн дараа тэгтлээ хүсэхээ болино. «Тамхи татахаа больж эхлэх үед гэв гэнэт татах хүсэл давалгаа шиг цалгилдаг» гэж тамхи татахаа больсон нэгэн хүн ярьсан юм. Гэнэт тамхи татмаар санагдаж мэдэх юм. Тэр үед ч битгий бууж өгөөрэй. Тавхан минут хүлээхэд л тамхи татах хүсэл замхраад алга болно.

Татахаа болиход илэрдэг бусад хам шинж: Тамхи татахаа больж эхлэхэд нойрмоглох, анхаарал төвлөрөхгүй байх, амархан жин нэмэх, бие өвдөх, хөлрөх, ханиах гэх зэрэг шинж илэрдэг. Мөн тэвчээргүй болох, амархан уурлах, депресст орох гэх мэтээр сэтгэл санаа тогтворгүй болдог. Гэхдээ ихэнх хам шинж дөрвөөс зургаан 7 хоногийн дотор буурна.

Ийм хэцүү үед дараах зүйл тус болно.

● Аль болох олон цаг унтаж амраарай.

● Ус юм уу жимсний шүүс ууж, шим тэжээлтэй хоол идээрэй.

● Хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй.

● Гүнзгий амьсгаа авч, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалаарай.

Татмаар санагдахад хүргэх зүйлс: Юу тамхи татмаар санагдахад хүргэж болзошгүй вэ? Жишээлбэл та юм ууж байхдаа тамхи татдаг байсан бол ууж байгаа юмаа хурдан дуусгаарай. Яваандаа тайван суугаад уудаг болно биз ээ.

Никотины хамааралаас гараад удсан ч тамхи татахыг санагдуулам зүйл сэтгэлд гүн хоногшиж үлдсэн байж болох юм. Өмнө нь дурдсан Торбен: «Тамхи татахаа болиод 19 жил болсон ч гэсэн заримдаа завсарлагаанаар кофе уух зуур татмаар санагддаг» гэж ний нуугүй ярьсан юм. Ямар нэг юм хийхлээр тамхи татмаар санагдах тэр хүсэл цагийн аясаар хүч нь суларч, алга болдог.

Согтууруулах ундаа тамхинаас гарахад саад болдог. Та тамхинаас гарахыг хүсэж л байгаа бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Бас согтууруулах ундаагаар үйлчилдэг газраас холуур яваарай. Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тамхи татах магадлал их өндөр байдаг. Яагаад тэр вэ?

● Согтууруулах ундааг жаахан л хэрэглэхэд тамхи татах хүслийг өдөөдөг.

● Хамт олноороо нийлж архи дарс уухлаар яалт ч үгүй тамхи татмаар санагддаг.

● Согтууруулах ундаа хэрэглэхлээр хүн эрүүл ухаанаа алдаж, өөрийгөө хянах чадваргүй болдог. Библид «Дарс нь ухааныг алдуулдаг» гэж бичсэн нь тун оножээ (Хосеа 4:11).

Найз нөхөд: Найз нөхдөө зөв сонгоорой. Тамхи татдаг эсвэл тамхи татахыг уриалж болзошгүй хүнтэй нөхөрлөхөөс зайлсхийгээрэй. Тамхи татахаа болихыг оролдож байгаа хичээл зүтгэлийг тань үнэлэхгүй, бүр доог тохуу хийдэг хүнээс хол байгаарай.

Сэтгэл санаа: Тамхинд дахин орсон бараг гурван хүн тутмын хоёр нь муу зуршилдаа эргээд орохоосоо өмнө стресстэж, уурлаж байсан гэж нэгэн судалгаанд бичжээ. Хэрэв ямар нэгэн зүйл тамхи татах хүслийг төрүүлээд байвал ус уух, бохь зажилах, салхинд гарах гэх зэргээр өөрийгөө сатааруулаарай. Бурханд залбирах юм уу, Библи уншиж ухаан санаагаа өөдрөг бодлоор дүүргээрэй (Дуулал 19:14).

Шалтаг бүү тоочоорой

Ганц л сорчихъё.

Үнэндээ: Ганц сороход гурван цагийн турш тархин дахь никотины хүлээн авуурын 50 хувь нь идэвхэждэг. Үүнээс болоод хүн дахиад тамхи татаж эхэлдэг.

Тамхи татахлаар стресс тайлагддаг.

Үнэндээ: Никотин стрессийн дааврыг өсгөдөг нь олон судалгаанаас харагддаг. Стресс тайлагдсан юм шиг мэдрэмж төрж байгаа нь тамхи татахаа болиход илэрдэг хам шинж түр зуур дарагдсаных байж болох юм.

Би тамхинаас гарахаасаа өнгөрсөн.

Үнэндээ: Гутранги үзэл хүсэл зоригийг мохоодог. Библид «Хэрэв чи бэрх цагт гутарваас хүч тэнхээ чинь сул аж» (Сургаалт үгс 24:10, ШЕ). Тиймээс больё, бууж өгье гэж бодохгүй байх хэрэгтэй. Тамхинаас гарахыг чин сэтгэлээсээ хүсдэг, энэ сэтгүүлд байгаа зөвлөгөө, зарчмыг хэрэгжүүлдэг хүн заавал амжилт олно.

Татахаа болиход илэрдэг хам шинжийг тэсэж чадахгүй нь ээ.

Үнэндээ: Тамхи татахаа болиход илэрдэг хам шинжийг давах хэцүү байдаг нь үнэн л дээ. Гэхдээ хэдхэн 7 хоногийн дотор арилдаг. Тиймээс тууштай байгаарай. Хэдэн жил эсвэл сарын дараа татмаар санагдаж мэднэ. Ийм хүсэл түр зуурынх учир тамхиа л бүү асаагаарай.

Би сэтгэцийн өвчтэй.

Үнэндээ: Та депресс юм уу шизофрени гэх зэргийн сэтгэцийн өвчтэй, эмчлүүлж байгаа бол тамхинаас гарах талаар эмчээсээ зөвлөгөө аваарай. Эмч таны өвчин болон одоо ууж байгаа эмийг тань харгалзаж үзээд тохирох эм, эмчилгээгээр орлуулж өгч болох юм.

Би тамхинд буцаад орчихвол дахиад хэзээ ч гарч чадахгүй байх.

Үнэндээ: Та тэсгэлгүй тамхи татчихлаа гэж бодоход найдвар тасарлаа гэсэн үг биш ээ. Тамхинаас гарч байгаа олон хүнд ийм юм тохиолдог учир битгий бууж өгөөрэй. Хуучин зуршилаа давтсан гэдэг нь бүтэлгүйтэл биш ээ. Харин хичээхгүй байна гэдэг нь бүтэлгүйтэл юм. Тиймээс хичээгээд л байвал амжилтад хүрнэ.

Ромуалдо 26 жил тамхи татжээ. Тамхинаас гараад 30 жил болж байгаа аж. Тэрбээр: «Би хэдэн ч удаа давтав даа. Бүр тоогоо алдсан. Тамхинаас гарах маань ч ингээд өнгөрлөө дөө л гэж боддог байлаа. Гэхдээ би Еховатай дотно байхаар эргэлт буцалтгүй шийдэж бас Ехова Бурхнаасаа дахин дахин тусламж гуйсны эцэст тамхинаас гарч чадсан юм» гэж хэлжээ.

Цувралын сүүлийн өгүүллээр тамхинаас гарахад тань туслах хэдэн зөвлөгөөг авч үзнэ.

[Хавсралт/зураг]

ЯМАР Ч ТӨРӨЛ НЬ ҮХЛИЙН АЮУЛТАЙ

Тамхины олон төрөл байдаг. Зарим тамхийг эрүүл хүнс болон эмийн ургамлын дэлгүүрт зардаг. Гэхдээ л Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үзэж байгаагаар, «бүх төрлийн тамхи үхлийн аюултай». Тамхинаас үүдэлтэй хорт хавдар болон зүрх судасны өвчин үхэлд хүргэдэг. Жирэмсэн үедээ тамхи татах нь урагт хор хөнөөлтэй. Ямар ямар төрлийн тамхи байдаг вэ?

Биди: Ороож татдаг энэ жижиг тамхийг Азийн орнуудад өргөн хэрэглэдэг. Биди нь бусад тамхийг бодвол, давирхай, никотин, нүүрсхүчлийн дутуу исэл, хэд дахин их агуулдаг.

Навчин тамхи: Тамхины навч болон тусгай зориулттай цаасанд ороож татдаг тамхи. Хүчиллэг тамхийг бодвол бага зэрэг шүлттэй учраас тамхийг асаагаагүй байхад никотин нь аманд шингэдэг.

Кретек: 60% нь тамхи, 40% нь хадаасан буюу лиш цэцэг агуулдаг. Бусад тамхийг бодвол, давирхай, никотин, нүүрсхүчлийн дутуу исэл хэд дахин их агуулдаг.

Гаанс: Гаансаар тамхи татах нь аюулгүй гэсэн үг биш. Яаж ч тамхи татсан хорт хавдар болон бусад өвчнийг үүсгэдэг.

Утаагүй тамхи: Үүнд зажилдаг тамхи, хамрын тамхи, Зүүн өмнөд Азид түгээмэл байдаг амталсан гутха хэмээх тамхи ордог. Шүлсээр дамжиж цусанд шингэдэг. Утаагүй эдгээр тамхи нь бусад тамхины адил аюултай.

Усан тамхи (бонг, наргиле, хука, шиша): Эдгээр хэрэгслээр тамхи татахад утаа нь усаар дамжиж уушиг руу ордог. Гэсэн ч хорт хавдар үүсгэгч бодис нь багасдаггүй байна.

[Хавсралт/зураг]

ТАМХИНААС ГАРЧ БАЙГАА ХҮНД ТУСАЛЪЯ

Өөдрөг байгаарай. Үглэж загнахаас илүү магтан сайшааж, шагнан урамшуулах нь үр дүнтэй байдаг. «Дахиад татчихаж байгаа юм уу?» гэхийн оронд «Дахиад хичээх юм бол чи тамхинаасаа гарна аа» гэж хэлбэл илүү жинтэй тусна.

Уучлахад бэлэн байгаарай. Тамхинаас гарахыг оролдож байгаа хүн танд уурлаж бухимдвал уучлаад өнгөрөхийг хичээгээрэй. «Хичээж байгаа чамаар би их бахархаж байна» гэх мэт урмын үг хэлээрэй. «Ингэж байхынхаа оронд чи тамхиа татаж байсан нь дээр юм байна даа» гэж хэзээ ч битгий хэлээрэй.

Үнэнч анд нь байгаарай. Библид «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг (Сургаалт үгс 17:17). Тамхинаас гарах гэж хичээж байгаа хүний сэтгэл санаа яаж ч өөрчлөгдсөн, тэвчээртэй байж, хайраа илэрхийлээрэй.