ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭХНЭР НӨХӨР
Яавал ханиа сайн сонсох вэ?
ЮУ БОЛДОГ ВЭ?
«Чи намайг ерөөсөө сонсдоггүй!» гэж эхнэр хэллээ. «Сонсож л байна шүү дээ» гэж нөхөр нь дотроо бодно. Эхнэрийн хэлсэн нөхрийн сонссон хоёр өөр байх нь бий. Үүнээс болж муудалцдаг.
Гэхдээ муудалцахгүй байх боломж бий. Юуны өмнө ханиа ярьж байхад яагаад зарим чухал зүйлийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэгээ мэдэх хэрэгтэй. Уг нь бол та сонсоод л байгаа шүү дээ.
ЯАГААД ТЭГДЭГ ВЭ?
Ядарчихсан юм уу шал өөр юм бодчихсон байдаг. Хүүхдүүд шуугилдаад, зурагтын дууг чангалчихсан, ажил дээр болсон юмаа бодоод байж байтал эхнэр чинь ярих юм байна гэлээ. Тэгээд орой ирэх зочдын тухай ярьж эхлэв. Та «аанхаан, аанхаан» гэж толгой дохино. Эхнэрийнхээ хэлснийг анхаарч сонссон уу? Үгүй л болов уу.
Төсөөлдөг. Төсөөлөх нь хүний бодлыг унших буруу арга гэж ярьдаг. Ханийнхаа хэлсэн үгний цаад утгыг та ер нь төсөөлдөг. Гэвч заримдаа хэтрүүлээд бодчихдог. Жишээ нь, хань тань танд «Сүүлийн үед илүү цагаар их ажиллаад байна уу даа» гэж хэллээ гэж бодъё. Үүнийг та шүүмжилж байна гэж үзээд «Миний буруу юм уу? Чи мөнгө их үрдэг болохоор би их ажиллахгүй гээд яах юм?» гэж хэлнэ. Тэгтэл «Хэн чамайг буруутгасан юм?» гээд ханийн тань дуу өндөрсөөд явчихлаа. Аргагүй л дээ. Уг нь амралтын өдрүүдийг гэр бүлээрээ сайхан өнгөрөөх гэсэндээ тэгж асуусан юм.
Шийдлийг олох гэж яардаг. Марси * гэдэг эмэгтэй: «Хааяа би нөхөртөө зүгээр сэтгэлээ уудалж яримаар байдаг. Гэтэл манай Майк яаж шийдэхийг хэлж өгөх гээд байдаг юм. Ямар нэг юмыг шийдүүлэх гэж биш, сэтгэлийг минь ойлгоосой гэж бодоод би ярьдаг» гэжээ. Юу нь буруу байна вэ? Майк асуудлыг шийдэх тухай л бодоод эхнэрийнхээ ярианд төвлөрч чадаагүй, заримыг нь сонсолгүй өнгөрүүлжээ.
Тэгвэл ханиа яаж сайн сонсдог болох вэ?
ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?
Анхаарлаа сайн төвлөрүүлээрэй. Ханьд тань тантай ярих чухал юм байна гэнэ. Харин та сонсоход бэлэн үү? Бэлэн биш юм шиг байна. Та яг одоо юм хийгээд өөр юманд анхаарчихсан байна. Тийм байлаа ч сонсож байгаа дүр битгий гаргаарай. Болж өгвөл хийж байгаа юмаа түр орхиод, ханиа анхаарч сонсоорой. Эсвэл ханьдаа «Одоохон, түр хүлээгээрэй» гэсэн ч болно шүү дээ (Библийн зарчим: Яаков 1:19).
Ээлжилж яриарай. Ханиа сонсохдоо яриаг нь битгий таслаарай, хэлснийг нь битгий үгүйсгээрэй. Дуусахаар нь ярьж болно шүү дээ. Харин ярьж байхад нь зүгээр л сонс (Библийн зарчим: Сургаалт үгс 18:13).
Асуулт асуугаарай. Асуулт асуувал ханийнхаа яриаг ойлгоход дөхөм болно. Дээр дурдсан Марси: «Майк надаас юм асуухад би дуртай байдаг. Намайг анхаарч сонсож байгаа гэсэн үг» гэж хэлсэн юм.
Яг юу хэлэх гээд байгааг нь ярианаас нь ойлгоорой. Дохио зангаа, харц, дууны өнгөөрөө юу илэрхийлэх гээд байгааг нь ажиглаарай. «Зүгээр ээ» гэж байгаа нь «Зүгээр биш» гэсэн үг байж болох юм. Яаж хэлэхээс шалтгаална. «Чи надад ерөөсөө туслахгүй юм аа» гэж хэлж байгаа нь үнэндээ «Чи ямар намайг гэдэг биш дээ» гэсэн үг байж магадгүй. Тийм болохоор ярианаас нь яг юу хэлэх гээд байгааг нь ойлгоорой. Тэгэхгүй бол хэлж байгаа үгний цаана байгаа сэтгэл санааг нь ойлгохгүй, хэрэлдээд л дуусна.
Сонсоод л байгаарай. Таагүй сонсогдох юм ярьсан ч үл тоох юм уу холдож явж болохгүй. Жишээ нь, таныг буруутгаж шүүмжлээд байвал яах вэ? «Сонсох л хэрэгтэй. Ханийнхаа яриаг чин сэтгэлээсээ, тогтож сонсоорой. Ингэхийн тулд буурь сууж төлөвших хэрэгтэй л дээ. Гэхдээ хичээснийхээ үр дүнг үзнэ» гэж гэрлээд 60 жил болсон Грегори зөвлөжээ (Библийн зарчим: Сургаалт үгс 18:15).
Чин сэтгэлээсээ анхааран халамжлаарай. Хүнийг сонсоно гэдэг хайраа илэрхийлэх шилдэг арга юм. Ханиа чин сэтгэлээсээ халамжилдаг хүн ханиа сонсохоос төвөгшөөхгүй. Тийм хүн «зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэсэн Библийн зарчмыг хэрэгжүүлж байгаа хэрэг юм (Филиппой 2:4).
^ д/м 9 Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.