Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭХНЭР НӨХӨР

Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур болсон бол яах вэ?

Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур болсон бол яах вэ?

ЮУ БОЛДОГ ВЭ?

«Гэрлэхээс өмнө бид хоёрт адил төстэй тал их олон байж дээ» гэж та боддог уу? Гэтэл одоо хүйтэн хөндий болж, сэтгэл зүрхээрээ холбогдсон хосууд биш, дөнгөлүүлсэн юм шиг арга буюу хамт байна уу?

Харьцаагаа сайжруулах арга бий. Юуны өмнө яагаад сэтгэл дундуур явдгаа олж мэдэх хэрэгтэй.

ЯАГААД ТЭГДЭГ ВЭ?

Амьдрал санаснаар болдоггүй. Цаг наргүй ажиллах, хүүхэд өсгөх, хадмуудтай харьцах гээд хос хоёрыг муудалцуулах юм олон. Бас дээрээс нь мөнгө төгрөгийн асуудал, хүнд өвчтэй нэгнээ асрахаар болох гэх зэрэг гэнэтийн юм тохиолдоход бүр нэрмээс болдог.

Тэс өөр мэт санагддаг. Хосууд үерхэж байхдаа өөр өөр зан чанартай гэдгээ анзаарахгүй байх хандлагатай. Гэрлэнгүүт эрэгтэй эмэгтэй хүний бодол санаагаа илэрхийлэх, мөнгө төгрөгт хандах, асуудлыг шийдэх арга ямар их ялгаатайг ойлгоно. Нэгэн үед таалагдахгүй төдий байсан ялгаа одоо тэвчишгүй зүйл мэт санагдах болно.

Нэгнийхээ сэтгэлийг бодохоо больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байнга эвгүй үг хэлж, хатуу ширүүн зан гаргаж ойлголцохгүй явсаар ханьдаа сэтгэл санаагаа уудлахгүй, дотроо бүгж, бүр аюултай нь өөр хэн нэгэнд татагдаж эхэлнэ.

Бодит байдалтай нийцэхгүй юм хүсдэг. Зарим хүн үерхэж байхдаа «Энэ л яг миний мөрөөдлийн хүн байна» гэж боддог. Ийм романтик юм бодож болох ч гэлээ, дэврүүн сэтгэлээр гэрлэх нь эргээд гай тарих нь бий. Хоорондоо яг тохирсон гэж итгэж үнэмшиж байсан нь бэрхшээл тулгарахад талаар болдог. Аль аль нь «Энэ хүнтэй гэрлэсэн нь алдаа байж» гэж боддог.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Ханийнхаа сайхан зан чанарыг анхаараарай. Ингээд нэг үзээрэй. Ханийнхаа сайн талаас 3-ыг бичээрэй. Бичсэн цаасаа хуримынхаа зургийн ард талд наах юм уу гар утсандаа оруулж байнга авч яваарай. Бичсэнээ үе үе харж яагаад түүнтэй сууснаа санаарай. Ингэж ханийнхаа сайн талыг анхаардаг бол эвтэй байж, хоорондын ялгааг тэвчихэд амар болно (Библийн зарчим: Ром 14:19).

Хамтдаа цагийг онцгой сайхан өнгөөрөхөөр төлөвлөөрэй. Гэрлэхээсээ өмнө та хоёр хамт өнгөрөөх цаг гаргадаг байсан биз ээ. Болзоогоо сэтгэл догдлуулам, шинэлэг байлгах зүйл зохиодог байсан байх. Одоо яагаад тэр үеийнх шигээ байж болохгүй гэж? Хаана, юу хийж, цагаа онцгой өнгөрөөхөө ярьж төлөвлөөрэй. Болзоо ч байж болно шүү дээ. Ингэх нь дотносож, амьдралд тохиолдох гэнэтийн хэцүү бэрхийг давахад тустай (Библийн зарчим: Сургаалт үгс 5:18).

Бодсон санаснаа хэлээрэй. Ханийнхаа үг, үйлдэлд гомдлоо гэхэд тоохгүй өнгөрөөж чадах уу? Хэрэв чадахгүй бол битгий дуугаа хураагаарай. Болж өгвөл тэр өдөртөө, аль болох аажуу тайван ярилцаарай (Библийн зарчим: Эфэс 4:26).

Ханийнхаа үг, үйлдэлд гомдлоо гэхэд тоохгүй өнгөрөөж чадах уу?

Таны сэтгэл мэдрэмж, ханийн тань бодсон санасан өөр гэдгийг ойлгоорой. Та хоёрын хэн хэн нь бие биеэ гомдооё гэж боддоггүй байх. Хэрэв гомдоочихвол чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гомдооё гэж бодоогүйгээ хэлээрэй. Санаандгүй байдлаасаа болж дахин гомдоохгүйн тулд яавал дээр вэ гэдгийг ярилцаарай. Библийн «Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн ... бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй (Эфэс 4:32).

Бодит байдалд нийцдэг юмыг л хүсэж шаардаарай. Библид «гэрлэхээр санаа зовох юм нэмэгдэнэ» гэсэн үнэн үг байдаг (1 Коринт 7:28). Гэр бүлд тулгардаг зовлонг үзээд ирэхээрээ гэрлэсэн минь алдаа байж гэж битгий дүгнээрэй. Түүнийхээ оронд таарч тохирох гэж, ойлголцох гэж хичээн, «хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучлаарай» (Колосай 3:13).