Skip to content

ОНЦЛОХ СЭДЭВ | ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

Халдварт өвчин тусахаас сэргийлээрэй

Халдварт өвчин тусахаас сэргийлээрэй

ЭРТНИЙ хотууд өндөр, бат бэх хана хэрэмтэй байсан. Дайсан хэрмийг бага ч гэсэн нүхэлбэл хот бүхэлдээ аюулд ордог байжээ. Хүний бие бас адилхан. Өвчнөөс хэрхэн сэргийлэх нь эрүүл байхад шууд хамаатай. Одоо халдвар авах таван эрсдэлт хүчин зүйлийг авч үзээд тэдгээрээс өөрийгөө хэрхэн хамгаалахыг ярилцъя.

1 УС

АЮУЛ: Бохир усаар дамжиж аюултай нян хүний биед орох.

ХАМГААЛАХ АРГА: Хамгийн сайн арга нь усыг бохирдуулахгүй байх явдал юм. Хэрвээ ус бохирдсон, эсвэл бохирдсон байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол цэвэршүүлж болно. * Цэвэр устай савыг сайн таглаарай. Ус хийх сав, крантыг цэвэрхэн байлгаарай. Нөөцөлсөн усанд гараа битгий дүрээрэй. Боломжтой бол, бохирыг цэвэр усанд орохоос сэргийлж бохирын асуудлаа сайн шийдвэрлэсэн газар амьдраарай.

2 ХООЛ ХҮНС

АЮУЛ: Хоол хүнсэнд аюултай нян орсон эсвэл гадна талаараа нянтай байх.

ХАМГААЛАХ АРГА: Нянтай хоол хүнсийг гаднаас нь харахад шинэ, шим тэжээлтэй юм шиг харагдаж магадгүй. Тиймээс жимс ногоог сайтар угааж хэвших нь чухал. Хоол хийхдээ ч, аягалахдаа ч гараа сайтар угааж, цэвэр сав суулга хэрэглэж, гал тогооны тавиурыг цэвэр байлгаарай. Зарим хоол хүнснээс аюултай нянг нь устгая гэвэл тодорхой температураас илүү хэмээр болгох хэрэгтэйг анхаараарай. Хүнсний бүтээгдэхүүний өнгө өөрчлөгдсөн эсвэл муухай амт үнэр орсон бол хэрэглэж болох эсэхийг нь магадлаарай. Хоол хийснийхээ дараа үлдсэн материалаа аль болох хурдан хөргөгчид хийгээрэй. Өвчин туссан үедээ хүнд хоол хийж өгөх хэрэггүй.

3 ШАВЖ

АЮУЛ: Зарим шавжийн биед аюултай нян байдаг бөгөөд хүнд дамждаг.

ХАМГААЛАХ АРГА: Өвчин дамжуулдаг шавж гадуур их байвал гэрээсээ гарахгүй байх юм уу гарлаа ч урт цамц, өмд өмсөж биеэ хамгаалаарай. Унтахдаа хор цацаж тор татаарай. Мөн хортой шавж зайлуулагчийг хэрэглээрэй. Тогтсон устай газар шумуул үрждэг болохоор саванд ус хийж удаан битгий тавиарай.

4 АМЬТАН

АЮУЛ: Зарим амьтан аюултай нянг тээдэг. Тэр нь хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь бий. Иймээс тэжээвэр амьтан юм уу бусад амьтанд хазуулах, маажуулах, тэдний ялгадасанд хүрэх нь аюултай.

ХАМГААЛАХ АРГА: Зарим хүн аль болох амьтанд хүрэхгүйн тулд гэртээ оруулдаггүй. Тэжээвэр амьтанд хүрснийхээ дараа заавал гараа угаагаарай. Зэрлэг амьтанд хүрэхгүй байгаарай. Хазуулсан, маажуулсан бол шархыг сайтар угааж, эмчид үзүүлээрэй. *

5 ХҮН

АЮУЛ: Зарим нян хүнийг ханиахад шүлсээр нь дамжиж өөр хүний биед ордог. Бас тэврэх, гар барих гэх зэргээр арьсанд хүрэхэд дамжих нь ч бий. Хаалганы бариул, шатны бариул, утас, удирдлага, компьютерын дэлгэц, гар зэрэгт хүн их хүрдэг учраас нян ихтэй байж болох юм.

ХАМГААЛАХ АРГА: Сахлын хутга, шүдний сойз гэх зэргийн хувийн эд зүйлийг дундаа битгий хэрэглээрэй. Өөр хүн юм уу амьтнаас ялгарсан шингэн болон цусанд битгий хүрээрэй. Цусаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийгээрэй. Гараа тогтмол, сайтар угаах нь үнэхээр их ач тустай. Энэ нь халдварт өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга байж болох юм.

Өвчин туссан бол аль болох гадуур гарахгүй байгаарай. Ханиалгахдаа амаа гараараа дарахгүй, цаас юм уу ханцуйгаараа дарахыг АНУ-ын өвчин эмгэгээс сэргийлэх, хянах төвүүд зөвлөж байна.

Эрт үед амьдарч байсан нэгэн мэргэн хүн «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж хэлжээ (Сургаалт үгс 22:3). Аюултай өвчин их гарч байгаа өнөө үед дагавал их хэрэгтэй зарчим байгаа биз дээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл авч, хувийн ариун цэврээ чанд сахиж, өвчин тусах эрсдлээс зайлсхийгээрэй. Өвчин тусахаас өөрийгөө сайн хамгаалж, эрсдлийг багасгаарай!

^ ДЭМБ айл өрхүүдэд ус цэвэршүүлэх хэд хэдэн аргыг санал болгодог. Тэдгээрийг дурдвал, хлоржуулах, нарны гэрлээр нянг устгах, шүүх, буцалгах арга юм.

^ Хортой амьтнаас болж шархадсан бол аль болох хурдан эмчид үзүүлэх шаардлагатай.