УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Гашуун зовлон
«София a бид хоёр 39 жил ханилсан. Тэр минь удтал өвдсөөр нас барсан юм. Тэр хүнд үед найз нөхөд минь намайг эргэж тойрон тусалж, би ч өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байлаа. Гэхдээ бараг бүтэн жил өр өмөрч явсан даа. Сэтгэл санаа үймэрч, сэтгэл хөдлөлөө барина гэдэг тун хэцүү байсан. Ханиасаа хойш гурван жил өнгөрсөн хэдий ч үе үе асар их гуньж гутардаг. Заримдаа зүв зүгээр байж байгаад тийм болохыг яана»—Костас.
Та хайртай эрхэм хүнээ үхэлд алдаж байсан бол Костасын сэтгэлийг ойлгох байх аа. Бидний сэтгэлийг шаналган зовоох зүйл амьдралд бишгүй байдаг. Гэхдээ хань ижил, ах дүү, анд найзаасаа хагацах шиг гашуун зовлон үгүй л болов уу. Сэтгэлийн өвчин шаналлыг судалдаг мэргэжилтнүүд ч үүнтэй санал нийлдэг. Нэгэн сэтгүүлд «Дотнын хүнээ үхэлд алдахаар элэг зүрх өмөрч нөхөж баршгүй гарз хохирол амсдаг» хэмээн нийтэлжээ (American Journal of Psychiatry). Уй гашуугаасаа болоод дааж давшгүй зовлон амсаж яваа хүмүүс: «Хэдий болтол ингэж зовох юм бол? Би дахиж жаргал үзэх болов уу? Яавал сэтгэл тайтгарах бол?» гэж боддог.
Эдгээр асуултын хариуг «Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаарт нийтэлсэн. Хэрэв та дотнын хүнээ алдаад удаагүй байгаа бол уй гашууг тань багахан ч атугай нимгэлэхэд тустай өгүүллийг сэтгүүлийн дараа дараагийн хуудаснаас уншаарай.
Тайвшрахад тустай, амьдралд ойр зөвлөгөө гашуудаж байгаа хэн бүхэнд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
a Эдгээр өгүүлэлд гарч байгаа зарим нэрийг өөрчлөв.