Skip to content

Гарчиг руу орох

Бид харуултай хамт үйлчилдэг

Бид харуултай хамт үйлчилдэг

Бид харуултай хамт үйлчилдэг

«Эзэн минь. Би өдөр бүр харуулын цамхаг дээр, шөнө бүр манааны байрандаа зогсож байна» (ИСАИА 21:8).

1. Ехова өөрөө ямар санаа зорилгын гэрч нь вэ?

 ЕХОВА бол аугаа их санаа зорилготой Бурхан. Түүнийг нэрээ ариусгаж, диваажин дэлхийг удирдах алдарт Хаанчлалаа байгуулах их санаа зорилгод нь Сатан Диабол болсон самуун тэнгэрэлч саад хийж чадахгүй (Матай 6:9, 10). Энэхүү Хаанчлал нь хүн төрөлхтнийг жинхэнэ ёсоор ивээх болно. Бурхан «үхлийг мөнхөд залгина, Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчина». Аз жаргалтай, эвсэг хүмүүс энх тайвныг эдлэн, цэцэглэн хөгжиж, үүрд мөнхөд баясан цэнгэнэ (Исаиа 25:8; 65:17—25). Эдгээр агуу амлалтынхаа тухай Ехова өөрөө гэрчилдэг!

2. Ехова хүмүүсээс хэнийг гэрчээ болгосон бэ?

2 Гэхдээ, Аугаа Бүтээгчид маань бас гэрч хүмүүс бий. Христосын шашинтнуудаас өмнөх үед Абелээс эхэлсэн «гэрчүүдийн үүл» гүйлтийн уралдаанд тэвчээртэйгээр оролцсон ба байнгын таагүй нөхцөлд байдаг байжээ. Тэдний жишээ өнөөгийн үнэнч христосын шашинтнуудад урам зориг өгдөг. Эрэлхэг зоригт гэрчийн хамгийн сод гарамгай жишээг Христ Есүс үзүүлсэн (Еврей 11:1—12:2, ШЕ). Тухайлбал, Понти Пилатад өгсөн түүний сүүлчийн мэдүүлгийг эргэн санацгаая. Есүс: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л дэлхийд ирсэн» гэж мэдэгдсэн (Иохан 18:37). МЭ 33 оноос энэ 2000 оныг хүртэл үнэнч христосын шашинтнууд Есүсийн жишээг дагаж, «Бурхны агуу үйлсийн» тухай мэдээг зоригтойгоор дэлгэрүүлэн гэрчилсээр байна (Үйлс 2:11).

Бабилоны хуурамч шашин

3. Ехова болон түүний хүсэл тааллын тухай мэдээг Сатан яаж эсэргүүцэж байна вэ?

3 Агуу Эсэргүүцэгч Сатан Диабол Бурхны гэрчүүдийн дэлгэрүүлэх мэдээг гажуудуулах гэж олон мянган жилийн турш хорлонтой нь аргагүй хичээж байна. Энэхүү «худалчийн эцэг», «агуу том луу, эрт цагийн могой» «бүх ертөнцийг мэхэлж байна». Тэр «Бурхны хуулиудыг сахигсадтай», ялангуяа энэ сүүлчийн өдрүүдэд, хайр найргүй тулалдаж байна (Иохан 8:44; Илчлэлт 12:9, 17).

4. «Агуу их Бабилон» хэрхэн бий болсон бэ?

4 Одоогоос 4 000-аад жилийн тэртээ, Ноагийн үед болсон Усан галавын дараа Сатан «Эзний өмнө [«Еховагийн эсрэг», ШЕ] хүч чадалтай анчин» Нимродыг өөртөө татсан (Эхлэл 10:9, 10). Нимродын агуу хот Бабилон хуурамч шашны төв болжээ. Ехова Бабилоны цамхаг баригсдын хэлийг хутгалдуулан самууруулахад хүмүүс шашнаа аван, дэлхий даяар тархжээ. Тийнхүү Бабилон «Илчлэлт» номд «Агуу их Бабилон» гэж нэрлэгдсэн хуурамч шашны дэлхийн гүрний эх үндэс нь болсон юм. Уг номд энэхүү эртний шашны тогтолцоог шүүх тухай урьдчилан мэдэгдсэн байдаг (Илчлэлт 17:5; 18:21).

Гэрч ард түмэн

5. Ехова ямар ард түмнийг гэрчээ болгохоор эмхлэн байгуулсан бэ? Тэгвэл яагаад тэр ард түмнийг олзлуулсан бэ?

5 Ехова, Нимродын үеэс 500-аад жилийн дараа үнэнч Абрахамын үр удмыг дэлхий дээрх гэрч нь болж үйлчлэх Израилийн ард түмэн болгон эмхлэн байгуулжээ (Исаиа 43:10, 12). Энэ ард түмнээс олон онцгой хүн Еховад үнэнчээр үйлчилсэн. Гэвч Израиль хэдэн зууны туршид хөрш ард түмнийхээ сүсэг бишрэлд автан хуурамч бурхдыг шүтэх болж, Еховатай тогтоосон гэрээнээсээ буцжээ. Үүний улмаас МЭӨ 607 онд Небухаднезар хаанаар удирдуулсан бабилоны цэргүүд Иерусалим болон тэндэхийн дуганыг сүйтгэж, ихэнх еврейчүүд Бабилонд олзлогдсон.

6. Еховагийн зөгнөлийн харуул ямар сайн мэдээ тунхагласан бэ? Энэ нь хэзээ биелсэн бэ?

6 Хуурамч шашин аргагүй л ялалт байгуулжээ! Гэвч Бабилоны ноёрхол зуурдынх байв. Уг үйл явдал болохоос 200 орчим жилийн өмнө Ехова: «Яв. Манаач [«харуул», ШЕ] тавь. Тэр юу үзсэнээ илтгэг» хэмээн тушаажээ. Зарлан тунхаглах ямар мэдээ энэ харуулд байсан юм бол оо? «Бабилон унав, унав. Түүний бурхдын бүх дүрсүүд газар сайгүй хэвтэнэ» (Исаиа 21:6, 9). МЭӨ 539 онд зөгнөлийн үг үнэн болох нь батлагдсан. Хүчит Бабилон унаж, Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн удалгүй нутагтаа эргэн ирсэн.

7. а) Еврейчүүд Еховагийн илгээсэн шийтгэлээс юунд суралцсан бэ? б) Олзноос ирсэн еврейчүүд ямар урхинд орсон бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?

7 Еврейчүүд олзноос буцаж ирэх үедээ хуурамч бурхдыг шүтлэг болон спиритизмтэй хутгалдсан шашнаа орхих хангалттай их зүйлийг сурсан байв. Гэвч тэд он жилүүд улирахын хирээр өөр урхинд орсон. Заримыг нь Грекийн гүн ухаан урхидаж, зарим нь хүний ёс заншлыг Бурхны Үгнээс илүүд үзсэн. Харин зарим нь үндсэрхэх үзэлд автжээ (Марк 7:13; Үйлс 5:37). Есүсийг төрөх үед ард түмэн цэвэр ариун шүтлэгээс дахин нүүр буруулсан байв. Ганц нэг еврей хүн Есүсийн дэлгэрүүлж байсан сайн мэдээг хүлээж авч байсан боловч ард түмэн бүхэлдээ хэрэгсэж үзээгүйгээс болоод Бурхан ч тэднийг хэрэгссэнгүй (Иохан 1:9—12; Үйлс 2:36). Израиль цаашид Бурхны гэрч болж үйлчээгүй бөгөөд Иерусалим, түүний дуган МЭ 70 онд дахин сүйрсэн. Энэ удаа Ромын цэргүүд сүйтгэсэн билээ (Матай 21:43).

8. Хэн Еховагийн гэрч болсон бэ? Паулын хэлсэн сэрэмжлүүлэг яагаад цаг үеэ олсон байсан бэ?

8 Тэр үед Христийн дагалдагчдаас бүрддэг «Бурхны Израиль» төрсөн. Энэ нь одоо улс үндэстнүүдэд Бурхны гэрч болон үйлчилж байна (Галат 6:16). Сатан энэхүү шинэ, сүнслэг ард түмнийг бузарлахын тулд далдуур хөнөөх бодлогоо маш хурдан явуулж эхэлсэн. I зууны сүүлчээр хурлуудад тэрслэгчдийн нөлөө үзэгдэх болсон (Илчлэлт 2:6, 14, 20). «Та нарыг хэн нэг нь Христийн дагуу биш дэлхийн дадсан байдлуудын ба хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзолж магадгүй тул сэрэмжлэгтүн» гэж Паулын хэлсэн сэрэмжлүүлэг цаг үеэ олсон байв (Колоссай 2:8).

9. Паулын урьдчилан хэлснээр, «Христосын шашны ертөнц» бий болоход юу нөлөөлсөн бэ?

9 Эцэстээ Грекийн гүн ухаан, Бабилоны шашны санаанууд болоод хожим гарч ирсэн удамшил хувьслын онол болох хүний «мэргэн ухаан», мөн Библийг хүчтэй шүүмжлэх болсон зэрэг нь христосын шашинтан гэгддэг олон хүний сүсэг бишрэлийг бохирдуулсан. Энэ нь Паулын: «Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч мэдэж байна. Буруу зөрүүг зааж дагалдагчдаас заримыг нь өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» гэж урьдчилан хэлсэнчлэн болсон (Үйлс 20:29, 30). Ийнхүү урван тэрсэлсэн явдлын үрээр «Христосын шашны ертөнц» үүсэн бий болжээ.

10. «Христосын шашны ертөнцийн» бузарлагдсан шүтлэгийг бүх хүн хүлээж аваагүй гэдгийг ямар ямар үйл явдал харуулсан бэ?

10 Цэвэр ариун шүтлэгийг чин сэтгэлээсээ сонирхож байсан хүмүүс «ариун хүмүүст нэгэнтээ бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэх» хэрэгтэй байв (Иуда 3). Ингэснээр жинхэнэ шүтлэгийн талаар болон Еховагийн талаар гэрчлэхээ болино гэсэн үг үү? Үгүй ээ. Сатаны самуун тогтолцоог үйл хэрэгтэй нь хамт устгах цаг ойртоход, бүх хүн «Христосын шашны ертөнцийн» бузарлагдсан шүтлэгийг хүлээж аваагүй гэдэг нь илэрхий болсон. XIX зууны сүүлийн хагаст АНУ-ын Пенсильван мужийн Питсбург хотод Библийг үнэн санаанаасаа судлагчдын бүлэг байгуулагдаж, улмаар энэ нь Бурхны орчин үеийн гэрчийн ангийн цөм нь болсон. Эдгээр христосын шашинтнууд өнөөгийн дэлхийн тогтолцооны төгсгөл ойртсоныг нотлох Бичээсийн баримт нотолгоонд анхаарал хандуулсан. Библийн зөгнөл үнэн болж, энэ дэлхийн «төгсгөл» 1914 онд эхэлсэн ба үүний шинж тэмдэг нь дэлхийн нэгдүгээр дайн гэнэт дэгдсэнээр илэрсэн (Матай 24:3, 7). Энэ оноос хойш Сатан ба түүний албидын сүрэг тэнгэрээс доош хаягдсныг нотлох шил шилээ дарсан баттай баримтууд бий. Гай зовлонгоор дүүрсэн XX зуун нь Сатаны үйл ажиллагаа болон тэнгэрийн Хаанчлалын Хаан болсон Есүсийн засаглал тогтсон тухай шинж тэмдгийн гайхмаар биелэлийн тов тод нотолгоог өгсөн (Матай 24, 25-р бүлэг; Марк 13-р бүлэг; Лүүк 21-р бүлэг; Илчлэлт 12:10, 12).

11. Сатан ямар оролдлого хийсэн бэ? Гэвч түүний оролдлого хэрхэн бүтэлгүйтсэн бэ?

11 Хэд хэдэн оронд дэлгэрүүлэх ажил хийчихээд байсан Библи Судлаачдад Сатан галзууртлаа уурлан, 1918 оны 6-р сард тэднийг үгүй хийх оролдлого хийсэн. Мөн тэдний хууль эрхийн байгууллага болох «Харуулын цамхаг нийгэмлэг»-ийг устгахыг оролдсон. Нийгэмлэгийн албаны хүмүүс, I зууны Есүсийн нэгэн адил, үймээн самуунд өдөөн хатгасан гэсэн хилс хэргээр шоронд хоригдов (Лүүк 23:2). Гэвч 1919 онд уг албаны хүмүүсийг суллан, цаашид Бурханд үйлчлэхийг нь зөвшөөрсөн юм. Хожим нь тэднийг бүрэн цагаатгасан билээ.

Харуулын цамхаг дээрх «харуул»

12. Өнөөдөр харуулын ангийг хэн бүрдүүлдэг ба тэд хэрхэн ханддаг вэ?

12 «Төгсгөлийн цаг үе» эхэлсэн тэр цагт Ехова харуулыг дахин тавьсан. Энэхүү харуул нь Түүний санаа зорилго биелэхтэй холбоотой үйл явдлуудын талаар хүмүүст урьдчилан сануулсан (Даниел 12:4, ШЕ; 2 Тимот 3:1). Энэ өдрийг хүртэл харуулын анги буюу тослогдсон христосын шашинтууд болох «Бурхны Израиль» Исаиагийн үгийн дагуу үйл хэргээ явуулж байна. Тэрээр бэлгэдлийн утга бүхий зөгнөлийн харуулыг ийн дүрслэн бичжээ. «Тэгээд манаач [«харуул арслан адил», ШЕ] ийн хашхирав. ”Эзэн минь. Би өдөр бүр харуулын цамхаг дээр, шөнө бүр манааны байрандаа зогсож байна“» (Исаиа 21:7, 8). Тийм ээ, энэ «харуул» үүрэг даалгавартаа анхааралтай ханддаг!

13. а) Еховагийн тавьсан харуул юуг зарлан тунхагласан бэ? б) «Агуу их Бабилон» унасан гэж яагаад хэлж болох вэ?

13 Харуул юу харсан бэ? Еховагийн дахин тавьсан харуул буюу түүний гэрчийн анги: «Бабилон унав, унав. Түүний бурхдын бүх дүрсүүд газар сайгүй хэвтэнэ» гэж зарлав (Исаиа 21:9). Харин энэ удаад, дэлхийн нэгдүгээр дайны дараа, хуурамч шашны дэлхийн гүрэн болох «Агуу их Бабилон» эрх мэдлийнхээ өндөрлөгөөс унав (Иеремиа 50:1—3; Илчлэлт 14:8). Үүнд гайхах юм алга! Тухайн цагтаа их дайн гэж нэрлэгдэж байсан дэлхийн нэгдүгээр дайн нь Христосын шашны ертөнцөд эхэлсэн юм. Учир нь хоёр талын шашны удирдагчид гал дээр тос нэмэн, залуу үеийнхээ сор нь болсон эрчүүдийг нуувчид орж тулалдахыг сургаал номлолдоо айлддаг байв. Ямар шившигтэй явдал вэ! 1919 онд Еховагийн Гэрчүүд буюу тухайн үеийн Библи Судлаачид идэвхгүй байдлаасаа гарч, өнөөг хүртэл үргэлжилж буй дэлхий даяар дэлгэрүүлэх ажлаа эхлэхэд нь «Агуу их Бабилон» саад учруулж чадсангүй (Матай 24:14). Энэ нь МЭӨ 6-р зуунд Израиль чөлөөлөгдөхөд эртний Бабилон нуран унасныг харуулсантай адилхан «Агуу их Бабилон» унасны тэмдэг болов.

14. Еховагийн тавьсан харуулын анги ямар сэтгүүлийг өргөн ашигладаг вэ? Уг сэтгүүл ашиглахыг Ехова хэрхэн ивээдэг вэ?

14 Харуулын анги ямагт зөв бүхнийг хийхийг хүсэн, хичээл зүтгэлтэйгээр үүрэг даалгавраа биелүүлж ирсэн билээ. 1879 оны 7-р сард Библи Судлаачид энэхүү сэтгүүлийг «Сиооны харуулын цамхаг буюу Христийн засаглалыг мэдээлэгч» гэсэн нэрийн дор анх гаргасан юм. 1879 оноос 1938 оны 12-р сарын 15 хүртэл сэтгүүлийн дугаар болгоны хавтас дээр «Харуул аа. Одоо шөнийн хэдэн цаг вэ?» гэсэн үгс байдаг байлаа (Исаиа 21:11, ШЕ). «Харуулын цамхаг» сэтгүүл 120 жил дэлхий дахины үйл явдлыг ажиглаж, тэдгээрийн зөгнөлийн утгыг тайлбарлаж байна (2 Тимот 3:1—5, 13). Уг сэтгүүлийн тусламжтайгаар Бурхны томилсон харуулын анги болон түүний хамтрагч «өөр хонинууд» тун удахгүй Христийн Хаанчлал Еховагийн эрх мэдлийг зөвтгөнө гэдгийг хүн төрөлхтөнд идэвхийлэн зарлаж байна (Иохан 10:16). Энэ «гэрчийг» Ехова ивээсэн үү? «Харуулын цамхаг» сэтгүүл 1879 онд 6 000 хувь хэвлэгдэн гарч байсан бол одоо дэлхийн 132 хэлээр 22 000 000 гаруй хувиар, тэгэхдээ нэгэн зэрэг 121 хэлээр гарах болжээ гэдгээс та бүхэн өөрсдөө шүүн тунгаана уу. Дэлхийн хамгийн өргөн тархсан шашны сэтгүүл жинхэнэ Бурхан Еховагийн нэрийг мандуулан алдаршуулдаг нь юутай зохистой вэ!

Шатчилсан цэвэрлэгээ

15. 1914 оноос өмнө шатчилсан ямар цэвэрлэгээ эхэлсэн бэ?

15 1914 онд Христийн тэнгэрийн засаглал эхлэх хүртлэх 40 орчим жилийн хугацаанд Библи Судлаачид Христосын шашны ертөнцийн балчир хүүхдэд баптисм хүртээх, хүний үхэшгүй мөнхийн сүнс, ариусгалын орон, тамын галд тарчлах, Гурвалын тухай гэх мэт Библийн бус олон сургаалаас чөлөөлөгдсөн билээ. Гэхдээ энэ бүх буруу ойлголтоос салж ангижрахад их хугацаа шаардлагатай байсан. 1920-иод онд Библи Судлаачид загалмай ба титэм бүхий дүрстэй тэмдэг зүүж, Христосын мэндэлсний болон хуурамч шашны бусад баяр тэмдэглэдэг байсан. Гэвч шүтлэгийг цэвэр ариун болгохын тулд хиймэл шүтээнтэй холбоотой бүх сургаал, ёс заншлаас салах шаардлагатай байсан. Жинхэнэ итгэл хийгээд амь нь нэг үндэс болох Бурхны Үг буюу Библид тулгуурлах ёстой (Исаиа 8:19, 20; Ром 15:4). Бурхны Үгэнд юу ч нэмж, мөн түүнээс юу ч хасаж болохгүй (Дэд хууль 4:2; Илчлэлт 22:18, 19).

16, 17. а) Хэдэн арван жилийн туршид харуулын анги ямар буруу ойлголттой байсан бэ? б) «Египет» дэх «тахилын ширээ» болон «баганы» тухай зөв тайлбар юу вэ?

16 Энэ зарчим хичнээн чухал болох нь дараах нэгэн жишээнээс харагдаж байна. 1886 онд Ч. Т. Расселл «Бурхны эрин зууны төлөвлөгөө» гэсэн нэртэй ном хэвлүүлсэн. Энэ боть номд хүн төрөлхтний хөгжлийн үе шатыг Египетийн пирамидтай харьцуулсан жишиг зургийг хавсаргажээ. Фарао Хуфуд зориулсан хөшөө нь Исаиа 19:19, 20-д: «Тэр өдөр Египетийн газар нутгийн төвд Эзэнд нэг тахилын ширээ засагдах бөгөөд, хил хязгаарынх нь дээр Эзэнд нэг багана босгогдоно. Энэ бол Египетийн нутагт түмэн цэргийн Эзний тэмдэг, гэрчлэл болно» хэмээсний тэр «багана» мөн гэж үзжээ. Уг пирамид болон Библийн хооронд ямар уялдаа холбоо байж болох вэ? Жишээлбэл тэрхүү пирамидын зарим хонгилын урт нь Матай 24:21-ийн «агуу их гамшиг» эхлэх цагийг зааж байна гэж тэр үед ойлгодог байжээ. Библи Судлаачдын зарим нь чухам хэзээ тэнгэрт гарахаа мэдэх гэсэн хүсэлд автан, пирамидыг хэмжихээр улайрч байсан нь бий.

17 1928 оны 12-р сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлд Библийн гэрчлэлийг батлахийн тулд Еховад харь үндэстний фараогийн чулуугаар барьсан, албидын зурхайн дүрс тэмдэг бүхий ямар ч хөшөө хэрэггүй гэдгийг тайлбарлах хүртэл энэхүү «Чулуун Библи» нь хэдэн арван жилийн туршид үнэ хүндтэй байсан юм. Исаиагийн зөгнөл нь сүнслэг утгатай гэдэг нь тэгэхэд тодорхой болсон. Илчлэлт 11:8-д дурдсан «Египет» бол Сатаны дэлхийн бэлгэдэл юм. «Эзэнд засагдах тахилын ширээ» нь энэ дэлхий дээр одоохондоо түр зуурын суугчид адил амьдарч буй тослогдсон христосын шашинтнуудын өргөдөг тохиромжтой тахилуудыг бидэнд сануулдаг (Ром 12:1; Еврей 13:15, 16). «[Египетийн] хил хязгаарынх нь дээрх» багана гэдэг нь тослогдсон христосын шашинтнуудын хурал юм. Тэд удахгүй орхин одох гэж буй дэлхий буюу «Египет»-д гэрч болон зогсож буй «үнэний тулгуур хийгээд багана» билээ (1 Тимот 3:15, ШЕ).

18. а) Библийг чин сэтгэлээсээ судалдаг хүмүүст Ехова хэрхэн илүү үнэн зөв ойлголт өгсөөр байна вэ? б) Хэрэв христосын шашинтан хүнд Библийн шинэ тайлбарыг ойлгоход бэрхтэй байвал яах нь зөв бэ?

18 Он цаг улиран өнгөрсөөр Ехова бидэнд үнэнийг болоод өөрийнх нь зөгнөлийн үгсийг илүү гүнзгий ойлгуулсаар байна (Сургаалт үгс 4:18). Сүүлийн жилүүдэд, төгсгөл болохоос нааш өнгөрөн одохгүй үеийнхэн, хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэл, ариун газар дээрх бузар юм ба байх хугацаа, шинэ гэрээ, Есүсийн хувирал, «Езекиел» номд гардаг дуганы тухай үзэгдэл гэх мэтийн асуудлуудыг илүү гүнзгий ойлгох шаардлагатай болсон. Энэ мэт нарийвчилж тодруулсан тайлбарыг ойлгоход заримдаа амаргүй ч, тэдгээр нь ямар учраас хэрэгтэй вэ гэдэг нь цагаа болохоор тодорхой болно. Хэрэв христосын шашинтан хүн Библийн зүйлийн шинэ тайлбарыг бүрэн гүйцэд ойлгохгүй бол «би авралынхаа Бурхнаа хүлээнэ» гэсэн зөнч Микагийн үгийн дагуу байвал зөв болно (Мика 7:7, ШЕ).

19. Тослогдсоноос үлдэгсэд болон тэдний хамтрагч болох «өөр хонинууд» сүүлчийн өдрүүдэд арслангийн эр зоригоо хэрхэн харуулдаг вэ?

19 Харуул «[«арслан адил», ШЕ] ийн хашгирав. ”Эзэн минь. Би өдөр бүр харуулын цамхаг дээр, шөнө бүр манааны байрандаа зогсож байна“» гэдгийг санацгаая (Исаиа 21:8). Арслангийн эр зориг бүхий, тослогдсоноос үлдэгсэд хуурамч шашныг илчилж, хүмүүст эрх чөлөөнд хүрэх замыг заадаг (Илчлэлт 18:2—5). «Итгэлтэй мэргэн боол» буюу тэд Библи, сэтгүүлүүд болон өөр хэвлэлүүдийг олон хэлээр хөрвүүлэн гаргаж, «цагт нь хоол ундыг» өгдөг билээ (Матай 24:45). Тэд «үндэстэн бүрээс, бүх удмаас, бүх ард түмнээс, бүх хэлний ... үй олон хүмүүсийг» цуглуулах ажлыг тэргүүлдэг. Тэд ч мөн Есүсийн золиосын цусаар цэвэр болж, «[Бурханд] аймшиггүйгээр өдөр шөнөгүй үйлчилдэг» юм (Илчлэлт 7:9, 14, 15). Одоохондоо амьд байгаа тослогдсон Еховагийн Гэрчүүдийн багахан хэсэг болон тэдний хамтрагчдын ажлын үр дүн өнгөрсөн жилд ямар байв аа? Энэ талаар дараагийн нийтлэлд өгүүлнэ.

Та санаж байна уу?

Ехова өөрийн гэрчээр олон жилийн турш хэнийг томилсон бэ?

«Агуу их Бабилоны» эх үүсвэр нь юу вэ?

Ехова ямар учраас өөрийн гэрч ард түмний нийслэл хот Иерусалимыг МЭӨ 607 онд болон МЭ 70 онд сүйрүүлэхийг зөвшөөрсөн бэ?

Еховагийн тавьсан харуулын анги болон тэдний хамтрагчид ямар сэтгэлгээтэй вэ?

[Догол мөрийн асуулт]