«Сэргэг бай»!
«Сэргэг бай»!
«Тиймээс сэргэг бай. Учир нь Эзэн тань хэзээ ирэхийг та нар мэдэхгүй» (МАТАЙ 24:42).
1. Еховад эртнээс өөрсдийгөө зориулсан үйлчлэгчид олон жил үйлчилчихээд байгаагаа хэрхэн үздэг вэ? Жишээ татна уу.
ЕХОВАД өөрсдийгөө аль эрт зориулсан олон үйлчлэгч бага залуу насандаа үнэнийг мэдсэн байдаг. Эдгээр идэвхтэй Библи судлаачид ихэд үнэтэй ширхэг сувд олоод, түүнийг худалдаж авахын тулд байгаа бүхнээ зарсан худалдаачин хүний адил өөрсдийгөө үгүйсгэн Еховад амь амьдралаа зориулсан юм (Матай 13:45, 46; Марк 8:34). Бурхан дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэхийг нь бодож байснаасаа ч илүү удаан хүлээх хэрэгтэй гэдэгтээ тэд хэрхэн ханддаг вэ? Тэдэнд харамсах юм үгүй! Тэд, Бурханд 60 жил шахуу үнэнчээр үйлчилсэн А.Х.Макмиллан ахын үзэл бодолтой санал нийлдэг. Макмиллан ах: «Итгэлийнхээ дагуу амьдрах хүсэл маань миний дотор урьд хожид байгаагүй их хүчтэй байна. Энэ нь миний амьдралыг утга учиртай болгодог юм. Ирээдүйгээ сайн сайхнаар харахад минь урьдын адил надад тусалсаар байна» гэж хэлсэн юм.
2. а) Есүс дагалдагчдадаа цаг үеэ олсон ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Энэ нийтлэлд ямар ямар асуудлыг авч үзэх вэ?
2 Тэгвэл таны талаар юу хэлж болох вэ? Та хэдэн настай ч байсан хамаагүй, Есүсийн хэлсэн дараах үгийг бодож үзээрэй. «Тиймээс сэргэг бай. Учир нь Эзэн тань хэзээ ирэхийг та нар мэдэхгүй» (Матай 24:42). Энэ энгийн үг нь дотроо тун чухал үнэнийг багтаажээ. Бид Эзнийг хэзээ ирээд энэ ёс бус тогтолцоог яллахыг мэдэхгүй, бидэнд мэдэх ч хэрэг байхгүй. Харин Эзнийг ирэхэд юунд ч харамсах юмгүй амьдарч, аж төрөх хэрэгтэй. Библийн ямар ямар жишээ биднийг сэргэг байхад туслах вэ? Сэргэг байх шаардлагатай гэдгийг Есүс хэрхэн үзүүлсэн бэ? Энэ сүжиггүй дэлхийн сүүлчийн өдрүүдэд амьдарч байгааг маань ямар зүйл баталдаг вэ?
Сэрэмжлүүлэх жишээ
3. Өнөөдөр олон хүн Ноагийн үеийнхэнтэй юугаараа адилхан бэ?
3 Хүмүүс өнөөдөр олон талаараа Ноагийн үед амьдарч байсан эрчүүд, эмэгтэйчүүд шиг байна. Тэр үед дэлхий харгис хэрцгий явдлаар дүүрч, хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл бодол «ямагт муухай» байжээ (Эхлэл 6:5). Ихэнх нь өдөр тутмын аж амьдралдаа дарагдсан байв. Гэлээ ч Ехова их Усан галав болохоос өмнө гэмших боломжийг хүмүүст олгосон. Ехова Ноад дэлгэрүүлэх ажил хийхийг даалгахад Ноа ёсчлон дагаж 40—50 жил, магадгүй, түүнээс ч удаан хугацаагаар «зөвийг сонордуулагч [«дэлгэрүүлэгч», ШЕ]» хийж байсан (2 Пэтр 2:5). Гэвч хүмүүс Ноагийн хэлсэн сэрэмжлүүлгийг хайхарч үзээгүй, сэргэг байгаагүй гэдэг нь Еховаг тогтоолоо гүйцэтгэсний дараа Ноа гэр бүлийнхэнтэйгээ амьд үлдсэнээс харагддаг (Матай 24:37—39).
4. Ноагийн үйлчлэл яагаад дэмий хоосон байгаагүй вэ? Таны дэлгэрүүлэх үйлчлэлийн талаар мөн тэгж хэлж болохын учир юу вэ?
4 Ноагийн үйлчлэл амжилттай байсан гэж хэлж болох уу? Цөөхөн хэдэн хүний хариулт дээр үндэслэж дүгнэлт гаргахаа бүү яараарай. Үнэн хэрэгтээ, Ноагийн дэлгэрүүлэх ажил хэдэн хүн хүлээж авснаас хамаарахгүйгээр зорилгоо биелүүлсэн. Яагаад? Яагаад гэвэл, уг ажил нь тэдэнд, Еховад үйлчлэх эсэхээ сонгох боломж олгож өгсөн юм. Тэгвэл таны хэсэгт ажил хэрэг хэр бүтэмжтэй байна вэ? Маш цөөхөн хүн хүлээж авлаа ч гэсэн таны үйлчлэл дэмий хоосон биш ээ. Яагаад? Учир нь гэвэл та Еховагийн анхааруулгыг тунхаглан дэлгэрүүлснээрээ дагалдагчдадаа өгсөн Есүсийн тушаалыг биелүүлж байгаа хэрэг (Матай 24:14; 28:19, 20).
Бурхны зөнчдийг басамжлан доромжилсон нь
5. а) Хабаккукийн үед Иудей ямар байдалтай байв? Түүний зөгнөсөн үгэнд хүмүүс хэрхэн хандсан бэ? б) Иудейн ард түмэн Бурхны зөнчдөд аль хэр дайсагнан хандсан бэ?
5 Усан галаваас хойш хэдэн зуун жилийн дараа Иудейн хаант улсын байдал аюултай болж ирсэн. Хиймэл шүтээн шүтэх, шударга бус байдал, дарлал мөлжлөг, тэр ч байтугай аллага хүртэл хэвийн үзэгдэл болсон. Ехова, гэмшихгүй бол халдейчүүд буюу бабилончуудаас гай зовлон ирнэ гэдгийг анхааруулахаар Хабаккук зөнчийг ард олон уруу явуулсан. Гэвч ард олон үг дуулсангүй. Магадгүй, хүмүүс: «Хабаккукаас 100 жилийн өмнө зөнч Исаиа ижил анхааруулга өгч л байсан шүү дээ. Гэтэл юу ч болсонгүй!» гэлцэж байсан байх (Исаиа 39:6, 7). Иудейн албаны олон хүн анхааруулгыг эс хайхраад зогсоогүй зөнчдөд өөрсдөд нь дайсагнан хандаж байв. Тэд нэг удаа Иеремиа зөнчийг алахыг оролдсон боловч Ахикам өмгөөлсөн тул алж чадаагүй. Өөр нэгэн зөнчийн мэдээнд хилэгнэсэн Ехой-Аким хаан, Уриа зөнчийг сэлэмдэж алах зарлиг буулгажээ (Иеремиа 26:21—24).
6. Ехова Хабаккукийг яаж бэхжүүлсэн бэ?
6 Иудейн 70 жилийн хоосролыг урьдчилан хэлсэн Иеремиа зөнчийн мэдээг бодвол Хабаккукийн мэдээ нь илүү тод илчилсэн бөгөөд олонд дэлгэрээгүй байсан (Иеремиа 25:8—11). Тиймд Бурхнаас тусламж хүсэн: «Эзэн минь, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? «Хүчирхийлэл!» хэмээн ориловч Та авран хамгаалахгүй юм» гэж дуудсан Хабаккукийн гансрал бидэнд ойлгомжтой юм (Хабаккук 1:2). Ехова итгэл бэхжүүлэх дараах үгийг Хабаккукт хэлж энэрэл үзүүлсэн. «Энэ үзэгдэл нь тогтоосон цагтай. Энэ нь төгсгөлийг зааж буй бөгөөд худал үгс биш юм. Тэр хэдий удах боловч түүнийг тэвчин хүлээгтүн! Учир нь энэ нь саадгүй биелнэ. Энэ нь хоцрохгүй» (Хабаккук 2:3, ШЕ). Тийнхүү Ехова шударга бус байдал, дарлал мөлжлөгийг арилгах «тогтоосон цаг»-тай байв. Хабаккукт энэ цаг саатаж буй мэт санагдсан бол гуньж гутарсны ч, үйл ажиллагааныхаа идэвхийг сулруулах ч хэрэггүй байсан. Өдөр бүр яарах сэтгэлээр амьдарч, «хүлээх» хэрэгтэй байв. Еховагийн өдөр хоцрохгүй!
7. МЭ I зуунд Иерусалимыг дахин сүйрэх болоод байсны учир юу вэ?
7 Ехова Хабаккуктай ярьснаас хойш 20-иод жилийн дараа Иудейн нийслэл Иерусалим сүйрсэн. Сүүлд түүнийг сэргээн босгосон бөгөөд Хабаккукийн сэтгэлийг тэгтлээ их зовоож байсан олон зүйлийг засаж сайжруулсан. Гэвч оршин суугчдын итгэлгүй байдлаас болоод МЭ I зуунд энэ хот дахин сүйрэх болоод байлаа. Ехова энэрэнгүй Бурхан болохоороо зөв хүмүүсийг аврах талаар анхаарсан. Энэ удаа хамгийн гарамгай зөнч Есүс Христ мэдээ дамжуулах даалгавар авсан байв. МЭ 33 онд Есүс дагалдагчдадаа: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг харахдаа эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгсад нь уул өөд зугтаг» гэж хэлсэн (Лүүк 21:20, 21).
8. а) Есүсийг нас барснаас хойш хэсэг хугацааны дараа зарим христосын шашинтанд юу тохиолдсон бэ? б) Иерусалимын тухай зөгнөсөн Есүсийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
8 Он жил өнгөрч, Иерусалимд оршин сууж байсан үнэнч христосын шашинтнууд Есүсийн зөгнөл хэзээ биелэхийг сонирхож байсан нь магад. Тэдний нэг хэсэг нь томоохон золиос болсон билээ. Зарим нь сэргэг байх гэсэн шийдэмгий байдлаасаа болоод ажил хэргийн ашигтай саналаас татгалзсан ч байж мэднэ. Тэд аажимдаа эцэж туйлдсан болов уу? Цаг хугацааг дэмий үрж байна, эсвэл Есүсийн хэлсэн үг өөрсдөд нь биш, ирээдүй үеийнхэнд хамаатай гэж дүгнэсэн үү? МЭ 66 онд Ромын цэргүүд Иерусалимыг бүслэхэд Есүсийн зөгнөл биелж эхэлсэн. Сэргэг байсан хүмүүс биелж буй зөгнөлийг хараад, хотоос зугтан амьд үлдэж чадсан.
Сэргэг байх жишээ
9, 10. а) Эзэн нь хуримын найраасаа ирэхийг хүлээж байгаа боолуудын тухай Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийн гол утгыг та юу гэж хэлэх вэ? б) Ямар учраас боолуудад эзнийгээ хүлээх нь хэцүү байж болох байсан бэ? в) Тэвчээртэй байх нь боолуудад яагаад тустай байсан бэ?
9 Есүс сэргэг байх шаардлагатайг онцлон тэмдэглээд, шавь нараа эзэн нь хуримын найраасаа эргэж ирэхийг хүлээж байгаа боолуудтай зүйрлэсэн. Тэд түүнийг нэг орой юм уу шөнө хүрээд ирнэ гэдгийг мэдэж байсан ч шөнийн эхний манааны үед үү, хоёр дахид уу, гурав дахид уу? Яг хэзээ ирэх вэ? гэдгийг мэдэхгүй байсан. Есүс: «Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэр боолууд нь ерөөлтэй» гэж хэлсэн (Лүүк 12:35—38). Боолуудын сэтгэл хэрхэн догдолж байсныг төсөөлөөд үз дээ! Тэд „энэ эзэн мөн үү?“ хэмээн сүүдэр бүрийг ажиж, чимээ анир болгоныг чагнаж байсан.
10 Хэрэв эзэн шөнийн хоёр дахь манааны үед буюу оройн 9 цагаас шөнийн 12 цагийн хооронд ирсэн бол яах вэ? Өглөөнөөс авахуулаад үдэш орой болтол ажилласан боолуудыг оруулаад бүх боол нь түүнийг угтахад бэлэн байсан бол, эсвэл тэдний зарим нь зүүрмэглэж байсан бол яах вэ? Эсвэл эзэн шөнө дундаас шөнийн 3 цагийн хооронд, гурав дахь манааны үед ирсэн бол яах вэ? Зарим боол нь хүлээж ядаад цөхрөн, эзнээ саатжээ гэж бодоод дүргүйцлээ илэрхийлэхгүй байсан гэж үү? * Эзнээ ирэх үед нь сэргэг байсан боолуудыг л ерөөлтэй буюу жаргалтай боолууд гэж болно. Тэдний тухайд: «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол биелсэн хүсэл амийн мод болой» гэсэн Сургаалт үгс 13:12-ыг хэлж болно.
11. Сэргэг байхад маань залбирал хэрхэн туслах вэ?
11 Эзэн нь саатаж байгаа мэт санагдсан тэр цагт Есүсийн дагалдагч нарт сэргэг байхад нь юу тус болсон бэ? Есүс баригдахынхаа өмнө Гэтсээман цэцэрлэгт байхдаа гурван элчдээ: «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир» гэж хэлсэн (Матай 26:41). Энэ үед тэнд байсан Пэтр хэдэн жилийн дараа итгэл нэгт христосын шашинтнууддаа мөн адил зөвлөгөө өгчээ. Тэрээр: «Бүхний төгсгөл дэргэд ирчихээд байна. Иймд эрүүл ухаантай байж, залбиралдаа эрүүл байгтун» хэмээжээ (1 Пэтр 4:7). Тийм ээ, байнгын залбирал бол христосын шашинтны амьдралын салшгүй хэсэг болох ёстой. Сэргэг байхад маань туслаач гэж бид Еховагаас байнга гуйх ёстой (Ром 12:12; 1 Тэсалоник 5:17).
12. Хэт ихээр тооцоолох болон сэргэг байх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
12 Тэрчлэн: «Бүхний төгсгөл дэргэд ирчихээд байна» гэж хэлсэн Пэтрийн үгийг анхаарагтун. Хэр зэрэг ойрхон ирчихээд байна вэ? Тодорхой нэг өдөр, цагийг тооцож гаргах гэж оролдох нь ашиггүй (Матай 24:36). Харин, Библийн сайшаадаггүй хэт их тооцоо тооллогыг Библийн хөхүүлэн дэмждэг төгсгөлийг хүлээх явдлаас ялгаж үзэх хэрэгтэй (2 Тимот 4:3, 4; Тит 3:9 харьцуулна уу). Бид төгсгөлийг хэрхэн хүлээж болох вэ? Төгсгөл ойртсоныг заах нотолгоонуудад анхаарах хэрэгтэй. Бид энэ ёс бус дэлхийн сүүлчийн өдрүүдэд амьдарч байна гэдгийг харуулдаг зургаан баталгааг авч үзье.
Үнэмшил төрүүлэм зургаан баталгаа
13. «2 Тимот» номын 3-р бүлэгт бичсэн зөгнөл бид «сүүлчийн өдрүүдэд» амьдарч байна гэдгийг хэрхэн баталж байна вэ?
13 Нэг. Бид элч Паулын «сүүлчийн өдрүүдийн» тухай үг биелж буйг тод харж байна. Паул: «Сүүлчийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Чи үүнийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, тогтворгүй, хэрцгий, сайныг үзэн явагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид байх болно. Ингэхдээ хүчийг нь татгалздаг атлаа гадна талдаа сүсэгтэй хүний дүртэй байна. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Харин муу хүмүүс, мэхлэгчид бүр мууд амжилт олно. Ингэхдээ тэд мэхлэгч ба мэхлэгдэгч байх аж» гэж бичжээ (2 Тимот 3:1—5, 13). Энэхүү зөгнөл өнөө үед биелж буйг бид харахгүй байна гэж үү? Баримтыг үл ойшоодог хүн л үүнийг үгүйсгэх болно!
14. Илчлэлт 12:9-т байдаг Диаболын тухай үгс одоо хэрхэн биелж байна вэ? Удахгүй түүнд юу тохиолдох вэ?
14 Хоёр. Илчлэлт номын 12:9-н зөгнөл биелж, Сатан болон түүний албид тэнгэрээс хаягдсаны хор уршгийг бид харж байна. Тэнд: «Өнөөх агуу том луу, эрт цагийн могой, бүх ертөнцийг мэхлэгч буг [«Диабол», ШЕ] ба Сатан гэгдэгч доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Элчүүд нь түүний хамт доош хаягдав» гэж байдаг. Энэ нь дэлхийд их гай зовлон авчирсан. Үнэхээр ч, 1914 оноос эхлэн хүн төрөлхтөн их гай гамшиг амсаж байна. Түүнчлэн, Илчлэлт номын зөгнөлд Сатан «өөрт нь бага хугацаа байгааг» мэддэг гэж байдаг (Илчлэл 12:12). Энэ үед Сатан Христийн тослогдсон дагалдагчидтай дайтаж байна (Илчлэл 12:17). Энэ цаг үед тэрээр хэрхэн дайрч довтолж байгааг бид харж байгаа нь гарцаагүй. Гэвч удахгүй Сатаныг ёроолгүй нүхэнд хаяж, «үндэстнүүдийг дахин мэхлүүлэхгүй» юм (Илчлэл 20:1—3).
15. Илчлэлт 17:9—11-т бичигдсэн зүйл бид төгсгөлийн үед амьдарч байна гэдгийг хэрхэн баталж байна вэ?
15 Гурав. Бид Илчлэлт 17:9—11-н зөгнөлийн найм дахь бөгөөд сүүлчийн «хааны» үед амьдарч байна. Уг зөгнөлд элч Иохан дэлхийн долоон эзэнт гүрэн болох Египет, Ассир, Бабилон, Меде-Перс, Грек болон Англи-Америкийг бэлэгдсэн долоон хааны тухай дурдсан байдаг. Тэрчлэн, Иохан «долоогийн нэг нь» болох найм дахь хааныг харжээ. Иоханы үзэгдлийн найм дахь нь буюу сүүлчийн хаан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагыг төлөөлжээ. Иохан найм дахь хааныг «сүйрэл уруу явна» гээд, цааш нь өөр ямар ч хааны тухай дурдсангүй.
16. Небухаднезарын үзэгдлийн биелэлийг гэрчлэх ямар баримтууд биднийг сүүлчийн өдрүүдэд амьдарч байна гэдгийг харуулдаг вэ?
16 Дөрөв. Бид Небухаднезарын үзэгдэлд гардаг баримал хөшөөний хөлөөр бэлэгдсэн үед амьдарч байна. Зөнч Даниел хүний дүрстэй асар том баримал хөшөө гардаг зүүдний утгыг тайлбарласан (Даниел 2:36—43). Толгойноос нь эхлээд (Бабилоны эзэнт гүрэн) хөл болон хөлийн хуруунуудаар дууссан (өнөөдөр засаглаж буй засгийн газрууд) баримал хөшөөний метал дөрвөн хэсэг нь дэлхийн янз бүрийн эзэнт гүрнүүдийг заадаг. Баримал хөшөөний бэлэгддэг эзэнт гүрнүүд аль хэдийнээ илэрхий болсон билээ. Бид баримал хөшөөний хөлөөр бэлэгдсэн үед амьдарч байна. Энэ зөгнөлөөр бол өөр эзэнт гүрэн дахин буй болохгүй юм.
17. Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлж байгаа ажил маань биднийг сүүлчийн цаг үед амьдарч буйг хэрхэн нотолдог вэ?
17 Тав. Бид дэлхий даяар дэлгэрүүлэх ажил явагдаж байгааг харж байна. Есүсийн үгээр бол энэ нь эд юмсын тогтолцооны төгсгөл ойрхон буйн тэмдэг мөн. Есүс: «Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх ард түмэнд гэрчлэл болж дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ. Дараа нь төгсгөл ирнэ» гэж хэлсэн (Матай 24:14). Өнөөдөр энэхүү зөгнөл биелж буй нь хэзээ хэзээнээс илүүтэй тод харагдаж байна. Сайн мэдээ түгж хүрээгүй газар нутаг байгаа хэдий ч Еховагийн товлосон цагт улам өргөн хүрээтэй үйл ажиллагааны өргөн хаалга нээгдэж болох юм (1 Коринт 16:9). Тэгэвч, дэлхийн бүх хүн нэгбүрчлэн мэдээг сонстол Ехова хүлээнэ гэж Библид байдаггүй. Сайн мэдээ Еховагийн санаанд хүртэл дэлгэрүүлэгдэх бөгөөд дараа нь төгсгөл ирнэ (Матай 10:23 харьцуулна уу).
18. «Агуу их гамшиг» эхлэхэд зарим тослогдогсод хаана байж магадгүй вэ? Ямар учраас ийн хэлж болох вэ?
18 Зургаа. Есүсийн тослогдсон дагалдагчдын тоо цөөрч байгаа хэдий ч тэдний зарим нь агуу их гамшиг эхлэхэд дэлхий дээрээ байх бололтой. Тослогдсон христосын шашинтнуудын ихэнх нь өнөөдөр нас дээр гарч, үлдэгдэлд харьяалагддаг хүмүүсийн тоо цөөрсөөр байна. Есүс агуу их гамшгийн талаар ярихдаа: «Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол ямар ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогсдын төлөө тэр өдрийг богиносгох юм» гэж тэмдэглэжээ (Матай 24:21, 22). Христийн «сонгогсдын» зарим нь агуу их гамшиг эхлэхэд дэлхий дээрээ байх бололтой. *
Өмнө маань юу хүлээж байна вэ?
19, 20. Ямар учраас бид өнөөдөр хэзээ хэзээнээс илүү сэргэг байх хэрэгтэй вэ?
19 Ирээдүй бидэнд юу авчрах вэ? Өмнө маань сэтгэл догдлом цаг үе бий. Паул: «Эзний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирнэ» хэмээн урьдчилан сануулжээ. Тэрээр дэлхийн мэргэн ухаан бүхий хүмүүсийн талаар өгүүлэхдээ: «Хүмүүс „амар тайван аюулгүй байдал“ гэж ярих үед, тэдэн дээр сүйрэл гэнэт ирнэ» хэмээжээ. Иймд Паул уншигчдадаа: «Тиймээс бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байя» гэж уриалжээ (1 Тэсалоник 5:2, 3, 6). Үнэндээ бол хүний байгууллага энх амгалан болоод аюулгүй байдлыг хангана гэж үздэг хүмүүс бодит байдлыг үл тоомсорлодог билээ. Тийм хүмүүс үнэхээр л дуг нойрондоо дугжирч байна даа.
20 Энэ эд юмсын тогтолцоог устгах цаг нь огт санамсаргүй байхад эхэлнэ. Учир иймээс Еховагийн өдрийг хүлээхээ бүү болиорой. Бурхан өөрөө Хабаккукт «Энэ нь хоцрохгүй» гэж хэлсэн билээ. Үнэхээр ч бид өнөөдөр хэзээ хэзээнээс илүү сэргэг байх учиртай.
[Зүүлт]
^ Эзэн уулзалтын талаар боолуудтайгаа цаг тохироогүй. Иймээс тэрээр саатсан шалтгаанаа боолууддаа тайлбарлах албагүйн адил хэзээ ирж, хэзээ явахаа тайлагнах албагүй байлаа.
^ Хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлд Хүний Хүү агуу их гамшгийн үед алдраа дуурьсган ирээд, хаан ширээнд суун шүүх болно гэж байдаг. Тэрээр хүмүүсийг шүүхдээ тослогдсон ах дүү нарыг нь дэмжиж байсан уу үгүй юу гэдгийг үндэслэх болно. Ингэж шүүхээс нь өмнө Христийн тослогдсон ах дүү нараас нэг нь ч дэлхий дээр байхгүй байвал иймэрхүү шалгуур утгагүй байх байсан (Матай 25:31—46).
Та санаж байна уу?
• Библийн ямар ямар жишээ биднийг сэргэг байхад маань тусалж чадах вэ?
• Сэргэг байх шаардлагатайг Есүс ямар жишээгээр үзүүлсэн бэ?
• Ямар зургаан баримт сүүлчийн өдрүүдэд амьдарч байгааг маань баталж байна вэ?
[Догол мөрийн асуулт]