Skip to content

Гарчиг руу орох

«Хамгийн бага нь мянга» болов

«Хамгийн бага нь мянга» болов

«Хамгийн бага нь мянга» болов

«Та нарын хамгийн бага нь мянга болж, хамгийн сул дорой нь хүчирхэг үндэстэн болно» (ИСАИА 60:22).

1, 2. а) Өнөөдөр дэлхий харанхуй байгаагийн учир юу вэ? б) Еховагийн гэрэл түүний ард түмэн дээр алгуурхнаар хэрхэн тусаж байна вэ?

 «ХАРАНХУЙ, газрыг бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан. Гэвч Эзэн чиний дээр мандан, Түүний алдар чиний дээр үзэгдэнэ» (Исаиа 60:2). Энэ үг 1919 оноос хойшхи дэлхийн байдлыг тун сайн тодорхойлжээ. Христосын шашны ертөнц «дэлхийн гэрэл» болох Есүс Христийн засаглалын шинж тэмдгийг үгүйсгэдэг (Иохан 8:12; Матай 24:3). Яагаад гэвэл «энэхүү харанхуй ертөнцийн тэргүүлэгчдийн» удирдагч Сатаны «үлэмж их уур хилэн» ХХ зууныг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис хэрцгий, эвдэн бусниулагч зуун болгосон юм (Илчлэлт 12:12; Эфэс 6:12, МАБ). Ихэнх хүн «сүнслэг харанхуйд» амьдарч байна.

2 Гэлээ ч өнөөдөр гэрэл ч бас тусаж байгаа. Еховагийн гэрэл түүний тэнгэрийн «эхнэрийн» дэлхийн төлөөлөгчдийн тослогдсон үлдэгдэл болох үйлчлэгчид дээр нь тусаж байна (Исаиа 60:1, ШЕ). Ялангуяа, Агуу их Бабилоны олзноос суллагдсан 1919 оноос хойш тэд Бурхны алдрыг тусган, тэдний «гэрэл тэдний [хүмүүсийн] өмнө тийнхүү гэрэлтэж» байна (Матай 5:16). 1919-өөс 1931 оны хооронд эдгээр хүмүүс Агуу их Бабилоны бодлогын үлдсэн дөнгийг мулталж хаяснаар Хаанчлалын гэрэл улам тод туссан. Ехова: «Би Израилийн үлдсэн хүмүүсийг заавал цуглуулна. Би тэднийг хашаандаа байгаа хонь мэт, бэлчээртээ байгаа сүрэг мэт болгон нэгтгэнэ. Тэд олуулаа болж шуугилдана» гэсэн амлалтаа биелүүлснээр тэдний тоо хэдэн арван мянга болтлоо өсжээ (Мика 2:12, ШЕ). 1931 онд Бурхны ард түмэн «Еховагийн Гэрчүүд» гэдэг нэрийг хүлээж авснаар Еховагийн алдарыг улам ихээр тусгах болсон (Исаиа 43:10, 12).

3. Еховагийн гэрэл тослогдогсдоос гадна бусад хүмүүс дээр ч тусна гэдэг нь яаж илэрхий болсон бэ?

3 Ехова цаашид зөвхөн «цөөн хэдхэн сүргийнхээ» үлдэгдлийг гэрэлтүүлэх үү? (Лүүк 12:32). Үгүй. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1931 оны 9-р сарын 1-ний дугаарт өөр нэгэн бүлэг хүмүүсийг онцлон тэмдэглэсэн байв. Тэнд Езекиел 9:1—11-ийг нарийн тайлбарласан бөгөөд тэдгээр ишлэлд гардаг бийр янтайтай хүнээр тослогдсон үлдэгдлийг төлөөлүүлжээ. Тэр «хүн» хэний магнай дээр тэмдэг тавьсан бэ? Диваажин дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс болох «өөр хонинуудын» магнайд тавьсан (Иохан 10:16; Дуулал 37:29). «Өөр хонинуудын» энэ бүлэг элч Иоханы үзэгдэлдээ үзсэн «үндэстэн бүрээс» гарсан «үй олон хүмүүс» гэдгийг 1935 онд ойлгож мэдсэн (Илчлэлт 7:9—14). 1935 оноос одоог хүртэл «үй олон хүмүүс»-ийг цуглуулах талаар илүү их анхаарал тавьж байна.

4. Исаиа 60:3-т дурдсан «хаад», «үндэстнүүд» гэж хэн бэ?

4 «Үндэстнүүд чиний гэрэлд, хаад нь чиний гийгүүлсэн үүрийн туяанд ирнэ» гэсэн Исаиагийн зөгнөлд энэ цуглуулах ажлын тухай дурдсан байдаг (Исаиа 60:3). Энд яригдсан «хаад» гэдэг нь хэн бэ? 144 000-аас үлдсэн хүмүүс тэнгэрийн Хаанчлалыг Есүс Христтэй хамтран залгамжлагчид бөгөөд гэрчлэх ажлыг удирддаг (Ром 8:17; Илчлэлт 12:17; 14:1). Өнөөдөр, удирдамж авахаар Еховад очдог, бусдыг мөн тийн үйлдэхийг уриалдаг дэлхийн найдвартай «үндэстнүүд» тослогдсон үлдэгдлээс үлдсэн хэдхэн мянган хүнээс асар олон билээ (Исаиа 2:3).

Еховагийн идэвхтэй үйлчлэгчид

5. а) Еховагийн ард түмний идэвх сулраагүйг ямар баримт харуулж байна вэ? б) 1999 онд ямар ямар оронд онцгой өсөлт ажиглагдсан бэ? (Хүснэгт үзнэ үү).

5 Орчин үеийн Еховагийн Гэрчүүд XX зууны туршид хэчнээн их идэвх зүтгэл гаргав аа! Хавчилт шахалт өсөн нэмэгдэж байгаа ч гэсэн 2000 он гарахад энэхүү идэвх зүтгэл сулраагүй. Тэд эдүгээг хүртэл «Бүх үндэстнийг дагалдагч болго» гэсэн Есүсийн тушаалд тун хариуцлагатай хандаж байна (Матай 28:19, 20). XX зууны үйлчлэлийн сүүлчийн жилд сайн мэдээний идэвхтэй дэлгэрүүлэгчдийн тооны дээд хэмжээ нь 5 912 492-т хүрчээ. Тэд Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай хүмүүстэй ярилцахдаа нийт 1 144 566 849 цаг зарцуулсан байна. Тэд сонирхсон хүмүүстэй 420 047 796 удаа давтан уулзаж, 4 433 884 Библийн үнэгүй судлал явуулжээ. Идэвхтэй үйлчлэлийн ямар сайхан тайлан мэдээ вэ!

6. Эхлэгчдэд зориулж ямар шинэ арга хэмжээ авсан бэ? Үүнийг хэрхэн хүлээж авав?

6 Өнгөрсөн оны 1-р сард Удирдах зөвлөлөөс эхлэгчдийн цагийн норм өөрчлөгдсөнийг мэдэгдсэн. Олон хүн энэ завшааныг ашиглан туслах болон байнгын эхлэгчдийн эгнээнд элсэн орсон. Тухайлбал, 1999 оны эхний дөрвөн сарын турш Нидерландын салбар байнгын эхлэгч болох гэсэн хүсэлтийг өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин олныг хүлээн авчээ. «Эхлэгчийн цагийн шинэ нормыг хүчин төгөлдөр болгосноос хойш манай байнгын эхлэгчдийн тоо хэлбэрэлтгүй өслөө» гэж Ганагаас мэдээлэв. 1999 оны үйлчлэлийн жилд эхлэгчдийн тоо дэлхийн хэмжээгээр 738 343-т хүрсэн нь «сайн үйлийн төлөө зүтгэлийн» сайхан баталгаа мөн (Тит 2:14).

7. Ехова үйлчлэгчдийнхээ идэвх зүтгэлтэй ажлыг хэрхэн ивээдэг вэ?

7 Ехова энэхүү идэвх зүтгэл бүхий ажлыг ивээдэг үү? Тийм ээ, ивээдэг. Ехова Исаиагаар дамжуулан: «Нүдээ өргөн, орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охидыг гар дээр авчрагдана» гэж хэлсэн (Исаиа 60:4). Цуглуулагдсан бөгөөд тослогдсон «хөвгүүд», «охид» өнөөг хүртэл Бурханд идэвхтэй үйлчилсээр байна. Одоо бол Есүсийн «өөр хонинууд» Еховагийн «хөвгүүд», «охидын» талд орон, эх газрын болон арлын 234 оронд цугларч байна.

«Аливаа сайн үйл»

8. Еховагийн Гэрчүүд ямар ямар «сайн үйл» хийдэг вэ?

8 Христосын шашинтан хүн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, сонирхсон хүмүүсийг Есүсийн шавь болоход нь туслах үүрэгтэй. Гэхдээ тэд «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн» байдаг (2 Тимот 3:17). Ийм учраас гэр орныхондоо санаа тавьж, зочломтгой зан гаргаж, өвчтэйг нь эргэж тойрдог (1 Тимот 5:8; Еврей 13:16). Мөн сайн дурынхан Хаанчлалын танхим барих зэрэг төсөлд оролцдог ба энэ ажил ч бас гэрчлэл болдог. Того улсад нэг танхим барьсны дараа тус улсын харисматик сүмийн удирдлагууд, Еховагийн Гэрчүүд барилгаа өөрсдийнхөө хүчээр барьж байхад сүм нь энэ ажилд ямар учраас хүн хөлсөлдөг талаар мэдэхийг хүссэн байна! Хаанчлалын танхимын чанарын сайтай барилга нь орчиндоо их сайн нөлөө үзүүлдэг, мөн зарим хүн хожим барих танхимуудын ойролцоо байшингаа барих юм уу, хөлсөлж суухыг хичээдэг гэж Тогогоос мэдээлсэн.

9. Еховагийн Гэрчүүд байгалийн гамшигт хэрхэн хандсан бэ?

9 Заримдаа өөр төрлийн ажил хийх шаардлага гардаг. Үйлчлэлийн өнгөрсөн жилд олон улс оронд байгалийн гамшиг тохиолдож Еховагийн Гэрчүүд хохирогсдод туслахаар ихэнх тохиолдолд хамгийн түрүүнд ирдэг байлаа. Тухайлбал, Гондураст «Митч» гэдэг хүчтэй хар салхи гарсны улмаас тус орны ихэнх хэсэг хоосорч сүйрсэн. Салбар тэр даруй аврах ажил зохион байгуулах үүднээс онцгой комисс байгуулав. Гондурасын болон өөр орны Гэрчүүд хоол хүнс, хувцас хунар, эм тариа, цаашлаад наад захын шаардлагатай зүйлсийг тусламж болгон хандивлав. Бүс нутгийн барилгын хороо байшин барилгыг сэргээн засварлах ажил хийсэн. Байгалийн гамшгийн золиос болсон ах дүүс маань тун удалгүй ердийн амьдралдаа эргэн орсон. Эквадорт үер болж, зарим байшин барилга сүйдэхэд Еховагийн Гэрчүүд ах дүүстээ туслахаар иржээ. Туслах ажлаа хэр зэрэг түргэн, цэгцтэй зохион байгуулсныг ажсан төрийн нэгэн түшмэл: «Хэрэв би ийм хүмүүстэй байсан бол гайхамшиг үзүүлэх байсан! Бүх дэлхий та нар шиг хүмүүстэй байх ёстой» гэжээ. Энэ мэт сайн үйлүүд нь Еховаг алдаршуулдаг бөгөөд «бүх зүйлд ашигтай Бурханд үнэнч байдлын» маань тухай өгүүлдэг билээ (1 Тимот 4:8, ШЕ).

«Үүл мэт... нисэж буй»

10. Тослогдогсодын тоо улам бүр цөөрч байгаа ч Еховагийн нэр ямар учраас урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар тунхаглагдаж байна вэ?

10 Ехова: «Үүл мэт, үүрэндээ буцах тагтаа мэт нисэж буй тэд хэн бэ?» гэж асуугаад, «Үнэхээр арлууд нь Намайг харуулдан... алс холоос чиний хөвгүүдийг... авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд хамгийн эхэнд ирнэ. Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ» гэж тайлбарласан (Исаиа 60:8—10). Еховагийн «үүрийн туяанд» түүний «хөвгүүд» буюу тослогдсон христосын шашинтнууд анх хариу хэлсэн юм. Дараа нь «харийнхан» буюу «үй олон хүмүүс» ирэх болсон. Тэд тослогдсон ах дүү нарыгаа чин үнэнчээр дэмждэг ба дэлгэрүүлэх ажилдаа тэдний удирдлагыг дагадаг. Тэгэхээр, тослогдогсодын тоо улам бүр цөөрч байгаа ч гэсэн Еховагийн нэр урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар дэлхий дахинд тунхаглагдаж байна.

11. а) Одоог хүртэл юу үргэлжилж байна вэ? Энэ нь 1999 онд ямар үр дүнд хүрсэн вэ? б) 1999 онд ямар ямар улсад хамгийн олон хүн баптимс хүртсэн бэ? (Хүснэгт үзнэ үү).

11 Үүний ачаар олон сая хүн «үүрэндээ буцах тагтаа мэт» нисэн ирж, Еховагийн Гэрчүүдийн хуралд хоргодох газар олдог. Жил бүр олон зуун мянган хүн нэмэгдэж буй бөгөөд өөр олон хүний хувьд ч зам нээлттэй хэвээрээ. Исаиа: «Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч байхын тулд чиний хаалганууд өдөр ч шөнө ч хаагдахгүй, үргэлж онгорхой байна» хэмээжээ (Исаиа 60:11). Өнгөрсөн жил Еховад өөрийгөө зориулсны тэмдэг болгон 323 439 хүн баптисм хүртсэн бөгөөд Ехова «хаалгаа» хараахан хаагаагүй байна. «Бүх үндэстнүүдийн үнэт зүйлс» болсон «үй олон хүмүүсийн» гишүүд нь тасралтгүй цугласаар байна (Хаггай 2:7, ШЕ). Харанхуйг орхих хүсэлтэй хэнээс ч болов нүүр бууруулахгүй ээ (Иохан 12:46). Тэдний хэн нь ч гэрлийг ямагт үнэлж яваг!

Эсэргүүцлийг аймшиггүйгээр сөрөгсөд

12. Бурхны гэрлийг бөхөөх гэсэн харанхуйд дурлагчид юу хийдэг вэ?

12 Түнэр харанхуйд дурлагчид Еховагийн гэрлийг үзэн яддаг (Иохан 3:19). Тэр ч байтугай, энэ гэрлийг бөхөөх гэж хамаг байдгаараа оролддог хүмүүс ч бий. Тэглээ гээд үүнд гайхах явдал үгүй юм. «Хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл» болох Есүсийг хүртэл элэглэн шоолж, эсэргүүцэн сөрж, эцэст нь эх орон нэгтнүүд нь хөнөөсөн (Иохан 1:9). XX зуунд Еховагийн Гэрчүүдийг ч гэсэн Еховагийн гэрлийг үнэн зөвөөр тусгасных нь төлөө элэглэн шоолж, шоронд хорьж, үйл ажиллагааг нь хориглон, алж хядсан. Харин сүүлийн жилүүдэд Бурхны гэрлийг тусгадаг хүмүүсийн талаар худал хуурмагийг тараах гэсэн эсэргүүцэгчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах боллоо. Зарим нь Еховагийн Гэрчүүд бол аюултай, үйл ажиллагааг нь хязгаарлах, бүр хориглох хэрэгтэй гэж хүмүүст итгүүлэхийг хичээдэг. Эсэргүүцэгчид амжилт олсон уу?

13. Еховагийн Гэрчүүд үйл ажиллагааныхаа талаар олон нийтийн хэвлэл мэдээлэлд хандсан нь ямар үр дүнд хүрсэн бэ?

13 Үгүй ээ. Тохиромжтой үед нь Еховагийн Гэрчүүд сонин сэтгүүлийн редакц, телевизийн студид очиж баримт материалыг тайлбарладаг байв. Үүний үрээр Еховагийн нэр сонин сэтгүүлийн хуудаснаа болон радио телевизээр өргөн олонд зарлагдав. Үүний ачаар дэлгэрүүлэх ажил сайн үр дүнд хүрсэн. Жишээлбэл, Данийн үндэсний телевизээр «Ямар учраас даничууд итгэл алдрана вэ?» гэсэн нэр бүхий нэвтрүүлэг үзүүлжээ. Бусад шашны төлөөлөгчдийн зэрэгцээ Еховагийн Гэрчүүдээс сурвалжлага авчээ. Уг нэвтрүүлгийг үзсэн нэгэн эмэгтэй: «Чухам хэнд нь Бурхны сүнс байна вэ гэдэг нь тодорхой байлаа» гэж өгүүлжээ. Тэр эмэгтэй Библи судалж эхэлсэн байна.

14. Эсэргүүцэгчид удахгүй юуг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх вэ?

14 Еховагийн Гэрчүүд энэ дэлхийд эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэддэг (Иохан 17:14). Гэсэн ч тэднийг: «Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мөргөн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ чиний хөлд сөгдөн, тэд чамайг Эзний хот болон Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ» гэдэг Исаиагийн үг урамшуулдаг (Исаиа 60:14). Эсэргүүцэгчид үнэн чанартаа Бурхантай өөртэй нь тэмцэлдэж байснаа удахгүй хүлээн зөвшөөрөх болно. Ийм тэмцэлд хэн ялж чадах вэ?

15. Ямар байдлаар Еховагийн Гэрчүүд «үндэстнүүдийн сүүгээр тэжээгддэг» вэ? Энэ нь тэдний сайн мэдээ дэлгэрүүлэх болон сургах ажилд хэрхэн тусдаг вэ?

15 Цааш нь Ехова ийн хэлжээ. «Би чамайг мөнхийн бахархал болгоно... Чи үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Би бол Эзэн [«Ехова», ШЕ], чиний Аврагч мөн болохыг чи дараа нь мэднэ» (Исаиа 60:15, 16). Тийм ээ, Ехова ард түмнийхээ Аврагч нь юм. Хэрэв түүний үйлчлэгчид түүнд найдах аваас «мөнхөд» амьдрах болно. Тэд жинхэнэ шүтлэгийг түгээх гэж янз бүрийн зүйлийг ашиглан «үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэнэ». Тухайлбал, компьютерийн техник болон харилцаа холбооны системийг зөв ашиглах нь «Харуулын цамхаг» сэтгүүлийг 121 хэлээр, «Сэрцгээ!» сэтгүүлийг 62 хэлээр тус тус нэгэн зэрэг гаргах ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. «Шинэ ертөнцийн орчуулгыг» шинэ шинэ хэл уруу хөрвүүлэхийн тулд компьютерийн тусгай программ зохиосон ба энэ нь их баяр хөөр авчирч байна. 1999 онд «Грек Бичээсийн шинэ ертөнцийн орчуулга» хорват хэлээр гарахад мянга мянган хүн баярын нулимс унагаж байжээ. Нас дээр гарсан нэг ах: «Би энэ Библийг хэчнээн удаан хүлээв дээ. Одоо санаа амар үхэж чадна!» хэмээн өгүүлжээ. Бүтнээрээ болон хэсгээрээ гарсан «Шинэ ертөнцийн орчуулга» 34 хэлээр 100 сая хувь илүү гарчээ.

Ёс суртахууны өндөр хэм хэмжээ

16, 17. а) Хэцүү боловч Еховагийн тавьдаг өндөр хэм хэмжээг яагаад баримтлах шаардлагатай вэ? б) Залуучууд энэ дэлхийгээс бузарлагдахгүй үлдэж чадна гэдгийг ямар тохиолдол харуулж байна вэ?

16 Есүс: «Бузрыг үйлдэгсэд бүгдээрээ гэрэлд хорсдог» гэж хэлжээ (Иохан 3:20). Нөгөөтэйгүүр, гэрэлд байгчид Еховагийн тавьдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг хайрладаг. Ехова Исаиагаар дамжуулан: «Чиний бүх ард түмэн зөв ариун болно» гэж хэлсэн буй (Исаиа 60:21а). Бэлгийн садар самуун байдал, худал хуурмаг явдал, харамч сувдаг сэтгэл, ихэрхэг бардам зан тархсан дэлхийд Бурхны хэм хэмжээг баримтална гэдэг тийм ч амаргүй. Эдийн засаг нь хөгжиж байгаа улс орнуудад эд баялгийн хойноос хөөцөлдөх сэтгэлд хялбархан автагддаг. Гэсэн ч Паул: «Баяжих хүсэлтэй нь сорилтонд ба торонд, хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэх зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг» хэмээн сэрэмжлүүлжээ (1 Тимот 6:9). Хэн нэг нь итгэл нэгтнүүдтэйгээ харьцах харьцаа, ариун үйлчлэл, ёс суртахууны зарчим, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлага зэрэг үнэхээрийн чухал зүйлсээ золиослон, арилжаа наймааны хойноос улайран одох нь харамсалтай!

17 Ялангуяа, үе тэнгийнхэн нь тэр аяараа хар тамхи хэрэглэж, самуун амьдралаар амьдардаг болохоор залууст Бурхны хэм хэмжээ баримтлах хэцүү байдаг. Суринамд 14 настай нэг охиныг сургууль дээрээ байхад нь нэгэн аятайхан залуу дөхөж ирснээ бэлгийн харьцаанд орохыг санал болгожээ. Охин гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг Библи хориглодог гэж тайлбарлаад татгалзжээ. Гэтэл бусад охид түүнийг шоолон инээж, энэ залуутай нэг шөнийг өнгөрөөхөөс татгалзах нь ухаалаг хэрэг биш гэж ятгажээ. Охин өөрийн байр суурийг баттай хамгаалсаар байв. Хэдхэн долоо хоногийн дараа уг залуугаас ДОХ-ын вирус илэрч, хүндээр өвджээ. Сурагч охин Еховагийн «завхайрлаас цээрлэгтүн» гэсэн тушаалыг сахисандаа баяртай байлаа (Үйлс 15:28, 29). Еховагийн Гэрчүүд Бурхны нүдэнд зөв харагддаг зүйлийн төлөө тууштай зогсдог залуу үеийнхнээрээ бахархдаг билээ. Залуу христосын шашинтнуудын болоод тэдний эцэг эхийнх нь итгэл Ехова Бурхны нэрийг «алдаршуулдаг» (Исаиа 60:21б).

Ехова ургуулсан

18. а) Ехова ард түмэндээ зориулан ямар агуу хэрэг бүтээсэн бэ? б) Ямар учраас цаашид өсөх болно гэж хэлж болох вэ? Гэрэлд байгаа хүмүүсийг ямар алдарт ирээдүй хүлээж байна вэ?

18 Тийм ээ, Ехова ард түмнээ ивээж, бэхжүүлж, удирдан гэрэлтүүлж байна. XX зууны туршид Бурхны үйлчлэгчид: «Та нарын хамгийн бага нь мянга болж, хамгийн сул дорой нь хүчирхэг үндэстэн болно. Би бол Эзэн [«Ехова», ШЕ], Би үүнийг тухайн цагт яаравчлан гүйцэтгэнэ» гэсэн Исаиагийн үгс биелэхийг үзсэн (Исаиа 60:22). 1919 онд байсан Бурхны үйлчлэгчид «бага»-аас «мянга» болсон. Гэхдээ өсөж дуусаагүй ээ! Өнгөрсөн онд Есүсийн үхлийг дурсан санах Оройн зоогт 14 088 751 хүн ирсэн билээ. Тэдгээрийн ихэнх нь идэвхтэй Гэрчүүд биш ээ. Гэхдээ тэд энэ чухал арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд бид баяртай байгаа төдийгүй цаашдаа гэрэлд ирэхийг уриалж байна. Ехова урьдын адил ард түмнээ хурц гэрлээр гэрэлтүүлж байна. Түүний байгууллагын хаалга нээлттэй хэвээрээ байгаа. Бүгдийнх нь зүрх сэтгэл Еховагийн гэрэл уруу тэмүүлэг. Энэ гэрэл бидэнд одоо ямар агуу их ивээлийг авчирна вэ! Бүх бүтээлүүд Еховаг магтан алдаршуулж, алдрынх нь гэрэлд баярлан хөөрөх тэр цагт энэ нь бидэнд хэчнээн их баяр баясгалан авчрах болоо! (Илчлэлт 5:13, 14).

Та тайлбарлаж чадах уу?

Энэхүү сүүлчийн өдрүүдэд Еховагийн алдрыг хэн тольдон харуулж байна вэ?

Еховагийн ард түмний идэвх зүтгэл сулраагүй гэж хэлж болохын учир юу вэ?

Еховагийн Гэрчүүд ямар ямар сайн үйл хийдэг вэ?

Хүчтэй эсэргүүцэл байдаг хэдий ч бид юунд итгэдэг вэ?

[Догол мөрийн асуулт]