«Үнэтэй нь» Еховагийн гэрийг дүүргэж байна
«Үнэтэй нь» Еховагийн гэрийг дүүргэж байна
«”Би бүх үндэстнийг цочирдуулна. Тэгээд бүх үндэстнээс үнэтэй нь наашаа ирж, энэ гэрийг алдраар дүүргэнэ“ гэж түмэн цэргийн Ехова хэлэв» (ХАГГАЙ 2:7, ШЕ).
1. Ямар учраас бид аюул тулгарахад юуны түрүүнд гэрийнхнийхээ тухай боддог вэ?
ТАНАЙХ үнэ цэнтэй юутай вэ? Хээнцэр чамин тавилга, орчин үеийн компьютер, шинэхэн сайхан машинтай юу? Энэ бүхэн танд байлаа ч гэсэн, танай хамгийн үнэтэй зүйл бол гэр бүлийн тань гишүүд буюу хүмүүс гэдэгтэй санал нийлэхгүй гэж үү? Нэгэн шөнө та утаа хэншүүний үнэрээр сэртэл, гэрт тань гал гарсан байжээ. Амиа аврахад хэдхэн хором үлджээ гээд төсөөлөөд үз дээ! Хамгийн түрүүнд та юуны тухай бодох вэ? Тавилга, компьютер, машиныхаа тухай юу? Эсвэл гэрийнхнийхээ тухай юу? Мэдээжээр, гэрийнхнийхээ тухай бодно. Учир нь хүн алив эд агуурсаас хавьгүй илүү үнэ цэнтэй билээ.
2. Еховагийн бүтээсэн зүйлүүд нь хэчнээн агуу вэ? Есүсийн хувьд ямар бүтээлүүд бүхнээс илүү үнэтэй байсан бэ?
2 Харин одоо Ехова Бурхан болон түүний хүү Есүс Христийн тухай бод доо. Ехова «тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигчдыг бүтээсэн» билээ (Үйлс 4:24). Ехова «уран дархан» Хүүгийнхээ тусламжтайгаар оршин буй бүхнийг бүтээсэн (Сургаалт үгс 8:30, 31; Иохан 1:3; Колоссай 1:15—17). Ехова Есүс хоёр бүтээсэн бүхнээ өндөр үнэлдэг нь эргэлзээгүй (Эхлэл 1:31 харьцуулна уу). Гэхдээ таны бодлоор бол тэдний хувьд юу илүү үнэтэй бол оо? Амьгүй бүтээлүүд үү, эс бөгөөс хүмүүс үү? Есүс өөрийгөө мэргэн ухаанаар төлөөлүүлэн хэлэхдээ: «Миний баяр баясгалан хүмүүний хөвгүүдэд байв» хэмээжээ.
3. Ехова Хаггайгаар дамжуулан юуг урьдчилан хэлсэн бэ?
3 Ехова хүмүүсийг ихэд үнэлдэг нь эргэлзээгүй. Үүний нэгэн баталгааг бид Еховагийн МЭӨ 520 онд зөнч Хаггайгаар дамжуулан хэлсэн зөгнөлийн үгсээс олж болох юм. Ехова: «Би бүх үндэстнийг цочирдуулна. Тэгээд бүх үндэстнээс үнэтэй нь наашаа ирж, энэ гэрийг алдраар дүүргэнэ... Энэхүү сүүлийн гэрийн сүр алдар нь өмнөхөөсөө илүү болно» гэж хэлжээ (Хаггай 2:7, 9, ШЕ).
4, 5. а) «Үнэтэй» гэдэг нь материаллаг баялаг гэж үзэх нь яагаад ухаалаг бус вэ? б) Таны бодлоор «үнэтэй» нь юу вэ? Яагаад?
4 «Үнэтэй» ямар юм Еховагийн гэрийг дүүргэж, түүнд урьд хожид байгаагүй алдрыг авчрах ёстой байсан бэ? Тансаг чамин тавилга, уран гоё хээ хуар уу? Алт, мөнгө, эрдэнэсийн чулуу юу? Ингэж бодох нь ухаалаг бус санагдах юм. Таван зууны өмнө баригдаж, баяр ёслолын байдалтайгаар ашиглалтад орж байсан дуганы барилгыг барихад гайхалтай их хөрөнгө зарцуулсныг санагтун! * Иудей нутагтаа буцаж ирсэн харьцангуй цөөн хүний барьсан дуган тансаг сайхнаараа Соломоны барьсан дуганаас давна гэж Ехова хүсэн хүлээгээгүй нь лавтай.
5 Тэгвэл «үнэтэй» юу нь Еховагийн гэрийг дүүргэх ёстой байв аа? Энэ нь хүмүүсийг хэлж байсан бололтой. Алт, мөнгө бус харин, хайрын сэтгэлээсээ түүнд үйлчилдэг хүмүүс л Еховагийн зүрх сэтгэлийг баярлуулдаг (Сургаалт үгс 27:11; 1 Коринт 10:26). Тийм ээ, Ехова өөрийг нь зөвөөр шүтдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийгээд хүүхдүүдийг бүгдийг нь үнэлдэг юм (Иохан 4:23, 24). «Үнэтэй» гэдэг нь тэд бөгөөд Еховагийн хувьд Соломоны дуганы гоёмсог хээ хуараас хамаагүй илүү үнэтэй бөлгөө.
6. Бурхны эртний дуган ямар зорилготой байсан бэ?
6 Хэдийгээр дайснууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч гэсэн МЭӨ 515 онд дуганыг барьж дуусгажээ. Есүс амиа золиослох тэр үеийг хүртэл Иерусалимын дуган иудей үндэстэн хийгээд шинэ сүсэгтнүүдийн олонхид нь цэвэр шүтлэгийн төв болсон хэвээр байлаа. Гэхдээ дуган илүү агуу нэг зүйлийн үлгэр загвар байжээ гэдгийг бид мэдэх болно
Зөгнөл нэгдүгээр зуунд биелсэн нь
7. а) Иерусалимд байсан эртний дуган чухам юуны үлгэр загвар байсан бэ? б) «Цайруулах өдөр» ахлах тахилчийн гүйцэтгэдэг байсан үйлдлийг дүрслэн хэлнэ үү
7 Иерусалимын дуган бол шүтлэгт зориулсан илүү том байгууламжийн үлгэр загвар байсан ажээ. Энэ дуган нь Ехова МЭ 29 онд Есүс Христийг Ахлах тахилчаар томилсноор үндсий нь тавьсан Бурхны сүнслэг дуганы үлгэр загвар байлаа (Еврей 5:4—10; 9:11, 12). Израилийн ахлах тахилчийн гүйцэтгэдэг байсан үүрэг болон Есүсийн хийсэн зүйл хоёрыг харьцуулж үзнэ үү. Ахлах тахилч жил бүр «Цайруулах өдрөөр» дуганы хашаан доторх тахилын ширээнд очиж, тахилчдын нүглийг цайруулах тахилыг тугалаар өргөдөг байв. Дараа нь дуганд тугалын цустай орж, «ариун газар» болон хашааг заагладаг хаалгыг, үүнийхээ дараа «онцгой ариун газар» ба «ариун газрыг» тусгаарлах «хөшгөөр» өнгөрч гардаг байв. «Онцгой ариун газарт» ахлах тахилч «гэрээний авдрын» өмнө цус цацдаг байлаа. Үүний дараагаар тэр л үйлдлээ дахин давтан, Израилийн тахилч бус 12 овгийн төлөө ямаагаар тахил өргөдөг байв (Левит 16:5—15). Энэхүү зан үйл нь Бурхны сүнслэг дуганд ямар хамаатай вэ?
8. а) Ямар утгаар Есүсийг тахил болгон өргөх өргөл МЭ 29 онд эхэлсэн бэ? б) Есүс дэлхий дээрх үйлчлэлийнхээ үед Еховатай ямар онцгой харьцаатай байсан бэ?
8 Мөн чанартаа, Есүсийг тахил болгон өргөх өргөл МЭ 29 онд буюу түүний баптисм хүртэж, Бурхны ариун сүнсээр тослогдсон тэр үеэс эхэлсэн бөлгөө (Лүүк 3:21, 22). Үнэндээ, энэхүү үйл явдал нь гурван жил хагас үргэлжилсэн Есүсийн баатарлаг амьдралын эхлэл байсан юм (Еврей 10:5—10). Энэ үед Есүс Бурхантай, зөвхөн сүнсээр төрөгсдийн мэдэрч болох тийм харьцаатай байсан. Уг хосгүй харьцааг бусад эгэл хүмүүс бүрэн гүйцэд ухааран ойлгож чадахгүй юм. Ариун газрыг асрын хашаанд байгсдаас хөшиг халхлан байсны адилаар үл ойлгохын «хөшиг» тэдний нүднийг хаажээ (Египетээс гарсан нь 40:28).
9. Ямар учраас Есүс хүн байхдаа «тэнгэрт» орж чадаагүй ба энэ нөхцөл байдал нь хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?
9 Есүс сүнсээр тослогдсон Бурхны Хүү байсан хэдий ч, хүн байсан тул тэнгэрийн амийг авч чадахгүй байв. Яагаад? Яагаад гэвэл «махан бие ба цус Бурхны [тэнгэрийн] хаанчлалыг залгамжилж чаддаггүй» (1 Коринт 15:44, 50). Есүсийн хүмүүн бие нь саад болж байсан болохоор үүний тохирсон бэлэгдэл нь Бурхны эртний дуганд байсан ариун газрыг Онцгой ариун газраас тусгаарладаг хөшиг байлаа (Еврей 10:20). Гэвч, Есүсийг үхсэнээс хойш гурван өдрийн дараа Бурхан түүнийг сүнсэн бүтээл болгон дахин амилуулсан билээ (1 Пэтр 3:18). Тэгээд тэрбээр Бурхны сүнслэг дуганы Онцгой ариун газар буюу «тэнгэрт» орох боломжтой болсон юм. Чухамдаа ийм л юм болсон. Паул: «Учир нь Христ жинхэнэ юмсын дүрслэл болох гараар хийгдсэн ариун газар [«Онцгой ариун газар» гэдгийг илэрхийлсэн бололтой] ороогүй, харин тэнгэрт өөрт нь орсон нь эдүгээ бидний төлөө Бурхны оролцоо дотор ил гарч ирэхийн тулд билээ» хэмээн бичжээ (Еврей 9:24).
10. Есүс тэнгэрт буцаж ирээд юу хийсэн бэ?
10 Есүс тэнгэрт золиосныхоо үнэ цэнийг Еховад өргөн барьж, цусаа «цацсан». Гэхдээ энэ бүхэн ингээд дуусаагүй. Есүс үхэхээсээ өснө дагалдагчдадаа хандан: «Би та нарын төлөө орон гэр бэлдэхээр явна. Хэрэв Би та нарын төлөө орон бэлдвэл, дахин ирж, та та нарыг өөртөө авна. Би хаана байна та нар мөн тэнд байх болно» гэж хэлсэн (Иохан 14:2, 3). Тэгэхээр Есүс Онцгой ариун газар буюу тэнгэрт гарах боломж олж аваад тийшээ нэвтрэх замыг бас бусдад нээжээ (Еврей 6:19, 20). Тэд 144 000 бөгөөд Бурхны сүнслэг дуганы байгууламжид тахилчаар үйлчлэх юм (Илчлэлт 7:4; 14:1; 20:6). Израилийн ахлах тахилч тахилчдын нүглийг цайруулах гэж тугалын цус аваад Онцгой ариун газар ордог байсан шиг Есүсийн асгаруулсан цусны үнэ цэнийг юуны түрүүнд эдгээр 144 000 тахилчдад хэрэглэсэн юм. *
Өнөөгийн «үнэтэй нь»
11. Израилийн ахлах тахилч хэний нүглийн төлөө ямаагаар тахил өргөдөг байсан ба энэ нь юуны үлгэр загвар байсан бэ?
11 Үндсэндээ 1935 онд тослогдогсодыг цуглуулж дууссан бололтой. Гэхдээ Ехова гэрээ алдраар дүүргэж дуусаагүй. «Үнэтэй нь» түүний гэрт ирсээр байх ёстой байлаа. Израилийн ахлах тахилч хоёр өөр амьтнаар (тахилчдын нүглийн төлөө тугалаар, харин тахилчийн бус овгийн нүглийн төлөө ямаагаар) тахил өргөдөг байсныг санаж байна уу? Тахилчид нь Есүстэй хамт тэнгэрийн Хаанчлалд байх ёстой тослогдогсдыг бэлгэддэг байсан. Харин тахилчдын бус овог нь хэнийг төлөөлж байсан бэ? Үүний хариуг Иохан 10:16-д бичэгдсэн: «Энэ хашаан дахь хониноос өөр хонинууд Надад бий. Тэд энэ хашааных биш. Би бас тэднийг авчрах ёстой, тэд Миний дууг сонсоно. Нэг хонин сүрэг, нэг хоньчин болно» гэсэн Есүсийн үгнээс олж болно. Үүнээс үзэхэд Есүсийн асгаруулсан цус хоёр бүлэг хүмүүст ашигтай болох нь. Нэгдүгээрт: Есүстэй хамт тэнгэрт захирах найдвартай христосын шашинтнууд, Хоёрдугаарт: Диваажин дэлхийн мөнх амийг хүлээж буй христосын шашинтнууд юм. Хаггайн зөгнөлийн «үнэтэй» гэдэг нь энэ хоёр дахь бүлгийг бэлэгдсэн бололтой (Мика 4:1, 2; 1 Иохан 2:1, 2).
12. Өнөөдөр олон «үнэтэй нь» Бурхны гэрт хэрхэн ирж байна вэ?
12 Эдгээр «үнэтэй нь» урьдын адил Еховагийн гэрийг дүүргэсээр байна. Сүүлийн жилүүдэд Зүүн Европ, Африкийн зарим хэсэг болон бусад улс орнуудад тогтоосон хорио хязгаарыг цуцалсан нь Бурхны Хаанчлал тогтсон тухай сайн мэдээг дэлгэрүүлж амжаагүй байсан газар нутагт дэлгэрүүлэх боломжтой болгов. «Үнэтэй нь» Бурхны дуганы байгууламжид ирээд, Есүсийн тушаалыг биелүүлж, шинэ дагалдагч нарыг бэлтгэхийг зорьдог (Матай 28:19, 20). Тэд «үнэтэй нь» болж, Еховагийн гэрийг алдаршуулж чадах янз бүрийн насны хүмүүстэй дайралддаг. Энэ бүхэн яаж болдгийн цөөн хэдэн жишээг дурдъя.
13. Боливийн нэг бяцхан охин Хаанчлалын тухай мэдээ түгээх агуу их хүслээ хэрхэн илэрхийлсэн бэ?
13 Боливид Еховагийн Гэрч эцэг эхтэй, таван настай нэгэн охин дүүргийн харгалзагч хуралд нь хүрэлцэн ирэх үеэр сургуулиасаа долоо хоногийн чөлөө гуйжээ. Яагаад гэвэл охин тэр долоо хоногийн туршид үйлчлэхийг хүсжээ. Үүнд эцэг эх нь гайхаад зогсохгүй, охиныхоо зөв санаанд баярлажээ. Одоо энэ бяцхан охин Библийн гэрийн судлал тавтай бөгөөд судалдаг хүмүүсийнх нь зарим нь цуглаанд очдог болсон гэнэ. Тэр охин сургуулийнхаа багшийг хүртэл Хаанчлалын танхимд авчирчээ. Түүний хичээллэдэг хүмүүсийн зарим нь Еховагийн гэрийг алдаршуулах «үнэтэй нь» болж ч юу магад!
14. Шашин сонирхдоггүй юм шиг хүнтэй ярилцсан эгчийн шургуу зан яаж шагнагдсан бэ?
14 Солонгост нэг христосын шашинтан эмэгтэй буудал дээр галт тэрэг хүлээн байх үедээ чихэвчний хөгжим сонсон зогсох нэг оюутан залууд дөхөж очоод: «Чи ямар нэг шашинд харьяалагддаг уу?» хэмээн асуутал, тэр оюутан: «Би шашин сонирхдоггүй» гэж хариулжээ. Ийн хариуллаа гээд эгч холдон хөндийрсөнгүй. Эгч: «Хүн яваандаа шашин сонирхдог болж болох юм л даа. Харин тэгэхэд шашин хооорондын учрыг олдоггүй бол буруу сонголт хийж болно» гэж үргэлжлүүлэн хэлжээ. Оюутан залуу харьцаагаа өөрчлөн, сайхь эгчийг сонирхон сонсох болжээ. Эгч түүнд «Халамжит Бүтээгч гэж бий юү?» гэдэг номыг санал болгоод, шашин сонгох тэр үед нь энэ хэвлэл тус болж магадгүй гэж гэж хэлжээ. Тэрээр уг номыг дуртайяа авчээ. Долоо хоногийн дараагаар тэрээр Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн бөгөөд одоо бүх цуглаанд очдог болсон байна.
15. Японы нэг охин Библи судлал хэрхэн эхэлдэг вэ? Түүний хичээл зүтгэл хэрхэн шагнагддаг вэ?
15 Японы 12 настай охин Мэгүми сургуулиа дэлгэрүүлэх ажлын өргөн талбар гэж үздэг ажээ. Тэр сургууль дээрээ Библи судлал олныг эхэлжээ. Тэр яаж ингэдэг юм бол оо? Тэрээр их завсарлагааны үеэр Библиэ унших юм уу, эсвэл цуглаандаа бэлддэг болохоор ангийхан нь түүнээс юу хийж байгааг нь байнга асуудаг гэнэ. Зарим нэг нь ямар учраас Мэгүми сургуулиас зохиодог зарим нэг арга хэмжээнд оролцдоггүйг нь сонирхон асуудаг гэнэ. Тэгэхэд нь Мэгүми тэдний асуултад хариулж, мөн Бурханд нэр байдаг гэж хэлдэг байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүдийн сонирхлыг татдаг аж. Дараа нь тэр хүүхдүүдэд Библи судлахыг санал болгодог. Одоо Мэгүми 20 хүнтэй Библи судалдаг бөгөөд тэдний 18 нь ангийнх нь хүүхэд ажээ.
16. Камеруны нэг ах өөрийг нь элэглэн тохуурхах гэсэн хүмүүстэй Библи судлал хэрхэн эхэлж чадсан бэ?
16 Камерунд барилгын талбай дээр найман хүнтэй нэг хэсэг ажиллаж байжээ. Энэ үед тэднээс холгүй гудамжинд манай нэг ах дэлгэрүүлж байжээ. Түүнийг элэглэж тохуурхах гэсэндээ ажилчид ямар учраас Гурвал, там, үхэлгүй мөнхийн сүнс зэрэгт итгэдэггүй болохыг нь асуужээ. Сайхь ах тэдний асуултад Библийн тусламжтайгаар хариулжээ. Үүний дүнд тэдний гурав нь Библи судлахаар болжээ. Тэр гуравын нэг Даниэл бүх цуглаанд очдог болж, түүгээр ч барахгүй спиритизмтэй холбоотой бүх эд юмсаа устгажээ (Илчлэлт 21:8). Үүнээс хойш жил ч бололгүй тэр баптисм хүртжээ.
17. Хаанчлалын тухай мэдээ сонсохыг хүсдэггүй байсан хүнд дэлгэрүүлэхийн тулд ах нар ямар мэргэн ухаан гаргасан бэ?
17 Сальвадорт нэгэн хүн Еховагийн Гэрчүүд гэрт нь ойртон ирэхийг харахаараа зуудаг нохойгоо үүдэндээ уядаг байжээ. Тэр эрэгтэй Еховагийн Гэрчүүдийг гэрийнх нь хажуугаар өнгөрөхийг хүлээж байгаад явсан хойно нь нохойгоо гэртээ оруулдаг байж. Ах нарт маань түүнтэй ярилцах боломж ер олдож байсангүй. Нэгэн удаа тэд өөр арга сэджээ. Тэд яриаг нь нохойн эзэн сонсно гэдгийг мэдэж байсан болохоор нохойнд нь «дэлгэрүүлэхээр» шийджээ. Тэд байшинд нь ойртон очоод нохойтой нь мэндлээд, ярилцахад таатай сайхан байна гэжээ. Тэд дэлхий дээр муу муухай юм үгүй болж, амьтад хүртэл эв найртай болох тэр үеийн тухай ярьжээ. Дараа нь тэд элэгсгээр баяртай гэж хэлээд явах гэтэл гайхмаар юм болсон нь гэрийн эзэн гарч ирээд, Гэрчүүдийг өөртэйгөө ярих боломж өгдөггүй байсандаа уучлал гуйжээ. Тэрээр санал болгосон сэтгүүлүүдийг авч, удалгүй Библи судалдаг болжээ. Одоо харин тэр эрэгтэй манай ах болсон бөгөөд «үнэтэйн» нэг юм.
«Бүү эмээ!»
18. Олон христосын шашинтнууд ямар ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Өөрт нь үйлчилдэг хүмүүст Ехова хэрхэн ханддаг вэ?
18 Дагалдагч нарыг бэлтгэн, дэлгэрүүлж амь аврах ажилд та оролцдог уу? Хэрэв тийм бол та гайхамшигтай боломжийг жинхэнэ ёсоор эдэлж байна гэсэн үг. Энэ л ажлын тусламжтайгаар Ехова «үнэтэйг нь» гэртээ цуглуулдаг юм (Иохан 6:44). Тийм ээ, заримдаа та ядарч, сэтгэлээр унаж болох юм. Хааяа Еховагийн үнэнч үйлчлэгчдийн зарим нь хүртэл «ямар ч хэрэг алга» гэсэн бодолтойгоо тэмцэх хэрэг гардаг. Гэхдээ бүү бууж өгөөрөй! Ехова өөрт нь үйлчилдэг хүн бүрийг үнэлж үздэг бөгөөд таныг ч аврагдаасай гэж санаа тавьдаг (2 Пэтр 3:9).
19. Ехова Хаггайгаар дамжуулан урам хайрласан ямар үг хэлсэн бэ? Эдгээр үг нь биднийг хэрхэн дэмждэг вэ?
19 Бид эсэргүүцлээс болоод эсвэл таагүй нөхцөл байдлаас болоод сэтгэлээр унан тавгүйтвэл, эх нутагтаа буцаж ирээд байсан иүдейчүүдэд хандаж хэлсэн Еховагийн үг бидэнд дэмжлэг болно. Хаггай 2:4—6-д (ШЕ): «Харин одоо хатуужилтай бай, Зоробабел минь. Энэ бол Еховагийн хэлсэн үг. Иозафакийн хүү Иошуа хатуужилтай бай, өндөр тахилч минь. Газрын хүмүүс та нар бүгдээр хатуужилтай байж, ажилла. Энэ бол Еховагийн үг. Яагаад гэвэл Би хүмүүс та нартай хамт байна гэж түмэн цэргийн Ехова өгүүлж байна. Та нарыг Египетээс гарахад миний та нартай тогтоосон үгийг, сүнс минь та нарын дунд байсныг санацгаа. Бүү эмээ. Учир нь энэ бол түмэн цэргийн Еховагийн хэлсэн үг болно. Ахиад жаахан, дахиж нэг удаа би тэнгэр газрыг болоод тэнгисийг ба хуурай газрыг ч доргионо» гэж байдаг. Ехова биднийг хатуужилтай байхыг уриалаад зогсохгүй тийм байхад маань тусалдгийг анхаарна уу. Яаж тэр вэ? «Би та нартай хамт байна» гэж батлан хэлсэн үгийг анхаарна уу. Бид ямар ч бэрхшээлтэй тулгарлаа гэсэн Ехова бидэнтэй хамт байна гэдгийг мэдэхэд итгэл маань хичнээн бэхждэг гээч! (Ром 8:31).
20. Урьд хожид байгаагүй ямар алдар Еховагийн гэрийг дүүргэж байна вэ?
20 Ехова ард түмэнтэйгээ хамт гэдгээ баталсан. Бүх зүйл зөнч Хаггайгаар дамжуулан хэлсний дагуу болж байна. «Энэхүү сүүлийн гэрийн сүр алдар нь өмнөхөөсөө илүү болно... энэ газарт би энх амгаланг өгнө» гэжээ (Хаггай 2:9, ШЕ). Үнэхээр ч өнөөдөр Еховагийн сүнслэг дуган агуу их алдартай байна! Хэдэн зуун мянган хүн жил бүр цэвэр ариун шүтлэгт нэгдсээр байна. Тэдэнд сүнслэг хоол хангалттай байгаа бөгөөд энэ тайван бус цагт ч тэд тайван амгалан байдаг бөгөөд энэ амгалан тайвныг нь зөвхөн Бурхны шинэ ертөнц дэх амгалан тайван л давж гарах болно (Исаиа 9:6, 7; Лүүк 12:42).
21. Бид юунд шийдэмгий байх ёстой вэ?
21 Ехова хүн төрөлхтнийг Хармагэдооноор цочирдуулах тэр цаг өмнө маань байна (Илчлэлт 16:14, 16). Тийм болохоор үлдсэн цагийг улам олон хүнийг аврахад зориулъя. Хатуужилтай байж, Еховад бүрэн дүүрэн найдацгаая. Ажил маань дууслаа гэж Еховаг хэлэх хүртэл гэрийг нь «үнэтэйгээр» дүүргэн, Еховаг агуу сүнслэг дуганд нь шүтэхээ үргэлжлүүлэхдээ шийдэмгий байцгаая.
[Зүүлт]
^ Соломоны дуганы барилгын ажилд зарцуулсан хөрөнгийг орчин үеийн ханшид дүйцүүлбэл 40 тэрбум ам. доллартай тэнцэх ажээ. Барилгын ажлаас илүү гарч үлдсэнийг нь дуганы эрдэнэсийн санд шилжүүлжээ (Хаант улсын дээд 7:51).
^ Израилийн ахлах тахилчаас ялгаатай нь Есүст цайруулах хэрэгтэй нүгэл гэж байсангүй. Гэхдээ түүний тахилчид болох газраас авагдсан нүгэлт хүмүүст цайруулах шаардлагатай нүгэл байсан (Илчлэлт 5:9, 10).
Та санаж байна уу?
• Еховагийн хувьд материаллаг эд агуурсаас илүү юу үнэтэй вэ?
• Есүсийн асгаруулсан цус ямар хоёр бүлэг хүмүүст ашигтай вэ?
• Ямар «үнэтэй нь» Еховагийн гэрийг алдраар дүүргэх ёстой байсан бэ?
• Хаггайн зөгнөлийн биелэлийн ямар баталгааг бид харж байна вэ?
[Догол мөрийн асуулт]