Skip to content

Гарчиг руу орох

Авралын Бурхандаа бахдан баярлахуй

Авралын Бурхандаа бахдан баярлахуй

Авралын Бурхандаа бахдан баярлахуй

«Эзний дотор би баясан хөөрч, өөрийн авралын Бурхандаа бахдан баярлана» (ХАБАККУК 3:18).

1. МЭӨ 539 оны Бабилоны уналт болохоос өмнө Даниел юуны тухай үзэгдэл үзсэн бэ?

 МЭӨ 539 оны Бабилоны уналт болохоос 10 гаруй жилийн өмнө өвгөн зөнч Даниел сэтгэл догдлуулсан үзэгдэл үзжээ. Уг үзэгдэлд Еховагийн дайснууд болон Еховагийн томилсон Хаан Есүс Христийн хооронд болох шийдвэрлэх тулалдаан хүртэл дэлхий дээр ямар ямар үйл явдал болохыг урьдчилан хэлсэн байв. Энэ үзэгдэл Даниелд ямар нөлөө үзүүлсэн бол? Тэр: «Би эцэж ядарснаа мэдсэн бөгөөд... үзсэн зүйлдээ гайхан балмагдав» гэжээ (Даниел 8:27, ШЕ).

2. Даниел үзэгдэлдээ ямар дайныг үзсэн бэ? Энэ дайн ойрхон байгаа нь танд ямар санагдаж байна вэ?

2 Энэ нь бидний тухайд хэрхэн нөлөөлөх вэ? Үйл явдлын ихэнх нь хэдийнээ болоод өнгөрчихсөн үед бид аж төрж байна! Даниелийн үзэгдэлд гардаг Бурхны дайн Хармагэдоон тун ойрхон байгааг ойлгосноороо бид үүнд хэрхэн хандах вэ? Бид Хабаккукийн зөгнөлөөр илчлэгдсэн ёс бус байдал тэгтлээ их тархсаныг, Бурхны дайснууд зайлшгүй устгагдана гэдгийг ойлгож мэдээд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Магадгүй, зөгнөлийн номынхоо гуравдугаар бүлэгт өгүүлснээс нь харахад бидний сэтгэгдэл Хабаккукийнхтай адил байж болох юм.

Хабаккук, Бурхнаас өршөөл гуйн залбирсан нь

3. Хабаккук хэний төлөө залбирсан бэ? Түүний үг бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

3 «Хабаккук» номын 3-р бүлэг бол залбирал юм. Энэ бүлгийн 1-р зүйлд бичсэнээр бол энэ нь гашуудлын дуунд зориулагджээ. Энэхүү залбирлыг харахад, зөнч өөрийнхөө төлөө Бурхнаас гуйсан юм шиг. Гэтэл үнэн хэрэгтээ Бурхны сонгосон ард түмний төлөө залбирчээ. Хабаккукийн залбирал нь Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд оролцдог Бурхны өнөөдрийн албатуудад илүү их ач холбогдолтой. Үүнийг тооцон үзвэл, 3-р бүлгийн үгсээс муу ёрын зөн харагдаж байгаа хэдий ч, үүний зэрэгцээ эдгээр үгс бидний зүрхэнд найдварын гэрэл асаах ажээ. Хабаккукийн залбирал буюу гашуудал нь бидэнд авралын Бурхан Еховадаа бахдан баярлах шалтгаан өгдөг.

4. Хабаккукт ямар зүйл аймшигтай байсан бэ? Бурхан хүчээ үзүүлнэ гэдэгт яагаад эргэлзэхгүй байж болох вэ?

4 Өмнөх хоёр өгүүлэлээс бид Хабаккукийн үеийн Иуда дахь нөхцөл байдал маш муу байсан тухай үзсэн билээ. Гэхдээ Бурхан энэ нөхцөл байдлыг цааш удаан үргэлжлүүлэхийг хүсээгүй. Ехова үйл ажиллагаа явуулахыг хүссэн гэдэг нь өнгөрсөн үеэс харагддаг. Зөнч: «Эзэн минь, Таны алдар сууг сонсоод би сүрдэн биширнэ» хэмээн гашуудан дуудсанд гайхах зүйлгүй. Тэр ямар санаа хэлэх гэсэн бэ? Улаан тэнгисийн дэргэдэх цөл болон Иерихо зэрэг газруудад болсон Бурхны хүчирхэг үйлсийн түүхийг «Еховагийн алдар суу» гэж тэмдэглэсэн байдаг. Хабаккук эдгээр үйлсийг сайн мэддэг байсан бөгөөд Ехова агуу хүчээ дайснуудынхаа эсрэг дахин ашиглана гэдгийг мэдэж байсан тул энэ нь түүнд аймшигтай байв. Өнөөдөр хүн төрөлхтний үйлдэж буй ёс бус байдлыг хараад бид ч бас, дээр үед Ехова хэрхсэн шигээ одоо ч тэгнэ гэдгийг мэддэг билээ. Энэ нь бидний сэтгэлийг түгшээдэг үү? Мэдээж! Гэлээ ч гэсэн бид Хабаккуктай адил: «Манай үеийнхэнд мэдүүлэхийн тулд, Та Өөрийн агуу үйлсээ энэ үед [«жилүүдийн хооронд», ШЕ] сэргээгээч, Эзэн минь! Уурлан хилэгнэх үедээ өршөөлөө бүү мартаач!» гэж залбирдаг (Хабаккук 3:2). Бурхан товлосон цагтаа, «жилүүдийн хооронд» гайхамшигт хүчээ дахин үзүүлэх болтугай! Тэр үедээ өөрийг нь хайрладаг хүмүүсийг санаж, өршөөх болтугай!

Бурхан аян дайнд мордож байна!

5. Бурхан «Теманаас» яаж «морилон ирсэн» бэ? Энэ нь Хармагэдоонтой ямар холбоотой вэ?

5 Ехова бидний өршөөл гуйсан залбирлыг сонсоод яах вэ? Хариулт нь «Хабаккук» номын 3:3, 4-т байдаг. Эхлээд зөнч: «Теманаас Бурхан морилон ирж, Ариун Нэгэн Паран уулнаас заларна» гэж хэлдэг. Теман, Паран уулс нь зөнч Мосегийн үеийн израильчуудыг Канаан газар уруу орох замд байжээ. Олон ард цөлөөр явах үед Ехова өөрөө яваа мэт байсан бөгөөд юу ч түүнийг зогсоож чадаагүй. Мосе үхэхийнхээ өмнөхөн: «Еховаг Синайгаас ирэхэд, түүний дээгүүр Сеирээс гэрэл цацрав. Параны уулархаг нутгаас гэгээ ороход, түүнтэй хамт үй олон ариунууд [тэнгэрэлчид]» гэжээ (Дэд хууль 33:2, ШЕ). Ехова Хармагэдооноор дайснуудынхаа эсрэг арга хэмжээ авах үед дийлдэшгүй хүч чадал нь мөн тийм байдлаар илрэх болно.

6. Гярхай христосын шашинтнууд Бурхны алдраас гадна өөр юуг хардаг вэ?

6 Түүнчлэн Хабаккук: «Тэнгэр [Еховагийн] яруу алдраар хучигдан, дэлхий Түүний магтаалд дуурсан бялхана. Түүнээс туяарах гэрэл нь нарны цацраг мэт» гэж өгүүлдэг. Юутай сүрлэг үзэгдэл вэ! Үнэхээр, хүмүүс Ехова Бурхныг хараад амьд үлдэж чадахгүй (Египетээс гарсан нь 33:20). Гэсэн хэдий боловч, Бурхны үнэнч үйлчлэгчид түүний сүр жавхланг эргэцүүлэн бодохоороо «зүрхний мэлмий» нь гялалздаг (Эфэс 1:18). Харин гярхай христосын шашинтнууд зөвхөн Еховагийн алдрыг хардаггүй. «Хабаккук» номын 3-р бүлгийн 4-р зүйлийн төгсгөлд: «Мутраас нь цацрах гялбаанд нь Түүний хүч чадал нь нууцлагдсан» гэж байдаг. Тийм ээ, Ехова эрх мэдэл, хүч чадлынхаа баруун гарыг ашиглан үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байгааг бид харж байна.

7. Бурхны ялгуусан аян дайн нь өөрийг нь эсэргүүцдэг хүмүүст юу гэсэн утгатай вэ?

7 Бурхны ялгуусан аян дайн нь өөрийг нь эсэргүүцдэг хүмүүст уй гашуу авчрах болно. «Хабаккук» номын 3:5-д: «Тэрээр өмнөө тахал илгээн, араасаа сүйрэл гамшиг дагуулна» гэжээ. МЭӨ 1473 онд израильчууд Амласан газрын хилийн ойролцоо байх үед олон хүн үймээн дэгдээж, садар самуун үйлдэж, хиймэл шүтээн шүтсэн. Үүний уршгаар 20 000 гаруй хүн Бурхны илгээсэн тахлаар үхсэн (Тооллого 25:1—9). Еховагийн хийх «Төгс хүчит Бурхны агуу их өдрийн дайн» ойртсоор байгаа ойрын ирээдүйд түүнийг эсэргүүцдэг хүмүүс хийсэн нүглийнхээ шанг мөн тийм байдлаар хүртэх болно. Магадгүй зарим нь тахлаар ч үхэж болох юм (Илчлэлт 16:14, 16).

8. «Хабаккук» номын 3:6-д бичсэнээр, Бурхны дайснуудыг юу хүлээж байгаа вэ?

8 Тэгэхээр одоо «түмэн цэргийн Еховагийн» үйл ажиллагааг хэрхэн яруу тодоор дүрсэлснийг сонсоорой. Бид «Хабаккук» номын 3:6-аас: «Түүнийг [Ехова Бурхныг] зогсоход газар чичирч, Түүний харцнаас нь үндэстнүүд дагжив. Мөнхөд байгч уулс нурж, өнө эртний толгод доош хотойв. Түүний замууд үүрд мөнхийнх» гэж уншдаг билээ. Эхлээд Ехова тулалдааны талбарыг ажиглан харах цэргийн жанжин шиг «зогссон». Дайснууд нь айсандаа чичирч байв. Тэд өөрсдийнх нь эсрэг хэн байгааг хараад мэгдэн сандралдав. Есүс «газрын бүх овог аймгууд цээжээ дэлсэх» цагийг урьдчилан хэлсэн байдаг (Матай 24:30). Тэд Еховагийн өмнө хэн ч зогсож чадахгүй юм байна гэдгийг хожуу ухаарна. Хэзээ ч ганхашгүй «мөнхөд байгч уулс», «өнө эртний толгод» мэт санагдаж байсан хүний байгууллага хүртэл задран унах болно. Үнэхээр, «Түүний замууд үүрд мөнхийнх» бөгөөд Бурхан эрт үед хэрхсэнийхээ адил хийх болно.

9, 10. «Хабаккук» номын 3:7—11 ямар зүйлийг бидэнд сануулдаг вэ?

9 Еховагийн «хилэн» дайснуудынх нь эсрэг бадрах болно. Харин Ехова агуу дайндаа ямар зэвсэг хэрэглэх бол? Энэ зэвсгийг зөнч хэрхэн дүрсэлснийг сонсоорой. «Таны нум татагдаж, цээрлүүлэх саваанууд тань бэлтгэгдсэн. Та газар дэлхийг гол мөрнөөр хэсэглэн хуваав. Таныг хараад уулс доргин, гүний их ус зад татан гарахдаа, хүрхрэн шуугих чимээ гаргаж, асар өндөрт давлагаалан оргилно. Таны сумны гялбаанд, гэрэлт жадны чинь туяанд нар, сар тэнгэрээсээ зайллаа» (Хабаккук 3:7—11).

10 Ио шуагийн үед Ехова нар, сарыг тогтоон байлгаж, өөрийн хүч чадлыг үзүүлсэн (Иошуа 10:12—14). Ехова Хармагэдооны үед мөн тэр хүчээ ашиглана гэдгийг Хабаккукийн зөгнөл бидэнд сануулдаг. МЭӨ 1513 онд Ехова Фараогийн дайчдыг Улаан тэнгист үйж устгаснаараа газрын гүний усыг захирах эрхтэйгээ үзүүлсэн. Үүнээс дөчин жилийн дараа Иордан голын үер израильчуудын ялгуусан жагсаалыг Амласан газар уруу ороход саад болж чадаагүй (Иошуа 3:15—17). Зөнч эмэгтэй Деборагийн үед Израилийн дайсан Сисерагийн тэргийг усан бороо урсган авч явжээ (Шүүгчид 5:21). Усан борооноор үерлэсэн усны тэр л хүч, тэр л гүн ус Хармагэдооны үед Еховагийн мэдэлд байх болно. Түүнчлэн, Еховагийн гарт аянга цахилгаан хоёр, жад болон дүүрэн сумтай саадаг адил байх болно.

11. Ехова агуу хүчээ гаргах үед юу болох вэ?

11 Ехова агуу хүчээ бүрэн хэмжээгээр гаргах үед бүгд дагжин чичрэх болно. Хабаккукийн үгнээс харахад шөнө нь өдөр болон хувирч, өдөр нь нарлаг өдрөөс ч илүү хурц нартай болох аж. Хармагэдооны тухай энэхүү зөгнөлт дүрслэл нь жинхэнээсээ юү, бэлэгдлийн чанартай юу гэдгээс үл хамааран Ехова ялалт байгуулж, дайснуудынхаа нэгд нь ч нуугдах боломж олгохгүй гэдэг нь тодорхой билээ.

Бурхны ард түмэн аврагдах нь эргэлзээгүй!

12. Ехова дайснуудаа яах вэ? Харин хэн аврагдах вэ?

12 Ехова дайснуудаа хэрхэн устгахыг зөнч үргэлжлүүлэн дүрсэлсэн. «Хабаккук» номын 3:12-т: «Та хилэгнэн газар дэлхий даяар явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ» гэж байдаг. Гэвч, Ехова сохроор бүхнийг устгахгүй. Зарим хүнийг аврах болно. «Өөрийн хүмүүсээ, тослогдсон нэгэнээ аврахаар Та гарч ирлээ» гэж «Хабаккук» номын 3:13-т буй. Тийм ээ, Ехова тослогдсон үнэнч үйлчлэгчдээ аварна. Тэгэхэд «Агуу их Бабилон» буюу хуурамч шашны дэлхийн гүрнийг устгаж дуусна. Харин өнөөдөр дэлхийн үндэстнүүд цэвэр шүтлэгийг устгахыг оролдож байна. «Магог газрын Гогийн» [Сатаны] хүч удахгүй Бурхны үйлчлэгчид уруу довтолно (Езекиел 38:1—39:13; Илчлэлт 17:1—5, 16—18). Сатан ийнхүү довтлох нь амжилтанд хүрэх үү? Үгүй! Ехова уурлан хилэгнэж, тариа цохиж байгаа юм шиг, дайснуудаа хөлөөрөө гишгэчин дэвслэх болно. Гэхдээ тэрбээр өөрт нь «сүнс ба үнэнээр мөргөдөг» хүмүүсийг аварна (Иохан 4:24).

13. «Хабаккук» номын 3:13-ын үг хэрхэн биелэх вэ?

13 Муу хүмүүсийг бүрмөсөн устгахыг дүрслэн: «Гэм нүгэлтнүүдийн гэрийн тэргүүнийг Та [Ехова] бяцлан, хөлнөөс нь толгой хүртэл нь нүцгэлж орхилоо» хэмээн бичжээ (Хабаккук 3:13). Энэхүү «гэр» гэдэг нь Сатан Диаболын нөлөөн дор бүрэлдэн тогтсон хорон муу тогтолцоо юм. Энэ нь нурж унах болно. «Тэргүүн» буюу Бурхныг эсэргүүцэгчдийн удирдагчид нь бут цохигдоно. Энэ «гэр» бүхлээрээ үндсээ хүртэл устгагдаж, оршин тогтнохоо болино. Энэ нь ямар сэтгэл тайвшруулам хэрэг вэ!

14—16. «Хабаккук» номын 3:14, 15-ын дагуу Еховагийн үйлчлэгчид болон тэдний дайснуудтай юу тохиолдох вэ?

14 Хармагэдооны үеэр Еховагийн «тослогдсон нэгнийг» устгахаар оролдогсод мэгдэн сандрах болно. Зөнч «Хабаккук» номын 3:14, 15-д (ШЕ): «Дайчид намайг тараан бутаргахаар шуургалан ирэх үед, тэдний толгойг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэдний тавлан баясах нь нуугдан орогнох дарлагдсан хүмүүсийг цөлмөн залгихтай адил байсан юм. Та Өөрийн морьдоороо далай тэнгисийг дэвслэн, хүчит давалгаа оволзуулна» гэж хэлэн Еховад ханджээ.

15 Хабаккук «дайчид намайг тараан бутаргахаар шуургалан ирэх үед» гэсэн нь Еховагийн тослогдсон үйлчлэгчдийг төлөөлж буй хэрэг. Нуугдан бүгэж байсан дээрэмчид адилаар үндэстнүүд Еховаг шүтэгчдийг устгахаар дайрна. Бурхны болон түүний ард түмний энэ дайснууд нь амжилтдаа итгэн «баясах» болно. Үнэнч христосын шашинтнууд тэдэнд «дарлагдсан хүмүүс» шиг сул дорой мэт санагдана. Бурхнаас үл эмээгчид дайрч довтолж эхлэхэд нь Ехова тэдний зэвсгийг өөрсдийнх нь эсрэг болгоно. Тэд зэр зэвсгээ буюу «жадаа» дайчид уруугаа чиглүүлнэ.

16 Үүнээс өөр үйл явдлууд ч удахгүй болох нээ. Ехова дайснуудаа бүрмөсөн устгаж дуусахын тулд хүний хүчээс илүү сүнсэн дайчдаа ашиглах болно. Есүс Христийн тэргүүлдэг тэнгэрийн дайчдынхаа «морьдтойгоо» тэрээр «далай тэнгисээр, хүчит давалгаагаар» буюу хүн төрөлтөн дайсны оволзон долгилох «далайгаар» ялан урагшлах болно (Илчлэлт 19:11—21). Тэр цагт хорон муу хүмүүс дэлхийгээс устгагдах болно. Бурхны хүч чадал хийгээд шударга ёс ямар хүчтэй илэрхий болно гээч!

Еховагийн өдөр ойртож байна!

17. а) Ямар учраас бид Хабаккукийн үг биелнэ гэдэгт эргэлзэхгүй байж болох вэ? б) Бид Еховагийн агуу өдрийг хүлээхдээ Хабаккукийг хэрхэн дууриаж болох вэ?

17 Хабаккукийн үг удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тийм ээ, үнэхээр удахгүй биелнэ. Танд ямар сэтгэгдэл төрж байгаа бол? Бурхан Хабаккукт онгод оруулан бичүүлсэн гэдгийг санагтун! Ехова үйл ажиллагаагаа явуулах бөгөөд, тэгэхэд дэлхий хоосорно. Тийм учраас: «Үүнийг сонсоод, зүрх минь дэлсэж, чимээ шуугианд нь уруул минь дагжина. Яс минь хүртэл янгинан, хөл минь салганан чичирнэ. Гэвч биднийг түрэмгийлэгч үндэстний дээр гамшигт өдөр ирэх хүртэл би тэвчин [«тайван», ШЕ] хүлээх ёстой» гэж хэлсэн зөнчийн үгэнд гайхах хэрэггүй юм (Хабаккук 3:16). Хабаккук ихэд догдолсон нь ойлгомжтой. Гэхдээ түүний итгэл туйлбаргүй байсан уу? Үгүй ээ! Тэрбээр Еховагийн агуу өдрийг тайван хүлээхэд бэлэн байсан (2 Пэтр 3:11, 12). Өнөөдөр бид ч гэсэн тийн ханддаггүй гэж үү? Мэдээж, бид мөн л тэгж ханддаг! Хабаккукийн зөгнөл биелнэ гэдэгт бид дүүрэн итгэлтэй байдаг. Харин одоохондоо бид тэвчээртэй хүлээдэг билээ.

18. Хабаккук бэрхшээл тохиолдохыг үгүйсгээгүй ч ямар сэтгэлгээтэй байсан бэ?

18 Дайн дажин ямагт гарз хохирол, тэр бүү хэл ялагчдад ч гарз хохирол учруулдаг. Хоол хүнс хомсдож, эд хөрөнгөө ч алдаж болох талтай. Амьжиргааны түвшин ч мууддаг. Хэрэв энэ бүхэн бидэнд тохиолдвол яаж нөлөөлөх бол оо? Хабаккук үүнд хэрхэн хандсаныг нь дууриавал зохино. Тэрээр: «Инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй байсан ч, чидун мод түүх юмгүй, талбайд юу ч ургаагүй байсан ч, хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй байсан ч, Эзний дотор би баясан хөөрч, өөрийн авралын Бурхандаа бахдан баярлана» хэмээжээ (Хабаккук 3:17, 18). Хабаккук аливаад бодитой ханддаг байсан бөгөөд хүндрэл бэршээл, өлсгөлөн ч тохиолдож болохыг үгүйсгээгүй. Гэхдээ, тэрбээр өөрийг нь аврах Еховад цаг ямагт баярлаж байсан билээ.

19. Олон христосын шашинтнууд ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Ехова амьдралд маань гол байр эзэлдэг болбол бид юунд итгэл дүүрэн байж болох вэ?

19 Өнөөдөр хорон муу хүмүүсийн эсрэг хийх Еховагийн дайн эхлэхээс өмнө олон хүн хүнд хэцүү зовлон гамшиг эдэлж байна. Дайн, өлсгөлөн, газар хөдлөлт, тахал зэрэг нь засаглал нь эхэлснийг илэрхийлэх шинж тэмдгийн хэсэг гэж Есүс урьдчилан хэлсэн (Матай 24:3—14; Лүүк 21:10, 11). Бидний итгэл нэгт олон хүн Есүсийн зөгнөн хэлсэн гай гамшигт ихээхэн нэрвэгдсэн улс орнуудад амьдарч байна. Тийм учраас тэд илүү их зовлон бэрхшээл амсдаг. Ирээдүйд бусад христосын шашинтнууд ч тийм бэрхшээлтэй тулгарч ч болох юм. Бидний олонхид төгсгөл ирэхээс өмнө «инжрийн мод цэцэглэхгүй» байж болох бүрэн үндэс бий. Гэхдээ энэ бүхэн яагаад болж байгааг бид мэддэг бөгөөд энэ нь бидэнд хүч өгдөг. Түүнээс гадна, бид дэмжлэг туслалцаа байнга авдаг. Есүс: «Харин эхлээд хаанчлал болон Түүний [Бурхны] зөвийг хайгтун. Тийнхүү энэ бүх зүйлийг та нарт нэмж өгөх болно» хэмээн амласан (Матай 6:33). Есүсийн үг ая тухтай амьдралын баталгаа биш ч гэсэн хэрэв Ехова амьдралд маань гол байрыг эзэлдэг болох аваас тэрбээр биднийг хамгаалахаа батлан илэрхийлсэн (Дуулал 37:25).

20. Бид цаг зуурын бэрхшээлийг үл хайхран ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ?

20 Цаг зуурын ямар ч бэрхшээл тохиолоо гэсэн бид Еховагийн аврах хүчинд итгэх итгэлээ алдахгүй! Африк, Зүүн Европ болон бусад орон нутагт байгаа олон ах эгч нар маань маш их бэрхшээлтэй тулгардаг хэдий ч «Еховагийн дотор баясан хөөрч» байдаг. Тэдэн шиг цаг үргэлж баяр хөөртэй байцгаая! Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бол «хүч чадлын» Эх булаг гэдгийг санагтун! (Хабаккук 3:19). Тэрбээр хэзээ ч бидний итгэлийг алдахгүй. Хармагэдоон заавал ирэх бөгөөд үүний дараагаар амласан шинэ ертөнц бий болно (2 Пэтр 3:13). Тэгэхэд «далай усаар дүүрэн байдгийн адил газар дэлхий Эзний суу алдрын мэдлэгээр дүүрэх болно» (Хабаккук 2:14). Энэхүү аз жаргалтай цаг ирэх хүртэл Хабаккукийн гайхамшигтай жишээг дууриацгаая! Ямагт «Еховагийн дотор баясан хөөрч, ... өөрийн авралын Бурхандаа бахдан баярлацгаая».

Та санаж байна уу?

• Хабаккукийн залбирал бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

• Ехова яагаад аян дайнд мордох вэ?

• Хабаккукийн зөгнөл авралын тухай юу өгүүлдэг вэ?

• Бид ямар сэтгэлгээгээр Еховагийн өдрийг хүлээх хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]