«Христийн санааг» мэдэцгээе
«Христийн санааг» мэдэцгээе
«„Хэн Эзний санааг мэдэж, Эзнийг сургах вэ?“ Харин бидэнд Христийн санаа байгаа юм» (1 КОРИНТ 2:16, МАБ).
1, 2. Ехова Есүсийн тухай ямар зүйлийг өөрийнхөө Үгээр илчлэх нь зүйтэй гэж үзсэн бэ?
ЕСҮС ямар царай зүстэй хүн байсан бэ? Үс, арьс, нүднийх нь өнгө ямар байв? Аль хир өндөр нуруутай байв? Биеийн жин нь хэд байсан бол? Олон зууны туршид Есүсийг уран сайхны аргаар дүрсэлж байснаас үнэн бодитой нь ч бий, үнэмшил муутай нь ч байсаар байна. Заримд нь түүнийг эрэлхэг, гал цогтой болгож дүрсэлсэн байхад заримд нь бие муутай, цонхигор цагаан царайтайгаар зурсан байдаг.
2 Харин Библи Есүсийн гадаад төрхийг голлож анхаардаггүй. Ехова илүү их ач холбогдолтой зүйл, тухайлбал, Есүс бие хүнийхээ хувьд ямар хүн байсныг илчлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Евангели («Матай», «Марк», «Лүүк», «Иохан» номууд) бол Есүсийн юу хэлж, хийж байсныг мэдээлээд зогсохгүй, үг яриа, үйл ажиллагаанаас нь түүний бодол эргэцүүллийн хэв маяг, мэдрэмжийнх нь гүн тодорхой харагддаг. Бурхны онгод оруулсан энэ дөрвөн мэдээ нь элч Паул яагаад «Христийн санаа» гэж нэрлэх болсон тухай ойлголтыг бидэнд өгдөг (1 Коринт 2:16, МАБ). Есүсийн юу бодож, юу мэдэрч байсан хийгээд ямар хүн байсныг нь мэдэж авах нь тун чухал. Яагаад? Дор хаяж, хоёр шалтгаан байна.
3. Бид «Христийн санааг» мэдсэнээрээ юу ойлгож авах вэ?
3 Нэгдүгээрт: «Христийн санаа» нь бидэнд Ехова Бурхны санааы талаар ерөнхий ойлголт өгдөг. Есүс Эцгээ дэндүү сайн мэддэг учраас: «Хүү нь хэн бэ гэдгийг Эцгээс өөр хэн ч мэдэхгүй. Бас Эцэг нь хэн бэ гэдгийг Хүү, бас Хүү өөрийгөө илтгэхийг хүсэгчээс өөр хэн ч мэдэхгүй» гэж хэлсэн (Лүүк 10:22, МАБ). Энэ нь Есүс: «Еховагийн ямрыг мэдмээр байвал надаас үлгэр ав» гэж хэлсэнтэй адил юм (Иохан 14:9). Тиймээс бид Евангелийн илчилдэг Есүсийн бодол, мэдрэмжийг судалснаараа, мөн чанартаа, Еховагийн бодол, мэдрэмжтэй танилцаж байгаа нь тэр. Тийм мэдлэг нь бидэнд Бурхантай ойртож дотносох боломж олгодог (Иакоов 4:8).
4. Хэрэв бид Христийг яг таг дууриахыг хүсэж байвал эхлээд юу сурах хэрэгтэй вэ? Яагаад?
4 Хоёрдугаарт: «Христийн санааг» мэдсэн мэдлэг маань түүний «мөрөөр дагахад» тусалдаг (1 Пэтр 2:21). Есүсийг дагах гэдэг нь хэлсэн үг, хийсэн үйлсийг нь давтахын нэр биш юм. Үр яриа, үйл ажлын цаана бодол, мэдрэмж байдаг болохоор бид Христийг дагахын тулд түүнд байсан шиг «оюун санааны хандлагаа» хөгжүүлэх ёстой (Филиппой 2:5, ШЕ). Өөрөөр хэлбэл, хэрэв бид Христийг яг таг дууриахыг хүсэж байгаа бол эхлээд төгс бус хүний чадал боломжийнхоо хирээр түүн шиг бодож, мэдэрч сурах хэрэгтэй. Тиймд Евангелийг бичсэн хүмүүсийн тусламжтайгаар «Христийн санааг» мэдэхийг хичээцгээе. Тэгэхдээ эхлээд Христийн бодол, мэдрэмжид юу нөлөөлснийг авч үзье.
Есүсийн, хүн болохоос өмнөх амьдрал
5, 6. а) Харьцаж байдаг хүмүүс маань бидэнд яаж нөлөөлдөг вэ? б) Бурхны ууган Хүү дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт байхдаа Эцэгтэйгээ ямар харьцаатай байсан бэ? Энэ нь түүнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
5 Ойр дотно харьцдаг хүмүүс маань бидний бодол, мэдрэмж, үйл хэрэгт сайнаар юм уу эсвэл муугаар нөлөөлж болдог * (Сургаалт үгс 13:20). Есүс дэлхийд ирэхээсээ өмнө, тэнгэрт байхдаа Эцэгтэйгээ хамгийн ойр харьцаатай байсан. «Иохан» ном Есүсийг хүн болохоосоо өмнө «Үг» буюу Бурхны нэрээр Яригч байсан гэдэгт бидний анхаарлыг хандуулдаг. Иохан: «Эхэнд Үг байсан, Үг Бурхантай байсан ба Үг нь Бурхан байсан. Энэ Нэгэн эхлээд Бурхантай байсан» гэж бичсэн буй (Иохан 1:1, 2). Еховад эхлэл гэж байгаагүй учраас Үг Бурхантай байх болсон тэр үеийг зааж буй «эхэн» гэдэг үг нь Бурхны бүтээлээ туурвиж эхэлсэн үед хамаарах ёстой (Дуулал 90:2). Есүс бол «бүх бүтээлийнх нь Ууган нь мөн». Тэгэхлээр, тэрбээр бусад сүнсэн бүтээл болон бодит ертөнцийг бий болохоос өмнө байж байсан гэсэн үг (Колоссай 1:15; Илчлэлт 3:14).
6 Зарим эрдэмтдийн тооцоогоор орчлонт ертөнц 12 тэрбумаас багагүй жил оршин тогтнож байгаа аж. Хэрэв энэ тооцоо ямар нэг хэмжээгээр үнэн бол Адамыг бүтээхээс өмнө Бурхны ууган Хүү тоо томшгүй олон тэрбум жил Эцэгтэйгээ нягт холбоотой байжээ. (Мика 5:2-той харьцуулна уу.) Тэдний хооронд хамгийн халуун дотно, нягт харьцаа бий болсон байна. Мэргэн ухаан болж дүрслэгддэг энэ ууган Хүү хүн болохоосоо өмнө: «Би . . . [Еховагийн] өдөр тутмын нь баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлана» гэж хэлсэн байдаг (Сургаалт үгс 8:30). Тоо томшгүй олон жил хайрын Эх булагтай дотно харьцаатай байсан нь Бурхны Хүүд хүчтэй нөлөө үзүүлсэн биз ээ! (1 Иохан 4:8). Энэ Хүү Эцгийнхээ бодол, мэдрэмж, үйл хэргийг хэний ч мэдээгүйгээр мэдэж, бодгаль чанарыг нь хэний ч тусгаагүйгээр тусгасан юм (Матай 11:27).
Дэлхий дээрх амьдрал ба түүний нөлөө
7. Бурхны ууган Хүүгийн дэлхий дээр ирэх болсон нэг шалтгаан юу вэ?
7 Бурхны Хүүд сурах юм их байв. Еховагийн санаа зорилгоор бол Хүү нь «бидний мөхөс байдалд зовох» чадвартай, өрөвч сэтгэлтэй Ахлах Тахилч болох ёстой байлаа (Еврей 4:15). Энэхүү үүргээр тавигдах шаардлагыг хангах нь дэлхийд хүн болж ирэх болсон нэг шалтгаан байсан юм. Энд Есүс, урьд нь зөвхөн тэнгэрээс ажиглан харж байсан тэр орчин нөхцөлд, өөрөө махан биетэй, цусан зүрхтэй хүн болон хүрч ирсэн. Тийн ирсэнээрээ Есүс хүмүүний мэдрэмж, сэтгэл санааг өөрийн биеэр мэдрэн ойлгох боломжтой болсон. Тэрбээр ядарч, өлсөж, цангаж байв (Матай 4:2; Иохан 4:6, 7). Тэгээд бас бүхий л бэрхшээл, зовлонг амсаж өнгөрүүлсэн. Тэр тийнхүү «дагахыг сурч», тэгснээрээ Ахлах Тахилчийн дүрд сая бүрэн тохирсон (Еврей 5:8—10).
8. Бид Есүсийн дэлхий дээрх амьдралын эхэн үеийн талаар юу мэдэх вэ?
8 Есүс дэлхий дээрх амьдралынхаа эхэнд юу амсаж туулсан бол оо? Түүний бага насны тухай тун бага тэмдэглэжээ. Зөвхөн Матай Лүүк хоёр л төрөх үеийнх нь үйл явдлын талаар өгүүлсэн байдаг. Евангелийг бичсэн хүмүүс Есүсийг дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт байсныг мэддэг байсан. Хүн болохоос өмнөх тэр амьдрал нь ямар учраас хүн болж ирэх болсныг нь юунаас ч илүү тайлбарладаг. Гэхдээ, Есүс жинхэнэ хүн байсан юм шүү. Тэр хэдийгээр төгс байсан ч гэсэн балчир нас, бага нас, өсвөр нас, дараа нь эрийн цээнд хүрсэн нас гээд хүний хөгжлийн бүх л үеийг дайрах хэрэгтэй байсан. Есүс энэ бүх хугацаанд суралцсан (Лүүк 2:51, 52). Библи Есүсийн эхэн үеийн амьдралын талаар тодорхой зүйлийг илчилдэг бөгөөд тэрхүү амьдрал нь түүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй.
9. а) Есүс ядуу айлд төрсөн гэдэг нь юунаас харагдана вэ? б) Есүс ямар нөхцөлд өсөж торнисон бэ?
9 Есүс ядуу айлд төрсөн нь илт байдаг. Үүнийг, төрснөөс нь хойш 40-өөд өдрийн дараа Иосэф Мариа хоёрын дуганд авч очсон өргөл нь гэрчилдэг. Тэд тахилын хурга, залуу тагтаа юм уу хүүрзгэний оронд «хос хүүрзгэнэ», «тагтааны хоёр дэгдээхэй» хоёрын аль нэгийг нүглийнхээ төлөө өргөл болгож авчирсан (Лүүк 2:24). Мосегийн хуулиар бол тийм өргөл нь ядууст тавьсан болзол байжээ (Левит 12:6—8). Эгэл даруухан энэ айл өнөр болов. Есүсийг гайхамшгаар төрсний дараа Иосэф Мариа хоёр дээд тал нь зургаан хүүхэдтэй болсон (Матай 13:55, 56). Ийнхүү Есүс өнөр бөгөөд хир тааруу айлд өсөж торнисон бололтой.
10. Мариа Иосэф хоёр Бурхнаас эмээдэг хүмүүс байсан гэдэг нь юунаас харагдаж байна вэ?
10 Есүсийг Бурхнаас эмээдэг, халамжит эцэг эх өсгөж торниулсан. Түүний эх Мариа гайхамшигтай эмэгтэй байсан. Тэнгэрэлч Габриэл: «Ивээгдэгч ээ, баярла. Эзэн чамтай хамт байна» гэж Мариад хэлэн мэндчилснийг санацгаая (Лүүк 1:28). Иосэф ч мөн шүтлэгтэй хүн байсан. Тэрбээр жил болгон Өнгөрсний баяр тэмдэглэхээр 150 километрийн зайтай Иерусалим уруу заавал явдаг байв. Баярт зөвхөн эрчүүдийг оролцохыг шаарддаг байсан хэдий ч Мариа түүнтэй хамт явдаг байсан (Египетээс гарсан нь 23:17; Лүүк 2:41). Нэгэн удаа Иосэф Мариа хоёр Иерусалим уруу аялах үеэрээ Есүсийг алга болгочихоод удаан хайсны эцэст багш нарын дунд байхад нь олсон билээ. Тэр үед Есүс арван хоёр настай байсан. Сандарч түгшсэн эцэг эх хоёртоо Есүс: «Эцгийндээ байх ёстойг минь та нар мэдэхгүй гэж үү?» хэмээн хэлсэн байдаг (Лүүк 2:49). «Эцэг» хэмээх энэ үг балчир Есүст хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг байсан болов уу. Учир нь: Нэгдүгээрт, жинхэнэ эцэг нь Ехова гэдгийг түүнд хэлдэг байсан нь огтхон ч эргэлзээгүй. Хоёрдугаарт, Иосэф сайн өргөмөл эцэг байсан бололтой. Ехова хайртай Хүүгийнхээ хүмүүжлийг харгис хэрцгий, хайрлах сэтгэлгүй хүнд даалгахгүй байх байсан.
11. Есүс ямар ажил эрхэлж сурсан ба энэ нь тэр үед юутай холбоотой байсан бэ?
11 Есүс Назаар хотод амьдарч байхдаа өргөмөл эцэг Иосэфоосоо мужааны эрдэмд суралцжээ. Хүмүүс өөрийг нь «мужаан» гэж нэрлэх хүртэл уг ажлыг сайтар эзэмшсэн аж (Марк 6:3). Тэр үед мужаан хүмүүс байшин барилга барих ажил эрхэлдэг байсан төдийгүй, гэр ахуйн тавилга (тэр дотроо ширээ, мухар сандал болон бандан сандал гэх мэт), хөдөө аж ахуйн багаж зэвсэг хийдэг байв. МЭ хоёрдугаар зуунд амьдардаг байсан Юстин Зовогч «Трифотой ярилцсан нь» гэдэг бүтээлдээ Есүсийн талаар ийн өгүүлжээ. «Хүмүүсийн дунд амьдарч байхдаа тэрээр анжис, буулга зэргийг хийдэг мужаан байсан» хэмээжээ. Дээр үед мужаан хүн мод худалдан авах боломж муутай байсан болохоор энэ ажил нь тийм ч хялбар байсангүй. Тэрбээр юуны түрүүнд явж, юм хийчихэж болох модоо хайж олон, огтолж, гэртээ авчирдаг байсан байна. Есүс үйлчлүүлэгчидтэй ярьж тохирох, амин зуулгын мөнгө олох, модоо барьчихгүй байх гэх мэт нь чухам юу болохыг мэддэг байсан нь эргэлзээгүй.
12. Иосэф Есүсээс түрүүлж нас барсан гэж яагаад үзэж болох вэ? Энэ нь Есүсийн хувьд юу гэсэн үг вэ?
12 Есүс айлын ууган хүү байсныхаа хувьд, мөн Иосэф Есүсийг үхэхээс өмнө нас барсан байх магадлалтай тул гэр бүлийнхнийгээ халамжилдаг байсан гэж үзэж болно. 1900 оны нэгдүгээр сарын 1-ний «Сиооны Харуулын цамхаг» сэтгүүлд: «Есүсийг бага байхад Иосэф нас барсан ба Есүс мужааны урлах эрдэмд суралцаж, гэр орныхоо түшиг тулгуур нь болсон гэж үзэх нь уламжлал болжээ. Энэ нь Есүсийг өөрийг нь мужаан гэж нэрлэсэн, түүнтэй хамт ээжийг нь болон дүү нарыг нь дурьдсан хэрнээ Иосэфийн талаар үг ч цухуйлгаагүй зүйлүүдээр нэлээд баталгаатай болдог (Марк 6:3). [...] Иймээс [Лүүк 2:41—49-т бичигдсэн] тэр тохиолдлоос эхлэн баптисм хүртэх хүртэл амьдралынхаа арван найман жилийн урт хугацааг Эзэн маань [Есүс] өдөр тутмын эгэл амьдралынхаа үүргийг гүйцэтгэн өнгөрүүлжээ гэж болно» хэмээн бичсэн байна. Мариа хайрт нөхрөөсөө, харин хүүхдүүд нь тэр тусмаа Есүс хайрт эцгээсээ хагацахын гуниг зовлонг мэдсэн байх учиртай.
13. Ямар учраас Есүс үйлчлэлээ эхлэхдээ өөр нэг ч хүнд байгаагүй тийм мэдлэг, ойлголт, гүн гүнзгий мэдрэмжтэй байсан бэ?
13 Гэхдээ балчирхан Есүсийн амьдрал хайр халамжийн гадна байгаагүй нь тодорхой. Энгийн хүмүүс хэрхэн амьдардгийг тэрээр биеэрээ амсаж мэдэрсэн. Харин МЭ 29 онд Бурхны оноосон даалгаврыг биелүүлэх цаг нь болсон байлаа. Тэр жилийн намар Есүс усаар баптисм хүртэж, Бурхны Хүү болж сүнсээр төрсөн. Түүнд «тэнгэр заагдсан», өөрөөр хэлбэл, тэрээр хүн болохын өмнөх тэнгэрийн амьдралаа, мөн түүнтэй холбоотой бодол хийгээд мэдрэмжээ дурсан санасан байх (Лүүк 3:21, 22). Тиймээс Есүс үйлчлэлээ эхлэхдээ өөр нэг ч хүнд байгаагүй тийм мэдлэг, ойлголт, гүн гүнзгий мэдрэмжтэй байсан. Евангелийг бичсэн хүмүүс өгүүллийнхээ ихэнх хэсгийг чухам Есүсийн үйлчлэлд зориулсан нь дэмий зүйл байгаагүй болов уу. Гэхдээ л тэд Есүсийн хэлсэн, хийсэн бүхнийг бүгдийг нь бичиж чадаагүй (Иохан 21:25). Гэвч тэдний үг болгоныг нь Бурхан онгод оруулан бичүүлсэн болохоор энэхүү Евангели нь нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүний сэтгэлгээний хэв маягийн тухай ойлголтыг бидэнд өгдөг.
Есүс ямар хүн байсан нь
14. Есүс сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, халуун сэтгэлтэй байжээ гэдгийг Евангел хэрхэн харуулдаг вэ?
14 Евангелид бичсэнийг үзвэл Есүс сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, халуун сэтгэлтэй нэгэн байжээ. Янз бүрийн шалтгаанааар түүний сэтгэл хөдөлж янз бүр болдог байж. Тухайлбал: Нойтон хамуутай хүнийг өрөвдсөн (Марк 1:40, 41); дэлгэрүүлсэн мэдээг нь хүлээн аваагүй ард олны төлөө гашуудсан (Лүүк 19:41, 42); шунахай сэтгэлтэй зоос арилжигчдад эгдүүцэн зэвүүцсэн нь шударга байсан (Иохан 2:13—17). Хүний зовлонгоос хуваалцах чадвартай байсан Есүс нулимс унагаах хүртлээ сэтгэл нь хөдөлж байсан бөгөөд сэтгэл хөдлөлөө нууж байгаагүй. Дотны анд Лазар нь нас барахад Лазарын дүү бүсгүй Мариа нь уйлж байхыг харсан Есүсийн ч гэсэн сэтгэл хөдөлж, бүхний нүдэн дээр өөрөө уйлж байсан нь бий (Иохан 11:32—36).
15. Есүс хүмүүст хэрхэн ханддаг байсан бэ?
15 Есүсийн хүмүүст хандах хандлагад түүний нинжин сэтгэл онцгой илэрдэг байв. Тэрээр ядуу, дарлагдсан хүмүүст хандаж, тэдний «сэтгэл амрахад» тусладаг байв (Матай 11:4, 5, 28—30). Тэрээр, хувцсанд нь болгоомжтой хүрсэн, цус алдах өвчнөөр шаналж байсан эмэгтэй болон дуугий нь хорьж чадаагүй хараагүй гуйлгачин зэрэг золгүй хүмүүсийн зовлон бэрхшээлийг авч үзэлгүй орхихоор тийм зав зайгүй байгаагүй юм (Матай 9:20—22; ). Есүс хүмүүсээс сайн сайхныг нь олж харан, тэднийг магтан сайшааж, мөн хэрэгтэй үед зэмлэхэд бэлэн байсан ( Марк 10:46—52Матай 16:23; Иохан 1:47; 8:44). Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байсан тэр цагт ч Есүс эмэгтэйчүүдэд хандахдаа төлөв түвшин байдлаа хадгалсан хэвээр хүндэтгэдэг байсан (Иохан 4:9, 27). Зарим эмэгтэйчүүд түүнд эд хөрөнгөөрөө үйлчилдэг байсан нь гайхах зүйл биш ээ (Лүүк 8:3).
16. Есүс амьдралд болон эд хөрөнгөнд дүн нуруутай ханддаг байсан нь юунаас харагддаг вэ?
16 Есүс амьдралд дүн нуруутай ханддаг байсан. Тэрбээр материаллаг эд агуурсыг нэгдүгээрт тавьддаггүй байсан. Эд хөрөнгөөр тарчиг байсан бололтой. Тэрээр «толгой хоргодох газаргүй» гэж хэлж байсан (Матай 8:20). Тэглээ ч Есүс эргэн тойрныхоо хүмүүст баяр хөөр нэмдэг байсан. Нэгэн удаа тэрээр хуриманд очсон. Мэдээж хурим бол дуу хуур цангинасан, хөгжил цэнгээнтэй үйл мөн. Тэрээр тэнд очихдоо уг баярыг бусниулах гэж очоогүй нь илт. Тэгээд ч, Есүс хуриман дээр анхныхаа гайхамшгийг үзүүлсэн. Үзмийн дарс дуусахад тэрээр усыг дарс, өөрөөр хэлбэл «хүний сэтгэлийг баярлуулах» ундаа болгон хувиргасан (Дуулал 104:15; Иохан 2:1—11). Найр наадам үргэлжилж, сүйт залуу, бүсгүй хоёр ч эвгүй байдалд ороогүй. Есүс үйлчлэлдээ удаан хугацаагаар махран хөдөлмөрлөсөн тохиолдлыг Евангелиэс олныг олж болох бөгөөд үүнээс түүний буурь суурь харагддаг (Иохан 4:34).
17. Есүс гайхамшигтай багш байсан нь ямар учраас гайхах зүйл биш вэ? Сургаалд нь юу илэрдэг вэ?
17 Есүс гайхамшигтай багш байсан. Бусдыг сургахдаа тэрээр өдөр тутмын амьдралд тохиолддог хэн хүний сайн мэдэх зүйлд тулгуурладаг байлаа (Матай 13:33; Лүүк 15:8). Түүний сургах арга маяг нь давтагдашгүй байсан бөгөөд ямагт ойлгомжтой, энгийн, биелж болмоор зүйлийг ярьдаг байсан. Гэхдээ тэрээр юунд сургадаг байсан нь бүхнээс чухал юм. Түүний сургаалд хүмүүсийг Еховагийн зам, мэдрэмж, санаа бодолтой танилцуулах гэсэн чин сэтгэлийнх нь хүсэл илэрдэг (Иохан 17:6—8).
18, 19. а) Есүс Эцгээ яаж яруу тод дүрсэлдэг вэ? б) Дараагийн өгүүлэлд юуг тайлбарлах вэ?
18 Есүс байнга ойлгомжтой жишээ ашиглан Эцгийнхээ хувийн чанарыг илчилдэг байлаа. Энэ нь мартахын аргагүй яруу тод дүрслэлтэй байв. Ер нь Бурхны энэрэнгүй сэтгэлийн талаар ярина гэдэг нэг хэрэг. Харин буцаж ирсэн хүүгээ хараад сэтгэл нь хөдлөхдөө «гүйн ирж, тэврэн авч үнссэн» эцгийг Еховатай адилтган дүрсэлсэн нь огт өөр зүйл юм (Лүүк 15:11—24). Есүс шашны удирдагчид нь эгэл ард түмнээ басамжлан үздэг байсан харгис соёлыг эсэргүүцэн, өөрийнх нь Эцэг бол сайрхагч фарисайн бусдад харуулах гэсэн хуурамч залбирлыг бодвол татвар хураагчийн даруу залбирлыг илүү таашаадаг, хүнд ойрхон Бурхан гэдгийг тайлбарласан (Лүүк 18:9—14). Есүс Еховаг бяцхан болжмор унахыг хүртэл мэддэг халамжит Бурхан гэж дүрсэлсэн. Есүс дагалдагч нараа тайвшруулан: «Иймээс бүү ай. Та нар бол олон бор шувуунаас илүү үнэтэй» гэж хэлсэн (Матай 10:29, 31). Хүмүүс чухам яагаад түүнд татагдан, «түүний сургаалыг гайхан шагширч байсан» нь ойлгомжтой (Матай 7:28, 29). Нэгэн удаа «үй түмэн хүн» идэх юмгүй байсан хэрнээ түүнтэй хамт гурван өдрийг өнгөрүүлж байсан нь бий! (Марк 8:1, 2).
19 Үгээрээ дамжуулан бидэнд «Христийн санааг» нээж өгдөгт нь Еховад баярлалаа! Харин «Христийн санааг» хэрхэн хөгжүүлж, бусадтай яаж зүй зохистойгоор харьцах вэ? Энэ талаар дараагийн өгүүлэлд тайлбарлана.
[Зүүлт]
^ Аливаа харьцаа нь сүнсэн бүтээлд ч нөлөөлж болдог гэдэг нь Илчлэлт 12:3, 4-өөс харагдана. Тэнд, нөлөөгөө ашиглан бусад «од» буюу Бурхны сүнсэн хөвгүүдийг өөрийнхөө самуун замд оруулж чадсан Сатаныг «луу»-гаар төлөөлүүлсэн байдаг (Иоб 38:7-той харьцуулна уу).
Та санаж байна уу?
• «Христийн санааг» мэдэх нь яагаад чухал бэ?
• Есүс хүн болохоосоо өмнө Эцэгтэйгээ ямар харьцаатай байсан бэ?
• Есүс ямар нөхцөл байдалд байсан бэ? Дэлхийд амьдарч байхдаа өөрийн биеэр юу мэдсэн бэ?
• Христийн хувийн зан чанарын талаар Евангели юу илчилдэг вэ?
[Догол мөрийн асуулт]