Skip to content

Гарчиг руу орох

Ехова биднийг хэрхэн удирддаг нь

Ехова биднийг хэрхэн удирддаг нь

Ехова биднийг хэрхэн удирддаг нь

«Шулуун замаар намайг удирдаач» (ДУУЛАЛ 27:11)

1, 2. а) Ехова өнөөдөр ард түмнээ хэрхэн удирддаг вэ? б) Цуглаануудаа бүрэн дүүрэн ашиглахын тулд яах хэрэгтэй вэ?

 ӨМНӨХ өгүүллээс бид Еховаг гэрэл болоод үнэний Эх булаг мөн гэдгийг мэдэж авсан. Шулуун замаар явж буй бидэнд Бурхны Үг замыг маань гэрэлтүүлдэг. Ехова биднийг өөрийн замаар явахыг сургаж, удирддаг (Дуулал 119:105). Эрт цагийн дуулалчийн адилаар бид ч гэсэн Бурхны удирдлагыг талархан хүлээн авч, «Эзэн минь, Өөрийн замыг надад зааж, ...шулуун замаар намайг удирдаач» гэж залбирдаг (Дуулал 27:11).

2 Еховагийн сургаалыг өнөөдөр христосын шашинтны цуглаанаас авч болно. Хайрын сэтгэлээрээ Еховагийн өгч буй зүйлүүдийг бид (1-рт: Цуглаандаа тогтмол ирж, 2-рт: Хөтөлбөрийг анхааралтай сонсож, 3-рт: Боломжтой үед асуудалд идэвхтэй оролцон) бүрэн дүүрэн ашигладаг уу? «Шулуун замаасаа» гарахгүй байхад маань тус болох зөвлөгөөг бид талархалтайгаар хүлээн авдаг уу?

Танайхан цуглаандаа хэр оролцдог вэ?

3. Бүрэн цагийн нэгэн үйлчлэгч яаж цуглаанд тогтмол явах хэвшилтэй болсон бэ?

3 Зарим дэлгэрүүлэгч цуглаандаа хүүхэд байхаасаа эхлээд тогтмол явдаг болсон байдаг. «1930-аад онд эгч бид хоёр хэдий бага байсан ч, цуглаанд явах уу гэж аав ээжээсээ асуух хэрэггүй байлаа. Хэрэв бид өвдөөгүй л бол явна гэсэн үг. Манай гэрийнхэн цуглаан тасалдаггүй байв» гэж Еховагийн Гэрчүүдийн бүрэн цагийн нэгэн үйлчлэгч дурсан ярьсан юм. Зөнч Аннагийн адилаар энэ эгч Еховаг шүтдэг газраас «ер холдож үзээгүй» ажээ (Лүүк 2:36, 37).

4—6. а) Зарим дэлгэрүүлэгчид ямар учраас цуглаанаа тасалдаг вэ? б) Цуглаанд оролцох нь ямар учраас тийм чухал вэ?

4 Цуглаанд та тогтмол очдог уу, эсвэл хааяа нэг очдог уу? Энэ талаар өөрсдийгөө хэвийн гэж үзэж байсан зарим Еховагийн Гэрчүүд өөрсдийгөө шалгахаар шийджээ. Хэдэн долоо хоног даралан ямар ямар цуглаанд очсноо тэд тэмдэглэжээ. Тогтоосон хугацааны эцэст тэмдэглэлээсээ тасалсан цуглаанаа хараад ихэд гайхжээ.

5 «Юунд нь гайхсан юм бэ? Өнөөдөр хүмүүст элдвийн бэрхшээл захаас аван тохиолддог. Тэгэхлээр цуглаанд тогтмол очно гэдэг амаргүй шүү дээ» гэж хэн нэг нь хэлж болох л юм. Тийм ээ, бид дарамт ачаалал ихтэй цаг үед амьдарч байна гэдэг маргашгүй үнэн. Түүнээс гадна, бэрхшээл улам өсөх нь эргэлзээгүй (2 Тимот 3:13). Харин ч энэ нь цуглаандаа тогтмол явахын чухлыг хэлж байгаа хэрэг биш гэж үү? Байнгын тэжээллэг сүнслэг хоол хүнсгүйгээр бид энэ тогтолцооны дарамтыг даван гарч үл чадна. Итгэл нэгт нөхөдтэйгээ байнга харьцахгүй бол «шударга ариун хүмүүсийн жимээр» явахаа бүрмөсөн болихоор уруу татагдаж ч юун магад! (Сургаалт үгс 4:18). Өдрийн хүнд ажлаасаа гэртээ харьж ирчихээд, дараа нь цуглаанд явах хүсэл тэр болгон төрөхгүй л болов уу. Гэхдээ, хэрэв бид ядарсан хэдий ч түүнийгээ үл тоон цуглаандаа явбал өөрсдөд маань ашиг тустай төдийгүй, Хаанчлалын танхимд хүрэлцэн ирсэн итгэл нэгт христосын шашинтан анд нараа урамшуулах болно.

6 «Еврей» номын 10:25-д цуглаандаа тогтмол явах ёстойн өөр нэг чухал шалтгааныг тайлбарласан байдаг. Тэнд элч Паул итгэл нэгт христосын шашинтнууддаа «тэр өдөр ойртох тусам» цуглаж байхыг уриалсан. Тийм ээ, бид «Бурхны өдөр» ойртон буйг хайхрахгүй байж огтхон ч болохгүй (2 Пэтр 3:12). Энэ тогтолцооны төгсгөл хаа ч байсан юм гэж бодвол хувийн хүсэл эрмэлзэл маань цуглаанд явах гэх мэтийн шаардлагатай сүнслэг үйл ажиллагааг шахаж эхэлж болох юм. Тэгвэл Есүсийн хэлснээр «тэр өдөр [бидэн дээр]... гэнэт ирж» болно (Лүүк 21:34).

Сайн сонсогч байгтун

7. Хүүхдүүд цуглаан дээр анхааралтай байх нь яагаад чухал вэ?

7 Зүгээр л цуглаанд яваад байх нь бас хангалтгүй. Цуглаан дээр ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсох хэрэгтэй (Сургаалт үгс 7:24). Энэ нь хүүдүүдэд маань ч гэсэн хамаатай. Хүүхэд сургуульд ороод хичээлийн сэдэв сонирхолгүй юм уу хүнд санагдлаа ч багшийгаа хэрхэн тайлбарлахыг анхааралтай сонсох шаардлагатай болдог. Хэрэв хүүхэд анхааралтай байхыг чармайвал хичээлээс ямар нэг ашигтай зүйл олж авдаг гэдгийг багш мэддэг. Тийм учраас сургуулийн насны хүүхдүүдийг цуглаан эхлэнгүүт нойрмоглохыг нь зөвшөөрөхийн оронд цуглаан дээр судалдаг зүйлийг анхааран сонсохыг шаардах нь буруу гэж үү? Библид байдаг тэр гайхамшигтай үнэнд «ойлгоход хүнд зарим зүйлүүд» байдаг нь худлаа биш (2 Пэтр 3:16). Гэхдээ хүүхдийн сурах чадварыг дутуу үнэлж болохгүй. Бурхан ч тэр чадварыг нь дутуу үнэлдэггүй. Библийн үед залуу үйлчлэгч нартаа «Еховагаас эмээж, түүнийг сонсож, мөн түүнээс суралцан, энэхүү хуулийн бүх үгийг хичээн биелүүлэхийг» тэрбээр тушаасан. Гэхдээ тэр Хуулийн дотор хүүхэд ойлгоход хэцүү зүйл байсан нь эргэлзээгүй (Дэд хууль 31:12, ШЕ, Левит 18:1—30-тай харьцуулна уу). Өнөөдөр Ехова хүүхдүүдээс арай багыг шаарддаг болсон гэж үзэх үндэс байна уу?

8. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ цуглаан дээр анхааралтай байхад нь туслах гэж ямар арга хэмжээ авдаг вэ?

8 Хүүхдийн сүнслэг хэрэгцээний зарим хэсэг нь цуглаанаар сурсан зүйлээр хангагддаг гэж христосын шашинтан эцэг эхчүүд үздэг. Тийм учраас зарим эцэг эх хүүхдээ Хаанчлалын танхимд ядраагүй, суралцахад бэлэн очуулахын тулд цуглаанд явахын өмнө тайван амраах арга хэмжээ авдаг. Нөгөө зарим нь цуглаанд явах орой хүүхдүүддээ зурагт үзүүлдэггүй буюу үзэх цагийг нь хязгаарладаг (Эфэс 5:15, 16). Түүнээс гадна тийм эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нас, чадварт тохируулан, сонсож, суралцахыг нь урамшуулан, ухаан санаагий нь аль болохоор самууруулахгүйг хичээдэг (Сургаалт үгс 8:32).

9. Сонсох чадвараа хөгжүүлэхэд бидэнд юу тус болох вэ?

9 Есүс насанд хүрсэн хүмүүст хандан: «Та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун» гэж хэлжээ (Лүүк 8:18). Өнөө үед үүнийг хэрэгжүүлэхээс хэлэх нь илүү амархан. Идэвхтэйгээр сонсох нь хүнд хөдөлмөр гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө байх. Гэхдээ сонсох чадварыг хөгжүүлж болно. Илтгэл юм уу, цуглааны хөтөлбөрийн хэсгийг сонсон суухдаа гол санааг нь ялган тодруулахыг хичээгээрэй. Илтгэгчийн цааш нь хэлэх зүйлийг урьдчилан тодорхойлохыг хичээгээрэй. Дэлгэрүүлэх үйлчлэл юм уу амьдралдаа хэрэгжүүлж болох санааг хайгаарай. Хэлэлцсэн зүйлийг санаандаа тоймлож, товч тэмдэглэл хөтлөөрөй.

10, 11. Зарим эцэг эхчүүд хүүхдээ анхааралтай сонсож сурахад нь хэрхэн тусалсан бэ? Та ямар аргуудыг үр өгөөжтэй гэж үзэж байна вэ?

10 Анхааралтай сонсох чадвар бага балчир насанд илүү сайн хөгждөг. Иймээс зарим эцэг эхчүүд уншиж бичиж хараахан сураагүй сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ хүртэл цуглаан дээр «тэмдэглэл» хөтлөхийг нь урамшуулдаг. Балчир хүүхдүүд «Ехова», «Есүс», «Хаанчлал» гэх зэргийн мэддэг үгээ сонсох болгондоо дэвтэр дээрээ тэмдэг тавьдаг. Тийнхүү хүүхэд тайзан дээрээс яригдаж байгаа зүйлд анхаарлаа хандуулж сурдаг.

11 Заримдаа том хүүхдүүдийг ч анхааралтай сонссоных нь төлөө урамшуулах хэрэгтэй болдог. Чуулганы үеэр нэгэн гэр бүлийн тэргүүн 11 настай хүүгээ бодолд автсан байхыг анзаарчээ. Тэгээд хүүдээ Библи бариулж, илтгэгчийн нэрлэсэн Библийн зүйлүүдийг нээж агахийг хүсчээ. Харин эцэг нь тэмдэглэл хөтлөн, хүүгийнхээ гарт буй Библиэс уншиж байлаа. Тэгээд хүү ч гэсэн чуулганы хөтөлбөрийг сонсох сонирхолтой болсон байна.

Таны дуу хоолой сонсдох болтугай!

12, 13. Цуглаанд дуу дуулж оролцохын чухал нь юу вэ?

12 Давид хаан: «Би... Таны тахилын ширээг тойрон явж, талархлын дууг өргөнө» хэмээн дуулжээ (Дуулал 26:6, 7). Еховагийн Гэрчүүдийн цуглаанууд бидэнд, итгэлээ дуулдахаар илэрхийлэх гайхалтай сайхан боломж олгодог. Ийм боломжийн нэг нь дуу юм. Энэ бол шүтлэгийн маань нэг чухал хэсэг боловч үүний чухлыг амархан мартаж болох юм.

13 Хараахан уншиж сураагүй хүүхдүүд цуглаануудад дуулах дууны үгийг долоо хоног бүр цээжилдэг. Тэд томчуудтай хамтдаа дуулдагтаа баярлан хөөрдөг. Гэвч жаахан томроод ирэхээрээ дуу дуулах сонирхол нь буурдаг. Зарим томчууд ч цуглаанууд дээр дуулахаасаа ичдэг шүү дээ. Гэтэл дэлгэрүүлэх үйлчлэл нь бидний шүтлэгийн нэг хэсэг байдгийн адил дуу ч бас бидний шүтлэгийн нэг хэсэг билээ (Эфэс 5:19). Бид дэлгэрүүлэх үйлчлэлээрээ Еховаг магтан алдаршуулахын тулд хамаг хүчээ зориулдаг. Тэгвэл магтаалын дууг уянгалаг сайхан ч бай, үгүй ч бай чин сэтгэлээсээ дуулж ая дуугаа өргөн түүний алдрыг магтаж болохгүй гэж үү? (Еврей 13:15).

14. Цуглаанаар судалдаг материалаа ямар учраас урьдчилж нямбайлан бэлтгэвэл зохих вэ?

14 Түүнээс гадна, бид цуглаанд сонсогчдын оролцоо хэрэгтэй болсон үед сэтгэл сэргээм хариулт өгч Бурхныг магтан алдаршуулдаг. Үүнд бэлтгэл шаардагдана. Бурхны Үгийн гүн гүнзгий сургаалыг тунгаахад цаг хугацаа хэрэгтэй. Бичээсийг шимтэн судалж байсан элч Паул үүнийг ухааран ойлгожээ. Тэр: «Өө. Бурхны мэдлэг, мэргэн ухааны баялагууд нь ямар гүн гүнзгий вэ?» гэж бичсэн байдаг (Ром 11:33). Гэрийн тэргүүнүүд ээ, Бичээсээр тайлагддаг Бурхны мэргэн ухааныг нягтлан судлахад нь гэрийнхэндээ туслаарай, учир нь энэ бол амин чухал юм шүү! Гэр бүлээрээ Библи судлахдаа гэрийнхэндээ цуглаанд бэлдэхэд нь тусалж, ярвигтай сэдвийг тайлбарлаж өгөх цаг зав гаргаарай.

15. Цуглаанд хариулт өгөхөд ямар ямар зөвлөгөө туслах вэ?

15 Хэрэв та цуглаанд илүү их хариулт өгмөөр байвал хэлэх гэсэн зүйлээ урьдаас сайтар бодож яагаад болохгүй гэж? Гэхдээ нарийвчлан боловсруулах хэрэггүй. Итгэлтэйгээр уншсан Библийн тохирсон зүйл юм уу сэтгэлээсээ хэлсэн, зөв сонгосон цөөн хэдэн үг үнэлэгдэх болно. Зарим дэлгэрүүлэгч итгэлээ илэрхийлэх сайхан боломжийг алдахгүйн тулд аль догол мөрт эхлээд хариулах гэж байгаагаа удирдагчид урьдчилан хэлдэг.

Туршлагагүй хүмүүс ухаалаг болно

16, 17. Ахлагч, туслах үйлчлэгчид ямар зөвлөгөө өгсөн бэ? Энэ нь яагаад үр дүнд хүрсэн бэ?

16 Еховагийн Гэрчүүдийн цуглаануудад Бурхны Үгийг өдөр бүр уншиж байхыг сануулдаг. Библийг өдөр бүр унших нь биднийг тэнхрүүлдэг. Мөн түүнчлэн, буруу алхам хийсэн үед ухаалаг шийдвэр гаргах, дутагдлаа засах, муу хүслийг эсэргүүцэх, сүнслэг талаараа тэнцвэртэй болоход тусалдаг (Дуулал 19:7).

17 Туршлагатай ахлагч нар бидний хэрэгцээ шаардлагад тохируулан Бичээсийн зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг. Бидний хувьд тэндээс Библид үндэслэсэн зөвлөгөөг хайн, түүнийг зөвхөн «шавхах» л үлддэг (Сургаалт үгс 20:5). Нэгэн удаа залуухан, идэвхтэй туслах үйлчлэгч хуралд яавал илүү хэрэгтэй хүн болох талаар ахлагчаасаа асуужээ. Энэ залууг сайн мэддэг тэр ахлагч Библиэ нээгээд, удирдах үүрэг хүлээсэн хүмүүс «ухаалаг» байх ёстой гэсэн 1 Тимот 3:2-ыг үзүүлж, бусадтай яаж ухаалагаар харьцаж болохыг нь тэр залууд элэгсгээр хэлжээ. Залуу Гэрч, шулуухан хэлсэн ахлагчийн зөвлөгөөнд гомдсон болов уу? Огтхон ч үгүй! «Ахлагч Библи ашигласан. Тийм болохоор би, Еховагаас зөвлөгөө ирж байна гэдгийг ойлгосон» хэмээн тэр тайлбарласан юм. Баярлаж талархсан туслах үйлчлэгч зөвлөгөөг дагаж, амжилтад хүрсэн юм.

18. а) Сургуульдаа сорилтод бууж өгөхгүй байхад нь нэгэн залуу христосын шашинтан эмэгтэйд юу тусалсан бэ? б) Та сорилттой тулгарахаараа Библийн ямар зүйлийг санадаг вэ?

18 Мөн тэрчлэн, Бурхны Үг нь залуучуудад «идэр насныхаа хүслүүдээс зугтахад» нь тусалдаг (2 Тимот 2:22). Дунд сургуулиа төгсөөд удаагүй Еховагийн Гэрч нэгэн бүсгүй сурч байх хугацаандаа Библийн тодорхой зүйлүүдийг эргэцүүлэн, амьдралдаа хэрэгжүүлж байсан нь түүнийг сорилтод бууж өгөхгүй байхад нь тусалдаг байжээ. Тэр, Сургаалт үгс 13:20-д байдаг «Мэргэн хүмүүст хандагч нь мэргэн болно» гэсэн зөвлөгөөг дандаа боддог байв. Тийм болохоор, Библийн зарчмыг гүн хүндэтгэдэг хүмүүстэй нөхөрлөдөг байсан байна. Тэр: «Би бусдаас илүү биш. Хэрэв би муу хүмүүстэй нөхөрлөвөл тэднийхээ сэтгэлд нийцүүлэхийг хүснэ, энэ нь сайн юманд хүргэхгүй» гэжээ. Түүнд бас 2 Тимот 1:8-д байдаг Паулын зөвлөгөө тусалсан. Паул: «Тиймээс бидний Эзний гэрчлэлээс бүү ич. ...Харин... сайн мэдээний төлөө... зов» гэж бичсэн байдаг. Бүсгүй энэ зөвлөгөөний дагуу тохиромжтой тохиолдол бүрт итгэл үнэмшлээ ангийнхантайгаа зоригтойгоор хуваалцдаг байв. Тэр илтгэл бэлтгэх даалгавар авах болгондоо Бурхны Хаанчлалын талаар эвтэйхэн гэрчилчих сэдэв сонгодог байжээ.

19. Нэг залуу яагаад дэлхийн дарамт шахалтыг эсэргүүцэж чадаагүй вэ? Гэсэн ч тэр юуны ачаар сүнслэг хүчтэй болсон бэ?

19 Хэрэв бид «шударга ариун хүмүүсийн жимээс» гарвал Бурхны Үг бидэнд дахин зөв зам дээр гарахад тусална (Сургаалт үгс 4:18). Үүнийг Африкт байдаг нэг залуу биеэрээ амсаад мэджээ. Түүн дээр Еховагийн Гэрч хүрч ирэхэд Библи судлахыг зөвшөөрчээ. Мэдэж авсан зүйл нь залууд сайхан санагдсан боловч удалгүй сургуулийнхаа найзуудын муу нөлөөнд автсан байна. Яваандаа садар самуун амьдралд татагдан оржээ. Тэр: «Мөс минь намайг зовоож байлаа. Тэгээд би цуглаанд явахаа больсон юм» гэж үнэнээ хэлсэн. Гэвч хожим нь дахин цуглаанд очиж эхэлсэн. Тэр: «Гол нь, би сүнслэг талаараа өлсөж байснаас энэ бүхэн болсон юм байна гэдгийг мэдэж авсан. Би бие даан судалж байгаагүй юм. Үүнээс л болоод сорилтыг давж чадаагүй. Дараа нь би „Харуулын цамхаг“ „Сэрцгээ!“ сэтгүүлийг уншиж эхэллээ. Яваа яваандаа би дахин сүнслэг хүч авч, амьдралаа цэгцэлсэн. Миний яаж өөрчлөгдсөнийг харсан хүмүүст энэ нь сайхан гэрчлэл байсан. Би баптисм хүртсэн. Одоо би жаргалтай байна» гэж тайлбарласан юм. Махан биеийн сул талаа ялахад нь энэ залууд юу хүч өгсөн бэ? Тэр залуу Библийг бие даан, тогтмол судалсны ачаар сүнслэг хүчийг дахин олж авчээ.

20. Залуучууд Сатаны дайралтыг яавал эсэргүүцэж чадах вэ?

20 Христосын шашинтан залуус аа, өнөөдөр та нарт дайралт довтолгоон их байгаа шүү! Охид, хөвгүүд та нар Сатаны дайралтыг эсэргүүцэхийн тулд сүнслэг хоол тогтмол хэрэглэх хэрэгтэй. Үүнийг өөрөө залуу байсан дуулалч ойлгосон нь лавтай. Тэрбээр Еховад, «залуу хүн өөрийн зам мөрөө цэвэрлэхэд» нь тусалдаг Үгийнх нь төлөө талархсан (Дуулал 119:9).

Бурхан биднийг хааш нь хөтөлнө, бид түүний араас явна!

21, 22. Ямар учраас үнэний замыг дэндүү хэцүү гэж бодох хэрэггүй вэ?

21 Ехова израилийн ард түмнийг Египетээс гаргаж, Амласан газарт аваачсан. Хүний үүднээс үзвэл, түүний сонгосон зам хэцүү төвөгтэй мэт. Ехова Газрын дундад тэнгисийн дагуух илүү дардан, хялбар замыг сонгохын оронд ард түмнээ хүнд бэрх цөлийн замаар явуулсан. Гэхдээ Бурхан сайхан сэтгэл үзүүлсэн. Хэрэв израильчууд тэнгис дагуу явсан бол зам нь дөт ч дайсагнасан филистинчүүдийн нутгаар өнгөрөх хэрэгтэй болох байжээ. Ехова өөр зам сонгож, ард түмнээ филистинчүүдтэй эрт мөргөлдөхөөс хамгаалсан.

22 Өнөөдөр бидний явж байгаа Еховагийн зам заримдаа хэцүү санагдаж магадгүй. Долоо хоног бүрийн цагийн хуваарьт маань цуглаан, бие даан судлал, дэлгэрүүлэх үйлчлэл бичээстэй байдаг. Өөр бусад зам илүү амар хялбар санагдаж болно. Гэвч Бурхны зааврыг дагаж мөрдсөн тохиолдолд л хамаг хүчээ гарган тэмүүлдэг зорилгодоо хүрэх болно. Тиймд Еховагаас ирдэг амин чухал зааврыг цаашид ч даган мөрдөж, «шулуун зам» дээр мөнхөд үлдэцгээе! (Дуулал 27:11).

Та тайлбарлаж чадах уу?

Бүх цуглаанд тогтмол оролцох нь ямар учраас онцгой чухал вэ?

Цуглаан дээр хүүхдүүдээ анхааралтай байхад нь эцэг эхчүүд хэрхэн тусалж болох вэ?

Сонсох чадварт юу юу багтдаг вэ?

Цуглаан дээр хариулахад маань юу тус болох вэ?

[Догол мөрийн асуулт]