Skip to content

Гарчиг руу орох

«Ехова болон түүний хүчийг хайгтун»

«Ехова болон түүний хүчийг хайгтун»

«Ехова болон түүний хүчийг хайгтун»

«Өөрт нь туйлаас үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүст туслахын тулд Еховагийн нүд газар дэлхийг бүхэлд нь ажиглан харж байна» (СУДРЫН ДЭД 16:9, ШЕ).

1. Хүч гэж юу вэ? Хүмүүс хүчийг хэрхэн ашигладаг вэ?

 ХҮЧ нь олон утгаар илэрч болно. Жишээлбэл: Эрх мэдэлтэй байх буюу бусдад нөлөөлөх; үйл ажил явуулах буюу үр дүнд хүрэх; биеийн болон оюун ухааны буюу ёс суртахууны хүч гэх мэт. Хүмүүс хүчийг зөв зохистой ашиглах чадвараараа алдаршдаггүй. Улс төрчдийн гарт байдаг эрх мэдлийн талаар түүхч лорд Эктон: «Эрх мэдэл нь аливааг завхруулах хүчтэй. Харин туйлын эрх мэдэл туйлын завхралд хүргэдэг» гэж хэлсэн байдаг. Лорд Эктоны хэлсэн үг үнэн гэдгийг батлах жишээ орчин үеийн түүхэнд хангалттай олон бий. ХХ зуунд хүн хүнээ «хор хөнөөлд хүргэн» захирсан нь хэзээ хэзээнээс илүү юм (Номлогчийн үгс 8:9, ШЕ). Хээл хахуульд автсан эрх баригчид эрх мэдлээ буруугаар урвуулан ашиглаж, сая сая хүний амь насыг хөнөөсөн билээ. Хайр, мэргэн ухаан болон шударга ёсонд баригдаагүй хүч их аюултай.

2. Еховагийн бусад чанарууд хүчээ ашиглахад нь хэрхэн нөлөөлдгийг тайлбарлана уу?

2 Хүнээс ялгаатай нь Бурхан хүчээ ямагт сайн сайхны төлөө ашигладаг. «Өөрт нь туйлаас үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүст туслахын тулд Еховагийн нүд газар дэлхийг бүхэлд нь ажиглан харж байна» (Судрын дэд 16:9, ШЕ). Ехова хүчээ хэрхэн ашигладгаа хянаж байдаг. Түүний тэвчээр муу хүмүүст гэмших боломж олгон, оноосон шийтгэлээ гүйцэтгэхийг нь тогтоон барьж байдаг. Зөв ба зөв бус хүмүүсийн аль алин дээр нар мандуулахад хайр нь нөлөөлдөг. Шударга чанар нь эцсийн дүндээ хэмжээ хязгааргүй хүчээ ашиглан, «үхлийн хүчийг эзэмддэг» Сатан Диаболыг устгахад хүргэнэ (Матай 5:44, 45; Еврей 2:14; 2 Пэтр 3:9).

3. Бурхны хязгааргүй хүч ямар учраас түүнд найдах үндэс болдог вэ?

3 Тэнгэрийн Эцгийн маань сүрдэм их хүч бол амлалтад нь болоод хамгаалалтад нь бат итгэх үндэс болдог. Балчир хүүхэд танихгүй хүмүүсийн дунд аавынхаа гараас бариад байгаа үедээ аюулгүй байна гэдгээ мэдэрдэг. Яагаад гэвэл аав нь хүүгээ гомдоох юм хийхгүй гэдгийг мэдэж байдаг. Үүний адилаар хэрэв бид тэнгэрийн Эцэгтэйгээ хамт явах аваас тэрбээр биднийг засаж залруулахын аргагүй элдэв хор хөнөөлөөс ч «аврах хүчтэй» юм (Исаиа 63:1; Мика 6:8). Сайн эцгийн адил Ехова амлалтаа ямагт биелүүлдэг. Түүний хязгааргүй хүч бол илгээсэн үг нь зорилгоо заавал биелүүлдгийн баталгаа болдог (Исаиа 55:11; Тит 1:2).

4, 5. а) Аса Еховад бүрэн итгэж найдахад юу болсон бэ? б) Бэрхшээлээ шийдвэрлэх үүднээс хүмүүст найдан хандвал юу тохиолдож болох вэ?

4 Тэнгэрийн Эцэг маань биднийг хамгаалдаг гэдгийг мартахгүй байх нь ямар учраас тийм чухал вэ? Яагаад гэвэл зарим тохиолдолд бид нөхцөл байдалд хэт автаж, жинхэнэ хамгаалалт чухам хаана байдгийг мартдаг. Энэ нь ерөнхийдөө Еховад найддаг байсан Аса хааны жишээнээс харагддаг. Асаг хаан байх үед этиопчуудын сая хүнтэй арми Иуда уруу довтолсон. Дайсны тал хүчний хувьд давуутай байна гэдгийг ойлгосон Аса: «Ехова минь ээ! Хүчтэй, хүчгүйн алинд нь туслахаа та мэдэх биш үү? Ехова Бурхан минь бидэнд туслаач. Яагаад гэвэл бид танд найдаж, таны нэрээр энэ олны эсрэг гарсан билээ. Ехова минь! Та бидний Бурхан мөн. Таныг дийлэх хүн нэгээхэн ч үгүй» гэж залбирсан (Судрын дэд 14:11, ШЕ). Ехова Асагийн залбирлыг сонссон бөгөөд түүнд бүрэн ялалтыг бэлэглэсэн.

5 Гэвч, олон жил үнэнчээр үйлчилснийхээ эцэст Еховагийн аврах чадварт итгэх Асагийн итгэл гуйвж эхэлсэн. Израилийн умард хаант улсын зүгээс довтлох аюулыг зайлуулахын тулд Аса Сириэс тусламж гуйсан (Судрын дэд 16:1—3). Сирийн хаан Бенадад өгсөн түүний бэлэг нь Израилийн зүгээс Иудад заналхийлсэн аюулыг зайлуулсан хэдии ч, Асагийн Сиритэй байгуулсан гэрээ нь Еховад итгэх түүний итгэл хангалтгүй гэдгийг харуулсан. Зөнч Ханани зориуд түүнд хандан: «Этиопчууд болон ливичүүд асар их хүчтэй бөгөөд хязгааргүй олон тооны морин тэрэг, морьт дайчидтай байгаагүй билүү? Гэтэл чамайг Еховад итгэхэд тэрбээр чиний гарт тэднийг өгсөн» гэж хэлжээ (Судрын дэд 16:7, 8, ШЕ). Тэглээ ч гэсэн сургамжийн энэ үгийг Аса тоогоогүй (Судрын дэд 16:9—12). Хүмүүст найдвар тавих нь цөхрөлд гарцаагүй хүргэдэг учраас хүндрэл бэрхшээлтэй тулгарах аваас, хүнээс аврал өршөөл эрэхийн оронд Бурханд итгэн найдаж байя (Дуулал 146:3—5).

Еховагийн өгдөг хүчийг хайгтун

6. Юуны учир бид «Ехова болон түүний хүчийг хайх» хэрэгтэй вэ?

6 Ехова өөрийн үйлчлэгчид хүч өгч, түүнийг хамгаалж чадна. Библи бидийг «Ехова болон түүний хүчийг хайгтун» гэж уриалдаг (Дуулал 105:4, ШЕ). Яагаад? Яагаад гэвэл бид ямар нэг юмыг Бурхны хүчээр хийвэл хүчин чармайлт маань бусдад тус болохоос хор болдоггүй. «Еховагийн хүчээр» олон гайхамшиг үзүүлсэн Есүс Христээс илүүгээр Бурхны хүчийг ашиласан өөр нэг ч хүн байхгүй (Лүүк 5:17). Есүс баян цатгалан, алдар хүндтэй хүн, тэр ч байтугай төгс хүчит хаан болж чадах байсан (Лүүк 4:5—7). Гэвч тэгээгүй. Харин тэрбээр Бурхны өгсөн хүчийг хүмүүсийг сургаж, тэдэнд тусалж, тэднийг өвчин эмгэгээс эдгээхэд ашигласан (Марк 7:37; Иохан 7:46). Энэ бол бидний хувьд маш сайн жишээ юм!

7. Ямар нэгэн юмыг өөрийнхөө хүчээр бус, «Бурхны өгдөг хүчээр» хийхдээ бид ямар чухал чанарыг хөгжүүлдэг вэ?

7 Түүнээс гадна, бид ямар нэг юмыг «Бурхны өгдөг хүчээр» хийвэл, энэ нь биднийг номхон даруу байхад тусалдаг (1 Пэтр 4:11, ШЕ). Хувийн зорилгодоо хөтлөгдөн эрх мэдлийн хойноос явдаг хүмүүс бардам ихэмсэг болдог. Үүний жишээ бол ассирийн хаан Асардан бөгөөд тэрбээр: «Би хүчтэй, би бүхнээс хүчтэй! Би бол баатар! Би бол төгс сайн, аварга хүн!» гэж сайрхан гайхуулсан. Ехова «дэлхийн мөхөс хүмүүсийг сонгосон нь хүчтэнгүүдийг ичээхийн тулд аж». Тийм учраас, хэрэв жинхэнэ христосын шашинтан хүн магтагдвал, энэ нь Ехова магтагдаж байгаа хэрэг. Яагаад гэвэл түүний хүрсэн амжилт нь өөрийнх нь хүчээр бус, Еховагийн хүчээр болж байгаа юм. «Бурхны хүчирхэг мутрын дор даруу» байснаараа бид үнэхээр мандан дээшлэх болно (1 Пэтр 5:6; 1 Коринт 1:26—31).

8. Еховагийн хүчийг олж авахын тулд юуны түрүүнд яах хэрэгтэй вэ?

8 Бурхны хүчийг бид яаж олж авч болох вэ? Нэгдүгээрт: Залбирч гуйх хэрэгтэй. Гуйсан хүнд Эцэг нь ариун сүнсээ өгдгийг Есүс дагалдагч нартаа батлан илэрхийлсэн (Лүүк 11:10—13). Христийн дагалдагчид Есүсийн тухай гэрчлэхийг хориглосон шашны удирдагчдад захирагдалгүй, Бурханд захирагдахаа эрхэмд үзэхдээ хүчээр яаж дүүрч байсныг санаарай. Тэд Еховад хандан тусламж гуйж, чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд залбирлын хариуд ариун сүнс тэдэнд сайн мэдээг зоригтойгоор үргэлжлүүлэн дэлгэрүүлэх хүчийг өгсөн (Үйлс 4:19, 20, 29—31, 33).

9. Сүнслэг хүчний хоёрдахь эх булгийг нэрлэн, түүний хүч чадлыг харуулсан Библийн жишээг хэлнэ үү.

9 Хоёрдугаарт: Сүнслэг хүчийг бид Библиэс олж авч болно (Еврей 4:12). Бурхны Үгийн хүч Иосиа хааны үед илэрхий байлаа. Иудагийн энэ хаан улс орноосоо харь үндэстнүүдийн хиймэл шүтээнүүдийг устган зайлуулсан байсан хэдий ч, дуганаас Еховагийн Хууль санамсаргүйгээр олдсоноос хойш цэвэрлэгээгээ улам илүү хүчээр үргэлжлүүлсэн *. Хуулийг иудейчүүдэд Иосиа өөрөө уншиж өгсний дараа бүх ард түмэн Еховатай гэрээ байгуулж, хиймэл шүтээн шүтэхийн эсрэг бүр хүчтэй хоёрдахь кампанит ажил эхэлсэн. «Түүний амьдралын бүх л өдрүүдэд тэд [иудей] эцэг өвгөдийнхөө Бурхан, Еховагаас салаагүйг» Иосиагийн өөрчлөлтийн гайхамшигт үр дүн гэж хэлж болно (Судрын дэд 34:33, ШЕ).

10. Еховагийн хүчийг гуравдахь ямар аргаар олж авч болох вэ? Энэ нь ямар учраас тун чухал вэ?

10 Гуравдугаарт: Бид итгэл нэгтэй христосын шашинтнуудтайгаа харьцан, Еховагийн хүчийг олж авдаг. «Хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулахын» тулд цуглаанд тогтмол ирж, бие биеэ дэмжиж байхыг христосын шашинтнуудад Паул уриалсан (Еврей 10:24, 25). Пэтр гайхамшигийн хүчээр шоронгоос суллагдахдаа ах дүү нарынхаа дунд байхыг хүссэн учраас «олуулаа цуглаад залбирч байсан» Марк гэгдэх Иоханы эхийн гэрт шууд ирсэн (Үйлс 12:12). Мэдээжээр тэд бүгдээрээ гэр гэртээ залбирч чадах л даа. Гэвч тэд хүнд бэрх цагт бие биеэ дэмжин, залбирахын тулд хамтдаа цуглахаар шийджээ. Паул Ромд очихоор аялсан урт удаан хугацааны, аюултай замынхаа бараг төгсгөлд зарим ах дүүстэйгээ Потиолд, дараа нь өөрийг нь угтахаар Ромоос гарсан өөр ах дүүстэйгээ уулзав. Тэдэнтэйгээ хэрхэн уулзсан бол оо? «Паул тэднийг [өөрийг нь угтахаар гарагсдыг] хараад Бурханд талархаж, зориг оров» (Үйлс 28:13—15). Итгэл нэгтнүүдтэйгээ дахин хамтдаа байж байсан нь түүнийг зоригжуулжээ. Бид ч мөн адил итгэл нэгт христосын шашинтнуудтайгаа харьцсанаар хүч олж авдаг. Бид эрх чөлөөтэй байгаа болохоор бие биетэйгээ чөлөөтэй харьцан, амь уруу хөтлөх нарийхан замаар ганцаараа явахгүй байхыг хичээх ёстой (Сургаалт үгс 18:1; Матай 7:14).

11. «Хэмээс хэтэрсэн хүч» онцгой шаардлагатай зарим нөхцөл байдалыг нэрлэнэ үү.

11 Тогтмол залбиран, Бурхны Үгийг судалж, итгэл нэгтнүүдтэйгээ харьцсанаараа бид «Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхждэг» (Эфэс 6:10). Бид бүгдээрээ «Эзэн дотор бэхжих» шаардлагатай нь эргэлзээгүй. Хэн нэгний нь эрүүл мэнд өвчинд идэгдэж, хэн нэг нь хөгшрөлийн сүйтгэгч үйлчлэлээс юм уу, эсвэл олон жил ханилсан амьдралын ханиасаа хагацан зовлонд унадаг (Дуулал 41:3). Хэн нэг нь итгэгч бус ханийнхаа зүгээс үзүүлэх эсэргүүцэлтэй тулгарна. Эцэг эхчүүд, ялангуяа ганц бие эцэг эх бүтэн өдрийн турш ажиллаж, үүний зэрэгцээ хүүхдүүдээ хүмүүжүүлэх нь ерөөсөө амар хялбар биш гэдгийг харж болно. Христосын шашинтан залууд үе тэнгийнхнийхээ зүгээс үзүүлэх хачилт шахалтыг давж гаран, мансууруулах бодис хэрэглэхгүй, ёс суртахуунгүй байдал гаргахгүй байхад хүч хэрэгтэй. Тиймэрхүү брхшээлийг даван туулахын тулд Еховагаас «хэмээс хэтэрсэн хүч» гуйхдаа хэн ч эргэлзэх хэрэггүй (2 Коринт 4:7, ШЕ).

«Ядарсанд тэнхээ өгдөг»

12. Ехова биднийг үйлчлэлд яаж дэмждэг вэ?

12 Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд үйлчлэлд явах үед нь хүч өгдөг. Бид Исаиагийн зөгнөлд: «Тэр ядарсанд тэнхээ өгч, хүчгүйд хүч нэмдэг... Эзэнд [«Еховад», ШЕ] найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэр бүргэд мэт жигүүр дээрээ халин нисэж, тэр гүйхдээ үл ядран, тэр алхахдаа үл цуцна» гэж байдаг (Исаиа 40:29—31). Үйлчлэхийн тулд элч Паул өөрөө хүч авч байсан. Үүний дүнд үйлчлэл нь амжилттай болж байв. Тэрбээр Тэсалоник хотын христосын шашинтнуудад: «Бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр байгаагүй, харин мөн хүч дотор ба Ариун Сүнс дотор... байсан» гэж бичжээ (1 Тэсалоник 1:5). Паулын дэлгэрүүлэх, багшлах ажил нь өөрийг нь сонсож байсан хүмүүсийн амьдралыг ихээхэн өөрчилсөн юм.

13. Эсэргүүцлийг үл харгалзан даалгавраа цөхрөлтгүй биелүүлэхэд нь Иеремиаг ямар зүйл хүчтэй болгосон бэ?

13 Бид өөрсдийнхөө хэсэг дээр хүмүүсийн үл хайхарсан байдалтай тулгарахаараа, энд олон жил дэлгэрүүллээ дээ, харин хүлээж авсан нь тун цөөхөн юм даа хэмээн сэтгэл санаагаар унаж болох юм. Иеремиа ч бас хүмүүсийн идэвхгүй байдал, элэг доог, эсэргүүцлээс болоод шантарч байжээ. «Би [Бурхныг] дурсан санахгүй, дахин түүний нэрээр ярихгүй» хэмээн тэр өөртөө хэлжээ. Гэвч дуугүй байж чадаагүй юм. Түүний дамжуулж байсан мэдээ нь «[түүний] ясны голд асаж байгаа гал мэт» байлаа (Иеремиа 20:9, ШЕ). Тийм их бэрхшээлийг даван гарах хүч хуримтлуулахад түүнд юу тусалсан бэ? «Ехова зоригт дайчин адил надтай хамт байсан» хэмээн Иеремиа хэлсэн байдаг (Иеремиа 20:11, ШЕ). Дэлгэрүүлдэг мэдээ болон Бурхны өгсөн үүрэг даалгаврын чухлыг ойлгосон нь Иеремиаг зоригжуулсан.

Шархлуулах хийгээд анагаах хүч

14. а) Хэл яриа аль хэр хүчтэй зэвсэг вэ? б) Хэл яриа ямар хор хохирол учруулж болдгийг үзүүлэх жишээ хэлнэ үү.

14 Бидэнд байдаг бүх хүч Бурхнаас шууд ирдэггүй. Жишээ нь, хэл бол шархлуулах ч, анагаах ч хүчтэй. «Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг» хэмээн Соломон урьдчилан сануулдаг (Сургаалт үгс 18:21). Үг яриа ямар аймшигт уршигтай байдгийг Сатан Ева хоёрын дунд болсон товчхон ярианы үр дүн харуулсан (Эхлэл 3:1—5; Иакоов 3:5). Бид ч бас хэл яриагаараа ихээхэн хор хохирол авчирч болно. Тарган охиныг хэл амаар доромжилбол хоолонд дургүйсэх өвчтэй болоход хүргнэ. Болгоомжгүйгээр давтан гүжирдэх нь насан туршийн үерхлийг сүйтгэж болдог. Тиймээс хэл яриагаа хянах шаардлагатай.

15. Бүтээн байгуулах хийгээд анагаахад хэлээ бид хэрхэн ашиглаж болох вэ?

15 Гэхдээ хэл яриа нь нураадгийнхаа адилаар бас бүтээн байгуулдаг. Библид: «Бодлогогүй үгс илдээр дүрэхтэй адил юм. Мэргэн хүний хэл илааршлыг авчирна [«анагаана», ШЕ]» гэж бичсэн буй (Сургаалт үгс 12:18). Мэргэн ухаалаг христосын шашинтнууд гутарсан хүмүүс болон хагацал үзэгсдийг тайтгаруулах гэж хэлнийхээ хүчийг ашигладаг. Үе тэнгийнхнийхээ муу нөлөөнд автахгүйг хичээж байгаа өсвөр насны хүүхдүүдэд сайшаалын үгс тус болж болох юм. Анхааран халамжилсан үг яриа нь настай ах эгч нарт тэд урьдын адил одоо ч бас хэрэгтэй, хайрлагдсаар байгаа юм байна гэсэн итгэл төрүүлдэг. Эелдэг ялдам үгс өвчтэй хүмүүсийг сэргээдэг. Хамгийн чухал нь сонсох хүсэлтэй бүхэнд Хаанчлалын тухай хүчирхэг мэдээг тараахдаа бид үг ярианы чадвараа ашиглаж болно. Хэрэв Бурхны Үгэнд бүхий л зүрх сэтгэлээрээ итгэдэг бол бид түүнийг дэлгэрүүлж чадна. Библид: «Хэрэв чиний хүч хүрэх аваас дутагдаж гачигдсан хүмүүст туслахаас бүү татгалз!» гэдэг (Сургаалт үгс 3:27).

Хүчийг зөв ашиглах нь

16, 17. Ахлагч нар, эцэг эх, эхнэр нөхрүүд Бурхны өгсөн эрх мэдлийг ашиглан Еховаг яаж дууриаж болдог вэ?

16 Хэдийгээр Ехова төгс хүчтэй ч хурлыг хайраараа удирддаг (1 Иохан 4:8). Түүнийг дуурайхдаа хурлын ахлагч нар эрх мэдлийг буруугаар ашигладаггүй бөгөөд харин Бурхны сүргийг хайрлан халамжилдаг. Мэдээж, харгалзагч нар заримдаа «зэмлэж, сануулж, сэнхрүүлэх» хэрэгтэй ч, үүнийгээ «аливаа уужим сэтгэлээр, сургаалаар» хийдэг (2 Тимот 4:2). Тиймд ахлагч нар элч Пэтрийн: «Дунд чинь байгаа Бурхны хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа Бурханд нийцүүлж, хомхой ашгийн төлөөх хэнээрхлээр бус, харин хичээл зүтгэлээр, тэднийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дууриал бологтун» хэмээн хурлын эрх мэдэлтэй хүмүүст бичсэн үгийг эргэцүүлэн боддог (1 Пэтр 5:2, 3; 1 Тэсалоник 2:7, 8).

17 Ехова бас эцэг эх болон нөхрүүдэд эрх мэдэл өгсөн. Тэд энэ эрх мэдлээ туслах, хүмүүжүүлэх, халамжлахдаа ашиглах ёстой (Эфэс 5:22, 28—30; 6:4). Хайр илэрхийлж, эрх мэдлийг үр дүнтэй ашиглаж болдгийг Есүсийн жишээ харуулдаг. Хэрэв хүүхдээ хүмүүжүүлэхдээ дүн нуруутай, тууштай байдаг бол хүүхэд сэтгэлээр унахгүй (Колоссай 3:21). Христосын шашинтан нөхөр нь гэр бүлийн тэргүүний үүргээ хайрын үүднээс биелүүлж, эхнэр нь нөхрийнхөө тэргүүллийг гүнээ хүндэтгэж, эхнэр нөхрийн аль нь ч Бурхны өгсөн үүргийн хүрээнээс гаралгүй, ноёлох буюу даврахгүй байвал гэр бүл хамгийн бат бэх байна (1 Пэтр 3:7; Эфэс 5:28, 33).

18. а) Бид Еховаг дууриаж, уураа хэрхэн барих вэ? б) Эрх мэдэл бүхий хүмүүс захиргаандаа байдаг ямар чанар хөгжүүлэхийг хичээх ёстой вэ?

18 Гэр бүл, хуралд эрх мэдэл бүхий хүмүүс уураа барихын тулд онцгой анхааралтай байх ёстой. Учир нь уур бол хайр төрүүлэхээс илүү айдас төрүүлдэг. Зөнч Нахум: «Ехова уурлахдаа удаан, хүчиндээ агуу» хэмээн хэлсэн байдаг (Нахум 1:3, ШЕ; Колоссай 3:19). Уураа барьж чадаж байвал хүчтэйн шинж бөгөөд, харин, уураа барьж чадахгүй бол сул доройн баталгаа болно (Сургаалт үгс 16:32). Гэр бүлд ч, хуралд ч байдаг нэг зорилго бол Еховаг хайрлах, бие биеэ хайрлах, шударга зарчмыг хайрлах хайрыг хөгжүүлэхэд туслах явдал мөн. Хайр бол «эв нэгдлийн төгс төгөлдөр холбоос» бөгөөд зөв явахад хамгийн нөлөөтэй хүч юм (1 Коринт 13:8, 13; Колоссай 3:14).

19. Сэтгэл тайвшрам ямар баталгааг Ехова өгдөг вэ? Бид түүний хайр халамжийг хэрхэн хариулах ёстой вэ?

19 Еховаг мэднэ гэдэг бол хүчийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ехова Исаиагаар дамжуулан: «Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Эзэн [«Ехова», ШЕ] бол мөнхийн Бурхан, газрын хязгаарыг Бүтээгч юм. Тэр эцэж туйлдахгүй» гэж хэлсэн буй (Исаиа 40:28). Ехова шавхагдашгүй их хүчтэй. Хэрэв бид өөртөө биш, түүнд найдвал тэр биднийг орхихгүй. Тэрбээр: «Би чамтай хамт байгаа тул бүү ай. Бүү санаа зов. Учир нь би чиний Бурхан. Би чамайг хүчирхэгжүүлж, чамд тусална. Өөрийн баруун зөв мутраар чамайг хамгаална» хэмээн баталдаг (Исаиа 41:10). Түүний хайр халамжийг хэрхэн хариулах вэ? Еховагийн өгсөн хүчийг Есүс шиг, тусалж, бүтээн байгуулахад байнга ашиглацгаая. Шархлуулахын тулд бус, харин анагаахын тулд хэл яриагаа хянацгаая. Тэгээд сүнсээр сэргэг, итгэлээр бат бэх байж, Агуу Бүтээгч Ехова Бурхныхаа хүчээр бэхжицгээе (1 Коринт 16:13).

[Зүүлт]

^ Иудейчүүд олон зууны тэртээ дуганд авчирсан Мосегийн Хуулийн анхны гар бичмэлийг олсон бололтой.

Та тайлбарлаж чадах уу?

• Ехова хүчээ хэрхэн ашигладаг вэ?

• Бид ямар ямар аргаар Еховагийн хүчийг олж авч болох вэ?

• Хэл ярианыхаа хүчийг яаж ашиглах хэрэгтэй вэ?

• Бурхны өгсөн эрх мэдэл яавал ивээлтэй болох вэ?

[Догол мөрийн асуулт]