Ехова бол агуу их хүчтэй
Ехова бол агуу их хүчтэй
«Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаар тэдний доторх нэг нь ч алдагдаагүй» (ИСАИА 40:26).
1, 2. а) Бид амьдрал физикийн энергийн ямар эх булгаас хамаардаг вэ? б) Эцсийн дүндээ Ехова яагаад бүх хүч болоод энергийн Эх булаг болдгийг тайлбарлана уу?
ХҮЧ ЧАДЛЫГ бидний олонх нь ерийн зүйл гэж үздэг. Жишээлбэл, гэрэл, дулаан өгч, ямар ч цахилгаан хэрэгслийг ажиллуулах боломж олгодог өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг цахилгаан эрчим хүчийг бид тэр болгон санадаггүй. Гэрэл цахилгаан тасрахад л энэ эрчим хүчгүйгээр хүний байгуулсан хотуудад амьдрал үндсэндээ зогсоно гэдгийг бидэнд сануулдаг. Бидний амьдралд шууд хамаатай цахилгаан эрчим хүчний ихэнх хэсэг нь эцсийн дүндээ дэлхийн эрчим хүчний хамгийн найдвартай эх булаг болох нарнаас ирдэг. * Нарны реактор дэлхийг амьдралын шаардлагатай эрчим хүчээр хангахдаа секунд тутамд таван тонн цөмийн түлш хэрэглэдэг.
2 Нарны энерги хэрхэн бий болдог вэ? Энэхүү «тэнгэрийн цахилгаан станцыг» хэн бүтээсэн бэ? Ехова Бурхан бүтээсэн. Түүнд хандан «Дуулал» номын 74:16-д: «Та гэрэл [«од», ШЕ] болон нарыг бий болгосон» гэж байдаг. Ехова бүх амийн Эх булаг болдгийнхоо адилаар бүх хүчний Эх булаг юм (Дуулал 36:9). Тиймээс, түүний хүч чадлыг бид зүгээр л нэг байх ёстой мэтээр үзэж үл болно. Ехова, зөнч Исаиагаар дамжуулан биднийг нар, од гэх зэрэг тэнгэрийн эрхсийг харж, тэдгээр нь хэрхэн орших болов гэдгийг эргэцүүлэн бодохыг сануулдаг. «Нүдээ дээш өндөр өргөн харагтун. Энэ бүгдийг хэн бүтээсэн бэ? Тэр тэдгээр оддын эздийг тоогоор нь авчирч, нэг бүрийг нь нэрээр нь дуудагч. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаар тэдний доторх нэг нь ч алдагдаагүй» (Исаиа 40:26; Иеремиа 32:17).
3. Еховагийн хүч бидэнд хэрхэн тустай байдаг вэ?
3 Нэгэнт Ехова агуу их хүчтэй болохоор, амьдралд маань зайлшгүй шаардлагатай гэрэл дулааныг нар цаашдаа ч өгөх болно гэдэгт бид эргэлзэхгүй байж болно. Гэхдээ Бурхны хүчнээс зөвхөн бидний бие махбодын үндсэн хэрэгцээ хангагдаад зогсдоггүй. Нүгэл ба үхлээс чөлөөлөгдөх боломж, мөн ирээдүйд болон Бурханд итгэх бидний итгэл Ехова хүчээ хэрхэн ашиглахтай салшгүй холбоотой (Дуулал 28:6—9; Исаиа 50:2). Ехова бүтээх, амласнаа биелүүлэх, ард түмнээ аврах, дайснаа ялах хүчтэй гэдгийг нотлох олон жишээ Библид бий.
Бурхны хүч бүтээлээр нь илэрдэг
4. а) Шөнийн тэнгэрийг ажигладаг байсан нь Давидад хэрхэн нөлөөлсөн бэ? б) Тэнгэрийн эрхсүүд Бурхны хүчний тухай юуг илчилдэг вэ?
4 Бүтээгчийн маань «мөнх хүч... нь бүтээсэн бүхнээр нь илэрхий харагдаж ойлгогдож байгаа» гэж элч Паул тайлбарлажээ (Ром 1:20). Үүнээс хэдэн зууны өмнө хоньчин байж, шөнийн тэнгэрийг байнга ажигладаг байсан Давид орчлонт ертөнцийн сүр жавлан хийгээд түүнийг Бүтээгчийн хүч чадлыг ухан ойлгожээ. Тэрбээр: «Таны гарын бүтээл болох тэнгэрийг, таны цогцлон байгуулсан сар, оддыг би бодохдоо: хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод та түүнийг халамжилна вэ?» хэмээн бичжээ (Дуулал 8:3, 4). Давид тэнгэрийн эрхсийн талаар бага мэдлэгтэй байсан ч гэлээ хязгааргүй уудам орчлонг Бүтээгчтэй харьцуулахад тэрээр үнэхээр өчүүхэн гэдгээ ойлгодог байжээ. Өнөөдөр одон орон судлаачид орчлонт ертөнцийн хязгааргүй уудмын тухай, түүнийг тэтгэдэг хүчийн тухай хавьгүй ихийг мэддэг болжээ. Жишээлбэл: Нар секунд тутамд 100 000 сая мегатонн тротилын тэсрэлттэй тэнцэх энергийг ялгаруулдаг *. Энэхүү энергийн маш өчүүхэн хэсэг нь манай дэлхийд хүрдэг ажээ. Гэхдээ нар бол тэнгэрийн хамгийн хүчтэй од биш. Учир нь зарим од нарны нэг өдрийн турш ялгаруулах тийм хэмжээний энергийг нэг л секундын дотор ялгаруулдаг. Тэгвэл энэ мэт тэнгэрийн эрхсийг бүтээсэн Нэгний хүчийг төсөөлөөд үз дээ! «Төгс хүчит [Бурхан], түүнийг бид бүрэн мэдэшгүй. Тэрээр хүч чадлаараа өргөмжлөгдөм билээ» гэж Елихүгийн хэлсэн нь зөв юм (Иоб 37:23, ШЕ).
5. Еховагийн хүчний ямар баталгааг бид бүтээлээс нь олж болох вэ?
5 Хэрэв бид Давидын адилаар «Еховагийн үйлсийг» судлах аваас түүний хүч чадлын баталгааг салхи шуурга, далайн давлагаа, тэнгэрийн дуу, аянга цахилгаан, өргөн их гол, өндөр сүрлэг уулсын алинаас нь ч харах болно (Дуулал 111:2, ШЕ; Иоб 26:12—14). Түүнчлэн, ан амьтад ч хүчийг илэрхий болгодог гэж Ехова Иобод сануулсан байдаг. Үүний нэг нь усны үхэр буюу арман юм. Ехова: «Түүний хүч тэнхээ нь гуяндаа байдаг бөгөөд... хүчирхэг яс нь уран хийцтэй гагнаас мэт» гэж Иобод хэлжээ (Иоб 40:15—18, ШЕ). Библийн үед зэрлэг үхрийн айдас хүргэм хүчийг хүмүүс мэддэг байсан төдийгүй Давид: «Намайг арслангийн амнаас... зэрлэг үхрийн эврээс» хамгаалаач гэж залбирч байсан (Дуулал 22:21; Иоб 39:9—11).
6. Бичээст үхэр нь юуны бэлгэдэл болдог вэ? Ямар учраас вэ? (Зүүлтийг харна уу)
6 Үхрийг хүч чадалтай болохоор нь Библид Еховагийн хүчийг бэлгэдсэн байдаг. * Еховагийн ширээний тухай элч Иоханы үзсэн үзэгдэлд дөрвөн амьд бүтээл гардаг бөгөөд нэг нь «тугалтай адил» хоншоортой байдаг билээ (Илчлэлт 4:6, 7). Эдгээр херүбээр дүрсэлсэн Еховагийн дөрвөн гол чанарын нэг нь хүч мөн гэдэг нь илэрхий. Бусад нь хайр, мэргэн ухаан, шударга ёс юм. Хүч чадал бол Бурхны онцлог чанарын нэг салшгүй хэсэг мөн болохоор хүч чадлынх нь талаар, хэрхэн ашигладгийг нь тодорхой ойлгох нь биднийг түүнтэй дотно болгох бөгөөд бидний зүгээс аливаа хүчийг зөвөөр ашиглахдаа түүний жишээг дууриахад маань тусална (Эфэс 5:1).
Түмэн цэргийн Ехова, Израилийн Агуу хүчит Нэгэн»
7. Сайн нь мууг ялан дийлнэ гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?
7 Библид Еховаг «Төгс хүчит Бурхан» гэж нэрлэдэг бөгөөд энэхүү цол нь түүний хүчийг дутуу үнэлэх буюу дайснаа ялан дийлэх чадалтайд нь эргэлзэж хэзээ ч болохгүй гэдгийг бидэнд сануулдаг (Эхлэл 17:1, ШЕ; Египетээс гарсан нь 6:3). Сатаны ёс бус тогтолцоо бат бэх юм шиг санагдаж болох боловч, Еховагийн нүдэнд «хүмүүс нь хувин доторх дусал мэт хийгээд жинлүүр дээрх тос мэт» юм (Исаиа 40:15). Сайн нь мууг дийлэхэд эргэлзэхийн аргагүй тийм хүч Бурханд бий. Муу муухай бүхэн газар авч байгаа хэдий ч «түмэн цэргийн Бурхан Ехова, Израилийн Агуу хүчит Нэгэн» түүнийг үүрд устгах учир бидэнд тайван байх үндэс бий (Исаиа 1:24, ШЕ; Дуулал 37:9, 10):
8. Еховагийн мэдэлд тэнгэрийн ямар хүч байдаг вэ? Тэдний хүчний талаар бид юу мэдэх вэ?
8 «Түмэн цэргийн Ехова» гэдэг үг Библид 285 удаа гардаг нь Бурхны хүчийг бидэнд дахин дахин сануулж буй хэрэг юм. «Түмэн цэрэг» гэдэг үг нь Еховагийн захиргаанд байдаг олон тооны сүнсэн бүтээл юм (Дуулал 103:20, 21; 148:2). Эдгээр тэнгэрэлчийн нэг нь л Иерусалимыг сүрдүүлж байсан ассирийн 185 000 цэргийг ганцхан шөнийн дотор алсан билээ (Хаант улсын дэд 19:35). Хэрэв бид Еховагийн тэнгэрийн цэргийн хүчийг мэдвэл эсэргүүцэгчдээс тийм ч амархан сүрдэхгүй. Зөнч Елиша өөрийг нь хайж байсан бүхэл бүтэн сирийн армийн бүслэлтэд байхдаа ч эмээгээгүй. Яагаад гэвэл тэрбээр өөрт нь тусалж байсан тэнгэрийн үй түмэн цэргийг «итгэлийн нүдээр» харж байснаараа боолоосоо ялгаатай байв (Хаант улсын дэд 6:15—17).
9. Есүсийн адилаар тэнгэрийн цэргүүд хамгаална гэдэгт бид яагаад итгэж болох вэ?
9 Есүс илд болон шийдмээр зэвсэглэсэн бөөн хүнтэй Гэтсээман цэцэрлэгт тааралдахдаа ч тэнгэрэлчийн тусламж дэмжлэгийг мэдэж байжээ. Тэрээр Пэтрт илдээ хуйнд нь хий гэж хэлснийхээ дараа хэрэв хэрэгтэй болбоос тэрээр Эцгээсээ «арван хоёр лэгионоос илүү тэнгэрэлчийг» гуйж чадна гэж хэлсэн (Матай 26:47, 52, 53). Хэрэв бид Бурхны тэнгэрийн цэргийн тухай мөн адил ойлгодог бол тэнгэрээс ирэх тусламжид үнэхээр итгэх болно. Элч Паул: «Тэгвэл бид эдгээр зүйлд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний төлөө бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?» гэж бичсэн байдаг (Ром 8:31).
10. Ехова хэний нэрийн өмнөөс хүч чадлаа ашигладаг вэ?
10 Тэгэхээр, Ехова биднийг хамгаална гэсэн олон шалтгаан байна. Тэрээр хүч чадлаа ямагт сайн сайхны төлөө, шударга ёс, мэргэн ухаан, хайр гэх мэтийн бусад чанартайгаа хослуулан ашигладаг билээ (Иоб 37:23; Иеремиа 10:12). Хүчирхэг хүмүүс олз ашгийнхаа төлөө ядуу дорой, номхон даруу хүмүүсийг дээрэлхдэг бол, харин Ехова «өлөн шорооноос ядуусыг өргөдөг» бөгөөд «аврах хүч нь их» билээ (Дуулал 113:5—7; Исаиа 63:1, ШЕ). «Хүчит Нэгэн» бол амин хувийнхаа төлөө бус харин өөрөөс нь эмээдэг хүмүүсийн нэрийн өмнөөс ихэмсэг нэгнийг даруу болгож, дорд нэгнийг өргөмжилдөг гэдгийг Есүсийн эх эгэл даруу, номхон төлөв Мариа ойлгожээ (Лүүк 1:46—53).
Ехова өөрийн үйлчлэгчдэд хүчээ харуулдаг
11. МЭӨ 1513 онд израильчууд Бурхны хүчийг батлах ямар баталгааг харсан бэ?
11 Ехова өөрийн үйлчлэгчдэд сүр хүчээ харуулсан хэд хэдэн тохиолдол байдаг. Тийм нэгэн тохиолдол МЭӨ 1513 онд Синай ууланд болжээ. Тэр жилдээ изриальчууд Бурхны хүчийг нотлох сэтгэл хөдөлгөсөн нотолгоог хэдийнээ үзчихсэн байв. Бүрэлгэн сүйтгэгч арван гамшиг Еховагийн хүчит гарыг болон Египетийн бурхдын хүчин мөхсийг харуулжээ. Удалгүй дараа нь Улаан тэнгисийн гайхамшигт гарам ба Фараогийн цэргийн сүйрэл Бурхны хүчийг батлав. Үүнээс гурван сарын дараа Синай уулын бэлд Ехова израильчуудад «бүх ард түмнээс» өөрийн нь «өмч» (ШЕ) болох санал тавьсан. Тэд өөрсдийн зүгээс: «Эзний [«Еховагийн», ШЕ] хэлсэн бүхнийг бид биелүүлнэ» хэмээн амлажээ (Египетээс гарсан нь 19:5, 8). Дараа нь Ехова өөрийн хүчийг яруу тодоор харуулсан. Аянга цахилгаан, асар хүчтэй бүрээн дуунаар Синай уул утаа савсуулан, доргин чичирч байв. Холхон зогсож байсан хүмүүс маш их айдаст автжээ. Гэтэл Мосе тэдэнд хэлэхдээ, энэ явдал нь тэднийг Бурханд таалагдах айдаст буюу төгс хүчит цорын ганц жинхэнэ Бурхан Еховад захирагдахад нөлөөлөх айдаст сургах ёстой гэжээ (Египетээс гарсан нь 19:16—19; 20:18—20).
12, 13. Ямар нөхцөл байдлаас болоод Елиа хүлээсэн үүргээ орхиход хүрсэн бэ? Тэгвэл Ехова түүнийг яаж бэхжүүлсэн бэ?
12 Хэдэн зууны дараа, Елиагийн үед Синай уул Бурхны хүчийг батлах бас нэгэн гэрч болсон. Зөнч Елиа Бурхны хүч үйлчилж байгааг аль эрт үзсэн байсан. Израилийн ард түмэн урван тэрсэлснээс болоод Бурхан гурван жил хагасын хугацаанд «тэнгэрийг хаасан» (Судрын дээд 7:13, ШЕ). Үүнээс болж ган гачиг болоход Херит горхины хөвөөнд хэрээнүүд Елиаг тэжээж байсан, мөн дараа нь Елиад хоол хүнсээр тусалж байсан бэлэвсэн эхнэрт үлдсэн жаахан тос, гурил гайхамшгаар дундраагүй. Тэр ч байтугай Ехова Елиад энэхүү бэлэвсэн авгайн хүүг амилуулах хүч өгсөн. Эцэст нь, хэн нь жинхэнэ Бурхан болох тухай маргааныг Кармел ууланд шийдвэрлэхэд тэнгэрээс гал цахилж, Елиагийн өргөл тэр галд шатсан (Хаант улсын дээд 17:4—24; 18:36—40). Гэтэл үүний дараахан Иезебел өөрийг нь алахаар заналхийлж байгааг мэдмэгц Елиа айдас түгшүүрт автсан (Хаант улсын дээд 19:1—4). Тэрбээр зөнчийн ажил маань дууслаа гэж бодоод өөр нутаг уруу зугтсан. Ехова түүнийг тайтгаруулж, бэхжүүлэхийн тулд тэнгэрлэг хүчээ биечлэн үзүүлсэн.
13 Елиа агуйд нуугдаж байхдаа Еховагийн үзүүлсэн гурвын зэрэг хүч болох хүчит салхи, газар хөдлөл, эцэст нь галыг хараад айж сүрдсэн. Гэхдээ Ехова Елиатай «намуун хүнгэнэх» дуугаар ярьжээ. Тэрбээр түүнд цаашдын үүргийг оногдуулж, тус нутагт Еховаг үнэнчээр шүтэгч 7 000 хүн байгааг мэдэгдсэн (Хаант улсын дээд 19:9—18). Хэрэв бид үйлчлэлийнхээ үр дүнг үзэлгүй, Елиа шиг түгшиж байгаагаа мэдэрвэл Еховагаас «хүчний давамгайлал» буюу сайн мэдээгээ цаашид зогсолтгүй дэлгэрүүлэхийн тулд өөрсдийгөө бэхжүүлэх хүч гуйж болно (2 Коринт 4:7).
Еховагийн хүч бол амлалт нь биелэхийн баталгаа мөн
14. Еховагийн нэр өөрөө юуг илэрхийлдэг вэ? Түүний хүч, нэртэй нь ямар холбоотой вэ?
14 Еховагийн хүч бол түүний нэр болоод хүсэл тааллынх нь биелэлтэй нягт холбоотой. «Тэр болгодог» гэсэн утгатай «Ехова» гэдэг хосгүй нэр нь тэр өөрөө өөрийгөө амлалтынхаа Гүйцэтгэгч болгодог гэдгийг илэрхийлдэг. Үл итгэгчид Бурхны санаа зорилгыг үнэмшмээргүй зүйл гэж бодож байсан ч, тэрхүү санаа зорилгоо биелүүлэхэд нь Бурханд хэн ч, юу ч саад болж чадахгүй. Нэгэнтээ Есүс: «Бурханд бүх юм боломжтой» хэмээн дагалдагч нартаа хэлж байсан билээ (Матай 19:26).
15. Еховад дэндүү хэцүү юм байдаггүй гэдгийг Абрахам Сара хоёрт яаж сануулсан бэ?
15 Ийм нэг жишээ байна. Нэгэн цагт Ехова Абарахам Сара хоёрт үр удмыг нь аугаа их үндэстэн болгоно гэж амласан билээ. Гэтэл тэдэнд олон жил үр хүүхэд заяасангүй. Амлалт нь удахгүй биелэх тухай Еховагийн хэлэх үед тэр хоёр хоёулаа их өтөлсөн байсан тул Сара инээв. Хариуд нь тэнгэрэлч: «Эзэнд [«Еховад», ШЕ] дэндүү хэцүү юм байдаг гэж үү?» хэмээжээ (Эхлэл 12:1—3; 17:4—8; 18:10—14). Үүнээс дөрвөн зууны дараа, Мосе Абрахамын үр удмыг Моабын талд цуглуулах үед аугаа их үндэстэн болсон байсан бөгөөд энэ нь Бурхан амлалтаа биелүүлсэн гэдгийг тэдэнд сануулжээ. Мосе: «Та нар цаашид ч оршин суух болно. Учир нь [Ехова] та нарын өвөг дээдсийг хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон. Тэр агуу хүчээрээ Египетээс гаргасан» хэмээн хэлсэн байдаг (Дэд хууль 4:37, 38, ШЕ).
16. Садүкайчууд үхэгсэд амилна гэдгийг үгүйсгэх болсон нь яагаад буруу вэ?
16 Тэр цагаас хойш олон зууны дараа Есүс дахин амилалтад итгэдэггүй байсан садүкайчуудыг зэмлэн буруушаасан. Үхэгсдийг эргээж амилуулна гэсэн Бурхны амлалтад тэд юуны учир итгэхээс татгалзав? Есүс тэдэнд: «Та нар Бурхны хүчийг ч, Бичээсийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна» гэж хэлсэн (Матай 22:29). Бичээс бидэнд «булшинд байгчид бүгдээр Түүний [Бурхны Хүүгийн] дууг сонсоно... гарч ирнэ» гэсэн баталгааг өгдөг билээ (Иохан 5:27—29). Хэрэв Библид амилалтын талаар юу өгүүлдгийг мэддэг бол Бурхны хүчинд итгэх итгэл маань үхэгсэд амилна гэдэгт ч биднийг итгүүлэх болно. Бурхан «үхлийг мөнхөд залгина... Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] үүнийг зарлиг болгосон юм» (Исаиа 25:8).
17. Хэзээ Еховад онцгой байдлаар найдах зайлшгүй шаардлагатай болох вэ?
17 Ойрын ирээдүйд, бид бүгдээрээ Бурхны аврах хүчинд онцгой байдлаар найдах зайлшгүй шаардлагатай цаг ирнэ. Хамгаалалтгүй юм шиг харагдах Бурхны ард түмэн уруу Сатан Диабол халдан довтолж эхэлнэ (Иезекиел 38:14—16). Тэгэхэд нь Бурхан биднийг хамгаалж, өөрийн агуу хүчээ үзүүлэхэд бүх хүн түүнийг Ехова гэдгийг мэдэх болно (Иезекиел 38:21—23). Одоо бол Төгс хүчит Бурханд хатуу итгэх цаг юм. Тэгвээс бид тэрхүү шийдвэрлэх цагт буцаж няцахгүй.
18. а) Еховагийн хүчний талаар эргэцүүлэн бодох нь юугаараа ашигтай вэ? б) Дараагийн өгүүлэлд ямар асуудлыг авч хэлэлцэх вэ?
18 Еховагийн хүчний талаар эргэцүүлэн бодох олон шалтгаан байгаа нь эргэлзээгүй. Бүтээлийг нь хараад Агуу Бүтээгчээ даруухнаар магтаж, тийм мэргэн ухаалгаар тэгээд бас хайрынхаа үүднээс хүч чадлаа ашигладагт нь талархах хүсэл бидэнд төрдөг. Хэрэв бид «түмэн цэргийн Еховад» найдвал хэн ч биднийг айлгаж чадахгүй. Түүний амлалтад итгэх бидний итгэл бол гуйвшгүй юм. Гэхдээ Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ бүү мартаарай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хязгаарлагдмал ч атугай хүч бидэнд бий гэсэн үг. Хүчээ ашиглаж Бүтээгчээ хэрхэн дуурайж болох вэ? Үүнийг дараагийн өгүүлэлд хэлэлцэнэ.
[Зүүлт]
^ Цахилгаан станцын үндсэн түүхий эд болох газрын тос, нүүрс гэх мэтийн газрын хөрсний гүнээс гарган авдаг түлшнүүдийн эрчим хүчний эх булаг нь нар юм гэсэн үзэл өргөн тархсан.
^ Харьцуулбал: Дэлхийд туршсан цөмийн бөмбгийн хамгийн их хүчин чадалтай нь 57 мегатонн тротилын тэсрэлттэй тэнцүү байжээ.
^ Библид бичигдсэн «зэрлэг үхрийг» юуны түрүүнд бух гөрөөс (лат. urus) гэж ойлгодог. Эдгээр амьтад хоёр мянган жилийн өмнө Галлид (одоогийн Франц) амьдарч байсан бөгөөд Юлий Цезарь: «Эдгээр [бух гөрөөснүүд] нь заанаас нилээд жижиг. Харин гадаад байдал, өнгө зүс, биеийн бүтцээрээ бухтай төстэй. Тэд маш хүчтэй, хурдан бөгөөд үзэгдэж харагдсан хүн амьтны алийг ч үлдээдэггүй» хэмээн дүрслэн бичжээ.
Та доорх асуултад хариулж чадах уу?
• Бүтээл нь Еховагийн хүчийг хэрхэн гэрчилдэг вэ?
• Өөрийн хүмүүст туслахын тулд Ехова ямар цэрэг ашиглаж болох вэ?
• Ехова хүчээ харуулсан ямар ямар тохиолдол байдаг вэ?
• Ехова амлалтаа биелүүлнэ гэсэн ямар баталгаа бидэнд бий вэ?
[Догол мөрийн асуулт]