Бурхныг эсэргүүцэгчид амжилт олохгүй!
Бурхныг эсэргүүцэгчид амжилт олохгүй!
«Тэд чамтай тэмцэлдэх боловч ялж үл чадна» (ИЕРЕМИА 1:19, ШЕ).
1. Иеремиа ямар үйлчлэлд томилогдсон бэ? Хэр удаан үйлчилсэн бэ?
ЕХОВА залуу Иеремиаг ард түмний зөнчөөр томилсон (Иеремиа 1:5). Тэр үед Иудагийн захирагч нь зөв явдалтай Иосиа хаан байлаа. Иеремиа Иерусалимыг бабилончуудад эзлэгдэхээс өмнөх тэрхүү цөвүүн цагт зөгнөж байсан бөгөөд Бурхны ард түмнийг олзлогдох хүртэл үйлчилсэн билээ (Иеремиа 1:1–3).
2. Ехова Иеремиаг хэрхэн бэхжүүлсэн бэ? Энэ зөнчтэй сөргөлдөх гэдэг цаанаа ямар утгатай байсан бэ?
2 Бурхны ялыг тунхаглан мэдүүлэх ёстой байсан Иеремиа эсэргүүцэлтэй тулгарсан нь эргэлзээгүй. Иймээс Бурхан түүнийг хожим тохиолдох бэрхшээлд бэлэн болгож бэхжүүлсэн (Иеремиа 1:8–10). Тухайлбал: «Тэд чамтай тэмцэлдэх боловч ялж үл чадна. Учир нь „чамайг аврахын тулд Би чамтай хамт байна“ хэмээн Ехова айлдав» гэсэн үгс зөнчид урам зориг хайрласан. (Иеремиа 1:19, ШЕ). Иеремиатай тэмцэлдэнэ гэдэг нь Бурхантай тэмцэлдэнэ гэсэнтэй ижил ажээ. Өнөөдөр ч гэсэн Еховад зөнчтэй төстэй бүлэг байдаг хийгээд тэд ч гэсэн Иеремиагийн хийж байсантай адил ажил хийдэг. Тэд Иеремиагийн нэгэн адилаар Бурхны зөгнөлийн үгийг зоригтойгоор зарлан тунхагладаг. Энэхүү мэдээ нь хувь хүнд ч, улс үндэстэнд ч хамаатай бөгөөд тэдний хувьд үр дагавар нь сайн байх уу, муу байх уу гэдэг нь түүнийг хэрхэн хүлээж авахаас хамаарна. Иеремиагийн амьдарч байсан үеийнх шиг өнөөдөр ч гэсэн Бурхны үйлчлэгчдийг эсэргүүцэн, дээрээс өгсөн үүрэг даалгавраа биелүүлэхэд нь саад тотгор учруулан, Бурхантай тэмцэлддэг хүмүүс бий.
Еховагийн үйлчлэгчид уруу довтолсон нь
3. Еховагийн үйлчлэгчид ямар учраас довтолгоонд өртдөг вэ?
3 XX зууны эхнээс эхлээд Еховагийн ард түмэн уруу дайрч довтлох болов. Олон улс оронд хорон санаатнууд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг түгээхэд саад болж, түүнийг зогсоохыг оролдож байлаа. Тэдний ард «ховдоглон идэхээр хэн нэгнийг эрж хайгч архирах арслан мэт явдаг» манай гол дайсан Диаболоос өөр хэн ч байдаггүй нь тодорхой (1 Пэтр 5:8). 1914 онд «харь үндэстнүүдийн цаг үе» төгсөхөд Ехова Хүүгээ дэлхийн шинэ Хаанаар томилж: «Явж дайснуудынхаа дунд захирагтун» гэж тушаажээ (Лүүк 21:24; Дуулал 110:2, ШЕ). Христ эрх мэдлээ ашиглан Сатаныг тэнгэрээс газрын хязгаар уруу хаясан. Харин Диабол өөрт нь үлдсэн цаг хугацаа ахархан гэдгийг мэдэж, тослогдсон христосын шашинтнууд болон тэдний хань хамсаатнуудад уур хилэнгээ гаргаж байна (Илчлэлт 12:9, 17). Бурхныг эсэргүүцэгчдийн олон удаагийн халдлага довтолгоо юунд хүргэсэн бэ?
4. Дэлхийн нэгдүгээр дайны үед Еховагийн ард түмэн ямар сорилтыг туулсан бэ? 1919, 1922 онд юу болсон бэ?
4 Дэлхийн нэгдүгээр дайны үед тослогдогсдоос үлдэгсдийн итгэл сорилтод нэг бус удаа орж байлаа. Тэднийг элэглэн шоолж, гүтгэн доромжилж, мөшгөн мөрдөж, зодож жанчиж байв. Есүсийн зөгнөн хэлсэн ёсоор тэднийг «бүх үндэстэн үзэн ядах» болов (Матай 24:9). Дайны хийрхлийн ид үед Бурхны Хаанчлалыг дайснууд тухайн үедээ Есүс Христийн эсрэг хэрэглэж байсан башир аргаа дахин хэрэглэсэн. Тэд Еховагийн Гэрчүүдийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна хэмээн хилсээр буруутгаж, Бурхны үзэгдэх байгууллагын зүрхэн тус газар нь цохилт өгсөн. 1918 оны тавдугаар сард АНУ-ын эрх мэдэлтнүүд Харуулын Цамхаг нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж. Ф. Рутерфорд болон түүний дотны хамтрагч долоон хүнийг баривчлах шийд өгчээ. Энэ найман хүний эрх чөлөөг урт хугацаагаар хасч, Жоржиа мужийн Атланта дахь шорон уруу илгээсэн юм. Есөн сарын дараа тэднийг суллажээ. 1919 оны тавдугаар сард дүүргийн давж заалдах шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг шударга бус болсон гэж үзээд хэргийг хүчингүй болгосон юм. Гэвч хэргийг шүүхээр дахин авч үзэхээр тогтож, хожим нь засгийн газраас уг хэргийг мөрдөхийг зогсоож, Рутерфорд ах болон хамтрагчдыг нь бүрмөсөн цагаатгасан. Тэд үйл ажиллагаагаа сэргээж, 1919, 1922 онд Огайо мужийн Сидар-Пойнтэд зохион явуулсан чуулганы дараа дэлгэрүүлэх ажлыг шинэ эрч хүчтэйгээр үргэлжлүүлсэн билээ.
5. Нацистын Германд Еховагийн Гэрчүүдэд ямар бэрхшээл тулгарсан бэ?
5 1930-аад оны үед зарим нэг улс оронд дарангуйлах дэглэм тогтож, Герман, Итали, Япон нэгдэн «тэнхлэгийн» гүрэнт улсууд болжээ. Бүр 30-аад оны эхээр, ялангуяа нацист Германд Бурхны ард түмнийг харгис хэрцгийгээр хавчин мөрдөх ажиллагаа гаарсан. Ар араасаа дараалсан хориг тавигдаж байлаа. Орон гэрээр нэгжлэг хийн, оршин суугчдыг баривчилж байв. Итгэлээсээ няцахгүй гэснийнхээ төлөө олон мянган хүн бөөнөөр хорих лагерьт ачигдав. Бурхан болон түүний ард түмний эсрэг тэмцэл нь тоталитар дэглэмтэй улс гүрнүүдийн нураг дэвсгэрээс Еховагийн Гэрчүүдийг арчин устгахад чиглэж байв. Герман дахь Еховагийн Гэрчүүд эрхээ шүүхээр хамгаалуулахыг оролдоход «Гуравдугаар рейхын» Хууль зүйн яам тэднийг амжилтад хүргэхгүйн тулд маш зузаан баримт бүрдүүлжээ. Уг баримт бичигт: «Шүүгчид хууль цаазны илэрхий ёс журмын өмнө буулт хийх ёсгүй. Түүнээс гадна, тэд зүй ёсны саад бэрхшээл байлаа ч эрхэм үүргээ биелүүлэх боломж болгоныг хайж, олох ёстой» гэжээ. Энэ нь шударга шүүхийн тухай дурсах ч хэрэггүй гэсэн үг байлаа. Нацистууд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дайсагнасан шинжтэй бөгөөд «үндэсний социализмыг бүтээн байгуулахад саад болж байна» гэж үзэж байв.
6. Дэлхийн хоёрдугаар дайны үед болон дараа нь манай үйл ажиллагааг зогсоох ямар арга хэмжээ авч байсан бэ?
6 Дэлхийн хоёрдугаар дайны үед Еховагийн ард түмэн Австрали Канад, түүнчлэн, Британы хамтын нөхөрлөлд багтдаг байсан Ази Африкийн болон Карибын тэнгис, Номхон далайн арлын орнуудад хориг, хязгаарлалттай тулгарсан. Америкийн Нэгдсэн Улсад гэхэд нөлөө бүхий эсэргүүцэгчид болон буруу ойлголт авсан хүмүүс «хууль тогтоолоор бузар мууг хуйвалдан» үйлдэж байв (Дуулал 94:20). Гэвч төрийн далбааг шүтэхтэй холбоотой асуудлууд, мөн тэрчлэн айлаар дэлгэрүүлэхийг хориглосон тухай орон нутгийн шүүхийн захирамжууд хууль зүйн хүрээнд маргаантай асуудал хэвээр байлаа. Гэсэн ч Америкийн Нэгдсэн Улсын шүүхийн гаргасан таатай шийдвэр нь шашин шүтэх эрх чөлөөний баттай үндсийг тавьсан юм. Еховагийн ачаар дайснуудын чармайлт амжилт олоогүй билээ. Дайн дууссаны дараа Европт хоригийг цуцлав. Олон мянган Гэрчүүд бөөнөөр хорих лагериас суллагдсан хэдий ч тэмцэл үүгээр дууссангүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан «хүйтэн дайн» дэгдэв. Зүүн Европын орнуудад Еховагийн ард түмэн хавчлага эсэргүүцлийг амссаар байлаа. Эрх мэдэлтнүүд бидний гэрчлэх үйл ажиллагааг саатуулж, эцсийн дүнд бүр мөсөн зогсоох, Библийн ном хэвлэлүүдийг нийлүүлэхийг болиулах болон хурлын маань үйл ажиллагааг хориглоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Олон Гэрч шоронд хоригдох юм уу хөдөлмөр-хүмүүжлийн лагерьт цөлөгдсөн билээ.
Дэлгэрүүлэх ажил зогсох ёсгүй!
7. Еховагийн Гэрчүүд Польш, Орос болон бусад орнуудад ямар бэрхшээлийг туулсан бэ?
7 Олон арван жилийн дараа Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэх үүд хаалга цэлийтлээ нээгдэв. 1982 онд Польш улсад хэдий коммунист дэглэм ноёрхож байсан ч нэг өдрийн чуулганууд зохион явуулахыг зөвшөөрөв. 1985 онд Польшид олон улсын чуулганууд болов. Харин 1989 онд олон улсын том хэмжээний чуулганууд болж түүнд Орос, Украины мянга мянган төлөөлөгчид оролцсон. Мөн онд Унгар болон Польшид Еховагийн Гэрчүүдийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. 1989 оны намар Берлиний хана унав. Үүнээс хойш хэдхэн сарын дараа биднийг Зүүн Германд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнээс хойш тун удалгүй Берлин хотноо олон улсын чуулган боллоо. XX зууны сүүлийн арван жилийн эхээр оросын Гэрчүүдтэй уулзах гэж их чармайж байлаа. Москвагийн албаны зарим хүнтэй уулзаж ярилцсан бөгөөд 1991 онд Еховагийн Гэрчүүд эхний ээлжинд албан ёсоор бүртгүүлсэн шашны байгууллагуудын нэг нь болсон. Тэр үеэс хойш манай үйл ажиллагаа Оросод болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын харьяанд байсан улсуудад урьд өмнө байгаагүй өргөн далайцтай болсон билээ.
8. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших 45 жилийн туршид Еховагийн ард түмэнд юу тохиолдсон бэ?
8 Мөрдөлт хавчилт дэлхийн нэг хэсэгт намжиж, нөгөө хэсэгт ихсэж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойшхи 45 жилийн туршид олон улс оронд Еховагийн Гэрчүүдийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байлаа. Түүнээс гадна, манай байгууллагыг буюу үйл ажиллагааг Азийн 9, Африкийн 23, Европын 8, Латин Америкийн 3, арлын 4 улсад хорьсон байлаа.
9. Еховагийн үйлчлэгч нар Малавид юуг тэсвэрлэн гарсан бэ?
9 1967 оноос эхлэн Малавигийн Еховагийн Гэрчүүдийг хавчиж эхлэв. Малавигийн итгэл нэгт нөхөд маань жинхэнэ христосын шашинтан болохынхоо хувьд улс төрийн талаар төвийг сахьсан байдлаа хадгалан, намын гишүүний үнэмлэх гардан авахаас татгалзаж байв (Иохан 17:16). Малавигийн Конгресс намын их хурлын дараа, 1972 онд зэрлэг балмад ажиллагаа дахин сэргэв. Ах дүү нарыг маань орон гэрээс нь хөөн гаргаж, ажилд авахаас татгалздаг болов. Үхэхгүйн тулд мянган мянган хүн улс орноосоо дүрвэн дайжив. Гэвч Бурхныг болон ард түмнийг нь эсэргүүцэгчид амжилтад хүрсэн үү? Огтхон ч үгүй! Нөхцөл байдал өөрчлөгдөж, 1999 онд Малавид дэлгэрүүлэгчдийн тоо 43 767 болон дээд цэгтээ хүрч, мужийн чуулганд 120 000 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Харин нийслэл хотод нь Нийгэмлэгийн маань шинэ салбар сүндэрлэн боссон билээ.
Аян шалтаг эрсэн нь
10. Бурхны ард түмнийг орчин үеийн эсэргүүцэгчид Даниелд тохиолдож байсан шиг ямар зүйлийг хийдэг вэ?
10 Тэрслэгчид, лам хуврагууд болон бусад хүн бидний тунхагладаг Бурхны Үгийн мэдээг тэвчиж чаддаггүй. «Христосын шашны ертөнцийн» төлөөлөгчдийн нөлөө шахалтаар үйл ажиллагаагаа явуулдаг дайснууд маань бидний эсрэг тэмцлээ зөвтгөх хуулийн үндэстэй гэх арга хайдаг. Одоо ямар арга хэрэглэж байна вэ? Зөнч Даниелын эсрэг хуйвалдагчид яасан бэ? «Даниел» номын 6:4, 5-д: «Сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч алдаа олсонгүй. Яагаад гэвэл тэр шударга болоод итгэлтэй байсан тул түүнийг өөлөх ямар нэг шалтгаан олдохгүй байв. Тэгээд тэд „Энэ Даниелаас өөрийнх нь Бурхны хуулийн талаар өөлөх шалтаг олохгүй бол түүнийг буруутгах үндэс алга“ гэж хэлэлцэв» гэжээ. Өнөөдөр эсэргүүцэгчид мөн ийм маягаар шалтаг эрдэг. Тэд «шашны аюултай бүлэглэл» буюу «сект» гэдэг нэрээр шуугиан дэгдээн хөөрөгдөж, тэр шошгоо Еховагийн Гэрчүүдэд зүүхийг чармайн оролддог. Тэд баримтыг мушгин гуйвуулж, ёгт санаа юмуу худал хуурмагийг ашиглан бидний шүтлэгийн арга хэлбэр болон Библийн зарчимд үнэнч байдлын маань эсрэг үйл ажиллагаа явуулдаг.
11. Еховагийн Гэрчүүдийг эсэргүүцэгчид ямар худал баталгаа гаргадаг вэ?
11 Зарим орны шашны болон улс төрийн бүлгүүд биднийг «Бурхны... өмнө цэвэр ариун бөгөөд чин сэтгэлийн шүтлэг» баримталдгийг маань хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг (Иакоов 1:27). Бид үйл ажиллагаагаа 234 оронд явуулдаг ч гэсэн эсэргүүцэгчид манайхыг «нэр алдартай шашин» биш гэж зүтгэдэг. Хүний эрхийн асуудлаарх Европын Шүүхийн шийдвэр огт өөр байсаар атал 1998 оны олон улсын чуулган болохын өмнөхөн Афины нэг сонинд Грекийн үнэн алдартны сүмийн хамба ламын «[Еховагийн Гэрчүүд] бол „нэр алдартай шашин“ биш» гэж хэлсэн үгийг нийтэлжээ. Түүнээс хэдхэн өдрийн дараа Афины өөр нэгэн сонин сүмийн төлөөлөгчийн хэлсэн үгийг иш татсан байна. Тэр хэлэхдээ: «[Еховагийн Гэрчүүд] бол „христосын шашин“ байж чадахгүй. Учир нь Есүс Христэд итгэх итгэл тэдэнд огт байдаггүй» гэжээ. Гэтэл Еховагийн Гэрчүүдээс өөр нэг ч шашны бүлэг Есүсийг дууриахыг онцгой ач холбогдолтой гэж үздэггүй учраас энэ нь үнэхээр хачирхалтай!
12. Сүнслэг дайн хийхдээ яах ёстой вэ?
12 Бид сайн мэдээг хууль зүйн үүднээс батлан хамгаалахыг хичээдэг (Филиппой 1:7). Тэрчлэн, бид Бурхны зөв шударга хэм хэмжээг баримтлах хатуу баримтлалаа сулруулах буюу буулт хийхгүй (Тит 2:10, 12). Бид Иеремиагийн адил «бэлхүүсээрээ бүслээд», Бурхныг эсэргүүцэгчдэд биднийг айлгах боломж олголгүйгээр Еховагийн тушаасан бүхнийг ярьдаг (Иеремиа 1:17, 18, ШЕ). Еховагийн Ариун Үгэнд явах ёстой зөв замыг маань нарийн тодорхойлсон байдаг. Бид «махан биеийн» сул дорой хүчинд найдах эсвэл «Египетийн [буюу энэ дэлхийн] сүүдэрт хоргодох» ёсгүй (Судрын дэд 32:8, ШЕ; Исаиа 30:3; 31:1–3). Сүнслэг дайн хийхдээ өөрийн ухаан бодолд түшиглэлгүй, цаашид ч бүх зүрхээрээ Еховад найдан түүгээр зам мөрөө удирдуулах ёстой (Сургаалт үгс 3:5–7). Еховагийн дэмжлэг, хамгаалалтгүй бол бидний бүх хөдөлмөр «дэмий үрэгдэнэ» (Дуулал 127:1).
Хавчигдсан ч гуйвахгүй
13. Яагаад Есүс уруу довтолсон Сатаны довтолгоо бүтэлгүйтсэн гэж хэлж болох вэ?
13 Еховад гуйвшгүй үнэнч байхын сонгодог жишээ бол хэв журам зөрчиж, үймээн самуун дэгдээсэн хэрэгт хилс буруутгагдсан Есүс Христ юм. Есүсийн хэргийг шалгасны эцэст Пилат Есүсийг суллахад бэлэн байжээ. Гэвч шашны удирдагчдын өдөөн хатгалгад автсан ард олон түүний гэм буруугүйг үл харгалзан, хадаж алахыг шаардан хашгирч байв. Есүсийн оронд, үймээн дэгдээж, хүн алсныхаа төлөө шоронд орсон Бараабыг суллахыг шаардсан! Пилат бодлогогүй эсэргүүцэгчдийг ятгаж болиулахыг дахин оролдсон боловч эцэстээ цугласан олны үймээн шуугианд бууж өгсөн (Лүүк 23:2, 5, 14, 18–25). Хэдийгээр, Есүс шонд хадуулж үхсэн боловч Ехова түүнийг дахин амилуулж, өөрийн баруун гар талд суулгахаар өргөмжилснөөр Бурхны гэм буруугүй Хүү уруу довтолсон Сатаны жигшүүрт довтолгоо тэр чигтээ нурж бүтэлгүйтсэн. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар алдарт Есүсээр дамжин ариун сүнс асгарсан бөгөөд үүний тусламжтайгаар «шинэ бүтээл» болох христосын шашны хурал бий болжээ (2 Коринт 5:17; Үйлс 2:1–4).
14. Иудейн эсэргүүцэгчид Есүсийн дагалдагчдын эсрэг үйл ажиллагаа явуулснаар юу болсон бэ?
14 Удалгүй дараа нь иудейн эсэргүүцэгчид элч нарыг заналхийлэх болсон авч Христийн тэдгээр дагалдагчид үзсэн, дуулснаа ярихаа болиогүй юм. Есүсийн шавь нар: «Эзэн [«Ехова», ШЕ] минь, тэднээс ирэх заналыг анзаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг боол бидэндээ өгөөч» хэмээн залбирчээ (Үйлс 4:29). Ехова тэдний гуйлтыг сонсон, ариун сүнсээрээ «дүүргэж», сайн мэдээг эрэлхэг зоригтойгоор зогсолтгүй тунхаглахад нь хүч өгсөн. Удалгүй дахиад л, сайн мэдээ дэлгэрүүлэхгүй байхыг элч нарт тушаахад нь Пэтр болон бусад элч нар: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж хариулжээ (Үйлс 5:29). Тэднийг заналхийлж, баривчилж, зодож жанчсан ч Хаанчлалын үйл хэргээ өргөжүүлэхийг нь болиулж чадаагүй билээ.
15. Гамалиэл гэгч хэн байв? Есүсийн дагалдагчдыг эсэргүүцэгчдэд тэр ямар зөвлөгөө өгөв?
15 Үүнээс болоод иудейн удирдагчид яасан бэ? «Галзуурсан мэт уурсаж, тэднийг [элч нарыг] алахыг завджээ». Харин тэнд олонд хүндтэй, хуулийн багш, фарисай Гамалиэл гэгч байсан. Тэрбээр элч нарыг Иудейн Зөвлөлийн танхимаас түр гарахыг тушаагаад, эсэргүүцэгч шашинтнуудад хандан: «Израиль эрчүүд ээ, аливааг үйлдэхдээ эдгээр хүмүүстэй болгоомжтой хандацгаа. [...] Би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая, тэднийг зүгээр л явуулчих. Хэрэв тэдний зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурхнаас бол та нар тэднийг дийлж үл чадах төдийгүй харин Бурхны эсрэг тэмцэгчид болох бус уу» гэж зөвлөсөн (Үйлс 5:33–39).
Бидний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй
16. Еховагийн ард түмэндээ өгсөн амлалтыг та өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?
16 Гамалиэлийн зөвлөгөө эрүүл байсанчлан, зарим хүн биднийг өмгөөлж ярихад сайхан санагддаг. Мөн бид шударга шүүгчдийн гаргасан шүүхийн шийдвэрийн ачаар шашин шүтэх эрх баталгаажсанд талархаж явдаг билээ. Гэтэл Бурхны Үгийг баримталдаг маань «Христосын шашны ертөнцийн» лам хуврагууд болон хуурамч шашны дэлхийн гүрэн болох «Агуу их Бабилоны» удирдагчдад таалагддаггүй аж (Илчлэлт 18:1–3). Тэд болон тэдний нөлөөнд байгчид бидний эсрэг тэмцэл явуулдаг ч «„Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг дэлгэрэхгүй. Шүүх дээр чамтай цэц булаалдсан хэл бүр буруушаагдана. Энэ бол Эзний [«Еховагийн», ШЕ] зарцуудын өв, Миний зөвтгөл юм“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдав» гэсэн амлалт бидэнд бий (Исаиа 54:17).
17. Эсэргүүцэгчид бидний эсрэг тэмцдэг ч гэсэн бид яагаад эрэлхэг зоригтой байдаг вэ?
17 Манай дайснууд бидний эсрэг учир шалтгаангүйгээр тэмцдэг. Гэвч бид эр зоригоо гээдэггүй (Дуулал 109:1–3). Бидний тунхагладаг Библийн мэдээнд хорсдог хүмүүс итгэл үнэмшлээс маань болиулж, айлган сүрдүүлэхийг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Бидний сүнслэг тэмцэл яваандаа эрчимжих хэдий ч үр дүн нь бидэнд тодорхой. «Тэд чамтай тэмцэлдэх боловч ялж үл чадна. Учир нь „чамайг аврахын тулд Би чамтай хамт байна“ хэмээн Ехова айлдав» гэсэн зөгнөлийн үгийн биелэлийг бид Иеремиагийн адил биеэрээ үзэх болно (Иеремиа 1:19, ШЕ). Тийм ээ, Бурхныг эсэргүүцэгчид амжилт олохгүйг бид мэднэ!
Та юу гэж хариулах вэ?
• Еховагийн үйлчлэгчид ямар учраас довтолгоонд өртдөг вэ?
• Эсэргүүцэгчид Еховагийн хүмүүсийн эсрэг хэрхэн тэмцдэг вэ?
• Бурхныг эсэргүүцэгчид амжилт олохгүй гэдэгт яагаад эргэлзэх хэрэггүй вэ?
[Догол мөрийн асуулт]