Зөгнөсөн ёсоор «би бүхнийг шинэчилнэ»
Зөгнөсөн ёсоор «би бүхнийг шинэчилнэ»
«Ширээнд Залрагч „Харагтун, Би бүхнийг шинэчилнэ. ...эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн“ гэв» (ИЛЧЛЭЛТ 21:5).
1, 2. Олон хүн ирээдүйг зөгнөн бодох дургүй байдаг нь яагаад ойлгомжтой вэ?
«МАРГААШ юу болохыг хэн мэдлээ» гэж ярих хүмүүстэй та тааралдаж байв уу? Магадгүй та өөрөө ч тийн ярьж байсан байж болох юм. Хүмүүс ирээдүйд юу болохыг төсөөлж ч зүрхэлдэггүй хийгээд ирээдүйг зөгнөн хэлж болох мэтээр бардамнан сайрхдаг хүмүүст итгэдэггүйн учир ойлгомжтой. Юу гэвэл хүмүүс ерөөсөө хожим чухам юу болохыг яг таг зөгнөх чадваргүй юм.
2 «Форбз» сэтгүүлийн нэгэн тусгай дугаарыг цаг хугацааны асуудалд зориулжээ. Тэр дугаарт олны танил, телевизийн баримтат нэвтрүүлгийн хөтлөгч Роберт Крингели: «Цаг хугацааны хувьд бид бүгд ямар нэгэн байдлаар хууртдаг боловч цаг хугацаанаас болж зөнчдөөс илүү зовдог хүн байдаггүй. Ирээдүйг таах гэсэн оролдлого бол бидний бараг тоглох болгондоо хожигддог тоглоомтой адил юм. [...] Гэсэн ч их мэдэгчид үргэлжлүүлэн зөгнөсөөр л байна» гэж бичжээ.
3, 4. а) Шинэ мянганы талаар зарим хүн хэрхэн өөдрөг сэтгэлтэй байна вэ? б) Бусад нь ирээдүйн талаар ямар бодитой үзэл бодол баримталж байна вэ?
3 Шинэ мянган жилд ихээхэн анхаарах болсон одоо үед хүмүүс ирээдүйн тухай улам их бодох болсныг та анзаарсан байж магад. Өнгөрөгч оны эхээр «Маклинз» сэтгүүлд: «Ихэнх канадчуудын хувьд 2000 он бол хуанлийн дагуу гарах ерийн нэг шинэ он бус харин үнэхээр шинэ амьдралын эхлэл байж болох юм» гэжээ. Олон хүн ирээдүйдээ найдаж байгаагийн нэгэн шалтгааныг Йоркийн их сургуулийн доктор Крис Дьюдни: «Шинэ мянган бол үнэхээрийн аймшигт зууны тоосоо гөвж болно гэсэн үг» хэмээн тайлбарлажээ.
4 Энэ нь хүссэн зүйлээ болсон мэтээр үзэх гэсэн оролдлого биш гэж үү? Канадад явуулсан нэгэн санал асуулгад оролцогсдын дөнгөж 22 хувь «2000 он хүн төрөлхтний хувьд шинэ амьдралын эхэн болно гэж итгэж байгаа» бол бараг тал хувь нь ойрын 50 жилд «дэлхий дахиныг хамарсан шинэ мөргөлдөөн» буюу дэлхийн дайн гарна үзэж буй ажээ. Шинэ мянган жил бүх бэрхшээлийг маань үгүй болгоод, «бүхнийг шинэчилж» чадахгүй гэдгийг олон хүн ойлгож байгаа нь тодорхой билээ. Британийн хатан хааны нийгэмлэгийн ерөнхийлөгч асан сэр Майкл Атиа: «Өөрчлөлтийн хурд ... хорин нэгдүгээр зуунд бүх соёл иргэншил ноцтой бэрхшээлүүдтэй тулгарна гэсэн үг. Хүн ам хэт өсөх, байгалийн нөөц баялаг хомсдох, хүрээлэн байгаа орчин бохирдох, газар сайгүй үгүйрэн хоосрох зэрэг бэрхшээлүүд нь биднийг аль хэдийнээс дарамталж эхэлсэн бөгөөд эдгээрийг аль болох түргэн шийдэх шаардлагатай юм» гэж бичжээ.
5. Ирээдүйн тухай найдвартай мэдээллийг хаанаас олж болох вэ?
5 «Хүмүүс нэгэнт л ирээдүйг урьдчилан хэлэх чадваргүй юм бол ирээдүйн тухай ер нь бодохын ч хэрэггүй юм биш үү?» гэж хэн нэг нь бодож болох юм. Гэхдээ ингэж хэрхэвч болохгүй! Хүмүүс болох гэж буй үйл явдлыг зөгнөх чадваргүй нь үнэн боловч, зөгнөх чадвартай нэгээхэн ч үгүй гэж бодох хэрэггүй. Хэн зөгнөж чадах вэ? Бид ирээдүйг өөдрөгөөр харж болохын учир юу вэ? Эдгээр асуултын бүрэн төгс хариулт нь дөрвөн онцгой зөгнөлд байдаг. Эдгээр зөгнөл нь хамгийн түгээмэл бөгөөд хамгийн олон хүн уншдаг боловч олон хүний ташаа ойлгодог хийгээд үл хайхардаг ном болох Библид байдаг юм. Та Библийг юу ч гэж боддог бай, эсвэл та түүнийг маш сайн мэддэг байсан ч гэсэн энэ дөрвөн чухал сэдвийг заавал харах шаардлагатай. Тэдгээрт ирээдүйн тухай, тэгэхдээ хамгийн сайн сайхны тухай зөгнөсөн буй. Түүнээс гадна, энэ дөрвөн чухал зөгнөл нь таныг болон таны дотны хүмүүсийг ямаршуухан ирээдүй угтан хүлээж байгааг хэлж өгдөг.
6, 7. Исаиа хэзээ зөгнөсөн бэ? Түүний зөгнөл нь хэрхэн гайхамшигтайгаар биелсэн бэ?
6 Тэр дөрвөн зөгнөлийн нэг нь «Исаиа» номын 65-р бүлэгт байдаг. Уншихынхаа өмнө уг зөгнөлийг ямар учраас, хэзээ бичсэнийг тодруулъя. Энэ зөгнөлийг бичсэн Бурхны зөнч Исаиа Иудейн хаант улсыг устгахаас ойролцоогоор зуун жилийн өмнө амьдарч байжээ. Ехова үнэнч бус иудейчуудыг хамгаалахаа больж, бабилончуудад Иерусалимыг устгаж, оршин суугчдыг нь олзлон авахыг зөвшөөрснөөр энэ хаант улс мөхөх болсон. Энэ үйл явдал нь Исаиаг зөгнөн хэлснээс зуу гаруй жилийн дараа биелсэн юм (Судрын дэд 36:15–21).
7 Түүхийн эх сурвалжийг санацгаая. Бурхны удирдлагаар зөнч Исаиа хараахан төрөөгүй байсан перс хүн болох Корештын нэрийг зөгнөсөн бөгөөд Корешт нь Бабилоныг байлдан дагуулсан юм (Исаиа 45:1). Корешт иудейчуудыг МЭӨ 537 онд эх орондоо эргэн ирэх үндсийг тавьсан. Исаиа иудейчууд эргэн ирнэ гэдгийг хүртэл зөгнөсөн нь гайхалтай бөгөөд энэ тухай 65-р бүлэгт байдаг. Эх нутагтаа эргэн ирсэн израильчууд ямар нөхцөлд хэрхэн амьдрахыг тэрээр дэлгэрэнгүй бичсэн байдаг.
8. Исаиа ямар жаргалтай ирээдүйг зөгнөсөн бэ? Зөгнөлд нь гардаг ямар хэллэг гойд сонирхолтой вэ?
8 Исаиа 65:17–19-д: «Харагтун. Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд мөнх баярлан баясагтун. Учир нь Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ. Би мөн Иерусалимд баярлан, Өөрийн ард түмэнд сэтгэл ханамжтай байна. Тэгээд тэнд уйлах, гашуудах дуу дахин үл сонсогдоно» гэж байдаг. Исаиагийн дүрслэн бичсэн нөхцөл байдал нь иудейчуудын Бабилонд байснаас хавьгүй илүү байсан нь эргэлзээгүй. Исаиа баяр хөөр, аз жаргалыг зөгнөжээ. Тэгвэл одоо «шинэ тэнгэр, шинэ газар» гэсэн хэллэгт анхаарлаа хандуулцгаая. Библид энэ хэллэг нийт дөрвөн удаа гардгаас эхнийх нь энд гардаг юм. Уг хэллэг байдаг дөрвөн газар нь бидний ирээдүйтэй шууд хамаатай бөгөөд ирээдүйг зөгнөсөн байдаг.
9. Исаиа 65:17–19-ийн зөгнөл дээр үед израильчуудад хэрхэн биелсэн бэ?
9 Исаиа 65:17–19-ийн энэ үгс Исаиагийн зөгнөсөн дагуу эх нутагтаа буцан ирж, цэвэр шүтлэгийг сэргээсэн израильчуудад анх биелжээ (Езра 1:1–4; 3:1–4). Тэд дэлхий дээр эх орондоо буцан ирсэн болохоос бус өөр ямар нэгэн гариг дээр очоогүй нь лавтай. Энэ нь Исаиа «шинэ тэнгэр, шинэ газар» гэж бичихдээ ямар санаа илэрхийлснийг ойлгоход тусалдаг. Нострадамус болон бусад зөнчдийн толгой эргүүлэм зөгнөлийн учрыг олох гэсэндээ зарим хүн элдэв таамаг ургуулан боддог. Тэгвэл бидэнд тэгэх хэрэг алга. Исаиа юу гэснийг Библи бэлхнээ тайлбарладаг.
10. Исаиагийн зөгнөлийн «газар» гэдэг нь ямар утгатай вэ?
10 Библид «газар» буюу «дэлхий» гэдэг үгээр ямагт дэлхийн бөмбөрцөг гэсэн утга илэрхийлдэггүй ээ. Тухайлбал, Дуулал 96:1-д: «Бүх дэлхий Эзэнд дуулагтун» гэж байдаг. Манай дэлхий буюу түүн дээрх хуурай газар, далай тэнгис дуу дуулдаггүй шүү дээ. Хүмүүс л дуулдаг. Тэгэхээр Дуулал 96:1-д дэлхий дээрх хүмүүсийн тухай өгүүлжээ. Харин Исаиа 65:17-д «шинэ тэнгэр» гэж дурдсан байдаг. Хэрэв «газар» гэдэг нь эх орондоо буцан ирсэн хүмүүсийн шинэ нийгмийг илэрхийлж байгаа юм бол «шинэ тэнгэр» нь юуг илэрхийлэх вэ?
11. «Шинэ тэнгэр» гэдэг хэллэг юунд хамаатай вэ?
11 Нэгэн нэвтэрхий тольд: «Зөгнөлийн үзэгдлийг ямар ч нөхцлөөр авч үзлээ гэсэн тэнгэр гэдэг нь... бодит тэнгэр газраас дээш байж, түүнийг удирдаж байгаа юм шиг байдагчлан, албатуудаасаа дээгүүр байж, тэднийг удирдаж байдаг... захирагч хүчнүүд... гэсэн үг юм» гэж бичжээ (M’Clintock and Strong’s «Cyclopædia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature»). «Тэнгэр ба газар» гэсэн холбоо үгийн тухайд уг нэвтэрхий тольд «зөгнөлийн хэлээр авч үзвэл тэр холбоо үг нь нийгмийн янз бүрийн давхрагын хүмүүсийн улс төрийн байдлыг илэрхийлдэг. „Тэнгэр“ нь эрх мэдлийг, харин „газар“ нь дээд эрх мэдлийн захиргаан дор байх хүмүүсийг төлөөлдөг» гэсэн байдаг.
12. Эртний иудейчуудын хувьд «шинэ тэнгэр, шинэ газар» нь ямар утгаар биелсэн бэ?
12 Иудейчууд Бабилоноос эргэж ирээд эд юмсын шинэ тогтолцоо гэж нэрлэж болохоор нөхцөлд байжээ. Засаг захиргаа шинээр үүссэн. Давид хааны үр болох Зирубабел амбан захирагч, харин Иозадекийн хүү Иошуа ахлах тахилч байсан (Хаггай 1:1, 12; 2:21; Зехариа 6:11). Тэд «шинэ тэнгэрийг» бүрдүүлжээ. Тэд юуг захирсан бэ? «Шинэ газар» буюу Иерусалим болон Еховаг шүтэх газар болсон дуганыг сэргээн босгох гэж эх нутагтаа буцан ирсэн цэвэрлэгдсэн ард түмнийг захирах болов. Өөрөөр хэлбэл, эртний иудейчуудын хувьд зөгнөж хэлсэн «шинэ тэнгэр» хийгээд «шинэ газар» нь хамгийн бодит утгаараа биелсэн юм.
13, 14. а) «Шинэ тэнгэр хийгээд шинэ газар» гэдэг үгийг хэрэглэсэн өөр ямар тохиолдлыг авч үзэх хэрэгтэй вэ? б) Пэтрийн зөгнөл яагаад өнөө үед онцгой хамаатай байгаа вэ?
13 Гэхдээ гол санааг нь орхигдуулахгүй байцгаая. Бидний хэлэлцүүлэг бол Библийг тайлбарлах дасгал ч биш, эртний түүхийг гүйлгэж хараад өнгөрөх ч зүйл биш юм. Та бүхэн Библиэс «шинэ тэнгэр хийгээд шинэ газар» гэсэн үг байгаа өөр газрыг нээгээд л үүнийг ойлгоно. Энэ нь 2 Пэтр 3-р бүлэгт гардаг бөгөөд тэнд бидний ирээдүйг бичсэн байдаг.
14 Еврейчүүд эх нутагтаа буцаж ирснээс хойш 500 жилийн дараа элч Пэтр энэ захиагаа бичжээ. Есүсийн элчүүдийн нэг Пэтр, 2 Пэтр 3:2-т дурдсан «Эзний» буюу Христийн дагалдагчдад захиагаа бичсэн байна. 4-р зүйлд (ШЕ) Пэтр, Есүсийн «залран байх амлалтын» тухай асуудлыг гаргаж ирсэн ба тэр нь өнөө үед хамгийн их хамаатай зөгнөл юм. Есүс Бурхны тэнгэрийн Хаанчлалын Удирдагчийн эрх мэдэлтэй болсон гэсэн утгаараа «залран байгаагийн» хангалттай нотолгоо Дэлхийн I дайнаас хойш үзэгдэх болсон (Илчлэлт 6:1–8; 11:15, 18). Энэ бүлэгт Пэтрийн урьдчилан хэлсэн өөр зүйлээс үзвэл энэ нь онцгой утгатай.
15. «Шинэ тэнгэрийн» тухай Пэтрийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
15 2 Пэтр 3:13-т: «Харин бид Түүний амлалтын дагуух шинэ тэнгэр хийгээд шинэ газрыг хүлээн байна. Тэнд зөв нь нутагладаг болой» гэсэн байдаг. Тэнгэрт байгаа Есүс «шинэ тэнгэрийн» гол Удирдагч гэдгийг та нар аль эрт мэдсэн байх (Лүүк 1:32, 33). Харин тэр ганцаараа удирдахгүй гэдгийг Библийн өөр зүйлүүд харуулдаг. Есүс элч нарт болон бусад хүнд тэнгэрт орон бэлдэхээр амласан билээ. Элч Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа тэдгээр хүмүүсийг «тэнгэрийн дуудлагад оролцогч» гэж нэрлэжээ. Харин Есүс энэ бүлэг хүмүүсийг өөртэй нь хамт тэнгэрийн хаан ширээнд сууна гэж хэлсэн (Еврей 3:1, ШЕ; Матай 19:28; Лүүк 22:28–30; Иохан 14:2, 3). Тэгэхлээр, шинэ тэнгэрийн хэсэг болохын хувьд бусад хүн ч Есүстэй хамт хаанчлах нь. Тэгвэл Пэтр «шинэ газар» гэж юуг хэлээд байна вэ?
16. Ямар «шинэ газар» хэдийнээ бий болчихоод байна вэ?
16 Еврейчүүд эх нутагтаа буцаж ирсэн эрт дээр үед «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай зөгнөл «шинэ тэнгэрийн» засаглалд захирагддаг хүмүүс дээр биелэлээ олсончлон, 2 Пэтр 3:13-ын одоогийн биелэл ч мөн адил юм. Өнөөдөр «шинэ тэнгэрийн» засаглалд дуртайяа захирагдан буй сая сая хүнийг харж болно. Тэд энэхүү засгийн газраас гаргадаг сургалтын хөтөлбөрийн ашиг тусыг үзэж, Библид үндэслэсэн хуулиар нь амьдрахыг хичээдэг (Исаиа 54:13). Тэд янз бүрийн үндэстэн, хэлтнүүд, арьс өнгөний хүмүүсээс нэгдсэн ард түмнийг бий болгож, Хаан Есүс Христээр удирдуулан хамтдаа хөдөлмөрлөдөг учраас «шинэ газрын» цөмийг бүрдүүлдэг. Та ч бас энэ ард түмэнтэй нэгдэж чадна! (Мика 4:1–4).
17, 18. 2 Пэтр 3:13-т бичсэн үг ямар учраас бидэнд ирээдүйгээ итгэлтэйгээр харах үндэс болдог вэ?
17 Гэхдээ, ингээд л бүх асуудал дууслаа, бид ирээдүйн тухай нарийн ширийн болгоныг мэдэх аргагүй нь гэж бодсоны хэрэггүй. 2 Пэтр 3-р бүлгийн хам сэдвийг үзвэл, өмнө маань агуу их өөрчлөлтийн шинж тэмдэг байгааг олж харах болно. Пэтр 5, 6-р зүйлд Ноагийн үеийн ёс бус дэлхийг устгасан үерийн тухай бичсэн байна. 7-р зүйлд Пэтр «өнөө цагийн тэнгэр болоод газар» буюу засгийн газар, ард түмэн «сүсэггүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн тул хадгалагдсаар байна» гэжээ. Энэ нь, «өнөө цагийн тэнгэр болоод газар» гэдэг үг бодит орчлонт ертөнцөд биш, харин хүмүүст болон тэдний засгийн газарт хамаатай гэдгийг баталж байна.
18 Пэтр дараагийн зүйлд, Еховагийн айсуй өдөр агуу их цэвэрлэгээ хийх бөгөөд 13-р зүйлд дурдсан «шинэ тэнгэр хийгээд шинэ газарт» очих замыг нээх болно гэж бичжээ. Энэ зүйлийн төгсгөлийн «Тэнд зөв нь нутагладаг болой» гэснийг анхаарцгаая. Энэ нь ирээдүйд бүх юмыг үндсээр нь сайжруулан өөрчлөх тухай гэрчлэхгүй байна гэж үү? Энэ нь хүмүүсийн амьдрал өнөөдрийнхийг бодвол илүү аз жаргалтай болох ирээдүйн үнэхээрийн шинэ цагийн тухай найдварыг бидэнд төрүүлэхгүй гэж үү? Хэрэв та бүхэн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол Библи юуг урьдчилан хэлдгийг ойлгосон байх нь. Үүнийг харьцангуй цөөн хүн ойлгодог.
19. «Илчлэлт» номын 19, 20-р бүлэгт юуны тухай бичсэн байдаг вэ?
19 Гэхдээ цааш явцгаая. Бид «шинэ тэнгэр хийгээд шинэ газар» гэсэн үг бүхий «Исаиа» 65 болон «2 Пэтр» 3-р бүлгийг авч үзлээ. Одоо Библийн энэ хэллэг бас байдаг «Илчлэлт» номын 21-р бүлэг уруу орцгооё. Тэнд бичигдсэн үйл явдал хэзээ, хаана болохыг мэдэх нь бидэнд бас л ашигтай байх болно. Энэ номын 19-р бүлэгт нэгэн дайныг тод томруунаар дүрслэн бичсэн байна. Гэхдээ энэ бол үндэстэн хоорондын дайн биш юм. Нэг тал нь «Бурхны Үг» байна. Энэ нь Есүс Христийн цол гэдгийг та нар мэдэх байх (Иохан 1:1, 14). Тэрбээр тэнгэрт байх агаад энэ үзэгдэлд тэнгэрийн цэргүүдтэйгээ хамт дүрслэгддэг. Тэд хэнтэй тулалдах вэ? Энэ бүлэгт «хаад», «мянганы дарга нар» болон «их бага» бусад хүмүүсийн тухай дурджээ. Энэ тулалдаан нь мууг устгах Еховагийн өдөр юм (2 Тэсалоник 1:6–10). Дараагийн, 20-р бүлэг «буг [«Диабол», ШЕ] ба Сатан болох эрт цагийн могойг» хэрхэн зайлуулж байгаагаар эхэлдэг. Үүнийг санаад, «Илчлэлт» номын 21-р бүлэгт дахин анхаарлаа хандуулцгаая.
20. Илчлэлт 21:1-д өмнө маань байгаа ямар чухал өөрчлөлтийн тухай бичсэн байдаг вэ?
20 Элч Иохан энэ бүлгээ маш сэтгэл догдлом үгээр: «Шинэ тэнгэр, шинэ газрыг би харав. Учир нь анхны тэнгэр, газар нь үгүй болж, тэнгис байхгүй болов» гэж эхэлдэг. Бид «Исаиа» номын 65, «2 Пэтр» номын 3-р бүлгээс мэдсэнийхээ үндсэн дээр бодит тэнгэр хийгээд ус бүхий манай гариг өөрчлөгдөнө гэсэн утга энэ үгэнд байхгүй хэмээн итгэлтэйгээр хэлж чадна. Өмнөх бүлгүүдэд үзүүлсэнчлэн, муу хүмүүс болон тэдний засаглал, тэр дундаа үл үзэгдэх удирдагч Сатан үгүй болох юм. Тийнхүү, «Илчлэлт» номын 21-р бүлэгт дэлхий дээр аж төрөгч хүмүүст хамаатай эд юмсын шинэ тогтолцооны тухай амласан юм.
21, 22. Ямар ивээлийн гарцаагүйд Иохан биднийг итгүүлдэг вэ? Нулимс арчина гэдэг нь ямар утгатай вэ?
21 Бид эл гайхамшигт зөгнөлийн дотор нь орсон юм шиг итгэлтэй байдаг. Бурхан «хүмүүсийн дунд» байж, өөрийнх нь хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүст анхаарал халамж тавих цагийн тухай үгээр 3-р зүйл төгсдөг (Езекиел 43:7). Иохан цааш нь 4, 5-р зүйлд: «Тэр [Ехова] тэдний нүднээс бүх нулимсыг арчина. Тэнд цаашид үхэл үгүй болно. тэнд гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс үгүй боллоо... Ширээнд Залрагч „Харагтун, Би бүхнийг шинэчилнэ“ гээд „Бич, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн“ гэв» гэжээ. Хэчнээн сэтгэл сэргэм зөгнөл вэ!
22 Түр азнаад, Библийн урьдчилан хэлснийг сэтгэлдээ төсөөлж үзье. «Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг арчина». Энд бидний эмзэг нүдийг тогтмол норгон угааж байдаг, мөн баяр хөөрөөсөө болоод унагаж байдаг нулимсны талаар хэлээгүй. Бурхны арчих нулимс бол зовлон зүдүүр, уй гашуу, гансрал гунихрал, сэтгэлийн зовуурь, зовлон тарчлалын нулимс юм. Үүнд яаж итгэх вэ? Бидний нулимсыг арчина гэсэн Бурхны энэ гайхалтай амлалт үхэх, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болохтой холбоотой болох нь чухам энэ зүйлд л байдаг (Иохан 11:35).
23. Иоханы зөгнөл ёсоор ямар зүйлд төгсгөл гарцаагүй ирэх вэ?
23 Энэ нь өмөн үү, саа, зүрхний шигдээс, тэр ч бүү хэл үхэл үгүй болно гэдгийг батлахгүй байна гэж үү? Биднээс хэн маань өвчин, золгүй явдал, байгалийн гамшгаас болж дотнын хүмүүсээ алдаагүй билээ? Цаашид үхэл үгүй болно гэж Бурхан амласан. Тэгвэл ирээдүйд төрөх хүүхэд хөгширч үхэхгүй гэсэн үг. Цаашид их төлөв өтөл насанд илэрдэг Альцгеймерийн өвчин, яс сийрэгжих, холбогч эдийн хавдар, нүдний чинэрээ эсвэл нүд цийх зэрэг өвчин эмгэг үгүй болно.
24. «Шинэ тэнгэр хийгээд шинэ газар» ивээлийг хэрхэн үзүүлэх вэ? Бид өөр юу хэлэлцэх вэ?
24 Мэдээж үхэл, хөгшрөл, өвчин үгүй болоход гашуудах, уйлах нь багасна гэдгийг та бүхэн зөвшөөрөх байх. Тэгвэл ядуурал, хүүхдүүдтэй зүй бус харьцах, гарал үүсэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, харгис хандах зэргийн тухайд яах вэ? Өнөөдөр хэвийн болсон энэ бүх зүйл цаашид ч байгаад байвал бид гашуудах, уйлахаа болихгүй. Тиймээс «шинэ тэнгэр хийгээд шинэ газрын» үед амьдралыг өнөөдрийнх шиг гаслан зовлон харлуулахгүй. Ямар гайхалтай өөрчлөлт вэ! Одоохондоо бид Библид байдаг, «шинэ тэнгэр хийгээд шинэ газар» гэсэн үг бүхий дөрвөн газрын гурвыг нь л үзлээ. Энэ үг бас өөр нэг газарт байдаг. Энэ нь бидний авч үзсэн бүх зүйлтэй нягт холбоотой бөгөөд «бүхнийг шинэчлэх» амлалтаа биелүүлэх Бурхны тэр өдрийг баяртайгаар хүлээж болох учир шалтгааныг маань онцлон тэмдэглэж өгдөг. Энэ зөгнөлийн талаар, мөн биднийг аз жаргалтай болоход ямар ач холбогдолтой талаар дараагийн өгүүлэлд хэлэлцэх болно.
Та сайн тогтоосон уу?
• Библийн ямар гурван номд «шинэ тэнгэр ба шинэ газрын» талаар зөгнөн бичсэн байдаг вэ?
• «Шинэ тэнгэр ба шинэ газрын» тухай зөгнөл эртний иудейчүүдэд хэрхэн биелсэн бэ?
• Пэтрийн дурдсан «шинэ тэнгэр ба шинэ газрын» тухай зөгнөл биелэхийг хэрхэн ойлгож болох вэ?
• «Илчлэлт» номын 21-р бүлэг аз жаргалтай ирээдүйд итгэх итгэлийг маань хэрхэн төрүүлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]