Skip to content

Гарчиг руу орох

Бурхны зөгнөлийн үгэнд итгэгтүн!

Бурхны зөгнөлийн үгэнд итгэгтүн!

Бурхны зөгнөлийн үгэнд итгэгтүн!

«Иймээс бидэнд илүү баталгаатай зөгнөлийн үг байдаг» (2 ПЭТР 1:19, ШЕ)

1, 2. Анхны зөгнөл юу гэж байдаг вэ? Уг зөгнөлөөс урган гардаг асуултуудын нэг нь юу вэ?

 ЭДҮГЭЭ бидний мэдэх болсон зөгнөлүүдийн хамгийн анхныхыг Ехова хэлсэн билээ. Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараа Бурхан: «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн могойд хэлжээ (Эхлэл 3:1–7, 14, 15). Эдгээр зөгнөлийн үгс олон зуун жилийн дараа л бүрэн гүйцэд ойлгомжтой болох байжээ.

2 Энэхүү анхны зөгнөлд нүгэлт хүн төрөлхтний бодит найдвар агуулагдаж байлаа. Хожим Сатан Диаболыг Бичээст «эрт цагийн могой» гэж тодорхойлжээ (Илчлэлт 12:9). Тэгвэл хэн Бурхны амласан Үр болох ёстой байв аа?

Үрийн эрэлд

3. Абел анхны зөгнөлд итгэдэг байснаа хэрхэн харуулсан бэ?

3 Бурханд үнэнч Абел анхны зөгнөлд итгэдэг байснаараа эцгээсээ ялгаатай байв. Нүглийг цайруулахын тулд цус урсгах хэрэгтэй гэдгийг Абел мэддэг байсан бололтой. Тийм учраас итгэл нь түүнийг амьтнаар тахил өргүүлэхэд хүргэсэн бөгөөд энэ нь ч Бурхны таалалд нийцжээ (Эхлэл 4:2–4). Гэсэн ч чухам хэн амласан Үр болох нь нууц хэвээрээ үлдсэн.

4. Бурхан Абрахамд юу амласан бэ? Энэ нь амласан Үрийн тухай юу өгүүлж байсан бэ?

4 Абелийг нас барснаас хойш 2 000 орчим жилийн дараа Ехова израилийн удирдагч байсан Абрахаамд зөгнөлийн утга бүхий амлалт өгчээ. Тэрээр: «Би үнэхээр чамайг ивээж, чиний үрсийг тэнгэрийн одод... мэт асар олон болгоно... бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ивээгдэх болно» гэж амлажээ (Эхлэл 22:17, 18). Эдгээр үг нь анхны амлалт биелэхэд Абрахам хамаатай гэдгийг харуулдаг. Еховагийн хэлснээс үзвэл Сатаны үйл хэргийг үгүй хийх Үр нь Абрахамын удмынх байх байжээ (1 Иохан 3:8). «Харин тэр [Абрахаам] үл итгэлээр тээнэгэлзээгүй» ба Христосын дагалдагчдаас өмнө байсан «амлагдсаныг аваагүй» Еховагийн бусад гэрчүүд ч мөн адил амлалтад эргэлзээгүй билээ (Ром 4:20, 21; Еврей 11:39). Тэд Бурхны зөгнөлийн үгэнд итгэсээр байсан юм.

5. Бурхны амласан Үр хэн байсан бэ? Хариултаа тайлбарлана уу?

5 Чухам хэн Бурхны амласан Үр вэ гэдэг нь элч Паулын хэлсэн үгнээс харагддаг. Тэрээр: «Абрахаамд болон түүний үрд амлалтууд айлдагдсан юм. „Үрст“ гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай „Үрд“ гэсэн. Тэр бол Христ мөн» хэмээжээ (Галат 3:16). Бүх үндэстнийг ивээх Үрд Абрахаамын бүх үр удам ороогүй юм. Тэгэхлээр хүн төрөлхтөн Абрахаамын хүү Ишмаелын үр удам юм уу, эсвэл Кетурагаас төрсөн хөвгүүдийн үр удмаар дамжуулан ивээл хүртээгүй юм. Ивээл авчрах Үр нь Абрахамын хүү Исаак болон түүний ач Иакобаар дамжин ирсэн (Эхлэл 21:12; 25:23, 31–34; 27:18–29, 37; 28:14). «Бүх хүн [Үндэстнүүд, ШЕ]» Иудагийн овгийн «Шилод» захирагдана гэдгийг Иакоб илэрхийлсэн бөгөөд Үр Давидын удмаас гарах нь хожим тодорхой болсон (Эхлэл 49:10, 2 Самуел 7:12–16). Нэгдүгээр зуунд иудейчууд хэн Мэссиа буюу Христ болох бол хэмээн хүлээж байсан (Иохан 7:41, 42). Үрийн тухай Бурхны зөгнөл Бурхны Хүү, Есүс Христ дээр нь биелсэн.

Мэссиа ирлээ!

6. а) «Далан долооны» тухай зөгнөлийг хэрхэн ойлгох хэрэгтэй вэ? б) Есүс хэзээ, яаж «нүглийг төгсгөсөн» бэ?

6 Зөнч Даниел Мэссиагийн тухай маш чухал зөгнөл бичсэн. Меде овгийн Дариус хааны засаглалын анхдугаар онд Иерусалимын хоосролын 70 жилийн хугацаа дуусч буйг Даниел ойлгожээ (Иеремиа 29:10; Даниел 9:1–4). Даниелийг залбирхад тэнгэрэлч Габриел түүнд үзэгдэж, «гэмийг төгсгөхийн» тулд «далан „долоог“ тогтоосон» гэдгийг илчилжээ. Дал дахь «долооны» буюу долоо хоногийн дунд үед Мэссиа үхэх болно. «Далан долоо» нь Персийн нэгдүгээр Артаксеркс хаан «Иерусалимыг сэргээн босго» гэсэн зарлиг гаргасан МЭӨ 455 онд эхлэсэн (Даниел 9:20–27; Нехемиа 2:1–8). Мэссиа 7 «долоо» дээр нэмэх нь 62 «долооны» дараа ирэх ёстой байлаа. Энэ 483 жил нь МЭӨ 455 онд эхлээд Есүсийн баптисм хүртэж, түүнийг Бурхан Мэссиа буюу Христ болгон тосолсон МЭ 29 онд дууссан юм (Лүүк 3:21, 22). Есүс МЭ 33 онд амиа золиос болгосноор «гэмийг төгсгөсөн» билээ (Марк 10:45). Энэ бүхэн нь Бурхны зөгнөлийн үгэнд итгэх бат бэх үндэс болдог.

7. Мэссиагийн тухай зөгнөлүүд Есүс дээр хэрхэн биелсэнийг Библиэр батална уу.

7 Бурхны зөгнөлийн үгэнд итгэх итгэл маань чухам хэн Мэссиа вэ гэдгийг тогтооход тус болдог. Еврей Бичээст буй Мэссиагийн тухай олон зөгнөлийн ихэнх нь Грек Бичээст гардаг Есүст хамаатай байдаг. Жишээ болгон хэдийг авч үзье. Онгон бүсгүй Есүсийг Бэтлэхэмд төрүүлжээ (Исаиа 7:14; Мика 5:2; Матай 1:18–23; Лүүк 2:4–11). Түүнийг Египетээс дуудсан хийгээд төрснийх нь дараа олон нялхсыг хөнөөв (Иеремиа 31:15; Хосеа 11:1; Матай 2:13–18). Есүс «бидний сул дорой байдлыг өөртөө авсан» (Исаиа 53:4; Матай 8:16, 17). Зөгнөлийн дагуу тэрээр илжиг унан Иерусалимд ирэв (Зехариа 9:9; Иохан 12:12–15). Есүсийг шонд хадсаны дараа цэргүүд түүний хувцсыг хуваан авч, дотуур хувцасных нь төлөө шодсон нь дуулалчийн үгийг биелүүлэв (Дуулал 22:18; Иохан 12:12–15). Есүсийн ганц ч яс хугаралгүй үлдэж, биеийг нь хатгасан зэрэг нь мөн л зөгнөлийн биелэл байсан юм (Дуулал 34:20; Зехариа 12:10; Иохан 19:33–37). Эдгээр нь Бурхны онгод оруулсан Бичээст гардаг Есүст хамаатай Мэссиагийн тухай зөгнөлүүдийн нэгээхэн хэсэг юм.

Хаан Мэссиаг угтан авагтун!

8. «Эртний Нэгэн» гэж хэн бэ? Даниел 7:9–14-ийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?

8 Бабилоны хаан Белшазарын засаглалын нэгдүгээр онд Ехова зөнч Даниелдаа зүүд зүүдлүүлж, үзэгдэл үзүүлжээ. Зөнч эхлээд дөрвөн аварга араатныг харжээ. Бурхны тэнгэрэлч тэдгээрийг «дөрвөн хаан» гэж нэрлэн, тэдгээр нь бие биенээ халж солих дэлхийн эзэнт гүрнүүдийг бэлэгддэг гэдгийг заан хэлжээ (Даниел 7:1–8, 17). Дараа нь Даниел «Эртний Нэгэн» буюу Еховаг алдрынхаа ширээнд залран буйгаар харсан байна. Тэрээр араатнуудыг шүүн, эрх мэдэлгүй болгоод дөрөв дэх араатныг устгажээ. Үүний дараагаар «Хүний Хүү шиг Нэгэн» «бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтнийг» мөнх захирах эрхтэй болдог (Даниел 7:9–14). Энэ бол 1914 онд тогтсон «Хүний Хүү» Есүс Христийн хаанчлалын тухай өгүүлсэн үнэхээрийн гайхамшигтай зөгнөл юм аа! (Матай 16:13).

9, 10. а) Баримлын янз бүрийн хэсгүүд нь юуг бэлгэдэн зааж байсан бэ? б) Даниел 2:44-ийн зөгнөл хэрхэн биелэхийг ярина уу.

9 Бурхан «хаадыг босгож, мөн унагадаг» гэдгийг Даниел мэддэг байжээ (Даниел 2:21). Зөнч, «нууцыг илчлэгч» Еховад итгэсэн итгэлээрээ бабилоны хаан Небухаднезарт аварга том баримлын тухай зүүднийнх нь утгыг тайлж өгдөг. Баримлын янз бүрийн хэсгүүд нь Бабилон, Меде—Перс, Грек, Ром гэх зэргийн дэлхийн хүчирхэг гүрнүүдийн мандал бадрал хийгээд мөхөл доройтлыг заан төлөөлж байлаа. Түүнээс гадна, Бурхан Даниелаар дамжуулан одоо бидний цаг үед болж байгаа болон цаашид ирээдүйд өрнөх үйл явдлыг дүрслэн хэлжээ (Даниел 2:24–30).

10 «Эдгээр хаадын үед тэнгэрийн Бурхан хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр бусад бүх хаанчлалыг цохин сөнөөгөөд, харин өөрөө мөнхөд байх юм» гэсэн зөгнөл байдаг (Даниел 2:44). 1914 онд «харь үндэстний цаг үе» төгсгөл болоход Ехова Есүс Христийн тэргүүлсэн тэнгэрийн Хаанчлалыг тогтоосон (Лүүк 21:24; Илчлэлт 12:1–5). Тэгэхэд, Мэссиагийн Ханчлалыг төлөөлж байсан «чулуу» нь Бурхны хэмжээгүй эрх мэдлийн «уул»-наас Бурхны хүчээр «өнхөрчээ». Хармагэдооны үеэр энэхүү чулуу нь баримлыг мөргөж, үнсэн товрог болгоно. Мэссиагийн Хаанчлал «бүх газрыг» удирдах уул буюу засгийн газар болж, мөнхөд байх болно (Даниел 2:35, 45; Илчлэлт 16:14, 16).

11. Есүсийн хувирч өөрчлөгдсөн нь юуны төсөөлөл авах боломж олгосон бэ? Энэ нь Пэтрт хэрхэн нөлөөлсөн бэ?

11 Есүс Хаанчлалынхаа тухай өгүүлэн, дагалдагч нартаа хандан «энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг хартал үхлийг үл амсах болно» гэж хэлсэн байдаг (Матай 16:28). Үүнээс зургаан өдрийн дараа Есүс Пэтр, Иааков, Иохан гурвын хамтаар өндөр ууланд гарч, тэндээ тэдний өмнө хувирч өөрчлөгдсөн билээ. Элч нарыг гэрэлт үүл бүрхэж, Бурхан: «Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнд Миний таалал бий. Түүнийг сонсогтун» гэж хэлсэн (Матай 17:1–9 Марк 9:1–9). Христийн ирээдүйн хаанчлалын алдрын тухай үзэгдэл үнэхээр гайхамшигтай! Пэтр энэ үзэгдэлд тулгуурлан: «Иймээс бидэнд илүү баталгаатай зөгнөлийн үг байдаг» гэснийг ойлгоход төвөггүй юм (2 Пэтр 1:16–19, ШЕ).

12. Бурхны зөгнөлийн үгэнд итгэдгээ харуулах цаг ямар учраас одоо мөн бэ?

12 Еврей Бичээст байдаг мэссиагийн тухай зөгнөлийн зэрэгцээ «зөгнөлийн үг» өөртөө Есүсийн «хүч болоод агуу их алдраа» дуурсгасаар ирэх тухай үгийг мөн багтаажээ (Матай 24:30). Есүс хааны эрх мэдэлтэй болоод алдар сүртэйгээр ирнэ гэдгийг түүний хувирч өөрчлөгдсөн нь бэлхнээ баталдаг. Тун удахгүй Есүс алдраа дуурсгасаар ирэх бөгөөд тэр цагт энэ нь үл итгэгчдийн хувьд мөхөл, харин итгэгчдийн хувьд ивээл байх юм (2 Тэсалоник 1:6–10). Библийн зөгнөлүүд биелж буй нь «сүүлчийн өдрүүдэд» амьдарч байгааг маань нотолдог (2 Тимот 3:1–5, 16, 17; Матай 24:3–14). Еховагийн оноосон ялыг тэргүүлэн Гүйцэтгэгчийн хувьд Михаел буюу Есүс Христ «агуу их гамшгийн» үеэр эд юмсын энэ муу тогтолцоог төгсгөл болгоход бэлэн байна (Матай 24:21; Даниел 12:1). Ийм учраас чухам одоо л Бурхны зөгнөлийн үгэнд итгэдэг гэдгээ үйл хэргээрээ харуулах тэр цаг нь мөн юм.

Бурхны зөгнөлийн үгэнд итгэх итгэлээ хадгалагтун

13. Бурхныг хайрлах хайр болон түүний үгэнд итгэх итгэлээ хадгалахад маань юу тусалж болох вэ?

13 Бурхны зөгнөлийн үг хэрхэн биелсэнийг нь анх сонсчихоод баярлан хөөрсөн маань мэдээж. Харин тэр цагаас хойш итгэл маань суларч, хайр маань хөрсөн болов уу? Бид хэзээ ч «анхны хайраа умартсан» Эфэсийн христосын шашинтнууд шиг болох ёсгүй (Илчлэлт 2:1–4). Хэрэв бид эд баялгийг тэнгэрт хурааж, «эхлээд Бурхны хаанчлал болон түүний зөвийг» хайхгүй бол Еховад хир удаан үйлчилж байгаагаас үл хамааран энэ хайраа алдаж болно (Матай 6:19–21, 31–33). Библийг хичээнгүй судалж, христосын шашны цуглаануудад тогтмол оролцож, Хаанчлалын тухай идэвхтэй дэлгэрүүлснээр Ехова, түүний Хүү, Бичээс 3-ыг хайрлах хайраа хадгалж чадна (Дуулал 119:105; Марк 13:10; Еврей 10:24, 25). Харин энэ хайр Бурхны үгэнд итгэх итгэлээ хадгалахад маань бидэнд тусална (Дуулал 106:12).

14. Христийн тослогдсон дагалдагчид Еховагийн зөгнөлийн үгэнд итгэлтэй байсныхаа төлөө хэрхэн шагнагдсан бэ?

14 Бурхны зөгнөлийн үг урьд цагт биелж байсан болохоор ирээдүйн талаар юу гэж урьдчилан хэлж байгаад нь ч итгэж болно. Жишээ нь: Өнөөдөр Христ хааны эрх мэдэлд залран байгаа нь бодит үнэн бөгөөд үхэн үхтлээ үнэнч байсан Христийн тослогдсон дагалдагчид: «Ялагч түүнд, Би Бурхны диваажинд буй амийн модноос идүүлэхээр өгнө» хэмээн зөгнөн хэлсэн амлалт биелэхийг биеэрээ үзсэн (Илчлэлт 2:7, 10; 1 Тэсалоник 4:14–17). Есүс эдгээр ялагчдад тэнгэр дэх «Бурхны диваажинд буй» «амийн модноос» идэх боломж олгосон. Тэд дахин амилах үедээ «Үеүдийн Хаан, мөнх орших, үл үзэгдэх цорын ганц Бурхан» Еховагийн өгөх үхэлгүй мөнх, үл муудах байдлыг Есүс Христээр дамжуулан хүлээж авдаг (1 Тимот 1:17; 1 Коринт 15:50–54; 2 Тимот 1:10). Тэд Бурхныг мөнхөд хайрлаж, түүний зөгнөлийн үгэнд гуйвалтгүй итгэж байсныхаа төлөө ямар агуу шагнал хүртэнэ вэ!

15. «Шинэ газрын» үндэс суурь нь хэн болсон бэ? Хэн тэдний хамтрагчид вэ?

15 Нас барсан тослогдогсдыг тэнгэр дэх «Бурхны диваажинд» амилсны дараахан сүнслэг Израилиас дэлхий дээр үлдсэн үлдэгдэл хуурамч шашны дэлхийн гүрэн «Агуу их Бабилоноос» чөлөөлөгдсөн (Илчлэлт 14:8; Галат 6:16). Тэд «шинэ газрын» үндэс суурь нь болсон (Илчлэлт 21:1). «Газар» бий болсон бөгөөд энэ нь өнөөдөр дэлхий даяар дэвжин дэлгэрч байгаа сүнслэг диваажин болж өөрчлөгдсөн (Исаиа 66:8). Одоо, «сүүлчийн өдрүүдэд» сүнслэг Израилийн хамтрагчид болох хоньтой төстэй үй олон хүн тэр газар уруу цутгаж байна (Исаиа 2:2–4; Зехариа 8:23; Иохан 10:16; Илчлэлт 7:9).

Бурхны зөгнөлийн үгэнд хүн төрөлхтний ирээдүйг урьдчилан хэлсэн

16. Тослогдогсдыг үнэнч шударгаар дэмждэг хүмүүс ямар найдвартай вэ?

16 Тослогдогсдыг үнэнч шударгаар дэмждэг хүмүүс ямар найдвартай вэ? Тэд ч бас Бурхны зөгнөлийн үгэнд итгэдэг бөгөөд тэдний найдвар нь Диваажин дэлхийд амьдрах юм (Лүүк 23:39–43). Тэнд тэд амьдрал тэтгэх «амийн усны голоос» ууж, голын хоёр талаар ургуулсан «модны навчсын» ачаар илаарших болно (Илчлэлт 22:1, 2). Хэрэв та ч мөн тийм сайхан найдвартай бол Еховаг хайрлах хайр болон түүний үгэнд итгэх итгэлээ үйл хэргээрээ батлан, цаашид ч үргэлжлүүлээрэй. Диваажин дэлхийд мөнх амьдран жаргаж, хязгааргүй их баяр баясгаланг эдлэх тэдгээр хүмүүсийн дунд та ч бас байх болтугай.

17. Диваажин дэлхийд амьдрах хүмүүс ямар ивээлийг хүртэх вэ?

17 Төгс бус хүмүүс өөрсдийгөө Диваажин дэлхийд байгаагаар төсөөлөхөд бэрх ч, тэнд дуулгавартай хүмүүсийг хүлээн байгаа тэдгээр ивээлийг харах боломжийг Бурхны зөгнөлийн үг бидэнд олгодог. Бурхны Хаанчлал саадгүй удирдаж, Бурхны хүсэл тэнгэрт шигээ газарт биелэх тэр үед аюултай харгис хүмүүс ч, амьтад ч «хорлох ч үгүй, нураах ч үгүй» (Исаиа 11:9; Матай 6:9, 10). Номхон даруу хүмүүс дэлхийд оршин сууж, «элбэг баян, энх амгалангаар баярлана» (Дуулал 37:11). «Уулсын оргил дээрх газарт ч будаа тариа элбэг дэлбэг байх» тул өлсгөлөн хүмүүс байхгүй болно (Дуулал 72:16). Дахин хэзээ ч гашуудлын нулимс асгарахгүй. Өвчин нэгэнт өнгөрөн одож, үхэл ч үгүй болно (Исаиа 33:24; Илчлэлт 21:4). Амьдралыг эмч, эм, эмнэлэг, сэтгэл мэдрэлийн эмнэлэг, оршуулгын газаргүйгээр төсөөлөөд үз дээ. Юутай жаргалтай ирээдүй вэ!

18. а) Даниелд ямар амлалт өгсөн бэ? б) Даниелийн «хувь заяа» ямар байх вэ?

18 Түүгээр ч зогсохгүй, хүн төрөлхтний нийтийн булш хоосорно. Учир нь үхэл дахин амилалтаар солигдох юм. Зөв хүн Иоб тийм найдвартай байсан (Иоб 14:14, 15). Мөн зөнч Даниелд ч тийм найдвар байсан. Еховагийн тэнгэрэлч түүнд: «Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгээд чи амран, үеийн эцэст босож хувиа хүртэнэ» хэмээн сэтгэлийг нь тайтгаруулсан амлалт өгчээ (Даниел 12:13). Даниел амьдралынхаа эцэс хүртэл Бурханд үнэнчээр үйлчилсэн билээ. Одоо тэр үхлийн нойроор унтаж байгаа ч гэсэн Христийн Мянганжилийн засаглалын үед «зөв хүмүүсийн амилалтад» босох болно (Лүүк 14:14). Даниелийг ямар «хувь заяа» хүлээнэ вэ? Езекиелийн зөгнөл Диваажинд биелэх тэр үед Еховагийн бүх үйлчлэгчид газартай болно гэж найдах хэрэгтэй. Газар ч шударга бөгөөд эмх цэгцтэй хуваарилагдана (Езекиел 47:13–48:35). Тийм учраас Даниел Диваажинд газартай байна. Гэхдээ түүний хувь заяа зөвхөн газар авснаар хязгаарлагдахгүй. Еховагийн санаанд Даниелд газар олгогдох болно.

19. Диваажин дэлхийд амьдрахад юу шаардлагатай вэ?

19 Таны талаар болон таны хувь заяаны талаар юу хэлж болох вэ? Хэрэв та Бурхны Үг Библид итгэдэг бол юуны түрүүнд Диваажин дэлхийд амьдрахыг бүх зүрх сэтгэлээрээ хүсэж байгаа. Магадгүй та тэнд энэ олон ивээлийг эдлэн баясаж, газар дэлхийг арчлан, нас барагсдыг баяр хөөртэйгөөр угтан авч байгаагаар төсөөлөн байгаа байх. Энэ бол мэдээж хэрэг. Диваажин гэдэг чинь хүмүүсийн төрсөн гэр орон нь шүү дээ. Бурхан анхны хүмүүн хосыг тийм л газарт амьдруулахаар бүтээсэн билээ (Эхлэл 2:7–9). Тэрбээр дуулгавартай хүмүүсийг Диваажинд мөнх амьдруулахыг хүсдэг. Эцсийн дүнд Диваажин дэлхийд аж төрөх сая сая хүний дунд байхын тулд Бичээсийн дагуу явахыг хүсэж байна уу, та? Хэрэв бидний тэнгэрийн Эцэг Еховад жинхэнээсээ хайртай, тэгээд бас Бурхны зөгнөлийн үгэнд хатуу итгэдэг бол энэ нь боломжтой.

Та юу гэж хариулахсан бол?

• Анхны зөгнөл юу гэж байдаг вэ? Амласан Үр хэн байсан бэ?

• Есүс дээр биелсэн Мэссиагийн зөгнөлийн жишээнүүдээс дурдана уу?

Даниел 2:44, 45-ын үгс хэрхэн биелж байна вэ?

• Бурхны зөгнөлийн үгэнд дуулгавартай хүмүүст зориулсан ямар ирээдүй харагдана вэ?

[Догол мөрийн асуулт]