Skip to content

Гарчиг руу орох

Бурхны сургаалыг чанд баримтлагтун

Бурхны сургаалыг чанд баримтлагтун

Бурхны сургаалыг чанд баримтлагтун

«Өөрийн ухаан бодолд бүү түшиглэ! Бүх зүрхээрээ Эзэнд [«Еховад», ШЕ] итгэ. Түүнийг үргэлж таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» (СУРГААЛТ ҮГС 3:5, 6).

1. Өнөөдөр бид урьд хожид байгаагүйгээр хүний мэдлэгийн нөлөөнд автаж байгаагийн учир юу вэ?

 ОДООГИЙН байдлаар дэлхийн хэмжээнд өдөр тутмын 9 000 орчим сонин гардаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жил бүр 200 000 шинэ ном хэвлэдэг байна. Нэг тооцоогоор, 1998 оны гуравдугаар сард Интернэтэд 275 сая орчим Web хуудас байжээ. Энэ тоо сар бүр 20 саяар өсөж байна гэж ярьдаг. Хүмүүс аль ч сэдвийн дагуу хүссэн мэдээллээ хүлээн авах бололцоо урьд өмнө байгаагүйгээр нээлттэй болжээ. Энэ нь эерэг сайн талтай боловч, тийм их мэдээлэл нь хүндрэд бэрхшээл учруулж байна.

2. Мэдээллийг хэт ихээр хүлээн авах нь ямар бэрхшээлийг үүсгэдэг вэ?

2 Зарим хүн мэдээллийг шүтэн бишрэгч болж, орчин үеийн мэдээллээс хоцрохгүй юмсан гэсэн хүсэлдээ автсанаасаа болоод илүү чухал зүйлийг орхигдуулдаг. Нөгөө зарим нь мэдлэгийн нарийн хэцүү салбаруудын талаар бүрэн бус мэдээлэлтэй болмогц өөрсдийгөө их мэдэгч болгон тооцдог. Тийм хүмүүс бүрэн дүүрэн мэдэгдэхүүнгүй байж чухал шийдвэр гаргаж, өөртөө болон бусдад түвэг учруулж болох юм. Түүнээс гадна өнөөдөр хүмүүст худлаа юм уу буруу мэдээллийн нөлөөнд автах аюул байнга нүүрлэдэг болжээ. Өнөөдрийн мэдээллийн үерийн бодитой бөгөөд магадтайг найдвартайгаар шалган тогтоох боломж тэр бүр байдаггүй.

3. Хүний мэргэн ухааныг баримтлах талаар ямар сануулга Библид байдаг вэ?

3 Сониуч зан бол хүний төрөлхийн чанар юм. Гэвч ашиггүй, хор хөнөөлтэй мэдээллээр хөөцөлдөн цагийг үрэх нь аюултай гэдгийг Соломон хааны үед ч тэмдэглэж байжээ. Тэрбээр: «Олон ном бичиж туурвихад эцэс төгсгөл үгүй бөгөөд тэдгээрт ихэд дурлах нь биед алжаалтай гэдгийг санагтун» гэжээ (Номлогчийн үгс 12:12, ШЕ). Үүнээс хэдэн зууны дараа элч Паул Тимотод хандан: «Тимот минь, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд „мэдлэг“ гэж хуурамчаар нэрлэгдсэн үхшмэл номлолын эсэргүүцлээс зайлсхий. Үүнээс болж зарим хүмүүс итгэлийн хувьд зорьсондоо хүрсэнгүй» гэж бичжээ (1 Тимот 6:20, 21). Тийм ээ, өнөөдөр христосын шашинтнууд хор хөнөөлтэй санаа бодолд автахаас зайлсхийх хэрэгтэй.

4. Еховад болон түүний сургаалд итгэдгээ харуулах нэг арга юу вэ?

4 Түүнээс гадна Еховагийн ард түмэн Сургаалт үгс 3:5, 6-н: «Өөрийн ухаан бодолд бүү түшиглэ! Бүх зүрхээрээ Эзэнд [«Еховад», ШЕ] итгэ. Түүнийг үргэлж таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэсэн сануулгыг сайн анхаардаг. Еховад итгэнэ гэдэг бол Бурхны Үгтэй зөрчилддөг ямар ч бодол санаанаас татгалзана гэсэн үг. Тэгэхдээ тийм санаа бидэнд өөрсдөд маань төрж үү, найз нөхдөд маань төрж үү гэдэг нь чухал биш юм. Сүнслэг байдлаа хамгаалахын тулд хэрсүү чанараа хөгжүүлэх нь амин чухал бөгөөд ингэснээр бид хор хөнөөлтэй мэдээллийг таньж, түүнээс зайлсхийж чадна (Еврей 5:14). Иймэрхүү мэдээллийн зарим нэг эх сурвалжийг авч үзэцгээе.

Сатаны ноёрхол дахь дэлхий

5. Хор хөнөөлтэй бодол санааны нэг эх булаг нь юу вэ? Үүний цаана хэн байдаг вэ?

5 Хүний дэлхий хор хөнөөлтэй бодол санааны оргилох булаг юм (1 Коринт 3:19). Есүс Христ дагалдагч нарынхаа талаар Бурханд хандан: «Би Таныг тэднийг дэлхийгээс аваач гээгүй, харин тэднийг муугаас [«муу нэгнээс», МАБ] хамгаалаач гэж гуйж байна» гэж залбирчээ (Иохан 17:15). Есүс дагалдагчдаа «муу нэгнээс хамгаалаач» гэж гуйсан нь Сатан дэлхийд нөлөөлдгийг харуулжээ. Христосын шашинтан болсноор бид энэ дэлхийн муу нөлөөнөөс бүрмөсөн хамгаалагдлаа гэсэн үг биш юм. Иохан: «Бид Бурхных мөн гэдгийг, харин бүх дэлхий бузарлагчийн дотор [«муу нэгний эрхэнд», МАБ] байдгийг мэднэ» хэмээн бичжээ (1 Иохан 5:19). Ялангуяа, сүүлчийн өдрүүдийн энэхүү эцсийн үе шатанд Сатан болон түүний албид дэлхийд хортой мэдээллийн үер буулгахаар хичээх болно гэдгийг ойлгох нь зүйтэй.

6. Зугаа цэнгэлийн ертөнц хүнийг садар самуун явдалд хэрхэн дасгадаг вэ?

6 Энэ хор хөнөөл бүхий мэдээллийн зарим нь хор хөнөөлгүй мэт санагдах талтай гэдгийг анхаарах хэрэгтэй (2 Коринт 11:14). Телешоу, кино, хөгжим болон ном хэвлэлээр дамжуулдаг зугаа цэнгэлийн ертөнцийг жишээ болгон авч үзье. Зугаа цэнгэлийн зарим хэлбэр садар самуун, хүчирхийлэл, мансууруулах бодист донтох гэх мэтийн ёс бус явдлыг сурталчлах нь улам их болж байна гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Зугаа цэнгэлийн урьд хожид тааралдаж байгаагүй жигшүүртэй хэлбэртэй анх учирсан хүмүүс цочирдон гайхдаг. Гэвч тэд тиймэрхүү юмыг байнга харж сонссоор байгаад дасаж орхидог. Хортой бодол санааг сурталчилдаг зугаа цэнгэлийг зөв зүйтэй, гэм хоргүй гэж үзэж хэзээ ч болохгүй (Дуулал 119:37).

7. Хүний ямар мэргэн ухаан Библид итгэх итгэлийг маань бусниулж болох вэ?

7 Одоо эчнээ аюултай мэдээллийн өөр нэг эх сурвалжид анхаарлаа хандуулъя. Энэ бол Библийн үнэн магадтайд эргэлзээ төрүүлдэг, эрдэмтдийн тоо томшгүй олон үзэл бодол юм (Иакоов 3:15-тай харьцуулна уу). Энэ мэт материалууд нь нэр хүндтэй сэтгүүл номд байнга хэвлэгдэн гардаг бөгөөд энэ нь Библид итгэх итгэлийг маань бусниулж болно. Зарим хүн эцэс төгсгөлгүй хийсвэр бодлоороо Бурхны Үгийн нэр хүндийг няцааснаараа бардамнадаг. Үүнтэй адил аюул Есүсийн элчүүдийн үед ч гэсэн байсан нь элч Паулын үгнээс илэрхий харагддаг. Тэрээр: «Та нарыг хэн нэг нь Христийн дагуу биш дэлхийн дадсан байдлуудын ба хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзолж магадгүй тул сэрэмжлэгтүн» гэжээ (Колоссай 2:8).

Үнэний дайснууд

8, 9. Бидний цаг үед дэрслэгчид хэрхэн илэрдэг вэ?

8 Бидний сүнслэг байдалд аюул учруулах бас нэг зүйл бол тэрслэгчид юм. Өөрсдийгөө Христийн дагалдагчид гэж нэрлэсэн хүмүүсийн дундаас тэрслэгчид гарч ирнэ гэдгийг элч Паул зөгнөн хэлжээ (Үйлс 20:29, 30; 2 Тэсалоник 2:3). Есүсийн элч нарыг нас барсны дараа түүний үг биелэлээ олж, өнөөгийн «Христосын шашинтны ертөнцийг» үүсгэхэд хүргэсэн их тэрслэгчид бий болсон. Өнөөдөр Бурхны ард түмний дунд өргөн хүрээтэй тэрслэгчид хараахан үгүй байна. Гэсэн ч зарим нэг хүмүүс бидний эгнээг орхин оддог бөгөөд тэдний хэн нэг нь Еховагийн Гэрчүүдийн нэр төрийг гутаах зорилгоор худал хуурмаг юм уу ташаа мэдээллийг тараадаг. Тэдгээрээс зарим нь цэвэр шүтлэгийг эсэргүүцдэг бүлэг хүмүүстэй ч нэгддэг байна. Ингэснээрээ эдгээр хүмүүс хамгийн анхны тэрслэгч болох Сатаны талынхан болдог.

9 Зарим нэг тэрслэгчид Еховагийн Гэрчүүдийн тухай буруу мэдээлэл тараахын тулд олон нийтийн харилцааны хэрэгслүүдийг тэр дундаа Интернэтийг ихээр ашиглах болжээ. Үүний уршиг нь гэвэл бидний итгэл үнэмшлийг мэдэх гэсэн чин сэтгэлтэй хүмүүс тэрслэгчдийн суртал ухуулгад өртдөг. Тэр ч байтугай, зарим Гэрчүүд хүртэл өөрсдөө мэдэлгүйгээр тийм хөнөөлт мэдээлэлд өртсөн байна. Үүнээс гадна, тэрслэгчид заримдаа телевизийн болон радио нэвтрүүлэгт оролцдог. Энэ бүхнийг харгалзан, биеэ яаж авч явбал дээр вэ?

10. Тэрслэгчдийн суртал ухуулгад яаж хандвал зөв бэ?

10 Элч Иохан тэрслэгчдийг гэр орондоо хүлээн авахгүй байхыг христосын шашинтнуудад тушаажээ. Тэрээр: «Хэрэв хэн нэг нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол түүнийг гэртээ бүү оруул. Амар мэндийг нь ч бүү эр. Амар мэндийг эрэгч нь түүний бузар үйлсэд оролцуж буй хэрэг» гэж бичжээ (2 Иохан 10, 11). Үнэнийг эсэргүүцэгч тэдгээр хүмүүстэй ямар нэг холбоотой байхаас зайлсхийснээр бид тэдний гаж бодол санаанаас өөрсдийгөө хамгаална. Харилцаа холбооны орчин үеийн хэрэгслээр дамжуулан тэрслэгчдийн үзэл бодлын нөлөөнд автах нь тэрслэгчдийг гэртээ хүлээн авснаас ч багагүй аюултай. Биднийг тэрслэгчдийн хөнөөлт зам уруу татан оруулахыг сониуч занд зөвшөөрч үл болно! (Сургаалт үгс 22:3).

Хуралд

11, 12. а) I зууны үеийн хуралд бий болсон хорон санааны эх сурвалж нь юу байсан бэ? б) Зарим христосын шашинтнууд Бурхны сургаалыг чанд сахих тал дээр яаж хангалтгүй байсан бэ?

11 Хорт санааных байж болох өөр нэгэн эх үүсвэрийг авч үзье. Үнэнч христосын шашинтан хүн худал хуурмагийг заах санаагүй боловч бодлогогүй ярьдаг зуршилтай болчихож болдог (Сургаалт үгс 12:18). Бид бүгдээрээ төрөлх чанараасаа болоод заримдаа ам хэлээрээ нүгэл үйлддэг билээ (Сургаалт үгс 10:19; Иакоов 3:8). Элч Паулын үед хуралд ам хэлээ хянаж чадаагүй хүмүүс байсан бөгөөд энэ нь тэднийг арцалдаанд хүргэсэн болох нь илт (1 Тимот 2:8, ШГ). Өөрийн бодлыг дэндүү чухалд тооцож, түүгээр үл барам, Паулын эрх мэдэлд эргэлзсэн хүмүүс ч байжээ (2 Коринт 10:10–12). Тийм сэтгэлгээ нь хэнд ч хэрэггүй зөрчилдөөнд хүргэдэг байв.

12 Ийм зөрөлдөөн заримдаа хурлын амгалан тайван байдлыг алдагдуулан, «тасралтгүй маргаан» болж хурцаддаг байсан (1 Тимот 6:5; Галат 5:15). Паул тийм маргааны шалтгааныг: «Хэрэв хэн нэг нь бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба сүсэгт байдалд тохирох сургаалыг үл хайхарч, өөр сургаал заавал, тэр нь биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин асуулт асуух, үгийн тухай маргаан хийх талаар түүнд өвчин халдсан аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, муучлал ба бузар хардалт [гардаг байна]» хэмээн бичжээ (1 Тимот 6:3, 4).

13. I зууны үед ихэнх христосын шашинтан биеэ хэрхэн авч явж байсан бэ?

13 Азаар элч нарын үед ихэнх христосын шашинтан үнэнч байдлаа хадгалан үлдэж, Бурхны Хаанчлалын сайн мэдээ дэлгэрүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байсан байна. Тэд «зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдэд» их цаг, хүч гарган санаа тавьж, хоосон маргаанд цагаа дэмий үрэлгүй «бузарлагдахгүйгээр дэлхийгээс өөрийгөө хамгаалж» байжээ (Иакоов 1:27). Сүнслэг байдлаа хамгаалахын тулд хурлын доторх «муу нөхөрлөлөөс» хүртэл зайлсхийж байв (1 Коринт 15:33; 2 Тимот 2:20, 21).

14. Хэрэв бид болгоомжгүй байвал бодол санаагаа хэвийн байдлаар хуваалцах яриа хөөрөө яаж гайтай хэрүүл болон хурцдаж болох вэ?

14 11-р доголд дүрслэн бичсэн нөхцөл байдал Еховагийн Гэрчүүдийн өнөөгийн хуралд ч бас нийтлэг биш юм. Гэхдээ тийм хоосон маргаан үүсэж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж, Библийн мэдээллийг шүүн хэлэлцэх юм уу эс бөгөөс амласан шинэ ертөнцийн хараахан илчлэгдээгүй байгаа төрх байдлыг сонирхох нь хэвийн үзэгдэл. Мөн хувцас хунар, гадаад байдал юм уу зугаа цэнгэл сонгох мэтийн хувийн шалтгаанаар санаагаа өөрчлөх нь огтхон ч буруу биш. Харин бид өөрийнхөөрөө зүтгэж, бусад хүн бидэнтэй санал нийлэхгүй байхад гомдоод байвал шалихгүй асуудлаас болж хуралд хагарал үүсгэж болно. Тийнхүү гэм хоргүй бяцхан яриа хор хөнөөлтэй болж болдог байна.

Бид хариуцсан зүйлээ хамгаалдаг

15. «Албины сургаал» ямар хэмжээгээр бидэнд сүнслэг хор хүргэж болох вэ? Бичээст ямар зөвлөгөө байдаг вэ?

15 Элч Паул: «Эдүгээ Сүнс илт хэлдэг. Хожмын цагт зарим нь итгэлээсээ хагацаж, албины сургаалд болон мэхлэгч сүнснүүдэд үйлчилнэ» хэмээн анхааруулсан байдаг (1 Тимот 4:1). Тийм ээ, хорон санаа нь бодит аюул учруулдаг. Паул: «Тимот минь, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд „мэдлэг“ гэж хуурамчаар нэрлэгдсэн үхшмэл номлолын эсэргүүцлээс зайлсхий. Үүнээс болож зарим хүмүүс итгэлийн хувьд зорьсондоо хүрсэнгүй» хэмээн дотнын нөхөр Тимотоосоо гуйсны учир ойлгомжтой (1 Тимот 6:20, 21).

16, 17. Бурхан бидэнд юуг хариуцуулсан бэ? Үүнийгээ бид яаж хамгаалах ёстой вэ?

16 Хайрын үүднээс сануулсан энэхүү сануулга өнөөдөр бидэнд яаж тус болох вэ? Тимотод халамжлан хамгаалах үнэ цэнтэй нэг зүйлийг хариуцуулсан байсан. Энэ юу байсан бэ? Паул: «Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүс дотор буй итгэл ба хайр дотор байлга. Бидний дотор оршигч Ариун Сүнсээр чамд хариуцуулсан сайныг хамгаал» гэж тайлбарлажээ (2 Тимот 1:13, 14). Тийм ээ, Тимотод хариуцуулсан зүйлд «эрүүл үгс», «сүсэгт байдалд тохирох сургаал» орсон (1 Тимот 6:3). Энэ үгийн дагуу өнөөгийн христосын шашинтнууд итгэлээ болон өөрсдөд нь хариуцуулсан жинхэнэ сургаалыг хамгаалахаар хатуу шийдсэн байдаг.

17 Бидэнд хариуцуулсныг хамгаалахын тулд Библийг сайтар судлах зуршилтай болох, мөн «бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг хийх», байнга залбирч байх хэрэгтэй (Галат 6:10; Ром 12:11–17). Паул цааш нь: «Зөв байдал, сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба даруу занг эрхэмлэ. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан байсан бөгөөд үүний төлөө олон гэрчлэгчдийн өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн хэлсэн» гэж сануулсан буй (1 Тимот 6:11, 12). Паулын хэрэглэсэн «итгэлийн сайн тэмцлээр тэмц», «барьж ав» зэрэг үг нь сүнслэг байдалд маань нөлөөлдөг хорт нөлөөтэй идэвхтэй бөгөөд шийдэмгий тэмцэх ёстой гэдгийг харуулж байна.

Ухаалаг байх шаардлага

18. Христосын шашинтнууд энэ дэлхийн мэдээлэлд хэрхэн тэнцвэртэй ханддаг вэ?

18 «Итгэлийн сайн тэмцлээр тэмцэхийн» тулд бид ухаалаг байх шаардлагатай (Сургаалт үгс 2:11; Филиппой 1:9, МАБ). Жишээ нь: Энэ дэлхийн бүх мэдээлэлд үл итгэх нь ухаалаг бус байхсан (Филиппой 4:5, ШЕ; Иакоов 3:17, ШЕ). Хүний бүх санаа Бурхны Үгтэй зөрчилддөггүй. Өвчтэй хүмүүст мэргэшсэн эмч хэрэгтэй байдгийг Есүс дурдсан (Лүүк 5:31). Тэр үеийн эмчилгээний арга харьцангуй болхи байсан ч, эмчийн тусламж ямар нэг хэмжээгээр ач тустай гэдгийг Есүс хүлээн зөвшөөрсөн байдаг. Орчин үеийн христосын шашинтнууд энэ дэлхийн мэдээлэлд мөн тэгж тэнцвэртэй ханддаг боловч сүнслэг байдалд нь хортойгоор нөлөөлөх мэдээллээс зайлсхийдэг.

19, 20. а) Бодлогогүй ярьдаг хүмүүст туслах үед ахлагч нарын ухаалаг байдал юугаар илэрдэг вэ? б) Хуурамч сургаалыг дэмжин өөрийнхөөрөө зүтгээд байгаа хүмүүст хурал ямар арга хэмжээ авдаг вэ?

19 Мөн бодлогогүй ярьдаг хүмүүст тусламж зайлшгүй шаардлагатай гэдгийг ахлагч нар ухаалаг байх нь маш чухал (2 Тимот 2:7). Заримдаа ялихгүй юмнаас ч юм уу баттай бус таамаглалаас үүссэн маргаанд хурлын гишүүд оролцчихдог. Ахлагч нар хурлын эв нэгдлийг хамгаалахын тулд тиймэрхүү асуудалд түргэн шуурхай хандах хэрэгтэй. Харин тэр үед ч гэсэн тэд ах дүү нараа ул үндэсгүйгээр зэмлэхээс зайлсхийдэг бөгөөд урван тэрслэгч мэт үзэх гэж яардаггүй.

20 Ямар сэтгэлгээнд тусламж үзүүлэх ёстойг Паул тодорхойлон хэлсэн. Тэр: «Ах дүүс минь, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг даруу байдлын сүнс дотор засагтун» гэж бичжээ (Галат 6:1). «Эргэлзсэн нэгэнд энэрэнгүй байж, тэднийг галаас суга татан авар» хэмээн эргэлзэх сэтгэлтэйгээ тэмцэж байсан хүмүүсийн талаар Иүда бичсэн юм (Иүда 22, 23). Хэрэв олон удаа сануулсаар байтал тухайн хүн хуурамч сургаалыг дэмжин өөрийнхөөрөө зүтгээд байвал ахлагч нар хурлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа шийдвэртэй явуулах хэрэгтэй (1 Тимот 1:20; Тит 3:10, 11).

«Магтагдваас зохистой юмаар» оюун ухаанаа дүүргэх нь

21, 22. Бид юуг сонгох хэрэгтэй вэ? Оюун ухаанаа юугаар дүүргэх хэрэгтэй вэ?

21 Еховагийн Гэрчүүдийн хурлын гишүүд «халдвар» мэт тархдаг хор хөнөөлт үгнээс зайлсхийдэг (2 Тимот 2:16, 17; Тит 3:9). Энэ бол төөрөгдүүлэгч энэ дэлхийн «мэргэн ухааныг» тусгасан үг, мөн тэрслэгчдийн суртал нэвтрүүлэг эсвэл хурал доторх бодлогогүй яриатай холбоотой. Шинийг сурах гэсэн эрүүл хүсэл ашиг тустай ч хэтэрхий сониуч зангаасаа болоод бид хорт санаанд өртөж болно. Бидэнд Сатаны «хөнөөх санаа» тодорхой билээ (2 Коринт 2:11). Сатан, Бурханд үйлчлэх үйлчлэлээс маань аажим аажмаар сарниулах гэж асар их хичээдгийг бид мэднэ.

22 Бурхны сургаалыг «сайн үйлчлэгч» адил чанд сахицгаая (1 Тимот 4:6). Ямар мэдээллийг шингээж авах вэ гэдэгтээ сонголт хийж, цагийг үнэлцгээе. Тэгвэл бид Сатаны өдөөн хатгасан суртал нэвтрүүлэгт амар автахгүй. «Юу нь үнэн, юу нь шударга, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай юм, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтагдваас зохистой ямар нэгэн юм байгаа бол» энэ бүхний талаар цаашид ч эргэцүүлэн бодоцгооё. Хэрэв бид энэ бүхнээр оюун ухаан, зүрх сэтгэлээ дүүргэвэл «амар тайвны Бурхан бидэнтэй байх болно» (Филиппой 4:8, 9).

Бид юу мэдсэн бэ?

• Бидний сүнслэг байдалд хүний мэргэн ухаан ямар янзаар аюул занал учруулж болох вэ??

• Тэрслэгчдийн хөнөөлт мэдээллээс бид өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох вэ?

• Хурал дотор ямар ярианаас зайлсхийх шаардлагатай вэ?

• Еховагийн Гэрчүүд өнөөгийн тоо томшгүй их мэдээлэлд яаж тэнцвэртэй ханддаг вэ?

[Догол мөрийн асуулт]