Сүнсний юу хэлэхийг сонсогтун
Сүнсний юу хэлэхийг сонсогтун
«Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, „Энэ бол зам. Үүгээрээ алхагтун“ гэсэн дууг та нарын чих сонсоно» (ИСАИА 30:21).
1, 2. Ехова хүмүүстэй хэрхэн харьцдаг байсан бэ?
ПУЭРТО-РИКО арал дээр дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн мэдрэмтгий парабол хэлбэрийн нэг антеннтай радиотелескоп байдаг. Эрдэмтэд энэ нүсэр төхөөрөмжийн тусламжтайгаар харь гаригийн ямар нэг дохиог хүлээн авах болов уу гэж хэдэн арван жилийн турш горьдсоор байгаа билээ. Гэвч одоог хүртэл ямар ч дохио хүлээж авсангүй. Энэ нь хачирхалтай боловч бидний хэн маань ч дуртай цагтаа дэлхийн бөмбөрцгийн гаднаас ирэх мэдээллийг элдвийн төхөөрөмжгүйгээр хүлээн авах бүрэн боломжтой. Энэ мэдээллийн Эх булаг нь хүний төсөөлөн боддог харь гаригийн ямар ч хүнээс хавьгүй илүү юм. Чухам хэн Эх булаг нь вэ? Түүний илгээх мэдээллийг хэн хүлээж авдаг вэ? Мэдээлэл нь юун тухай байдаг бол оо?
2 Бурхны дамжуулсан мэдээг хүмүүс сонсч байсан тухай хэд хэд тохиолдлыг Библид дүрслэн бичсэн байдаг. Заримдаа тэдгээр мэдээллийг Бурхны элч болж үйлчилдэг сүнсэн бүтээлүүд дамжуулж байжээ (Эхлэл 22:11, 15; Зехариа 4:4, 5; Лүүк 1:26–28). Ехова Бурхны өөрийнх нь дуу хоолой гурвантаа сонсогдсон (Матай 3:17; 17:5; Иохан 12:28, 29). Бурхан хүмүүсээр дамжуулан ярьдаг байсан бөгөөд тэднээс олон хүн түүний санааг бичжээ. Харин өнөөдөр бидэнд Библи байдаг бөгөөд түүнд тийм олон мэдээлэл байдгийн сацуугаар Есүс Христ болон дагалдагчдынх нь сургаал багтсан байдаг (Еврей 1:1, 2). Ехова хүмүүст тодорхой мэдээлэл үнэхээр дамжуулсан юм шүү.
3. Бурхнаас ирдэг мэдээ нь ямар зорилготой вэ? Бид яавал зохих вэ?
3 Бурхны онгод оруулан илгээсэн эдгээр бүх захидалд бодит орчлонт ертөнцийн тухай мэдээлсэн нь багагүй. Мөн эдгээр захидалд бидний амь болон ирээдүйтэй холбоотой чухал асуудлууд тусгагдсан байдаг (Дуулал 19:7–11; 1 Тимот 4:8). Эдгээр захидлын тусламжтайгаар Ехова бидэнд хүсэл тааллаа мэдүүлж, биднийг удирддаг. Бурхнаас өгдөг мэдээллүүд нь: «Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, „Энэ бол зам. Үүгээрээ алхагтун“ гэсэн дууг [«араас маань хэлэх үгийг», ШЕ] та нарын чих сонсоно» хэмээсэн зөнч Исаиагийн хэлсэн үгийг зарим талаар биелүүлсэн (Исаиа 30:21). Ехова бидэнд «үгээ» сонсгох гэж албаддаггүй билээ. Еховагаар удирдуулж, замаар нь явах эсэх асуудал биднээс өөрсдөөс маань л шалтгаална. Учир иймээс Бичээс биднийг Еховагаас ирэх мэдээнд анхаарахыг уриалдаг. Илчлэлт номд «Сүнс юу хэлдгийг сонс» гэж долоон удаа уриалсан байдаг (Илчлэлт 2:7, 11, 17, 29; 3:6, 13, 22).
4. Өнөө цагт Ехова бидэнтэй шууд тэнгэрээс харьцана гэж хүлээх нь ухаалаг мөн үү?
4 Өнөөдөр Ехова бидэнтэй тэнгэрээс шууд ярьдаггүй. Библийн үед хүртэл ер бусын энэхүү харилцаа ховор байсан бөгөөд заримдаа бүр хэдэн зуунд нэг болдог байжээ. Түүхийн явцад Ехова ард түмэнтэйгээ дам харьцах нь элбэг байлаа. Орчин үед ч мөн ялгаагүй юм. Өнөөдөр Ехова ард түмэнтэйгээ хэрхэн харьцдаг гурван аргыг авч үзье.
«Тэр номын бүх үг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг»
5. Бурхан ба хүмүүсийн хоорондын өнөөгийн харилцааны гол хэрэгсэл нь юу вэ? Тэр нь бидэнд хэрхэн тус болж болох вэ?
5 Бурхан ба хүмүүсийн хоорондын харилцааны гол хэрэгсэл нь Библи юм. Библийг Бурхан онгод оруулан бичүүлсэн бөгөөд бүх зүйл нь бидэнд ашиг тустай (2 Тимот 3:16, ШГ). Чөлөөтэй сонгох эрхээ эдлэн, Еховад захирагдах эсэхээ шийдсэн бодит хүмүүсийн олон жишээ Библид байдаг. Эдгээр жишээ нь Бурхны сүнс юу хэлдгийг сонсох нь хичнээн чухал болохыг бидэнд сануулдаг (1 Коринт 10:11). Түүнээс гадна, аливааг сонгох хэрэгтэй болсон цагт чухам яахыг маань хэлж өгдөг амьдралын мэргэн ухааныг Библиэс л олдог. Энэ нь үнэхээр л Бурхан өөрөө бидний араас «Зам энэ байна. Үүгээр явагтун» гэх шиг болдог.
6. Ямар учраас Библи бусад бүх ном зохиолоос илүү вэ?
6 Сүнс Библийн хуудсаар юу гэж хэлдгийг сонсохын тулд бид Библийг өдөр бүр унших ёстой. Библи бол өнөөдөр олон хүнд хүртээмжтэй, зүгээр нэг сайн бичигдчихсэн, нэртэй ном биш ээ. Харин ч, Бурхны сүнсний нөлөөн дор бичигдсэн бөгөөд Бурхны санааг агуулдаг юм. Еврей 4:12-т: «Учир нь Бурхны үг амьд бөгөөд үр нөлөөтэй, хоёр талтай иртэй ямар ч илдээс илүү хурц иртэй бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог. Зүрхний санаархал хийгээд бодлыг шүүх чадвартай юм» гэж буй. Библийг уншихад агуулга нь бидний хамгийн нууц бодол санаанд илд адил «нэвтрэн орж» амьдрал маань Бурхны хүсэл таалалд хэр зэрэг нийцэж байгааг харуулан, хүсэл эрмэлзлийг маань шүүдэг.
7. Библи унших нь ямар учраас туйлын чухал бэ? Түүнийг уншихыг аль хэр уриалдаг вэ?
7 «Зүрхний санаархал хийгээд бодол» нь амьдралд маань тохиох таатай болоод золгүй явдлын улмаас цагийн аясаар өөрчлөгдөж болно. Бурхны үгийг тогтмол судлахгүй бол бидний санаа зорилго, үзэл бодол, мэдрэмж Бурханд таалагддаг зарчимтай зөрчилдөх болно. Иймээс Библи: «Та нар итгэл дотор байгаа юу, үгүй юу гэж биесээ сорьж, биесээ бататгагтун» гэж бидэнд уриалдаг (2 Коринт 13:5, МАБ). Сүнс чухам юу хэлдгийг цаашдаа ч гэсэн сонсохын тулд Бурхны Үгийг өдөр бүр унш гэсэн зөвлөгөөг баримтлах шаардлагатай (Дуулал 1:2).
8. Библийг унших тал дээр өөрийгөө шалгахад маань элч Паулын ямар үг тус болох вэ?
8 Библийг уншчихаад уншсан зүйлээ өөрийн болгон эрэгцүүлэн бодох хангалттай цаг зав гаргах нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Библийг өдөр бүр уншихдаа утга санааг нь ойлгохгүйгээр хэд хэдэн бүлгийг гүйлгэн унших нь буруу гэж зөвлөсөн байдаг. Библийг тогтмол унших нь чухал боловч бидний зорилго бол ямар нэг цагийн хуваарь баримтлах нь гол биш, харин Еховаг болон түүний хүсэл тааллыг мэдэх гэсэн чин сэтгэлийн хүсэлд хөтлөгдөх явдал юм. Өөрийгөө шалгах үүднээс доор дурдсан элч Паулын үгийг авч үзье. Тэрээр: «Иймд Эцэгийн өмнө би сөгддөг. Ингэж Христ итгэлээр та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор суурилан тогтсон байж, бүх ариун хүмүүсийн хамт гүн, өндөр, урт хийгээд өргөн юу болохыг ойлгож, мэдлэгийг давагч Христийн хайрыг мэдсэнээр Бурхны аливаа дүүрнээс дүүрсэн байх болно» хэмээн итгэл нэгт христосын шашинтнуудад бичжээ (Эфэс 3:14, 16–19).
9. Еховагаас сурах хүслээ яаж хөгжүүлж, гүнзгийрүүлж болох вэ?
9 Бидний дотроос хэн нэг нь ном уншихдаа яснаасаа дургүй байхад нөгөө нь номын хорхойтой байх жишээтэй. Гэхдээ дуртай дүргүй эсэхээсээ үл шалтгаалан Еховагаас суралцах хүслээ гүнзгийрүүлэх, хөгжүүлэх чадвар бидэнд бий. Элч Пэтрийн үгээр бол бид Библийн мэдлэгтэй болохыг хэмжээлшгүйгээр хүсэх учиртай. Түүнээс гадна, тийм хүслийг хөгжүүлэх шаардлагатай байж болохыг Пэтр хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр: «Харин авралд өсөхийн тул нялх хүүхэд шиг сүнслэг цэвэр сүүг хүс» гэж бичжээ (1 Пэтр 2:2). Библи судлах «хүслийг» сахилга батгүйгээр бий болгох аргагүй. Ямар нэгэн шинэ хоол хүнсийг хэд хэд амсаж, дасаж байгаад дуртай болдог. Харин уншиж, судлахад дуртай байхын тулд тодорхой дэглэм баримтлан сурах нь илүү чухал ажээ.
«Цагт нь хоол ундыг өгдөг»
10. «Итгэлтэй мэргэн боол» хэнээс тогтдог вэ? Ехова энэ хүмүүсийг өнөөдөр хэрхэн ашигладаг вэ?
10 Есүс Матай 24:45–47-д Ехова бидэнтэй өнөөдөр хэрхэн харьцдагийн бас нэгэн аргыг хэлжээ. Тэрээр тослогдсон христосын шашинтнуудын хурлын тухай буюу «цагт нь хоол ундыг өгдөг итгэлтэй мэргэн боолын» тухай өгүүлжээ. Энэ ангийн гишүүд нь тус тусдаа Христийн «зарц» юм. Тэд «өөр хонинуудын» «үй олон хүний» хамтаар урам зориг ба удирдлага авдаг (Илчлэлт 7:9, Иохан 10:16). Цаг тухайд нь өгөгддөг энэ хоолны ихэнх нь «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон бусад хэвлэлээр дамжин ирдэг. Түүний зэрэгцээгээр сүнслэг хоол хүнс нь мужийн болон дүүргийн чуулганууд дээрх илтгэл, үзүүлбэр мөн хурлын цуглаанаар бидэнд хүрдэг.
11. Сүнс «итгэлтэй мэргэн боолоор» дамжуулан юу хэлдгийг сонсоход бэлэн байдал маань юугаар илрэх вэ?
11 «Итгэлтэй мэргэн боолын» өгдөг мэдээлэл нь бидний итгэлийг бэхжүүлж, сайн мууг ялгах чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэ сургаал нь ерөнхий шинжтэй бөгөөд хувь хүнд энэ нь хэрхэн хамаатай вэ гэдгийг хүн өөрөө шийднэ. Тэрчлэн, бид зан байдлын маань тодорхой хэсгийг хөндсөн сургаалыг хүлээн авдаг. Итгэлтэй боолоор дамжуулан сүнс юу хэлдгийг сонсохыг хүсдэг бол бид ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ? Элч Паул: «Та нарыг тэргүүлэгч хүмүүсийг дагаж, тэдэнд захирагдагтун» гэж үүнд хариу өгч байна (Еврей 13:17). Сургаж заадаг хүмүүс төгс бус гэдэг нь үнэн. Гэвч, Ехова үйлчлэгчид нь төгс бус хүмүүс гэдгийг үл харгалзан, тэдний заримд төгсгөлийн цаг үед биднийг захирах эрхийг дуртайяа олгожээ.
Мөс чанарын удирдлага
12, 13. а) Ехова удирдлагын өөр ямар эх үүсвэрийг бидэнд өгсөн бэ? б) Бурхны Үгийн нарийн зөв мэдлэггүй хүмүүст хүртэл мөс чанар нь яаж эерэгээр нөлөөлдөг вэ?
12 Ехова удирдлагын бас нэгэн эх үүсвэр болох мөс чанарыг бидэнд өгсөн. Тэрбээр хүнийг бүтээхдээ зөв бурууг мэдрэх дотоод мэдрэмж өгчээ. Энэ бол бидний төрөлх чанарын хэсэг юм. Элч Паул ромчуудад бичсэн захидалдаа: «Хэдийд ч харь үндэстнүүд хуульгүй боловч төрөлх байдлаараа хуулийн зүйлүүдийг үйлддэг. Хууль үгүй боловч тэдгээр нь өөрөө өөрсдөдөө хууль юм. Хуулийн үйл тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Үүнийг тэд нэг нэгнээ буруутгахдаа, хамгаалахдаа сэтгэл болон бодол санаагаараа баталдаг юм» гэжээ (Ром 2:14, 15).
13 Еховаг мэддэггүй олон хүн бодол санаа, үйл хэргээ, ямар нэг хэмжээгээр, Бурхны сайн муугийн зарчимд нийцүүлэн явуулж чаддаг байна. Тэд өөрсдийг нь зөв зүгт залагч, дотроос бүдэгхэн дуулдах дуу хоолойг сонссон мэт байдаг. Хэрэв энэ нь Бурхны Үгийн нарийн зөв мэдлэггүй хүмүүст байж болдог юм бол жинхэнэ христосын шашинтан хүний дотор ярих ёстой энэ дуу хоолой яасан чанга байдаг бол оо! Бурхны Үгийн нарийн зөв мэдлэгээр боловсронгуй болгосон, Еховагийн ариун сүнсний удирдлагын дагуу ажилладаг христосын шашинтны мөс чанар нь найдвартай зөвлөгч болж чадах нь лавтай (Ром 9:1).
14. Библиэр хүмүүжсэн мөс маань Еховагийн сүнсний удирдлагыг мөрдөхөд хэрхэн тусалдаг вэ?
14 Библиэр хүмүүжсэн сайн мөс чанар нь сүнсний зааж өгдөг тэр замыг бидэнд сануулна. Бид Библид ч, Библийн ном хэвлэлд ч нарийн тайлбарлаагүй тийм байдалтай учирч болох юм. Харин мөс маань бидэнд аюул осолтой байж болох үйлдлийг анхааруулж магадгүй. Тэр тохиолдолд мөс чанарынхаа хэлээд байгааг үл тоомсорлох юм бол, чухамдаа, Еховагийн сүнсний хэлж буйг үл тоомсорлож байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, бид христосын шашинтны хүмүүжсэн мөс чанартаа найдаж сурвал тухайн асуудлыг нарийн бичээгүй үед ч зөв сонголт хийнэ. Тэгэхдээ аливаа асуудалд дээрээс тогтоосон зарчим, дүрэм журам юм уу хууль байхгүй тохиолдолд зөвхөн өөртэйгөө холбоотой асуудлаар итгэл нэгт ах дүү нартаа хувийнхаа мөс сонирхлыг дагахыг тулган шаардах нь буруу гэдгийг санаж байх нь маш чухал (Ром 14:1–4; Галат 6:5).
15, 16. Бидний мөс чанарыг юу эвдэж болох вэ? Үүнээс яаж сэргийлэх вэ?
15 Библиэр хүмүүжсэн цэвэр мөс бол Бурхны сайн бэлэг юм (Иакоов 1:17). Гэхдээ бид энэ бэлгийн тусламжтайгаар ёс суртахууны цэвэр байдлаа хадгалахын тулд үүнийгээ хорт нөлөөнөөс хамгаалах ёстой. Хэрэв Бурхны хэм хэмжээнд таарахгүй орон нутгийн ёс заншил, уламжлал, зуршлыг дагавал мөс маань эвдэрч, зөв зам зааж өгөхөө болино. Бид зөвөөр шүүх чадваргүй юм. Тэр ч байтугай мууг муугаар нь харж чадалгүй өөрөө өөрийгөө хуурч болох юм (Иохан 16:2-той харьцуулна уу.)
16 Хэрэв бид мөс чанарынхаа сануулгыг үл тоомсорлоод байвал ёс суртахууны хувьд мэдрэмжгүй юм уу хатуу сэтгэлтэй болтол мөсний маань дуу суларсаар байх болно. Дуулалч тийм хүмүүсийн талаар хэлэхдээ: «Тэдний зүрх нь өөхөлсөн» гэжээ (Дуулал 119:70). Мөс чанарынхаа шахалтыг үл тоомсорлодог зарим хүн зөв чиг баримжаагаа алддаг байна. Тэд Бурхны зарчимд цаашид захирагдахаа больж, зөв шийдвэр гаргах чадваргүй болдог. Ийм байдлаас зайлсхийхийн тулд ялигүй асуудалд ч христосын шашинтны мөс чанараараа удирдуулах хэрэгтэй (Лүүк 16:10).
Сонсдог, захирагддаг хүмүүс жаргалтай
17. «Араас маань хэлэх үгийг» сонссож, Библиэр хүмүүжсэн дуу хоолойнд захирагдсанаараа яаж ивээл хүртэх вэ?
17 Ариун Бичээс болон итгэлтэй мэргэн боолоор бидэнд өгөгддөг «араас маань хэлэх үгийг» сонсох зуршилтай болоход маань, мөн Библиэр хүмүүжсэн мөс чанарынхаа сануулгад захирагдахад маань Ехова биднийг сүнсээрээ ивээх болно. Ариун сүнс Еховагийн юу хэлдгийг ойлгож, хүлээж авах чадварыг маань сайжруулна.
18, 19. Еховагийн удирдамж бидний үйлчлэлд ч, хувийн амьдралд ч яаж тусалж болох вэ?
18 Түүнчлэн Еховагийн сүнс биднийг хүнд байдалд ороход мэргэн ухаалаг, эр зоригтой болгоно. Элч нарт тохиолдож байсан шиг, Бурхны сүнс бидний оюуны хүчийг эрчимжүүлж, Библийн зарчимд нийцүүлэн хэлж, хийхэд маань байнга тусалж чадна (Матай 10:18–20; Иохан 14:26; Үйлс 4:5–8, 13, 31; 15:28). Еховагийн сүнс хийгээд өөрсдийн маань хичээл зүтгэл хоёрын хоршил бидэнд амьдралдаа чухал шийдвэр гаргах үед амжилт авчрах ба тэр шийдвэрийнхээ дагуу байх эр зоригийг өгөх юм. Жишээ нь, та сүнслэг талдаа илүү их хугацаа зарцуулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөхийг бодож байж ч магад. Эсвэл та гэрлэх тухай бодон, санал болгосон ажлыг хийх эсэх, эсвэл байшин худалдаж авах эсэхээ шийдэж ядан байгаа байх. Тийм тохиолдолд зөвхөн өөрийнхөө мэдрэмжид найдалгүй, харин Бурхны сүнс юу гэж байгааг сонсон, удирдлагынх нь дагуу үйл ажиллагаа явуулах нь дээр.
19 Бид итгэл нэгтнүүдийнхээ, тэр дундаа, ахлагч нарын өгдөг сануулга, зөвлөгөөнд маш их баярладаг билээ. Гэхдээ бусад хүн анхаарлыг маань ямар нэг зүйлд хандуулах хүртэл хүлээгээд байх хэрэггүй. Биеэ яаж зөв авч явах хийгээд Бурханд таалагдахын тулд зуршил болон үзэл бодлынхоо юуг нь өөрчлөх хэрэгтэйг мэдэх л юм бол бид тийн үйлдэх болно. «Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй» гэж Есүс хэлсэн байдаг шүү дээ (Иохан 13:17).
20. «Араас маань хэлэх үгийг» сонсдог хүмүүсийг ямар ивээл хүлээж байна вэ?
20 Тэгэхээр, христосын шашинтнууд Бурханд таалагдахын тулд тэнгэрээс бодит дуу хоолой сонсох юм уу тэнгэрэлчүүдтэй ярилцахгүй. Тэдэнд Бурхны Үг болон дэлхийд байгаа тослогдогсдын ангийн халамжит удирдлага бий. Христосын шашинтнууд «араас маань хэлэх үгийг» анхаарч, Библиэр хүмүүжсэн мөс чанартаа захирагдвал Бурхны хүсэл тааллыг амжилттай биелүүлнэ. Тэгсэн цагт тэд элч Иоханы бичсэн: «Бурхны тааллыг гүйцэлдүүлэгч нь мөнхөд оршино» гэсэн амлалт хэрхэн биелэхийг харах нь зайлшгүй. (1 Иохан 2:17).
Товч тойм
• Ехова ямар учраас хүмүүстэй харьцдаг вэ?
• Библийг тогтмол унших нь бидэнд юугаараа тустай вэ?
• Итгэлтэй мэргэн боолын удирдлагыг яаж хүлээж авах хэрэгтэй вэ?
• Библиэр хүмүүжсэн мөс чанарынхаа дуу хоолойг үл тоомсорлож болохгүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]