Skip to content

Гарчиг руу орох

Өнөөдрийн өдрийн тухай зөгнөсөн Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун

Өнөөдрийн өдрийн тухай зөгнөсөн Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун

Өнөөдрийн өдрийн тухай зөгнөсөн Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун

«Хүний хүү, энэ үзэгдэл бол эцсийн цагийн [төгсгөлийн цаг үеийн, ШЕ] тухай юм гэдгийг мэдтүгэй!» (ДАНИЕЛ 8:17).

1. Бүх хүн төрөлхтөн одоогийн цаг үеийн талаар юу мэдэх ёстой вэ?

 ЕХОВА ирээдүйд болох явдлыг нууцладаггүй. Харин ч, тэр бол нууцыг илчлэгч Бурхан юм. Тэрбээр «төгсгөлийн цаг үе» дуусаж байна гэдгийг бүх хүн мэдээсэй гэж хүсдэг. Энэ бол дэлхийн зургаан тэрбум хүний хувьд маш чухал мэдээ!

2. Хүн төрөлхтний ирээдүйн тухай санаа зовнил юунаас үүдэн бий болдог вэ?

2 Энэхүү ёс бус дэлхийн төгсгөл ойртож байна гэхэд гайхаад байх зүйл байхгүй ээ. Хүн саран дээр явж чаддаг атлаа эх дэлхийнхээ олон газар гудамжаар алхахаасаа эмээдэг. Хүн гэрээ орчин үеийн янз бүрийн шинэ шинэ техник хэрэгслээр дүүргэж чадах боловч гэр бүл салж сарнихыг зогсоож үл чаддаг. Хүн мэдээллийн зуунд хөл тавин алхаж буй ч бие биетэйгээ амар тайвнаар амьдарч сурахгүй байна. Хүмүүсийн тиймэрхүү бүтэлгүй байдал нь биднийг төгсгөлийн цаг үед амьдарч байна хэмээн хэлдэг библийн төгс нотолгоонуудыг батлан илэрхийлж байгаа юм.

3. «Төгсгөлийн цаг үе» гэдэг үгийг анх дэлхий дээр хэзээ хэлсэн бэ?

3 «Төгсгөлийн цаг үе» гэсэн хачин жигтэй энэ үгийг анх тэнгэрэлч Габриел 2600 жилийн тэртээ өгүүлжээ. Габриел: «Хүний хүү, энэ үзэгдэл бол эцсийн цагийн [төгсгөлийн цаг үеийн, ШЕ] тухай юм гэдгийг мэдтүгэй!» хэмээн хэлснийг Бурхны зөнч сүрдэн байж сонсжээ (Даниел 8:17)

«Бид төгсгөлийн цаг үед» амьдарч байна

4. Төгсгөлийн цаг үеийг Библид өөр юу гэж бичсэн байдаг вэ?

4 «Ариун Бичээсийн шинэ ертөнцийн орчуулгад» «төгсгөлийн цаг үе», «төгсгөлийн товлосон цаг үе» хэмээн илэрхийлсэн хэллэг Даниел номд зургаан удаа гардаг (Даниел 8:17, 19; 11:35, 40; 12:4, 9). Эдгээр нь элч Паулын зөгнөсөн «сүүлчийн өдрүүдэд» хамаатай юм (2 Тимот 3:1–5). Энэ үеийг Есүс Христ өөрийнх нь, тэнгэрийн хааны эрх мэдэлд «залран байх» үе гэж хэлсэн (Матай 24:37–39, ШЕ).

5, 6. Төгсгөлийн цаг үед Бурхны Үгээр хэн «нааш цааш явсан» бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

5 Даниел 12:4-т: «Харин чи Даниел аа, цаг хугацааны төгсгөл [«төгсгөлийн цаг үе», ШЕ] хүртэл энэ үгсийг битүүмжилж, энэ бичгийг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэсэн байна. Даниелын бичсэн зүйлээс олон юм лацтай байж, хэдэн зууны турш хүмүүс түүнийг ойлгоогүй юм. Харин өнөөдөр асуудал ямар байна вэ?

6 Төгсгөлийн энэ цаг үед итгэлтэй олон христосын шашинтнууд Бурхны Үг болсон Библийн хуудаснаа «нааш цааш явсан». Үр дүн нь юу байв аа? Тэдний хичээл зүтгэлийг Ехова ивээсэн бөгөөд мэдлэг ч үлэмж нэмэгдсэн. Жишээлбэл: Есүс Христ 1914 онд тэнгэрийн хаан болсон гэдгийг Еховагийн тослогдсон Гэрчүүд ойлгосон нь ивээл байлаа. 2 Пэтр 1:19–21-д бичигдсэн элчийн үгээр тослогдогчид болон үнэнч хамтрагчид нь «зөгнөлийн үгэнд... анхаарал тавьдаг» бөгөөд бидний амьдран буй цаг үе бол «төгсгөлийн цаг үе» мөн гэдэгт огт эргэлздэггүй.

7. Даниел номд өгүүлсэн зүйлсээс чухам юу нь уг номыг хосгүй болгодог вэ?

7 Даниелын ном олон талаараа хосгүй билээ. Жишээ нь: Уг номд зүүдний нууцыг тайлж чадаагүй хэмээн мэргэдийг цаазлан хороохоор хаан заналхийлсэн хийгээд зүүдийг Еховагийн зөнч тайлсан тухай бичсэн байдаг. Мөн гурван залууг аварга том барималд мөргөхөөс татгалзлаа хэмээн дүрэлзсэн галтай зууханд хаяхад тэд өчүүхэн төдий ч түлэгдэлгүйгээр амьд үлддэг. Зугаа цэнгэлийн ид үеэр ордны ханан дээр нууц үгс бичсэн гарыг олон зуун хүн хардаг. Хорон санаатай хуйвалдагчид настай хүнийг арслантай нүхэнд хаяж, санаагаа гүйцэлдүүлсэн ч тэр хүн шалбархай төдий ч гэмтэлгүйгээр эсэн мэнд үлддэг. Үзэгдэлд дөрвөн амьтан гардаг бөгөөд зөгнөлийн утга бүхий үзэгдэл нь төгсгөлийн цаг үе хүртэл биелэх ёстой ажээ.

8, 9. Даниел ном, ялангуяа төгсгөлийн цаг үе болох өнөөдөр чухам юугаараа бидэнд тустай вэ?

8 Даниел номд өөр хоорондоо огт адилгүй хоёр санааг илэрхийлсэн байдаг. Нэг нь түүхэн үйл явдлуудын хүүрнэл, нөгөөх нь зөгнөлүүд юм. Энэ хоёрын аль аль нь бидэнд итгэл төрүүлдэг. Хүүрнэн өгүүлсэн хэсэг нь Ехова Бурхан өөрт нь үнэнч хүмүүсийг ивээдэг гэдгийг ойлгоход тусалдаг. Харин зөгнөлүүд бидний итгэлийг сэргээдэг. Түүхийн явцыг Ехова олон зуу, тэр ч байтугай олон мянган жилийн өмнөөс урьдчилан мэддэг гэдгийг харуулдаг учраас «Даниел» номын зөгнөлүүд бидэнд итгэл төрүүлдэг.

9 Даниелын бичсэн янз бүрийн зөгнөл нь бидний анхаарлыг Бурхны Хаанчлалд хандуулдаг. Тэдгээр зөгнөл хэрхэн биелж байгааг харахад бидний итгэл бэхжиж, төгсгөлийн цаг үед амьдарч байна гэдэгтээ бүрэн итгэдэг. Гэвч зарим шүүмжлэгчид Даниел номын зөгнөлүүдийг тухайн үйл явдлууд болсноос хойш бичсэн гэж дайрч довтолдог. Хэрэв ийм мэдэгдэл зөв бол Даниел номд зөгнөсөн төгсгөлийн цаг үеийн тухайд ноцтой эргэлзээ бий болно. Үл итгэх сэтгэлгээтэй болсон хүмүүс уг номын хүүрнэлийн хэсэгт эргэлзэхэд хүрдэг. Иймээс эдгээр асуултыг хамтдаа судалъя.

10. Даниел номыг хэрхэн буруутгадаг вэ?

10 Та өөрийгөө хэрэг шүүж байгаа шүүхийн танхимд байна гээд төсөөлөөд үз дээ. Яллагч шүүгдэгч этгээдийг залилангийн хэрэгтэй гэж баталж байна. «Даниел» номын агуулгыг аваад үзвэл энэ нь МЭӨ VII—VI зуунд амьдарч байсан еврейн зөнчийн бичсэн жинхэнэ бүтээл юм. Гэтэл шүүмжлэгчид үүнийг заль мэх буюу зохиомол ном гэж зүтгэдэг. Тэгвэл, эхлээд уг номын хүүрнэлийн хэсэг нь түүхэн баримттай тохирдог эсэхийг шалгаж үзье

11, 12. Белшазар гэж хэзээ ч байгаагүй хэмээсэн буруутгалд ямар хариу өгсөн бэ?

11 «Хэзээ ч байгаагүй» хааны тухай гэж нэрлэж болохуйц нэгэн хэргийг авч үзье. Даниел номын 5-р бүлэгт бичсэнээр МЭӨ 539 онд Бабилоныг эзлэгдэхэд хаан нь Белшазар байсан гэдэг. Шүүмжлэгчид энэ зүйлийг маргаан болгосон. Учир нь Библиэс өөр хаана ч Белшазарын тухай дурдаагүй байна. Эртний түүх судлаачид Бабилоны сүүлчийн хааныг Набонид байсан гэдэг.

12 Гэвч 1854 онд орчин үеийн Ирак улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан эртний Бабилоны Ур хэмээх хотын сууринд малтлага хийх үеэр нилээд хэдэн жижиг шавар бортого олджээ. Эдгээрийн нэгэн дээр «[Өөрийн] том хүү... Белшазарын» тухай дурдсан Набонид хааны залбирал байжээ. Энэ нь шүүмжлэгчдийг хүртэл Даниелийн бичсэн мөнөөх Белшазар мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн билээ. Тэгэхээр, «хэзээ ч байгаагүй» гэгдэж байсан хаан үнэхээр байсан бөгөөд түүний тухай иргэний ном зохиолуудад хүртэл дурдсан байжээ. Энэ бол Даниелийн бичсэн зүйл нь үнэн гэдгийг нотлох олон баримтын зөвхөн нэг нь юм. Энэ нь «Даниел» ном бол Бурхны зөгнөлийн Үгийн хэсэг бөгөөд чухам төгсгөлийн цаг үе болоод байгаа одоо үед бидний онцгой анхаарах ёстой ном гэдгийг харуулдаг.

13, 14. Белшазар гэж хэн бэ? Тэрээр ямар хуурамч бурхан шүтдэг байв?

13 «Даниел» номын хүүрнэлийн дэвсгэр дээр дэлхийн эзэнт гүрнүүдийн халаа сэлгээ болон тэдгээр гүрний зарим удирдагчийн үйл ажиллагааны тухай зөгнөлүүд голлон хөвөрсөн байдаг. Эдгээр удирдагчийн нэгийг эзэнт гүрнийг байгуулсан дайчин нэгэн гэж нэрлэж болох юм. Тэрээр бабилоны хаан ширээг залгамжлагч байсан бөгөөд цэргүүд нь египетийн фарао Нехогийн цэргийг Кархемишийн дэргэд ялжээ. Гэвч тэрээр мэдээ хүлээн аваад дайснуудаа бүр мөсөн хиар цохихыг жанжинууддаа тушаажээ. Эцэг Набополасар нь өнгөрснийг мэдсэн Небухаднезар гэгч энэ залуу МЭӨ 624 онд хаан ширээнд заларчээ. Небухаднезар 43 жилийн турш захирахдаа нэгэн цагт Ассирын эзэлж байсан газар нутггийг багтаасан эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд өөртөө Сири, Палестинийг нэгтгэн, эзэмшил нутгаа Египетийн хилд тултал өргөсгөжээ.

14 Небухаднезар Бабилоны тэргүүн бурхан болох Мардукыг ихэд сүсэглэн шүтдэг байлаа. Өөрийнхөө ялан дийлсэн гавьяаг Мардукын ивээл хэмээн үзэж байв. Небухаднезар Мардук болоод египетийн бусад бурхдад зориулсан олон сүм дуганыг Бабилонд барьж, гоёж чимжээ. Бабилоны хааны Дурагийн талд босгосн алтан баримал нь Мардукт зориулсан байж болох юм (Даниел 3:1, 2). Тэрчлэн, Небухаднезар цэрэг дайныхаа ажиллагааг төлөвлөхдөө мэргэ төлөгт ихээхэн найдлага тавьдаг байсан бололтой.

15, 16. Небухаднезар Бабилонд юу хийсэн бэ? Тэрээр сүр алдраараа биеэ магтахад юу болсон бэ?

15 Небухаднезар эцгийнхээ эхлүүлсэн давхар ханан хэрмийг барьж дуусгасан бөгөөд нийслэл хотод нь хэн ч халдах аргагүй болсон мэт санагдаж байлаа. Медегийн хатан хаан төрөлх нутгийнхаа уул толгод, ой хөвчийг санан уйтгарлахад түүнийг тайтгаруулахаар дүүжин цэцэрлэгийг байгуулсан нь тухайн үедээ ертөнцийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогдож байлаа. Небухаднезарын үед Бабилон түүхэнд хамгийн бэхэлгээ сайтай хотын нэг болсон юм. Хуурамч шүтлэгийн энэ төвөөрөө хаан хичнээн их бахархаж байсан бол оо!

16 «Энэ агуу их Бабилоныг би агуу их хүчээрээ байгуулсан... юм биш гэж үү?» хэмээн Небухаднезар баахан сайрхжээ. Гэвч, Даниел 4:30–36-д бичснээр «хаан энэ үгээ амаараа хэлж байх хооронд» мунхаг явдал түүнийг нэрвэжээ. Даниелийн зөгнөсөн ёсоор Небухаднезар долоон жилийн турш улс орноо захирах чадваргүй байсан бөгөөд өвс ногоогоор хооллосон юм. Үүний дараа тэрбээр хаанчлалаа эргүүлэн авсан билээ. Эдгээр үйл явдлын зөгнөлийн утгыг та мэддэг үү? Энэхүү зөгнөлийн гол биелэл нь ямар байдлаар биднийг төгсгөлийн цаг үед шууд авчирдгийг та тайлбарлаж чадах уу?

Даниелийн зөгнөлийн өгүүлдэг зүйлийн тухай

17. Хаанчлалынх нь хоёр дахь жилд дэлхийн гүрний удирдагч Небухаднезарт Бурхны зүүдлүүлсэн зөгнөлт зүүдийг та дүрслэн хэлнэ үү.

17 Одоо «Даниел» номын зөгнөлийн зарим хэсгийг анхаарцгаая. Хаанчлалынх нь хоёр дахь жил (МЭӨ 606/605 он) Библийн зөгнөлийн дэлхийн гүрний удирдагч болох Небухаднезарт Бурхан аймшигт зүүд зүүдлүүлжээ. «Даниел» номын 2-р бүлэгт бичсэнээр, хаан алтан толгойтой, мөнгөн цээж гартай, хүрэл хэвлий гуятай, төмөр шилбэтэй, төмөр болоод шаврын хольц бүхий тавхайтай асар том баримал хөргийг зүүдэндээ үзсэн байна. Баримал хөргийн янз бүрийн хэсгүүд нь юуг төлөөлж байсан бэ?

18. Баримал хөргийн алтан толгой, мөнгөн цээж гар, хүрэл хэвлий гуя юуг төлөөлсөн бэ?

18 Бурхны зөнч, Небухаднезарт: «Хаан минь, та бол... тэрхүү алтан толгой мөн» гэж хэлсэн (Даниел 2:37, 38). Небухаднезар бол Бабилоны хаант улсыг захирч байсан угсаа залгамжилсан хаадын өвөг байв. Энэ хаант улсыг баримал хөргийн мөнгөн цээж, гараар дүрсэлсэн Меде-Перс түлхэн унагаасан. Дараа нь хүрэл хэвлий, гуяар дүрслэгдсэн Грекийн эзэнт гүрэн гарч ирсэн. Дэлхийн энэ гүрэн хэрхэн бий болов?

19, 20. Македоны Александр гэгч хэн байсан бэ? Грекийг дэлхийн гүрэн болгоход Александр ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

19 МЭӨ IV зуунд Даниелийн зөгнөлийн энэ хэсэг биелэхэд нэгэн залуу чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр МЭӨ 356 онд төрсөн бөгөөд дэлхий дахинаа Македоны Александр хэмээн алдаршжээ. МЭӨ 336 онд эцэг Филип нь хуйвалдагчдын гарт алуулахад 20 настай Алесандр Македоны хаан ширээг залгамжилжээ.

20 МЭӨ 334 оны 5-р сарын эхээр Александр эзлэн түрэмгийлэх аян дайнаа эхэлсэн. Тэрбээр бага боловч сайн бэлтгэгдсэн армитай, тэр нь 30 000 явган цэрэг, 5 000 морин цэргээс бүрдэж байв. Бага Азийн (одоогийн Турк) баруун хойд хэсэгт байдаг Граник голын дэргэдэх анхны тулалдаанаараа персүүдийг ялсан юм. МЭӨ 326 оны үед энэ хатуу сэтгэлт булаан эзлэгч Персийг дараад зүүн зүгт, одоогийн Пакистаны нутаг дэвсгэрт орших Инд мөрөн хүрчээ. Гэвч Александр сүүлчийн тулалдаанаараа Бабилонд ялагджээ. Тэрбээр МЭӨ 323 оны 6-р сарын 13-нд 32 жил 8 сар наслаад, үхэл хэмээгч хамгийн заналт дайсандаа бууж өгсөн (1 Коринт 15:55). Гэлээ гэхдээ Даниелийн зөгнөлд зөгнөсөн ёсоор, Александрын эзлэн түрэмгийллийн ачаарр Грек дэлхийн гүрэн болсон билээ.

21. Баримал хөргийн төмөр шилбэнүүд Ромын эзэнт гүрнээс гадна дэлхийн өөр ямар гүрнийг төлөөлсэн бэ?

21 Асар том баримал хөргийн төмөр шилбэ нь юуг төлөөлж байсан бэ? Энэ бол Грекийн эзэнт гүрнийг бут цохиж, үнсэн товрог болгосон төмөр мэт Ромыг төлөөлж байсан юм. Ромчууд Есүс Христийн зарлан тунхаглаж байсан Бурхны Хаанчлалд хүндэтгэл үзүүлэхийн оронд МЭ 33 онд Есүст тарчлаах шонд үхэх ял оноосон. Ром жинхэнэ христосын шашныг устгахыг эрмэлзэж, Есүсийн шавь нарыг мөрдөн хавчиж байв. Гэвч, Небухаднезарын зүүдэлсэн баримал хөргийн төмөр шилбэ зөвхөн Ромын эзэнт гүрнийг дүрслээд зогсоогүй, мөн улс төрийн залгамж халаа нь болох Англи-Америкийн дэлхийн гүрнийг төлөөлжээ.

22. Төгсгөлийн цаг үеийн төгсгөлийн хэсэг болчихоод байгааг ойлгоход маань баримал хөрөг хэрхэн тусалдаг вэ?

22 Анхааралтай судлах явцад, бид баримал хөргийн төмөр болоод шаврын хольц бүхий тавхайгаар төлөөлүүлсэн үед амьдарч байгаа болохоор эдүгээ цаг бол төгсгөлийн цаг үеийн төгсгөлийн хэсэг гэдэг нь тодорхой болдог. Өнөөгийн зарим засгийн газар төмөртэй адил буюу ноёрхуу байхад зарим нь шавартай адил байна. «Хүний үрийг» бүрдүүлэгч шавар хэврэг байдгийг үл харгалзан улс төрийн «төмөр» байгууллууд улс орныг удирдах үйл хэрэгт энгийн ард иргэдийг ямар нэг хэмжээгээр өөрийн эрхгүй оролцуулдаг (Даниел 2:43; Иоб 10:9). Ноёрхуу захирагчид хийгээд энгийн ард иргэдийн нэгдэл нь төмөр ба шаврын хольцноос хэврэг юм. Гэвч, удахгүй Бурхны Хаанчлал улс төрийн хувьд хэдэн хэсэг болж хуваагдсан энэ дэлхийд төгсгөл тавина (Даниел 2:44).

23. Белшазарын засаглалын анхны жил Даниелд зүүдлэгдсэн зүүд болон үзэгдлийг та хэрхэн дүрслэх вэ?

23 Даниел номын 7-р бүлгийн анхаарал татсан зөгнөл нь биднийг мөн л төгсгөлийн цаг үед аваачдаг. Энд Бабилоны хаан Белшазарын засаглалын анхны жил болсон үйл явдлыг өгүүлжээ. Тэр үед 70 гаруй настай Даниел «орондоо зүүд зүүдэлж, толгой дотроо үзэгдэл харав». Тэр үзэгдэл түүнийг яасан их айлгаа бол! „Харагтун“ хэмээн дуу алдаад, «Тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулна. Бие төрхөөрөө хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв» гэлээ (Даниел 7:1–8, 15). Ямар гайхалтай хачин араатнууд вэ! Эхнийх нь далавчтай арслан, хоёр дахь нь баавгайтай адилхан амьтан байв. Дараа нь дөрвөн далавч, дөрвөн толгойтой ирвэс гарч ирлээ! Ер бусын хүчтэй дөрөв дэх араатан нь том төмөр шүдтэй, арван эвэртэй юм. Энэ арван эврийн дундаас «хүний нүд шиг нүдтэй бөгөөд аугаа ихээр бардамнан ярих амтай» «нэг жижиг» эвэр ургав. Үнэхээр хачин жигтэй амьтад юм!

24. Даниел 7:9–14-т бичсэнээр, Даниел тэнгэрт юу үзсэн бэ? Энэ үзэгдэл нь юуг заадаг вэ?

24 Даниелийн дараагийн үзэгдэл нь тэнгэр байв (Даниел 7:9–14). «Эртний Нэгэн» Ехова Бурхан, Шүүгчээр өргөмжлөгдөн сүр жавхлантайгаар залран суух нь үзэгдэв. «Мянга мянгаараа Түүнд үйлчилж, үй түмээрээ Түүний өмнө зогсоцгооно». Бурхан тэдгээр араатанг буруутган яллаж, эрх мэдлийг нь булаан, дөрөв дэх араатанг устгаж байна. «Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтнийг» захирах үүрдийн эрх мэдлийг «Хүний Хүү шиг Нэгэнд» өгөв. Энэ нь төгсгөлийн цаг үеийг болон хүний Хүү Есүс Христ 1914 онд хаан суусныг заадаг.

25, 26. «Даниел» номыг унших явцад ямар асуулт урган гарч болох вэ? Үүнд хариулахад ямар хэвлэл туслах вэ?

25 «Даниел» номыг уншдаг хүмүүст асуулт төрдөг нь дамжиггүй. Жишээ нь: «Даниел» номын 7-р бүлэгт гардаг дөрвөн араатан юуг төлөөлж байна вэ? Даниел 9:24–27-д «далан долоо» гэсэн зөгнөлийн тайлбар нь юу вэ? «Даниел» номын 11-р бүлэгт юун тухай байдаг вэ? «Умард зүгийн хаан», «Өмнө зүгийн хаан» 2-ын дундах тэмцэлдээн ямар утга илэрхийлсэн зөгнөл вэ? гэх мэт.

26 Ехова Даниел 7:18-д «Хамгийн Дээд Нэгний ариун хүмүүс» гэгдсэн, дэлхий дээрх тослогдсон үйлчлэгчдэдээ тиймэрхүү зүйлийг нэвтэрхий ойлгохыг зөвшөөрсөн. Тэгээд бас «итгэлтэй мэргэн боол»-доо Бурхны онгодоор зөнч Даниелийн бичсэн бичээсийг илүү гүнзгий ойлгоход маань бидэнд туслахыг зөвшөөрсөн (Матай 24:45). Энэ нь саяхан хэвлэгдсэн «Даниелийн зөгнөлийг анхаарагтун!» гэсэн номын ачаар бүр ч боломжтой боллоо. Сайхан зурагтай, 320 хуудас бүхий энэ ном «Даниел» номын хэсэг болгоныг авч үзсэн байгаа. Энд итгэл төрүүлсэн зөгнөл бүрийг, Бурхны хайртай зөнч Даниелийн бичсэн хүүрнэл болгоныг хэлэлцсэн.

Эдүгээ цагийн учир утга

27, 28. а) «Даниел» номын зөгнөлүүдийн биелэлтийн талаар юу хэлж болох вэ? б) Бид ямар үед аж төрж байна вэ? Бид юу хийх ёстой вэ?

27 Нэг чухал зүйлийг анхаараарай. Зарим нэг нарийн ширийн зүйлээс бусад «Даниел» номын бүх зөгнөл аль хэдийн биелсэн. Тухайлбал: «Даниел» номын 2-р бүлэгт гардаг асар том баримал хөргийн хөлөөр дүрслэгдсэн дэлхийн байдлыг бид одоо харж байна. Мессиа Хаан Есүс Христийн хааны сэнтийдээ заларсан 1914 онд «Даниел» номын 4-р бүлэгт гардаг модны хожуулын бөгжийг авч хаясан. Тэгэхэд «Даниел» номын 7-р бүлэгт зөгнөн бичсэнээр Эртний Нэгэн арх мэдлийг Хүний Хүүд өгсөн (Даниел 7:13, 14; Матай 16:27–17:9).

28 Цаг хугацаа өнгөрсөөр, «Даниел» номын 8-р бүлэгт бичсэн 2 300 өдөр, мөн 12-бүлэгт бичсэн 1 290, 1 335 өдөр бидний ард хоцорчээ. «Даниел» номын 11-р бүлгийг судалсан судалгаа нь «Умард зүгийн хаан», «Өмнө зүгийн хаан» 2-ын хоорондох тэмцэл дуусах дөхөж байгааг харуулж байна. Энэ бүхэн бол одоо төгсгөлийн цаг үеийн төгсгөл үе болж байгаа тухай Бичээсийн баталгааг дахин баталж байна. Дахин үл давтагдах цаг үед амьдарч байгаа маань биднээс юу шаардана вэ? Бид Ехова Бурхны зөгнөлийн үгэнд анхаарлаа хандуулах ёстой гэдэг нь маргаангүй.

Та яаж хариулахсан бол?

• Бүх хүн төрөлхтөн өнөөгийн цаг үеийн талаар юу мэдвэл зохих вэ?

• «Даниел» ном итгэлийг маань хэрхэн бэхжүүлдэг вэ?

• Небухаднезарын зүүдэлсэн асар том баримал хөрөг ямар ямар хэсгээс бүрдэж байсан бэ? Тэдгээр нь юуг бэлэгдсэн бэ?

• Даниелийн номын зөгнөлүүдийн биелэлээс аль нь гайхамшигтай вэ?

[Догол мөрийн асуулт]