Skip to content

Гарчиг руу орох

«Авралын найдлагыг» амьд хадгалагтун!

«Авралын найдлагыг» амьд хадгалагтун!

«Авралын найдлагыг» амьд хадгалагтун!

«Авралын найдлагын дуулгыг өмсөцгөөе» (1 ТЭСАЛОНИК 5:8).

1. «Авралын найдлага» тууштай байхад хэрхэн тусалдаг вэ?

 АВРАГДАНА гэдэгтээ найдах нь бүр цөхрөнгөө барсан үедээ ч бууж өгөхгүй байхад тусалдаг. Хөлөг онгоц сүйрэх үед дүнз модноос зууран амьд үлдсэн хүн тусламж ирж байгааг мэдвэл илүү удаан хугацаагаар тэсэж чаддаг. Түүнтэй нэг адил «Еховагийн авралд» (ШЕ) найдах найдлага олон мянган жилийн турш хүмүүсийн итгэлийг хүнд бэрх цаг үе тулгарсан ч гэсэн хадгалсаар ирсэн бөгөөд энэхүү найдлага нь итгэгч хүмүүсийн урмыг хэзээ ч хугалж байгаагүй билээ (Египетээс гарсан нь 14:13; Дуулал 3:8; Ром 5:5; 9:33). «Авралын найдлагыг» элч Паул христосын шашинтны сүнслэг «дуулгатай» зүйрлэсэн (1 Тэсалоник 5:8; Эфэс 6:17). Тийм ээ, Бурхан аварна гэдэгт итгэх итгэл нь оюун ухааныг маань хамгаалж, зовлон гамшиг, эсэргүүцэл тэмцэл, сорилт туршилт тохиолдлоо ч эрүүл саруулаар бодож сэтгэх чадвараа хадгалахад маань бидэнд тусалдаг.

2. «Авралын найдлага» ямар утгаараа жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг нь вэ?

2 Библийн нэвтэрхий толь бичигт бичсэнээр бол «ирээдүйтэй холбоотой найдлага нь харь үндэстний дэлхийн хувьд хамаагүй юм» («The International Standart Bible Encyclopedia»). Уг дэлхий нь I зууны үеийн Христийн дагалдагчдын амьдарч байсан дэлхий билээ (Эфэс 2:12; 1 Тэсалоник 4:13). Гэвч «авралын найдлага» бол жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг нь юм. Яагаад гэвэл Еховагийн үйлчлэгчдийн аврал нь юуны түрүүнд Бурхны нэртэй нягт холбоотой. Дуулалч Асаф: «Бидний авралын Бурхан минь, өөрийн нэр алдрын төлөө бидэнд туслаач! Өөрийн нэрийн төлөө биднийг авраач!» хэмээн залбирчээ (Дуулал 79:9; Езекиел 20:9). Түүнээс гадна, Еховагийн амласан ивээлүүдэд итгэхгүйгээр түүнтэй сайн харьцаа тогтоох боломжгүй. Үүнийг Паул: «Итгэлгүйгээр таалагдах боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон очиж буй хүн Бурхан байгаа бөгөөд Түүнийг хайгч хүмүүст Тэр Шагнагч болдог гэдэгт итгэх ёстой» хэмээн илэрхийлсэн (Еврей 11:6). Бас, Паул гэмшсэн хүмүүсийн аврал бол Есүсийн дэлхий дээр ирэх гол шалтгаануудын нэг байсан гэж тайлбарлажээ. Паул: «Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар дэлхийд ирсэн гэдэг нь бүрэн хүлээн зөвшөөрөх баттай үг мөн» гэж хэлсэн (1 Тимот 1:15). Харин элч Пэтр авралыг «итгэлийн... үр дүн» гэж нэрлэжээ (1 Пэтр 1:9). Тийм болохоор авралд найдах нь бүрэн зохистой хэрэг юм. Гэвч аврал гэдгийг чухамдаа юу гэж ойлговол зохих вэ? Авралд хүрэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Аврал гэж юу вэ?

3. Дээр үеийн Еховагийн үйлчлэгчид ямар аврал хүртдэг байсан бэ?

3 Еврей Бичээст аврал гэдэг үг нь гол төлөв дарлалаас юм уу, эсвэл хүчирхийллийн, цаг бусын үхлээс ангижруулах гэсэн утга санааг илэрхийлдэг. Жишээ нь: Давид Еховаг «аврагч» гэж нэрлэн: «Эзэн [«Ехова», ШЕ] бол миний хад... хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ. Магтаал хүндэтгэлийн Эзнийг [«Еховаг», ШЕ] дуудахад, дайснуудаасаа би аврагддаг» гэж хэлжээ (2 Самуел 22:2–4). Өөрийнх нь үнэнч үйлчлэгчид тусламж гуйн дуудахад Ехова тэднийг сонсдог гэдгийг Давид мэддэг байв (Дуулал 31:23, 24; 145:19).

4. Христийн өмнөх үеийн Еховагийн үйлчлэгчид ирээдүйн амийн ямар найдлагатай байсан бэ?

4 Түүнээс гадна Христийн өмнөх үеийн Еховагийн үйлчлэгчид ирээдүйн амийн найдлагатай байлаа (Иоб 14:13–15; Исаиа 25:8; Даниел 12:13). Еврей Бичээст байдаг авралын олон амлалтууд нь мөнх амь уруу хөтлөх их авралын тухай зөгнөн хэлсэн байдаг (Исаиа 49:6, 8; Үйлс 13:47; 2 Коринт 6:2). Есүсийг дэлхий дээр байх үед олон иудей хүн мөнх аминд найдаж байсан хэдий ч тэд найдвар нь хамааран биелэх ёстой байсан Есүсийг хүлээж аваагүй юм. Тэр үеийн шашны удирдагчдад хандан Есүс: «Та нар Бичээсүүдийг судлан уншдаг. Учир нь, тэдгээрийн дотор мөнх амь байдаг гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ» гэж хэлсэн (Иохан 5:39).

5. Эцсийн дүндээ аврагдах гэдэг нь ямар утгатай вэ?

5 Бурхан авралын утга учрыг Есүсээр дамжуулан бүрэн хэмжээгээр илчилсэн. Аврал нь нүглийн эрхшээл, хуурамч шашны гав гинж, Сатаны удирддаг дэлхий, хүмүүсээс, тэр ч байтугай үхлээс айх айдас зэргээс ангижруулахыг өөртөө багтаадаг (Иохан 17:16; Ром 8:2; Колоссай 1:13; Илчлэлт 18:2, 4). Бурхны үнэнч үйлчлэгчдийн тухайд бол Бурхны аврал нь эцсийн дүндээ дарлал хийгээд гай зовлонгоос ангижрах төдийгүй мөнх аминд хүрэх явдал гэсэн үг юм (Иохан 6:40; 17:3). «Цөөн хэдхэн сүргийн» хувьд аврал бол Хаанчлалд Христтэй хамт захирах зорилгоор тэнгэрийн амьдралд дахин амилах явдал юм гэж Есүс сургасан (Лүүк 12:32). Бусад хүмүүсийн тухайд аврагдах гэдэг нь төгс болж, Адам Ева хоёр нүгэлд автахаасаа өмнө Еден цэцэрлэгт байхдаа Бурхантай харьцаж байсан тэр харьцааг дахин сэргээх явдал юм (Үйлс 3:21; Эфэс 1:10). Бурхны анхны санаа зорилгоор бол хүмүүс тийм диваажингийн орчин нөхцөлд мөнх амьдрах ёстой байсан билээ (Эхлэл 1:28; Марк 10:30). Гэвч эдгээр нөхцөл байдлыг дахин сэргээхийн тулд юу хийх вэ?

Авралын үндэс нь золиос юм

6, 7. Биднийг аврагдахад Есүс ямар үүрэг гүйцэтгэх вэ?

6 Үүрд аврагдах нь зөвхөн Христийн золих тахилын ачаар боломжтой болох юм. Яагаад? Библид бичсэнээр Адам нүгэл үйлдэхдээ өөрийгөө болон ирээдүй хойчийн бүх үр удмаа, тэр дундаа биднийг нүглийн боол болгон «зарсан». Тийм учраас хүн төрөлхтөн ямар нэгэн бодит найдлагатай болохын тулд тэдэнд золиос хэрэгтэй болсон (Ром 5:14, 15; 7:14). Хүмүүсийн төлөө Бурхны золиос болгон төлөх тэр зүйлийг Мосегийн хуулийн дагуу өргөж байсан амьтдаар өргөх тахил бэлэгдэж байсан юм (Еврей 10:1–10; Иохан 2:2). Эдгээр зөгнөлийн дүр зураг өөрийгөө тахил болгон өгөх үед Есүс дээр биелсэн. Түүнийг төрөхөөс өмнө Еховагийн тэнгэрэлч: «Тэр өөрийн хүмүүсийг нүглээс нь аварна» хэмээн зарлан тунхаглажээ (Матай 1:21; Еврей 2:10).

7 Есүс гайхамшгаар Бурхны Хүү болон онгон эмэгтэй Мариагаас төрсөн бөгөөд Адамын үхлийг өвлөөгүй юм. Үүний ачаар, мөн тэрчлэн Бурханд төгс үнэнч байсны ачаар түүний амь нүгэл болоод үхлийн боолчлолоос хүн төрөлхтнийг золиход шаардлагатай үнэ цэнтэй болжээ (Иохан 8:36; 1 Коринт 15:22). Бусад бүх хүнээс ялгаатай нь Есүс нүглээсээ болж үхлээр шийтгүүлээгүй юм. Есүс амиа зориуд «олны төлөө золиос болгон өгөхөөр» дэлхийд ирсэн (Матай 20:28). Одоо дахин амилж, Хааны эрх мэдлээр захиран байгаа Есүс Бурхны шаардлагыг биелүүлсэн бүх хүнийг аврах чадалтай (Илчлэлт 12:10).

Аврагдахын тулд юу шаардлагатай вэ?

8, 9. а) Баян залуу удирдагчийн аврагдах талаар асуусан асуултад Есүс юу гэж хариулсан бэ? б) Шавь нартаа сургамж өгөхийн тулд Есүс энэ тохиолдлыг хэрхэн ашигласан бэ?

8 Израилийн нэгэн залуу, баян удирдагч Есүсээс: «Мөнх амийг уламжлан авахын тулд би юу хийх вэ?» хэмээн асуужээ (Марк 10:17). Түүний асуултад тэр үед иудейчүүдийн дунд өргөн тархсан байсан, Бурхан сайн үйл хийхийг шаарддаг бөгөөд тийм сайн үйл хийснэээр Бурхны авралыг хүртэж болно гэсэн санаа тусгагдсан байж болох юм. Гэвч тиймэрхүү ёс төдий сүсэг бишрэлийн цаана шунахай санаа нуугдаж байж болно. Төгс бус хүн Бурхны хэм хэмжээнд бүрэн гүйцэд тохирч чаддаггүй учраас тийм үйлс гарцаагүй аврагдах найдвар болж чаддаггүй.

9 Есүс ярилцагч хүнийхээ асуултад хариулахдаа түүнд зөвхөн Бурхны хуулийг биелүүлэх тухай л сануулсан. Залуу удирдагч тэдгээрийг бүр хүүхэд байхаасаа л сахин биелүүлж байгаагаа шууд хэлсэн. Тийн хариулсных нь дараа Есүс түүнд талархаад: «Танд нэг л юм дутаж байна даа. Явж юу байгаагаа зарж, ядуу хүмүүст өг. Тэгвэл та тэнгэрт баялагтай болно. Нааш ир. Намайг дага» хэмээн хэлжээ. Гэтэл тэр залуу гунигт автсанаа яваад өгчээ. «Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ». Дараа нь Есүс аврагдахад саад болдог эд баялагт ихээр дурлахгүй байхыг шавь нартаа сануулсан. Өөрийнхөө хүчээр хэн ч аврагдах боломжгүй гэдгийг Есүс нэмж хэлсэн. Гэхдээ Есүс: «Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурхны хувьд өөр. Учир нь Бурханд бүгд боломжтой» гэж хэлэн шавь нараа тайвшруулжээ (Марк 10:18–27; Лүүк 18:18–23). Тэгвэл яаж аврагдаж болох вэ?

10. Аврагдахын тулд ямар ямар нөхцөл биелүүлэх хэрэгтэй вэ?

10 Аврал нь Бурхны бэлэг боловч түүнийг зүгээр өгдөггүй (Ром 6:23). Энэ бэлгийг хүлээж авахын тулд хэд хэдэн цөхцөл биелүүлэх хэрэгтэй. «Хүүд нь итгэгч аливаа хүн мөхөхгүй, харин мөнх амьтай болохын тулд Бурхан дэлхийг үнэхээр хайрлан цорын ганц Хүүгээ өгсөн гэж Есүс хэлжээ. Элч Иохан нэмээд: «Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүг сонсоод хэн эс дагана, тэр хүн мөнх амийг эс үзнэ» гэж хэлсэн (Иохан 3:16, 36). Үүрд аврагдах хүн болгоноос Бурхан итгэлтэй, дуулгавартай байхыг шаарддаг нь тодорхой байна. Золиосыг хүлээн зөвшөөрч, Есүсийн мөрөөр дагах эсэхээ хүн бүр өөрөө шийдэх шаардлгатай.

11.

11 Бид бүгдээрээ төгс бус болохоор төрөлхийн дуулгаваргүй зантай бөгөөд Бурханд төгс дуулгавартай байж чаддаггүй. Тийм учраас Ехова нүглийг маань далдлахын тулд золиосыг өгсөн. Гэхдээ бид цаг ямагт Бурхны хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээх ёстой. Бурхны хуулийг сахин мөрдөх ёстой гэдэг маань залуу баян удирдагчид хэлсэн Есүсийн үгнээс харагдаж байна. Ингэх нь Бурхны ивээлийг төдийгүй асар их баяр баясгаланг авчирдаг. Учир нь «Түүний айлдварууд хүнд хүчир биш юм». Тэдгээрийг бидэнд хүч өгдөг «шим тэжээл» гэж хэлж болно (1 Иохан 5:3; Сургаалт үгс 3:1, 8). Гэхдээ л аврагдах найдлагыг хадгалж байна гэдэг тийм ч амар хялбар зүйл биш ээ.

«Итгэлийн төлөө шургуу тэмцэгтүн»

12. Аврагдах найдвар нь христосын шашинтнуудыг садар самуунд уруу татагдахаас хэрхэн хамгаалдаг вэ?

12 Дагалдагч Иүда Христийн анхны дагалдагчдад тэдний «нийтийн авралын» тухай бичихийг хүсчээ. Гэвч тэднийг хүрээлэн байсан дэлхийн бусармаг байдал нь Иүдаг ах дүү нараа «итгэлийн төлөө шургуу тэмцэхийг» (ШЕ) уриалхад хүргэсэн байна. Бүх юм ая зүйгээрээ байлаа ч гэсэн зөвхөн итгэлтэй байх юм уу, эсвэл Христийн жинхэнэ дагалдагчийн итгэлийг даган баримталж, Бурханд дуулгавартай байх нь аврагдахад хангалттай биш ээ. Еховад үнэнч байдал маань садар самуун явдалд уруу татагдахгүйгээр тэсвэрлэн гарахад маань туслахаар тийм хүчтэй байх ёстой. Харин нэгдүгээр зууны хурлынхны сэтгэлгээнд садар самуун явдал, завхайрал, засаг төрийг үл хүндэтгэх хандлага, хагарал болон эргэлзэх явдал бий болжээ. Иүда ийм буруу явдалтай тэмцэхэд нь итгэл нэгтнүүддээ туслахыг хүсэн: «Хайрт андууд минь. Харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж Ариун Сүнсээр залбиран мөнх аминд аваачих бидний Эзэн Есүс Христийн нигүүслийг хүлээн Бурхны хайранд өөрсдийгөө байлга» хэмээн зорилгынхоо талаар хатуу санаж байхыг уриалжээ (Иүда 3, 4819–21). Аврагдана гэсэн найдвар нь тэднийг ёс суртахууны цэвэр байдлын төлөө тэмцэхэд бэхжүүлсэн байх.

13. Бурхны ивээлийг хий хоосон хүлээн аваагүй болохоо хэрхэн харуулах вэ?

13 Ехова Бурхан аврах хүмүүсээсээ ёс суртахууны өндөр хэм хэмжээнд тохирсон үйл ажиллагаа явуулахыг шаарддаг (1 Коринт 6:9, 10). Гэхдээ хэн нэгэн хүн өөрөө Бурхны шаарддаг ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг бол энэ нь бусдыг шүүх эрхтэй гэсэн үг биш юм. Бусад хүмүүсийн хувь заяаг бид шийдэхгүй, Бурхан л шийднэ. Афин хотын грекчүүдэд хандан Паул: «Түүний томилсон нэгэн Хүнээр [Есүс Христээр] дамжуулж дэлхийг шударгаар шүүх өдрөө Тэр [Бурхан] тогтоосон» гэж хэлжээ (Үйлс 17:31; Иохан 5:22). Хэрэв бид Есүсийн золиост итгэн амьдардаг бол ирээдүйн шүүх өдрөөс эмээх хэрэггүй билээ (Еврей 10:38, 39). Хамгийн гол нь «[Золиосын ачаар түүнтэй эвлэрэхдээ] Бурхны ивээлийг дэмий хоосон хүлээн авахгүй байх» хэрэгтэй. Учир нь хэрэв бид буруу бодол санаа юм уу үйл ажиллагааны урхинд орчихвол тийм юмтай учирч болох юм (2 Коринт 6:1). Түүнээс гадна, бусдыг аврагдахад нь тусалдгаараа бид Бурхны ивээлийг хий хоосон хүлээн аваагүй гэдгээ харуулдаг. Харин бусдад хэрхэн туслах вэ?

Бид авралын найдлага хуваалцдаг

14, 15. Авралын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг Есүс хэнд даалгасан бэ?

14 Паул зөнч Иоелын үгнээс иш татан: «Эзний нэрээр дуудах хүн бүр аврагдах болно» гээд цааш нь: «Тэд Түүнд итгээгүй атлаа яаж Түүний нэрээр дуудах вэ? Тэд Түүний тухай сонсоогүй атлаа яаж Түүнд итгэх вэ? Тэд дэлгэрүүлэгчгүйгээр яаж сонсох вэ?» хэмээн бичсэн байдаг. Дараагийн өөр нэгэн зүйлд итгэл гэдэг нь өөрөө бий болчихдоггүй, харин «итгэл нь сонсохоос» өөрөөр хэлбэл «Христийн тухай үгийг» (ШЕ) сонсохоос бий болдог гэдгийг харуулжээ (Ром 10:13, 14, 17; Иоел 2:32).

15 «Христийн тухай үгийг» олон түмэнд хэн хүргэдэг вэ? Есүс энэхүү даалгаврыг уг «үгэнд» суралцсан дагалдагч нартаа даалган өгсөн (Матай 24:14; 28:19, 20; Иохан 17:20). Хаанчлалын тухай дэлгэрүүлэн, дагалдагч нарыг бэлтгэдээ бид элч Паулын «Исаиа» номоос иш татан: «Сайныг зарлагчийн хөл юутай сайхан» хэмээн бичсэн тэр зүйлийг хийдэг. Бидний дэлгэрүүлдэг сайн мэдээг олон хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн бидний хөл Еховагийн нүдэнд «сайхан» хэвээрээ л байна (Ром 10:15; Исаиа 52:7).

16, 17. Бидний дэлгэрүүлэх ажил ямар хоёр зорилготой вэ?

16 Энэхүү даалгавраар хоёр чухал зорилго биелдэг. Нэгдүгээрт: Сайн мэдээг дэлгэрүүлснээр Бурхны нэр алдаршиж, аврагдахыг хүссэн хүмүүс хаашаа явахаа мэдэх болно. Аугаа даалгаврын энэхүү зорилгыг Паул ойлгодог байсан. Тэрбээр: «Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. „Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон өгсөн. Чи дэлхийн хязгаар хүртэл авралын авчирна“» гэж хэлжээ. Тэгэхээр, Христийн дагалдагч бид бүгдээрээ хүмүүст авралын тухай сайн мэдээг хүргэх ёстой (Үйлс 13:47 Исаиа 49:6).

17 Хоёрдугаарт: Сайн мэдээг дэлгэрүүлэх нь Бурхны шударга шүүлтийн үндсийг тавьдаг. Энэхүү шүүхийн талаар Есүс: «Хүний Хүү алдраа дуурьсган тэнгэрэлчүүдийнхээ хамт ирж алдрынхаа ширээнд залрах бөгөөд бүх үндэстэн Түүний өмнө цуглана. Тэгээд хоньчин хонио ямаанаас ялгадагчлан Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлана» гэж хэлсэн. Хонь ямааг ялгах, шүүх зэрэг нь «Хүний Хүү алдраа дуурьсган» ирэх үед болох хэдий ч дэлгэрүүлэх ажил хүмүүст Христийн сүнслэг ах дүүг таньж, мөнхөд аврагдахын тулд тэдэнтэй хамтран ажиллах боломжийг одоо ч гэсэн олгодог (Матай 25:31–46).

«Найдварын бүрэн баталгааг» хадгалагтун

18. «Авралын найдлагаа» хэрхэн амьд байлгаж болох вэ?

18 Тэрчлэн, дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцох нь найдвараа амьд байлгахад маань тусалдаг. Паул: «Харин та нараас хүн бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргахыг бид хүсдэг» хэмээн бичжээ (Еврей 6:11). Бүгдээрээ «авралын найдлагын дуулгыг өмсөж», «Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахад томилсон юм» гэдгийг санаж явцгаая (1 Тэсалоник 5:8, 9). Пэтрийн: «Та нар оюун санааныхаа ууц нурууг бүсэлж, эрүүл ухаантай байж, ... та нарт өгөгдөх ивээлд найдлагаа бүрэн тавь» гэснийг зүрх сэтгэлээрээ хүлээн авцгаая (1 Пэтр 1:13). Ингэсэн хүн бүхэн «авралын найдлагаа» бүрэн биелэхийг харна!

19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Гэхдээ энэ тогтолцоонд үлдээд байгаа цаг хугацаанд бид хэрхэн хандах хэрэгтэй вэ? Өөрийгөө болон бусдыг аврахын тулд үлдээд байгаа энэ цаг хугацааг яаж ашиглах вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүлдээ авч үзье.

Тайлбарлана уу

• «Авралын найдлагаа» амьд хадгалах хэрэгтэйн учир юу вэ?

• Аврагдах гэдэгт юу юу хамаарах вэ?

• Авралын бэлэг хүртэхийн тулд яах ёстой вэ?

• Бидний дэлгэрүүлэх ажил Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]