«Та нар бүгд ахан дүүс билээ»
«Та нар бүгд ахан дүүс билээ»
«Та нарыг „Багш аа“ гэж бүү дуудаг. Учир нь Багш тань ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ» (МАТАЙ 23:8).
1. Ямар асуулт бидний анхаарлыг татдаг вэ?
«МИССИОНЕР, бетелчин хоёрын хэнийг нь илүү хүндлэх хэрэгтэй вэ?» хэмээн Өрнийн нэгэн орны христосын шашинтан эмэгтэй Австралийн миссионерээс цайлганаар асууж гэнэ. Хилийн чанадаас ирсэн миссионерийг илүү хүндлэх үү, эсвэл Харуулын Цамхаг нийгэмлэгийн салбарт үйлчилж байгаа нутгийн ахыг уу? гэдгийг тэр эмэгтэй мэдэхийг хүссэн байна. Ангийн ялгааг их ач холбогдолтой гэж үздэг нийгмийн санаа бодлыг тусгасан уг цайлган асуулт нь миссионерт гэнэтийн явдал байлаа. Гэхдээ «хэн нь илүү вэ?» гэсэн асуулт бол хэн нь илүү өндөр байр суурь, эрх мэдэл, нөлөөтэй вэ гэдгийг мэдэх гэсэн хүслээс үүдсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
2. Итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах хэрэгтэй вэ?
2 Дээрхтэй төстэй асуулт аль эртнээс бий болсон. Есүсийн шавь нар хүртэл хэн нь илүү вэ гэдэг асуудлаар байнга маргадаг байжээ (Матай 20:20–24; Марк 9:33–37; Лүүк 22:24–27). Тэд нийгмийн ангийг эрхэмлэн үздэг байсан нэгдүгээр зууны үеийн Иудейн нийгэмд харьяалагддаг байв. Есүс тэрхүү нийгмийг харгалзан үзээд: «Та нарыг „Багш аа гэж бүү дуудаг. Учир нь Багш тань ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ» хэмээн шавь нартаа сургамжилсан байдаг (Матай 23:8). «Багш» гэсэн утгатай «Рабби» зэрэг шашны цол хэргэм нь Библи судлаач Альберт Барнзын тэмдэглэн хэлсэнчлэн «уг цол хэргэм хүртсэн хүн өөрийгөө бусдаас дээгүүрт тавин, бардам ихэмсэг зантай болдог бол түүнийг хүртээгүй нь болохоор өөрийгөө „дорд“ үзэн, атаархах сэтгэлд автдаг. Ерөөсөө энэхүү цол хэргэмийн мөн чанар нь „Христ доторх энгийн байдалтай» эрс тэс зөрчилддөг. Тиймээс «ахлагч» гэдэг үгийг бахархан гайхуулах цол хэргэм болгон, «ахлагч тийм ийм» гэсэн байдлаар христосын шашны харгалзагч нарт ханддаггүй (Иов 32:21, 22). Үүний сацуу Есүсийн сургаалыг сахин мөрддөг ахлагч нар Ехова Есүс хоёр өөрсдийн үнэнч үйлчлэгчид болон дагалдагчдыг хэрхэн хүндэтгэж байсны адил хурлын бусад гишүүдийг тийн хүндэтгэдэг.
Ехова Есүс хоёрын жишээ
3. Ехова сүнсэн бүтээлүүддээ яаж хүндэтгэл үзүүлдэг байсан бэ?
3 Ехова хэдий «Хамгийн Дээд» ч гэсэн бүр анхнаасаа л бүтээлүүддээ хүндэтгэл үзүүлж, өөрийн үйл хэрэгт татан оролцуулж байжээ (Дуулал 83:18, АБ). Ехова анхны хүнийг бүтээх ажилд өөрт нь «уран дархнаар» үйлчилж байсан ууган Хүүгээ оролцуулсан (Сургаалт үгс 8:27–30; Эхлэл 1:26). Мөн нүгэлт Ахаб хааныг устгахаар шийдэхдээ яавал дээр вэ гэдэг талаар саналаа хэлэхийг тэнгэрийн элчүүдээсээ хүссэн байдаг (Хаадын дээд 22:19–23).
4, 5. Ехова хүмүүсийг яаж хүндэлдэг вэ?
4 Ехова бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн билээ (Дэд хууль 3:24). Түүнд бусадтай зөвлөлдөх шаардлага байхгүй. Гэсэн хэдий ч, Ехова тэдэнд анхаарлаа хандуулахын тулд доош тонгойсон гэж хэлж болно. Дуулалч: «Бидний Бурхан Эзэнтэй хэн нь адил сан билээ! Бүхнээс өндөрт залардаг боловч, Өөрөө тэрбээр доошлон бууж, тэнгэр болоод газрыг шинжин, өлөн шорооноос ядуусыг өргөв өө» гэж дуулжээ (Дуулал 113:5–8).
5 Ехова Содом, Гоморраг устгахаасаа өмнө Абрахамын хүсэлтийг сонсож, түүний шударга сэтгэлийг харгалзсан (Эхлэл 18:23–33). Абрахамын гуйлт юуг ч өөрчлөхгүй гэдгийг Ехова хэдийнээ мэдэж байсан ч түүнийг тэвчээртэйгээр сонсож, учир байдлыг анхаарч үзсэн.
6. Өөрт нь Ехова хүндэтгэл үзүүлж, асуултад нь хариулсны дараа Хабаккук юу мэдэрсэн бэ?
6 «Эзэн минь, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?» хэмээн лавласан Хабаккукийг ч Ехова мөн сонссон. Энэ асуултыг Ехова өөрийнх нь эрх мэдэл уруу дайрсан өдөөн хатгалга хэмээн хүлээн авсан уу? Үгүй ээ. Тэрбээр урьдчилан хэлсэн шүүлт «заавал ирнэ» гэсэн баталгааг зөнчид өгсөн (Хабаккук 1:1, 2, 5, 6, 13, 14; 2:2, 3). Ехова Хабаккукийн сэтгэл зовнин хэлсэн үгэнд анхааралтай хандаж, хариу өгч хүндэтгэл үзүүлсэн. Цөхөрч байсан зөнчийн сэтгэл сэргэж, баярлан хөөрч, өөрийг нь аварна гэдэгт Бурханд бүрэн итгэлтэй байгаагаа мэдэрчээ. Өнөөдөр Еховад итгэх итгэлийг маань бэхжүүлдэг, Бурхны онгод оруусан Хабаккукийн номд үүнийг тусган харуулсан буй (Хабаккук 3:18, 19).
7. МЭ 33 оны тавь дахь өдрийн баяраар болсон үйл явдалд Пэтрийн оролцсон нь юугаараа гайхамшигтай вэ?
7 Есүс Христ ч бас бусдад хүндэтгэл үзүүлэхийн дээд зэргийн жишээ өгсөн билээ. Тэрбээр шавь нартаа: «Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцгийнхээ өмнө үгүйсгэнэ» гэсэн (Матай 10:32, 33). Гэтэл тэрбээр тэр шөнөдөө дайсанд тушаагдахад бүх шавь нь түүнийг орхиж, элч Пэтр түүнээс гурвантаа урвасан (Матай 26:34, 35, 69–75). Гэвч Есүс Пэтрийн зөвхөн гадна талыг хараагүй, дотоод сэтгэл, гүнээ гэмшсэн байдлыг нь анхаарч үзсэн (Лүүк 22:61, 62). 51-хэн өдрийн дараа Христ гэмшсэн элчийг хүндэтгэж, тавь дахь өдрийн баяраар 120 дагалдагчийг төлөөлөн үг хэлэхийг, мөн «хаанчлалын [эхний] түлхүүрийг» хэрэглэхийг зөвшөөрсөн (Матай 16:19; Үйлс 2:14–40). «Эргэн, ах дүүсээ урамшуулах» боломж Пэтрт олдсон юм (Лүүк 22:31–33).
Гэр бүлийн гишүүдийг хүндэтгэх нь
8, 9. Нөхөр нь эхнэртээ хүндэтгэл үзүүлэхдээ Ехова Есүс хоёрыг яаж дууриаж болох вэ?
8 Нөхрүүд, эх эцгүүд Бурхны өгсөн эрх мэдлийг гүйцэтгэхдээ Ехова болон Есүс Христийг дууриах нь зөв. «[Эхнэрээ] хэврэгхэн сав суулга мэт хүндэлж, мэдлэгийн дагуу» харьцахыг Пэтр нөхрүүдэд уриалсан байдаг (1 Пэтр 3:7, ШЕ). Та модон савнаас өчнөөн дахин хэврэг шаазан савтай хэрхэн харьцах вэ? Гамтай эдлэхгүй гэж үү? Тиймд нөхөр нь гэр бүлийн асуудлыг шийдэхдээ эхнэрийнхээ саналыг сонсож, Еховаг дууриах хэрэгтэй. Ехова Абрахамтай ярилцах цаг гаргасныг санацгаая. Нөхөр нь төгс бус хүний хувьд ямар нэг зүйлийг анхаарахгүй байж болох юм. Тийм болохоор, эхнэрийнхээ саналыг чин сэтгэлээсээ анхаарч, хүндэтгэл үзүүлэх нь ухаалаг биш гэж үү?
9 Эрчүүд нь эмэгтэйчүүдээ ноёрхдог заншил тогтсон орнуудын эрчүүд эхнэрээ өөртэй нь сэтгэлийн нууцаа тийм амар хуваалцаж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Есүс Христ дэлхийд байхдаа ирээдүйн «сүйт бүсгүйд» нь багтан орсон шавь нартаа яаж хандаж байсныг нь дууриагаарай. Тэрбээр тэднийг үнэлж, бие махбодын болоод сүнслэг талаараа хязгаарлагдмал байдлыг нь харгалзаж, шавь нарынхаа хэлэхээс өмнө хэрэгцээ шаардлагыг нь хангаж өгдөг байв (Марк 6:31; Иохан 16:12, 13; Эфэс 5:28–30). Тэрчлэн, эхнэр тань танд болон гэртээ юу хийж байгааг нь ажиглаад үгээрээ, үйл хэргээрээ талархлаа илэрхийлж байгаарай. Ехова Есүс хоёр зохистой хүмүүсийг үнэлж, магтаж, ивээдэг байсныг санаарай (Хаадын дээд 3:10–14; Иов 42:12–15; Марк 12:41–44; Иохан 12:3–8). Нөхөр нь Еховагийн Гэрч болсон Дорнын нэгэн христосын шашинтан эмэгтэй: «Урьд нь нөхөр маань надаас гурав дөрвөн алхам түрүүлэн явж байхад, би хойно нь хамаг юмаа бариад явдаг байлаа. Харин одоо бол тэр цүнхнүүдээ барьдаг, бас гэр орондоо хийж буй зүйлд маань талархдаг болсон!» хэмээн ярьсан билээ. Их талархсан чин сэтгэлийн үг нь өөрийг нь үнэлдэг юм байна гэдгийг мэдэхэд эхнэрт тусалдаг байна (Сургаалт үгс 31:28).
10, 11. Ехова Израилийн самуун ард түмэнд хэрхэн хандаж байснаас эцэг эхчүүд юунд суралцаж болох вэ?
10 Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ харьцахдаа, ялангуяа, тэднийг зэмлэх шаардлагатай үед Бурхныг дууриах хэрэгтэй. Ехова «муу замаас эргэж ирэхийг» уриалж, «Иуда Израиль хоёрт урьдаас сануулсан» боловч тэд «хүзүүгээ хатууруулсан билээ» (Хаадын дэд 17:13–15). Түүгээр ч барахгүй, израильчууд «амаараа Түүнд бялдуучилж, хэлээрээ Түүнд худал ярьсан». Хүүхдүүд заримдаа яг тэдэн шиг байдаг гэж олон эцэг эх үздэг. Израильчууд «Бурхныг сорьж», «хилэгнүүлж», «гомдоосон». Гэвч Ехова «нигүүлсэнгүй» байж, «тэдний гэм нүглийг уучилж, тэднийг устгаагүй» (Дуулал 78:36–41).
11 Түүнээс гадна, Ехова: «Нааш ир. Хамт хэлэлцье. ... Та нарын нүгэл гал улаан мэт боловч цас шиг цагаан болно» гэж израильчуудаас гуйсан (Исаиа 1:18). Хэдийгээр Ехова буруугүй байсан ч бүгдийг нь эвлэрүүлэх гэж самуун ард түмнийг ирэхийг уриалсан. Эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ харьцахдаа Еховагаас жишээ авах хэрэгтэй. Ноцтой асуудал бий болбол саналаа хэлэх боломжийг хүүхдүүддээ олгож, тэднийг сонсоорой. Тэгээд тэд яагаад засрах хэрэгтэйн учрыг гарга, тэгэхдээ тэдний сайн талыг хүндэлдгээ харуулаарай.
12. а) Хүүхдүүдээ Еховагаас «илүүд үзэж» болохгүйн учир юу вэ? б) Хүүхдүүдээ зэмлэхдээ тэдний хувийн сайн чанарыг хүндэтгэж байгаагаа хэрхэн харуулах вэ?
12 Заримдаа хүүхдэд хатуу сургамж хэрэгтэй болдог нь маргаангүй. Эцэг эхчүүд «өөрийнхөө хөвгүүдийг» Еховагаас илүүд үзсэн Илиаг дуурайх ёсгүй (1 Самуел 2:29). Сургалтын арга хэмжээ нь хайрын сэтгэлээс үүдэн гардаг гэдгийг залуучууд ойлгох хэрэгтэй. Эцэг эх нь өөрсдийг нь жинхэнэ ёсоор хайрладгийг тэд мэдрэх ёстой. Паул эцгүүдэд: «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзний сануулга ба дэг журам дотор хүмүүжүүл» хэмээн уриалсан (Эфэс 6:4). Энэ үгийн гол санаа нь гэвэл эцэг хүн эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хүүхдүүдийнхээ сайн чанарыг хүндэтгэж, хэтэрхий ширүүн зангаар тэдний уурыг хүргэхгүй байх хэрэгтэй гэсэн үг юм. Тийм ээ, хүүхдийнхээ сайн чанарыг харгалзан үйл ажиллагаа явуулахад цаг, хүч хэрэгтэй. Гэхдээ эцэг эхийн хүчин чармайлтын үр жимс нь ямар ч золиосын үнэд хүрч болно.
13. Библийн дагуу бол өндөр настай болсон эцэг эхтэйгээ яаж харьцах ёстой вэ?
13 Гэр бүлийн гишүүдээ хүндэтгэнэ гэдэг нь эхнэр болоод хүүхдүүдийнхээ сайн талыг хүндэтгэн үзэхээс өргөн хүрээтэй асуудал юм. «Өтлөхдөө хүүхдүүдийнхээ үгэнд орж бай» гэсэн японы зүйр үг байдаг. Үүний санаа нь гэвэл нас өндөр болсон аав ээжүүд эцэг эхийн бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй, харин насанд хүрсэн хүүхдүүдийнхээ санал бодлыг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үгийг анхааралтай сонсож, тэдэнд хүндэтгэл үзүүлэх нь Библийн зарчим мөн. Гэвч нөгөө талаас хүүхдүүд нас өндөр болсон эцэг эхээ үл хүндэтгэсэн байдлаар хандах ёсгүй. Сургаалт үгс 23:22-т: «Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтөлсөн ч харж хандаж бай» гэж бйадаг. Соломон хаан энэхүү сургаалт үгсийг мөрдөн амьдарсан бөгөөд эхийгээ өөрт нь хандан хүсэж гуйхад нь ээждээ хүндэтгэл үзүүлсэн билээ. Соломоны зарилгаар сэнтийнийх нь баруун талд өөр нэгэн сэнтий тавьж, түүн дээр түүний эх Батшебаг суулгасан бөгөөд Соломон эхийнхээ юу хэлэхийг сонсжээ (Хаант улсын дээд 2:19, 20).
14. Хурлын ахмад гишүүдийг хэрхэн хүндэтгэж болох вэ?
14 Харин манай сүнслэг гэр бүлийн тухайд бол хурлын ахмад гишүүдэд «юуны түрүүнд» хүндэтгэл үзүүлэх боломж хэзээ ямагт байдаг (Ром 12:10, ШЕ). Тэд урьд нь хийж байсан зүйлээ хийж чадахаа больсон байж болох бөгөөд энэ нь тэднийг гутрахад хүргэдэг (Номлогчийн үг 12:1–7). Эмнэлэгт, хэвтэрт орсон нэгэн тослогдсон өтөл Гэрч эмэгтэй нэгэнтээ гутарсан байдлаа илэрхийлэн: «Би хэзээ үхэж, ажилдаа эргэж орох юм бол доо?» хэмээн хэлжээ. Хэрэв бид өтөл болсон итгэл нэгтнүүдийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх аваас тэдэндээ тусалж байгаа нь тэр. Израильчуудад: «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэ» хэмээн зарлиг буулгасан байдаг (Левит 19:32). Настангууддаа өөрсдийг нь хэрэгтэй бөгөөд үнэтэй хүмүүс шүү гэдгийг нь ойлгуулан тэдэнд анхаарлаа хандуулагтун. «Босон зогсох» гэдэг нь тэдэнтэй зэрэгцэн сууж, олоон жилийн өмнө гаргаж байсан амжилтынх нь талаар анхаарал тавин сонс гэсэн үг байж болох юм. Тэгснээрээ бид настангуудаа хүндэлж, өөрсдөө сүнслэг талаараа баян тансаг болно.
«Юуны түрүүнд... хүндэтгэгтүн»
15. Ахлагч нар хурлын гишүүдийг хэрхэн хүндэлж болох вэ?
15 Ахлагч нар хурлын гишүүдэд сайн жишээ болж байгаа цагтаа сүнслэг талаараа цэцэглэн хөгжиж байдаг (1 Пэтр 5:2, 3). Санаа тавимтгай ахлагч нар зав зай муутай байдаг хэдий ч хүндрэл бэрхшээл байгаа эсэхээс нь хамааралгүйгээр хүүхдүүд, өсвөр насныхан, ганц бие эх, гэрийн эзэгтэй болон ахмад настангуудыг эргэж тойрч байдаг. Ахлагч нар хурлынхаа гишүүдийн үгийг сонсож, хийж гүйцэтгэсэн ажил амжилтыг нь магтан сайшаадаг. Ажигч гярхай ахлагч ах эгч нарын амжилт бүтээлийг магтан сайшааснаарааа газрын бүтээлүүдээ үнэлдэг Еховаг дуурайдаг юм.
16. Ахлагч нар хурлын бусад гишүүдийн адил түвшинд хүндэтгэл хүлээх учиртай гэж үзэхийн учир юу вэ?
16 Ахлагч нар Еховаг дуурайхдаа: «Ах дүүсийн хайраар нэг нэгнээ халуунаар хайрлагтун. Хүндэтгэл дотор нэг нэгнээ [«юуны түрүүнд бие биеэ хүндэтгэгтүн», ШЕ] эрхэмлэн дээдэл» гэсэн Паулын үгийг мөрдөх сайхан жишээ болдог (Ром 12:10). Хүмүүс нь ангиудад хуваагддаг улс оронд амьдардаг ахлагч нарын хувьд ийм жишээ үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь: Дорнодын нэгэн орны хэлэнд «ах» гэдэг утгатай хоёр үг байдаг. Нэг нь хүндэтгэлийн, нөгөө нь ердийн утгыг илэрхийлдэг аж. Саяхан болтол тэндхийн хурлын гишүүд ахлагч нарт болон ахмад настай хүмүүст хандахдаа хүндэтгэлийн утгатай үгийг нь, хурлын бусад гишүүдэд хандахдаа ердийн утгатайг нь хэрэглэдэг байжээ. Гэвч, Есүс дагалдагчдадаа: «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлсэн болохоор ахлагч нар, бусад гишүүд гэж ялгалгүй бүгдэд ердийн утгатай «ах» гэдэг үгийг хэрэглэж байхыг тэдэнд санал болгосон билээ (Матай 23:8). Хэдийгээр бусад улс оронд тиймэрхүү ялгаа төчнөөн тод байдаггүй байж болох ч гэсэн хүн хүнээ ангид хуваан үзэх хандлагатай байдгийг санах хэрэгтэй (Иакоов 2:4).
17. а) Ахлагч нар ямар учраас хүртээмжтэй байх ёстой вэ? б) Ахлагч нар хурлын гишүүдэд хандахдаа Еховаг хэрхэн дуурайж болох вэ?
17 Зарим ахлагчид «хоёр дахин хүндэтгэл» үзүүлэхийг Паул бидэнд уриалсан нь үнэн хэдий ч тэглээ гээд тэд бидний ах дүүс хэвээрээ л үлддэг (1 Тимот 5:17). Хэрэв бид орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний «ивээлийн ширээнд зоригтойгоор ойртон» очиж болдог юм бол Еховаг дуурайх ёстой ахлагч нарт ойртон очиж болохгүй нь юу билээ? (Еврей 4:16; Эфэс 5:1). Ахлагч нарт ойртон очих боломж аль хир байна гэдгийг тэднээс зөвлөгөө авахаар юм уу, эсвэл санал бодлоо илэрхийлэхээр хандаж байгаа хүмүүсийн тоогоор шүүж болно. Ахлагч нар ажил хэргээ гүйцэлдүүлэхийн тулд бусдыг ашигладаг Еховагаас суралцах хэрэгтэй. Тэрбээр бусдад үүрэг даалгавар өгснөөрөө тэдэнд хүндэтгэл үзүүлдэг. Хэн нэгэн Гэрчийн санал нь хүлээн авах боломжгүй байлаа ч ахлагч нар идэвх санаачлагыг нь үнэлэн талархал илэрхийлэх хэрэгтэй. Абрахамын шаргуу асуулт болон Хабакуккийн орилоонд Ехова хэрхэн хандсаныг санагтун.
18. Засах шаарддагатай болсон хүнийг сургамжлахдаа ахлагч нар Еховаг хэрхэн дуурайж болох вэ?
18 Христосын шашинтан хүнийг заримдаа засах шаардлагатай болдог (Галат 6:1). Гэвч энэ үед тэд Еховагийн нүдэнд үнэтэй хэвээрээ үлддэг бөгөөд зохистой харилцааг олж авдаг. «Хэрэв надад багшилж байгаа хүн намайг хүндэтгэж хандвал миний хувьд түүнтэй харьцахад хялбар байдаг» гэж нэгэн Гэрч ярьсан юм. Өөрсөдтэй нь зохих ёсоор харьцсан тохиолдолд ихэнх хүн сургаалыг нааштай хүлээн авдаг. Алдаж эндсэн хүний үгийг сонсоход багагүй цаг зарцуулах байлаа ч түүнийг тэвчээртэйгээр сонсож чадвал хэрэгтэй ямар ч сургаалыг хүлээж авахад нь түүнд дөхөмтэй болно. Өрөвч сэтгэлээсээ болоод израильчуудтай дахин дахин яриа хэлэлцээр хийж байсан Еховагийн жишээг санагтун (Шастирын дэд 36:15; Тит 3:2). Тусламж шаардагдсан хүмүүсийг сургамжлахдаа тэднийг ойлгож, өрөвдөж хандах аваас энэ нь тэдний зүрх сэтгэлд хүрдэг (Сургаалт үгс 17:17; 1 Пэтр 3:8; Филиппой 2:2, 3).
19. Христосын шашинтны итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүст хэрхэн хандах хэрэгтэй вэ?
19 Ирээдүйд сүнслэг ахан дүүс болох хүмүүстээ бид хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Тэдгээр хүмүүс өнөөдөр сайн мэдээг хүлээж авахгүй байлаа ч гэсэн тэдэнд тэвчээртэй хандаж, эрхэм сайн чанаруудыг нь хүндлэх хэрэгтэй. Ехова «хэнийг ч мөхүүлэхийг зорьдоггүй, харин бүх хүн гэмшил рүү ирэхийг хүсдэг билээ» (2 Пэтр 3:9). Бид Еховагийн үзэл бодлыг хуваалцах хэрэггүй гэж үү? Орчин тойрныхондоо элэгсэг дотно байхыг цаг ямагт хичээснээр бид гэрчлэх үндэс сууриа тавьж чадна. Мэдээжээр бид сүнслэг талаар аюултай харьцаанаас зайлсхийх хэрэгтэй (1 Коринт 15:33). Гэхдээ бид итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүсийг жигшин зэвүүцэхгүйгээр «сайхан сэтгэл гаргаж» болно (Үйлс 27:3).
20. Ехова болон Есүс Хритийн жишээ бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
20 Тийм ээ, Ехова болон Есүс Христ бид бүхнийг хүндэтгэл хүлээх нь зохистой гэж үздэг. Тэд хэрхдэг байсан шиг юуны түрүүнд бусад хүмүүсийг хүндэтгэж байхыг үргэлж санаж явъя. «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлсэн Эзэн Есүс Христийнхээ үгийг үргэлж санаж явцгаая (Матай 23:8).
Та яаж хариулахсан бол?
• Итгэл нэгтэнтэйгээ яаж харьцах хэрэгтэй вэ?
• Бусад хүмүүсийг хүндэтгэхэд Ехова болон Есүсийн жишээ бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
• Нөхөр эхнэрээ, эцэг эх хүүхдүүдээ хэрхэн хүндэтгэж болох вэ?
• Ахлагч нар итгэл нэгтнүүддээ ах дүүгийн ёсоор хандахдаа яах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]