Skip to content

Гарчиг руу орох

Өөрийгөө болон сонсогчдоо аврагтун

Өөрийгөө болон сонсогчдоо аврагтун

Өөрийгөө болон сонсогчдоо аврагтун

«Өөртөө ба зааж байгаа зүйлдээ байнга анхаарлаа хандуул. ...Үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчдийг аварна» (1 ТИМОТ 4:16, ШЕ).

1, 2. Хүмүүсийг аврал уруу хөтөлдөг үйлчлэлээ үргэжлүүлэхэд нь жинхэнэ христосын шашинтнуудад юу нөлөөлдөг вэ?

 ТАЙЛАНДЫН хойд хэсэгт орших алс холын бяцхан тосгонд Еховагийн Гэрч эхнэр нөхөр хоёр доворхог газар аж төрдөг омгийнхонтой өөрсдийнхөө хувьд шинэ хэлээр ярьдаг байна. Тэр хоёр Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тосгоныхонд дэлгэрүүлэхийн тулд лаху хэлийг саяхнаас сурч эхэлжээ.

2 «Энэ сонин хүмүүсийн дунд үйлчилсний дүнд олж авдаг баяр хөөр, сэтгэлийн ханамжаа тийм гэж хэлэх аргагүй юм. Энд „бүх удам угсаа, бүх үндэстэн, бүх хэл, бүх ард түмэнд“ дэлгэрүүлэх тухай хэлсэн Илчлэлт 14:6, 7-ийн зөгнөлийн биелэлд оролцож байгаа маань онцгой мэдрэгддэг. Хүмүүс нь сайн мэдээ сонсоогүй газар нутаг дэлхий дээр цөөхөн үлдсэний нэг нь энэ байх. Бид хүссэн бүгдтэй Библийн хичээл хийж амжихгүй шахуу л явна» гэж нөхөр нь хэлэв. Энэ хосууд өөрсдийгөө авраад зогсохгүй сонсогчдоо аварна хэмээн найдаж байгаа нь илт. Тэгвэл христосын шашинтан бид бүгдээрээ тийн найддаггүй гэж үү?

«Өөртөө байнга анхаарлаа хандуул»

3. Бусдыг авармаар байвал өөрсдөө юу хийх хэрэгтэй вэ?

3 Элч Паулын Тимотод өгсөн сургамж христосын шашинтан бүрт хамаатай. Паул: «Өөртөө ба зааж байгаа зүйлдээ байнга анхаарлаа хандуул» гэжээ (1 Тимот 4:16, ШЕ). Тийм ээ, бид бусдыг авралд хүрэхэд нь туслахын тулд «өөртөө анхаарлаа хандуулах» хэрэгтэй. Энэ юү гэсэн үг вэ? Ямар үед аж төрж байгаагаа санана гэсэн үг. Есүс дагалдагч нартаа «эд юмсын тогтолцооны төгсгөлийн» үе хэзээ эхлэхийг тодорхойлох цогц шинж тэмдэг ямар байхыг хэлж өгсөн. Гэхдээ төгсгөл яг хэзээ ирэхийг мэдэх боломжгүйг маань Есүс мөн хэлсэн (Матай 24:3, ШЕ, 36). Тэгэхлээр бид яах хэрэгтэй вэ?

4. а) Энэ тогтолцоонд үлдсэн байгаа цаг хугацаанд яаж хандах хэрэгтэй вэ? б) Ямар бодлоос зайлсхийх хэрэгтэй вэ?

4 Хүн болгон дор бүрнээ: «Энэхүү тогтолцоонд үлдээд байгаа өөрийгөө болон сонсогчоо аврахад шаардлагатай тэр цагийг би ашиглаж байна уу, үгүй юү? Эсвэл, төгсгөл яг хэзээ ирэх нь тодорхойгүйгээс хойш, энэ талаар санаа зовох хэрэг юун гэж бодож байна уу?» хэмээн өөрөө өөрөөсөө асууцгаая. Сүүлчийн бодол нь аюултай. Энэ нь Есүсийн: «Та нар бас бэлэн бай. Учир нь Хүний Хүү та нарын бодоогүй цагт ирэх юм» гэсэн амин чухал үгтэй шууд зөрчилдөнө (Матай 24:44). Одоо Еховад үйлчлэхээ удаашруулах юм уу эсвэл энэ дэлхийд амьдралаа улам төвхнүүлэх гэж хичээх цаг биш ээ (Лүүк 21:34–36).

5. Христээс өмнөх үеийн Еховагийн гэрчүүд ямар жишээ үлдээсэн бэ?

5 Түүнээс гадна, өөртөө анхаарлаа хандуулна гэдэг нь ямар ч бэрхшээлийг ажралгүй, христосын шашинтны зам дээр үлдэнэ гэсэн үг. Урьд цагт Бурхны үйлчлэгчид удахгүй аврагдах найдвартай юу, үгүй юү гэдгээс үл хамааран тэсэн тэвчсээр байсан. Паул Христээс өмнөх үеийнхний, тухайлбал, Абел Енох Ноа Абрахам Сара нарын жишээг татахдаа «амласныг хүртэлгүйгээр... гагцхүү амласныг нь холоос харж баясаад өөрөө энэхүү газарт харь хүн ба аяны хүн байсныг» ажигласан байна. Тэд хөнгөн хялбар амьдралын замд уруу татагдан ороогүй бөгөөд орчин тойрныхныхоо нөлөөгөөр садар самуун явдалд автаагүй. Тэд «амлалтуудын» биелэлийг тэсэн ядан хүлээж байв (Еврей 11:13; 12:1).

6. I зууны үеийн Христийн дагалдагчдын авралд хандах хандлага нь тэдний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн бэ?

6 I зууны Христийн дагалдагчид ч мөн өөрсдийгөө энэ дэлхийн «аяны хүн» гэж үздэг байжээ (1 Пэтр 2:11). Түүгээр ч үл барам, жинхэнэ христосын шашинтнууд МЭ 70 онд Иерусалимын сүйрлийн үеэр аврагдсаныхаа дараа ч дэлгэрүүлэхээ болиогүй бөгөөд дэлхийн амьдралаар амьдраагүй. Тэд үнэнч үлдэх хүмүүсийг агуу их аврал хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан. Олон жилийн дараа, МЭ 98 онд элч Иохан: «Энэхүү дэлхий хийгээд түүний хүсэл нь өнгөрнө. Харин Бурхны тааллыг гүйцэлдүүлэгч нь мөнхөд оршино» гэж бичжээ (1 Иохан 2:17, 28).

7. Еховагийн Гэрчүүд өнөө үед яаж тэвчээр гаргадаг вэ?

7 Өнөө үеийн Еховагийн Гэрчүүд ч бас хатуу ширүүн хавчилт амсаж байгаа ч, христийн үйл хэргийг тэвчээртэйгээр үргэлжлүүлсээр байна. Тэд дэмий тэвчлээ гэж үү? Мэдээж, үгүй. Учир нь Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ нь хуучин тогтолцооны төгсгөл хүртэл, аль эсвэл амьдралынхаа эцэс хүртэл тэвчсэн нь аврагдах болно гэсэн үг. Ехова амилалтын өдөр болоход нас барсан үнэнч үйлчлэгч болгоноо санаж, шагнах болно (Матай 24:13; Еврей 6:10).

8. Дээр үеийн христосын шашинтнуудад тэсвэр хатуужилтай байсных нь төлөө яаж талархлаа илэрхийлж болох вэ?

8 Түүнээс гадна дээр үеийн үнэнч христосын шашинтнууд зөвхөн өөрсдөө аврагдах талаар бодож байгаагүйд нь бид баяртай байдаг. Тэдний хичээл зүтгэлийн ачаар Бурхны Хаанчлалын тухай мэдэж авсан бид, «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго. [...] Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагтун» гэсэн Есүсийн даалгаврыг хатуужилтайгаар биелүүлсэнд нь тэдэнд талархдаг (Матай 28:19, 20). Боломж байгаа дээр нь, сайн мэдээг хараахан сонсоогүй хүмүүст дэлгэрүүлж талархлаа илэрхийлцгээе. Гэхдээ дэлгэрүүлнэ гэдэг бол дагалдагч бэлтгэх анхны л алхам юм.

«Зааж байгаа зүйлдээ байнга анхаарлаа хандуул»

9. Библийн хичээл эхлүүлэхэд маань өөдрөг сэтгэл хэрхэн тусалдаг вэ?

9 Бид дэлгэрүүлэгч төдийгүй багш байх ёстой. Тушаасан болгоныг нь мөрддөг болоход хүмүүсийг сурга гэж Есүс бидэнд зарлиг болгосон. Зарим газар Еховагийн тухай мэдэхийг хүсдэг хүн цөөхөн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч нутаг дэвсгэрт дурамжхан байдлаар хандах нь Библийн хичээл эхлүүлэхэд саад болж болох юм. «Үр жимсгүй» гэж олонхын үздэг нутаг дэвсгэрт үйлчилдэг Иветт гэдэг эхлэгч эмэгтэй тэр нутагт дэлгэрүүлэхээр ирсэн, өөдрөг сэтгэлтэй Гэрчүүд Библийн хичээл эхлүүлж чаддагийг ажиглажээ. Иветт тэр нутаг дэвсгэрийг өөр нүдээр харснаар Библи судлах хүсэлтэй хүмүүсийг мөн олсон байна.

10. Хүмүүст Библийн үнэнийг заахад бидний зорилго үндсэндээ юу байх ёстой вэ?

10 Зарим Гэрч Библийн хичээл явуулж чадахгүй байх гэж бодоод сонирхсон хүмүүст санал болгохоосоо айдаг. Мэдээж, хүмүүсийн авьяас чадал нь харилцан адилгүй. Гэхдээ хүмүүст Библийн үнэнийг үр өгөөжтэй заахын тулд заавал мэргэжсэн байх албагүй. Бурхны Үг өөрөө асар их хүчтэй бөгөөд Есүсийн хэлснээр хонинууд нь жинхэнэ хоньчныхоо дууг мэднэ. Тиймд бид «сайн хоньчин» Есүсийн сургаалыг чадлынхаа хирээр л дамжуулах үүрэгтэй (Иохан 10:4, 14).

11. Библийн үнэнийг илүү үр өгөөжтэй заахад юу туслах вэ?

11 Есүсийн сургаалыг илүү өгөөжтэй дамжуулахад юу туслах вэ? Давын өмнө хэлэлцэж байгаа асуудлыг маань Библи юу гэж үздэгийг мэдэх шаардлагатай. Тухайн асуудлыг бусдад тайлбарлахаасаа өмнө өөрөө ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна, Библийн хичээл явуулахдаа хүндэтгэлтэй бөгөөд нөхөрсөг орчин бий болгохыг хичээгээрэй. Библи судалж буй хүмүүс, тэр дундаа, бүр залуу хүмүүс өөрийгөө чөлөөтэй байгааг мэдэрвэл, мөн багш нь түүнийг хүндэтгэж, сайхан сэтгэлээр хандвал материалыг илүү сайн эзэмших болно (Сургаалт үгс 16:21).

12. Судалж буй материал суралцагч хүнд тань ойлгомжтой байна гэдэгт хэрхэн итгэх вэ?

12 Сургалтын зорилго бол суралцагч хүндээ ярьсан зүйлийнхээ утгыг ойлгуулахгүйгээр давтуулахдаа бус харин мэдсэн зүйлдээ анхаарлаа сайтар хандуулдаг болоход нь туслах явдал юм. Таны ярихыг хэрхэн ойлгох нь тухайн хүний мэдлэг боловсрол, урьдын явдал болон Библитэй хэр танил байхаас шалтгаална. Тийм болохоор, «Судлалын материалд оруулсан Библийн зүйлүүдийн утгыг энэ хүн ойлгож байна уу, үгүй юү?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Түүнийг үг хэлдэг болгоход зүгээр л «тийм» эсвэл «үгүй» гэдгээр хариулж болохооргүй, харин илүү дэлгэрэнгүй хариулт шаарддаг асуултууд тусалдаг (Лүүк 9:18–20). Зарим суралцагч хичээлийн үеэр асуулт асуухаасаа зовдог. Ингэснээр тэдний хувьд олон санаа ойлгомжгүй болж хоцордог. Тийм учраас суралцагч хүнээрээ асуулт асуулгаж, хэрвээ түүнд ямар нэг санаа ойлгомжгүй байвал тэр тухайгаа хэлж байхыг сануулаарай (Марк 4:10; 9:32, 33).

13. Суралцагч хүнд багш болоход нь яаж туслах вэ?

13 Библийн хичээл хийхдээ тэр хүнээ багш болоход нь туслах нь чухал (Галат 6:6). Ингэхийн тулд үзээд өнгөрсөн материалаа давтахдаа ямарваа нэг зүйлийг анх удаа сонсож байгаа хүнд тайлбарлаж байгаа юм шиг энгийн үгээр тайлбарлыг судлагч хүнээсээ гуйж болно. Хожим суралцагч тань үйлчлэлд оролцоход бэлэн болоход түүнийг өөртэй хамт дэлгэрүүлэхээр урьж болно. Тантай цуг дэлгэрүүлэх нь түүнд амар байх нь тагад бөгөөд туршлага суугаад ирэхээрээ үйлчлэлд бие даан явах итгэлтэй болно.

Еховагийн анд нөхөд болоход нь суралцагч хүмүүстээ туслаарай

14. Багшийн гол зорилго юу вэ? Зорилгодоо хүрэхэд юу туслах вэ?

14 Христосын шашинтан багшийн гол зорилго бол Еховатай найрамдаж нөхөрлөхөд нь суралцагч хүмүүст туслах явдал юм. Та бүхэн зөвхөн үг яриагаараа төдийгүй өөрийнхөө үлгэр жишээгээр энэ зорилгод хүрч болно. Үлгэр жишээ бол судлагч хүний сэтгэл зүрхэнд хүрдэг. Үйл хэрэг бол үг ярианаас ч илүү чанга ярьдаг. Ялангуяа ёс суртахууны зарчмыг хүнд зааж сургах, идэвх төрүүлэх үед энэ нь маш чухал. Хэрэв та бүхний үг яриа, үйл хэрэг Еховатай харьцаатай байгаагийн үр шим гэдгийг тэр хүн харвал, магадгүй, өөрөө Бурхантай тийм харьцаатай болохыг маш ихээр хүсдэг болж болох юм.

15. а) Судлагч хүн зөв санаагаар Еховад үйлчлэхийг хичээх нь яагаад чухал бэ? б) Судлагч хүнд сүнслэг өсөлтөө зогсоохгүй байхад нь яаж туслах вэ?

15 Судлагч хүн маань Хармагэдооноор устгагдахаасаа айсандаа биш, гагцхүү хайрын сэтгэлээр Еховад үйлчлээсэй гэж бид хүсдэг. Түүнд тийм цэвэр ариун санааг хөгжүүлэхэд нь тусалж, дүрслэн хэлбэл, итгэлийн сорилтыг тэсэж чадах, галд тэсвэртэй материалаар бид барилга барих болно (1 Коринт 3:10–15). Судлагч хүнд буруу санаа нь, тухайлбал, бүх талаараа таныг юм уу өөр хүнийг дуурайх хэт хүсэл нь христосын шашинтны биш нөлөөг эсэргүүцэх хүч ч өгөхгүй, үнэнээр явах эр зориг ч өгөхгүй. Та түүнийг эцэс төгсгөлгүй сургахгүй гэдгийг санаарай. Боломж байгаа дээр Еховад байнга ойртоход нь түүнийг хөхүүлэн урамшуулаарай. Тэр хүн Бурхны Үгийг өдөр бүр уншиж, түүнийгээ эргэцүүлэн бодог. Тэгвэл, тэр тантай судалж дуусгасны дараа ч гэсэн Библи болон түүнд үндэслэсэн хэвлэлд байдаг «эрүүл үгсийн жишээг» цааш эзэмшсээр байна (2 Тимот 1:13).

16. Хүнийг яаж чин сэтгэлээсээ залбирдаг болгон сургах вэ?

16 Суралцагч хүнээ Еховад ойртоход нь туслах нэг арга бол түүнийг чин сэтгэлээсээ залбирдаг болгон сургах явдал юм. Яаж? Есүсийн загвар залбиралд, мөн тэрчлэн «Дуулал» зэрэг Библийн номуудад бичсэн бусад олон чин сэтгэлийн залбирлуудад тэдний анхаарлыг хандуулж болно (Дуулал 16, 85, 142; Матай 6:9, 10). Түүнээс гадна хичээлийнхээ эхэнд болон төгсгөлд залбирахыг тань сонсоод судлагч хүн таныг Еховатай ямархуу байдлаар харьцдагийг тань мэдрэх болно. Тиймд та цаг үргэлж чин сэтгэлээсээ, илэн далангүй байдлаар, мөн тэрчлэн сүнслэг гүн гүнзгий утга агуулгатай, сэтгэлийн хэт хөөрөлд автахгүйгээр залбирч байгаарай.

Хүүхдүүдээ аврагдахад туслаарай

17. Авралын зам дээр тогтож үлдэхэд нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?

17 Бид гэр орныхныгоо аврахыг хүсдэг. Христосын шашинтан айлын цөөнгүй хүүхэд чин сэтгэлээсээ «бат итгэлээр» өсөж өндийдөг. Гэвч зарим хүүхэд үнэнийг зүрх сэтгэлээрээ хүлээж авдаггүй (1 Пэтр 5:9; Эфэс 3:17, 18; Колоссай 2:7). Эдгээр залуучуудаас олон хүн насанд дөнгөж хүрээд юм уу, эсвэл насанд хүрэхийнхээ даваан дээр христосын шашинтны замыг орхидог. Эцэг эхчүүд тийм байдлаас хэрхэн сэргийлж болох вэ? Юуны түрүүнд гэр орондоо тааламжтай орчин бүрдүүлэх шаардлагатай. Сайн айлын хүүхдүүд эрх мэдлийг зөв хүлээн авч, хүмүүстэй зөв харилцаж сурдаг ба эрхэм сайн чанаруудыг эзэмшдэг (Еврей 12:9). Эцэг эх болоод үр хүүхдүүдийн хоорондын ойр дотно харьцаа нь хүүхдийг Еховатай анд нөхрийн холбоотой болж өсөхөд нөлөөлөх үржил шимтэй хөрс болдог (Дуулал 22:10). Эв найртай гэр бүлийнхэн болохоор өөрсдийнхөө тусын тулд зориулах ёстой байсан цагаа хүртэл золиослоод хамтран хичээллэх цаг гаргаж чаддаг. Тийнхүү эцэг эхчүүд өөрсдийнхөө жишээгээр амьдралдаа зөв шийдвэр гаргаж чаддаг болоход нь хүүхдүүдээ сургаж болно. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдэд эд баялаг бус, харин та нар өөрсдөө, тэр дундаа та нарын тэдэнтэй хамт өнгөрөөх цаг, тэднийг хайрлах хайр, өмөг түшиг чинь юу юунаас илүү хэрэгтэй шүү. Энэ бүхнийг та нар тэдэнд өгдөг үү?

18. Ямар ямар асуултад хариу олоход нь эцэг эхчүүд хүүхдүүддээ туслах ёстой вэ?

18 Христосын шашинтан эцэг эхчүүд хүүхдүүдээ хар аяндаа Христийн дагалдагч болчихно гэж үзэж болохгүй. Таван хүүхэдтэй ахлагч Даниел: «Сургууль болон бусад орчноос хүүхдийн оюун ухаанд зайлшгүй тогтдог эргэлзээг арилгахын тулд эцэг эхчүүд цаг зав гаргах хэрэгтэй. Бид үнэхээр төгсгөлийн цаг үед амьдарч байгаа юу? Жинхэнэ шашин зөвхөн ганцхан байдаг нь үнэн үү? Сайн хүүхдүүд гэж санагддаг ангийнхаа зарим хүүхэдтэй харьцаж болохгүйн учир юу вэ? Гэр бүл болохын өмнөх бэлгийн харьцаа болгон зохисгүй гэж үү? зэрэг асуултад зөв хариу олоход нь хүүхдүүддээ тэвчээртэйгээр туслах хэрэгтэй» гэж хэлсэн байна. Эцэг эхчүүд ээ, Ехова танай хүүхдүүдийн сайн сайхны төлөө санаа тавьж байдаг болохоор та нарын хүчин чармайлтыг ивээнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ.

19. Юуны түрүүнд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өөрсдөө хамт Библийн хичээл үзэх хэрэгтэйн учир юу вэ?

19 Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хичээл хийгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй гэж үздэг. Тийм бодол бол буруу юм. Яагаад гэвэл танай хүүхдийг та нараас өөр илүү сайн сургаж чадах хүн байхгүй (Эфэс 6:4). Хүүхдүүдтэйгээ хичээллэх явцдаа тэдний бодол санаа, хүсэл мөрөөдлийг мэдэж болно. Чин сэтгэлээсээ ярьж байна уу, эсвэл өнгөцхөн ойлголттой байна уу? Тэд мэдэж авсан зүйлдээ үнэхээр итгэж байна уу? Ехова тэдний хувьд бодитой оршин байдаг бодгаль мөн үү? Библийг та зөвхөн хүүхдүүдтэйгээ хамт судалж байж л эдгээр болон бусад нилээдгүй чухал асуултын хариуг олж болно (2 Тимот 1:5).

20. Эцэг эхчүүд гэр бүлийн хичээлийг яавал илүү сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй болгож болох вэ?

20 Гэр бүлээрээ судлах судлагааг тогтмол явуулахад юу тусладаг вэ? Хүү охин хоёртой ахлагч Жозеф: «Библийн бусад хичээлүүдтэй алилхан гэр бүлийн Библи судлал нь хүсэн хүлээж байдаг таатай үйл явдал байх ёстой. Хичээлээ явуулахдаа цагт хэтэрхий баригдах нь зохимжгүй байдаг. Манай хичээл нэг цаг үргэлжилдэг хэдий ч заримдаа аравхан минутын боломж гарлаа гэхэд бид ялгаагүй хичээллэхээр ширээндээ сууцгаадаг. Бид хичээлээ явуулахдаа „Библийн өгүүллэгүүдийн миний ном“-оос сэдэвлэн жүжигчилсэн тоглолт хийдэг болохоор хүүхдүүд маань ээлжит хичээлийн өдрөө тэсэж ядан хүлээдэг юм. Иймэрхүү байдлаар хүүхдийн зүрх сэтгэлд үлдсэн ул мөр, мөн ийм тоглолтын ачаар олж авсан Библийн гүн мэдлэг нь догол мөрүүдийг зүгээр нэг уншихаас хамаагүй илүү чухал байдаг» гэж хэлжээ.

21. Эцэг эхчүүд хүүхдээ хэзээ сургаж болох вэ?

21 Хүүхдийг сургах нь сургалтад зориулж тусгайлан гаргасан цагаар хязгаарлагдахгүй нь магад (Дэд хууль 6:5–7). Өгүүллийн эхэнд үгийг нь иш татан дурдсан Тайландад үйлчлэгч Гэрч: «Дэлгэрүүлэх ажилд эцэг минь намайг авч явдаг байсныг би их сайн санадаг юм. Аав бид хоёр дугуйгаар хурлынхаа дэвсгэр нутгийн хамгийн алсын цэгүүдээр явдаг байлаа. Бүрэн цагийн үйлчлэгчид болоход маань чухамдаа эцэг эхийн маань жишээ, мөн тэрчлэн боломж болгоныг ашиглан сургаж байсан нь тус болсон. Ялгаагүй бид эцэг эхийнхээ л жишээг эзэмшсэн. Би одоо болтол дэлгэрүүлэх талбайнхаа хамгийн алслагдсан цэгт үйлчилж байна!» гэж хэлсэн юм.

22. «Өөртөө ба зааж байгаа зүйлдээ байнга анхаарлаа хандуулснаар» юунд хүрч болох вэ?

22 Одоогийн тогтолцоонд Бурхны оноосон шийтгэлийг гүйцэтгэхээр тун удахгүй, нарийн тогтоосон цагт Есүс хүрэлцэн ирнэ. Хожим энэхүү агуу том үйл явдал түүхэнд мөнхөрч үлдэх бөгөөд харин Еховагийн үнэнч үйлчлэгчид мөнх авралд найдан Бурханд үйлчилсээр байх болно. Хүүхдүүдтэйгээ болон өөртэйгөө хамт Библи судалдаг хүмүүстэйгээ тэдний дунд байх хүсэл танд байна уу? Тэгвэл та «Өөртөө ба сургаалдаа [«зааж байгаа зүйлдээ байнга», ШЕ] анхаарлаа хандуул. Эдгээр үйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг аварна» гэдэг үгийг санаарай (1 Тимот 4:16).

Та тайлбарлаж чадах уу?

• Бурхны шүүх үйл ажиллагаа чухам хэзээ болохыг бид мэдэхгүй ч гэлээ сэтгэл санаа маань ямар байх ёстой вэ?

• Бид «өөртөө ба зааж байгаа зүйлдээ» яаж байнга анхаарлаа хандуулах вэ?

• Суралцагч хүнээ Еховагийн анд нөхөр болоход нь хэрхэн туслах вэ?

• Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургахад цаг гаргах хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]