Өөрөөсөө дээш эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэгтүн
Өөрөөсөө дээш эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэгтүн
«БҮХ хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла, Бурхнаас эмээгтүн, хаантнаа хүндэл» (1 ПЭТР 2:17).
1, 2. Хүмүүс эрх мэдэлд яаж ханддаг вэ? Яагаад?
«Хүүхдүүд үгэнд орохоо бүр больсон. Эцэг эхээ огтхон ч хүндэлдэггүй» гэж нэгэн эх гомдоллов. «Эрх мэдлийг хэрэггүй зүйл гээд бодчих» гэсэн бичээс автомашины хаалга, ханан дээр наалттай явах боллоо. Энэ бол өнөөдөр та бүхэнд илэрхий болоод байгаа нөхцөл байдлыг тусгасан хоёрхон л яриа юм. Эцэг эх, багш, дарга, төр засгийн түшмэдийг үл хүндэтгэх явдал дэлхий даяар өргөн тархжээ.
2 Хүмүүс мөрөө хавчин: «Эрх мэдэлтэй хүмүүс бидний хүндэтгэлийг хүлээдэггүй шүү дээ» гэж хэлдэг. Заримдаа үүнийг зөвшөөрөхгүй байх хэцүү. Бид хахууль авсан төрийн түшээд, шунаг сувдаг дарга нар, мэргэшээгүй багш нар, энэрэлгүй эцэг эхийн талаар цаг ямагт сонсдог билээ. Аз болоход, Христийн дагалдагчдаас цөөхөн хүн хурлын эрх мэдэл бүхий хүмүүсийг тийм хүмүүсийн тоонд оруулдаг байна (Матай 24:45–47).
3, 4. Христийн дагалдагчид яагаад эрх мэдэл бүхий хүмүүст хүндэтгэл үзүүлэх шаардлагатай вэ?
3 Христийн дагалдагчид бид төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийг хүндлэх «хэрэгтэй». Элч Паул христосын шашинтнуудад: «Дээд эрх мэдлүүдэд захирагд. Учир нь Бурхнаас тогтоосноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Харин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм» хэмээн уриалсан байдаг (Ром 13:1, 2, 5; 1 Пэтр 2:13–15). Мөн, «Эхнэрүүд ээ, Эзний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхээ дагагтун. Ингэх нь Эзэнд сайнаар таалагдана» хэмээн гэр бүлийн хүрээнд эрх мэдэлд захирагдах чухал үндсийг Паул хэлж өгсөн (Колоссай 3:18, 20). «Бурхны хурлыг хариулуулахаар ариун сүнс тэднийг харгалзагчаар томилсон» болохоор хурлын ахлагч нарыг хүндэлбэл зохино (Үйлс 20:28, ШЕ). Бид Еховаг хүндэлдэг болохоор хүний эрх мэдлийг хүндэлдэг. Тэгвэл, Еховагийн эрх мэдлийг хүндэтгэх нь бидний хувьд ямагт хамгийн чухал зүйл байдаг (Үйлс 5:29).
4 Ехова хамгийн дээд эрх мэдэлтэй гэдгийг санан, эрх мэдэлтнүүдийг хүндэтгэж байгаагүй болон хүндэтгэж байсан хүмүүсийн жишээг авч үзэцгээе.
Үл хүндэтгэвэл шийтгүүлнэ
5. Михал Давидад хэрхэн хүндэтгэл үзүүлээгүй вэ? Энэ нь юунд хүргэв?
5 Бурхны өгсөн эрх мэдлийг хүндэтгээгүй хүмүүст Ехова хэрхэн ханддагийг бид Давид хааны амьдралаас хардаг. Давидын захирамжаар гэрээний авдрыг Иерусалимд хүргэж ирэх үед эхнэр Михал нь «Эзний өмнө цовхчин бүжиглэх Давид хааныг хараад сэтгэл дотроо түүнийг басамжлав». Михал, Давидыг өрх гэрийн тэргүүн бөгөөд хаан гэж ойшоож үзэх хэрэгтэй байсан. Гэтэл тэр: «Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров оо? Мунхаг хүмүүс ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр та зарц бүсгүйчүүлийнхээ нүдний өмнө нүцгэллээ» хэмээн дооглож тохуурхсан сэтгэлээ илэрхийлсэн. Үүнийхээ харгайгаар үр хүүхэд төрүүлээгүй (2 Самуел 6:14–23).
6. Өөрийнх нь тосолсон хүмүүсийг хүндэтгээгүй Кораг Ехова хэрхэн үнэлсэн бэ?
6 Бурхны томилсон теократ удирдлагад хүндэтгэл үзүүлээгүйн нэг жишээ нь Кора байв. Тэрбээр Кохатын хөвгүүдийн нэг байсан бөгөөд асрын дэргэд Еховад үйлчилдэг байжээ. Ямар их нэр төртэй хэрэг вэ! Гэвч тэр Бурхны тосолсон, изриальчуудын удирдагч Мосе Аарон хоёрыг гоочлох болсон. Кора болон түүний хамсаатнууд болох Израилийн дарга нар Мосе Аарон хоёрт: «Бүх чуулган [«хурал», ШЕ], түүний хүн бүр нь ариун бөгөөд Эзэн тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө Эзний чуулганаас [«хурлаас», ШЕ] дээгүүр өргөмжилнө вэ?» хэмээн ширүүн мэдэгдсэн. Кора ба түүний талынхны үйл ажиллгааг Ехова хэрхэн үнэлсэн бол? Еховаг өөрийг нь гутаагч хэмээсэн. Тэдний төлөө байсан бүх хүнийг газар залгисны дараа Ехова Кора болон 250 даргыг галаар шатаасан (Тооллого 16:1–3, 28–35, АБ).
7. «Хамгийн эрхэм тэдгээр элч нарт» Паулын эрх мэдлийг шүүмжлэх үндэс байсан уу?
7 Нэгдүгээр зууны үеийн Христийн дагалдагчдын хуралд ч мөн теократ эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байжээ. Коринтын хурлын «хамгийн эрхэм тэдгээр элч нар» Паулыг хүндэтгэдэггүй байв. Тэд түүнийг: «Байх үед нь түүний бие сул дорой бөгөөд үг нь ч гадуурхагдмаар» хэмээн илтгэгчийнх нь хувьд шүүмжилж байлаа (2 Коринт 10:10; 11:5). Илтгэгчийн хувьд ямар ч байлаа гэсэн Паул элчийн хувьд хүндэтгэл хүлээдэг байсан. Харин түүний үг «гадуурхагдмаар» байсан гэж үү? Библид бичээстэй байдаг нийтийн илтгэл нь түүнийг тун үнэмшилтэй ярьдаг байсныг нь гэрчилдэг. Паулыг «иудейчүүдийн... маргаантай асуудлын талаар... сайн мэддэг» II Агрийп Хэродтой жаахан ярилцсаны дараа хаан: «Жаахан удвал чи чинь намайг Христийнх болгох нь ээ» хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг (Үйлс 13:15–43; 17:22–34; 26:1–28). Тийм байсан хэдий ч Коринтын «хамгийн эрхэм тэдгээр элч нар» Паулыг ярих чадваргүй гэж буруутгаж байв! Тийм бодол санааг Ехова хэрхэн үнэлсэн бэ? Есүс Христ эфэсийн хурлын харгалзагч нарт бичсэн захидалдаа «өөрсдийгөө элчүүд хэмээн өргөмжлөвч харин чухамдаа элч бусчууд» байсан хүмүүсийн нөлөөнд автаагүй хүмүүсийг сайшаан үнэлсэн буй (Илчлэлт 2:2).
Төгс бусыг нь үл харгалзан хүндэтгэхүй
8. Саулд Еховагийн өгсөн эрх мэдлийг хүндэтгэдгээ Давид хэрхэн харуулсан бэ?
8 Эрх мэдэл бүхий хүмүүсийг, эрх мэдлээ урвуулан ашиглаж байхад нь ч хүндэтгэж байсан хүмүүсийн жишээ Библид цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Давид юм. Өөрийг нь захирч байсан Саул хаан Давидын амжилтад атаархаж, алахыг оролдох болсон (1 Самуел 18:8–12; 19:9–11; 23:26). Гэвч Саулын амийг хороох боломж Давид нэг бус удаа олдож байсан ч тэрбээр: «Би Эзний тосолсон хүний эсрэг, Эзний өмнө гар далайж огтхон ч чадахгүй» гэжээ (1 Самуел 24:4–7; 26:7–13). Саулын буруу гэдгийг Давид мэдэж байсан ч түүнийг шүүх эрхийг Еховад олгосон. Тэрбээр Саулыг жигшин үзэж, үл хүндэтгэх байдлаар харьцаж байсан нь үгүй.
9. а) Давид Саулын зүгээс муухай харьцаатай учрахдаа юу мэдэрсэн бэ? б) Давид Саулыг үнэхээр хүндэтгэж байсан гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
9 Муухай харьцаатай учрахдаа Давид зовж шаналж байсан уу? Тэрбээр: «Хэрцгий хүмүүс амийг минь бэдэрч байна» хэмээн Еховад хандан хашгирчээ (Дуулал 54:3). Давид Еховад зүрх сэтгэлээ нээн: «Бурхан минь ээ! Намайг дайснуудаас авраач... Эзэн, энэ нь миний гэм, нүглийн төлөө бус. Намайг бурууг үйлдээгүй атал тэд миний эсрэг босож байна. Сэрж надад туслаач, хараач!» гэжээ (Дуулал 59:1–4). Таныг буруу юм огт хийгээгүй байтал эрх мэдэл бүхий хүн таны эсрэг муу юм хийснээс болоод та дээрхийн адил байдалд орж байсан уу? Тэглээ ч гэсэн Давид Саулд зохих хүндэтгэл үзүүлж байв. Саулыг нас барахад Давид баярлаагүй, харин ч гашуудлын дуу зохиосон. «Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв. Өө, Израилийн охид оо,.. Саулын төлөө уйлагтун» гэжээ (2 Самуел 1:23, 24). Саул Давидад шударга бусаар гай тотгор учруулж байсан хэдий ч Давид Еховагийн тосолсон хүнийг жинхэнэ ёсоор хүндэтгэж, юутай гайхалтай жишээ үзүүлээ вэ!
10. Удирдах зөвлөлд Бурхнаас өгсөн эрх мэдлийг хүндэтгэдгийн ямар сайхан жишээг Паул үзүүлсэн бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?
10 Христийн дагалдагчдын дунд ч мөн Бурхнаас эрх мэдэл авсан хүмүүсийг хүндлэгсэд байжээ. Паулыг жишээ болгон авъя. Тэрбээр нэгдүгээр зууны үеийн Христийн дагалдагчдын хурлын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үздэг байв. Паулыг Иерусалимд сүүлчийн удаа байх үед нь удирдах зөвлөл түүнд Мосегийн хуулийг жигшдэггүйгээ бусдад харуулахын тулд цэвэрших ёслол үйлдэхийг зөвлөсөн. Тэгэхэд нь Паул: «Урьд өмнө амь нас минь аюулд ороод байхад эдгээр ах нар намайг Иерусалимаас явуулсан. Гэтэл одоо надаас Мосегийн хуулийг хүндэтгэдгээ нийтэд харуулаач гэж хүсэж байна. Би галатынханд Хуулийг сахих хэрэггүй гэж бичсэн. Хэрэв намайг дуганд очвол огтлох ёслол хийлгэсэн хүмүүстэй хэлэлцээ хийж байна гэж бодоод буруу ойлгоно доо» гэж бодож болох л байсан. Гэвч тэгж бодоогүй нь илт. Түүнээс чмыг зөрчихийг шаардаагүй учраас нэгдүгээр зууны үеийн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэж, зөвлөгөөг нь дагасан. Яг үүний дараа хилэн бадарсан иудейчүүдээс Паулыг аврахаас өөр аргагүй болж, эцэстээ Паул 2 жил хорионд орсон. Харин үүний дүнд Бурхны хүсэл таалал биелсэн. Паул Кайсарын дээд тушаалын түшмэдэд дэлгэрүүлсэн. Дараа нь түүнийг сангийн зардлаар Ромд хүргэж ирсэн бөгөөд тэрбээр хаанд өөрт нь гэрчилсэн (Үйлс 9:26–30; 21:20–26; 23:11; 24:27; Галат 2:12; 4:9, 10).
Та хүндэтгэдэг үү?
11. Бид дэлхийн эрх мэдэлтнүүдийг хэрхэн хүндэтгэж болох вэ?
11 Эрх мэдэлтэй хүмүүсийг та хүндэтгэдэг үү? «Бүгдэд өгөх ёстойгоо өг... Хэнд нэр хүнд өгөх ёстой түүнд нэр хүнд өгөгтүн» гэж Христийн дагалдагчдад тушаасан байдаг. «Дээд эрх мэдлүүдэд» захирагдаж байгаа маань зөвхөн татвар төлснөөр бус үйл хэрэг, үг яриагаар маань илрэх ёстой (Ром 13:1–7). Хэрэв төр засгийн түшээд бидэнтэй харгис хэрцгий хандвал яах вэ? Мексикийн Чьяпас мужийн хүн ам төвлөрсөн суурингийн захирагчид Еховагийн Гэрчүүдийн 57 гэр бүлээс шашны баяр ёслолд оролцдоггүй гэдэг нэрийдлээр газрыг нь хураан авчээ. Асуудлыг шийдвэрлэх хуралдаануудад Гэрчүүд ямагт үзэмжтэй цэвэр хувцаслан, зүй зохистой, хүндэтгэлтэйгээр ярьж байжээ. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд асуудал Гэрчүүдэд ашигтайгаар шийдэгджээ. Энэ хэргийг ажиглаж байсан зарим хүмүүүс Гэрчүүдийг ихэд хүндэтгэх болж, өөрсдөө ч Еховагийн Гэрч болохыг хүсэх болжээ!
12. Ямар учраас итгэгч бус нөхрийг «гүн хүндэтгэх» хэрэгтэй вэ?
12 Гэр бүлийн хүрээнд Бурхны эрх мэдэлтэй болгосон хүмүүсийг хэрхэн хүндэтгэх вэ? Муу муухайг амсаж туулсан Есүсийн жишээг авч үзээд, элч Пэтр: «Тэрчлэн эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэдэнд захирагд. Тэд үгээр бус гэхэд эхнэр та нарын үйлс, цэвэр ариун болоод эелдэг зан байдлыг чинь [«та нарын ариун үйлс хийгээд гүн хүндэтгэлийг», ШЕ] ажиглаад дуулгавартай болж болох юм» хэмээн хэлжээ (1 Пэтр 3:1, 2; Эфэс 5:22–24). Нөхөр нь хүндэтгэл хүлээх гавъагүй мэт санагдлаа ч эхнэр нь нөхөртөө «гүн хүндэтгэл үзүүлэн», захирагдахын хичнээн чухал болохыг Пэтр онцлон тэмдэглэсэн. Эхнэрийнх нь хүндэтгэл итгэгч бус нөхрийн зүрхийг ч байлдан дагуулж болно.
13. Эхнэр нь нөхрөө хэрхэн хүндэтгэж болох вэ?
13 Пэтр энэ зүйлүүдийн хам сэдэвт нөхөр Абрахам нь итгэлийн тод жишээ байсан Сарагийн жишээнд анхаарлыг маань хандуулжээ (1 Пэтр 3:6; Ром 4:16, 17; Галат 3:6–9). Итгэгч нөхрийг итгэгч бус нөхрөөс бага хүндэлж болно гэж үү? Хэрвээ та нөхөртэйгээ ямар нэг зүйл дээр санал нийлэхгүй бол яах вэ? Энэ нөхцөлд тун тохирох зөвлөгөөг Есүс өгчээ. Тэрээр: «Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв» гэжээ (Матай 5:41). Та нөхрийнхөө хүслийн дагуу байж түүнийг хүндэтгэдэг үү? Хэрэв энэ нь бүтэшгүй мэт санагдвал санаа бодлоо нөхөртэйгээ хуваалцаарай. Нөхөр маань миний санааг мэддэг гэж бүү бодоорой. Гэхдээ нөхрөө хүндэтгэх байдлаар хүсэл сэтгэлээ илэрхийлээрэй. «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсалж амт оруулсан мэт байж, хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэддэг байг» гэж Библи бидэнд сургадаг билээ (Колоссай 4:6).
14. Эцэг эхээ хүндэтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
14 Харин хүүхдүүд яах ёстой вэ? «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. „Эцэг эхээ хүндэл“. Энэ нь эхний тушаал бөгөөд амлалттай» хэмээн Бурхны Үг тушаадаг (Эфэс 6:1–3). «Эцэг эхээ хүндэл» гэдэг нь эцэг эхдээ дуулгавартай байна гэдэгтэй утга нэгтэйг анзаарагтун. «Хүндлэх» гэж хөрвүүлэгдсэн грек үйл үг нь «өндөр үнэлэх», «үнэлэх» гэсэн утгатай ажээ. Учир иймд эцэг эхийн чинь дүрэм журам ухаалаг бус юм шиг санагдсанаас болоод та нар эцэг эхдээ дурамжхан байдлаар захирагдвал энэ нь дуулгавартай байгаа хэрэг биш болно. Бурхан та нарыг эцэг эхээ хүндэтгэн, удирдлага зааврыг нь үнэлээсэй гэж хүсдэг (Сургаалт үгс 15:5).
15. Өөрсдийнх нь бодлоор эцэг эх нь алдсан юм шиг санагдсан ч хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэхэд юу тус болох вэ?
15 Эцэг эхчүүдийн хийсэн зүйл нь хүндэтгэл хүлээхээргүй бол яах вэ? Бүхнийг эцэг эхийнхээ нүдээр харахыг хичээгээрэй. Тэд та нарын «төрсөн эцэг эх», та нарыг халамжилдаг шүү дээ (Сургаалт үгс 23:22). Тэд та нарыг хайрласандаа тэгдэггүй гэж үү? (Еврей 12:7–11). Эцэг эхтэйгээ төлөв даруухнаар ярилцаж, бодол санаагаа илэрхийлж байгаарай. Та нарын үгийг эцэг эхийн тань хүлээн авч байгаа байдал таалагдахгүй байлаа ч тэднтэй харьцахдаа үл хүндэтгэсэн байдал бүү гаргаарай (Сургаалт үгс 24:29). Саул хаан Бурхны хүсэл тааллын эсрэг байхад нь хүртэл Давид түүнийг хүндэлж байсныг санагтун. Сэтгэлээ эзэмдэхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Давид: «Түүний өмнө сэтгэлээ нээ! Бурхан бол бидний хоргодох газар юм» гэж хэлсэн байдаг (Дуулал 62:8; Иеремиагийн гашуудал 3:25–27).
Удирдах үүрэгтэй хүмүүсийг хүндлэгтүн
16. Хуурамч багш нар болон тэнгэрэлчүүдийн жишээнээс юунд суралцаж болох вэ?
16 Хурлын ахлагч нарыг ариун сүнсээр томилдог ч тэд төгс бус учраас алдах үе байдаг (Дуулал 130:3; Номлогчийн үгс 7:20; Үйлс 20:28; Иакоов 3:2). Тийм учраас хурлын хэн нэгэн нь тэдэнд сэтгэл таагүй байж болох юм. Хэрэв хурлын дотор ямар нэг зүйлийг бидний үзэж байгаагаар хийх ёстойгоос нь огт өөрөөр хийвэл яах вэ? Нэгдүгээр зууны үеийн хуурамч багш нар болон тэнгэрэлчүүд биеэ хэрхэн өөр өөрөөр авч явж байсныг анхааарагтун: «[Хуурамч багш нар] шазруун, дур зоргоороо, тэд тэнгэрлэг сүр хүчийг айж дагжихгүйгээр доромжилдог аж. Сүр хүч болоод хүч чадлаар аугаа тэнгэрэлчүүд Эзний өмнө [«Еховаг хүндэтгэдгээсээ болоод», ШЕ] тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй» (2 Пэтр 2:10–13). Хуурамч багш нар «тэнгэрлэг сүр хүчийг» буюу нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын хуралд эрх мэдэлтэй байсан ахлагч нарыг муулж байсан бол харин тэнгэрэлчүүд ах дүү нарын хоорондох эв нэгдлийг бусниулж байсан тэр хуурамч багш нарыг муулаагүй юм. Гэтэл хүнээс дээгүүр байр суурьтай, шударга ёсыг хүнийг бодвол илүү мэдрэх чадвартай тэнгэрэлчүүд хуралд юу болж байсныг мэдэж байсан. Гэхдээ тэд «Еховаг хүндэтгэдгээсээ болоод» шүүх эрхийг Бурханд үлдээсэн (Иүда 9; Еврей 2:6, 7).
17. Хэн нэгэн нь ахлагч нарыг буруутай гэж үзэхэд итгэл ямар үүрэгтэй вэ?
17 Ямар нэг зүйлийг хийх ёстойгоор нь хийгээгүй байлаа ч бид хурлын амьд Тэргүүн Есүс Христэд итгэх ёсгүй гэж үү? Бүх дэлхий хуралд нь чухам юу болж байгааг тэр мэддэггүй гэж үү? Асуудлуудыг шийдэх аргыг нь хүндэтгэж, бүх юм түүний гарт гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж үү? «Бусдыг шүүх» бид хэн юм бэ? (Иакоов 4:12; 1 Коринт 11:3; Колоссай 1:18). Хэрэв ямар нэг юм сэтгэлийг маань түгшээж байгаа бол энэ тухайгаа Еховад залбирч болохгүй нь юу билээ?
18, 19. Хэрэв та ахлагч алдаа гаргасан гэж үзвэл яах вэ?
18 Төгс бус байдлаас болоод хүндрэл бэрхшээл учирч болно. Ахлагч хүртэл алдаа гаргаж, энэ нь хэн нэгнийг түгшээх тохиолдол ч байдаг. Хөнгөн хуумгай хандвал нөхцөл байдлыг засаж залруулах биш харин ч улам гүнзгийрүүлж болно. Сүнслэг хэрсүү хүмүүс асуудлыг Ехова хэзээ заснав, тэр болтол хүлээдэг бөгөөд өөрийнхөө зөв гэж үзэж байгааг хүмүүст ойлгуулахыг яардаггүй (2 Тимот 3:16; Еврей 12:7–11).
19 Таныг ямар нэг зүйл маш ихээр түгшээвэл яах вэ? Асуудлыг хурлын бусад хүмүүстэй хэлэлцэхийн оронд хүндэтгэсэн байдлаар ахлагч нараасаа тусламж гуйж яагаад болдоггүй билээ? Хэнийг ч шүүмжлэлгүйгээр, санааг тань зовоосон зүйлийг яригтун. Ахлагч нартаа ямагт «энэрэнгүй» байж, тэдэнд итгэн, хүндэтгэл үзүүлж байгаарай (1 Пэтр 3:8). Дооглонгуй хандсан өнгө аясаас зайлсхийн, тэдний христосын шашинтны боловсорсон чанарт итгэгтүн. Библийн үндэстэй, сэтгэл зассан үг бүрийг нь талархан хүлээн авч байгаарай. Харин нөхцөл байдлыг засаж залруулахын тулд шаардлагатай арга хэмжээ авахад хүрвэл ахлагч нар Еховагийн удирдлага дор зөв, шударга алхам хийнэ гэдэгт итгэлтэй байгтун (Галат 6:10; 2 Тэсалоник 3:13).
20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Гэхдээ бид эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэтгэх асуудлаар өөр нэг зүйлийг авч үзэх хэрэгтэй. Эрх мэдэлтэй хүмүүс өөрсдөд нь хариуцуулсан тэр хүмүүсийг хүндэтгэх ёсгүй гэж үү? Энэ тухай дараах өгүүллээрээ авч хэлэлцье.
Та юу гэж хариулахсан бол?
• Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэх ямар байдаг вэ?
• Бурхны тогтоосон эрх мэдлийг үл хүндэлдэг хүмүүсийг Ехова болон Есүс хэрхэн үздэг вэ?
• Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэх тал дээр хэн хэн сайн жишээ үзүүлсэн бэ?
• Биднээс дээш эрх мэдэлтэй хүмүүс алдсан юм шиг санагдвал яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]