Дахин амилах найдвар бат үндэстэй!
Дахин амилах найдвар бат үндэстэй!
«Амилна гэдэгт би ч Бурханд найддаг» (ҮЙЛС 24:15).
1. Амилна гэдэгт ямар учраас найдаж болох вэ?
ЕХОВА бидэнд дахин амилах баттай үндсийг өгдөг. Тэрбээр үхэгсдийг амилуулж, амийг нь эргүүлж өгнө гэж амладаг. Үхлийн нойроор унтаж буй хүмүүсийн тухайд түүний санаа зорилго заавал биелнэ (Исаиа 55:11; Лук 18:27). Тэгээд ч Бурхан үхэгсдийг амилуулах чадвартайгаа аль эрт харуулсан билээ.
2. Амилалтад найдах найдвар маань бидэнд яаж туслах вэ?
2 Бурхан өөрийн хүү Есүс Христийн тусламжтайгаар үхэгсдийг босгоно гэдэгт итгэх итгэл маань биднийг хүнд хэцүү үед түших юм. Мөн түүнчлэн, амилна гэдэгт бат найдах нь тэнгэрийн Эцэгтээ үхэн үхтэлээ үнэнч байхад туслах болно. Бид Библид тэмдэглэгдсэн амилалтыг анхаарч үзвэл энэ найдвар маань улам батжих нь дамжиггүй. Энэ бүх гайхамшгийг Хамгийн дээд Эзэн Еховагийн хүчээр үйлдсэн болно.
Тэд «өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв»
3. Зарефатын бэлбэсэн эхнэрийн хүүг нас барахад Бурхан Елиад юу хийх эрх олгосон бэ?
3 Элч Паул Христээс өмнөх үеийн Еховагийн гэрчүүдийн итгэлийн талаар сэтгэл хөдөлгөсөн өгүүлэлдээ: «Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв» хэмээн бичжээ (Еврей 11:35; 12:1). Тэр эмэгтэйчүүдийн нэг нь Зарефат хотын ядуу бэлбэсэн эхнэр байлаа. Тэр эмэгтэй Бурхны зөнч Елиаг зочлон хүндэтгэж байсан тул тэднийд тос, гурил нь гайхамшгаар дуусаагүй юм. Хэрэв тэгээгүйсэн бол тэр хүүтэйгээ өлсөж үхэх байв. Хожим хүүхэд нь нас барахад, Елиа хүүг орон дээр хэвтүүлэн, залбирч, түүний дээрээс гурвантаа алдлан хэвтээд: «Миний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ], энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна» хэмээжээ (Хаадын дээд 17:8–24). Ингээд Бурхны хүчээр хүүгийн амь эргэж ирсэн юм. Бэлбэсэн эмэгтэй итгэлийнхээ төлөө ямар шагнал авч, хэчнээн их баярласныг төсөөлөөд үз дээ. Библид бичигдсэн амилалтуудын анхных нь тэр эмэгтэйн хайрт хүү амилсан тухай юм!
4. Елиша Шунемд байхдаа ямар гайхамшиг үйлдсэн бэ?
4 «Өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авсан» өөр нэгэн эмэгтэй Шунем хотод амьдран суудаг байжээ. Хөгшин хүний эхнэр байсан уг эмэгтэй Елиша зөнч ба түүний зарцад нинжин сэтгэл гаргасан юм. Үүнийхээ төлөө хүүтэй болсон билээ. Гэвч хэдэн жилийн дараа тэр эмэгтэй зөнчийг дууджээ. Зөнч тэднийд очоод хүү нь нас барсан байхыг олжээ. Елишаг залбираад, тодорхой үйлдэл хийсний дараа «хүүгийн бие махбод бүлээн болов. [...] Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв». Ийнхүү амилсанд эх ч, хүү ч асар их баяр хөөр болсон нь эргэлзээгүй (Хаадын дэд 4:8–37; 8:1–6). Тэд хэзээ ч үхэхгүй байх боломж бүхий «илүү дээр амилалтын» үед дэлхий дээр дахин амьдрахдаа яасан их баярлах бол! Тэр цагт, үхэгсдийг амилуулагч хайрт Бурхан Еховадаа хэрхэн талархахгүй байх билээ! (Еврей 11:35).
5. Елиша нас барчихсан байсан хирнээ гайхамшигт ямар үйлд оролцсон бэ?
5 Елишаг нас бараад, оршуулсны дараа ч Бурхан ариун сүнснийхээ хүчээр түүний ясыг хүчтэй болгосон. «Тэд [израильчууд] нэг удаа нэг хүнийг оршуулж байхдаа [Моабын] дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх [үхсэн] хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов» гэж бичсэн байдаг (Хаадын дэд 13:20, 21). Тэр хүн хэчнээн их гайхаж, баярласан бол оо! Ехова Бурхны хувиршгүй санаа зорилгоор бидний эрхэм хайрт хүмүүс дахин амьдрах тэр цагт ямар их баяр баясгалантай байхыг бодоод үз дээ!
Бурхны Хүү үхэгсдийг амилуулж байв
6. Есүс Найн хотын ойролцоо ямар гайхамшиг үйлдсэн бэ? Энэ явдал бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?
6 Үхэгсэд мөнх амьдрах найдвартайгаар дахин амилна гэдэгт итгэх баттай үндсийг Бурхны Хүү Есүс Христ бидэнд өгсөн. Тийм гайхамшиг Бурхны хүчээр болох боломжтой гэдгийг ойлгоход маань Найн хотын дэргэд болсон явдал тусална. Нэгэн удаа Есүс залуу хүнийг оршуулахаар авч яваа гашуудсан хүмүүстэй дайралджээ. Тэр залуу хүн бэлбэсэн эмэгтэйн ганц хүү байжээ. Есүс, тэр эмэгтэйд: «Бүү уйл» гэв. Дараа нь авсанд гараа хүргээд: «Би чамд хэлж байна. Залуу минь, бос!» гэж хэллээ. Тэгтэл үхсэн хүн босоод ярьж эхлэв (Лук 7:11–15). Энэ гайхамшиг нь биднийг амилалт бат үндэстэй гэдэгт улам итгүүлдэг нь лавтай.
7. Иайрын охинтой холбоотой ямар үйл явдал болсон бэ?
7 Мөн Капернаумын синагогийн ахлагч Иайрт тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр Есүсийг ирж, үхлийн ирмэг дээр байгаа 12 настай хайртай охиндоо туслахыг гуйсан. Удалгүй охины нас барсныг мэдэгдэв. Есүс уй гашууд автсан Иайрын итгэлийг бадраагаад, түүнтэй хамт гэрт нь очтол уйлж хайлсан хүмүүс тэнд байж байв. Есүсийг: «Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна» гэхэд тэд инээлдсэн. Охин үхсэн байлаа. Гэвч, хүмүүс гүн нойрноос сэрж байгаа юм шиг амь орж болно гэдгийг Есүс үзүүлэх гэсэн аж. Тэр, охины гараас барьж: «Охин минь, бос» гэлээ. Охин тэр даруй босоход эцэг эх нь «гайхаж орхив» (Марк 5:35–43; Лук 8:49–56). Нас барсан ойр дотныхон нь диваажин дэлхийд амилах цагт хүмүүс лав «гайхна» даа.
8. Есүс Лазарын булшны дэргэд юу хийсэн бэ?
8 Есүсийг Лазарын булш уруу очоод, агуйн амыг тагласан хадыг зайлуулахыг хүсэх үед Лазар үхээд дөрөв хоночихсон байлаа. Есүс Бурхны хүчинд найддагаа тэнд ирсэн хүмүүст үзүүлэхийн тулд бүгдэд сонстохоор залбираад, дараа нь чанга дуугаар: «Лазар, гараад ир» гэв. Тэр гарч ирлээ! Түүний гар, хөл оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой байв. «Тайлж түүнийг явуул» гэж Есүс хэллээ. Лазарын дүү Мариа Марта хоёрыг тайтгаруулахаар тэнд очсон олон хүн энэ гайхамшгийг хараад Есүст итгэсэн билээ (Иохан 11:1–45). Энэ өгүүлэл танд, нас барсан ойр дотныхон тань Бурхны шинэ ертөнцөд амилна гэсэн найдварыг төрүүлэхгүй байна гэж үү?
9. Есүс одоо, үхэгсдийг амилуулах чадвартай гэдэгт яагаад эргэлзэхгүй байж болох вэ?
9 Баптисм хүртээгч Иоханыг шоронд байх үед Есүс түүнд: «Сохор нь хараа орж,.. үхэгсэд нь амилж байна» гэж урам сэргээсэн үг хэлүүлжээ (Матай 11:4–6). Есүс дэлхий дээр байхдаа үхэгсдийг амилуулж байсан учраас Бурхнаас эрх авсан хүчирхэг сүнсэн бүтээл болохынхоо хувьд үүнийг хийх чадвартай нь мэдээжийн хэрэг. Есүс бол «амилалт ба амь мөн». Ойрын ирээдүйд «булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирнэ» гэдгийг мэдэх нь хэчнээн сэтгэл тайвшрам бэ! (Иохан 5:28, 29; 11:25).
Амилалтын өөр тохиолдлууд бидний найдварыг бэхжүүлдэг
10. Библид тэмдэглэгдсэн, Есүсийн элчийн анх удаа үйлдсэн амилуулалтыг та хэрхэн дүрслэх вэ?
10 Есүс элч нараа Хаанчлалын дэлгэрүүлэгч болгож явуулахдаа: «Үхэгсдийг босго» гэжээ (Матай 10:5–8). Ингэхийн тулд тэд Бурхны хүчинд найдах хэрэгтэй байсан нь ойлгомжтой. МЭ 36 онд Иоппад байсан Доркас (Табита) гэгч Бурхнаас эмээгч эмэгтэй үхлийн нойроор нойрссон байв. Тэр, ядуу бэлбэсэн эмэгтэйчүүдэд хувцас оёж өгөх зэрэг сайн үйлс бүтээдэг байжээ. Харин одоо тэр эмэгтэйчүүд түүний нас барсанд ихэд гашуудан уйлцгааж байлаа. Шавь нар тэр эмэгтэйг оршуулахад бэлтгэж байхдаа Петрийг дуудуулсан нь тэднийг тайтгаруулах гэснийх биз ээ (Үйлс 9:32–38). Петр тэднийг бүгдийг дээд өрөөнөөс гарган, залбираад: «Табита, бос» гэсэн. Тэр нүдээ нээгээд, өндийж суухад Петр түүнд гараа өгч, босоход нь туслав. Библид тэмдэглэгдсэн, Есүсийн элчийн анх удаа үйлдсэн энэ амилуулалтыг олон хүн мэдээд, итгэгч болжээ (Үйлс 9:39–42). Бидний хувьд энэ нь амилалтад итгэх бас нэгэн үндэс болдог.
11. Библид хамгийн сүүлд хэний амилсныг бичсэн байдаг вэ?
11 Библид бичигдсэн сүүлчийн амилуулалт Тройд болжээ. Миссионерийн гурав дахь аяллаа хийж явсан Паул тэнд буудаллаад «шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ». Юутух гэгч нэгэн залуу олон дэнлүү асаасан, бөөн хүнтэй өрөөний бүгчим халуунаас болоод ядарч, нойрондоо дийлдэн, гурван давхрын цонхноос уначихжээ. Тэр ухаан алдаагүй, харин бүр «нас барсан байлаа». Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд, энэ бүхнийг харж байсан хүмүүст: «Бүү зов. Тэр амьд байна» гэв. Паул тэр залуугийн амь эргэж ирсэн тухай хэлсэн юм. Энэ үеэр байж байсан хүмүүсийн «санаа ихэд амарчээ» (Үйлс 20:7–12). Өнөөдөр Бурхны үйлчлэгчид, нас барсан хамтран үйлчлэгчдийнхээ амилалтад найдах найдварыг нэгэн цагт биелнэ гэдгийг мэдээд ихээхэн тайтгардаг билээ.
Амилалтад эртнээс найддаг байсан
12. Ромын захирагч Феликийн өмнө үг хэлэхдээ Паул юунд найддагаа харуулсан бэ?
12 Паул ромын захирагч Феликийн өмнө шүүх хурал дээр «Би... хууль болон зөнчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэдний мөн адил үздэгчлэн зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг» гэж хэлсэн (Үйлс 24:14, 15, МБОХ, 1996). Бурхны Үгийн тусгай хэсгүүд, тухайлбал «хууль» үхэгсдийн дахин амилах тухайд юу гэдэг вэ?
13. Бурхан анхны зөгнөлийг хэлэхдээ амилалтын тухай дам хэлсэн гэж яагаад үзэж болох вэ?
13 Бурхан Еденд анхны зөгнөлийг хэлэхдээ амилалтын тухай дам хэлсэн юм. Бурхан «эртний могой» буюу Сатан Диаволд ял тулган, «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж хэлсэн (Илчлэлт 12:9; Эхлэл 3:14, 15). Эмэгтэйн үрийн өсгийг няцлах гэдэг нь Есүс Христ алагдана гэсэн үг байлаа. Хэрэв дараа нь энэ Үр «могойн» толгойг няцална гэсэн юм бол энэ нь Христ үхэгсдээс амилна гэсэн утгатай.
14. Ямар утгаараа Ехова «үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн» бэ?
14 Есүс: «Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзнийг [«Ехова», ШЕ] Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан. Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг» гэжээ (Лук 20:27, 37, 38; Египетээс гарсан нь 3:6). Абрахам, Исаак, Иаков нар хэдий нас барсан ч тэднийг амилуулах Бурхны санаа зорилго огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд Бурхны хувьд тэд амьд юм шиг буй.
15. Ямар учраас Абрахамд амилалтад найдах үндэс байсан бэ?
15 Абрахам ч амилалтад найддаг байв. Тэр өөрөө болон гэргий Сара нь нас дээр гарч, үр хүүхэдтэй болж чадахгүй болохоороо «үхсэн мэт» байв. Тэгэхэд нь Бурхан тэдний нөхөн үржих чадварыг гайхамшигтайгаар сэргээсэн билээ. Энэ нь амилалттай адилхан байсан юм (Эхлэл 18:9–11; 21:1–3; Еврей 11:11, 12). Хүү Исаак нь 25 нас хүрэхэд Бурхан Абрахамыг хүүгээрээ тахил өргөхийг тушаал болгодог. Абрахам Исаакыг яг алдгийн даваан дээр Еховагийн тэнгэр элч түүнийг болиулдаг. Абрахам «Бурхан бол [Исаакыг] үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм» (Еврей 11:17–19; Эхлэл 22:1–18).
16. Одоо үхлийн нойроор унтаж буй Абрахамыг юу хүлээж байна вэ?
16 Абрахам, амласан Үр буюу Мессиагийн захирах цагт болох амилалтад найддаг байсан. Бурхны Хүү тэнгэрт байхдаа Абрахамын итгэлийг олж харжээ. Тиймээс ч хүн болсон хойноо Есүс Христ: «Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан» гэж иудейчүүдэд хэлсэн (Иохан 8:56–58; Сургаалт үгс 8:30, 31). Одоо Абрахам үхлийн нойроор унтаж буй ч, Бурхны Мессиагийн Хаанчлалын үед тэрээр дэлхийн амьдралд эргэн ирнэ (Еврей 11:8–10, 13).
Хууль болоод «Дуулал» номын гэрчлэл
17. «Хуулинд» бичигдсэн зүйл Есүс Христийн дахин амилахыг хэрхэн заадаг вэ?
17 Паулын амилалтад найдах нь «хуулинд» бичигдсэний дагуу байв. Бурхан: «Та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. Та нар хүлээн авагдахын тулд тэрээр [нисан сарын 16-нд] уг багцыг Эзний [«Еховагийн», ШЕ] өмнө даллана» хэмээн израильчуудад хэлсэн (Левит 23:9–14). Магадгүй энэ хуулийг үндэслэн, Паул «Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн» гэж бичсэн. «Анхны үр жимс» адил Есүс МЭ 33 оны нисан сарын 16-нд дахин амилсан юм. Хожим нь, түүний залран байх үед бусад «үр жимс» буюу сүнсээр тослогдсон түүний шавь нар дахин амилах ёстой байв (1 Коринт 15:20–23; 2 Коринт 1:21; 1 Иохан 2:20, 27).
18. Есүсийн дахин амилахыг «Дуулал» номд зөгнөснийг Петр хэрхэн харуулсан бэ?
18 Амилалтад найдах тухай «Дуулал» номд ч бичсэн байдаг. МЭ 33 оны Пентекостын өдөр элч Петр Дуулал 16:8–11-ийг иш татан: «Давид Түүний [Христийн] тухай „Би Эзнийг [«Еховаг», ШЕ] өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй. Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд [«хадест», ШЕ] орхихгүй. Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй“» гээд цааш нь «[Давид] Христийн амилалтыг угтан харж, „Тэр Үхэгсдийн оронд [«хадест», ШЕ] орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй“ гэжээ» хэмээн өгүүлжээ (Үйлс 2:25–32).
19, 20. Петр Дуулал 118:22-ыг хэзээ иш татсан бэ? Энэ зүйл нь Есүсийн үхэл болон амилалттай ямар холбоотой вэ?
19 Хэдхэн өдрийн дараа Петр иудейн Зөвлөлийн өмнө зогсон байхдаа ч «Дуулал» номоос дахин иш татсан. Хазгар гуйлгачинг хэрхэн эдгээсэнийг нь асуухад тэрээр: «Та нарын цовдолсон, үхэгсдээс Бурхны амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. Тэр [Есүс] бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй» гэж хэлдэг билээ (Үйлс 4:10–12).
20 Энд Петр Дуулал 118:22-ыг Есүсийн үхэл болоод амилалтын тухай ашиглан иш татсан байна. Шашны удирдагчид нь иудейчүүдийг өдөөн хатгаснаар тэд Есүсийг үл тоомсорлосон юм (Иохан 19:14–18; Үйлс 3:14, 15). «Чулуу гологдсон» нь Христийг үхэлд хүргэсэн, харин «булангийн тулгуур чулуу болсон» гэдэг нь тэрээр тэнгэрийн алдарт дахин амилна гэсэн утгатай байлаа. Дуулалчийн зөгнөснөөр «энэ бол Еховагаас» юм (Дуулал 118:23, ШЕ). «Чулуу» булангийн Тулгуур болсон гэдэг нь Христ ирээдүйн Хаанаар томилогдохыг мөн зааж байлаа (Ефес 1:19, 20).
Амилалтад найдах нь дэмжлэгийн эх булаг
21, 22. Иов 14:13–15-д Иоб ямар найдвараа илэрхийлсэн бэ? Энэ нь өнөөдөр хайрт хүмүүсээ алдсан хүмүүсийг хэрхэн тайтгаруулдаг вэ?
21 Бид өөрсдөө хэн нэгнийг хэрхэн амилуулж байсныг хараагүй ч амилалт боломжтой гэдгийг баталсан Библийн хэд хэдэн зүйлийг анхаарч үзлээ. Учир иймээс бид зөв хүн Иовын илэрхийлэн хэлсэн шиг тийм найдвартай болж болох юм. Зовж шаналахдаа тэрээр: «Та [Ехова] намайг Үхэгсдийн оронд [«шеолд», ШЕ] нууж,.. Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой! Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? [...] Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» гэжээ (Иов 14:13–15). Бурхан «Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» гэдэг нь тэрээр Иовыг дахин амилуулахыг их хүснэ гэсэн үг. Энэ нь ямар найдварыг бидэнд өгдөг гэж санана аа!
22 Бурхнаас эмээгч, ойр дотны тань хамаатан Иов шиг хүн ч хүнд өвчин тусч, бүр үхэл гэгч дайсны өмнө сөхөрч ч болох юм. Төрөл төрөгсөд нь Лазарыг нас барсанд Есүс гашуудан уйлсан шиг эмгэнэн уйлж магад (Иохан 11:35). Гэвч Бурхан дуудаж, харин түүний ой тойнд байгч хүмүүс хариулна гэдэг ямар сэтгэл тайвшрам бэ! Энэ нь тэд явсан аялалаасаа өвчин эмгэггүй, эцэж туйлдалгүй, харин ч эв эрүүл сав саруул болоод буцан ирэхтэй адил юм.
23. Амилалтад найддагаа зарим хүмүүс хэрхэн илэрхийлсэн бэ?
23 Нас дээр гарсан, нэгэн үнэнч христиан эмэгтэйг нас барахад итгэл нэгтнүүд нь: «Эх чинь нас барсанд бид ч бас харамсаж байна. Гэвч тун удахгүй бид ээжийг чинь үзэсгэлэн төгс, амьдралын баяр хөөрөөр бялхан байхыг нь харна» гэж бичсэн нь тэр эмэгтэйн итгэлээс болсон хэрэг байлаа. Хүүгээ алдсан эцэг эх: «Жэйсоныгоо сэрэх өдрийг тэсэн ядан хүлээн байна. Тэрээр эргэн тойрноо ажиглаад ихэд хүсэн хүлээн байсан Диваажингаа харна. [...] Энэ нь түүндээ хайртай бидний хувьд Диваажинд байхын тулд чадах бүхнээ хийх урам өгдөг» гэж хэлжээ. Дахин амилах найдвар бат үндэстэйд бид ихэд талархдаг!
Та хэрхэн хариулах бол?
• Бурхан үхэгсдийг хэрхэн амилуулахад итгэх итгэл бидэнд хэрхэн тусалдаг вэ?
• Библид байдаг ямар тохиолдлууд амилалтад найдах үндэс өгдөг вэ?
• Амилалтад эртнээс найддаг байсан гэж хэлж болохын учир юу вэ?
• Нас барагсдынхаа тухайд ямар баттай найдвартай байж болох вэ?
[Догол мөрийн асуулт]