Skip to content

Гарчиг руу орох

Хаанчлалын үнэний үрийг тарьж байна

Хаанчлалын үнэний үрийг тарьж байна

Хаанчлалын үнэний үрийг тарьж байна

«Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга» (НОМЛОГЧИЙН ҮГС 11:6).

1. Христианууд өнөөдөр ямар утгаар үр тарьдаг вэ?

 ЭРТНИЙ еврейн нийгэмд хөдөө аж ахуй чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Тийм ч учраас хүний бүхий л амьдралаа Амласан газарт өнгөрүүлсэн Есүс хөдөө аж ахуйтай холбоотой жишээ татдаг байжээ. Тухайлбал, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг үр тарихтай зүйрлэсэн байдаг (Матай 13:1–9, 18–23; Лук 8:5–15). Христиан бидний хувьд хөдөө аж ахуй эрхэлдэг ч бай, үгүй ч бай, сүнслэг үр тарих гэдэг бол өнөө хир нь хамгийн чухал ажил байсаар байна.

2. Бидний дэлгэрүүлэх ажил аль хэр чухал бэ? Өнөөдөр энэ ажлыг явуулахын тулд юу хийж байна вэ?

2 Төгсгөлийн энэ цаг үед Библийн үнэнийг тарих ажилд оролцоно гэдэг бол агуу их нэр төрийн хэрэг юм. Ром 10:14, 15-д энэ ажлын чухлыг: «Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? „Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан“ гэж бичигдсэн байдаг» хэмээн гайхалтай сайхнаар илэрхийлжээ. Одоо эерэг сэтгэлгээгээ хадгалан, Бурхны өгсөн энэ даалгаврыг чармайн биелүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал юм. Тийм болохоор, Еховагийн Гэрчүүд Библи болон Библи судлахад зориулсан ном хэрэгслийг 340 хэлээр хэвлэн тарааж гар хумхилгүй ажиллаж байна. Энэ материалыг бэлтгэх ажилд Еховагийн Гэрчүүдийн удирдах ерөнхий газар болон орон орны салбаруудад ажилладаг 18 000 сайн дурын ажилчин оролцдог. Түүнчлэн зургаан сая орчим Гэрч библийн эдгээр ном хэвлэлийг дэлхий даяар тарааж байна.

3. Хаанчлалын үнэнийг тарьсны ачаар ямар амжилтад хүрч байна вэ?

3 Энэ нөр хөдөлмөрийн үр шим нь юү вэ? Христийн шашин бий болсон эхний өдрүүдийн нэгэн адил өнөөдөр ч бас олон хүн үнэнийг хүлээн авч байна (Үйлс 2:41, 46, 47). Гэвч, шинээр баптисм хүртсэн дэлгэрүүлэгчийн тооны олноос илүү, энэ агуу гэрчлэл Еховагийн нэрийг ариусгаж, түүнийг цорын ганц жинхэнэ Бурхан гэж зөвтгөхөд хувь нэмэр оруулдаг нь чухал юм. Түүнээс гадна, Бурхны Үгтэй танилцсанаар олон хүний амьдрал сайжирч, аврагдах найдлагатай болж байна (Үйлс 13:47).

4. Есүсийн элч нар, дэлгэрүүлж байсан хүмүүсийнхээ төлөө аль хир санаа зовж байсан бэ?

4 Хүмүүсийн амь сайн мэдээнээс хамаарахыг сайтар ойлгосон Есүсийн элч нар, дэлгэрүүлсэн хүмүүстээ ихэд санаа зовж байв. Энэ нь элч Паулын: «Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурхны сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотны хүмүүс маань болсон байв» гэсэн үгнээс харагдана (1 Тесалоник 2:8). Паул болон бусад элч нар хүмүүст чин сэтгэлээсээ тийн санаа тавьдаг байснаараа Есүсийг болон энэ аврах ажилд оролцдог тэнгэр элчүүдийг дуурайж байв. Бурхны энэ тэнгэрийн үйлчлэгчдийн Хаанчлалын үнэнийг тарихад гүйцэтгэдэг чухал үүргийг шинжин үзэж, үүргээ гүйцэтгэхэд маань тэдний жишээ бидэнд хэрхэн тусалж болохыг харцгаая.

Есүс бол Хаанчлалын үнэнийг Тариачин

5. Есүс дэлхийд байхдаа үндсэндээ ямар ажил хийн, завгүй байсан бэ?

5 Төгс хүн Есүс өөрийнхөө цаг үеийн хүмүүст эд материалын олон сайн тусламж үзүүлэх хүчтэй байсан. Жишээлбэл, тухайн үед байсан өвчний талаарх олон буруу ойлголтыг арилгах ч юм уу, эсвэл мэдлэгийн өөр салбараар урагш алхах боломжийг хүнд олгож чадах байв. Гэвч тэрбээр үйлчлэлийнхээ эхэнд л өөрийнхөө даалгаврыг сайн мэдээ дэлгэрүүлэх юм гэж тодорхой ойлгуулсан (Лук 4:17–21). Тэгээд ч үйлчлэлийнхээ эцэст: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн буй (Иохан 18:37). Тиймд, Есүс Хаанчлалын үнэний үрийг тарих их ажилтай байсан. Өөрийнхөө цаг үеийнхэнд Бурхны болоод санаа зорилгынх нь тухай зааж, ямар ч мэдлэгээс илүү чухал мэдлэгийг өгсөн билээ (Ром 11:33–36).

6, 7. а) Есүс тэнгэрт очихоосоо өмнө бидний сонирхлыг төрүүлсэн ямар амлалт өгсөн бэ? Тэрбээр түүнийг хэрхэн биелүүлж байна вэ? б) Дэлгэрүүлэх ажилд хандах Есүсийн хандлага танд яаж нөлөөлж байна вэ?

6 Есүс өөрийгөө Хаанчлалын үнэнийг Тариачин гэсэн (Иохан 4:35–38). Тэр боломж болгоноор сайн мэдээний үр тарьдаг байв. Түүгээр ч барахгүй, шон дээр үхэж байхдаа ч дэлхий дээрх ирээдүйн Диваажингийн тухай дэлгэрүүлсэн (Лук 23:43). Харин сайн мэдээ тунхаглах талаар ихэд санаа зовж байсан нь тарчлаах шон дээрх үхлээр ч дуусгавар болоогүй юм. Есүс тэнгэрт очихынхоо өмнө Хаанчлалын үнэний үрийг тарьж, шавь бэлтгэх ажлаа үргэлжлүүлэхийг элч нартаа тушаасан. Дараа нь бидний хувьд ихээхэн сонирхолтой амлалт өгсөн. Тэрбээр: «Харагтун, үеийн [«эд юмсын тогтолцооны», ШЕ] төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэжээ (Матай 28:19, 20).

7 Есүс энэ үгээрээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг «эд юмсын тогтолцооны төгсгөл хүртэл... үргэлж» хамгаалж, удирдаж, дэмжихээ харуулсан. Есүс өнөөдрийг хүртэл сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын төлөө биечлэн санаа тавьсаар байна. Тэр бол бидний «Удирдагч» бөгөөд Хаанчлалын үнэнийг тарих ажлыг тэргүүлдэг (Матай 23:10). Тэрбээр христиан хурлын Тэргүүний хувьд бүх дэлхийн энэ үйл хэргийн төлөө Еховагийн өмнө хариуцлага хүлээдэг юм (Ефес 1:22, 23; Колоссай 1:18).

Тэнгэр элчүүд сайн мэдээг тунхаглаж байна

8, 9. а) Тэнгэр элчүүд хүмүүсийн үйл хэргийг чин сэтгэлээсээ яаж сонирхдог вэ? б) Бид тэнгэр элчүүдэд ямар утгаараа театрын үзвэр болдог вэ?

8 Ехова дэлхийг бүтээхэд тэнгэр элчүүд «хамтдаа дуулцгааж, баярлалдан уухайлсан» (Иов 38:4–7). Тэр цагаас хойш тэнгэрийн эдгээр бүтээлүүд хүмүүсийн үйлсийг ихэд сонирхох болжээ. Ехова тэднээр дамжуулан хүмүүст тэнгэрлэг илгээлт явуулдаг байв (Дуулал 103:20). Энэ нь өнөө үед сайн мэдээ дэлгэрүүлэх тухайд тун зөв аж. Элч Иохан үзэгдэл үзэхдээ «газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ» бүхий «тэнгэрийн дундуур нисэж явсан» тэнгэр элчийг харсан ба тэр тэнгэр элч «чанга дуугаар „Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна“» гэж байв (Илчлэлт 14:6, 7).

9 Библид тэнгэр элчүүдийг «авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд» гэж нэрлэдэг (Еврей 1:14). Тэнгэр элчүүд даалгасан үүргийг биелүүлэн, биднийг болон манай үйл ажиллагааг ажиглах боломжтой. Бид нүдэнд илхэн театрын тайзан дээр байгаа юм шигээр тэнгэрийн үзэгчдийн өмнө үйл ажлаа явуулдаг (1 Коринт 4:9, ШЕ). Хаанчлалын үнэнийг дан ганцаараа тарьдаггүйгээ мэдэх нь юутай сэтгэл догдлом, бас ухаарам бэ!

Үүргээ биелүүлэхдээ бэлхэн

10. Номлогчийн үгс 11:6-ийн үгийг сайн мэдээ дэлгэрүүлэх бидний ажилд хэрхэн хамруулж болох вэ?

10 Юуны учир Есүс болон тэнгэр элч нар бидний ажил хэрэгт ихээр санаа тавин сонирхдог билээ? Есүс дараах үгийг хэлж, үүний нэг шалтгааныг тайлбарласан юм. Тэрээр: «Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурхны тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно» гэсэн (Лук 15:10). Бид ч хүмүүст тийнхүү хандан Хаанчлалын үнэний үрийг хаа сайгүй хичээнгүйлэн суулгадаг. Ажлын маань талаар Номлогчийн үгс 11:6-ийн үгийг хэлж болох юм. Библийн энэ зүйл биднийг: «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» гэж уриалсан байдаг билээ. Сайн мэдээг хүлээн авдаг хүн нэг хүнд хэдэн зуугаараа оногддог байхад үгүйсгэдэг нь хэдэн мянгаараа байдаг гэдэг нь эргэлзээгүй. Гэлээ ч бид тэнгэр элч нарын адилаар «нэг нүгэлтэн» ч авралын тухай мэдээг хүлээн авахад баярладаг.

11. Библид үндэслэсэн хэвлэл хэр үр дүнтэй байж болох вэ?

11 Сайн мэдээг дэлгэрүүлэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, Еховагийн Гэрчүүдийн ашигладаг, Библид үндэслэсэн хэвлэл чамгүй үүрэг гүйцэтгэдэг. Хэвлэл нь ямар нэгэн байдлаараа хаа сайгүй суулгаж болдог үрийг санагдуулдаг. Хэвлэл чухам хаана урган соёолохыг бид мэдэхгүй шүү дээ. Заримдаа хэвлэлийг хэн нэгэн олж уншихаас өмнө өчнөөн хүний гар дамжих нь ч бий. Зарим нэг тохиолдолд Есүс болон тэнгэр элч нар нөхцөл байдлыг удирдан чиглүүлж, хэвлэлийг сайхан сэтгэлтэй хүнд хүргэдэг. Еховагийн удирдлага болон хүмүүст үлдээсэн хэвлэлийн тусламжтайгаар санаанд багтамгүй боловч гайхалтай үр дүнд хэрхэн хүрснийг харуулах хэдэн жишээг доор дурдъя.

Жинхэнэ Бурхны үйл хэрэг

12. Хуучин сэтгүүл Еховаг мэдэхэд нь нэгэн гэр бүлд хэрхэн тус болсон бэ?

12 1953 онд Роберт Лайла хоёр, хүүхдүүдийнхээ хамтаар том хотоос Пенсильвани мужийн хөдөө аж ахуйн дүүрэгт шилжин ирээд, фермийн эзний хуучин байшинд суух болжээ. Ирснийхээ дараахан Роберт шатны доодох угаалгын өрөөг засаж янзлахаар болжээ. Хэдэн банз авч өөр газар тавихдаа хулганууд цаасны тасархай, самрын яс гээд л элдвийн хог зөөн гүйлдэж байхыг анзаарчээ. Энэ бүхний дунд «Алтан зуун» гэдэг сэтгүүл хэвтэж байжээ. Тэгтэл хүүхдийн хүмүүжлийн талаар бичсэн өгүүлэл Робертын анхаарлыг гойд татжээ. Библийн үндэслэлтэй, ойлгомжтой удирдлага зааварт сэтгэл нь хөдөлсөн тэрээр «„Алтан зууны“ шашныхантай» нэгдэнэ гэдгээ Лайлад хэлжээ. Хэдэн долоо хоногийн дараа тэднийд Еховагийн Гэрчүүд ирсэнд Роберт «„Алтан зууны“ шашныхныг» л сонирхдгоо хэлжээ. Гэрчүүд тэр «Алтан зуун» гэдэг сэтгүүл нь одоо «Сэрцгээ!» гэдэг болсныг тайлбарлав. Роберт Лайла хоёр Гэрчүүдтэй байнга Библи судлах болж, улмаар баптисм хүртжээ. Тэд ч өөрсдийн зүгээс үнэний үрийг хүүхдүүддээ суулган, арвин ургац хураажээ. Өнөөдөр энэхүү гэр бүлийн 20 гаруй гишүүн, тэр дотроо Роберт Лайла хоёрын долоон хүүхэд нь Ехова Бурхны баптисм хүртсэн үйлчлэгчид болжээ.

13. Пуэрто-Рикогийн нэгэн хосыг Библи сонирхоход нь юу нөлөөлсөн бэ?

13 40 орчим жилийн тэртээ Пуэрто-Рикод амьдарч байсан Уильям Ада хоёр Библи судлах ямар ч сонирхолгүй байжээ. Еховагийн Гэрчүүд үүдийг нь тогших болгонд тэд гэртээ байхгүй юм шиг дүр эсгэдэг байв. Нэг удаа Уильям гэртээ засвар хийхдээ аар саар юм авах гэж хуучин бараа хадгалдаг газар уруу явжээ. Тэндээс явах гэж байгаад том гэгчийн хогийн саванд шаргалдуу ногоон хавтастай ном байхыг анзаарчээ. Тэр нь Еховагийн Гэрчүүдийн 1940 онд хэвлэн гаргасан «Шашин» гэдэг ном байлаа. Уильям тэр номыг гэртээ авч ирээд хуурамч болон жинхэнэ шашны хоорондын ялгааны талаар уншиж, уг сэдэв ч түүнд ихэд сонирхолтой санагдаж гэнэ. Еховагийн Гэрчүүдийг дараа ирэхэд нь Уильям Ада хоёр тэднийг баяртай гэгч нь сонсож, Библи судлах болжээ. Үүнээс хэдхэн сарын дараа буюу 1958 онд тэд «Бурхны хүсэл таалал» гэсэн сэдэвтэй олон улсын чуулган дээр баптисм хүртжээ. Тэр цагаас хойш тэдний тусламжтайгаар 50 гаруй хүн христиан хуралд нэгдэн оржээ.

14. Библид үндэслэсэн хэвлэлийн маань ачаар юунд хүрч болохыг дээрх тохиолдол хэрхэн харуулж байна вэ?

14 Карл 11-хэн настай тун ч дүрсгүйхэн жаал байлаа. Тийм ч учраас элдвийн хэрэгт орооцолддог байв. Эцэг нь германы методист сүмийн номлогч байсан бөгөөд муу хүмүүс үхсэнийхээ дараа тамд шатдаг хэмээн Карлд хэлдэг байжээ. Тиймд Карл тамаас их айдаг байлаа. 1917 оны тэр нэгэн өдөр тэрээр нэг хуудас гудамжинд хэвтэж байхыг хараад авчээ. «„Там“ гэж юу вэ?» гэдэг асуулт түүний анхаарлыг татсан байна. Энэ нь одоогийн Еховагийн Гэрчүүд буюу тухайн үеийн Библи Судлаачдын зохион байгуулах тамын тухай илтгэлд хүрэлцэн ирэхийг урьсан урилга байжээ. Библи судлан нилээд хичээллээд жил орчмын дараа Карл баптисм хүртэж, Библи Судлаачидтай нэгджээ. 1925 онд түүнийг Еховагийн Гэрчүүдийн удирдах ерөнхий газарт ажиллахыг урьсан бөгөөд тэрээр одоо ч тэнд үйлчилсэн хэвээр. Гудамжнаас олсон ганц хуудсыг уншсанаар л ная гаруй жилийн христиан амьдрал нь эхэлжээ.

15. Еховаг юуг тааллаараа хийж чадах вэ?

15 Энэ тохиолдлуудад тэнгэр элч нар оролцсон эсэхийг, хэрэв тийм бол хэр зэрэг оролцсоныг мэдэх нь хүмүүний хэрээс хэтэрсэн хэрэг юм. Гэсэн ч Есүс болон тэнгэр элч нар дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцдог бөгөөд Ехова алив асуудлыг өөрийн тааллаар удирдан залж чадна гэдэгт эргэлзэх ёсгүй. Эдгээр болон өөр олон тохиолдлууд биднийг хэвлэлээ хүмүүст тараан өгсний дараа хичнээн сайн үйл хийж болохыг харуулж байна.

Баялгийг бидэнд хариуцуулсан

16. 2 Коринт 4:7-оос бид юу мэдэж авах вэ?

16 Элч Паул: «Бид... баялгийг шавар савнуудад тээдэг» гэж хэлсэн. «Баялаг» гэдэг нь Бурхнаас бидэнд оноосон дэлгэрүүлэх үүрэг бөгөөд «шавар савнууд» нь Еховагийн тэрхүү «баялгийг» даалган хариуцуулсан хүмүүсийг төлөөлдөг. Энэ хүмүүс нь төгс бус бөгөөд нөхцөл бололцоо нь ч хязгаарлагдмал болохоор хэрэв тэдэнд ийм үүрэг даалгавар оноосон бол Паулын хэлснээр «хирээс хэтэрсэн хүч» (ШЕ) «биднээс биш, харин Бурхных байна» (2 Коринт 4:7). Өөрсдөд маань хариуцуулсан ажлыг биелүүлэхэд шаардлагатай хүчийг Ехова өгнө гэдэгт найдаж болно.

17. Хаанчлалын үнэний үрийг суулгахдаа юутай учирч болох вэ? Үүнийг үл харгалзан өөдрөг сэтгэлтэй байх нь ямар учраас хэрэгтэй вэ?

17 Бид чамгүй зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Аль нэг хэсэгт дэлгэрүүлэх нь хэцүү, магадгүй тохь тухгүйтэй ч холбоотой байж болзошгүй. Зарим газар оронд ихэнх хүмүүс сайн мэдээг үл ойшоож, зарим нь бүр дайсагнах нь ч байдаг. Тиймэрхүү газарт ч хүч хөдөлмөр их гаргавч хий дэмий мэт санагдаж болох юм. Гэвч бидний үйлчлэлээс тийм их зүйл шалтгаалдаг юм бол хүчээ хайрлах хэрэггүй ээ. Та бүхний суулгах үр хүмүүсийг өнөөдөр аз жаргалтай, харин ирээдүйд мөнхийн амьтай болгоно гэдгийг санагтун. «Үртэй уутаа үүрэн, уйлан нааш цааш явдаг хүн багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуугааар заавал дахин ирнэ» гэж байдаг Дуулал 126:6-ийн үгс үнэн болох нь нэг бус удаа нотлогдсон билээ.

18. Бид хэрхэн үйлчлэлээ байнга анхаарч болох вэ? Яагаад ингэх хэрэгтэй вэ?

18 Хаанчлалын үнэний үрийг суулгахын тулд боломж болгоныг ашиглацгаая. Хэдийгээр бид тарьж, усалдаг ч, ургуулдаг нь Ехова юм гэдгийг санаж явцгаая (1 Коринт 3:6, 7). Гэхдээ Есүс болон тэнгэр элч нар оногдсон хувиа хэрхэн биелүүлдэг шиг л бүрэн дүүрэн үйлчлээсэй гэж Ехова биднээс хүсэн хүлээдэг (2 Тимот 4:5). Бид хэрхэн зааж сургаж байна гэдгээ дандаа анхаарч, сэтгэлгээгээ хянаж, идэвхтэй үйлчилцгээе. Яагаад тэгэх хэрэгтэй вэ гэдэгт Паул: «Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэснээрээ хариу өгдөг (1 Тимот 4:16).

Бид юу мэдэж авсан бэ?

• Бидний үр тарих ажил ямар сайн үр шим өгдөг вэ?

• Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд Есүс Христ болон тэнгэр элчүүд яаж оролцдог вэ?

• Ямар учраас бид Хаанчлалын үнэний үрийг өгөөмрөөр суулгах хэрэгтэй вэ?

• Үл ойшоосон байдал, дайсагналтай тулгарсан ч үйлчлэлээ үргэлжлүүлэхэд маань бидэнд юу нөлөөлөх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]