Биеэ тоовол шившиг болно
Биеэ тоовол шившиг болно
«Бардам зан нэр хугална [«биеэ тоовол шившиг болно», ШЕ]. Даруу зан болбоос мэргэн ухаан» (СУРГААЛТ ҮГС 11:2).
1, 2. Биеэ тоох гэж юү вэ? Энэ нь аюулд яаж хүргэдэг вэ?
НЭГЭН атаач леви хүн, Еховагийн томилсон эрх мэдэл бүхий хүмүүсийн эсрэг самуун дэгдээхэд олон түмнийг турхирсан. Нэр алдарт дуртай хан хүү эцгийнхээ хаан ширээг булаан эзлэх башир төлөвлөгөө боловсруулсан. Тэвчээргүй хаан Бурхны зөнчийн хэлсэн зааврыг эс тоомсорлосон. Энэ гурван израилийг «биеэ тоох» гэсэн нийтлэг нэг чанар нэгтгэжээ.
2 Биеэ тоох гэдэг бол бүгдэд ноцтой аюул учруулдаг зүрхний чанар юм (Дуулал 19:13). Биеэ тоосон хүн хийх эрхгүй зүйлээ дур мэдэн хийж, дэндүү их зүйлийг өөртөө зөвшөөрдөг. Энэ нь ямагт хөнөөлт үр дагавартай байдаг. Биеэ тоосон байдал нь хааныг хөнөөж, хаант улсыг нь сүйрүүлсэн (Иеремиа 50:29, 31, 32; Даниел 5:20). Энэ зан нь мөн Еховагийн зарим үйлчлэгчийг урхидаж, сүйрэл уруу хөтөлсөн.
3. Биеэ тоох нь хэр зэрэг аюултайг яаж мэдэж болох вэ?
3 Библид: «Бардам зан нэр хугална [«биеэ тоовол шившиг болно», ШЕ]. Даруу зан болбоос мэргэн ухаан» хэмээн дэмий нэг бичээгүй ээ (Сургаалт үгс 11:2). Библид энэ сургаал үгийн үнэнийг баталсан олон жишээ байдаг. Тэдгээрийн заримыг авч үзвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхэд хэр аюултай болохыг олж харахад маань бидэнд тусална. Тэгэхлээр, дээр дурдсан гурван эрийн атаа жөтөө, нэр алдарт дуртай байдал, тэвчээргүй зан нь тэднийг шившиг болгох биеэ тоосон үйлдэлд яаж хүргэснийг харцгаая.
Кора бол атаархуу самуун дэгдээгч
4. а) Кора гэж хэн байв? Тэр түүхэн ямар үйл явдалд оролцсон нь гарцаагүй вэ? б) Насныхаа эцэст Кора гутамшигт ямар хэрэг тарьсан бэ?
4 Кора нь Мосе Аарон хоёрын үеэл ах Кохатын удмын леви хүн байжээ. Тэр Еховад хэдэн арван жил үнэнч хүн байсан бололтой. Кора Улаан тэнгисийг гайхамшгаар гаталсан хүмүүсийн дунд байсан бөгөөд Синаи уулын өвөрт тугалд мөргөсөн израильчуудыг Ехова шүүх үед ч мөн шүүгдсэн байж магадгүй (Египетээс гарсан нь 32:26). Харин эцэстээ Кора, Мосе Аарон хоёрын эсрэг бослогын толгойлогч болж, үүнд нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам мөн Он болон Израилийн 250 удирдагч оролцжээ. * Тэд Мосе Аарон хоёрт: «Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд Эзэн [«Ехова», ШЕ] тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө Эзний чуулганаас [«Еховагийн хурлаас», ШЕ] дээгүүр өргөмжилнө вэ?» гэжээ (Тооллого 16:1–3).
5, 6. а) Мосе Аарон хоёрын өөдөөс босоход нь Корад юу нөлөөлсөн бэ? б) Кора Бурхны байгууламж дахь байр сууриа дутуу үнэлсэн гэж үзэж яагаад болох вэ?
5 Олон жил үнэнч байсан Кора юуны учир бослого гаргах болов? «Дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу» Мосе Израилийг яалаа ч гэсэн дур зоргоороо удирдах учиргүй билээ (Тооллого 12:3). Гэтэл Кора, Мосе Аарон хоёрт атаархаж, тэдний нэр төрд эгдүүцэж, улмаар тэднийг дур мэдэн, хувиа бодож ард түмний дээр өөрсдийгөө тавьсан мэтээр худал хэлсэн (Дуулал 106:16).
6 Корад бий болсон асуудал нь, зарим талаар, Бурхны тогтоолоор гүйцэтгэж байсан хүндтэй үүргээ үнэлж үзээгүйтэй холбоотой байх. Хэдийгээр Кохатын удмын левичүүд нь тахилч биш ч, Бурхны Хуулийн багш нар байсан юм. Түүнчлэн тэд сав суулга болон хэрэгслүүдийг тээж зөөвөрлөх шаардлагатай үед нь майханд аваачдаг байв. Сүсэг бишрэл болоод ёс суртахууны хувьд цэвэр хүмүүс л ариун савтай харьцаж болдог байсан учраас энэ нь тийм ч шалихгүй даалгавар байсангүй (Исаиа 52:11). Тиймээс ч Мосе Корагийн өөдөөс: «Чи хүлээсэн үүргээ шалихгүй зүйл гэж үзэж байна уу? Өөрийгөө тахилч болох ёстой гэж бодож байна уу?» гэж асуусан (Тооллого 16:9, 10). Агуу их хүндэтгэл бол тусгай байдал юм уу байр суурьтай болох явдал биш, Еховагийн тогтоосон дэг журмын дагуу түүнд үнэнчээр үйлчлэх явдал юм гэдгийг Кора ойлгоогүй байна (Дуулал 84:10).
7. а) Мосе Кора ба түүний хүмүүст юу хийхийг санал болгосон бэ? б) Корагийн бослого хэрхэн төгссөн бэ?
7 Мосе, Кора ба түүний хүмүүсийг маргааш өглөө нь цуглааны майхны үүдэнд бойпор, утлагатай цугларахыг урьсан. Кора ба түүний хүмүүс тахилч биш учраас утлага тавих эрхгүй байжээ. Хэдийгээр энэ талаар эргэцүүлэн бодоход бүхэл бүтэн нэг шөнийн хугацаа байсан боловч тэд бойпор, утлагатай ирвэл өөрсдийгөө тахилчийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй гэж үздэг нь тодорхой болох байв. Маргааш өглөө нь тэднийг цуглахад Еховагийн уурласан нь зүйн хэрэг байв. «Газар амаа нээн» Реубений овгийн хүмүүсийг «залгилаа». Кора болон түүний талын бусад хүмүүсийг Бурхны илгээсэн гал шатаан хуйхалжээ (Дэд хууль 11:6; Тооллого 16:16–35; 26:10). Корагийн биеэ тоосон зан нь Бурхны дургүйг хүргэсэн хамгаас илүү шившиг болгожээ.
«Атаархах хандлагаа» эсэргүүцэгтүн
8. «Атаархах хандлага» христиануудын дунд хэрхэн бий болж болох вэ?
8 Корагийн тухай түүх бидэнд санаж явах сургамж болдог. Төгс бус хүмүүс «атаархах хандлагатай» байдаг болохоор ийм хандлага христиан хурлынхны дунд ч илэрч болох юм (Иаков 4:5, ШЕ). Жишээ нь, бид хурлын доторх албан тушаалд их ач холбогдол өгч, Корагийн адилаар өөрсдийнхөө гүйцэтгэх гэж хүсдэг тэр үүргйиг гүйцэтгэж байгаа нэгэндээ атаархаж ч болох юм. Эсвэл нэгдүгээр зуунд амьдарч байсан Диотреф гэгч христиан эртэй адилхан болохыг байг гэх газаргүй. Тэрбээр элч нарын эрх мэдэлд маш шүүмжлэлтэй хандаж байв. Магадгүй тэр өөрөө тэргүүний үүрэг гүйцэтгэх гэсэн хүсэлтэй байсан байж болох юм. Диотреф «тэргүүн болохыг дурлаж» байна гэж Иохан бичжээ (3 Иохан 9).
9. а) Хурлын томилгоог хэрхэн үзэж болохгүй вэ? б) Бурхны байгууламж дахь байр суурьтаа хэрхэн зөв хандах хэрэгтэй вэ?
9 Христиан хүн хурлын хариуцлагатай алба хашихаар зорьж тэмүүлэх нь муу зүйл биш нь маргаангүй. Тэр бүү хэл тийм байхыг Паул уриалсан буй (1 Тимот 3:1). Гэхдээ хурлын дотор ямар нэгэн үүрэгт томилогдохыг бусдаасаа ялгарах шинж тэмдэг мэтээр бодож болохгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт үүрэг авсныгаа үйлчлэлийн шатаар урагш ахиж байна хэмээн үзэж болохгүй. «Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог» гэж хэлсэн Есүсийн үгийг санаж байх хэрэгтэй юм (Матай 20:26, 27). Бурхан биднийг байгууллагынхаа доторх «алдраар» маань үнэлдэг юм шигээр өөрөөсөө илүү үүрэг хүлээсэн хүнд атархах нь буруу. Есүс: «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлсэн (Матай 23:8). Тийм ээ, Еховад чин зүрхнээсээ үйлчилж байгаа эхлэгч нар, саяхан баптисм хүртсэн дэлгэрүүлэгчийн хэн аль нь ялгаагүй Бурхны байгууламжид эрхэм байр суурийг эзэлж бйадаг юм (Лук 10:27; 12:6, 7; Галат 3:28; Еврей 6:10). «Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла» гэсэн Библийн сургаалыг дагаж мөрдөхийг хичээн чармайж, мөр мөрөө даган үйлчилж яваа сая сая хүн их ивээлийг хүртэж байгаа билээ (1 Петр 5:5).
Абсалом бол нэр алдарт дуртай зальхай этгээд мөн
10. Абсалом ямар хүн байсан бэ? Шүүлгэхээр хаан дээр ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хэрхэн чармайдаг байсан бэ?
10 Давид хааны гуравдугаар хүү, Абсаломын амьдралын замнал нь нэр алдарт дуртай хүний сонгодог жишээ юм. Энэхүү хар санаатай зальхай этгээд шүүлгэхээр хаан дээр ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хичээх болсон. Юуны түрүүнд тэрбээр Давид тэдэнд ямар ч хэрэггүй гэсэн санааг төрүүлсэн. Дараа нь залилан мэхлэх аргаа орхин, ажил хэрэгтээ шууд орсон. Абсалом: «Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг шударгаар шүүнэ» хэмээн дуу алджээ. Ард олныг бачлан зулгуйдах Абсаломын энэ заль мэхэнд хэмжээ хязгаар байгаагүй юм. «Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байлаа. Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв» гэж Библид бичжээ. Энэ нь юунд хүргэсэн бэ? «Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав» (2 Самуел 15:1–6).
11. Абсалом Давидын хаан ширээг эзлэн авахаар хэрхэн оролдсон бэ?
11 Абсалом эцгийнхээ хаан ширээг булаан эзлэхээр эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Таван жилийн тэртээ түүний тушаалаар Давидын том хүү Амноныг алсан. Абсаломын дүү охин Тамарыг Амнон хүчирхийлсэнд өшөө авах үүднээс тэр үүнийг хийжээ (2 Самуел 13:28, 29). Магадгүй Абсалом хааны эрх мэдлийг авах үед нь саад болох өрсөлдөгчөө замаасаа зайлуулах тооцоогоор Амноныг алсан байж болох юм. * Ямар ч байлаа гэсэн Абсалом тохиромжтой цаг болоход үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэрбээр өөрийгөө хаанаар өргөмжлөн, бүх улс орон даяар зарлан тунхаглах зарлиг буулгасан (2 Самуел 15:10).
12. Абсаломын биеэ тоосон зан түүнийг хэрхэн шившиг болгосныг тайлбарлана уу.
12 «Асаломтой нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өсч... хуйвалдаан ч хүчтэй» байсан учир Асалом нэгэн цагт амжилт олж байв. Давид зугтан, амь гарах хэрэгтэй болсон (2 Самуел 15:12–17). Гэвч удалгүй Абсаломын төлөвлөгөө нуран унасан. Түүнийг Иоаб алж, цогцсыг нь нүхэнд хаян, чулуугаар булжээ. Хаан болохыг хүсэн, нэр алдрын хойноос хөөцөлдөгч энэ хүнийг зохих хүндэтгэл, журмын дагуу оршуулаагүй гэдгийг бодоорой! * Абсаломын биеэ тоосон зан нь түүнийг жинхэнэ шившиг болгосон (2 Самуел 18:9–17).
Хувиа хичээн, нэр төр хөөцөлдөхөөс зайлсхийгтүн
13. Алдар нэр, эрх тушаалд дурлах хүсэл сонирхол христиануудын зүрх сэтгэлд хэрхэн үндэслэж болох вэ?
13 Эрх мэдлийн өндөрлөг өөд Абсаломын өгссөн хийгээд тэндээс унасан түүх нь бидэнд их сургамж болсон. Өнөөгийн ертөнцөд дарга нарыг өөртөө татахын тулд долигонон зулгуйдах явдал хэвийн үзэгдэл болжээ. Энэ нь тэдэнд өөрийнхөө талаар аятайхан сэтгэгдэл төрүүлэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт эдлэх юм уу албан тушаал ахих зорилготой байдаг ажээ. Түүний чацуу бялдуучлагчид захиргаандаа байгаа хүмүүсээр өөрийгөө дэмжүүлж, итгэл найдварыг нь олж авахын тулд тэднийг магтан хөөрөгдөж чаддаг. Хэрэв бид анхаарал хайхрамжгүй байх юм бол нэр алдар, эрх тушаалд дурлах хүсэл сонирхол зүрх сэтгэлд маань үндэслэж болох юм. Тийм явдал нэгдүгээр зууны зарим хүмүүст тохиолдож байсан бололтой бөгөөд тийм ч учраас элч нар христиануудад онцгой болгоомжтой байхыг сануулах шаардлага гарч байжээ (Галат 4:17; 3 Иохан 9, 10).
14. Нэр алдар болон магтаалд дурлахаас зайлсхийх хэрэгтэйн учир юу вэ?
14 Еховагийн байгууллагат «алдар нэрийн хойноос хөөцөлдөгч», магтаалд дуртай хүнд байр байдаггүй (Сургаалт үгс 25:27). Библид: «Бүх зусардагч уруул болон сайрхан яригч хэлийг Эзэн [«Ехова», ШЕ] таслах болтугай» хэмээн урьдчилан сануулсан байдаг (Дуулал 12:3). Абсалом «зусардагч уруултай» байв. Тэрбээр өндөр суудал горилсон шунахай хүслээ биелүүлэх ганцхан зорилгоор зүрх сэтгэлийг нь эзэмдэх шаардлагатай тэр хүнд л зусардан бялдуучилж байв. «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биенийгээ өөрөөсөө дээр гэж үз» гэсэн Паулын сургамжийг мөрдлөг болгодог ах дүүсийн дунд байдаг маань юутай сайхан бэ (Филиппой 2:3).
Саул бол тэвчээргүй хаан
15. Нэгэн удаа Саул даруу байдлаа хэрхэн харуулсан бэ?
15 Хожим Израилийн хаан болсон Саул нэгэн үе даруухан байв. Үүний жишээ нь гэвэл түүнийг залуу байхад болсон явдал юм. Саулыг даруухнаар: «Би Израилийн овгуудын дотроос хамгийн бага нь болох Бениамины хөвгүүн бөгөөд миний гэр бүл Бениамин овгтйн бүх гэр бүл дотроос хамгийн дорой нь бус уу? Юунд та надад ийнхүү өгүүлнэ вэ?» гэж хариулахад нь Бурхны зөнч Самуел түүнийг сайшаан үнэлсэн (1 Самуел 9:21).
16. Саул тэвчээргүй зангаа хэрхэн харуулсан бэ?
16 Гэвч хожим Саулын даруу байдал арилсан. Филистчүүдтэй дайтах үед тахил өргөн, Бурхнаас тусламж гуйх Самуелыг хүлээх ёстой байсан Гилгал уруу Саул ухарсан. Самуел товлосон цагтаа ирээгүй бөгөөд Саул биеэ тоон, өөрөө шатаалт тахил өргөжээ. Шатаалт тахилаа өргөөд дуусмагц нь Самуел хүрч ирсэн. «Чи юу хийчихсэн юм бэ?» гэж Самуел асуужээ. Хариуд нь Саул: «Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй... Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв» гэж хэлжээ (1 Самуел 13:8–12).
17. а) Өнгөцхөн харвал Саулын үйл ажиллагаа яагаад зөв юм шиг санагддаг вэ? б) Тэвчээргүй зан гаргасных нь төлөө Ехова Саулыг юунд зэмлэсэн бэ?
17 Саулын үйл ажиллагааг өнгөцхөн харвал зөв юм шиг санагдаж болно. Үнэн хэрэгтээ Бурхны ард түмэн «аюулд учирч», Саул өөрөө цөхрөнгөө барсан байдлаас болоод айн «чичирч» байлаа (1 Самуел 13:6, 7). Нөхцөл байдал идэвх санаачилга гаргахыг шаардаж, тийнхүү идэвх санаачилга гаргасан нь буруудаад байх зүйл биш юм шиг санагддаг. Гэвч Ехова зүрх сэтгэл болоод хамгийн нууц шалтгааныг хардаг гэдгийг мартаж болохгүй (1 Самуел 16:7). Энэ нь Ехова Библид ил шууд бичээгүй ч гэсэн үнэн хэрэгтээ Саулыг чухам юу тийм юм хийхэд хүргэх ёстой вэ гэдгийг харсан гэсэн үг юм. Жишээ нь: Саулын тэвчээргүй зан гаргасны цаана биеэ тоосон зан байсныг Ехова ажигласан байж болох юм. Магадгүй Саул өөрөө бүх Израилийн хаан болохоор удаан хойрго, хөгшин зөнчийг хүлээх шаардлагатай болсон нь түүнийг уурлан хилэгнэхэд хүргэсэн байж ч болох талтай! Ямар нь ч байлаа гэсэн Саул Самуелын хоцорсон явдал нь бүхнийг гартаа авч, өөрт нь өгсөн тов тодорхой заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулах эрх олголоо гэж үзжээ. Энэ нь юунд хүргэсэн бэ? Самуел идэвх санаачлага гаргасных нь төлөө Саулыг магтаагүй, харин ч: «Чи Бурхан Эзнийхээ чамд тушаасан тушаалыг сахьсангүй... Одоо чиний хаанчлал тогтохгүй» хэмээн зэмлэсэн (1 Самуел 13:13, 14). Тийнхүү биеэ тоосон зан дахиад л түүнийг шившиг болгов.
Тэвчээргүй загнахаас болгоомжлогтун
18, 19. а) Тэвчээргүй зан Бурхны орчин үеийн үйлчлэгчдийг хэрхэн биеэ тоосон үйл ажиллагаанд түлхэн оруулж болохыг хэлнэ үү. б) Христиан хурлын ажлын талаар юу санах шаардлагатай вэ?
18 Саулын биеэ тоосон үйл ажиллагааны талаар Бурхны Үг бидэнд тустай зүйлийг хэлж өгдөг (1 Коринт 10:11). Ах дүүсийн төгс бус байдал уурыг маань амархан хүргэж болох юм. Бүх юмыг ёсоор нь байлгая гэвэл өөрсдөө л бүх талаар санаа тавих хэрэгтэй хэмээн бодвол бид Саул шиг тэвчээргүй болж болно. Жишээ нь: Нэгэн ах сайн зохион байгуулах авъяастай юм санжээ. Тэрбээр цагийг нарийн баримталдаг ба эмх журмын талаар Нийгэмлэгээс өгсөн зааврыг ягштал биелүүлдгийн зэрэгцээ илтгэх болоод багшлах авъяастай нэгэн ажээ. Гэтэл бусад хүмүүс түүний хатуу шаардлагад нийцэхгүй, өгөөж муутай, хангалтгүй ажиллаж байгаа юм шиг түүнд санагджээ. Энэ байдал түүнд тэвчээр алдах шалтгаан болох уу? Хэрэв тэр л өөрөө байхгүй бол бүх юм бахь байдаг байрандаа байж, хурлын үйл ажиллагаа зогсонги байдалд орох юм шиг санаа илэрхийлэн бусад ах дүүсээ шүүмжилж болох уу? Тэгвэл энэ нь биеэ тоосны илрэл байхсан биз ээ!
19 Христиануудын хурлыг юу нягтруулдаг вэ? Зохин байгуулах чадвар уу? Үр өгөөж үү? Гүн мэдлэг үү? Энэ бүгд хурлын ажиллагаа урагштай байхад нөлөөтэй нь мэдээж (2 Петр 3:18; 1 Коринт 14:40; Филиппой 3:16). Гэвч Есүс өөрийнх нь шавь нарыг юуны түрүүнд бие биеэ хайрлах хайраар нь ялган таних болно гэж хэлсэн (Иохан 13:35). Халамж анхааралтай ахлагч нар зохион байгуулах үйл ажиллагаагаа явуулахдаа хурал бол хатуу журамтай удирдлага шаардагдсан фирм биш, харин эелдэг зөөлнөөр халамжлан анхаарвал зохих хонинуудаас бүрддэг гэдгийг санаж байх ёстойн учир энэ билээ (Исаиа 32:1, 2; 40:11). Тэдгээр зарчмыг бие тоон үл тоомсорлох нь гол төлөв хагаралд хүргэдэг. Харин Бурханд тааламжтай эмх журам бол энх амгаланг авчирдаг (1 Коринт 14:33; Галат 6:16).
20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Кора, Абсалом, Саул нарын талаар өгүүлсэн Библийн түүх нь биеэ тоосон бардам зан бол Сургаалт үгс 11:2-т (ШЕ) бичсэнээр шившиг болгодгийг тод томруун харуулж байна. Гэвч Библийн мөнхүү зүйлд: «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэжээ. Даруу зан гэж юу вэ? Библийн ямар жишээнүүд энэхүү чанарын утгыг нээн илчилдэг ба бид өнөөдөр даруу занг хэрхэн илэрхийлж болох вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр авч үзэх болно.
[Зүүлт]
^ Реубен нь Иаковын ууган хүү байсан тул Корагийн турхиралтаар бослогод орсон түүний үр удам Левийн удмын Мосегийн эрхэнд байгаадаа эгдүүцсэн байж болох юм.
^ Давидын хоёрдугаар хүү Далиуаг төрснөөс нь хойш ер дурсаагүй ажээ. Тэбээр Абсаломыг босохоос өмнө нас барсан байж болох юм.
^ Дээр үед Израильчууд нас барагсдыг оршуулах ажлыг чухал ач холбогдолтойд тооцдог байлаа. Тийм учраас нас барсан хүнийг оршуулаагүй бол гутамшиг хэмээн үзэж, хэрэв ийм явдал тохиолдвол үүнийг гол төлөв Бурхан дургүйцэж байгаагийн шинж гэж үздэг байв (Иеремиа 25:32, 33).
Та санаж байна уу?
• Биеэ тоох гэж юу вэ?
• Атаач зан Кораг биеэ тооход хэрхэн хүргэсэн бэ?
• Алдар нэрэнд дуртай Абсаломын тухай өгүүлсэн түүхээс бид юу мэдсэн бэ?
• Саулын гаргасан тэвчээргүй занг яавал гаргахгүй байж болох вэ?
[Догол мөрийн асуулт]