Skip to content

Гарчиг руу орох

«Даруу хүмүүс мэргэн ухаантай»

«Даруу хүмүүс мэргэн ухаантай»

«Даруу хүмүүс мэргэн ухаантай»

«Өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр [Ехова] чамаас шаарддаг вэ?» (МИКА 6:8).

1, 2. Даруу зан гэж юү вэ? Даруу байх нь биеэ тоохоос юугаараа ялгаатай вэ?

 ХҮМҮҮСИЙН сайн мэдэх нэгэн элч олны анхаарлыг өөртөө татахаас татгалзсан. Израилийн эрэлхэг шүүгч өөрийгөө эцгийнхээ гэрт хамгийн бага нь гэж нэрлэсэн. Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн эрх мэдэл нь хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэд бүгд даруухан хүмүүс байв.

2 Даруу байх гэдэг нь биеэ тоохын эсрэг чанар юм. Даруу хүн бол авьяас чадвар, давуу талаа эрүүлээр үнэлдэг бөгөөд их зангүй, нэрэлхдэггүй. Бардамнан сагсуурч, нэр алдарт дурлахын оронд хязгаарлагдмал байдлаа ямагт зөв ухамсарладаг. Тийм болохоор, даруу хүн бусдынхаа үзэл бодол, сэтгэл санааг ойлгож, хүндэтгэдэг билээ.

3. «Даруу хүмүүс мэргэн ухаантай» гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?

3 Библид: «Даруу хүмүүс мэргэн ухаантай» гэж дэмий бичээгүй ээ (Сургаалт үгс 11:2, ШЕ). Даруу хүн нь Бурханд таалагдах замаар явж, шившигт хүргэдэг биеэ тоох сэтгэлгээнээс зайлсхийдэг учраас мэргэн ухаантай байдаг (Сурагаалт үгс 8:13; 1 Петр 5:5). Даруу хүмүүс мэргэн ухаантай байдгийг Бурхны үйлчлэгчдийн жишээ баталдаг. Нэгдүгээр догол мөрт дурдсан гурван жишээг авч үзье.

Паул бол «зарц» бөгөөд «нярав»

4. Паул ямар хосгүй үүрэг гүйцэтгэж байсан бэ?

4 Паул анхны христиануудын дунд нэртэй бөгөөд ойлгож болохуйц хүн байв. Тэрбээр үйлчлэлийнхээ жилүүдэд далай болон хуурай газраар олон мянган километр зам туулж, олон хурлыг үүсгэн байгуулжээ. Түүнээс гадна, Ехова Паулыг ивээн үзэгдэл үзүүлж, гадаад хэлээр ярих чадвар өгсөн байдаг (1 Коринт 14:18; 2 Коринт 12:1–5). Мөн түүнчлэн Бурхан түүнд онгод оруулж, одоогийн Христианы Грек Судрыг бүрдүүлж байгаа 14 захиаг бичүүлжээ. Тэгэхлээр, Паул бусад бүх элчээс илүү хөдөлмөрлөсөн гэж хэлж болохоор байна (1 Коринт 15:10).

5. Паул өөрийнхөө талаар даруу бодолтой байдгаа хэрхэн үзүүлсэн бэ?

5 Паул христианы үйл ажиллагааны манлайд байсан болохоор магадгүй, зарим хүн түүнийг алдрын гэрэлд умбаж, тэр ч байтугай, эрх мэдэлдээ эрдэж байна гэж боддог байсан байх. Гэвч Паул даруухан байсан учраас тэгээгүй юм. Тэр өөрийгөө «элч нараас хамгийн бага нь» гэж нэрлээд, «Бурхны чуулганыг [«хурлыг», ШЕ] хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн» хэмээн нэмж хэлжээ (1 Коринт 15:9). Христиануудыг хавчигч байсан Паул ерөөсөө Бурхантай харьцдаг болсон нь, тэр дундаа үйлчлэлд онцгой үүрэг гүйцэтгэдэг болсон нь зөвхөн Бурхны энэрлийн ач юм гэдгийг хэзээ ч мартаагүй билээ (Иохан 6:44; Ефес 2:8). Тийм ч учраас Паул үйлчлэлд онцгой амжилттай байгаа нь түүнийг бусдаас дээгүүр болгож байна гэж үзээгүй юм (1 Коринт 9:16).

6. Паул Коринтынхонтой харьцсан байдлаараа яаж даруу зан гаргасан бэ?

6 Паулын даруу зан нь Коринт хотынхонтой харьцсан байдлаас илүү тод харагддаг. Тэдний зарим нь Апол, Кеф болон Паулыг гарамгай харгалзагч гэж бодож, хэт биширч байсан бололтой (1 Коринт 1:11–15). Гэвч Паул Коринтынхонд өөрийгөө магтуулах гэж хөөцөлдөө ч үгүй, тэдний гайхал бишрэлийг урвуулан ашиглаа ч үгүй билээ. Тэрбээр тэдэн уруу «чамин үг яриа буюу мэргэн ухаантай» очоогүй. Харин ч өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ талаар: «Биднийг Христийн зарц нар ба Бурхны нууцын нярвууд гэж тооцог» гэж хэлсэн байдаг * (1 Коринт 2:1–5, ШЕ; 4:1).

7. Паул хэн нэгнийг зэмлэхдээ ч даруу занг хэрхэн илэрхийлж байсан бэ?

7 Паул хэн нэгнийг зэмлэж, зөвлөгөө өгөх үедээ ч даруу загнадаг байлаа. Итгэл нэгтнүүдээсээ «Бурхны өршөөлөөр» ба «хайрын улмаас» гуйж байсан бөгөөд элчийнхээ нэр алдраар тэднийг дарамталж байсангүй (Ром 12:1, 2; Филемон 8, 9). Паул ямар учраас тэгж байсан бэ? Учир нь гэвэл, өөрийгөө ах дүү нарынхаа «хамтран ажиллагч» гэж үзэж байснаас бус «тэдний итгэлийг захирч» байгаагүй (2 Коринт 1:24). Нэгдүгээр зууны үеийн хурлууд Паулыг онцгой хүндэтгэж байсанд түүний даруу зан тусалсан нь эргэлзээгүй (Үйлс 20:36–38).

Үүрэгтээ даруухнаар хандах нь

8, 9. а) Ямар учраас өөрийнхөө талаар даруухнаар бодох хэрэгтэй вэ? б) Үүрэг хүлээсэн хүмүүс даруу зангаа хэрхэн илэрхийлдэг вэ?

8 Паул өнөөгийн христиануудад сайхан жишээ үзүүлсэн. Бидний хэн маань ч ямар үүрэгтэй байгаагаасаа үл хамааран өөрийгөө бусдаас дээгүүр үзэх ёсгүй. Паул бичихдээ: «Хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна» гэжээ (Галат 6:3). Яагаад? Яагаад гэвэл «бүх хүн нүгэл үйлдсэн бөгөөд Бурхны алдраас салцгаажээ» (Ром 3:23, МБОХ, 1996; 5:12). Тийм ээ, бид бүгдээрээ Адамаас нүгэл, үхлийг өвлөж авснаа мартаж болохгүй. Оноосон онцгой үүрэг нь биднийг дорд, нүгэлт байдлаас аврахгүй (Номлогчийн үгс 9:2). Гагцхүү Бурхны энэрлийн ачаар болдог, онцгой үүрэг хүлээх тусмаа хүмүүс Паул шиг Бурхантай харьцах харьцаагаа хөгжүүлж болно (Ром 3:12, 24).

9 Даруу хүн бол үүнийг ухаарч ойлгоод, үүрэг хариуцлагадаа маадайж, авьяас чадвартаа барддаггүй (1 Коринт 4:7). Тийм хүн зөвлөгөө, заавар өгөхдөө эзэн шиг биш, хамтран ажиллагч шиг байдаг. Ямарваа нэг даалгаврыг амжилттай биелүүлчихсэн хүн итгэл нэгтнүүдийнхээ гайхал бишрэлийг урвуулан ашиглах юм уу, магтаалын хойноос хөөцөлдвөл буруутах нь зайлшгүй (Сургаалт үгс 25:27; Матай 6:2–4). Жинхэнэ үнэ цэнтэй магтаал өрөөл бусдаас гардаг бөгөөд ийм магтаалын хойноос хөөцөлдсөнөөр үүнийг олж авдаггүй. Бид магтууллаа ч байгаагаасаа илүүгээр өөрсдийгөө бодох хэрэггүй (Сургаалт үгс 27:2; Ром 12:3).

10. Даруу хүмүүс яаж «итгэл дотроо үнэхээр баян» байж чаддагийг тайлбарлана уу.

10 Хэрэв бид үүрэг хариуцлага хүлээлээ гэхэд өөрсдийгөө дөвийлгөж, бидний хичээл зүтгэл, авьяас чадварын ачаар л хурал дэвжин дээшилж байгаа мэт бодохгүй байхад маань даруу зан тусална. Жишээ нь: Хэн нэг нь багшлах үүрэг хүлээсэн байж болох юм (Ефес 4:11, 12). Гэвч цуглаанууд дээр бидний хүлээж авдаг зарим чухал сургамжийг тайзнаас заадаггүй гэдгийг даруу зан хэлж өгдөг. Жишээлбэл: Та ганц бие эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад Хаанчлалын танхимд тогтмол ирэхийг хараад, эсвэл, сэтгэлийн үргэлжийн дарамтанд байдаг хэн нэгэн би хэнд ч хэрэггүй хүн шүү дээ гэх бодолд байнга автдаг хирнээ цуглаанд үнэнчээр ирэхийг хараад, эсвэл сургууль болон өөр бусад газар өөрсдөд нь нөлөөлчихөөр муу явдал байдаг хэдий ч сүнслэг талаараа байнга өсөж байгаа охид, хөвгүүдийг хараад урамшин зоригждог биз дээ? (Дуулал 84:10). Энэ хүмүүс дүр эсгэдэггүй нь магад. Үнэнч байхад нь ямар сорилт тулгарч байгааг тэд тэр болгон мэддэггүй. Тэд илүү нэр алдартай хүмүүсийг бодвол «итгэл дотроо баян» байдаг ч байж магадгүй (Иаков 2:5). Эцсийн дүндээ итгэлтэй байдлаараа л Еховад таалагддаг шүү дээ (Матай 10:22; 1 Коринт 4:2).

Эцгийнхээ гэрт «хамгийн бага» нь болох Гидеон

11. Бурхны тэнгэр элчтэй ярилцахдаа Гидеон хэрхэн даруухан байсан бэ?

11 Манассе овгийн зоригт залуу Гидеон Израилийн түүхийн самуун цагт амьдарч байв. Бурхны ард түмэн долоон жилийн турш мидианчуудын дарлалд шаналжээ. Тийн байтал Ехова ард түмнээ чөлөөлөхөөр шийдэв. Тэнгэр элч Гидеонд үзэгдэн: «Эрэмгий дайчин минь, Эзэн [«Ехова», ШЕ] чамтай хамт байна» хэмээн хэлжээ. Эгэл даруухан Гидеон гэнэтийн магтаал сонсоод сагсууралгүй, харин ч тэнгэр элчийг хүндэтгэн: «Эзэнтэн минь, хэрэв Эзэн [«Ехова», ШЕ] бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ?» гэж асуулаа. Тэнгэр элч учрыг тайлбарлаад: «Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун» гэж Гидеонд хэлжээ. Гидеон юу гэж хариулсан бэ? Энэ даалгаврыг өөрийгөө үндэсний баатар болгоход ашиглая гэсэн хомхой сэтгэлд автахын оронд: «Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах билээ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ» хэмээн өгүүлжээ. Юутай даруу зан бэ! (Шүүгчид 6:11–15).

12. Даалгавраа биелүүлэхдээ Гидеон хэрхэн хашир хандсан бэ?

12 Гидеоныг тулаанд явуулахынхаа өмнө Ехова түүнийг сорьсон. Яаж? Гидеон, Баалд зориулан эцгийнхээ барьсан тахилын ширээг нурааж, түүний дэргэд байдаг «ариун модыг» тайрах ёстой байлаа. Даалгаврыг биелүүлэхэд эр зориг хэрэгтэй байсан хэдий ч түүнийг хэрхэн гүйцэтгэснээс нь үзвэл Гидеон эгэл даруу бөгөөд хашир болгоомжтой гэдгээ харуулсан. Олны нүдэнд өртөн, анхаарлыг нь таталгүйгээр, хэн ч анзаарамгүй шөнө дүлээр хийжээ. Түүнээс гадна уг даалгаврыг биелүүлэхдээ Гидеон туйлын хянамгай хандсан юм. Гидеон арван зарцаа дагуулсан нь заримыг нь манаанд зогсоож, нөгөө заримаар нь тахилын ширээ нурааж, ариун мод тайрахдаа туслуулах гэсэн байж болох юм. * Ямар ч байсан, Гидеон даалгавраа Еховагийн ивээлээр биелүүлсэн бөгөөд Израилийг мидианчуудаас чөлөөлөхөд Ехова түүнийг хожим ашигласан юм (Шүүгчид 6:25–27).

Даруу хийгээд хашир байхуй

13, 14. а) Ямар нэгэн үүрэг хүлээж авбал бид хэрхэн даруу байж болох вэ? б) Даруу байх гайхалтай жишээг А. Х. Макмиллан ах хэрхэн үзүүлсэн бэ?

13 Гидеоны даруу зан бидэнд ихийг сургадаг. Тухайлбал бид үйлчлэх ажлын ямар нэг үүрэг хүлээхэд хүрвэл түүндээ хэрхэн хандах вэ? Юуны түрүүнд түүнийг дагалдан ирэх нэр төр хийгээд хүндтэй байр суурийг нь бодох уу? Эсвэл уг даалгаврыг биелүүлж дөнгөх болов уу, яах бол гэдгээ даруухнаар, залбиран эргэцүүлж бодох уу? 1966 онд дэлхийн замаа туулж дуусгасан А. Х. Макмиллан ах энэ талын тод жишээ үзүүлжээ. Нэг удаа Харуулын Цамхаг нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч Ч. Т. Расселл өөрийг нь эзгүйд хэн орлож чадах вэ гэдэг асуудлаар Макмиллан ахын саналыг асуужээ. Макмиллан ахын хувьд өөрийнхөө нэрийг дэвшүүлэх таатай боломж байсан ч тэрээр энэ талаар огт дурдсангүй. Эцэст нь Расселл ах энэ үүргийг өөртөө хүлээн авах талаар бодож үзэхийг Макмиллан ахаас хүсчээ. Олон жилийн дараа Макмиллан ах: «Хөл минь нэгэнт сөхрөх болжээ. Чадах чинээгээрээ тусалбал баяртай байхсан гэж түүнд хэлэхээсээ өмнө би бүхнийг сайтар эргэцүүлэн бодсон бөгөөд энэ асуудалд их ул суурьтай хандаж, нэлээд залбирсан» гэж бичжээ.

14 Расселл ах дараа нь тун удалгүй нас барж, Харуулын Цамхаг нийгэмлэгийн ерөнхийлөгчийн суудал эзгүй болов. Расселл ахыг дэлгэрүүлэх ажлын сүүлчийнхээ аялалаар явж байхад нь Макмиллан ах түүнийг орлон удирдаж байжээ. Тэгтэл нэгэн ах: «Мак, энэ албан тушаалыг авах боломж чамд их байна. Түүнийг ажлаар явах үед нь чи л түүний тусгай төлөөлөгч байсан. Тэрээр чиний юу хий гэснийг л хийгээрэй гэж бидэнд захидаг байсан. Харин тэр одоо яваад эргэж ирсэнгүй. Чи л удирдлагыг гартаа авах хэрэгтэй юм шиг байна» гэж хэлжээ. Хариуд нь Макмиллан ах: «Үгүй дээ, ах минь. Үүнд тэгж хандаж болохгүй. Энэ бол Эзний хэрэг бөгөөд түүний байгууллагад хүн өөрийнх нь оноож өгсөн ажлыг л хийх болно. Би үүнд тохирох хүн биш гэдгээ мэдэж байна» гэж хэлжээ. Тэгээд дараа нь Макмиллан ах энэ тушаалд өөр хүнийг дэвшүүлжээ. Гидеоны адилаар тэр ч гэсэн даруухан байжээ. Бид ч гэсэн тийм байх ёстой.

15. Дэлгэрүүлж байхдаа хэрхэн хашир байж болох вэ?

15 Бид авсан үүрэг даалгавраа биелүүлэхдээ мөн адил даруу байх хэрэгтэй. Гидеон хашир байж, дайснуудынхаа уур уцаарыг дэмий бадраахгүй байхыг хичээж байлаа. Дэлгэрүүлэх үйлчлэлдээ хүмүүстэй ярилцахдаа бид бас даруу бөгөөд хашир байх хэрэгтэй. Бид сүнслэг дайн явуулж, «цайзууд» хийгээд «бодол санааг» бут цохидог нь үнэн билээ (2 Коринт 10:4, 5). Гэхдээ бид бусадтай ихэмсэг байдлаар ярих юм уу, эсвэл дэлгэрүүлсэн мэдээ маань хүмүүсийг гомдоох үндэс болох ёсгүй. Харин ч тэдний үзэл бодлыг хүндэтгэн, биднийг нэгтгэж байгаа зүйл дээр анхаарлыг нь хандуулж, дэлгэрүүлж буй мэдээнийхээ эерэг талууд дээр тулгуурлах хэрэгтэй (Үйлс 22:1–3; 1 Коринт 9:22; Илчлэлт 21:4).

Есүс бол даруу байхын шилдэг жишээ мөн

16. Есүс өөрийгөө даруухнаар боддогоо хэрхэн харуулсан бэ?

16 Есүс Христ даруу байхын хамгийн гайхамшигтай жишээ үзүүлжээ. * Эцэгтэйгээ дотно харьцаатай байдаг хэдий ч эрх мэдлээс нь хэтэрдэг зарим асуудал байдгийг Есүс үг дуугүй хүлээн зөвшөөрдөг байв (Иохан 1:14). Жишээлбэл: Иаков Иохан хоёрын эх хөвгүүдээ Есүстэй хамт Хаанчлалд суулгах гэж гуйхад нь Есүс: «Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй» гэж хэлжээ (Матай 20:20–23). Өөр нэг тохиолдолд Есүс: «Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй... Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг» гэдгээ шууд хүлээжээ (Иохан 5:30; 14:28; Филиппой 2:5, 6).

17. Есүс бусадтай харьцахдаа хэрхэн даруу байдаг байсан бэ?

17 Есүс төгс бус хүмүүсээс бүх талаараа давуу байсан. Тэгээд ч Эцэг Ехова нь өөр хэнд ч байгаагүй тийм эрх мэдлийг түүнд олгожээ. Хэдий тийм ч тэрбээр шавь нартайгаа даруухан харьцдаг байлаа. Есүс гүн мэдлэгээрээ тэдний сэтгэлийг эзэмдэхийг чармайдаггүй байв. Тэрбээр мэдрэмж сайтай хүн байсан бөгөөд тэдний хэрэгцээг энэрэнгүйгээр анхааран үздэг байлаа (Матай 15:32; 26:40, 41; Марк 6:31). Өөрөөр хэлбэл, Есүс өөрөө төгс хүн байсан хэдий ч бусдад өөрийнхөө хүсэл тааллыг тулган шаарддаггүй байв. Тэрээр хэзээ ч шавь нараасаа чадлаас нь давсан зүйлийг шаардаж, тэднийг хэрээс нь хэтэрсэн зүйлээр дарамталдаггүй байлаа (Иохан 16:12). Олон хүн түүнтэй харьцахдаа тайвшралыг олдог байсан нь гайхаад байх зүйл биш ээ! (Матай 11:29).

Есүсийн даруу занг дуурайгтун

18, 19. а) Бид өөрсдийнхөө тухай бодохдоо б) Бусадтай харьцахдаа хэрхэн Есүсийг дуурайн даруу байж болох вэ?

18 Хэрэв нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн даруу байсан юм бол төгс бус бид даруу байх нь бүр ч зүйн хэрэг. Төгс бус хүмүүс эрх нь хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж тэр болгон яардаггүй. Харин христианууд Есүсийг дуурайн, даруу байхыг эрхэмлэдэг. Бардам зантай хүн шаардлага хангасан байлаа ч хариуцлагатай үүрэг даалгавар хүлээх боломжгүй гэдгийг тэд ойлгодог. Христианууд эрх бүхий хүмүүсийн удирдамж зааврыг мөрдөн сахьдаг бөгөөд бардам ихэмсэг зан гаргадаггүй. Тэд хамтран ажиллахад бэлэн байдаг нь хурлын бүх юмыг «зохистой, эмх журамтай» болгодог (1 Коринт 14:40).

19 Бусдаас хэт ихийг хүсэн хүлээлгүйгээр, харин ч тэдний боломж хэрэгцээг харгалзан үзэхэд даруу зан нөлөөлдөг (Филиппой 4:5). Бусдад байхгүй авьяас чадвар, давуу тал бидэнд байдаг байж болох юм. Гэхдээ хэрэв бид даруу бол бусдыг цаг ямагт өөрийнхөө хүссэний дагуу байлгах гэхгүй. Бид хүн бүрийн боломж хязгаартай гэдгийг ойлгон, даруу байж, бусдын сул талд хүлцэнгүй ханддаг. Петр: «Юуны өмнө, бие биенээ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм» хэмээн бичжээ (1 Петр 4:8).

20. Даруу биш байх гэсэн алив хандлагыг хэрхэн давж болох вэ?

20 Даруу хүмүүс үнэхээр мэргэн ухаантай гэдгийг бид мэдэж авлаа. Хэрэв та даруу биш юм уу, эсвэл биеэ тоох хандлагатайгаа мэдвэл яах вэ? Санаагаар бүү унаарай. «Өөрийн зарцаа санаатай нүглээс [«биеэ тоон үйлдэх хэргээс», ШЕ] хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач» хэмээн залбирсан Давидын жишээг дагагтун (Дуулал 19:13). Паул, Гидеон, Есүс Христ зэрэг хүмүүсийн итгэлийг дуурайснаар «даруу хүмүүс мэргэн ухаантай» гэдэг үгийн үнэнийг бид үнэмшин итгэх болно (Сургаалт үгс 11:2, ШЕ).

[Зүүлт]

^ «Зарц» гэж орчуулагдсан грек үг нь сэлүүрт хөлөг онгоцны доод эгнээнд сууж сэлүүрддэг байсан боолуудад хамаатай. «Нярвуудад» их эд хөрөнгө хадгалуулах гэх мэтээр илүү итгэл хүлээлгэж болдог байжээ. Гэхдээ ихэнх гэрийн эздийн хувьд «нярвууд» нь олон сэлүүрт цэргийн хөлөг онгоцны сэлүүрчин боол мэт байдаг байв.

^ Гидеоны хашир хийгээд сэрэмжтэй байсныг хулчгар гэж тооцож үл болно. Еврей 11:32–38-д «хүчирхэг болгогдож, дайн тулаанд зоригжсон» хүмүүсийн тоонд Гидеоныг дурдсан нь тэрээр эр зоригтой байсныг баталдаг.

^ Даруу байх гэдэгт хир хэмжээгээ ухамсарлан ойлгох ойлголт багтдаг болохоор Еховаг «даруу бодгаль» хэмээн хэлж болохгүй. Гэвч тэрбээр номхон дөлгөөн Бурхан юм. Дуулал 18:35-д «Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог» гэж байдаг.

Та санаж байна уу?

• Даруу зан гэж юу вэ?

• Паулын даруу занг яаж дуурайж болох вэ?

• Гидеоны жишээнээс даруу зангийн талаар бид юу сурч болох вэ?

• Даруу зангийн шилдэг жишээг Есүс хэрхэн үзүүлсэн бэ?

[Догол мөрийн асуулт]